Эрх зүй анхлан сурагчдад хэрэгтэй ном, сурах бичиг, сэтгүүл, апп, вебсайт, подкаст, онлайн хичээл
- Хуульч Шувуухай
- Jan 7, 2024
- 6 min read
Updated: Jan 22
Эрх зүйн чиглэлээр суралцаж эхлээд, “Эрх зүйн онол”, “Эрх зүйн философи”, “Үндсэн хуулийн эрх зүй”, “Иргэний эрх зүй, ерөнхий анги”, “Эрүүгийн эрх зүй, ерөнхий анги”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй” хичээлийг үзэв. Эдгээр хичээлийг үзэхэд болон эрх зүйн ерөнхий мэдлэгээ ахиулахад ашигласан зарим сурах бичиг, ном, бүтээл, эрх зүйн чиглэлийн сэтгүүл, цахим хуудас зэргийн талаар танилцуулъя.
Хаанаас ном авах вэ?
Эрх зүй, хуулийн чиглэлийн сурах бичгүүд цөөн тоогоор хэвлэгддэг тул худалдаанд гарсан даруйд л зарагдаж дуусдаг бололтой. Нэн түрүүнд, “Хаанаас ном авах вэ?” гэсэн асуулт гарна. Бид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх хуулийн номын худалдаа, Аз хур номын их дэлгүүр, хуучин номын худалдаанаас ном, сурах бичгийг авсан. Фэйсбуукийн “Хууль зүйн номын худалдаа”, “Хууль, эрх зүйн ном авна, зарна” зэрэг пейж хуудас, онлайн худалдаанаас ном авч болно. Түүнчлэн, Төв номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, өөрийн сургуулийн номын сангаар үйлчлүүлж болно. Зарим номын дэлгүүрт эрх зүй, хууль зүйн чиглэлийн ном, сурах бичиг огт байдаггүй тул цаг зарцуулан явахаасаа өмнө цахим хуудсаар нь зочлон шалгаад үзэхэд илүүдэхгүй. Харин уран зохиолын ном, дэлхийн шилдэг сонгодог бүтээл, орчуулгын ном, англи болон бусад хэл дээр ном авах бол мэдээж аль ч номын дэлгүүр орж болно. Номын томоохон дэлгүүрүүд онлайнаар захиалах боломжтой, гэхдээ хүргэлт нь бага зэрэг удаан талтай.
Заавал авах ном
Эрх зүйн чиглэлийн толь бичигтэй болох нь туйлын чухал. Академич С.Нарангэрэл “Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь” нь сүүлийн үед хэвлэгдсэн, нэр томьёо, ухагдахуунтай толь бичгийн нэг. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй болох гэж байгаа хэн бүхний ширээний ном болно.

Бид Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан 2021 оны хэвлэлтийг авсан.
Эрх зүй холбоотой бүтээл, судалгааны ажлыг уншиж танилцах явцад тулгарах сорилт бэрхшээлийн нэг бол гадаад хэл дээр эрх зүйн ойлголтууд, чухал зарчмуудыг ойлгохгүй байх юм.
Тиймээс тайлбар толиос гадна, П.Цагаан “Латин-Англи-Орос-Монгол толь бичиг” болон С.Нарангэрэл “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг”-ийг санал болгомоор байна.
Монгол хүн бүрд “Үндсэн Хууль” заавал байх шаардлагатай. Мэдээж интернэтээс хэвлээд авч болно. Профессор багш, Үндсэн Хуулийг “Алганд багтсан эх орон” гэж хэлж өгч билээ.
Нээрээ ч алганд багтах хэмжээтэй хэвлэгдсэн байдаг тул өвөртөө хийгээд явж болно. Жижигхэн ч гэлээ бүхний үндэс суурь болсон өөрийн хэвлэмэл Үндсэн Хуультай байвал зохилтой, хэзээ ч, хаана ч эргүүлэн харж болно.
“Эрх зүйн онол” хичээлийн үндсэн сурах бичиг бол Д.Баярсайхан “Эрх зүйн онол” болно. Уг номын дээхэн үеийн хэвлэл нь интернэт дээр байгаа. Үүнээс гадна, Ч.Нямсүрэн “Эрх зүйн ерөнхий онол”, Б.Минжүүдорж “Эрх зүйн онол” зэрэг олон сурах бичиг байдаг ба эдгээрээс алийг нь ч сонгож болно. Зохиолч бүр өөрийн гэсэн үзэл баримтлал, санаатай тул бид онолын хэд хэдэн ном зэрэг уншиж, ашиглаж байгаа.
Эдгээрээс гадна, “Эрх зүйн онол” хичээлийн профессор хэд хэдэн ном санал болгосон. Дурдвал, Н.Лүндэндорж “Jurisprudence Эрх зүй судлал: философи, онол”, Д.Баярсайхан “Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал”, Н.Лүндэндорж “Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага”, М.Ванчигмаа “Эрх зүйн онол ба төрийн онолын зарим асуудал”, С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо”, С.Боловсон, Х.Болормаа, Т.Наранцогт, Б.Одонтунгалаг, А.Солонго, Б.Тамир “Эрх зүйн үндэс”, Б.Амарсанаа “Харьцуулсан эрх зүй судлал”, Алексеев С.С. “Төр ба эрх зүй”, Ж.Амарсанаа “Ардчилсан эрх зүйт ёс” зэрэг.
“Эрх зүйн онол” хичээлийн судлах зүйлийн нэг хууль зүйн техник байсан тул Н.Лүндээжанцан “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” ном зайлшгүй хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн Н.Лүндэндорж “Төрийн онол” сурах бичиг бол онол судалж ойлгоход дөхөм байхын зэрэгцээ, олон жилийн туршлагатай багшийн бүтээл гэдэг нь номыг нээх мөчид л мэдрэгдэнэ. Уг сурах бичгээс онолын мэдлэг сурч авахаас гадна, текстийн дундуур байх шигтгээ хэсгээс эрх зүйн холбогдолтой олон тооны мэдээллийг авна.
“Иргэний эрх зүй” хичээлийн хувьд нийтлэг үндэслэлтэй аль болох сүүлийн үеийн номтой болох нь зүйтэй. Тухайлбал, Б.Буянхишиг “Иргэний эрх зүйн удиртгал”, Н.Чинбат “Иргэний эрх зүйн лекцийн товчоон (Ерөнхий анги)”. З.Сүхбаатар, П.Оюундэлгэр нарын “Монгол улсын Иргэний эрх зүй (Ерөнхий үндэслэл)” 2022 онд нэмж засварлан 2 дахь удаагаа хэвлэгдсэн, схемчилсэн тайлбар, лавлах ном нь нийт 16 бүлэгтэй, цэгцтэй агуулгатай тул хэрэглэхэд хялбар, хайж буй зүйлээ олоход ч амар. Хэдийгээр лекц хичээл дээр зарим агуулгыг үзсэн боловч, бие даан суралцахад зайлшгүй байвал зохих номын нэг болно.
Түүнчлэн, хуулийн тайлбар номууд хэрэгцээтэй болно. Тухайлбал, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслөөс эрхлэн гаргасан “Монгол улсын иргэний хуулийн тайлбар”, Н.Лүндэндорж “Монгол улсын Үндсэн хууль, шинжлэх ухааны тайлбар” зэрэг.
“Эрүүгийн эрх зүй” хичээлийн хувьд Монголын кримологичдын холбооноос гаргасан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги” сурах бичиг шаардлагатай. Гол нь аливаа ном, бүтээл шинэ хуулийн дагуу бичигдсэн байх нь чухал.
Эрх зүй судлах хүн заавал унших гадаад хэлнээс орчуулагдсан бүтээлийн хувьд Барон де Монтескье “Хуулийн амин сүнс”, Роналд Дворкин “Хуулийн эзэнт гүрэн”, Ханс Кельзен “Хэм хэмжээний тухай ерөнхий онол” зэрэг. Гэхдээ гадаад хэл эзэмшсэн бол эх хэл дээр нь унших нь зөв гэмээр байна. Боломжтой бол эх хэл болон орчуулгыг харьцуулж уншвал эрх зүйн нэр томьёоны хувийн гарын авлагатай болно гэсэн үг.
Эрх зүйн сэтгүүл
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй” хичээлийн хувьд унших хэд хэдэн сэтгүүлийг профессор санал болгосон.
Тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” монгол хэл дээр жилд дөрвөн дугаар, англи хэл дээр нэг дугаар бүхий хууль зүйн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл.
Шүүхийн ерөнхий газрын “Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй, Num Law Review” эрдэм шинжилгээний өгүүлэл сэтгүүл. Үүнээс гадна, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн “Монголын төр, эрх зүй” сэтгүүл, Авлигатай тэмцэх газрын “Шударга ёс” мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын цуврал сэтгүүл, Хүний эрхийн үндэсний комиссын “Хүний эрх” онол, арга зүйн сэтгүүл зэргийг сонирхоорой. Эрх зүйн сэтгүүлүүдэд олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл хэвлэгддэг тул хуучин дугаар байхад ч хэрэгтэй. Нэмж хэлэхэд, ирээдүйд бүтээлээ мэргэжлийн сэтгүүл дээр нийтлүүлнэ гэж бодоод, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих арга, аргачлалыг суралцах нь зүйтэй.
Сонсдог аудио номын апп
Энд бичиж үлдээмээр байгаа зүйл бол сонсдог аудио номын талаар. Уран зохиолын номыг сонсох хэлбэрээр гаргасан байх нь элбэг бөгөөд аппликешн бүрийн төлбөр ялгаатай. Зарим нь сарын тогтмол төлбөртэй, энэ хугацаандаа дуртай номоо унших боломжтой бол, бусад нь ном бүр тусдаа үнэтэй, гэхдээ сар, жилээр хязгаарлагдахгүй, нэг удаа худалдан аваад дуртай цагтаа номоо сонсоно. Монгол хэл дээр аудио хэлбэртэй ном санал болгодог Sonos, Amarnom, Mbook аппликешн бидний дунд өндөр хэрэглээтэй байсан. “Эрх зүйн философи” хичээл дээр унших номууд ихэвчлэн философи, амьдралыг үзэх үзэл, хандлага, зан байдал зэрэгтэй холбоотой бүтээлүүд байсан тул бидний хувьд аудио номыг сонирхох болсон билээ. Харин уншигч таны хувьд энэ мэдээллийг хэрэгцээтэй байх болов уу гэж бодон бичиж үлдээлээ. Цахим болон аудио ном, подкаст бүгд нэг платформ дээр байдаг. Сонсох нь цаг хугацааг үр бүтээлтэй ашиглах, давхар өөр зүйл хийх гээд олон давуу талтайгаас гадна байгаль дэлхийд ээлтэй хэрэглээ гэдгийг дурдах нь илүүц биз.
Магад, сонсох хэрэглэгчийн тоо хязгаарлагдмал гэж үзэн эрх зүй болон хуулийн нарийн мэргэжлийн ном бүтээлийг цахим, аудио хэлбэрээр гаргадаггүй байх. Гэсэн хэдий ч, цаашид энэ чиглэлийн ном бүтээлийг хэвлэмлээс бусад хэлбэрээр бидэнд хүргэнэ гэдэгт гүнээ найдаж байна. Та бүхэн ч гэсэн зохиолчдод ийн хүсэлтээ уламжилж болно шүү дээ.
Вебсайт
Цахим платформуудыг ашиглахын зөвлөж байна.
Тухайлбал, https://legaldata.mn, https://www.legalacademy.mn зэрэг сайтаар зочилж , хэрэгцээтэй гэж үзсэн эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл унших, онлайн хичээл авах боломжтой. Хуулийг эхээр нь уншиж танилцахыг хүсвэл legalinfo.mn хамгийн хэрэгтэй сайт, түүнчлэн "Төрийн мэдээлэл" хууль тогтоомжийн эмхэтгэлээс уншиж болно. Шүүхийн шийдвэрийг supremecourt.mn зэрэг сайтаас үзэж болно. Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны судалгааны эх сурвалжийн цахим ном бүртгэл https://nli.gov.mn/nom/# сайтаас бүтээлийн талаар мэдээлэл авах боломжтой.
Ютүб суваг, подкаст
Эрх зүйн ерөнхий мэдлэгээ сайжруулахыг хүсвэл, ютүб суваг дагах, подкаст сонсохыг зөвлөж байна.
MDSKhanLex LLP /Эм Ди Эс ХаанЛекс ХХН/-ийн “Хуульч” подкаст болон хууль зүйн мэдлэгийн видео зөвлөмжүүд.
Mongolian Bar Association-ийн “Эрх зүйн мэдлэг” подкаст.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын подкаст” болон “1800-1202” подкаст.
Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн гаргадаг “Ярьж буй хууль” нэвтрүүлэг.
Дашрамд, Монголын үндэсний телевизийн “Алганд багтсан Эх орон” нэртэй Үндсэн хууль ба хуулийн шинэтгэлийн нэвтрүүлэг байдаг. Та ютүб сувгаас дугааруудыг нөхөж үзэж болно.
Эрх зүйч мэргэжлийг сонгож, цаашид мэргэжлээрээ хөгжинө гэсэн бодол байгаа л бол "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн оролцсон дугаарыг заавал үзээрэй.
Гавьяат хуульч Б.Чимид
Академич С.Нарангэрэл
Эдгээрээс гадна олон олон ном, бүтээл, сурах бичиг, толь бичиг, номын аппликешн, цахим хуудас, нэвтрүүлэг, подкаст байгаа тул уншигч та энэхүү зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар хандан, мэргэн сонголтоо хийгээрэй.
Эцэст нь “Ном бол ертөнцийг харах цонх” аливаа шинжлэх ухааныг судлах нь лекц хичээл сонсоод, тэмдэглээд өнгөрөх бус, харин тухайн чиглэлийн ном зохиол, судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны ажил уншихаас эхэлнэ.
Эрх зүй анхлан сурагчдад хэрэгтэй ном, сурах бичиг, сэтгүүл, апп, вебсайт, подкаст, онлайн хичээл

#ЭрхЗүйнНом #ХуульЗүйнСурахБичиг #МонголынЭрхЗүй #ХуульЗүйнСэтгүүл #ЭрхЗүйнФилософи #ҮндсэнХууль #ИргэнийЭрхЗүй #ЭрүүгийнЭрхЗүй #ШүүхийнШийдвэрГүйцэтгэл #ЭрхЗүйнТольБичиг #ХуульДээдлэхЁс #ХуульЗүйнШинжилгээ #АкадемичНарангэрэл #Лүндэндорж #Баярсайхан #МонголынХуульЗүйнТогтолцоо #ХуульчдынПодкаст #ХуульЗүйнХичээл #ХуульЗүйнНомынХудалдаа #ИргэнийХуулийнТайлбар #ЭрүүгийнХуулийнТайлбар #МонголынХуульЗүйнЭрдэмтэд #ТөрЭрхЗүйОнол #ХуульЗүйнАкадеми #МонголынХуульЗүйнСудалгаа #ХуульЗүйнПодкаст #Legalinfo #ХуульЗүйнЦахимЭхСурвалж #АлгандБагтсанЭхОрон #ЭрхЗүйнНэвтэрхийТоль #ЭрхЗүйнМэдлэг #ХуульЗүйнӨгүүлэл #ХуульЭрхЗүйнСудалгаа #ЭрхЗүйнЦахимНом
😍
📗
.