top of page

Хайлтын үр дүн

207 results found with an empty search

  • Үндсэн хуулийн цэц, хяналт

    Үндсэн хуулийн цэц, хяналт #MongolianConstitution #ҮндсэнХууль #ҮндсэнХуулийнЦэц #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ҮндсэнХуулийнЭрхЗүй #МонголУлс #ҮндсэнХуулийнБиеэлэлт #ҮндсэнХуулийнЗаалтыгЗөрчсөнТухайДүгнэлт #МаргааныгМагадланШийдвэрлэхЭрхБүхийБайгууллага #ҮндсэнХуулийгЧандланСахих #ҮндсэнХуулийнЦэцийнГишүүн #ҮндсэнХуульдЗахирагдах #ХараатБусБайх #УлсынИхХурал #Ерөнхийлөгч #ЕрөнхийСайд #УлсынДээдШүүх #УлсынДээдШүүхийнШүүгч #ЗасгийнГазрынГишүүн #УлсынЕрөнхийПрокурор #АрдНийтийнСаналАсуулга #СонгуулийнТөвБайгууллага #ЕрөнхийлөгчийнСонгууль #ҮндсэнХуулийнЦэцийнШийдвэр #ҮндсэнХуулийнЦэцийнБэлэгдэл #ҮндсэнХуулийнЦэцийнТүүх #ҮндсэнХуулийнЦэцийнОрдон

  • Хөрөнгө оруулалтын луйвар, залилах гэмт хэрэг - санал болгож буй үзэх кино

    Хөрөнгө оруулалтын луйвар гэхээр л сүлжээний бизнес, понзи схем, пирамид тогтолцоо зэрэг олныг төөрөгдүүлсэн санхүүгийн залилангууд санаанд буудаг. "90 хоногийн дотор мөнгийг тань 2 дахин үржүүлж өгнө" , "Ганц л удаа банкны гүйлгээ хийгээд үл таних баян хүний хөрөнгийг өвлөнө" гэх зэрэг санал ирж байсан уу? Хэрэв тийм бол Та аль хэдийн нэгэн төрлийн луйврын бай болжээ. Ийм төрлийн залилан зөвхөн гаднын улс оронд тохиолддог зүйл гэж бодож байвал эндүүрэл юм.  "Ятгах тусам нягтал!"  уриа дор Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын Банкны Холбоо зэрэг байгууллага санхүүгийн болон бусад төрлийн залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийг сэрэмжлүүлэх аян өрнүүлсээр. Гэсэн хэдий ч ийм төрлийн гэмт хэрэг нэмэгдсээр буйг статистик тоо баримт харуулж байна. Үндэсний статистикийн хороо болон Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 2003 онд 713 гарсан бол 2024 онд 15’889 болж, нийт бүртгэгдсэн гэмт хэрэгт 3.6 хувь эзэлж байгаад 35.6 хувийг эзлэх болсон буюу гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг болжээ. 21 жилийн хугацаанд 22.3 дахин нэмэгдсэн байна. Ийм төрлийн гэмт хэргийн 80 гаран хувь нь Улаанбаатар хотод гардаг байна  (ҮСХ) . Залилах гэмт хэрэг Залилах гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан хохирлын хэмжээ 2022 онд 229.2 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 306.2 тэрбум төгрөгт хүрч өссөн нь энэ төрлийн гэмт хэрэг хэр хурдацтай нэмэгдэж буйг илтгэнэ  (ЦЕГ) . Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 77.2 хувийг нөхөн төлүүлсэн бол залилах гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлын 41.7 хувийг л нөхөн төлүүлж чадсан харамсалтай мэдээ байна (ҮСХ) . Нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2023 оны байдлаар 449.2 тэрбум төгрөгийн (2024: 697.1 тэрбум төгрөг) 306.2 тэрбум төгрөг буюу 68.2 хувь нь залилах гэмт хэрэгт хамааралтай байна. Залилах гэмт хэргийн нэг тохиолдлоос дунджаар 23.6 сая төгрөгийн хохирол учирчээ. Бодит амьдрал дээр болсон үйл явдлаас сэдэвлэсэн санхүүгийн болон бусад залилангийн тухай олон кино бүтээгдсэн байдаг. Тиймээс, Хуульч Шувуухай энэхүү нийтлэлээрээ хамгийн түгээмэл санхүүгийн залилан, тэдгээрийн ажиллах механизм, бодит жишээ дээр тулгуурласан уран сайхны болон баримтад кинонуудыг танилцуулж байна. Эцэст нь залилах гэмт хэргийг эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулдаг талаар ойлголтыг өгнө. Понзи схем Понзи схем нь залилангийн нэг хэлбэр бөгөөд эхэлж хөрөнгө оруулсан хүмүүст дараагийн хүний оруулсан хөрөнгө оруулалтаар, мөнгийг нь өсгөн өгсөөр хязгааргүй үргэлжлэх боломжтой ч, хөрөнгө оруулалт тасрах үед илчлэгдэж нуран унадаг (Bhattacharya) . Понзи схемийг 1920 онд Чарльз Понзи хэрэглэсэн бөгөөд хожим нь Бернард Мейдофф дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын залилан үйлдсэнээр энэхүү схемийг улам алдартай болгосон билээ. Санхүүгийн пирамидын эцэг Чарльз Понзи Карло Пьетро Жованни Гуглильмо Тито Понзи 1882 онд Италийн Парма хотод төрсөн ба 1903 онд АНУ-д цагаачлан иржээ. Тэрээр АНУ руу нүүж ирснийхээ дараа өөрийн нэрээ Чарльз Понзи болгон өөрчилж, амьдралаа шинээр эхлүүлсэн байдаг. 14-н жилийн хугацаанд аяга таваг угаагч, банкны теллер зэрэг олон төрлийн жижиг сажиг ажил хийж, энэ хугацаанд луйвар хүртэл хийж шоронд хоригджээ. Эцэст нь 1917 онд Бостон хотод суурьшиж гадаад шууданд хариу бичиж шивдэг ажил хийсэн (Hamilton & Francis) . Түүнд шуудангийн купоны үнэ болон валютын ханшийн зөрүүгээс ашиг олох санаа төрсөн ч шилжүүлгийн шимтгэл зэргээс болоод төсөөлсөн ашгаа олж чадахааргүй байв (Galbraith) . Гэсэн хэдий ч 1919 оны 12 дугаар сард өөрийн Үнэт цаасны арилжааны компанийг байгуулж хөрөнгө оруулагчдад 90 хоногт 50 хувийн хүү өгөхөөр амласан. Эхний хөрөнгө оруулагчдад үндсэн мөнгө болон хүүг төлж байсан тул хөрөнгө оруулах сонирхолтой олон хүний итгэлийг олж, тэд ч Понзигийн 10-50’000 ам.долларын нэрлэсэн үнэтэй өрийн бичгийг олноор авч эхэлсэн байна. Ийнхүү хэдхэн сарын дотор олон сая долларын хөрөнгө босгосон ч, хөрөнгө оруулалтын өгөөжийг дараа нь ирсэн хөрөнгө оруулагчдын мөнгөөр төлж байжээ. Энэ нь "Петрын мөнгийг Паулд өгөх" [1]  нэртэй ижил төрлийн санхүүгийн залилан буюу пирамид схем байв. Үлдсэн их хэмжээний мөнгийг банкны дансанд байршуулж, буцааж татна хэмээн сүрдүүлж банкны хувьцаа худалдан авсан. Гэвч түүний луйврын мөнгөөр хийсэн бодит хөрөнгө оруулалтын ихэнх нь өгөөж өгөөгүй юм. 1920 он гэхэд буюу хэдхэн жилийн дотор Америкт 2 доллар 50 центтэй ирсэн Итали цагаач Понзи Бостоны хамгийн баян хүн болсон. Тэрээр үнэтэй хувцас өмсөж, эхнэртэй үнэт эдлэл ихээр бэлэглэж, 20-н өрөөтэй харш худалдан авч тансаг амьдарч эхэлжээ. Хэдийгээр нэг ч хөрөнгө оруулагчаас гомдол гаргаагүй, бүх өрийн бичгийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан ч түүний хэт тансаглал хууль сахиулагчдын анхаарлыг татсан байдаг. 1920 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Бостон Пост сонинд түүний схем нь хууль ёсны эсэх талаар тодруулсан нийтлэл гарснаар тухайн өдрөө л татварын газраас түүний санхүү бүртгэлд аудит хийхээс нааш шинэ хөрөнгө оруулалт татахыг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Хэдхэн цагийн дотор л хөрөнгө оруулагчид мөнгөө эргүүлэн авахыг шаардаж Понзигийн Үнэт цаасны арилжааны компанийн үүдэнд урт дараалал үүсгэв. Понзи өөрийн байгууллага нь найдвартай хэмээн итгүүлэн эхний өдөрт мянган хүний мөнгийг буцаан олгосон ч түүний схем 1920 оны 8 дугаар сарын 20 хүртэл ажиллаж, аудиторууд, банкууд болон хэвлэл мэдээлэл түүний дампуурсныг зарласан байдаг. Понзи хувьцаа болон хадгаламж эзэмшигчдэд тэнцүү хэмжээний ашиг олгох банк байгуулахаар төлөвлөж байсан. Мөн өөрийн нэрээр дэлхий даяар хөрөнгө оруулах компани нээхийг санаархаж байв. Гэхдээ эцэстээ схем нь нуран унаж, компани нь дампуурч, шүүхээс 5 жилийн ял өгч түүнийг шоронд хорьсон юм. Тэрээр 40’000 хүнээс 15 сая ам.доллар (өнөөдрийн ханшаар 140 сая ам.доллар) авсан байсан ба түүний өөрийн хөрөнгө 1’593’834.12 ам.доллар, 45 ам.долларын хувьцааны ашиг байсан юм. Хөрөнгө оруулагчид оруулсан мөнгөнийхөө 37 хувийг л эргүүлж авч чадсан байдаг. Аудитын шалгалтаар түүний бүртгэлд 180 сая шуудангийн купон авсан гэх боловч бодитоор хоёрыг л худалдан авсан байжээ. Понзи ялаа эдэлж шоронгоос суллагдсаныхаа дараа дахин санхүүгийн пирамид үүсгэн акр газрыг 16 ам.доллароор худалдан авч 23 хэсэгт хуваан хэсэг бүрийг 10 ам.доллароор зарах луйвар эхлүүлэн, анхны 10 ам.долларын хөрөнгө оруулалт 2 жилийн дотор 5.2 сая ам.доллар болно хэмээн итгүүлж байсан боловч ихэнх газар үерт автсаны улмаас үнэгүйдэж түүний санаа бүтэлгүйтсэн байдаг. Тэрээр залилан хийсний төлөө Флорида мужийн шоронд дахин 1 жилийн ял авсан байна. Түүнийг 1934 оны 10 дугаар сарын 07-нд эх нутаг руу нь албадан буцаасан. Төрсөн нутагтаа эргэн ирсэн Понзи хэсэг хугацаанд англи хэлний орчуулагч хийж байгаад Бразилын Рио Де Жанеро хотод нисэхийн төлөөлөгчөөр ажилласан ба 1949 оны 1 дүгээр сард бие нь муудан тэндхийн эмнэлэгт нас баржээ. Нас барсны дараа "Ноён Понзигийн уналт"  нэртэй түүний бичиж дуусгаагүй ном л үлдсэн байна. Тодруулж хэдэн зүйл нэмбэл, понзи схем нь 100 жилийн өмнө огт байгаагүй шинэ зүйл биш байжээ. Харин Понзигийн луйвар ил болсны дараагаар ийм төрлийн санхүүгийн залиланг түүний нэрээр понзи схем хэмээн нэрлэх болжээ. Түүнчлэн луйвар хийсэн хүн тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдсан даруйд л мөнгийг цүнхлээд зугтдаг байтал Понзи өөрийн худал хуурмаг ертөнцдөө бүрэн автсан, түүнээсээ ч гарья гэсэн бодолгүйгээр санхүүгийн залиланд буруутгагдан шоронд орох хүртлээ "Амар мөнгө, сайхан амьдрал" хүмүүст амласаар байсан нь хачирхалтай. Понзигийн амьдрал болон санхүүгийн залилангийн тухай олон удаа дурдагддаг ч, понзи схемийн тухай ихэнх кино нь орчин үеийн луйварчид болон санхүүгийн гэмт хэргийн талаар байдаг. Харин нэгэн цагт   санхүүгийн ертөнцөд суут ухаанаараа гайхагдаж байсан, понзи схемийг бүтээсэн алдар цуутай Чарльз Понзигийн амьдралыг бүхэлд нь харуулсан кино цөөхөн ажээ. Понзи болон түүний алдартай луйврын тухай өгүүлсэн "Charles Ponzi The Documentary" (2019), "The Ponzi Scheme" (2014)  телевизийн болон баримтат киног дурдаж болно. "Charles Ponzi The Documentary" (2019) Патрик Бойлын найруулсан энэхүү баримтат кинонд Понзигийн Италид амьдарч байсан өдрүүдээс нь эхлээд АНУ-д шуугиан тарьсан санхүүгийн схемийг зохиож, хэрэгжүүлэх хүртэлх амьдралыг цогцоор нь харуулсан болно. Алдартай луйврыг хэрхэн зохион байгуулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. "The Ponzi Scheme" (2014) Данте Дезартийн найруулсан Францын "Le système de Ponzi" инээдмийн, драм кинонд Понзи 1903 онд Бостон руу нүүж ирэн, түүнийг алдар нэрд хүргэсэн залилан мэхэлсэн үйлдлүүдийг дүрсэлжээ. Түүхэн дэх хамгийн том залилагч Бернард Мейдофф 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Бернард Мейдоффийг дэлхийн түүхэнд байсан хамгийн том хөрөнгө оруулалтын гэмт хэрэг үйлдсэний төлөө баривчилсан. Түүнийг өөрийнх нь хөвгүүд " Мейдоффийн хөрөнгийн удирдлагын бизнес нь хууль бус, томоохон заль мэхэд зориулагдсан цаасан дээрх хоосон компани"  хэмээн мэдэгдэж барьж өгчээ. Мейдоффийн үйлдсэн залилангийн бодит үнийн дүн тодорхойгүй ч, үйлчлүүлэгчдийн данснаас алга болсон мөнгө, мөн амласан хиймэл ашгийг 65 тэрбум ам.доллар гэж ойролцоо дүнгээр тооцоолжээ (Thielman) . Бернард Мейдофф нь Нью Йорк хотын Квинз дүүрэгт төрж Ховстра Коллежийг 1960 онд дүүргэсэн. Сургуулиа төгссөний дараагаар өөрийн Мейдофф хувьцааны хөрөнгө оруулалтын компани байгуулсан ба компани нь 2008 онд түүнийг баривчлагдах хүртэл оршин тогтносон байна. Тэрээр Америкийн үнэт цаасны арилжааны томоохон фонд болох  NASDAQ –ийн үүсгэн байгуулагчдын нэг, Үнэт цаасны дилерүүдийн үндэсний холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүн, Уолл Стритийн нэр хүндтэй итгэл хүлээсэн эрхэм байв. Мейдофф Split-strike conversion strategy ашиглан хөрөнгө оруулалт хийснээр өндөр хүү төлж чадаж байгаа хэмээн тайлбарлаж хөрөнгө оруулагчдад байнгын өндөр хүү төлж байсан (Gregoriou & Lhabitant) . Хэдийгээр түүний стратеги нь сайтар боловсруулсан өөгүй мэт санагдаж болох ч өөрийнх нь босгосон понзи схемд хөрөнгө оруулалт татах урхи төдий байжээ. Түүний хохирогчдын дотор энгийн ажилтнаас эхлээд баян чинээлэг, алдартай хүмүүс байснаас жүжигчин Кевин Бейкон, найруулагч Стивен Спилберг болон бусад Холивуудын алдартан багтаж байсан. Югославын хунтайж Михаил Европ даяар аялж Мейдоффт зориулж мөнгө босгосон байхад, сурвалжит гаралтай гэр бүлүүд, тэр дундаа Лондонгийн Лордуудын танхмынхан хүртэл хохирогчдын тоонд багтсан байна. Мейдофф еврейчүүдийн нийгэмлэгтэй холбоотой байсан учраас еврейн хүмүүнлэгийн тусламжийн сангууд их хэмжээний мөнгө энэхүү залиланд алдсан (Hart & Strober) . Тэрээр олон жилийн турш сайтар далдалсан, амжилттай ажиллаж байгаа мэт харагдах хөрөнгө оруулалтын сан эрхэлж байсан ба учруулсан хохирлын хэмжээгээрээ санхүүгийн түүхэн дэх хамгийн том понзи схем болон тэмдэглэгдэн үлджээ. The Wizard of Lies (2017) Бернард Мейдоффийн хэргийн талаар Роберт Де Ниро гол дүрийг бүтээсэн The Wizard of Lies  уран сайхны кинонд гарна. Понзи ба Пирамид схемийн ялгаа Понзи схем ба пирамид схем хоёулаа шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр өмнөх оролцогчдод мөнгө төлдөг санхүүгийн луйврын хэлбэрүүд юм. Гэвч эдгээр хоёр схем нь бүтэц, үйл ажиллагааны хувьд тодорхой ялгаатай. Понзи схем нь нэг хүнээс (оператор, зохион байгуулагч) бүрэн хамааралтай, тэр нь ихэвчлэн харизмтай, бусдын итгэлийг олж авахдаа гаргуун, ятган үнэмшүүлэх чадвартай нэгэн байна. Оператор бага эрсдэлтэй, эсвэл эрсдэлгүй хэмээн өндөр өгөөж, ашиг амлаж хөрөнгө оруулагчдаас мөнгө цуглуулна. Бизнесийн хууль ёсны үйл ажиллагаагаар ашиг олохын оронд шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгийг ашиглан өмнөх хөрөнгө оруулагчдад хүү, өгөөж хэлбэрээр төлдөг. Харин пирамид схем нь дан мөнгөөр хийдэг, зарим тохиолдолд нүцгэн пирамид ч гэж нэрлэгддэг нэг төрөл, нөгөө нь бараа бүтээгдэхүүн дагалддаг хоёр төрөл байна. Аль аль нь их энгийн, жишээ татвал, эхний хүн буюу пирамидыг үндэслэгч доороо 10 хүнийг гишүүнээр элсүүлж тодорхой хэмжээтэй мөнгөн дүнг хөрөнгө оруулахыг хүснэ. Тэдний оруулсан хөрөнгө оруулалтаас тус бүрээс шимтгэл, хураамж, урамшуулал гэх мэтээр нэрлэж өөртөө авна. Бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнийг тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй байх жишээний. Элссэн 10 гишүүн тус бүрдээ доороо 10 хүн элсүүлж мөн л хөрөнгө оруулалт хийлгэж тус бүрээс шимтгэлийн тодорхой хувийг өөрсдөдөө авч, мөн үндэслэгчид өгнө. Энэ мэтчилэн гинжин хэлхээ үргэлжлэх боловч нэг цэгт хүрээд хүн бүр доороо 10 хүн элсүүлж чадахгүй байдалд хүрэх ба чухам тэр үед пирамидын оргилд байгаа хэсэг хожоотой, харин доор байгаа буюу сүлжээнд хожуу элссэн нь оруулсан мөнгөө алдаж, пирамид ч нурж унана. Товчхондоо пирамид схем нь зэрэгт дэвшүүлэх байдлаар өсөж хурдан томрох боловч тун удахгүй элсүүлэх ёстой хүний тоонд дэлхийн хүн ам бүгд нийлээд ч хүрэхгүй болно гэсэн үг. Энэ хоёр схем нь оролцогчдыг хууран мэхэлж, эцсийн дүндээ хүмүүсийг санхүүгийн алдагдалд хүргэдэг тул ихэнх улс оронд хууль бус юм. Понзи болон пирамид схемийн ялгааг хүснэгтэд харуулав. Гол шинж чанар Понзи схем Пирамид схем Бүтэц Төвлөрсөн (нэг зохион байгуулагч) Төвлөрсөн бус (олон элсүүлэгчтэй) Орлогын эх үүсвэр Шинэ хөрөнгө оруулагчдын мөнгө Шинэ гишүүдээс авах хураамж Гишүүнчлэл Байхгүй Гишүүнчлэлтэй Орших үндэс Бодит бүтээгдэхүүн, бизнесийн үйл ажиллагаа байхгүй, зөвхөн хооронд нь гүйлгэх мөнгөний эргэлт дээр тулгуурлана. Шинэ гишүүн тасралтгүй элсүүлж, тэднээс хураамж авах шаардлагатай. Халхавч Хохирогчид тодорхой хугацааны дараа өгөөж, ашиг хүртэх хууль ёсны хөрөнгө оруулалт хийж байна гэж итгэнэ. Зарим пирамид схем нь хууль ёсны бизнес мэт харагдахын тулд хэт өндөр үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүнийг зарж борлуулж луйврыг өнгөлөн далдалдаг. Төлөөлөгчид нь бүтээгдэхүүн борлуулж, гишүүн элсүүлэх ажил хийснийхээ төлөө цалин, эсвэл ашиг олж байна гэж итгэнэ. Нуран унах шалтгаан Шинэ хөрөнгө оруулалт зогсоход нурдаг. Шинээр гишүүн элсэхээ болих үед нурдаг. Жишээ Бернард Мейдоффын понзи схем. Онгоцны тоглоом болон Fortune Hi-Tech Marketing . Онгоцны тоглоом Онгоцны тоглоом нь 1980-аад онд алдартай байсан, олон жилийн туршид янз бүрийн хэлбэрээр дахин гарч ирсэн пирамид схемийн төрөл юм. Энэ нь ажилтанд суурилсан сонгодог луйвар бөгөөд оролцогчид тоглоомд анх элсэхдээ төлбөр төлж орно. Харин дараагийн түвшинд хүрч ахихын тулд шинэ гишүүд элсүүлэх ба оргилд нь хүрвэл төлбөр авч тоглоомоос гарна. Уг схем нь шаталсан янз бүрийн түвшин бүхий бүтэцтэй байна. Эхнийх нь төлбөрийг хүлээн авдаг дээд албан тушаалтай хүн буюу 1 нисгэгч, удаах нь дараагийн ээлжид нисгэгч болох 2 туслах нисгэгч, үүний араас ажилд авахад туслах зориулалттай багийн 4-н гишүүн байх ба эцэст нь тоглоомд элсэхийн тулд төлбөр төлдөг шинэ элсэгчид буюу 8-н зорчигч байна. Зорчигч онгоцонд орохын тулд хэдэн мянган доллартой тэнцэх хэмжээний хураамж төлдөг. 8-н зорчигч бүрдсэний дараа нисгэгч шинэ элсэгчдээс цуглуулсан төлбөрийг бэлэн мөнгөөр авч тоглоомоос гарна. Үүний дараа онгоц хоёр шинэ бүлэгт хуваагдаж, туслах нисгэгчид нисгэгч болох, багийн гишүүд туслах нисгэгч болох гэх мэт үйл явц давтагдана. Онгоцны тоглоом нь зөвхөн цөөн тооны эхэн үеийн оролцогчдод ашиг тусаа өгдөг, нэг ялагчийн төлбөрийн золиосонд олон хүн ялагдаж оруулсан мөнгөө алддаг тул пирамид схемийн нэгэн адил нэг төрлийн санхүүгийн залилан юм. Өөрөөр хэлбэл, шинэ элсэгчгүй болсны дараа схем задарч ихэнх оролцогчид санхүүгийн алдагдал хүлээдэг. Онгоцны тоглоом нь олон улс оронд санхүүгийн залиланд тооцогддог хууль бус юм. Орчин үед олон нийтийн баялгийг хуваалцах хөтөлбөр хэлбэрээр танилцуулсан ерөөл өргөх, мөнгөний тойрог, бэлэн мөнгө бэлэглэх схем; ижил бүтэцтэй боловч сэтгэлийн бэлэг хэмээн зарагддаг цэцэг, мандала схем; бэлэн мөнгөний оронд криптовалют ашигладаг " Bitcoin Airplane Schemes"  зэрэг олон хувилбар гарсан байдаг. Онгоцны тоглоом пирамид схем нь хууран мэхлэх аргаар мөнгө босгох луйвар ба сэдэвтэй нийцэлтэй хэд хэдэн кино байна. Тухайлбал, "Money Game" (2020), "Boiler Room" (2000) , "Glengarry Glen Ross" (1992) зэрэг киног дурдаж болно. "Money Game" (2020, Солонгосын цуврал) Бодит үйл явдлаас сэдэвлэсэн "Money Game" Солонгосын цуврал нь санхүүгийн пирамид, хөрөнгө оруулалтын луйвар, зах зээлийн тоглоомын талаар өгүүлдэг. Өрсөлдөөнт санхүүгийн орчин, хөрөнгө оруулалтын хууран мэхлэлтийг тод томруун харуулна. "Boiler Room" (2000, Уран сайхны кино) Хууль бус аргаар их хэмжээний мөнгө босгох, шинэ гишүүд элсүүлж ашиг олох зарчимтай пирамид схемтэй төстэй үнэт цаасны луйвар, өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтын схемийг харуулна. "Glengarry Glen Ross" (1992, Уран сайхны кино) Борлуулалтын өндөр дарамттай орчинд ажилладаг хүмүүсийн тухай өгүүлдэг. Хэдийгээр шууд Онгоцны тоглоом биш ч пирамид схемтэй төстэй өндөр эрсдэлтэй борлуулалтын стратеги, хууран мэхлэлтийн тактикууд гарна. Fortune Hi-Tech Marketing "Fortune Hi-Tech Marketing"   (FHTM)  компанийг Пол Орберсон 2001 онд үүсгэн байгуулсан ба тэрээр бүтээгдэхүүн зарах бизнест борлуулагч элсүүлж байжээ. Төлөөлөгчид гэж нэрлэдэг оролцогчид нь элсэхийн тулд төлбөр төлөх ба бүтээгдэхүүн зарж борлуулахаас илүүтэйгээр бусдыг элсүүлбэл шимтгэл хүртэнэ. Хэдий чинээ олон хүн ажилд авна, төдий чинээ өндөр орлоготой болно. FHTM  нь төлөөлөгчдөө схемд хамрагдахын тулд эрүүл мэнд, гоо сайхан, харилцаа холбооны чанар муутайн дээр өрсөлдөөнт зах зээл дээр борлуулагдахгүй, хэт өндөр үнэтэй олон тооны бүтээгдэхүүний түгээлт хийлгэнэ. 2013 онд Холбооны Худалдааны Комисс болон хууль сахиулах байгууллагууд FHTM  нь бодит бүтээгдэхүүний борлуулалтаас бус, харин элсэлтийн хураамжаас орлогын дийлэнх хэсгээ бүрдүүлдэг, тэр нь хууль ёсны бизнес биш, пирамид тогтолцооны гол шинжийг агуулсан хууран мэхлэх схем байгааг олж илрүүлж хаасан байдаг. Зөвхөн пирамидын оройд байсан цөөн тооны анхны оролцогчид мөнгө олж, санхүүгийн эрх чөлөөг амласан хий хоосон амлалтад итгэсэн төлөөлөгчдийн 99 хувь нь ашиг олохын оронд хураамжид мөнгөө алдсан байдаг. Компанийг үүсгэн байгуулагч Пол Орберсон буруутай үйлдлээ няцааж байсан ч, эцэстээ тохиролцоонд хүрч компанийг хохирогчдод 169 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг албадсан байна. FHTM  компанитай ижил төстэй бизнесийн загвар нь далд олон шатлалт маркетингийн пирамид схемийн цуутай тохиолдлуудын нэг юм. Хэрэв та FHTM  болон төстэй пирамид схемийн талаар гүнзгийрүүлэн судлахыг хүсвэл "Betting on Zero" (2016)  баримтат кино болон "On Becoming a God in Central Florida" (2019), "LulaRich" (2021)  цувралыг үзэхийг зөвлөж байна. "Betting on Zero" (2016, Баримтат кино) FHTM-тэй төстэй луйврын схемийг харуулах  "Betting on Zero"  баримтат кино нь пирамид схемийн нэгэн алдартай жишээ болох Herbalife  компанийн талаар өгүүлдэг. Кинонд Брокер Билл Акманы удирдсан мөрдлөг болон пирамид схемийн золиос болсон хүмүүсийн талаар гарна. "On Becoming a God in Central Florida" (2019, Цуврал) Кирстен Данст гол дүрийг бүтээсэн "On Becoming a God in Central Florida" бараан гэхдээ хошин инээдмийн цуврал нь олон шатлалт маркетингийн луйврын схемд татагдан орсон нэгэн эмэгтэйн талаар өгүүлдэг. Хэдийгээр FHTM -ийг үзүүлэхгүй ч пирамид схемийн золиос болсон хүмүүсийн амьдрал хэрхэн сүйрдэг талаар харуулна. "LulaRich" (2021, Amazon Prime-ийн баримтат цуврал) "LulaRich"  нь олон шатлалт маркетингийн схемийн талаар өгүүлсэн баримтат цуврал юм. Мөн л FHTM  шиг олон шатлалт маркетингийн схем хэрхэн санхүүгийн луйвар болж хувирдаг талаар харуулна. Орчин үеийн пирамид "OneCoin" Ружа Игнатова бол "OneCoin"  хэмээх криптовалютын пирамид схемийг үүсгэн байгуулсан эмэгтэй бөгөөд түүний үйл ажиллагаа дэлхий даяар олны анхаарлыг татаж, олон хүмүүсийг залилан мэхэлсэн. Тэрээр 2014 оноос эхлэн криптовалютын хөрөнгө оруулалт гэх нэрийн дор хуурамч санхүүгийн бүтээгдэхүүн санал болгож, ердөө л виртуал хөрөнгийг харуулсан ийм схемээр олон хүний хөрөнгийг залилжээ. "OneCoin"  нь криптовалютын төслөө зах зээлд танилцуулсан хэдий ч үнэн хэрэгтээ түүний ард ямар ч бодит криптовалютын технологи байсангүй. Түүний санхүүгийн загвар нь пирамид схемд тулгуурласан бөгөөд хамгийн эхэнд хөрөнгө оруулсан хүмүүс өндөр өгөөж авч, дараагийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахын тулд тэдний мөнгийг ашиглаж байжээ. Энэ схем нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдөлд оруулсан ба 2014-2016 оны хооронд олон улсын хэмжээнд залилангийн нийт хэмжээ 4 тэрбум ам.доллартой тэнцжээ. Ружа Игнатова нь үндсэндээ энэ схемийг олон улсад тараах ажлыг эхлүүлсэн бөгөөд өөрийн амжилттай танилцуулга, сурталчилгаа, хуурамч баталгаа өгч, олсон орлогоо өсгөж байлаа. Тэрээр дэлхий даяар нэгэн томоохон форум, арга хэмжээнд оролцож, "OneCoin" -ыг амжилттай криптовалют гэж сурталчилж байсан. Үүний улмаас олон хүн оруулсан мөнгөө алдаж, санхүүгийн томоохон хохирол амсжээ. Түүний нэр холбогдсон "OneCoin"  пирамид схем нь криптовалютын салбарт нэгэн том хар толбо үлдээсэн юм. Ружа Игнатоваг хуурамч криптовалютын схемийг удирдаж, хүмүүсийн мөнгийг хууран мэхэлж хулгайлсан хүнд гэмт хэргийнхээ хариуцлага хүлээх ёстой гэж үздэг боловч тэрээр 2017 онд ор сураггүй алга болсон. Олдохгүй байгаа шалтгаан нь Ружа Игнатова гоо сайхны хагалгаа хийлгэж зүсээ хувирган нуугдсан гэх хувилбар байдаг. Түүнийг өнөөг хүртэл хайж байгаа. "OneCoin"  криптовалютын пирамид схемийг өгүүлсэн албан ёсны кино хараахан гараагүй байгаа ч энэ хэрэгтэй холбоотой баримтат кино, цуврал болон уран сайхны кино бүтээгдэж байна. "Crypto Queen" (Удахгүй гарах кино) "The Missing Cryptoqueen"  гэх алдарт подкастаас сэдэвлэгдсэн  "OneCoin" -ийн үүсгэн байгуулагч Ружа Игнатовагийн тухай өгүүлэх  "Crypto Queen"  уран сайхны киног BBC  студи бүтээж байгаа. "The Missing Cryptoqueen" (2022, Баримтат цуврал) BBC Sounds -ийн алдарт подкаст дээр үндэслэсэн "The Missing Cryptoqueen"  баримтат цуврал нь Ружа Игнатовагийн залилан, түүний ор сураггүй алга болсон талаар өгүүлнэ. "Fakefluencer" (2023, Баримтат кино) Сошиал медиа болон криптовалютын залилангийн талаар өгүүлдэг "Fakefluencer" баримтат кино нь "OneCoin" -ийг дурдаж, пирамид схем хэрхэн ажилладгийг харуулдаг. "Bitconned" (2024, Netflix Баримтат кино) "Bitconned"  баримтат кино нь "OneCoin" -той шууд холбоотой биш ч гэлээ криптовалютын залилан, хөрөнгө оруулагчдыг хуурч мэхлэх арга барилыг харуулдаг. "OneCoin" -ийн талаар гүнзгийрүүлэн судлахыг хүсвэл "The Missing Cryptoqueen"  подкастыг сонсохыг зөвлөж байна. Хөрөнгө оруулалтын түгээмэл бусад луйвар Телемаркетинг залилан Залилан хийж буй хүн утас, мессеж, цахим шуудан ашиглан хохирогчтойгоо холбоо тогтоон, өөрийн санал болгож буй зүйлийг цорын ганц, дахин давтагдахгүй, богино хугацаанд хүчинтэй, эсвэл үнэгүй бэлэг, аяллаар явах эрх, амралт хожсон, онцгой хөрөнгө оруулалтын боломж гэж итгүүлнэ. Ингэснээр хохирогч танихгүй хүнд мөнгө шилжүүлэх буюу өөрийн банкны дансны талаарх мэдээллийг өгч залиланд өртдөг байна. Ийм төрлийн залилангийн гол төлөөлөл нь хуурамч хөрөнгө оруулалтын саналыг цахим шуудангаар илгээдэг "Нигерийн захидал" юм. Нигерийн захидал буюу мөнгөний залилан Хохирогч их хэмжээний мөнгөн гүйлгээг нэг улсаас нөгөө улс руу хийхэд туслалцаа үзүүлэх тохиолдолд төлбөр урамшуулал өгнө гэсэн утгатай захидал, электрон шуудан хүлээн авна. Захидалд гүйлгээг хийхэд шаардлагатай хуульчийн төлбөр, татвар эсвэл холбогдох этгээдүүдийг хахуульдахад зориулж урьдчилсан төлбөр төлөхийг, эсвэл хуурамч, хүчингүй банкны чекийг илгээж бэлэн мөнгө болгон олон улсын мөнгөн гуйвуулгаар буцаахыг хүсдэг. Хохирогчид хууль бус замаар олж авсан бэлэн мөнгөний чекийг солиход гэмт хэргийн хэрэгсэл болж ашиглагдах, мөн өөрийн мөнгийг урьдчилсан төлбөрт илгээж хохирдог байна. Телемаркетинг залилан, ялангуяа Нигерийн захидал буюу мөнгөний залилан (419 scam) нь уран сайхны болон баримтат олон кино, бүтээлд тусгагджээ. Нигерийн захидлын тухай шууд хамааралтай кино хайж байвал  " 419" (2012), "Sakawa" (2018), "Inside Nigeria's Hustle Kingdoms" (2021)   зэрэг баримтат болон уран сайхны киног үзэхийг зөвлөж байна. Харин залилангийн ерөнхий сэдэвтэй кино сонирхож байвал   "The Spanish Prisoner" (1997) киног үзэж болно. "419" (2012, Уран сайхны кино) "419"  уран сайхны кинонд Нигерийн захидал залилангийн талаар өгүүлдэг. АНУ-ын нэгэн эр нууцлаг цахим шуудан хүлээн авч, их хэмжээний мөнгөний наймаанд татагдан, Нигери рүү аялж байгаагаар үйл явдал өрнөнө. 419 залилангийн механизмд хохирогч хэрхэн татагдан ордог тухай бодитой дүрслэлтэй. "Sakawa" (2018, Баримтат кино) "Sakawa"  баримтат кинонд Баруун Африкт үйлдэгддэг цахим залилан, хуурамч хөрөнгө оруулалтын схем, мөнгө угаах ажиллагааны тухай өгүүлнэ. Нигерийн залилангийн сүлжээнд татагдсан залуусын амьдрал, залилангийн арга барилыг харуулдаг. 419 scam  буюу Нигерийн залилангийн талаар сонирхолтой баримтууд гарна. "Inside Nigeria's Hustle Kingdoms" (2021, Баримтат кино, BBC) "Inside Nigeria's Hustle Kingdoms"  нь Нигери дэх цахим залилан, 419 залилангийн сүлжээ хэрхэн ажилладаг,  "Yahoo Boys"  гэж нэрлэгддэг залилан үйлдэгчид хэрхэн хохирогчдыг хуурдаг талаар гүнзгий судалсан баримтат цувралын нэг анги юм. "The Spanish Prisoner" (1997, Уран сайхны кино) Хуучны гэж болох "Spanish Prisoner"  сэтгэл зүйн триллер кинонд Нигерийн захидал луйврын суурь загвар болсон залилангийн схемийн тухай өгүүлнэ. Гол дүрийн бизнесмен залуу нууц төслийнхөө төлөө буруу хүнээс тусламж хүсэж, их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээнд орох гэж байгаад залилуулдаг үйл явдал гарна. Нэр хулгайлах залилан Хувь хүний мэдээллийг хулгайлан түүний нэрийг зээл, бараа үйлчилгээ худалдан авах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглана. Голдуу цахим халдлага, нууц үг хулгайлах зэргээр залилан үйлддэг ба хохирогчийн дансны хуулга, зээлийн карт, жолооны үнэмлэх зэргээс хувийн мэдээллийг хогийн савнаас ч хамаагүй олж аван ашигладаг. "Catch Me If You Can" (2002) болон "Identity Thief" (2013) уран сайхны кино үзэхийг санал болгож байна. Энэ хоёр кинонд хувийн мэдээлэл, нэр хулгайлах талаар гарах ба дүр эсгэхээс эхлээд хохирогчид үзүүлэх нөлөө хүртэл гэмт хэргийн олон талыг харуулдаг. "Catch Me If You Can" (2002, Уран сайхны кино) Хувийн мэдээллийг хулгайлдаг киноны хувьд Стивен Спилбергийн найруулсан, жүжигчин Леонардо Ди Каприо, Том Хэнкс нар тоглосон  "Catch Me If You Can"  киног санал болгож байна. Америкийн түүхэн дэх хамгийн ухаалаг залилагчийн бодит түүх! Энэ киног нисгэгч, эмч, хуульч гэх мэт янз бүрийн мэргэжлийн хүний дүрийг бүтээж, хувийн мэдээллийг хулгайлж, залилан мэхлэх гэмт хэргийг амжилттай үйлдэж буй хэтэвчээ түнтийлгэдэг Фрэнк Абагнейл хэмээх залуугийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Миний хувьд киноны хамгийн хөгжилтэй хэсэг нь Фрэнк Абагнейл биеэ үнэлэгч авахдаа төлбөрт нь хуурамч чек өгч хариултад бэлэн мөнгө авч буй үзэгдэл юм. Хэдийгээр орчин үеийн цахим үнэмлэхийн хулгайн тухай биш ч гэсэн хэн нэгний хувийн мэдээллийг бусдыг хууран мэхлэх зорилгоор ашиглахын мөн чанарыг сэтгэл хөдөлгөм, зугаатай байдлаар харуулдаг. "Identity Thief" (2013, Уран сайхны кино) Жейсон Бэйтман, Мелисса МакКарти нарын тоглосон "Identity Thief"  инээдмийн, адал явдалт кино нь уйдах сэдэл өгөхгүй. Кинонд хүний нэрийг ашиглан луйвар хийж тансаг амьдралаар амьдардаг нэгэн эмэгтэй гарах ба хохирогч залуугийн нэрээ цэвэрлэхийн тулд залилан үйлдэгчийг олох оролдлого нь хөгжилтэйгөөр өрнөнө. Хүний нэрийг хулгайлж удаа дараагийн залилан хийсэн эмэгтэй баригдсан боловч ер гэмшихгүй, үргэлжлүүлэн элдвийг сэдэж киноны үйл явдлыг улам бүр ээдрээтэй, сонирхолтой болгоно. Хөнгөн хөгжилтэй байдлаар зээлийн картын залилангийн хор уршгийг харуулдаг. Цахим залилан Орчин үед интернэт, технологи хөгжихийн хажуугаар цахим гэмт хэрэг их болжээ. Онлайн худалдаа, криптовалют, хөрөнгө оруулалтын платформуудын хуурамч санал, сошиал медиа дээрх, тухайлбал хуурамч гоо сайхны барааг залуужуулах увдистай хэмээн итгүүлэх, эсвэл тураах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг ид шидийн үр дүн өгнө, өвчнийг эдгээж анагаана хэмээн хуурамч зар сурталчилгаа явуулж хүмүүсийг залилдаг. Эмийн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, биологийн идэвхт хүнсний нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүн байх нь элбэг. Урьдчилсан төлбөрийн залилан Зээл, гэрээ, хөрөнгө оруулалт, бэлэг зэрэг бараа үйлчилгээг нэн таатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар төлбөрийг урьдчилан шилжүүлэх боловч төлбөр хийсэн даруйд төлбөр хүлээн авагчтай холбоо тасардаг байна. Урьдчилгаа төлбөр төлүүлэн хүмүүсийг хуурч мэхлэх гэмт хэргийг бодит болон уран сайхны байдлаар харуулсан олон сонирхолтой кино байна. "The Sting" (1973, Уран сайхны кино) Пол Ньюман, Роберт Редфорд нарын тоглосон сонгодог залилагчдын тухай гарна. Хоёр залилагч гэмт хэргийн толгойлогчийг хэрхэн мэхэлж буй тухай өгүүлнэ. Тэд морин уралдааны бооцооны хуурамч схем ашиглаж хүмүүсийг их хэмжээний мөнгө хөрөнгө оруулахад хүргэдэг. "The Sting" кино нь Оскарын 7-н шагнал хүртсэн, шилдэг гэмт хэргийн драм юм. "Dirty Rotten Scoundrels" (1988, Уран сайхны кино) Майкл Кейн, Стив Мартин нарын тоглосон инээдмийн төрлийн кино ба хоёр залилан мэхлэгч хэрхэн баян эмэгтэйчүүдийг хуурч мөнгийг нь залилдаг тухай өгүүлнэ. Ингэхдээ тэд "Хөрөнгө оруулалт хийж, ашиг хүрт!" гэх мэт урьдчилгаа төлбөр авах аргуудыг ашиглана. "I Care a Lot" (2020, Уран сайхны кино) Розамунд Пайкийн тоглосон энэ кино нь ахмад настнуудаас өмч хөрөнгийг нь хууль ёсоор дээрэмддэг зальтай эмэгтэйн талаар өгүүлдэг. Настай хүмүүсийн хуурамч асран хамгаалагч болж тэднийг хуурч, өмч хөрөнгийг нь гаргуулан авдаг. Киног үзээд настай хүмүүсийг чин сэтгэлээсээ өрөвдөж, нэг л сонин мэдрэмж авсан билээ. "Fyre: The Greatest Party That Never Happened" (2019, Баримтат кино) 2017 онд болсон алдарт Fyre Festival -ийн талаар Netflix -ийн баримтат кино. Огт болохгүй шоуг зарлаж, хүмүүсээс мянга, арван мянган доллар урьдчилж авна. Энэ кино бол жинхэнэ урьдчилгаа төлбөрийн залилангийн бодит жишээ юм! Төлбөрийн картын залилан Хохирогчийн кредит болон дебит картын мэдээллийг ашиглан бэлэн мөнгө авах эсвэл төлбөр хийх явдал. Кредит картын залилан, санхүүгийн луйвар нь олон төрлийн аргаар явагддаг бөгөөд өөр өөр өнцгөөс харуулсан олон кино дурдаж болно. Гол нь киног үзэж, санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах ёстойг ойлгож аваарай! "The Bling Ring" (2013, Уран сайхны кино) Эмма Уотсон гол дүрд нь тоглосон, бодит явдлаас сэдэвлэсэн кино. Өсвөр насны залуус алдартнуудын гэрт нууцаар нэвтэрч, тэдний үнэт эдлэл, кредит картыг хулгайлж тансаг хэрэглээний төлбөрөө хийдэг. Кредит карт ашиглан хууль бус худалдан авалт хийж, эцэстээ баригдах тухай өгүүлнэ. "Middle Men" (2009, Уран сайхны кино) "Middle Men"  нь интернэт дээрх санхүүгийн залилан хэрхэн явагддагийг харуулсан сонирхолтой кино юм. Хоёр бизнес эрхлэгч интернэтээр картын мэдээлэл хулгайлах замаар хууль бус аргаар ашиг олдог. Кредит картын мэдээллийг зальтай аргаар ашиглаж их хэмжээний мөнгө олохын зэрэгцээ гэмт хэрэгт орооцолддог. "The Bank Job" (2008, Уран сайхны кино) Жейсон Стэтхэм тоглосон, бодит явдлаас сэдэвлэсэн, банк дээрэмдэж, доторх кредит карт болон банкны дансны мэдээллийг хулгайлдаг бүлэг дээрэмчдийн тухай жинхэнэ банкны дээрэм, гэмт хэргийн тухай кино. Өөрсдийнх нь дээрэм ил болох үед хэрхэн амьд үлдэхийг оролддог талаар харуулна. "American Hustle" (2013, Уран сайхны кино) Кристиан Бэйл, Брэдли Купер, Женнифер Лоуренс, Эми Адамс нар тоглосон санхүүгийн залилангийн тухай кино. Хуурамч хөрөнгө оруулалт, банкны залилан хийдэг ухаалаг залилагчдын түүхийг өгүүлнэ. Кредит карт болон санхүүгийн бусад залилангийн олон аргын талаар мэдэж авна. "Cyber Heist" (2023, Уран сайхны кино) Интернэт банкны систем болон криптовалют ашиглан зээлийн карт, санхүүгийн залилан хийх оролдлогыг харуулсан адал явдалт орчин үеийн кино. Кредит карт болон онлайн санхүүгийн залилан хэрхэн хийгддэгийг үзүүлнэ. Нөхөн олговрын залилан Засгийн газар болон бусад байгууллагаас нөхөн олговор авахын тулд тодорхой санхүүгийн байгууллагад анкет бөглөж өгөх хэрэгтэй хэмээн ойлгуулж тухайн анкет зааврын төлбөр, анкетыг бөглөх сургалт нэрээр мөнгө авдаг байна. Зааврын дагуу бөглөж илгээсэн хэдий ч нөхөн олговор авсангүй хэмээн мэдэгдэхэд буруу бөглөсөн дахин сургалт, заавар авах шаардлагатай гэж нэмэлт төлбөр дахин шаарддаг. Нөхөн олговор авах нэрийдлээр хийгддэг залилангийн янз бүрийн арга, үр дагаврыг харуулсан "The Informant!" (2009) ,  "The Laundromat" (2019 ) , "Erin Brockovich" (2000 ) зэрэг киног дурдаж болно. "The Informant!" (2009, Уран сайхны кино) Гол дүрд Мэт Дэймон тоглосон бодит явдлаас сэдэвлэсэн инээдмийн гэмт хэргийн тухай кино. Хүнсний компанийн дунд шатны менежер өөрийгөө Холбооны мөрдөх товчоонд тусалж байна гэж итгүүлж, улмаар компанийнх нь дотоод залилангийн хэргийг илчлэх нэрийдлээр өөрөө мөнгө залилан авдаг. Компани болон засгийн газар нөхөн олговор авах схемийг хэрхэн ашиглагддагийг харуулна. "The Laundromat" (2019, Уран сайхны кино) Мерил Стрип, Гари Олдман, Антонио Бандерас нар гол дүрд нь тоглосон, Панамын баримтуудын (Panama Papers) бодит үйл явдлаас сэдэвлэсэн кино. Хуурамч даатгалын схемд хохирсон эмэгтэй олон улсын нөхөн олговрын залилангийн сүлжээг илчлэхийг оролддог санхүүгийн залилангийн тухай Netflix -ийн кино. "Erin Brockovich" (2000, Уран сайхны кино) Жулиа Робертсийн тоглосон нөхөн олговрын төлөөх тэмцэл өрнүүлэх эмэгтэйн талаар өгүүлдэг кино. Нэгэн жижиг хотын оршин суугчид томоохон корпорацын эсрэг шүүхэд зарга мэдүүлж, нөхөн олговор авах гэж тэмцэнэ. Гол нь компаниуд нөхөн олговор өгөхөөс зайлсхийхийн тулд хууран мэхлэх тактикууд ашигладгийг харуулдаг. "Pain & Gain" (2013, Уран сайхны кино) Марк Уолберг, Дуэйн Жонсон нар гол дүрд тоглосон ба спорт заалны луйварчдын талаар өгүүлнэ. Бодибилдингийн клубийн гишүүд баян хүмүүст зориулсан бизнесийн схемд оролцон санхүүгийн залилан, нөхөн олговрын хуурамч шаардлагууд тавьдаг. Залилангийн схем хэрхэн ажилладгийг харуулна. "American Made" (2017, Уран сайхны кино) Том Круз хар тамхины наймаачдад тусалсан нисгэгч ба АНУ-ын засгийн газарт ажиллаж байгаа мэт дүр эсгэж, их хэмжээний мөнгө гаргуулж авдаг. Нөхөн олговор авахын тулд төрийн байгууллагыг хэрхэн мэхэлж болохыг харуулсан бодит түүх дээр үндэслэсэн сонирхолтой кино. Аккредитивын залилан Аккредитив нь   олон улсын худалдаа хийхэд барааны төлбөрийг төлөхийг баталгаажуулдаг банкны бичиг баримт юм. Уг бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хохирогчид өндөр өгөөж хүртэж болно хэмээн итгүүлэн зарах үйлдэл нь аккредитивын залилан юм. Энэ төрлийн санхүүгийн гэмт хэрэг олон улсын худалдаа, банкны луйвартай холбоотой байдаг. Кино үзэж луйврын санхүүгийн механизм, залилангийн аргуудыг ойлгож болно. "Rogue Trader" (1998, Уран сайхны кино) Эван МакГрегор биржийн наймаачин Ник Лисоны дүрийг бүтээсэн ба тэрээр банк, санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж их хэмжээний алдагдлыг нуун дарагдуулдаг. Олон улсын санхүүгийн системийн залилан банкийг дампууруулж болохыг харуулна. "Gold" (2016, Уран сайхны кино) Мэттью Макконахи танигдахын аргагүй болтлоо зүсээ өөрчилсөн байдалтай байх ба тэрээр хуурамч алтны уурхай бүхий хөрөнгө оруулалтын схем ажиллуулж, олон хүнийг хуурдаг. Олон улсын худалдаа, санхүүгийн баримтуудыг ашиглан залилан хийх арга барилыг харуулна. Санхүүгийн хямрал ба залилан 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал нь банкуудын эрсдэлтэй зээл, хуурамч санхүүгийн бүтээгдэхүүн, зохицуулалтын сул байдлаас үүдэлтэй эдийн засгийн хамгийн том хямралын нэг байсан юм. Тухайн үед олон томоохон санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагчдаа хохироосон байдаг. Санхүүгийн хямрал нь банк, санхүүгийн байгууллагуудын буруутай үйлдэл, залилангийн схем, зохицуулалтын сул талын үр дүн байсан гэж дүгнэдэг. Энэ үйл явдлыг бодитой дүрсэлсэн, санхүүгийн залилан, буруутай шийдвэрүүдийг онцолсон "The Big Short" (2015) ,  "Margin Call" (2011) , "Inside Job" (2010) , "Enron: The Smartest Guys in the Room" (2005)  зэрэг уран сайхны болон баримтат киног үзэхийг зөвлөж байна. Эдгээрээс гадна, "Too Big to Fail" (2011) , "The Wolf of Wall Street" (2013) , "99 Homes" (2014) киног үзэж болно. Эдгээр кинонд санхүүгийн хямралын ул үндэс, өрнөл, үр дагавар болон энгийн хүмүүс хэрхэн хохирсныг харуулдаг. "The Big Short" (2015, Уран сайхны кино) Кристиан Бэйл, Стив Карелл, Райан Гослинг, Брэд Питт нар тоглосон санхүүгийн системийн алдаа ашиглах хүмүүсийн талаар болон хямралын шалтгааныг тайлбарласан шилдэг бүтээл. 2008 оны санхүүгийн хямралын өмнө хөрөнгө оруулалтын банкны хуурамч санхүүгийн бүтээгдэхүүн, эрсдэлтэй зээлийн санхүүгийн зохиомол схемийг илчилж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөөсөрч байгаа гэдгийг олж мэдсэн хөрөнгө оруулагч, санхүүчид ойлгон хямралаас ашиг олохыг оролддог. Үзэгчдэд энгийн ойлгомжтой байдлаар банк, санхүүгийн баримтуудыг ашиглаж хэрхэн хүмүүсийг залилдаг, санхүүгийн хямралыг тайлбарласан шилдэг кино юм. "Margin Call" (2011, Уран сайхны кино) Гол дүрд Кевин Спейси, Пол Беттани, Жереми Айронс, Деми Мур нар тоглосон ба Уолл Стритийн томоохон банкны санхүүгийн шинжээчид хямрал эхлэхээс нэг хоногийн өмнө өөрсдийн хөрөнгийн багц хэтэрхий эрсдэлтэй болж байгааг олж мэднэ. Маш бодитой санхүүгийн драм ба хямрал эхлэхэд банкууд хэрхэн буруутай шийдвэрүүд гаргаж, өөрсдийгөө аврахын тулд хөрөнгө оруулагчдаа хохироосон талаар өгүүлдэг. "Inside Job" (2010, Баримтат кино) Чарльз Фергюсон найруулсан санхүүгийн луйврын баримтат кинонд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг үүсгэсэн банкуудын залилан, хуурамч санхүүгийн баримт бичгүүд хэрхэн олон улсад нөлөөлсөн талаар гарна. Аккредитив болон бусад санхүүгийн баталгааг ашиглаж залилан хэрхэн үйлддэг, хямралд улс төр, банкны луйвар, зохицуулалтын дутагдал зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн талаар тайлбарладаг. Маш сайн судалгаатай, баримт дээр тулгуурласан, бодит нөхцөл байдлыг илчилсэн бүтээл юм. "Enron: The Smartest Guys in the Room" (2005, Баримтат кино) Америкийн санхүүгийн түүхэн дэх хамгийн том корпорацын залилангийн нэг болох Enron  корпорацын дампуурал болон түүний ард байсан луйврын схемийг задлан шинжилсэн баримтат кино юм. Enron корпорац нь "Mark-to-Market Accounting"  буюу төсөөллийн ашиг тооцох систем ашиглан зах зээлд хуурамч итгэл төрүүлсэн орлогын тайлан гаргаж, ашгаа зохиомлоор өсгөсөн байдаг. Үүгээр ч зогсоогүй, санхүүгийн залилан, дотоод мэдээллээр арилжаа хийх (insider trading) зэргийг зохион байгуулсан. Enron корпорац 2001 онд дампуурч, олон хөрөнгө оруулагч, ажилчид бүхнээ алдсан. Хөрөнгө оруулалтын луйвар, санхүүгийн залилангийн талаар судалж буй бол заавал үзэх кино юм! "Too Big to Fail" (2011, Уран сайхны кино) Уильям Хэрт, Пол Жиамати, Жеймс Вүүдс нар гол дүрийг бүтээсэн ба АНУ-ын Сангийн сайд Хэнри Полсон болон Засгийн газар хямралтай хэрхэн тэмцэж, банкуудыг дампуурахаас хамгаалах шийдвэрүүд гаргасан тухай өгүүлдэг. Санхүүгийн байгууллагууд аврагдаж, энгийн хүмүүс хохирсон талаар маш сайн харуулсан. "The Wolf of Wall Street" (2013, Уран сайхны кино) "The Wolf of Wall Street"  уран сайхны кинонд Жордан Белфортын үйлдсэн өндөр өгөөж амласан хуурамч хөрөнгө оруулалтын схемийн жишээ, санхүүгийн залиланг тод томруун харуулдаг бодит түүх дээр үндэслэсэн кино. Жордан Белфортын дүрийг Леонардо Ди Каприо бүтээсэн ба Жона Хилл, Маргот Робби нар ч мөн тоглосон. Жордан Белфорт санхүүгийн зохицуулалтын дутагдал, зах зээлийн манипуляци, хуурамч хөрөнгө оруулалтын схемийг ашиглан санхүүгийн хямралын үеэр хүмүүсийн шунал, хөрөнгө оруулалтын системийн сул талыг ашиглан хөрөнгө босгодог талаар өгүүлнэ. Stratton Oakmont  брокерын компанийн захирал асан Жордан Белфорт нь "The Wolf of Wall Street" номоо өөрөө бичсэн ба Steven Madden  хувцас загварын компанид IPO  гаргахад нь тусалж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд цаасан дээрх компаниудаар дамжуулан олон тооны Pump & Dump [2]  схемийг гүйцэтгэсэн байдаг. Хүмүүсийн итгэлийг олж авахын тулд олны танил хүмүүсийг татан оролцуулдаг. Эдгээр үйлдлийнхээ төлөө Белфорт ял авч, шоронд хоригдсон ба үүнээсээ өмнө хар тамхи байнга хэрэглэж, мансуурсан үедээ машин мөргөж, нисдэг тэрэг хүртэл унагасан байдаг. Тиймээс номыг нь унших илүү сонирхолтой байж магад. Жордан Белфорттой 2009 онд Канад улсад бизнес уулзалтын үер таарч байсан ба тэрээр хүн татах нэг тийм увдистай, харизмтай, тод үг хэллэгтэй, оч гэрэлтсэн нүдтэй нэгэн байв. Тухайн үед номоо танилцуулж, өөрийн түүхээс ярьж өгсөн ба удалгүй дэлгэцийн бүтээл болсон байдаг. "99 Homes" (2014, Уран сайхны кино) Эндрю Гарфилд, Майкл Шэннон нар гол дүрийг бүтээсэн ба санхүүгийн хямралаас болж олон мянган хүн орон байраа алдаж, банкны залилангийн золиос болж байгаа талаар өгүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сүйрэл, хүмүүс яагаад хохирсон талаар сэтгэл хөдөлгөм түүх юм. Монголд гарсан залилангийн жишээ Манай улсад "Жи Тайм" сүлжээний залилан, криптовалютын залилан, цахим залилан зэрэг хөрөнгө оруулалтын залилан луйврын олон тохиолдол гарч, олон хүн хохирсон байдаг. "Жи Тайм" сүлжээний залилан "Жи Тайм"  нэртэй сүлжээний бизнес нь өндөр ашиг амлаж, олон хүнийг элсүүлсэн боловч цэвэр залилангийн шинжтэй байсан бөгөөд олон хүн санхүүгийн хохирол амссан байдаг  (Д.Чимэддамба) . Криптовалютын залилан Сүүлийн жилүүдэд криптовалютын арилжаа Монголд түгээмэл болсон ч үүнийг далимдуулан залилангийн хэрэг ихээр гарч байна. Жишээлбэл, өөрсдийгөө туршлагатай хөрөнгө оруулалтын менежер гэж итгүүлэн, хуурамч ашгийн баталгаа гаргаж хүмүүсийг хууран мэхэлсэн тохиолдлууд бий  (СЗХ) . Цахим залилан Цахим орчинд "Онлайнаар цагийн ажил хийлгэнэ" , "Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй"  гэх зэргээр хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Олон мянган хүн хохирогч болж, цагдаагийн байгууллагад хандсан тохиолдлууд олонтоо гарчээ  (Т.Амаржаргал) . Монголын кино урлагт понзи болон пирамид схемийн талаар бүтээл цөөн ч гэлээ, залилах, хуурч мэхлэх, итгэл ашигласан гэмт хэрэг, нийгмийн залилангийн сэдэвтэй олон бүтээл байна. "Бодлын хулгайч" (2011) "Бодлын хулгайч" кино нь Монголын шилжилтийн үеийн нийгмийн асуудлыг хөндөж, үзэгчдэд нэгийг бодогдуулсан бүтээл ба бодит түүхээс сэдэвлэсэн залуусын мөрөөдөл, амьдралын сонголт, мөнгө, санхүүгийн асуудлыг харуулсан. Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг бөгөөд залилах гэмт хэргийн сэдвийг хөндсөн. Энэхүү кино нь 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг залилсан хэргээр олонд танигдсан "90 саяын" Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн. Киноны зохиолыг Доржхандын Төрмөнх бичиж, найруулагчаар Жанчивдоржийн Сэнгэдорж ажилласан бөгөөд гол дүрд Балжиннямын Амарсайхан тоглосон. "Бодлын хулгайч" кино нь 2012 оны Монголын Кино Урлагийн Наадмаас шилдэг кино, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг зураглаач, шилдэг дууны найруулагч, шилдэг кино зохиол зэрэг олон шагнал хүртсэн. Мөн тус кино нь Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан "Asian World Film Festival" -д Монгол Улсаа төлөөлөн оролцож, олон улсын тавцанд Монголын кино уран бүтээлчдийн чадварыг харуулсан юм. Залилах гэмт хэргийн талаар сонирхолтой кино санал болгохыг хүсвэл коммент хэсэгт үлдээгэрэй! Эрх зүйн хариуцлага Залилан нь олон улсад эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ихэнх улс оронд залилан үйлдсэн этгээдэд хатуу шийтгэлийг ногдуулдаг байна. Тухайлбал, АНУ-д Холбооны шүүхээс 5-150 жилийн ял оноох боломжтой бол Европын орнуудад 10-25 жил хүртэл хорих ялтай. Харин манай улсад залилан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хамаарах гэмт хэрэгт тооцогддог  (ЭХ) . Тэр дундаа, практикт түгээмэл үйлдэгдэж иргэдэд их хэмжээний хохирол учруулдаг "Сүлжээний луйвар" нь залилах гэмт хэрэгт хамаарна.   Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар 6 сараас 12 жилийн хорих ял ногдуулна. Залилах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Залилах гэмт хэргийн үндсэн шинж Хуурч [3] , эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж [4] , эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох [5] , сүсэг бишрэлийг далимдуулах [6] , бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж [7] , эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж [8]   эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан [9]  бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Залилах гэмт хэргийн обьект нь бусдын өмчлөх эрх байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;" гэж заажээ  (Үндсэн хууль) . Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж хуульчилсан  (ИХ) . Халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байна. Бусдын эд хөрөнгө гэж Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг ойлгоно (ИХ) . Обьектив тал нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна. Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас обьектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Гэмт хэргийн обьектив талын шинж болох үйлдлийн аргыг диспозицид дэлгэрэнгүй заасан нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, иргэний эрх зүйн зөрчлөөс залилах гэмт хэргийг ялган зүйлчлэхэд ач холбогдолтой. Субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний эрх зүйн маргаанаас ялгагдана. Субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн , хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хоёрдмол харьяалалтай хүн байна. Залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж [10] ; бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн [11]  бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Түүнчлэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон [12] ; олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн [13] ; зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн [14]  бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Дүгнэлт "Залилангаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?" гэж асуувал, нэн түрүүнд бодит бус амлалтад хууртахгүй, хэт өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтаас татгалзах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийхээр бол Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны хяналтын байгууллагын бүртгэлд байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй. Хөрөнгө оруулалтын компани бол лицензтэй байх ёстой. Харин хувь хүн байвал утсаар ярих, болж өгвөл уулзаж үзэх хэрэгтэй. Санхүүгийн боловсрол чухал гэдгийг байнга санаж, өөрөө мэдэхгүй бол мэдлэгтэй мэргэжлийн хүнээс лавлаарай. Мөн ямар ч тохиолдолд банкны карт, дансны дугаар, регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ үл таних хүнд өгөхгүй байж өөрийн мэдээллийг эрсдэлээс хамгаалах нь зүйтэй. Залилан нь олон хэлбэртэй байдаг бөгөөд гадаад улсад төдийгүй манай улсад ч мөн олон хүн өртөж санхүүгийн хохирол амсдаг. Өндөр өгөөжийн амлалтад хууртахгүй, санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь хамгийн сайн хамгаалалт юм. Хэрэв та ямар нэгэн сэжигтэй хөрөнгө оруулалтын санал хүлээн авбал хуулийн байгууллагад хандаарай. Санал болгосон бүтээлүүдээс үзсэн кино олон байгаа байх. Гэхдээ санхүүгийн залилан, хөрөнгө оруулалтын луйврын талаар мэдлэгээ ахиулна гэсэн зорилго тээгээд дахин үзэхийг зөвлөж байна! Эцэст нь хэлэхэд "Хөрөнгө оруулалтын боломж бүрийг нягтал. Амар хялбар баяжих арга байхгүй гэдгийг сана!" гэж хэлээд дуусгая. Ж.Танан Зүүлт тайлбар [1]   "Rob Peter to pay Paul" гэсэн хэлц үг нь нэг сүмээс (Гэгээн Петрт) мөнгө авч, нөгөө сүмд (Гэгээн Паул) өгч байсан түүхээс гаралтай. Өнөө үед энэ хэлцийг хэн нэгэн санхүүгийн асуудал, эсвэл өрөө өөр эх үүсвэрээс зээлэх, авах замаар шийдвэрлэх гэж оролдох нөхцөл байдлыг тодорхойлоход хэрэглэдэг. Гэхдээ ийм шийдэл нь ихэвчлэн богино хугацааны шинж чанартай, хүсээгүй үр дагаварт хүргэдэг байна. [2] Pump & Dump  нь хямд үнээр худалдаж авсан хувьцаагаа өндөр үнээр худалдах зорилгоор худал, төөрөгдүүлсэн эерэг мэдэгдлийг Telegram, Discord  гэх мэт зохицуулалт багатай цахим сүлжээгээр тарааж, хувьцааны үнийг зохиомлоор өсгөж, үнэ өссөний дараа хувьцаагаа өндөр үнээр зардаг схем. [3] Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно. [4] Баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргийг ойлгоно. [5] Зохиомол байдлыг зориудаар бий болгох  гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хуурам мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг ойлгоно. Тухайлбал, өөрийгөө амжилттай бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх. [6] Сүсэг бишрэлийг далимдуулах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хохирогчийн сүсэг бишрэл, шашны итгэл үнэмшлийг ашиглан төөрөгдүүлэхийг ойлгоно. Тухайлбал, бусдыг бөө болгож өгөх, хохирогчид болон түүний ойр дотнын хүнд таагүй зүйл тохиолдохоос "аргалах" зэргээр хохирогчийг төөрөгдүүлж, түүнээс мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах. [7] Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг ойлгоно. [8] Нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах  гэдгийг шууд ойлгож хэрэглэнэ. Тухайлбал, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулах зэрэг хэлбэртэй байж болно. [9] Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг хэлнэ. [10] Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн  гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно. [11] Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн  гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан, эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг ойлгоно. [12] Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэж залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа явдлыг ойлгоно. [13] Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн  гэж бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн хууль бус үйл ажиллагааг хэлнэ. Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь нэгдүгээрт бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэд анхаардаг олон шатлалт маркетингийн арга бөгөөд хүн элсүүлж, сүлжээ үүсгэж, бараагаа олон хэрэглэгчид хүргэх зорилготой байдаг бол хоёрдугаарт, гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар тус тус хамаарна. [14] Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн  гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдэл үйлдсэнийг ойлгоно. Ашигласан эх сурвалж E.Rice, & B.Shah. (2010). He's Madoff with My Money! Trust and Trustees, 16 (4). FBI. Federal Bureau of Investigation . Common Fraud Schemes: https://www.fbi.gov/scams-and-safety/common-fraud-schemes Hamilton, I., & Francis, I . (2003). The Enron Collapse, IMD Case Study.  Wellesley, Massachusetts, USA: ECCH. Galbraith, J. K . (1994, 7 сар 1). A Short History of Financial Euphoria.   Thielman, S . (2017, 1 сар 12). Never-before-heard Bernie Madoff tapes reveal details of ruinous Ponzi scheme . The Guardian Gregoriou, G. N., & Lhabitant, F . (2009, 2 сар 2). Madoff: A Riot of Red Flags . SSRN Bhattacharya, U . (2003). The Optimal Design of Ponzi Schemes in Finite Economies. Journal of Financial Intermediation, 12 (1). Hart, D., & Strober, G . (2009). The Story of Bernard L. Madoff, the Man Who Swinded the Would.  Beverly Hills, California, USA: Phoenix Books Inc. Д.Чимэддамба . (2023). Д.Чимэддамба: "Жи тайм" Монголын санхүүгийн залилангийн түүхэнд гадаад эзэнтэйгээ, мөнгөтэйгөө баригдсан анхны бөгөөд цор ганц тохиолдол . (Ч.Тулга, Interviewer) Улаанбаатар, Монгол: Alim.mn. СЗХ . Санхүүгийн луйвраас болгоомжлоорой . Санхүүгийн зохицуулах хороо Т.Амаржаргал . (2024, 9 20). Залилангийн гэмт бүлэглэл Монголыг онилсон уу . itoim УИХ . (1992, 1 13). Монгол Улсын Үндсэн хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем УИХ . (2002, 1 10). Иргэний хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем УИХ . (2015, 12 03). Эрүүгийн хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем ҮСХ . Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон нөхөн төлүүлэлтийн хэмжээ . Үндэсний статистикийн хороо ЦЕГ . Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал . Цагдаагийн ерөнхий газар Залилах гэмт хэрэг #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнХууль #СанхүүгийнЛуйвар #Залилан #ЗалилахГэмтХэрэг #ГэмтХэрэг #ИргэнийХууль #ҮндсэнХууль #ГэмтХэргийнСтатистик #Понзи #Пирамид #БернаодМейдофф #ЧарльзПонзи #ОнгоцныТоглоои #НэрХулгайлахЗалилан #ТелемаркетингЗалилан #НигеринЗахидал #УрьдчилсанТөлбөрийнЗалилан #ТөлбөрийнКартынЗалилан #НөхөнОлговрынЗалилан #ЦахимЗалилан #ЭрхЗүйнХариуцлага #ЯлШийтгэл #ОлонШатлалтМаркетинг #ЗалилангаасХамгаалахАрга #ЗохионБайгуулалттайГэмтБүлэг #Хохирол #БодитБайдлыгНуух #СүсэгБишрэлийгДаалимдуулах #ИтгэлийгУрвуулахАшиглах #ЗохиомолБайдлыгЗориудаарБийБолгох #Хуурах

  • Эрх зүйн нийтлэг хэрэглээтэй латин нэр томьёо, ойлголт

    Хураангуй Хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгддэг олон нэр томьёо, ойлголт нь эртний Ромоос гаралтай ба хоёр мянганы тэртээх утга санаагаа гээлгүйгээр латин хэлээр бидэнд өвлөгджээ. Хуульчдын хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичиг болон харилцан ойлголцохдоо латин нэр томьёо, ойлголтыг ашиглах нь энгийн үзэгдэл гэж хэлж болно. Латин нэр томьёо, ойлголтуудын цаана хууль зүйн шинжлэх ухааны эрх зүйн чухал зарчмууд байдаг. Тиймийн учир, эртний Ромын эрх зүй систем анх үүссэн цагаасаа хойш цаг хугацааны шалгуурыг даван туулж, өнөө үед ч хэрэглээтэй байгаа гэлтэй. Эрх зүйн холбоотой бүтээл, судалгааны ажлыг уншиж танилцах явцад тулгарсан анхны бэрхшээл нь латин ойлголтыг мэдэхгүй байв. Тиймээс, эрх зүйн нэр томьёо, ойлголтуудыг нэгтгэн хувийн хэрэгцээний гарын авлага үүсгэх анхдагч санаа төрсөн юм. Бид санаагаа өргөжүүлэн, эрх зүйн латин нэр томьёо, ойлголтын талаар судлах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн товч судалгааг хийж гүйцэтгэв. Энэ нийтлэлд нийтлэг, өргөн хэрэглэгддэг эрх зүйн латин гучин нэр томьёо, ойлголтын талаар орууллаа. Түлхүүр үгс: эрх зүйн латин, эрх зүйн нэр томьёо, хууль зүйн боловсрол, хуульч Удиртгал Монголын хууль зүй, хэл шинжлэлийн салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэдийн нэлээдгүй олон бүтээл байдаг. Тухайлбал, 2013 онд П.Цагаан “Хууль зүйн Латин-Англи-Орос-Монгол толь бичиг” нь Монгол хэл дээр туурвисан бүтээлийн нэг бөгөөд бидний судалгааны гол эх сурвалж болсон билээ. Гэхдээ толь бичигт нэр томьёо, хэллэгүүдийн орчуулга байх ч, хангалттай тайлбар, контекст оруулаагүй байдаг. Тиймээс, энэхүү нийтлэлд эрх зүйн салбарт мэргэжлийн хүрээнд, тэр дундаа эх газрын эрх зүйн тогтолцоонд өргөн хэрэглэгддэг латин ойлголтуудыг дэлгэрүүлэн тайлбарлаж, тэдгээрийг хэзээ, хэрхэн хэрэглэх жишээ татаж, гарал үүсэл, анхдагч хэрэглээг онцолж, орчин үед хувьсан өөрчлөгдсөн байдал, манай улсад хэрэглэгддэг ойлголттой зэрэгцүүлэн судалсан бидний ажлын үр дүнгийн нэгтгэл юм. Үүнээс гадна, судалгаанд эх газрын эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжлийг товч танилцуулж, эрх зүйн латин хэлийг хэрэглэхийг чухам ямар шалтгаанаар дэмждэг, эсэргүүцдэг болохыг сонирхон судалгааг баяжуулав. Энэхүү нийтлэл нь удиртгал хэсгээс гадна хууль зүйн шинжлэх ухаанд латин хэлний хэрэглээ, латин нэр томьёо, ойлголтууд, дүгнэлт бүхий гурван хэсгээс бүтсэн. Төгсгөлд нь ашигласан эх сурвалжийн жагсаалтыг орууллаа. Академич С.Нарангэрэл “Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”   (С.Нарангэрэл) , П.Цагаан “Латин-Англи-Орос-Монгол толь бичиг”   (П.Цагаан) болон бусад эх сурвалжийг ашиглав. Нэр томьёо, ойлголтуудыг бичгээр тайлбарласнаас гадна хэллэгийн дууг орууллаа. Хууль зүйн шинжлэх ухааны латин хэлний хэрэглээ Эх газрын эрх зүйн тогтолцооны хэлний түүхэн хөгжил Латин хэл нь эх газрын буюу Ром-Германы эрх зүйн хэлийг хөгжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ромын эрх зүйд үзүүлсэн нөлөөллөөс дурдвал, МЭӨ 450-451 онд Ромын эрх зүйн үндсэн эх сурвалж бүхий Арван хоёр хүснэгтийн хуулийг латин дээр бүтээсэн. Үүнээс гадна, хууль зүйн гүн ухааны хамгийн алдартай бүтээлүүд латин хэл дээр байв. Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis) зэрэг Ромын эрх зүйн мэдлэгийн гол эх сурвалжийг бүгдийг нь латин хэл дээр бичиж үлдээжээ. Үе үеийн мэргэд Цицерон, Гэгээн Фома Аквин, Гюго Гроций болон бусад олон төлөөлөгчийг жагсааж болно. Ромын эзэнт гүрэн өргөжин тэлсний дараа латин нь засгийн газар, засаг захиргаа, хууль тогтоомж, шүүх засаглал, худалдаа, цэрэг армийн үйл ажиллагааны хэл болж, олон улс орны нийтлэг соёл иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулсан. Товчхондоо, уг хэл түүхэндээ төр, захиргааны албан ёсны хэл байжээ. Хожим дундад зуун, Сэргэн мандалт, Шинэчлэлийн үед латин хэлийг сүм хийд, боловсрол, шинжлэх ухаан, түүнчлэн улс үндэстэн хоорондын харилцааны хэл болгон ашигладаг байсан нь харилцаа холбоо тогтоох, боловсрол түгээх, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэлшгүй хувь нэмэр оруулсан байдаг. Латин хэллэгүүд нь газар зүйн хил хязгаар, олон зууныг даван туулсан хүн төрөлхтний хамтын түүхийг сануулж, туршлагын түгээмэл байдлыг тусгаж, үзэл баримтлалыг агуулж, өнөөг хүртэл цуурайтаж байгаа аж. Латин хэлний эдгээр түүхэн нөлөө дор эх газрын буюу Ром-Германы эрх зүйн тогтолцооны эрх зүйн хэл, сэтгэлгээг төлөвшүүлэхэд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэж, Эртний Ромчуудын хэл өнгөрсөн үеийн үлдэгдэл төдий зүйл биш болох нь батлагдаж байна. Эрх зүйд латин хэл хэрэглэхийг дэмжих, эсэргүүцэх гол үндэслэлүүд Аливаа харилцаа холбооны түлхүүр нь хүмүүн хоорондын ойлголцол билээ. Хүмүүс нийтлэг хэл болох lingua franca буюу эх хэл ондоо хүмүүс хоорондоо харилцаа холбоог гуравдагч, эсвэл хэн нэгнийхээ эх хэл дээр бий болгодог. Энгийнээр тайлбарлавал, технологи ашиглах, хэрэгжүүлэхэд программ хангамжийн дохио, команд нь технологи ба хүний хоорондын харилцан үйлчлэлийн хөрвүүлэгч хэл болно. Үүнтэй агаар нэг, хуулийн ээдрээтэй, ихэвчлэн ойлгоход хүндрэлтэй эрх зүйн хэллэгээр гэрээ хэлэлцээр, шүүхийн практик зэрэг аливаа асуудлыг хуульчид хоорондоо ярилцдаг бол тэд үйлчлүүлэгчдээ зориулж, хуулийн хэлийг орчин үеийн хэл рүү хөрвүүлдэг. Үүнээс гадна, хуульчид өргөн хүрээний байгууллага, хувь хүнтэй харилцахад бизнес арилжааны хэлээр харьцаж, үүний зэрэгцээ техникийн талаар ярьж сурах шаардлага ч мөн үүснэ. Гэх зэргээр хуульчид олон хэлээр ярьдаг ч хамгийн гол нь эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд ижил хэлээр ярьж дэвшилтэт харилцааг үүсгэх явдал байдаг. Эрх зүйд латин хэлийг хэрэглэх, цаашид хөгжүүлэхийг зарим эрдэмтэн дэмждэг бол эсрэг байр суурьтай талууд ч мөн байдаг. Латин хэлийг хэрэглэхийг дэмжиж буйгаа харилцан ойлголцол, түүхэн хөгжлийн холбоо, үр дүн гэсэн аргумент байдлаар нэгтгэн тайлбарлаж, гол санаагаа буулгах гэж оролдъё. Зарим эрдэмтэд латин хэл дээр эрх зүйн ойлголтуудыг хэрэглэх нь ялгаатай эрх зүйн тогтолцоотой хуульчдын хоорондын харилцан ойлголцлыг бий болгохын зэрэгцээ хэлний бэрхшээл, хуулийн туршлагаас үүдэлтэй үл ойлголцлыг даван туулна гэж үздэг. Өмнөх хэсэгт дурдсанчлан, хэдэн зууны турш эрх зүйн ном бүтээлийн дийлэнхийг латин хэлээр бичиж туурвин, тус хэл нь эх газрын эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлжээ. Латин хэл нь өөр өөр эрх зүйн соёл, хэлний хил хязгаарыг хамарсан эрх зүйн харилцаа холбооны үндэс суурийг бүрдүүлсэн, бүрэн, сайн боловсруулагдсан нэр томьёо, ойлголтуудыг агуулсан байдаг. Латин хэл дээр эрх зүйн нэр томьёо, ойлголтыг хэрэглэх нь үр дүнтэй хэмээн сүүлийн аргументын хувьд, нэгэнт тогтсон, олон улсад хэрэглэж хэвшсэн ойлголтыг орчин үеийн олон хэл рүү орчуулах шаардлагагүй гэж болно. Эс бөгөөс, эх бичвэрийг хоёр дахин уртасгах эдийн засгийн хэмнэлгүй үйлдэл болно. Эдгээр үндэслэлээр эрх зүйн латин нэр томьёо, ойлголтыг цаашид хэвээр хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд амархан хүрэх боловч, нөгөөтээгүүр соёлын олон талт байдал, хэлний хангалтгүй байдал, орчуулгын асуудал зэргийг зайлшгүй харгалзан үзэх шаардлага урган гарна. Улс орны соёл, түүхэн уламжлал зэрэг нь тухайн улсын хуулийн хэл болж хөгжиж ирсэн байдаг. Энэ нь эргээд нийгэм, түүний эрх зүйн тогтолцоотой нягт холбоотой, салшгүй хэсэг болдог. Учир ийм байтал, эрх зүйн латин нэр томьёо, ойлголтыг шууд аван хэрэглэх нь улс орнуудын соёлын олон талт байдал, өвөрмөц уламжлалыг арилгаж болзошгүй. Үүнээс гадна, олон улсын хуульчид нийтлэг ашигладаг lingua franca англи хэл хэдий ч зарим эрх зүйн тогтолцоонд тохиромжгүй байж болно. Тиймээс, зөвхөн англи хэлийг сайн эзэмшсэн байх нь эрх зүйн харилцаа амжилттай байх баталгаа болохгүй. Дэлхийн олон улсад, тэр дундаа манай оронд ч түгээмэл гардаг нэг асуудал бол төгс бус орчуулга байдаг. Мэдээж төгс орчуулга гэсэн ойлголт байхгүй ч гэлээ үл ойлголцолд хүргэдэг гол хүндрэлийн нэг нь эрх зүйн ойлголтуудыг эх хэл рүүгээ буруу, зөрүү хөрвүүлснээр үүсдэг байна. Энэ хэсгийг дүгнэвэл, эрх зүйн нэр латин томьёо, ойлголтуудыг хэрэглэх нь харилцан ойлголцол, үр өгөөжтэй байх боломжит ашиг тус ба соёлын уламжлалыг хадгалах, харилцааны болзошгүй эрсдэл хоёрыг тэнцвэржүүлэх явдал билээ. Нэр томьёо, ойлголтууд Латин бол шинжлэх ухаан, тэр дундаа хууль зүйн шинжлэх ухааны lingua franca билээ. Эрх зүйн латин нэр томьёо, ойлголтууд нь нарийн, ойлгомжтой тул орчин цагийн хуулийн баримт бичгийн салшгүй хэсэг хэвээр байна. Олон улсын хуульчид эрх зүйн латин ойлголтуудыг хэрэглэж, хоорондоо төвөггүй ойлголцдог. Тэр бүү хэл, зарим тохиолдолд гэрээ, хууль тогтоомж, шүүхийн баримт бичгүүдэд латин орчуулгыг шаарддаг. Ad hoc, prima facie, quid pro quo зэрэг олон хэллэгүүдийг эрх зүйн ярианы хэлэнд ашиглаж, харилцаа холбоог нэгэн утгаар ойлголцохыг баталгаажуулж, мөнхийн гэж болох уламжлалыг хадгалдаг байна. Тиймээс энэ хэсэгт эрх зүйн онол анхлан суралцагчдад зориулсан зайлшгүй мэдэх шаардлагатай эрх зүйн латин гучин нэр томьёо, ойлголтыг танилцууллаа. Нэгэн судалгаанд Эстони, Финландын хуульчдын идэвхтэй үгсийн сангийн 600 гаруй нэр томьёо, хэллэгүүд нь латин дээр байгаад зогсохгүй хууль зүйн ном бүтээлд латин нэр томьёо, ойлголтууд өргөн хэрэглэгддэг талаар дурдсан байна. Хуульчид илтгэл тавих, хууль зүйн тайлбар хийх зорилгоос гадна, хууль зүйн тодорхой мэдээлэл бүхий норматив аргументэд латин хэллэгийг ашигладаг байна. Энэхүү нийтлэлд дурдаагүй үлдээсэн олон тооны ойлголтууд байгаа ч өөрсдийн уншиж танилцсан бүтээл, судалгааны ажил дээр гарсан ойлголтуудыг нэн түрүүнд, улмаар хуулийн практикт нэлээд түгээмэл хэрэглэгддэг гэж үзсэн ойлголтуудыг шүүж оруулахыг оролдов. Эрх зүйн латин ойлголтыг том үсгээр бичиж, араас нь Монгол, Англи, Орос үгчилсэн болон утгачилсан орчуулгыг буулгав. Тайлбарыг бичихдээ хамт хэрэглэгддэг ойлголтуудыг оруулж, жишээ сэлтээр баяжуулсан. Төгсгөлд нь хууль зүйн тайлбар толь бичгийн зарим тодорхойлолтыг орууллаа. Латин, англи, орос зэрэг гадаад хэл дээрх ойлголтуудыг налуу фонт ашиглаж ялгасан болно. AB INITIO Утга : Анхнаасаа, эхнээсээ, эхлэлээс, үүссэн үеэс, бүр эхнээсээ Англи : From the beginning Орос : С самого начала, с возникновения Тайлбар : Ab initio нь ямар нэг баримт холбогдох цаг хугацааны эхэн үеэс байсан гэсэн утгыг илэрхийлнэ. Гэрээ, хууль тогтоомж, гэрлэлт, гэрээслэл зэргийн хууль ёсны болох цаг хугацааг заана. Ихэвчлэн void ab initio хэллэгийн хэсэг болгон хэрэглэгддэг. Хуулийн дүгнэлтэд void ab initio гэсэн байвал ямар нэг зүйл хүчингүй болсон, эсвэл анх үүссэн үеэс хүчингүй байсан гэдгийг заана. Түүнчлэн, гэрээ, хууль тогтоомж, гэрлэлт, гэрээслэл хууль ёсны болох цаг хугацааг хэлнэ. Тус ойлголтыг хууль тогтоомж, гэрээ хэлцэл, шүүхийн шийдвэр зэрэгт ашиглаж болно. Жишээ : Хуулийн дагуу зөвхөн насанд хүрсэн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал насанд хүрээгүй фактын улмаас гэрээг хүчингүй void ab initio хэмээн дүгнэж болно. Залилан мэхлэлтийн улмаас гэрээ хүчингүй болсон, гэрлэлт анхнаасаа хүчингүй байсан гэдгийг void ab initio гэх ойлголтоор илэрхийлнэ. ACTUS REUS Утга : Хууль бус үйлдэл, гэмт үйлдэл, гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн обьектив тал Англи : Guilty act, criminal act Орос : Противоправное действие, правонарушение, преступное действие Тайлбар : Actus reus нь хуульд заасан гэмт хэргийн биет бүрэлдэхүүнийг агуулсан сайн дурын үйлдэл, гэмт хэрэг үйлдэхийг хориглосон үр дагаварт хүргэх орхигдуулсан эс үйлдэхүйг хэлнэ. Ихэвчлэн гэмт хэргийн шинж чанарыг илэрхийлдэг mens rea буюу гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэлтэй хамт хэрэглэгддэг. Жишээ : Гэмт хэрэгтэн буу чичлэн “Мөнгөө өг” гэвэл буу чичлэх үйлдэл нь actus reus юм. Харин албадан үйлдэл, эсвэл рефлекст инстинкт хөдөлгөөн хийсэн бол actus reus шаардлагыг хангахгүй. Гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэлгүй бол үйлдэл нь хүнийг буруутай болгохгүй. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохын тулд хууль бус үйлдэл actus reus үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэл mens rea аль аль нь байх ёстой. Гэмт үйлдэл (criminal action) гэдэг нь эрүүгийн эрх зүйд Эрүүгийн хуулиар хориглосон хэрэг үйлдсэн, Эрүүгийн хууль зөрчсөн нийгэмд аюултай хүний зан үйлийн идэвхтэй үйл ажиллагааг хэлнэ. Гэмт үйлдэл нь гадаад шинж байдлаараа үйл хөдлөл буюу ам үгээр, эсхүл гадаад ертөнцийн янз бүрийн эд юмст буюу бусад хүмүүст бие махбодоороо нөлөөлөх байдлаар илэрнэ. Энгийнээр хэлбэл, гэмт хэргийг actus reus гэж тооцохын тулд ухамсартай, санаатай хөдөлгөөн хийснийг нотлох ёстой болдог. AD HOMINEM Утга : Тухайн хүнд хамаарах Англи : At the person, to the person Орос : К человеку Тайлбар : Ad hominem гэдэг нь тулгарч буй бодит асуудлыг шийдвэрлэх оролдлого хийхгүйгээр хэн нэгний хувийн зан чанар, сэдэл рүү халдахыг хэлнэ. Баримт, үндэслэл, логик гэхээсээ илүү өрөөсгөл үзлийн мэдрэмж дээр суурилж, аргументыг эсэргүүцэхэд хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, мэтгэлцээн, маргааны хүрээнд өрсөлдөгчийн аргументын мөн чанарыг хөндөхгүй харин түүний зан чанар, сэдэл, бусад хувийн шинж чанарт халдсан хуурамч аргументыг хэлдэг. Ad hominem аргумент нь тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн оронд өрсөлдөгчийнхөө оюун ухаан, боловсрол, хувийн амьдрал, зан чанар зэрэгт халдах гэсэн хэд хэдэн хэлбэртэй байж болно. Жишээ : Хэн нэгэн нь уур амьсгалын өөрчлөлт бол тулгамдаж буй бодит асуудал хэмээн ярьж байтал, сөрөг буюу мэтгэлцээний нөгөө тал нь “Либерал үзэлтэй учраас ингэж хэллээ” гэж хариулбал талуудын хооронд ad hominem мэтгэлцээн өрнөж буй. Ad hominem -ийг үндсэн аргументын учир холбогдлыг хөнддөггүй тул буруу гэж үздэг. Дэвшүүлж буй асуудлаас сатааруулах, сэтгэл хөдлөл, өрөөсгөл хандлагад уриалах, өрсөлдөгчийнхөө аргументыг огт оролцуулалгүйгээр нэр хүндийг нь гутаах зорилгоор ашигладаг. Бүтээлч маргаан мэтгэлцээний үед хэлэлцэж буй асуудлын мөн чанарт анхаарлаа төвлөрүүлж, хувийн халдлага болон бусад ad hominem маргаанаас зайлсхийх нь чухал. Маргааныг үүсгэж буй хүний зан чанарт халдах бус, тухайн ярианы сэдэвт анхааран үр дүнтэй, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. AFFIDAVIT Утга : Андгайлж гаргасан бичгэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, бичгээр өгсөн гэрчийн мэдүүлэг Англи : Sworn facts, a formal statement of fact Орос : Аффидевит, письменное показание под присягой, письменное показание, поручительство, заявление, письменное свидетельство Тайлбар : Affidavit нь бичгээр өгсөн тангараг, мэдэгдэл буюу бодит байдлын албан ёсны мэдэгдэл юм. Шүүх хуралдаанд нотлох баримт болгон ашиглуулахаар тангараг өргөж, баталгаажуулан бичгээр үйлдсэн мэдүүлэг хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг нь өөрийн мэдлэгийн хэмжээнд үнэн, зөв гэдгийг батална. Үүнийг сайн дураар, ямар нэгэн албадлагагүйгээр хийсэн тохиолдолд л хүчинтэй байна. Шүүх хуралдаанд оролцож буй гэрч мэдүүлэг өгөхөөс өмнө худал мэдүүлэг өгсөн тохиолдолд шийтгэл хүлээх ба хэлэх гэж байгаа зүйлээ үнэн, зөв гэж тангараглах ёстой байдагтай адил affidavit нь худал мэдүүлэг өгөхтэй дүйцэх шийтгэл ногдуулдаг. Тухайн хүний мэдэж байгаагаар тодорхой баримт үнэн болохыг нотариатч, шүүхийн ажилтны өмнө шүүхээс гадуур хийсэн тангараг өргөсөн мэдэгдэл юм. Нотариатчид мэдүүлэг өгөх, мэдэгдэл хийхийг jurat гэнэ. Jurat нь латинаар тангараглах гэсэн утгатай. Jurat нь мэдүүлгийг зохих ёсоор эрх бүхий албан тушаалтны өмнө хийсэн болохыг илтгэх мэдүүлэг, эсвэл мэдүүлэгт хавсаргасан гэрчилгээ байна. Жишээ : Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж үүнийгээ үнэн зөв хэмээн мэдэгдсэн бол энэ нь affidavit болно. Мэдүүлэг (testimony) гэдэг нь иргэн, эрүү, захиргааны хэргийг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход ашиглаж болохуйц тодорхой бодит мэдээ сэлтийг мэдээлснийг зохих хэлбэрээр, хууль тогтоосон журмаар бэхжүүлсэн нотлох баримтын төрлийг хэлнэ. AMICUS CURIAE Утга : Шүүхийн анд, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд тусалж буй хөндлөнгийн этгээд, хэргийн оролцогч биш боловч уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдээллийг шүүхэд өгч буй этгээд Англи : Friend of the court Орос : Друг суда, не участвующее в деле лицо, которое представляет суду, с его разрешения, имеющее значение для дела информацию или соображения, либо проводит по своей инициативе с согласия суда самостоятельное расследование Тайлбар : Amicus curiae  нь Ромын хуулиас гаралтай хуулийн нэр томьёо. Хэргийн оролцогч биш боловч шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүх ажиллагаанд оролцохгүйгээр, сайн дурын үндсэн дээр хэлэлцэж буй асуудлаар тухайн хэрэгт хамааралтай мэдээллийг шүүхэд хүргэх, санал өгөх замаар шүүхэд тусалж буй тухайн асуудалд хүчтэй сонирхолтой этгээд, эсвэл бүлгийг хэлнэ. Amicus curiae нь факт дээр тулгуурласан хууль зүйн дүгнэлт ба санал бодол amicus brief гэсэн хоёр төрөл байж болно. Amicus brief нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг зорьж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөх зөвшөөрөл авахаар шүүхэд гаргах хүсэлт. Жишээ : Amicus curiae нь зөвшөөрөл өгөхөөс бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, оролцохыг зөвшөөрөх нь ховор байдаг. АНУ-ын Дээд шүүх талуудын зөвшөөрлийг авалгүйгээр хэрэг, маргаан холбооны, муж, орон нутгийн засаг захиргаанд хамааралтай тохиолдолд санал бодлоо илэрхийлэхийг зөвшөөрдөг. BONA FIDE Утга : Сайн санаа, чин үнэнч байдал, чин сэтгэлээс, шударгаар, чигч, үнэнч, үнэнхүү, жинхэнэ, шударга Англи : In good faith, good faight, sincere Орос : Честные намерения, добросовестно Тайлбар : Bona fide нь сайн санаагаар, чин сэтгэлийн үүднээс гэсэн утгатай латин нэр томьёо. Хуулийн хүрээнийхэн аливаа хууран мэхлэлт, далд санаа зорилгогүйгээр хийсэн шударга, итгэл үнэмшил, үйлдлийг илэрхийлэхэд ихэвчлэн ашигладаг. Нэг ёсондоо сайн санаагаар ажиллах нь муу санааны эсрэг үйлдэл. Шударга санаагаар, ямар нэгэн залилан, хууран мэхлэлтгүйгээр хийгдсэн хэлцлийг bona fide гэрээ хэлцэл гэнэ. Bona fide гэдэг ойлголт нь гэрээ, хуулийн хэлцлийн шударга байдлыг хангах үндэс суурийг бүрдүүлдэг тул эрх зүйн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ромын эзэнт гүрний үеэс bona fide итгэлтэй, үнэнч шударга зан үйл хийдэг хүнийг тодорхойлоход хэрэглэдэг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам тус нэр томьёоны утга нь хувьсан өөрчлөгдөж, ямар ч залилан, хууран мэхлэлтгүйгээр хийсэн үйлдлүүдийг багтаах болжээ. Орчин цагийн эрх зүйд тодорхой ажил гүйлгээ, нөхцөлд шударгаар ажиллаж байгаа хуулийн этгээдийг тодорхойлоход ашигладаг. Жишээ : Шулуун шударга, жинхэнэ, бодит хэлцэл гэсэн утга бүхий bona fide гэрээ нь аль нэг талаас bona fide худалдан авагч, эзэмшигч гэж тодотговол сайн санаатай, эргэлзээ төрүүлэх аливаа баримтыг мэдэхгүй байгааг илтгэнэ. DE MINIMIS Утга : Үл ялих харилцаа, жижиг зөрчил Англи : About the smallest things Орос : Незначительные, мелкие нарушения закона Тайлбар : De minimis гэдэг нь үл ялих харилцаа, жижиг зөрчил, мөнгөн дүнгээр бага үнэлэмжтэй, маш өчүүхэн, тун бага ач холбогдолтой, ноцтой бус зүйлийг илтгэнэ. De minimis нь de minimis non curat lex латин хэллэгийн товчилсон хэлбэр бөгөөд үл ялих харилцааг хуулиар зохицуулдаггүй, жижиг зөрчил бүрийг шүүх авч хэлэлцэх шаардлагагүй гэсэн утгатай. Эрх зүйн түүхэнд XV зуунаас өмнө de minimis   гэх ойлголт хэрэглэгдэж байжээ. Тодорхой доод түвшнээс доогуур хэмжигдэхүүнийг өчүүхэн гэж авч үздэг тус нэр томьёо нь хам сэдвээс хамааран ялгаатай хэрэглээтэй, тустай утгатай аж. Жишээ : Зарим улсын татварын хуулийн дагуу de minimis нэмэлт тэтгэмжид татвар ногдуулдаггүй. Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулдаг боловч хүний эрх чөлөөнд халдан хорино. Энэ тохиолдолд хүний эрхийн конвенц нь de minimis ангилалд багтана. Гэрээнд уг ойлголтыг үл ялих, жижиг, анхааралдаа авах боломжгүй, шаардлагагүй хэтэрхий жижиг, материаллаг бус зөрчил гарсан тохиолдолд талууд шүүхэд хандахыг хязгаарлах зорилгоор ихэвчлэн тусгадаг байна. DE NOVO Утга : Дахин, эхнээс нь, шинээр Англи :  A second time, afresh, anew Орос : Заново, снова, вновь Тайлбар : De novo гэдэг нь шинээр, эхнээс нь, дахин гэсэн утгатай анх 1620–30 онд бүртгэгдсэн латин нэр томьёо. Ихэнхдээ trial de novo буюу шүүх хуралдаанаар дүгнэлтэд хүрч чадаагүй тохиолдолд аливаа доод шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхээр гаргасан ямар нэгэн хууль зүйн дүгнэлт, таамаглалыг эс тооцон, ишлэлгүйгээр хэргийг анх удаа хэлэлцэж байгаа юм шиг бүх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг шинээр зарлах нөхцөл, хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах, дээд шатны шатны шүүх үйл явцыг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Жишээ : Шинэ нотлох баримт дээр үндэслэн дахин шүүх боломжийг олгож, хөндлөнгийн саналгүйгээр бүхэлд нь шинээр хэлэлцэнэ. Хэргийн баримтыг нэгээс олон удаа шүүн хэлэлцэхэд цаг хугацаа, шүүхийн нөөц шаардлагатай байдаг тул ийм төрлийн шүүх хуралдаан нийтлэг биш. Гэсэн хэдий ч давж заалдах журмаар асуудлыг дахин хянан үзэх нь нэлээд түгээмэл практик юм DICTUM Утга : Шүүгчийн тайлбар, шүүхийн шийдвэр гаргах зорилготой биш, харин хэрэг, маргааны мөн чанарыг ойлгуулах зорилгоор шүүгчийн өгсөн тайлбар Англи :  Remark, a comment by a judge Орос :  Высказывание, мнение судьи Тайлбар : Dictum нь шийдвэр гаргахад шаардлагагүй, хэрэгт хамаарахгүй боловч оролцогч талуудын эрхийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай асуудлаар шүүгчийн ойлгосноор холбогдох эрх зүйн зарчмыг илэрхийлэн дүгнэлтэд тусгасан үзэл бодол юм. Dictum нь аргумент гаргахад итгэл үнэмшил төрөх хүчийг нэмж, хууль зүйн үндэслэлд дурдсан байж болох ч тайлбар төдий зүйл тул шүүхийн шийдвэр адил заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй. Жишээ : Шүүгчид шийдвэрлэж буй хэрэгт шууд хамааралгүй dictum буюу хэрэг, маргааны мөн чанарыг ойлгуулах тайлбар гаргаж болно. Сайтар эргэцүүлэн бодож, зөв илэрхийлсэн obiter dicta нь шүүгч болон хуульчдын хүрээнд олон жил өнгөрсөн ч хэрэглэгддэг байна. Английн эрх зүйд dictum гэдэг нь шүүхийн шийдвэрийн нэг хэсэг болгон гаргасан аливаа мэдэгдлийг хэлнэ. Тиймээс энэ нэр томьёо нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг биш, ухамсартайгаар илэрхийлсэн dictum (obiter dicta) багтдаг. Английн эрх зүйд obiter мөн, биш гэхээс илүү нарийн ангилдаггүй. Харин Америкийн эрх зүйд dictum нэр томьёо нь мэдэгдсэн этгээдийн ​​хүлээн зөвшөөрөгдсөн эрх мэдлийг харгалзан, хэдийгээр заавал биелүүлэх албагүй ч нөлөөлөхүйц гэж үздэг үзэл бодлын мэдэгдэл юм. Олон төрлийн dictum байдаг боловч тэдгээрийн давхцаж буй шинж чанараас шалтгаалан хуульчид шүүхийн шийдвэрээс илүү өргөн хүрээг хамарсан шүүхийн аливаа мэдэгдлийг амаар илэрхийлдэг. Энэ утгаараа dictum нь шүүхийн шийдвэр адил заавал дагаж мөрддөггүй ч эрх бүхий шийдвэрт тусгагдах, эсвэл эрх мэдэл бүхий шүүгч мэдэгдэх, эсвэл аль аль байдлаар илэрхийлсэн байх нь итгэл, үнэмшил төрүүлэх нөлөөтэй байдаг. Үүнд: Dictum proprium: дүгнэлт гаргаж буй шүүгчийн илэрхийлсэн боловч шүүх бүхэлдээ санал нийлэх албагүй, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй хувь хүний хэлсэн үг. Gratis dictum: ямар ч үүрэг хүлээлгүйгээр хэн нэгний хэлсэн үг, эсхүл шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй асуудлын талаар хэлэлцэх, эсвэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй дүрмийн талаарх санал. Judicial dictum: хэлэлцэж буй асуудлаар шүүх дүгнэлтээ танилцуулж, өмгөөлөгч мэтгэлцэж, тэр ч байтугай шүүхээр хэлэлцсэн байсан ч шийдвэр гаргахад чухал биш байдаг. Obiter dictum: латинаар зохицуулалтын явцад хэлсэн зүйл гэсэн утгатай бөгөөд итгэл үнэмшил төрүүлэхүйц байж болох ч тухайн хэргийн шийдвэр гаргахад шаардлагагүй. Simplex dictum: батлагдаагүй, эсвэл догматик мэдэгдэл. Dictum гэдэг үгийг философи, эдийн засаг, улс төрийн болон шинжлэх ухааны салбарт өргөн ашигладаг. “Төгс бол сайны дайсан” , “Хямд байхад нь авч, үнэ өсөхөд зар” , “Бүх улс төр орон нутгийнх” зэрэг цэцэн ухаан хайрласан ерөнхий үнэн, зарчим, санал, үзэл бодлыг илэрхийлсэн богино боловч анхаарал татахуйц мэдэгдлийг dictum гэж нэрлэж болно. DURA LEX, SED LEX Утга : Энэ хууль хатуу чанга байна, гэвч энэ бол хууль, хатуу ч байсан хууль бол хууль Англи : The law is harsh, but it is the law Орос : Закон суров, но это закон Тайлбар : Dura lex, sed lex нь хууль бол хатуу, гэхдээ хууль гэсэн утгыг илэрхийлнэ. Ромын хувийн эрх зүйд хууль ёсны шийдвэрийн үр дүн харамсмаар байсан ч хуулийг тунхаглаж, хэрэгжүүлэх ёстой гэж заасан байсан ба өнөө үед мөн адил утгаар хэрэглэгддэг. Жишээ : Dura lex, sed lex нь хуулийг хүн бүр дагаж мөрдөх ёстой, хуулиас дээр хэн ч байхгүй. Хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ. FORUM NON CONVENIENS Утга : Хэргийг хянан хэлэлцэхэд тохиромжгүй газар, хэрэг авч хэлэлцэхэд тохиромжгүй, таарахгүй газар Англи : Forum not agreeing – better alternative forum available, not suitable forum Орос : Неудобное, неподходящее место для рассмотрение дел Тайлбар : Forum non conveniens гэдэг нь өөр шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд илүү тохиромжтой тохиолдолд шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэхээс татгалзах эрхийг хэлнэ. Шүүхэд тохиромжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн зорилго биш тул нэхэмжлэгчийг илүү тохиромжтой шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Энэ зарчмыг шүүгдэгч, шүүх аль аль нь гаргаж болно. Нэхэмжлэгч тохиромжгүй шүүхэд хэрэг үүсгэсэн ч хэргийг хянан хэлэлцэж, хохирлоо барагдуулах боломжтой өөр шүүх байхгүй, шүүхийн тогтолцоо бүрэн хангалтгүй тохиолдолд шүүхийг солихгүй. Жишээ : Шүүх ихэвчлэн хоёр хэсгээс бүрдсэн тестийг ашиглан шүүгдэгчийн зөвшөөрөх эсэхийг тодорхойлдог. Эхнийх нь хувийн болон төрийн хүчин зүйлсийг тэнцвэржүүлэх тест, хоёр дахь нь өөр шүүх байгаа эсэхийг авч үздэг. GRAVAMEN Утга : Гомдол, гомдлын буюу яллагааны гол зүйл Англи : The essential element of a lawsuit, grievance Орос : Обвинение, суть, основной пункт жалобы или обвинения Тайлбар : Gravamen нь эрх зүйн маргаан, нэхэмжлэлийн үндсэн хэсгийг хэлнэ. Ихэнхдээ нэхэмжлэл нь олон нэхэмжлэл, маргаантай талбаруудыг хамардаг боловч gravamen нь үндсэн асуудлыг хэлдэг. Gravamen нь ерөнхийдөө тодорхой боловч зарим тохиолдолд маргааны гол зүйл болон хоёрдогч хэсгийг ялгахад хэцүү байдаг. Жишээ : Бүтээгдэхүүний согогтой холбоотой нэхэмжлэлд тухайн хүнд учирч болзошгүй хохирлын хэмжээ, эсвэл хохирлын дээд хэмжээний талаар маргаан байж болох ч gravamen нь хууль ёсны нэхэмжлэлийг бий болгож буй үйлдвэрлэгч доголдолтой бүтээгдэхүүн хийсэн эсэх явдал. Бараа, үйлчилгээний борлуулалттай холбоотой хэргийн гэрээний үндсэн хэсэг нь бараа, үйлчилгээ мөн эсэх нь тодорхойгүй байж болно. HABEAS CORPUS Утга : Хувь хүний халдашгүй байдал, албадан саатуулах буюу баривчлах шийдвэр хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах эрх Англи : You may have the body – a writ ordering a person to be brought before a court or judge, that court may ascertain whether this detention a lawful Орос : Неприкосновенность личности, предписание о предоставлении задержанного в суд (для рассмотрения законности ареста) Тайлбар : Habeas corpus гэдэг нь ихэвчлэн habeas corpus бүхий шүүхийн шийдвэрийн нэг төрөл бөгөөд шүүхээс хоригдлыг цагдан хорих нь хүчинтэй эсэхийг тогтооход ашигладаг. Хоригдол, албадан эмчилгээнд хамрагдах этгээдийн зүгээс улсын ерөнхий прокурор зэрэг баривчилсан этгээдийн эсрэг иргэний хэрэг үүсгэж, шүүх хэргийг хянана. Жишээ : Habeas corpus шүүгч цагдан хоригдож буй аливаа хүнийг авчрах ёстой. Ингэснээр тухайн хүнийг цагдан хорих нь хууль ёсны эсэхийг үнэлэх боломжтой болно. IN CAMERA Утга : Хүнгүйд, хоёулхнаа, асуудлыг хаалттай хэлэлцэх, тодорхой хүрээнд ярилцах Англи : In the chamber Орос : Наедине, подробное описание, обсуждение вопроса в узком кругу, при закрытых дверях Тайлбар : In camera гэсэн нэр томьёо нь шууд утгаараа танхимд гэсэн утгатай боловч, хянан хэлэлцэж буй хэргийг хэвлэл, олон нийтэд мэдээлэхгүйгээр шүүх хуралдааныг хаалттай байдлаар хийхийг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Жишээ : In camera нь олон нийтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн оролцоог багасгадаг тул эмзэг мэдээлэл агуулсан хэрэг, маргаанд ихэвчлэн ашиглагддаг. IN PERSONAM Утга : Тодорхой этгээдийн талаар буюу түүнд хандсан, биечлэн Англи : Directed toward a particular person, in person Орос : В отношении конкретного лица, лично Тайлбар : Тодорхой хүнд чиглэсэн гэсэн утгатай. Тодорхой хувь хүний эсрэг үүсгэсэн хэргийн хувьд тухайн хүнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх харьяаллын дагуу шүүхэд дуудах хуудас, гомдлыг хүргүүлэх ёстой. Шийдвэр нь тухайн хүнд хамаарах бөгөөд хувийн шийдвэр гэж нэрлэгддэг. In personam нь тодорхой хүний оронд өмч буюу бүх ертөнцөд хамаарах rem гэх ойлголтоос ялгагдана. Энэхүү техникийн ялгаа нь хаана шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчид хэрхэн үйлчлэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Хувь хүн гэдэг нь тухайн хүн хаана ч байсан түүний эсрэг шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэсэн үг. Жишээ : Хэрэв нэхэмжлэл нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг тогтоох гэж байгаа бол тухайн эд хөрөнгө байгаа газарт харьяаллын дагуу нэхэмжлэл гаргаж зөвхөн тэнд хэрэгжих ёстой. IPSO FACTO Утга : Хууль зүйн фактын хувьд, үйл явдлын мөн чанараас Англи : By virtue of the fact of, by the fact itself Орос : В силу самого факта Тайлбар : Ipso facto нь латинаар үнэхээр, илэрхий хэлэх арга гэсэн утгатай. Нэг үйл явдал нь нөгөө үйл явдлын шууд бөгөөд шууд үр дагавар байх нөхцөл байдалд хэрэглэгддэг. Жишээ : Латин хэлийг төгс эзэмшсэн хуульч бол ipso facto . LOCUS DELECTI Утга : Гэм хор учирсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийн хууль Англи : Law of the place where the tort was committed Орос : Закон места преступления Тайлбар : Locus delicti гэдэг нь гэмт хэрэг, зөрчлийн хэрэг үйлдэгдсэн улсын хууль тогтоомжийг ашиглан тухайн үйлдлийн эрх зүйн үр дагаврыг тогтоохыг хэлнэ. Жишээ : Франц улсад гэмт хэрэг үйлдсэн бол өөр улсын иргэн байсан ч ял шийтгэлийг Франц улсын хуулиар тогтооно. MALUM IN SE Утга : Шинж чанарын хувьд гэмт үйлдэл Англи : Wrong or evil in itself Орос : Деяние, преступное по своему характеру Тайлбар : Malum in se гэдэг нь латин хэлээр шинж чанарын хувьд гэмт үйлдлийг хэлдэг. Тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон эсэхээс үл хамааран угаасаа ёс суртахуунгүй үйлдлийг илэрхийлэх эрүүгийн эрх зүйн ойлголт. Галдан шатаах, хүний амийг хороох, хүчиндэх зэрэг үйлдэл нь нийтлэг жишээ болно. Malum in se нь ёс суртахуунгүй байдал бол malum prohibitum нь хууль бус үйлдэл тул эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай. Malum in se acts гэх ойлголтыг malum per se гэмт үйлдлүүд гэж нэрлэж болно. Malum in se гэсэн ойлголтыг гэрээний эрх зүйд мөн хэрэглэдэг, тухайлбал malum in se гэрээ хүчин төгөлдөр бус байдаг. Жишээ : Иргэншсэн нийгмийн жам ёсны, ёс суртахууны, нийтийн зарчмуудыг зөрчвөл хууль бус үйлдэл болно. MALUM PROHIBITUM Утга : Буруу учраас хоригддог, хуулиар хориглосон гэмт үйлдэл Англи : Wrong (as or because) prohibited Орос : Деяние, являющееся преступным, запрещенным законом Тайлбар : Malum prohibitum нь хуулиар хориглосон үйлдлийг илэрхийлнэ. Нийтлэг жишээ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, ойртож буй хөдөлгөөнийг үл тоомсорлон зам хөндлөн гарах, зохицуулалтыг зөрчих зэрэг юм. Malum prohibitum төрлийн олон гэмт хэргийг хуульд тусгасан байдаг. Malum prohibitum гэсэн ойлголт нь хууль ёсны байдал бол malum in se нь угаасаа ёс суртахуунгүй үйлдлүүдийг тодорхойлдог. Мөн malum prohibitum гэсэн ойлголтыг гэрээний эрх зүйд хэрэглэдэг бөгөөд malum prohibitum гэрээ нь хууль тогтоогчийн хориглосон үйл ажиллагааны хүрээнд л хүчингүй болно. Жишээ : Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан уламжлалт гэмт хэргийн нэг нь malum prohibitum юм. Үнэт цаас, биржийн тухай хууль зөрчих зэрэг. MOTION IN LIMINE Утга : Хүсэлт, асуулга, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчид хандсан асуулга, хүсэлт Англи : At the threshold, motion threshold Орос : Запрос или движение к судье Тайлбар : Motion in limine гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой нотлох баримт, нотлох баримтыг гаргахгүй байхыг хүссэн шүүхийн өмнөх хүсэлтийг хэлнэ. Хүсэлтийг шүүгч тусад нь шийдвэрлэдэг. Ингэснээр шүүгчид хууль бусаар нөлөөлж, шударга ёсыг хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй, хор хөнөөлтэй, хамааралгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй мэдээллийг урьдчилан авна. Ийм төрлийн хүсэлт нь гаргаснаар эсрэг талын сэтгэл зүйд нөлөөлөх, хууль зүйн хувьд асуудал үүсгэж болзошгүй нотлох баримтыг гаргаж өгөхөөс урьдчилан сэргийлэх, үүсэж болзошгүй аливаа сөрөг нөлөөллөөс зайлсхийх зорилготой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй, мөн тэдгээрийг танилцуулснаар учирч болзошгүй хохирлыг нөхөж баршгүй байж болзошгүй тохиолдолд хэлэлцэх нь онцгой ач холбогдолтой. Жишээ : Motion in limine ойлголтын хамгийн түгээмэл хэрэглээ бол хамааралгүй ба/эсвэл үндэслэлгүй нотлох баримтыг хасах явдал юм. PRIMA FACIE Утга : Харваас, нүүрэн дээрээ, анхны сэтгэгдлээр, харахад Англи : At first look, on its face, first sight Орос : С первого взгляда, по первому впечатлению, на первый взгляд Тайлбар : Prima facie ойлголтыг Ром-Герман болон Англо-Саксоны аль аль эрх зүйн тогтолцоонд, нотлох баримт нь анхан шатны үзлэгээр хууль ёсны нэхэмжлэлийн шаардлага хангасан болохыг илэрхийлэхэд ашигладаг. Үгүйсгэгдээгүй бол анхан шатны нотлох баримт нь хэргийг тогтооход хууль зүйн хувьд хангалттай байхыг хэлнэ. Жишээ : Хариуцагч нь нэхэмжлэгчийн агуулахад нэвтэрч байсан баримт дээр үндэслэн гал түймэр гаргасан гэж хариуцагчийн эсрэг prima facie нэхэмжлэл гаргах. PRO BONO Утга : Нийтийн эрх ашгийн төлөө, бусдын тусын тулд хариу төлбөргүй үйлчилгээ үзүүлэх Англи : For public / common good Орос : Ради общественного / общего блага Тайлбар : Pro bono гэдэг нь олон нийтийн сайн сайхны төлөө тусгайлан хуулийн мэргэжлийн, ажил хийх, татан оролцуулах үйл ажиллагааг хэлнэ. Жишээ : Өмгөөлөгч төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх нь pro bono болно. QUID PRO QUO Утга : Харилцан солих, тусыг тусаар , харилцан туслалцах, хариу төлбөр Англи : A reciprocal exchange, something given in compensation, an advantage or object given in exchange for another Орос : Услуга за услугу, компенсация Тайлбар : Quid pro quo гэдэг нь хоёр ба түүнээс дээш талуудын хооронд бараа, үйлчилгээг харилцан солилцох гэрээг тодорхойлдог. Жишээ : Бизнесийн гэрээг шударга бус, нэг талыг барьсан гэж үзвэл шүүх хүчингүйд тооцож, quid pro quo төлбөрийг баталгаажуулдаг. QUI TACET CONSENTIRE VIDENTUR Утга : Дуугүй байх нь зөвшөөрсний шинж, дуугаа хураах зөвшөөрсний тэмдэг Англи : He who is silent appears to consent Орос : Кто молчит, тот согласен, молчание - знак согласия Тайлбар : Qui tacet consentire videtur нь зөвшөөрөл авахыг хүсэхэд чимээгүй байх нь зөвшөөрч байна гэсэн үг, эс тэгвээс тэр хариу арга хэмжээ авах ёстой байсан гэж үздэг. Жишээ : Эрх зүйн ангийн оюутнууд зуны амралтаар аяллын төлөвлөгөөгөө гаргаж, оюутан Баатар өөрийн нутаг руу явах санаа дэвшүүлнэ. Гурван оюутан чимээгүй, бусад нь тийм, үгүй гэж хариулсан. Qui tacet consentire videtur зарчим үйлчлэх бол чимээгүй байгаа хүнийг зөвшөөрч байна гэж үзнэ. RES IPSA LOQUITUR Утга : Эд юмсын мөн чанараар, үйл баримт гэрчилж байгаагаар Англи : The thing speaks for itself, the fact speaks Орос : По сущности вещей, факты говорят Тайлбар : Res ipsa loquitur латин хэллэг нь үгчлэн орчуулбал юмс ярьдаг гэсэн утгатай. Зарим төрлийн осол гарах нь хайхрамжгүй байдлыг илэрхийлэхэд хангалттай гэсэн зарчим. Res ipsa loquitur болон prima facie ойлголтууд нь ялгаатай. Prima facie нь хэрэг байх хангалттай нотлох баримт байгааг илэрхийлэх бол, харин res ipsa loquitur нь баримтууд маш тодорхой байгаа тул тал дахин тайлбарлах шаардлагагүй гэсэн үг. Жишээ : Хүнд гэмтэл учруулсан хэргийн нэг чухал хэсэг бол нөгөө талын буруутай үйлдэл, эсвэл хайхрамжгүй байдлаас болж гэмтэл учруулсан гэдгийг харуулах боломжтой байх явдал. Заримдаа гэмтсэн тал хайхрамжгүй байдлын шууд нотолгоог харуулах боломжгүй байдаг. Res ipsa loquitur нь тухайн хүнийг хайхрамжгүй хандсан гэж үзсэн эрх зүйн баримт бичиг юм. RES JUDICATA Утга : Шийдвэрлэсэн хэрэг, нэгэнт шийдвэрлэгдсэн хэргийг дахин хянах хэлэлцэхгүй байх зарчим Англи : A thing adjudged, decision Орос : Дело рассмотрено – принцип недопустимости повторного рассмотрения однажды решенного дела Тайлбар : Res judicata үндэслэлээр эрх бүхий шүүхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн сэргээж болохгүй гэсэн зарчим. Finality гэдэг нь шүүх үндэслэлийн талаар эцсийн шийдвэр гаргахад хамаарах нэр томьёо. Жишээ : Ялагдсан нэхэмжлэгч нь ялсан хариуцагчтай ижил шалтгаанаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй. Эсвэл ялсан нэхэмжлэгч нь ялагдсан хариуцагчтай ижил шалтгаанаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй. RESPONDEAT SUPERIOR Утга : Эзэн нь хариуцна, эзэн – боолын харилцаанаас үүдэлтэй хариуцлагын тогтолцоо, ажилтны (боолын) учруулсан хохирлыг ажил олгогч (боолын эзэн) хариуцна Англи : Let the master answer, respond to the hight Орос : Пусть ответить старший, реагируй вышестоящему Тайлбар : Respondeat superior гэдэг нь ажил олгогч, эсвэл төлөөлөгчийн хууль бус үйлдэл, хэрэв ийм үйлдэл нь ажил эрхлэлтийн явцад гарсан бол хууль ёсны дагуу хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зарчим. Ажил олгогч болон ажилтны аль алинд нь хариуцлага тооцоход чиглэнэ. Шүүх хохирол барагдуулахдаа хамтын болон хэд хэдэн хариуцлагын тухай зарчмыг авч үздэг. Жишээ : Хариуцагч дээд албан тушаалтанд зориулсан тусгай стандарт байдаггүй. Ихэнх улс орнууд дараах хоёр тестийн нэгийг ашигладаг. Ашиг тусын тест: ажилтан ажлын байрандаа ажил олгогчийн шууд болон далд зөвшөөрлийн дагуу амралт чөлөөт цагаа өнгөрөөх нь ажил олгогчид тодорхой хэмжээний ашиг тустай гэж үзвэл ажилтны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцна. Онцлог шинж чанаруудын тест: ажилтны үйл ажиллагаа нь тухайн ажилд хангалттай нийтлэг үзэгдэл бөгөөд энэ нь тухайн ажлын онцлог шинж чанартай гэж шударгаар тооцогдох бол ажилтны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцна. SCIENTIA POTENTIA EST Утга : Мэдлэг бол хүч, эрдэмтэй бол хүчтэй Англи : Knowledge is power Орос : Знание есть сила Тайлбар : Scientia potentia est нь эрдэмтэй бол хүчтэй гэдгийг хэлнэ. Анх хэн бичсэн талаар олон янзын таамаг байдаг. Урт удаан хугацааны түүхтэй ойлголт ба шууд утгаараа “Мэдлэг бол хүч” хэмээсэн үнэн илэрхийлэл юм. Энэ хэллэг нь “Мэдлэгийн хүч нь суралцагчийг амжилтад хүрэхэд түлхэц өгнө” , “Мэдлэгийн хүч бол өөртөө итгэх итгэл, сониуч зан” , “Мэдлэг бол өсөлт, ойлголт, амжилтад хүрэх түлхүүр, үргэлж илүү ихийг сурах хүсэл эрмэлзэл” зэрэг олон утга агуулдаг. Жишээ : Scientia potentia est нь мэдлэг, боловсролтой бол хүний амьдралын боломж, чадвар өсөх нь гарцаагүй. STARE DECISIS Утга : Өмнөх шийдвэрээ дагах, шийдвэрээ хамгаалах Англи : Let the decision stand, the decided Орос : Стоять на решённом Тайлбар : Stare decisis гэдэг нь "Шийдвэрлэсэн зүйл дээрээ зогсох" гэсэн утгатай. Stare decisis нь шүүх шийдвэр гаргахдаа урьд өмнө баримталсан зарчмуудыг тууштай баримтална гэдгийг илэрхийлнэ. Энэхүү зарчим нь хэвтээ болон босоо аль аль шийдвэрт үйлчилдэг. Хэвтээ шийдвэр гэдэг нь шүүх өөрийн жишгийг баримтлахыг хэлнэ. Шүүх дээд шатны шүүхийн прецедент хэрэглэх үед босоо шийдвэр гаргадаг. Stare Decisis бол шүүхийн дээд эрх мэдлийн зарчим бол, харин прецедент бол шүүхээс гаргасан бодит дагах ёстой шийдвэр юм. Жишээ : Америкт эрх зүйн маргаан гарах үед өмнөх шүүх ижил буюу ойр холбоотой асуудлаар шийдвэр гаргасан бол өмнөх шүүхийн шийдвэртэй уялдуулан удаах шийдвэрээ гаргана. Шийдвэр өмнө нь гаргасан шүүх шийдвэрийн биелэлтийг хангуулах эрх мэдэлтэй байна. SUBPOENA AD TESTIFICANDUM Утга : Гэрчийг дуудсан зарлан дуудах хуудас, гэрчийн мэдүүлэг авахаар шүүхэд дуудах Англи : To produce evidence, subpoena to testify Орос : Вюзов в суд для сдачи свидетельских показаний Тайлбар : Subpoena as testificandum нь бичгээр баталгаажсан мэдүүлэг, нотлох баримт бүрдүүлэх, эсхүл үүнийг биелүүлээгүйн улмаас торгууль ногдуулах бусад үйлдлийг хэлнэ. Хэргийн бүртгэл хийгдсэний дараа шүүхээс зарлан дуудах хуудсыг нэхэмжлэлийн хамт илгээдэг. Зарлан дуудах хуудас хүлээн аваагүй ч шүүх хэргийг хянан хэлэлцэх тул шүүхийн шийдвэр гарна гэж ойлгоно. Хүлээн авсан даруйд өмгөөлөгчтэй холбоо барьж, баримт бичигт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шаардлага үүсдэг байна. Нэхэмжлэлийн хариуг хуульд заасан тодорхой хугацаанд багтаан өгөх ёстой. Жишээ : З арлан дуудах бичигт “Шүүхийн шийдвэрийн дагуу заасан цагт хүрэлцэн ирнэ үү. Энэ зарлан дуудах хуудас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болтол хүчинтэй. Ирээгүй тохиолдолд баривчлахад хүргэнэ” гэж тодорхой заадаг. Дүгнэлт Энэхүү нийтлэлд эрх зүйн латин гучин нэр томьёо, ойлголтыг танилцуулав. Түүнчлэн, эрх зүйн хөгжилд латин хэлний түүхэн үүрэг, болон эрх зүйн нэр томьёо, ойлголтыг латин хэл дээр хэрэглэх нь харилцан ойлголцол бий болгох ашиг тустай болохыг онцлохын зэрэгцээ зарим тохиолдолд тохиромжгүй, зайлшгүй харгалзан үзэх асуудлыг хөндсөн. Дэлхий дахинд хууль зүйн шинжлэх ухааны үлэмж тооны латин нэр томьёог олон улсын хууль тогтоомж, гэрээ, шүүхийн шийдвэр зэрэгт орчуулахгүй хэрэглэх явдал элбэг байдаг. Эрх зүйн чиглэлээр сурч эхэлсэн цагаас уншиж танилцсан сурах бичиг, лекц хичээл, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлууд латин эрх зүйн нэр томьёо, ойлголтыг үлэмж агуулсан байлаа. Тэдгээрийг ойлгохгүй, мэдэхгүй байсан тул бэрхшээлийн заримыг нь ч болов даван туулах зорилгоор зайлшгүй мэдэх ёстой нэр томьёо, ойлголтын хувийн гарын авлагатай болохоор эхэлсэн бидний ажил маань эцэстээ энэхүү латин хэл дээрх эрх зүйн нэр томьёоны жагсаалт, товч тайлбар бүхий нийтлэл хэлбэртэй болсон. Хэдийгээр латин хэл дээрх эрх зүйн нарийн төвөгтэй нэр томьёо, ойлголтуудыг бичгээр тайлбарлах зайлшгүй шаардлагатай ч хэллэгүүд нь хэл амнаас амархан гардаггүй тул уншиж ойлгохоос гадна хэлж сурах, хэвшүүлэх нь сонирхолтойн дээр олон удаа давтан хэлэх нь зугаатай байлаа. Энэхүү жагсаалтыг эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан хуулийн сургуульд суралцах хугацаандаа болон ирээдүйн хуульчийн карьертаа ашиглаж, багахан ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна. Анхлан судлаачийн хувьд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй ба энэхүү бидний чимхлүүр ажилд маань үнэлгээ өгч, засаж сайжруулах зөвлөгөө харамгүй хайрлана гэдэгт гүнээ найдаж байна. Цаашид латин хэлийг эзэмших, хууль зүйн шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах, олон улсын жишиг хандлагатай хөл зэрэгцэн алхах төдийгүй дараагийн тавцанд гарах сонирхолтой хэн бүхний мэдлэгт дусал нэмэх болтугай. Scientia potentia est. Ж.Цэрэндулам Ж.Танан Unraveling Legal latin: Common Terms and Concepts Abstract Jurisprudence, deeply rooted in ancient Rome, has bequeathed to modern legal discourse a rich tapestry of Latin terms and concepts that remain indispensable in legal academia and practice. This article delves into thirty ubiquitous Latin terms and concepts essential for understanding international legal documents and fostering mutual comprehension among legal professionals. It underscores the enduring relevance of ancient Roman legal principles and addresses the challenges faced by students navigating legal literature devoid of Latin proficiency. Motivated by the need for a comprehensive resource, the authors embarked on a journey to compile a manual aimed at demystifying these Latin nuances. Through a brief survey and meticulous research, this article elucidates key Latin terms, empowering students and practitioners alike with foundational insights into jurisprudential discourse. Keywords : Legal Latin, Legal concepts, Legal education, Legal professionals Ашигласан эх сурвалж П.Цагаан. (2013). Хууль зүйн Латин-Англи-Орос-Монгол толь . (Д.Эрдэнэцэцэг, ред.) Улаанбаатар, Монгол: BCI ХХК. С.Нарангэрэл. (2015). Монголын эрх зүйн Англи, Орос, Латин хадмал эх толь бичиг (4 дэх хэвлэл). Улаанбаатар, Монгол: Адмон принт. Tamm, D. (1997). Roman law and European legal history (1st ed.). Copenhagen, Denmark: DJØF Publishing. Ж.Танан, Х.Отгонжаргал, & Ц.Пүрэвсүрэн. (2023). Эрх зүйн онолын хөгжлийн тойм . Улаанбаатар. Legal Information Institute. (2023). Legal Information Institute. (W. D. Team, Producer, & Cornell Law School) Wex. Merriam-Webster. (2023). Merriam-Webster. Dictionary . Webb, D. (2023). Legal lingua franca: bridging the gap between legal and the business . InView by LawVu: Эрх зүйн латин нэр томьёо ойлголт #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнЛатин #ЛатинОйлголт #ХуульЗүйнЛатинНэрТомьёо #AbInitio #VoidAbInitio #ActusReus #MensRea #AdHominem #BonaFide #DeMinimis #DeNovo #Dictum #DictumProprium #GratisDictum #JudicialDictum #ObiterDictum #SimplexDictum #DuraLexSedLex #ForumNonConveniens #Gravamen #HabeasCorpus #InCamera #LocusDelecti #MalumInSe #MalumProhibitum #MotionLimine #InPersonam #IpsoFacto #PrimaFacie #ProBono #QuidProQuo #QuiTacetConsentireVideture #ResIpsaLoquitur #ResJudicata #RespondeatSuperior #StareDecisis #SubpoenaAdTestificandum

  • Монгол Улсын Төрийн Байгуулал - Монгол Улсын Ерөнхийлөгч

    Монгол Улсын Төрийн Байгуулал - Монгол Улсын Ерөнхийлөгч #MongolianConstitution #ҮндсэнХууль #Ерөнхийлөгч #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #МонголУлсынТөриинБаигуулал #МонголУлсынЕрөнхийлөгч #ЭрхЗүйнБлог #ҮндсэнХуулийнЭрхЗүй #ЗэвсэгтХүчнийЕрөнхийКомандлагч #ТөрийнТэргүүн #АрдТүмэн #ЭвНэгдлийнИлэрхийлэгч #МонголУлсынУугуулИргэн #Иргэн #ЕрөнхийлөгчийнЗарлиг #ЕрөнхийлөгчийгОгцруулах #ЕрөнхийлөгчийнХалдашгүйБайдал #ЕрөнхийлөгчийнНэрТөр #ЕрөнхийлөгчийнҮүрэгГүйцэтгэх #УлсынИхХурал #УлсынИхХурлынДарга #ЕрөнхийлөгчийнБүрэнЭрх #ОнцгойБайдал #ЕрөнхийлөгчийнТангараг #ЕрөнхийлөгчийнЗарлиг #ҮндсэнХуулийнЦэц #ЕрөнхийлөгчийнСонгууль

  • Монгол Улсын Төрийн Байгуулал - Шүүх эрх мэдэл

    Монгол Улсын Төрийн Байгуулал - Шүүх эрх мэдэл #MongolianConstitution #ҮндсэнХууль #ШүүхЭрхМэдэл #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ҮндсэнХуулийнЭрхЗүй #ШүүхБүрэлдэхүүн #ШүүхийнБэлгэТэмдэг #Прокурор #ӨмгөөлөхЭрх #ШүүхЭрхМэдэл #Шүүгдэгч #ХуульЗүйнМэргэжлийнТуслалцаа #УлсынЕрөнхийПрокурор #УлсынДээдШүүх #ҮндсэнХууль #ХүнийЭрхЭрхЧөлөө #ХүнийЭрх #ШүүхийнДээдБайгууллага #ШүүхийнЕрөнхийЗөвлөл #НийслэлийнШүүх

  • Хүний эрх, хүний эрхийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа

    Эх сурвалж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт I протокол Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пак т Монгол Улсын олон улсын гэрээ Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц Монгол Улсын олон улсын гэрээ Хүүхдийн эрхийн тухай конвенц Олон улсын нийтийн эрх зүйн гарын авлага #ХүнийЭрх #ЭрхЧөлөө #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ТэгшБайх #ЯлгаварланГадуурхахгүйБайх #ТүгээмэлСалшгүйБайх #ХүнийҮнэЦэн #НэрТөртэйБайх #ХуваагдашгүйБайх #ХарилцанХамааралтайБайх #ХүнийЭрхийнЭхСурвалж #ХүнийЭрхийгХамгаалахОлонУлсынХамтынАжиллагаа #ХүнийЭрхийгОлонУлсынТүвшиндХамгаалахынАчХолбогдол #ХүнийЭрхийнОйлголт #ХүнийЭрхийнАнгилал #ХүнийЭрхийнОлонУлсынСтандарт #ХүнийЭрхийгХамгаалахОлонУлсынМеханизм #ТусгаарТогтнолынТухайАмерикийнТунхаглал #ФранцынХүнБаИргэнийЭрхийнТунхаглал

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц хүний үндсэн эрхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх үү?

    Удиртгал Эрх зүйн хүрээнд хүний үндсэн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх нь дэлхий даяар шударга, эрх тэгш нийгмийг бүрдүүлэх үндэс болдог тэргүүн чухал асуудал билээ. Ардчиллын үнэт зүйл, зарчмыг эрхэмлэн дээдэлдэг манай улсын хувьд ч мөн адил хүний эрхтэй холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд заасан байдаг. Энэхүү асуудлыг илүү гүнзгий судалж үзэх шаардлагатай тул “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц хүний үндсэн эрхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх үү?” гарчигтай товч судалгаа нь чухал асуултыг тодруулахад чиглэгдсэн болно.  Судалгааны зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх үр дүнтэй механизм байгаа эсэхийг тогтооход оршино. Үүний тулд Үндсэн хуулийн зохицуулалт болон Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүргийн талаар авч үзлээ. Нэн түрүүнд, хүний үндсэн эрх , түүний хууль эрх зүйн үндэс суурийн талаар ойлголт авах үүднээс олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомж зэрэг эх сурвалжаас нягтлан судаллаа. Үүний дараагаар, Үндсэн хуультай холбоотой маргаан, тэр дундаа хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх гол байгууллага болох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг авч үзэв. Энэ хүрээнд хүний үндсэн эрхийг хамгаалах түшиц газар, эрхэм байгууллагад оногдсон эрх мэдэл, хариуцлагыг сонирхов. Судалгааны хүрээнд, иргэн хүний эрхийн зөрчлийн талаар Үндсэн хуулийн цэцээс гадна тусламж, хүсэлтийг хаана гаргаж болох талаар сонирхон хөндөв. Эцэст нь, судалгааныхаа үндсэн зорилгын хүрээнд судалж мэдсэн үр дүнг нэгтгэн уялдаа холбоотой дүгнэлт гаргахыг хичээлээ. Энэхүү судалгаа нь хүний эрхийг дэмжих, хамгаалахад Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүйн орчин хангалттай, хүртээмжтэй, нэг мөр ойлгомжтой эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Хүний үндсэн эрх Хүний эрх нь үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, бусад байдлаас үл хамааран хүн бүрд хамаарах үндсэн эрх, эрх чөлөө юм. Хүний эрхүүд нь жам ёсны шинж чанартай , хүнд төрсөн цагаас заяагдсан, хүнээс салгаж болохгүй, засаг төрөөс хамаарахгүй байтал, үндэсний болон олон улсын хуулиар хамгаалагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт, “Хүний эрх, эрх чөлөө”-ий талаар заасан ба УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудад хүний эрхийн талаар хуульчилсан. Монгол Улс хүний эрхийн талаар заасан олон улсын 30 гаруй олон талт гэрээнд нэгдэн оржээ. Үүнээс хамгийн чухал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” юм. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.  Уг тунхаглалд “Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна.” гэжээ. Нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.”  гэжээ  (НҮБ-ын Ерөнхий Ассамблей) . Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний зарим эрх, тэдгээрийн зарчим Иргэний болон улс төрийн эрх:  Эдгээр эрхүүд нь хүний амьд явах, эрх чөлөө, аюулгүй байдал зэрэг хүний эрх чөлөөг хамгаалдаг; үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан хийх эрх чөлөө; төрийн үйл хэрэгт засгийг сонгох замаар оролцох эрх; шударга шүүхээр шүүлгэх эрх байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрх:  Эдгээр эрхүүд нь боловсрол, эрүүл мэнд, хүрэлцэхүйц орон сууц, хөдөлмөр эрхлэх эрх зэрэг хувь хүний хөгжлийн үндсэн хэрэгцээ, боломжуудыг хангахад чиглэдэг байна. Үүнд, соёл, урлагийн амьдралд оролцох эрх ч мөн багтжээ. Түгээмэл ба салшгүй байдал:  Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй, хүнээс салшгүй ойлголт юм. Хүний эрх нь ертөнцийн өнцөг, булан бүрд амьдарч байгаа хүн бүрд хамааралтай. Иймд, хүн бүр ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай. Харилцан уялдаатай байдал:  Хүний эрх нь харилцан хамааралтай, харилцан уялдаатай байдаг. Нэг эрхийг хэрэгжүүлэх нь бусад эрхээ хэрэгжүүлэхээс ихээхэн хамаардаг. Жишээлбэл, боловсрол эзэмших эрх нь эрүүл мэндийн үйлчилгээ авах, ялгаварлан гадуурхахаас ангид байх зэрэг хүчин зүйлээс шалтгаална. Хуулиар хамгаалагдсан байдал:  Хүний эрхийг гэрээ, конвенц, үндсэн хууль зэрэг олон улсын болон үндэсний эрх зүйн янз бүрийн баримт бичигт тусгасан байдаг. Төр эдгээр эрхийг хүндэтгэж, хамгаалж, биелүүлэх үүрэгтэй бөгөөд хувь хүн эрх нь зөрчигдсөн тохиолдолд хуулийн механизмаар дамжуулан хохирлоо барагдуулах боломжтой. Ялгаварлан гадуурхахгүй байх ба тэгш байдал:  Хүний эрхийн зарчмууд нь арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа болон бусад аливаа статус зэрэг хүчин зүйлээр ялгаварлан гадуурхахгүйгээр бүх хүнд нэр төртэй хандахын чухлыг онцлон тэмдэглэдэг. Хүний эрх нь хувь хүн бүрийн нэр төр, үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх, эв нэгдэлтэй, эрх тэгш нийгмийг бий болгох, нийгмийн хөгжил дэвшил, өсөлтийг хангахад чиглэгдсэн ёс суртахууны зайлшгүй шаардлага болон хууль эрх зүйн орчны аль алиныг бүрдүүлдэг байна. Хамгийн чухал нь хүний эрх нь үндэсний эрх зүйн баримт бичгүүдэд хууль ёсны хамгаалалтыг олж авдаг бөгөөд төр эдгээр эрхийг хүндэтгэж, хамгаалаад зогсохгүй, хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй арга хэмжээ авахыг шаарддаг. Түүнчлэн, хувь хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хохирлоо барагдуулах, нөхөн төлүүлэх арга хэмжээ авах эрх зүйн механизм байдаг нь хүний эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд хуулийн үүрэг чухал болохыг харуулж байна. Монгол Улсын Үндсэн Хууль “Хүний эрх, эрх чөлөө” Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэх цогц тогтолцоог бий болгож, иргэдийн баталгаажсан эрх зөрчигдсөн тохиолдолд хохирлоо барагдуулах механизмыг аль алиныг нь тодорхойлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хоёрдугаар бүлэгт, Монгол Улсын иргэн баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг заасан нь (Монгол Улсын Үндсэн Хууль)   эдгээр эрхийг хамгаалах эрх зүйн үндэс суурийг бүрдүүлсэн байна. Мөн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэжээ. Энэ нь хүний эрхийн зөрчлийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах нь чухал болохыг харуулж байна. Харин 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн …” гээд “хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэжээ. Энэхүү заалт нь "Хувь хүмүүс хүний эрхийн зөрчлийн талаар эхлээд шүүхэд хандах уу" , эсвэл "Үндсэн хуулийн цэцэд шууд хандах уу?" гэсэн асуултыг төрүүлж байна. Түүнчлэн, "Шүүх өөрөө хүний эрхийг зөрчвөл шударга ёсны төлөө хаана хандах вэ?" Үндсэн хуулийн заалтуудыг авч үзвэл хүний эрхийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх байгууллагуудын шатлалтай холбоотой асуудал үүсэж болзошгүй юм. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц” тавдугаар бүлгийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэжээ. Түүнчлэн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэжээ. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн албан ёсны цахим хуудаст, цэцийн гишүүн Д.Ганзоригийн “Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж хандлага” сэдэвтэй мэдээ тавигдсан байна. Уг мэдээний “Үндсэн эрхийн хамгаалал – Цэцийн туршлага” гуравдугаар хэсэгт, “Монгол Улсын Үндсэн хууль ёсоор иргэн (Монгол Улсын, гадаадын, харьяалалгүй хүн) өөрт хамааралтай болон өөрт хамааралгүй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, өргөдөл гаргах эрхтэй…” гээд “… ихэнх нь иргэдээс ирсэн өргөдөл…” , “… хүний эрхийн холбогдолтой Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай байжээ…” гэжээ  (Д.Ганзориг) . Хэдийгээр Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхдээ, хүний эрхийн талаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг 41 хувь нь зөрчсөн гэсэн боловч, хүлээн авч шийдвэрлэдэг, тэр дундаа өмчлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө,  халдашгүй чөлөөтэй байх эрх нь зөрчигдсөн тохиолдлыг нааштай шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг сахин хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага юм. Шүүх иргэн хоорондын маргаан, эсвэл захиргааны байгууллага иргэн хоорондын маргааныг шийдвэрлэдэг бол, нэг иргэн нөгөө иргэний эрхийг зөрчвөл, эсвэл төр захиргааны байгууллага, эрх баригчид дур зоргоор үйлдэл хийж иргэний эрхийг зөрвөл, Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болдог гэж ойлгоно. Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсад Үндсэн хуулийн баталгаа, ялангуяа хүний үндсэн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хүний эрхийн зөрчлийг арилгах бусад арга зам Монгол Улсад хүний эрхийн зөрчилтэй тулгарсан хүмүүс тусламж авах хэд хэдэн арга зам байгааг судалгааны хүрээнд тодрууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн талаарх маргааныг хянан шийдвэрлэх гол байгууллага юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс гадна хүний эрхийг дэмжих, хамгаалах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисст хандах боломжтой  (Хүний эрхийн Үндэсний Комисс) . Иргэний нийгмийн байгууллагууд эрх нь зөрчигдсөн хүмүүсийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр байгууллагууд нь хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээг санал болгож, хувь хүмүүсийг чиглүүлэх, хохирлыг арилгах арга замыг эрэлхийлэх боломжийг олгодог. Үүний нэгэн адил төрөөс санхүүждэг, эсвэл ашгийн бус хууль зүйн туслалцааны төвүүд, хувийн өмгөөллийн төлөөлөх чадваргүй хүмүүст тусламж үзүүлдэг байна  (Center for Human Rights Development) . Дотооддоо эрхээ хамгаалах арга замууд мухардалд орвол хувь хүмүүс олон улсын хүний эрхийн механизм байгааг мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн байгууллага, эсвэл хүний эрхийн бүс нутгийн шүүхэд гомдол гаргаж болно  (United Nations) . Мөн Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрууд хүний эрх зөрчигдсөн улс орны иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг  (U.S. Embassy in Mongolia) . Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчлах үйл ажиллагаа нь хүний эрхийн зөрчлийг шийдвэрлүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр, хувь хүмүүс болон өмгөөллийн байгууллагууд эрх баригчдад шахалт үзүүлж, гомдлыг шийдвэрлүүлэх тал дээр анхаарал хандуулж, хүний эрхийн стандартыг сахин биелүүлэхийг шаарддаг. Монгол Улсад хувь хүн хүний эрх зөрчсөн тохиолдолд хохирлоо барагдуулах олон арга зам байгааг дурдлаа. Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс гэх зэрэг дотоодын байгууллагууд, олон улсын механизмууд, иргэний нийгмийн байгууллагууд, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүний эрхийн зарчмуудыг сахин хамгаалахад шударга ёс, хариуцлагатай байдлыг эрэлхийлж болно. Дүгнэлт Монгол Улсын Үндсэн хууль нь хууль дээдлэх замаар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хамгаалж, хувь хүнд үндсэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, хамгаалах боломжийг олгосон бат бөх эрх зүйн орчин болж байна. Хүний эрх, эрх чөлөөнд халдсан тохиолдолд тухайн хүн шүүхийн зохих шугамаар гомдлоо хангуулах эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь үндсэн эрхийн талаарх маргааныг хянан шийдвэрлэх, Үндсэн хуульд заасан зарчмыг баримтлах нэн чухал үүргийг хүлээнэ. Энэхүү эрх зүйн тогтолцооны үр дүнтэй байдлын гол зарчим нь хувь хүмүүст өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд шүүхийн тогтолцоог ашиглах боломжийг олгодог шударга ёсны хүртээмжтэй байх зарчим юм. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах дээд эрх мэдэлтэй учир маргааныг хянан шийдвэрлэх, Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дүгнэлт гаргах чухал үүрэгтэй. Бодит амьдрал дээр хэрэгжихийн тулд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахдаа хууль эрх зүйн тогтсон журам, хэм хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай. Харин, хариуцлагын механизм нь процессын шударга байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн процесс болон шийдвэр олон нийтэд нээлттэй, тэдний хяналт хараа дор явагдах ёстой. Хүний эрхийн зөрчлийн хэргээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн хувь хэмжээний талаар статистик мэдээлэл дээр үндэслэн хүний эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцооны үр нөлөөг үнэлэх хяналт - шинжилгээ, үнэлгээг хийж байх хэрэгтэй. Ийм байдлаар системийн үйл ажиллагааг илүү сайн ойлгох, Монгол Улсад үндсэн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн талаар бүхий л гомдлоор Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандаж, хянан шийдвэрлүүлнэ гэсэн дүгнэлтийн хийж байна. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд Үндсэн Хуулийн Цэцээс гадна тусламж хүсэх, хохирлоо барагдуулах хэд хэдэн арга зам байгааг судалгаанд танилцуулсан. Энэ талаар хүмүүс мэдэж байх нь чухал ба өөрсдийн онцлог нөхцөл, хэрэгцээ шаардлагад тулгуурлан хамгийн оновчтой механизмыг сонгох хэрэгтэй. Б.Минжин Ашигласан эх сурвалж НҮБ-ын Ерөнхий Ассамблей. (1948, 12 10). Монгол Улсын Олон улсын гэрээ: Хүний эрхийн түгээмэл тунхаглал . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/1271 УИХ. (1992, 01 13). Монгол Улсын Үндсэн Хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/367 Д.Ганзориг. (2017, 06 30). Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж, хандлага .  Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц: https://www.conscourt.gov.mn/?p=4102 Хүний эрхийн Үндэсний Комисс. (2023, 09 13). Хүний эрхийн сургалт, сурталчилгаа . Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс: https://nhrcm.gov.mn/#/home Center for Human Rights Development. (2022). ХЭХТ-ийн тэргүүн Г.Уранцоож . Хүний эрх хөгжил төв: https://monfemnet.org/member/h%D2%AFnij-erh-h%D3%A9gzhil-t%D3%A9v United Nations. (2024). Human Rights Committee . United Nations Human Rights Office of the High Commissioner: https://www.ohchr.org/en/treaty-bodies/ccpr U.S. Embassy in Mongolia. (2024). 2022 Human Rights Report . U.S. Embassy in Mongolia: https://mn.usembassy.gov/our-relationship/official-reports/2022-human-rights-report/?_ga=2.169378337.1281818728.1711742918-1568559292.1711742918   #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ҮндсэнХуулийнЭрхЗүй #ҮндсэнХууль #ҮндсэнХуулийнЦэц #ХүнийЭрх #АрдчиллынҮнэтЗүйл #ХүнийҮндсэнЭрх #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ЭдийнЗасагНийгэмСоёлынЭрх #ТүгээмэлБаСалшгүйБайдал #ХарилцанУялдаатайБайдал #ХүнийЭрхийнҮндэснийКомисс #ИргэнийБолонУлсТөрийнЭрх #МонголУлсынҮндсэнХууль #ЕрөнхийАссамблей #ХүнийЭрхийнЗөрчил #ИргэнийНийгмийнБайгууллага

  • Хүний эрх, эрх чөлөө

    Хүний эрх, эрх чөлөө #MongolianConstitution #ҮндсэнХууль #ХүнийЭрх #ЭрхЧөлөө #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ТэгшБайх #ЯлгаварланГадуурхахгүйБайх #ТүгээмэлСалшгүйБайх #ХүнийҮнэЦэн #НэрТөртэйБайх #ХуваагдашгүйБайх #ХарилцанХамааралтайБайх #ТөрийнХүлээхҮүрэг #ХүнийЭрхийнЭхСурвалж

  • Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль #Иргэн #ИргэнийНэр #ИргэнийНэрТөр #ИргэнийАлдарХүнд #ИргэнийАжилХэргийнНэрХүнд #ҮнэнЗөвийнНотлох #НяцаахҮүрэг #БодитБаримт #БүрэнГүйцэтМэдээлэх #НэрХүндийгГутаах #ГэмХор #ИргэнийНийгэмдЭзлэхБайрСуурь #Сургалт #ЭрдэмШинжилгээнийАжил #АжилХэргийнХүрээ #ОлонНийтийгХамрах #Хөлс #ШанХарамж #ИргэнНасБарах #Өвлөгч #ЭдийнХэлбэрээрГэмХорТөлүүлэх #ГэмХорАрилгах #СонирхогчЭтгээд #Журам #ЭрхийгЗөрчсөнЭтгээд #ХувийнНууц #ӨвлөгчийнЗөвшөөрөл #АжилХэргийнНэрХүнд

  • Хуулийн этгээд

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль #ХуулийнЭтгээд #ХуулийнЭтгээдийнЭрхЗүйнБайдал #ХуулийнЭтгээдийнНэгдэл #НэгдлийнОролцогчид #ХуулийнЭтгээдийнЭрх #ТусгайлсанХөрөнгө #ӨөрийнНэрээрЭрхОлох #ӨөрийнНэрээрҮүрэгХүлээх #ҮйлАжиллагааныҮрДагавар #ЭдХөрөнгө #Нэхэмжлэгч #Хариуцагч #ТодорхойЗорилгоБүхий #ТогтвортойҮйлАжиллагааЭрхлэх #ЗохионБайгуулалтынНэгдэл #АшгийнТөлөөХуулийнЭтгээд #ХуулийнЭтгээдийнДүрэм #АшгийнТөлөөБусХуулийнЭтгээд #НийтийнӨмчийнХуулийнЭтгээд #ХувийнӨмчийнХуулийнЭтгээд #ХолимогӨмчийнХуулийнЭтгээд #ХуулийнЭтгээдийнӨмчийнХэлбэр #ХуулийнЭтгээдийнНэгдэл #НэгдлийнОролцогч #ХуулийнЭтгээдийнЭрх #ХуулийнЭтгээдийнЭрхЗүйнБайдал

  • Иргэний эрх зүйн чадвар

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль #Иргэн #ИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогчид #ИргэнийЭрхЗүйнЧадвар #ИргэнТөрөх #ИргэнНасБарах #ИргэнийЭрхЗүйнЧадварыгХязгаарлах #ИргэнийЭрхЗүйнБүрэнЧадамж #ИргэнийЭрхЗүйнБүрэнБусЧадамж #ИргэнийЭрхЗүйнЗаримЧадамж #ИргэнийЭрхЗүйнЧадамжгүйИргэн #ИргэнӨөрийнҮйлдлээрЭрхОлжАвах #ИргэнӨөрийнҮйлдлээрҮүрэгБийБолгох #Эрх #Үүрэг #НасандХүрсэнИргэн #18Нас #ХуульдЗаасанҮндэслэл #ХуулдЗаасанЖурам #ЭцэгЭх #АсанХамгаалагч #ХаргалзанДэмжигч #ШүүхийнШийдвэр #СонирхогчЭтгээд #Хэлцэл #ХуульЁсныТөлөөлөгч #БичгээрОлгосонЗөвшөөрөл #НасанХүрээгүйИргэн #ХөдөлмөрийнХөлс #ОюутныТэтгэлэг #БусадОрлого #ОрлогооӨөрийнҮзэмжээрЗахиранЗарцуулах #ЭдХөрөнгө #ЭдХөрөнгөЗахиранЗарцуулах #ХиймэгцБиелэхХэлцэл #АхуйнЧанартайХэлцэл #Банк #ЗээлийнБайгууллага #ХоршооныГишүүн #ӨөртөөХохиролгүйХэлцэл #ЖижигХэлцэл #СэтгэцийнӨвчин #ӨөрийнҮйлдлийнУчирХолбогдлыгОйлгохгүйБайх #ӨөрийгөөЗөвУдирдажЧадахгүй #ИргэнийЭрхЗүйнЧадамжгүй #ИргэнийЭрхЗүйнЧадамжгүйдТооцохҮндэслэл #МансууруулахБодис #СэтгэцэдНөлөөлөхБодис #СогтууруулахУндаа #ГэрБүлээЭдийнЗасгийнТалаарХүндБайдалдОруулах #ХаргалзанДэмжигчийгҮүргээсЧөлөөлөх

  • Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар

    #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийХууль #ИргэнийЭрхЗүй #ХуулийнЭтгээд #ХуулийнЭтгээдийнИргэнийЭрхЗүйнЧадвар #ЭрхЗүйнЧадвар #УлсынБүртгэл #ЭрхЗүйнЧадварҮүсэх #ХуулийнЭтгээдТатанБуугдах #УлсынБүртгэлээсХасагдах #БүртгэлээсХасахЖурам #НийтийнЭрхЗүйнХуулийнЭтгээд #ИргэнийЭрхЗүйнЧадвар #ИргэнийЭрхЗүйнХарилцаа #ХуулийнЭтгээдийнУдирдахБайгууллага #ЭрхЗүйнБайдал #ХуулийнЭтгээдҮүсгэнБайгуулахБаримтБичиг #АшгийнТөлөөБусХуулийнЭтгээд #АшгийнТөлөөХуулийнЭтгээд #ХуулийнЭтгээдийнДүрэм #ҮүсгэнБайгуулсанБаримтБичиг #НийтээрХүлээнЗөвшөөрсөнЗанСуртахууныХэмХэмжээ #ҮйлАжиллагааЭрхлэхЭрх #ЭрхБүхийБайгууллагынЗөвшөөрөл #ХуульдЗаасанҮндэслэл #ХуульдЗаасанЖурам

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page