Эрх зүйн эх сурвалж
- М.Хатанзориг
- Jan 7, 2024
- 14 min read
Updated: Dec 26, 2024
Удиртгал
Аливаа үндэсний эрх зүйн тогтолцооны үндсэн асуудлын нэг бол эрх зүйн эх сурвалж байдаг. Энэхүү бие даалтын ажилд эрх зүйн эх сурвалжийн тодорхойлолт, онолын үндэслэл, эрх зүйн бүл ба эрх зүйн эх сурвалжийн харилцан хамаарлыг авч үзсэн. Түүнчлэн, Ром-Герман, Жишгийн, Мусульманы эрх зүйн бүлүүдийн тус бүрийн болон хөрш ОХУ, БНХАУ, Монгол улсын эх зүйн эх сурвалжийн онцлогийг танилцуулав.
Онолын үндэс
1. Эрх зүйн эх сурвалжийн тодорхойлолт
Хууль зүйн шинжлэх ухааны нэгэн тулгуур ухагдахуун нь “эрх зүйн эх сурвалж”-ийн тухай асуудал юм. Эрх зүйн эх сурвалж нь эрх зүйн ерөнхий онолын төдийгүй тодорхой салбар эрх зүйн суурь асуудлын нэг юм.
Манай улс дахь төр, эрх зүйн онолын болон хууль зүйн бусад ном зохиолд Монгол эрдэмтэн, судлаачид эрх зүйн эх сурвалжийн ойлголтын талаар нэлээд авч үзсэн байдаг.

Тухайлбал, эрх зүйн онолын нэрт эрдэмтэн Д.Баярсайхан “Эрх зүйн хэлбэр” ба “Эрх зүйн эх сурвалж” гэсэн хоёр ойлголт нь харилцан уялдаа холбоотой бөгөөд адилавтар утгыг илэрхийлдэг боловч, танин мэдэхүйн үнэ цэний онолын үүднээс авч үзвэл нэг ойлголт биш гэжээ. Тэрээр, “Эрх зүйн эх сурвалж бол эрх зүйн бүрдлийн үр дүн, түүний норматив ба норматив бус эх үндэс, зарчим, тэдгээрийн уялдан холбогдсон систем бөгөөд зарим тохиолдолд шүүхийн практик, төрийн үйл ажиллагаа, зан заншил, жишгийн хэм хэмжээ, уламжлалт хэв ёс зэргийг ч эх сурвалжид хамааруулна” гээд, “Эрх зүйн хэлбэр бол харьцангуй норматив шинжийг өөртөө агуулсан хууль зүйн хэм хэмжээ, горимууд, тэдгээрийн хэлбэржиж тодорхойлогдсон зохион байгуулалтын бүтэц, систем юм” гэж онцолжээ. Мөн, “Эрх зүйн тогтолцоо” ба “Эрх зүйн эх сурвалж” гэсэн эрх зүйн онолын ухагдахууныг нарийн зааглаагүй байдаг талаар тэмдэглэж үлдээсэн байдаг.

Хууль зүйн ухааны доктор С.Жалан-Аажав “Эрх зүйн эх сурвалж гэдэг нь хууль цаазын хэм хэмжээний хэлбэрийг тодорхойлоход хэрэглэгддэг хуулийн нэр томьёо. Энэ нь хууль цаазын хэм хэмжээнүүдийг бататгасан төрийн албан ёсны баримт бичиг юм” гэж бичжээ.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор О.Амархүү “Эрх зүйн эх сурвалж гэдэгт эрх зүйн хэм хэмжээ үүсэх, хөгжихөд нөлөөлсөн нийгмийн бодит нөхцөл, хүн амын соёл, уламжлалт зан заншил, шашин шүтлэгийн байдал, эрх зүйн хэм хэмжээний илэрч буй төрөл, хэлбэрийн цогцыг ойлгоно” гэжээ.

Хууль зүйн ухааны доктор Ч.Нямсүрэн “Эрх зүйн эх сурвалж нь тухайн улс оронд үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх, илэрхийлэх албан ёсны хэлбэр мөн” гэж тодорхойлжээ.

Академич С.Нарангэрэл “Эрх зүйн эх сурвалж хэмээх ухагдахуун нь хууль зүйн шинжлэх ухааны зангилаа асуудлын нэг гээд. Түүний ач холбогдол нь (i) нийгмийн амьдралын олон талт нөхцөл нь эрх зүйн хэм хэмжээний агуулгыг нөхцөлдүүлдэг, (ii) эрх зүйн хэм хэмжээний агуулгыг эрх зүйн үзэл баримтлал, эрх зүйн ухамсар бүрдүүлдэг, (iii) хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд удирдлага болгодогт оршино” хэмээн бичиж үлдээсэн.

Академич С.Нарангэрэл, судлаач, докторант А.Солонго нар “Эрх зүйн эх сурвалж нь улс оронд дагаж мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг илэрхийлэх, бэхжүүлэх, түүнчлэн, өөрчлөх буюу хүчингүй болгох албан ёсны хэлбэр мөн” гэж тодорхойлсон. Тэд эрх зүйн эх сурвалжийн ач холбогдлыг дараах байдлаар дүгнэжээ.
Эрх зүйн эх сурвалж нь үндэсний эрх зүйн тогтолцооны нэн чухал бүрэлдэхүүн хэсэг тул тухайн улсын эрх зүйн тогтолцооны агуулга, мөн чанарыг танин мэдэхийн тулд юуны өмнө эрх зүйн эх сурвалжийн төрөл ба эрэмбэлэлд анхаарал хандуулах шаардлагатай болдог.
Нийгмийн амьдралын материаллаг ба оюун санааны олон талт нөхцөл байдал нь эрх зүйн хэм хэмжээний агуулгыг бүрдүүлж нөхцөлдүүлнэ. Ингэхлээр, эрх зүйн эх сурвалж бүхэлдээ нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт болдог.
Эрх зүйн хэм хэмжээний агуулга нь эрх зүйн үзэл баримтлал, эрх зүйн ухамсрын цогцоос бүрддэг.
Шүүх болон эрх бүхий бусад субъект тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн эх сурвалжийг удирдлага болгоно. Тухайн хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэхэд хэргийн болсон нөхцөл байдалд яг тохирсон хэм хэмжээг сонгон хэрэглэх шаардлага үүдэгдэнэ. Чухамхүү үүнд “эрх зүйн эх сурвалж”-ийн хууль зүйн учир холбогдол оршдог.
Эрх зүйн тодорхой бүлийн онцлог шинж нь эрх зүйн анхдагч болон уламжлалт сурвалжаар тодорхойлогдоно. Энэ учраас харьцуулсан эрх зүй судлалын нэг үндсэн судлагдахуун нь эрх зүйн эх сурвалж болдог.
Академич С.Нарангэрэл, хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид, доктор Б.Амарсанаа нар харьцуулсан эрх зүй судлалын чиглэлээр дагнасан бүтээл туурвисан байна. Дурдсан судлаачдын бүтээл туурвил нь эрх зүйн эх сурвалжийг эрх зүйн бүлээр авч үзэх боломжийг бүрдүүлж байгаа болно.
2. Эрх зүйн бүл ба эрх зүйн эх сурвалжийн харилцан хамаарал
Эрх зүйн бүлийн онцлог шинж чанар нь эрх зүйн эх сурвалжийн онцлогоор тодорхойлогддог. Энэ талаар дэлгэрүүлэн авч үзье.
2.1 Ром-Германы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог
Ром-Германы эрх зүйн бүл нь гол төлөв Европ тивийн орнуудын эрх зүйн тогтолцоог нэгтгэсэн байдаг. Гол төлөөлөгчид нь Австри, Бельги, Голланд, Итали, Испани, Люксембург, ОХУ, Франц, ХБНГУ, Швейцар болон Скандинавын орнууд юм.
Хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид Ром-Германы эрх зүйн бүлийн нийтлэг шинж чанар, онцлог шалгуурыг дараах байдлаар тоймлон тодорхойлжээ:
Эрх зүй, хууль тогтоомж хоёр ялгаатайг харгалзан баримталдаг.
Хууль дээдлэх, эрх мэдэл хуваарилах зэрэг эрх зүйн зарчмуудыг эш үндэс болгодог.
Хууль тогтоомж юуны өмнө төрөлжүүлсэн хууль (кодекс) эрх зүйн бусад бичмэл актыг гол эх сурвалж болгон хэрэглэдэг.
Хууль тогтоомж нь бодит байдал, жам ёсны эрх зүйн онол, логик сэтгэлгээний үүднээс хийсвэрлэн нэгтгэн бүлэглэж арга зүйн өндөр түвшинд нарийн томьёолсон хэм хэмжээнээс бүрддэг.
Шүүх, хууль хэрэглэгч бусад байгууллага нь заншил-прецедент гэхээс илүү материаллаг болон процессын хуулийг дагаж хэрэглэдэг.
Төрөлх болон позитив эрх зүйн олон эшт сургаалд голлон үндэслэгддэг.
Эртний уламжлалтай орчин үеийн эрх зүйн боловсрол, мэргэжлийн сургалтаар бэлтгэгдсэн хуульчидтай.
Ром-Германы эрх зүйн бүлийн үндэсний эрх зүйн тогтолцооны үндсэн эх сурвалж нь хууль юм. Уг хуулийг төлөөллийн дээд байгууллага буюу ард нийтийн санал асуулгаар баталдаг.
Эрх зүйн актуудын тогтолцоонд хууль зүйн дээд хүчин чадал бүхий акт нь бүх хууль ба хуульчилсан актын эрх зүйн үндэс болсон бичмэл Үндсэн хууль юм. Үндсэн хуулийн хэрэгжилтэд Үндсэн хуулийн дагнасан шүүх буюу нийтлэг дээд шүүх болон төрийн бусад байгууллага хяналт тавина.
Ром-Германы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн хувьд төрөлжсөн хууль (кодекс) нь чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энэ нь ердийн хуулийн нэгэн адил хууль зүйн хүчин чадалтай боловч эдгээр нь бүхэлдээ холбогдох салбар хууль тогтоомжид гол байр суурийг эзэлдэг.
Ром-Германы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжид гүйцэтгэх эрх мэдлийн янз бүрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн хэм хэмжээний акт чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм хэм хэмжээний актыг “хуулийг биелүүлэх”-ийн тулд батлан гаргах бөгөөд хуульчилсан шинж чанартай юм. Иймэрхүү хуульчилсан акт хуульд нийцэж байгаа эсэхийг хангахын тулд шүүхийн хяналтыг тогтоосон байдаг.
Төлөөлсөн хууль тогтоомж нь парламентаас олгосон бүрэн эрхийн дагуу эрх хэмжээндээ хамаарах асуудлаар гаргасан гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хуулийн хүчин чадал бүхий хэм хэмжээний акт юм.
Төлөөлсөн хууль тогтоомж нь онц байдлын нөхцөлд хуулийн хүчин чадал бүхий акт гаргах Засгийн газрын бүрэн эрхтэй холбоогүй аливаа нэгэн асуудлыг шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай холбоотой.
Төлөөлсөн хууль тогтоомжийн үндсэн нөхцөл нь:
Цаг хугацаагаар хязгаарлагдсан байна.
Хууль төлөөлсөн тухай актад тодорхойлсон асуудлын хүрээг маш нарийвчлалтай заасан байна.
Актын заалтыг өргөн хүрээгээр тайлбарлах боломжийг олгож болохгүй.
Гаргасан акт нь буцаан хэрэглэх хүчин чадалгүй байна.
Дамжуулан төлөөлүүлэх боломжгүй байна.
Заншил нь Ром-Германы эрх зүйн эх сурвалжийн тогтолцоонд үндсэндээ туслах үүргийг гүйцэтгэх бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд дагаж мөрдөж буй хууль тогтоомжид нэмэлт болдог байна.
Ром-Германы эрх зүйн бүлийн орнуудад шүүх хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Шүүхийн нэгдмэл практикийг буй болгоход анхаарал хандуулдаг.
2.2 Жишгийн эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог
Жишгийн эрх зүйн бүлд Англи, АНУ, Умард Ирланд, Канад, Австрали, Шинэ Зеланд улсын үндэсний эрх зүйн тогтолцоо хамаарагддаг. Нэмж дурдахад, Их Британийн колони байсан Ази, Африк тивийн бусад хэд хэдэн улсын эрх зүйн тогтолцоо энэхүү бүлд багтдаг.
Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Өөр нэгэн шүүх буюу төрийн байгууллагын шийдсэн хэргийн шийдвэрийг өөр шатны шүүх, байгууллага, эсвэл ижил шатны шүүх, байгууллага ашиглаж хэргийг шийдэхийг жишиг хэрэглэх гэх ба түүнд хэрэглэгдэж байгаа эх сурвалжийг жишиг буюу прецедент гэдэг” гэжээ.
Эрдэмтэн, судлаачид жишгийн давуу болон дутагдалтай талыг тодорхойлох оролдлого хийсээр байна. Тэдгээрийг нэгтгэн харуулбал.
Жишгийн эрх зүйн давуу тал нь:
Тодорхой байдалтай. Жишиг нь шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлын зайлшгүй чухал хэр хэмжээг хангаж өгнө. Шүүн таслах ажиллагааны зорилгод нэгдмэл байдал зайлшгүй чухал. Жишгийн тодорхой байдал нь түүний практикийн бүх дутагдлыг дахин цэгнэж үзэх боломжийг олгодог.
Тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзэх. Төрөлжүүлэн нэгтгэсэн тогтолцоо нь жишгийн эрх зүйд байдаг шиг боломж, тодорхой нөхцөл байдлыг нарийвчлан харгалзан үзэх боломжийг эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэхэд буй болгож чаддаггүй.
Хөгжлийн чадвартай байдал. Жишгийн тусламжтайгаар эрх зүйн шинэ заалтыг тогтоож, хуучин заалтыг шинэ нөхцөл байдалд тохируулан хэрэглэж болдог. Үүнээс гадна өөрчлөгдөж байгаа нийгмийн харилцааны эрэлт шаардлагыг харгалзан шинэ эрх зүйг хэрэглэх боломжтой.
Тохиромжтой байдал. Эрх зүйн хэм хэмжээг тодорхой хэрэг ба өмнө нь байсан бодит нөхцөл байдалтай уялдуулна. Эдгээр нь хожим үүсгэж болох нөхцөл байдалд зориулагддаггүй.
Уян хатан байдал. Эрх зүйн нийтлэг хэм хэмжээ (ratio decident) нь олон тооны бодит байдлыг хамаарна.
Жишгийн эрх зүйн дутагдалтай тал нь:
Чанга хатуу байдал. Жишиг нь хэрэв хуулийн хүчин чадалтай хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн (binding) бол түүнээс яагаад ч татгалзаж болдоггүй гэдэг утгаараа чанга хатуу болдог. Тухай жишиг нь алдаатай байсан тохиолдолд ч түүнээс татгалзаж болохгүй байдаг.
Авцалдаагүй байдал. Жишгийн энэ дутагдлыг түүний тогтолцооны чанга хатуу байдлаас үүдэлтэй хэмээн үздэг.
Нүсэр ба ээдрээтэй байдал. Эрх зүйн хэм хэмжээний асар их хэмжээтэй жишгийн тогтолцооны улмаас зарим хүмүүс тэдгээрийг бүгдийг нь мэдэх бололцоогүй.
Өөрчлөлтийн удаашралтай байдал. Эрх зүйн шинэ заалт бий болгох нь тодорхой хэргийг шүүхээс хянан хэлэлцэх явдлаас шууд шалтгаална. Шүүхийн хэрэг удаан хугацаагаар сунжрах хандлага их байдаг бөгөөд шинэ эрх зүйг бүрдүүлэх явдал нийгмийн амьдралд гарч буй хурдацтай өөрчлөлтөөс хоцрох нь цөөнгүй.
Тусгаарлагдмал байдал (ratio decident). Энэ дутагдал эрх зүйн хөгжил нь шүүхийн эх бичмэлээс тусгаарлагдсан байдагт оршино.
Английн эрх зүйн анхдагч буюу үндсэн эрх зүйн сурвалж болох шүүхийн эрх зүйн жишгийн дараах хоёрдогч эрх зүйн эх сурвалж нь статусын эрх зүй буюу хууль ба хуульчилсан акт юм.
Англид бичмэл “Үндсэн хууль” байхгүй бөгөөд Английн эрх зүйд Иргэний хуулиар иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба энэ нь засаг төрийн дур зоргыг хязгаарласан хууль тогтоомжийн болон шүүхийн гарал үүсэл бүхий хэм хэмжээний цогц юм.
Харин АНУ-д хууль зүйн дээд хүчин чадал бүхий бичмэл Үндсэн хуультай бөгөөд түүнийгээ төрийг үндэслэсэн акт, улс төрийн гарамгай баримт бичиг хэмээн үздэг байна. АНУ-д Үндсэн хуулийн төслийг зохиож, соёрхон баталснаар Холбооны Засгийн газрыг хүчирхэгжүүлэх шаардлагатай гэх үзэл бодол дээр улам бүр санал нэгдэх болжээ. Ийнхүү хүчирхэгжүүлж чадсан салбарын нэг нь АНУ-ын эрх зүйн тогтолцоо юм.
Заншил нь эрх зүйн эх сурвалжийн ач холбогдолтой байгаа боловч, түүний учир холбогдол их биш юм. Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа “Аливаа заншлыг байгаа эсэх талаар талууд маргаж байгаа тохиолдолд шүүхээс түүнийг заншил болохыг хүлээн зөвшөөрсөн, шийдвэрийнхээ үндэслэл болгосон үед энэ нь заншил гэж нэрлэгддэг байна” гэж бичжээ.
2.3 Мусульманы эрх зүйн бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог
Мусульманы (лалын) эрх зүй нь 800 сая гаруй мусульманчуудын хоорондын харилцааг зохицуулдаг өнөөгийн эрх зүйн бүлийн томоохон тогтолцооны нэг юм. Мусульманы (Шариатын) эрх зүйн үүслийг зөнч мэргэн Мухаммедын нэртэй холбож үздэг ба Исламын шашны эрх зүйн нэг хэсэгт тооцогддог. Шариат (дагах зам) нь сүсэгтнүүдэд юу хийх ёстой, юуг хийх ёсгүй тухай заасан шашны хууль, зааврын багц юм. Академич С.Нарангэрэл Мусульманы эрх зүй нь дөрвөн үндсэн эх сурвалжийг тодорхойлж, тайлбарласан байна.
Коран нь Исламын ариун судар, Мусульманы эрх зүйн гол үндэс. Кораны үндсэн агуулгыг “Коран бол Мусульманчуудын хамгийн гол ариун судар бөгөөд Мухаммедын хэлсэн, ярьсан төрөл бүрийн номлол, зан үйлийн хийгээд хууль зүйн заалт, мөргөл, шившлэг, элдэв егөөдсөн, хошигносон ярианаас бүрдэнэ. Кораны үндсэн агуулга нь Аллахаас өөрийн зөнч, элч Мухаммедад хэлсэн үгс байдаг” гэж тодорхойлжээ.
Сунна нь эрх зүйн учир холбогдол бүхий зөнч мэргэн Мухаммедын хэлсэн үг ба ажил хэргийн домог, хууч үгийн цогц. “Сунна бол Мухаммед нас барсны дараах хэдэн арван жилийн дотор лалынхны ертөнцөд хамгийн алдаршсан шашны санваартнууд, номлогчид, хуульчдын хийсэн Кораны тайлбарын өвөрмөц нэгэн үр дүн мөн” хэмээн тэмдэглэжээ.
Иджма нь мусульманы нийгмийн нэгдсэн хэлэлцээр. “Иджма бол тулгамдсан асуудалд Коран ч, Сунна ч үнэмшилтэй хариулт өгч чадахгүй байгаа тохиолдолд Мусульманы эрх зүйд байгаа хийдлийг нөхөх өвөрмөц маягийн арга хэрэгсэл мөн” гэж үзжээ.
Кияс нь эрх зүйн асуудлаарх төсөөтэй байдлын тухай бодомж. “Коран, Сунна, Иджмад тогтоосон заалтуудыг эрх зүйн эдгээр сурвалжид тусгагдаагүй шинэ нөхцөл байдалд хэрэглэхэд Киясын мөн чанар оршино” гэж бичжээ.
3. Хөрш улсуудын эрх зүйн эх сурвалжийн онцлог
Монгол улс нь ОХУ ба БНХАУ-ын дунд орших далайд гарцгүй орон билээ. Энэ хоёр их гүрэн үеийн үед Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдралд их нөлөө үзүүлж ирсэн юм.
3.1 ОХУ-ын эрх зүйн эх сурвалжийн онцлог
Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа ОХУ-ын эрх зүйн эх сурвалжийг Холбооны улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, Холбооны улсын хууль, Ерөнхийлөгчийн хэм хэмжээ тогтоосон акт, Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон акт, Холбооны улсын субъект болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэм хэмжээ тогтоосон акт, Холбооны субъектийн гэрээ, шүүхийн практик, эрх зүйн заншил, дотоодын хэм хэмжээний акт, эрх зүйн онол, сургаал гэж үзжээ.
Академич С.Нарангэрэл, судлаач, докторант А.Солонго нар ОХУ-ын эрх зүйн эх сурвалж нь дараах нэр төрөлтэй байгааг тогтоосон байна.
ОХУ-ын Үндсэн хууль нь эрх зүйн хэм хэмжээний бүх актын тогтолцоонд хууль зүйн дээд хүчин чадалтай бөгөөд түүгээр дагаж мөрдөж байгаа позитив эрх зүйн тогтолцоо тодорхойлогдоно. ОХУ-ын Үндсэн хууль 1993 онд хүчин төгөлдөр болсон. ОХУ-ын хууль тогтоох эрх мэдэл нь төлөөлөгчдийн ба хууль тогтоох дээд байгууллага- ОХУ-ын Холбооны хуралд хадгалагдана. Холбооны хурал нь Холбооны зөвлөл ба Төрийн Дум гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Холбооны ерөнхий хууль нь холбооны хууль ба холбооны үндсэн хууль гэсэн хоёр төрөлд хуваагдана.
Холбооны хууль (федеральный закон) нь Төрийн Думын нийт депутатуудын ердийн олонхын саналаар батлагдах бөгөөд таван хоногт Холбооны Зөвлөлөөр хянан үзүүлэхээр шилжүүлнэ. Холбооны Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхын санал буюу Холбооны Зөвлөл 14 хоногийн туршид хэлэлцэхгүй бол хуулийг дэмжигдсэнд тооцно. Холбооны хуулийг төрөлжүүлсэн хууль (кодекс) ба ердийн (төрөлжүүлээгүй) хууль гэж ангилна.
Төрөлжүүлсэн хууль (кодекс) нь нийгмийн амьдралын тодорхой салбарын нийгмийн үндсэн харилцааг бүхэл ба нэгдмэл болгоход шаардлагатай иж бүрдэл нийтлэг зарчим ба хэм хэмжээний цогцыг багтаасан байдаг. Үүнд ОХУ-ын Иргэний төрөлжүүлсэн хууль (нэгдүгээр хэсгийг нь 1994.11.30, хоёр дахь хэсгийг нь 1996.01.26-нд баталсан), гэр бүлийн төрөлжүүлсэн хууль (1995.12.29-нд баталсан) орно. Холбооны хуулийн үндсэн хэсгийг нийгмийн нэн чухал тодорхой харилцааг зохицуулсан ердийн (төрөлжүүлээгүй) хууль бүрдүүлжээ. Үүнд Олон нийтийн нэгдлийн тухай хууль (1995.04.14-нд баталсан) хамаарна.
Холбооны үндсэн хуулийн хууль (федеральный конституционный закон) нь ОХУ-ын Үндсэн хуульд заасан асуудлаар батлагддаг. ОХУ-ын Үндсэн хуульд ийм хууль зайлшгүй батлахыг заажээ.
ОХУ-ын эрх зүйн хэм хэмжээний хуульчилсан акт нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, ОХУ-ын Засгийн газрын тогтоол, холбооны яам ба тусгай газрын тушаал, заавар, хэм хэмжээний бусад акт юм.
ОХУ-ын хууль тогтоомжийн үндэс нь тодорхой салбар эрх зүй ба тухайн нийгмийн амьдралын хүрээг зохицуулах нийтлэг зарчмыг тогтоож, ерөнхий заалтыг тодорхойлсон байдаг.
ОХУ-ын субъектийн эрх хэмжээний акт нь тус улсад дагаж мөрдөж байгаа эрх зүйн актын үлэмж хэсгийг бүрдүүлнэ. ОХУ дахь эрх зүйн биеэ даасан эх сурвалжийн нэг бол хэм хэмжээний гэрээ буюу эрх зүйн хэм хэмжээ агуулсан гэрээ юм.
3.2 БНХАУ-ын эрх зүйн эх сурвалжийн онцлог
БНХАУ-ын эрх зүйн тогтолцооны хууль зүйн үндсийг БНХАУ-ын Үндсэн хууль бүрдүүлдэг. БНХАУ-ын Үндсэн хууль 1982 онд батлагдсан. Салбар эрх зүйн шатлал, хууль тогтоомж нь түүнд үндэслэнэ. БНХАУ-ын Үндсэн хууль нь бичмэл хууль бөгөөд энэ нь эдийн засгийн шинэтгэл ба хууль ёсыг бэхжүүлэх гол чиглэлийг төр эрх зүйн амьдралд нэгтгэн зангидан улс төрийн бодлогыг бэхжүүлсэн юм. БНХАУ-д захиргааны онцгой районы тухай үндсэн хуулийг баталж, дагаж мөрддөг.
БНХАУ-ын Үндсэн хуульд олон улсын гэрээ нь эрх зүйн эх сурвалж болох талаар тодорхой заалт байхгүй боловч, хятадын эрх зүйн номлол ёсоор тус улсын нэгдэн оролцсон олон улсын гэрээ нь БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжийн хэсэг болдог байна.
БНХАУ-д хууль тогтоох нь парламент болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх гэж үздэггүй. Захиргааны байгууллага хэм хэмжээний зохицуулалт тогтоох бүрэн эрхтэй байдаг.
Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа “БНХАУ-д хууль болон нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээг төрийн байгууллагын янз бүрийн төвшинд баталж мөрдүүлдэг. Тухайлбал, Бүх Хятадын Ардын Их Хурал, түүний байнгын хороо нь хуулийг; Төрийн зөвлөл нь захиргааны журмыг; Орон нутгийн Ардын Хороо, түүний байнгын хороо нь орон нутгийн журмыг; Нутгийн захиргааны байгууллага болон Төрийн Зөвлөлийн харьяа яам, газар, Төв банк, Хяналт шалгалтын газар нь нутгийн захиргааны болон захиргааны байгууллагын журмыг; Цэргийн төв комисс нь цэргийн дүрэм, журмыг баталж бүрдүүлдэг байна” гэж бичсэн байна.
Хятадын эрх зүйн бүтцийн уламжлал нь Ром-Германы эрх зүйн бүлийн улс орнуудын бүтцийн хуваагдлын шалгууртай үндсэндээ тохирсон байдаг.
4. Монгол улсын эрх зүйн эх сурвалжийн онцлог
Монгол улсын орчин үеийн эрх зүйн тогтолцоо нь Ром-Германы эрх зүйн бүлийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ бүлийн эрх зүйн эх сурвалжийн онцлог өвөрмөц шинж манай улсад хадгалагдан үлджээ.
Хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид “Үндэсний эрх зүйн тогтолцоонууд өөрийн онцлогтой боловч эх авч үүссэн түүхэн нөхцөл, арга зүй, эх сурвалж, хууль зүйн техникээс авхуулаад эдийн засаг, улс төрийн тогтолцоонд адил төстэй хэв маяг, шашин суртал, хэл соёлын нийтлэг байдаг” хэмээн үндэслэлтэй тэмдэглэсэн байдаг.
Монгол улсын эрх зүйн эх сурвалжийг үндсэн ба дамжмал хэмээн ангилж болно.
Монгол улсын эрх зүйн үндсэн эх сурвалж гэж ангилах шалгуур нь Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэх зарчмаас урган гарна. Хууль, олон улсын гэрээ, УИХ-ын бусад шийдвэр зэрэг хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн бүрдэл хэсэг төдийгүй түүний үзэл баримтлал ба агуулгыг илэрхийлсэн байна. Энэ учраас эдгээр хууль тогтоомжийг Монгол улсын эрх зүйн үндсэн эх сурвалж хэмээн авч үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Захиргааны хэм хэмжээний акт, Нутгийн өөрөө удирдах байгууллагын акт зэрэг нь Үндсэн хууль болон хууль, УИХ-ын бусад шийдвэрт нийцсэн байх ёстой. Энэ үүднээс эдгээрийг Монгол улсын эрх зүйн дамжмал эх сурвалж гэсэн ангилалд авч үзсэн байна.
4.1 Монгол улсын эрх зүйн үндсэн эх сурвалж, түүний төрөл
4.1.1 Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль бол хууль зүйн хамгийн дээд бөгөөд давуу хүчин чадал бүхий тус улсын нутаг дэвсгэрт дээдлэгдэн шууд үйлчлэх улс орны гол хууль мөн. Хууль зүй судлалын нэрт эрдэмтэн Б.Чимид “Үндсэн хуулиар баталгаа болдог” хэмээн үндэслэлтэй тэмдэглэжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний ба иргэний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоо ба бүрэн эрх, нутгийн өөрөө удирдах ёсны эхлэл болсон хэм хэмжээг тогтоосон. Үндсэн хуулийн зориулалт нь иргэний эрх ба эрх чөлөөг сахин хангуулах, улс орны төрийн байгуулал, эдийн засгийн ба нийгмийн хөгжил, түүний олон улсын харилцааны тогтвортой байдлыг хангах явдал юм.
4.1.2 Монгол Улсын Хууль
Монгол Улсын Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх эрх зүйн үндсэн эх сурвалж нь Монгол Улсын хууль юм. Энэ нь эрх зүйн бусад акттай харьцуулахад хууль зүйн дээд хүчин чадалтай. Хууль зүйн утгаараа хууль нь Үндсэн хуулийн дараах хууль зүйн чадлыг агуулсан, нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахад чиглэгдсэн онцгой журмаар батлан гаргадаг эрх зүйн хэм хэмжээний акт юм.
Монгол Улсын хуулийг төлөөлөгчдийн болон хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас батлан гаргана.
4.1.3 Монгол Улсын олон улсын гэрээ
Академич С.Нарангэрэл, судлаач, докторант А.Солонго нар “Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим ба Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол улсын эрх зүйн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг” хэмээн дүгнэсэн. Ийнхүү олон улсын эрх зүйн дурдсан эх сурвалж нь манай улсын эрх зүйн эх сурвалж болно.
4.1.4 Монгол Улсын Их Хурлын бусад шийдвэр
Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын бусад шийдвэр” гэсэн нэр томьёог хэрэглэсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар УИХ-ын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэхтэй холбогдсон асуудлыг зохицуулсан байна.
4.2 Монгол улсын эрх зүйн дамжмал эх сурвалж, түүний төрөл
4.2.1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нь хэм хэмжээ тогтоосон ба хэм хэмжээ тогтоогоогүй байдгаараа хуулиас ялгагдана. Хэм хэмжээ тогтоогоогүй зарлиг нь жишээлбэл, иргэнийг алдар цол, одон медалиар шагнах тухай, цэргийн цол олгох тухай, Монгол улсын харьяат болох тухай зэрэг юм.
4.2.2 Монгол Улсын Засгийн газрын тогтоол
Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол гаргана. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно гэж заасан байдаг.
4.2.3 Захиргааны хэм хэмжээний акт
Захиргааны хэм хэмжээний акт нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр мөн.
4.2.4 Нутгийн өөрөө удирдах байгууллагын акт
Монгол Улсын Үндсэн хууль ба хуульд захирагдсан, засаг төрөөс бие даасан, хараат бус нутгийн өөрөө ёсны удирдах байгууллагын эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын тогтолцоо нь Монгол улсын эрх зүйн дэд эх сурвалж болно.
Б.Байгалмаа
Э.Үүрцайх
Ц.Оюундалай
М.Хатанзориг
Ном зүй
Баярсайхан Д. Эрх зүйн онол, Улаанбаатар, (1996) 2018, 121-122 дахь тал
Баярсайхан Д. Эрх зүйн онол, Улаанбаатар, (1996) 2018, 85-89 дахь тал
Жалан-Аажав С. Төр эрх зүйн онол, Улаанбаатар, 2000, 111 дэх тал
Амархүү О. Төр эрх зүйн онолын арван таван сэдэв, Улаанбаатар, 2008, 33 дахь тал
Нямсүрэн Ч. Эрх зүйн ерөнхий онол. Үндсэн ойлголт, тулгамдсан асуудал, Улаанбаатар, 2010, 181 дэх тал
Нарангэрэл С. Монгол улсын эрх зүйн тогтолцооны бүхэллэг (нэгдмэл) байдлыг хангах нь – Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал шийдэл. Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл “Хууль дээдлэх ёс асуудал” сэтгүүл 2021, тусгай дугаар, 18 дахь тал
Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 13-15 дахь тал
Нарангэрэл С. Нийгмийн харилцааг зохицуулахад XIII зууны үед ёс суртахууны гүйцэтгэж байсан үүргийн талаар, Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд, Улаанбаатар, 2018
Чимид Б. Зохистой тогтолцоог баримжаалах нь эрх зүйн шинэтгэлийг үр нөлөөтэй хийх үндэс болох нь, Улаанбаатар, 2002, 203-222 дахь тал
Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014
Чимид.Б Үндсэн хуулийн үзэл баримтлал, Улаанбаатар, 2002, 216 дахь тал
Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 27-28 дахь тал
Гүнбилэг Б. Жишгийн эрх зүй. Улаанбаатар, 2014, 8 дахь тал
Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 38 дахь тал
АНУ-ын эрх зүйн тогтолцооны товчоон. Олон улсын мэдээллийн хөтөлбөрийн товчоо, АНУ-ын төрийн департамент, 6 дахь тал
Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014, 79 дэх тал
Нарангэрэл С. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо, Улаанбаатар, 2001, 253-259 дахь тал
Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014, 203-206 дахь тал
Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 48-53 дахь тал
Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 53-63 дахь тал
Амарсанаа Б. Харьцуулсан эрх зүй судлал. Хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2014, 215 дахь тал
Чимид Б. Үндсэн хуулийн үзэл баримтлал, Улаанбаатар, 2002, 209 дэх тал
Чимид Б. Үндсэн хуулийн мэдлэг. Улаанбаатар, 2008, 42 дахь тал
Солонго А. Монгол улсын эрх зүйн сурвалж: онол, системчлэл, зангилаа асуудал, Улаанбаатар, 2022, 79-92 дахь тал
Захиргааны ерөнхий хуулийн 59.1 дүгээр зүйл

#LegalSources #Sourcesoflaw #LegalSystem #CommonLaw #CivilLaw #MongolianLegalSources #RussianLegalSources #ChineseLegalSources #CustomaryLaw #ЭрхЗүйнЭхСурвалж #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүйнБлог #ХарьцуулсанЭрхЗүйСудлал #ҮндсэнХууль #ЭрхЗүйнМэдлэг #ЭрхЗүйнБоловсрол #ДэлхийнЭрхЗүйнТогтолцоо #РомГерманыЭрхЗүй #ЖишгийнЭрхЗүй #ШашныЭрхЗүй #ОХУ #БНХАУ #МонголУлс
.