Эрх зүйн холимог тогтолцооны ойлголт
- Н.Саруул
- Feb 3, 2024
- 7 min read
Updated: Jan 22
Хураангуй
Газар зүйн нэг бүсэд олон эрх зүйн тогтолцоо оршдогоор тодорхойлогддог эрх зүйн холимог тогтолцооны тухай ойлголт нь эрх зүй, хууль судлаачид болон практик мэргэжилтнүүдийн хувьд сонирхолтой судлагдахуун юм. Энэхүү нийтлэлд эрх зүйн холимог тогтолцооны онцлог шинж чанарыг тодорхойлж, олон ургалч үзэлтэй эрдэмтдийн авч үзсэн тодорхойлолтыг ашиглан холимог тогтолцоотой улсын тоог танилцуулсан. Түүнчлэн Скандинав, постсоциалист улсуудын болон Японы эрх зүйн тогтолцоог товч хэлэлцсэн.
Түлхүүр үгс: эрх зүйн холимог тогтолцоо, эрх зүйн хосолсон тогтолцоо, Японы эрх зүй, Скандинавын эрх зүй, постсоциалист эрх зүй
Эрх зүйн холимог тогтолцооны онцлог шинж чанар
Дэлхий даяар орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоо нь эх газрын, нийтлэг, заншлын, шашны, эсвэл эдгээрийн холимог буюу хосолсон гэсэн үндсэн дөрвөн эрх зүйн бүлийн аль нэгэнд суурилдаг (Ж.Танан, Х.Отгонжаргал, Ц.Пүрэвсүрэн). Гэсэн хэдий ч, зарим харьяалал хэд хэдэн уламжлалд үндэслэсэн өвөрмөц эрх зүйн холимог тогтолцоог бий болгожээ.
Холимог эрх зүй нь газар зүйн нэг бүсэд олон эрх зүйн тогтолцоо оршин тогтнож, улс орон дотор нийгмийн харилцааг өөр өөр хууль тогтоомжоор зохицуулдаг байна. Энгийнээр хэлбэл, эх газрын болон нийтлэг эрх зүйн уламжлалын аль алиных нь элементүүдийг агуулсан эрх зүйн тогтолцоо гэж болно. Холимог эрх зүйн тогтолцоог хосолсон, эрлийз, олон ургалч гэж нэрлэх нь бий.
Жар орчим жилийн өмнө холимог тогтолцоот эрх зүйг бараг хэлэлцдэггүй байсан тул орчин үед хэрэглэгдэх болсон ойлголт юм. Энэ төрлийн эрх зүй нь давхар харьяалал, олон ургалч үзлийн нөлөөн дор өргөн тархсан байна.

Сүүлийн үеийн судалгаагаар эх газрын эрх зүйн 91 тогтолцоо, нийтлэг эрх зүйн 42 тогтолцоо байна гэжээ. Холимог тогтолцооны хувьд эрдэмтэд ойлголт, бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар санал бодлын зөрүүтэй байдаг. Зарим судлаачид эх газрын болон нийтлэг эрх зүйг хослуулан холимог эрх зүйг хязгаарладаг ба энэ тохиолдолд дэлхий даяар ийм эрх зүйн тогтолцоотой улсын тоо 20 хүрэхгүй. Харин олон ургалч үзэлтэй эрдэмтэд илүү өргөн хүрээтэй, бодитой тодорхойлолтыг ашигладаг бөгөөд ийм тогтолцоотой улсын тоог өргөжүүлэн 94 улс гэж тоолжээ (Bussani & Mattei).

Эрх зүйн холимог тогтолцоо нь түүхэн хөгжлийн явцад эх газрын болон нийтлэг эрх зүйн нөлөөлөлд орж, дасан зохицох үүднээс олон талт эх сурвалжтай, шүүгчийн үүрэг харилцан адилгүй ба эдгээр онцлог шинж чанараас шалтгаалан эрх зүйн боловсролдоо томоохон эрх зүйн тогтолцоонуудын уламжлалыг тусгасан байдаг. Дэлгэрүүлэн тайлбарлая.
1. Эх газрын болон нийтлэг эрх зүйн нөлөөлөл
Эх газрын эрх зүйн нөлөөлөл: Эх газрын буюу Ром-Германы эрх зүйн тогтолцооны үндсэн эх сурвалж нь иж бүрэн бичмэл хууль тогтоомж юм. Эдгээр кодууд нь эрх зүйн өргөн хүрээг хамардаг бөгөөд нарийвчилсан дүрэм, зарчмуудыг тусгасан байдаг.
Нийтлэг эрх зүйн нөлөөлөл: Нийтлэг буюу жишгийн эрх зүйн тогтолцоо нь урьд өмнө гарсан тохиолдлууд болон өмнөх хэргүүдийн шийдвэрт тулгуурладаг. Шүүгчид хуулийг тайлбарлах, хэрэглэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шүүхийн практикийн хуримтлалаар эрх зүйн зарчим төлөвшдөг байна.
2. Түүхэн хөгжил
Эрх зүйн холимог тогтолцоо колоничлол, даяаршил, эрх зүйн уламжлалыг нэгтгэх зэрэг түүхэн шалтгааны улмаас хөгжиж иржээ. Хуучин колони улсууд, эсвэл колоничлолын түүхтэй бүс нутгууд колоничлогч гүрний эрх зүйн элементүүдийг өвлөн, орон нутгийн эрх зүйн уламжлалтай хослуулан эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн байдаг.
3. Эх сурвалжийн олон талт байдал
Эрх зүйн холимог тогтолцоо нь хууль тогтоомж, заншлын эрх зүй зэрэг янз бүрийн эх сурвалжаас эрх зүйн орчноо хөгжүүлсэн байдаг. Энэхүү олон талт байдал нь шийдвэр гаргахад уян хатан, дасан зохицох боломжийг олгодог байна.
4. Шүүх, шүүгчийн үүрэг
Эрх зүйн холимог тогтолцоонд шүүхийн гүйцэтгэх үүрэг харилцан адилгүй байдаг. Нийтлэг эрх зүйн арга барилтай төстэй тал нь зарим эрх мэдлийн хүрээнд шүүгчдэд хууль тогтоомжийг тайлбарлах, хэрэглэхэд илүү идэвхтэй үүрэг оролцоог хангадаг бол бусад нь хууль тогтоомжийн тайлбарт анхаарлаа хандуулсан эх газрын эрх зүйн загварыг дагаж мөрддөг байна.
5. Эрх зүйн боловсрол, мэргэжил
Холимог тогтолцооны эрх зүйн боловсрол, хуульчийн мэргэжил нь эх газрын болон нийтлэг эрх зүйн уламжлалыг хослуулан тусгасан байдаг. Хуульч, шүүгчид эрх зүйн аль аль тогтолцоонд бэлтгэгдэж болох ба хууль зүйн боловсролын хөтөлбөрүүд нь өргөн хүрээний эрх зүйн зарчмуудыг хамардаг байна.
Эрх зүйн холимог тогтолцоотой улсын жишээ татвал, Өмнөд Африк нь Ром-Голландын иргэний хууль болон Английн нийтлэг эрх зүйн элементүүдийг эрх зүйдээ тусгасан, Шотланд эх газрын болон нийтлэг эрх зүйн аль алиныг нь нэгтгэсэн өөрийн гэсэн өвөрмөц тогтолцоотой, томоохон эдийн засагтай Япон, Хятад зэрэг орнууд ч мөн эх газрын болон нийтлэг аль алиныг нь хослуулсан эрлийз эрх зүйтэй. Япон болон Филиппин нь ерөнхийдөө төстэй тогтолцоотой.
Японы эрх зүйн тогтолцоо

Японы эрх зүйн тогтолцоо нь иргэн, худалдаа, гэрээ, эд хөрөнгө, зөрчил, гэр бүлийн зэрэг төрөлжсөн, иж бүрэн бичигдсэн хууль тогтоомжтой ба зарим онцлог байдлаараа эх газрын тогтолцооноос зээлдсэн, тэдгээрийг нутагшуулан олон зуун жилийн туршид нийгмийнхээ хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулан хөгжиж иржээ. Энэ утгаараа дэлхийн олон улсын, ялангуяа Хятад, Европын эрх зүйн тогтолцоотой төстэй.
Дэлхийн II дайны дараа тус улсад эрх зүйн томоохон шинэчлэл хийгдэж, 1947 оны Үндсэн хууль нь АНУ-ын нөлөөгөөр Холбоотны эзлэн түрэмгийллийн үед боловсруулагдсан. Үндсэн хууль нь үндсэн хуульт хаант засаглалтай парламентын ардчиллыг тогтоож, хүний үндсэн эрхийг баталгаажуулсан. Эрүүгийн хуульд гэмт хэрэг, шийтгэлийн талаар тусгасан бол шүүхийн процесс нь Америкийн загварыг тусгаж нээлттэй мэтгэлцээний зохицуулалтыг бий болгосон.
Япон улс анхан шатны, дүүргийн, дээд буюу давж заалдах шатны гэх гурван шатлалтай шүүхтэй. Шүүх нь хараат бус байх нь эрх зүйн тогтолцооны үндсэн зарчим бөгөөд шүүгчид хуулийн зарчмыг баримтлан шийдвэр гаргадаг, тэднийг хуулийн шалгалтын системээр томилдог. Эдгээрээс, Японы өнөөгийн эрх зүйн тогтолцоо нь эх газар болон нийтлэг эрх зүйн тогтолцоо, тэр дундаа Америкийн хуулийн эрлийз гэж болно (University of California). Үндэсний соёл, ёс заншлыг эрхэмлэн он удаан жил өөрчлөгдөөгүйгээр материаллаг эх сурвалжуудыг мөрдөж ирсэн нь зөвхөн Японд байдаг систем бүрэлдэн тогтноход нөлөөлжээ.
Скандинавын эрх зүйн тогтолцоо

Скандинавын эрх зүй нь Дани, Норвег, Швед, Финлянд, Исланд зэрэг орнуудыг багтаасан бие даасан тогтолцоо юм. Эдгээр улсын эрх зүй нь тодорхой нийтлэг шинж чанаруудтай боловч түүх, соёл, хууль тогтоомжийн ялгаатай байдлаас үүдэлтэй өвөрмөц талуудтай. Уг эрх зүй нь уян хатан, амьдралд ойр, Европын бусад эрх зүйн тогтолцооноос арай бага догматик, албан ёсны дүрэм, шаардлагаас харьцангуй ангид юм. Харьцуулсан эрх зүйд энэ тогтолцоог ерөнхийдөө эх газрын эрх зүйн дэд бүлэг, эсвэл бие даасан бүл гэж үздэг.
Практикт, тэр дундаа шүүхийн шатанд бий болсон дүрэм, зарчимд ихээхэн анхаарал хандуулдаг. Хуулийн дийлэнх хэсгийг шүүгч гаргадаг бөгөөд шүүхүүд өөрчлөгдөж буй нийгмийн нөхцөл байдлын шаардлагыг чөлөөтэй хангадаг. Иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны шинэчлэл нь орчин үеийн Скандинавын эрх зүйн прагматик, уян хатан шинж чанартай болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн (Hiorthøy). Тэгэхдээ Англи-Америкийн эрх зүйн тогтолцоотой адилтган үзэж болохгүй бөгөөд Скандиновын эрх зүйд шүүхийн жишиг буюу байцаан шийтгэх эрх зүй онцгой үүрэгтэй байдаг нийтийн эрх зүйн хэвшмэл шинж чанар байдаггүй.
Скандинавын орнууд Ромын эрх зүй хэзээ ч мөрдөж байгаагүй, бусад гадаадын эрх зүйн тогтолцоог бүрэн хүлээн авч байгаагүй, Франц, Герман, Австри, Италийн загварын ерөнхий иргэний хууль байдаггүй, цаашид ч ийм төрлийн хуулийг батлах төлөвлөгөө байхгүй гэж болно. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Скандинавын хууль тогтоох байгууллагууд Европын холбооны нөлөөнд орж байгаа.
Постсоциалист эрх зүйн тогтолцоо

Постсоциалист эрх зүйн тогтолцоо гэдэг нь социалист буюу коммунист засаглалаас улс төр, эдийн засгийн өөр тогтолцоонд шилжсэн улс орнуудын эрх зүйн тогтолцоог хэлнэ. Аливаа улс орны өвөрмөц түүх, соёл, улс төрийн сонголтоос тодорхой хөгжил шалтгаалдаг тул социализмын дараах үеийн эрх зүйн нэгдмэл тогтолцоо байхгүй ч социализмын дараах олон эрх зүйн тогтолцоонд ажиглагдсан нийтлэг шинж чанарууд, чиг хандлага байдаг. Гол төлөв төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, нэг намын засаглалаас зах зээлийн баримжаатай эдийн засаг, ардчилсан засаглал руу шилжсэн байдаг. Шилжилтийн үед социалист эрх зүйн зарчмууд болон улс төр, эдийн засгийн шинэ тогтолцооны аль алиных нь нөлөөгөөр эрх зүйн уламжлалууд зэрэгцэн орших болсон. Эрх зүйн олон ургалч үзлийн үр дүнд социализмын үеийн хууль тогтоомж, шинэ хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээ холилдсон гэж болно.
Энэ шилжилтийн үед постсоциалист орнуудын эрх зүйн тогтолцоонд эрх мэдлийн хуваарилалтыг тодорхойлох, хувь хүний эрхийг хамгаалах, ардчилал, хууль дээдлэх зарчим, зах зээлийн баримжаатай эдийн засагт нийцсэн шинэ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг шинээр батлах, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг томоохон өөрчлөлт оржээ. Үүнд, хувийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор гэрээний эрх зүй, өмчийн эрх, бизнесийн зохицуулалт, арилжааны эрх зүйн шинэчлэлийг багтаасан болно. Түүнчлэн, шүүгчийн мэргэшил, сургалтыг дээшлүүлэх, шүүх хуралдааныг шударга, ил тод явуулах, шүүх засаглалд улс төрийн нөлөөллийг бууруулах зэрэг шүүхийн шинэтгэл хийж, шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргасан байдаг.
Постсоциалист орнуудын эрх зүйн шинэчлэлийн замнал нь олон янз байж болох ба тодорхой үе шаттайгаар хүмүүсийн удаан хугацаанд тогтсон ухамсар, ёс заншил, мэдлэг, соёл болон социалист зарчмын удаан үргэлжилсэн хандлагаас хамаарч нарийн төвөгтэй, олон талт байдаг.
Постсоциалист эрх зүйн тогтолцоонд, 1917-1991 оны хооронд социалист байж байгаад сүүлд эх газрын системд шилжсэн Зүүн Европ болон Азийн зарим хэсэг, тухайлбал хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсууд, Зүүн блокийн нэг хэсэг байсан Зүүн Европын орнуудын эрх зүйн тогтолцооны хөгжил багтдаг. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын иргэний хууль нь ЗХУ-ын өмнөх үеийн Европын иргэний хууль тогтоомжид суурилсан бөгөөд дийлэнх зарчмууд нь зах зээлийн эдийн засагтай зөрчилддөггүй. Энд Чех, Польш, Унгар хамаарах ба эдгээд улс гэрээний хуультай. Эдгээр гурван улстай харьцуулахад удаан хугацаанд коммунист дэглэмтэй байсантай холбоотойгоор ОХУ-ын хууль тогтоомж нь зах зээлийн эдийн засагтай тийм ч сайн зохицоогүй (Rubin).
Монгол улс түүхэндээ уламжлалт эрх зүйн тогтолцоотой байсан ч ЗХУ-ын нөлөөгөөр хэсэг хугацаанд социалист эрх зүйг хүлээн авсан байдаг. Харин 1990 оноос Ром–Германы эрх зүйн чигийг баримталж байна. Тиймээс манай орны эрх зүйг постсоциалист эрх зүйн тогтолцоо гэж болно (Astrada).
Дүгнэлт
Эрх зүйн холимог тогтолцоотой улс аль эрх зүйгээс хэр зэрэг авч, хэрхэн хольсон онцлог шинж чанар нь нэг харьяаллаас нөгөөд харилцан адилгүй, тогтолцоо бүр түүх, соёл, улс төрийн өвөрмөц нөхцөл байдлаас хамаарч тодорхойлогддог болохыг анхаарах нь чухал. Эх газрын эрх зүй, нийтлэг эрх зүйн уламжлалын аль алиных нь элементүүдийг нэгтгэж, хууль тогтоомж, кодчилол, прецедент гэх зэрэг олон янзын эх сурвалжийг агуулсан байдаг. Энэ тогтолцоо нь түүхэн нөлөөлөл, эсвэл эрх зүйн уламжлалыг хослуулан бүрэлдэж, шийдвэр гаргахад уян хатан, дасан зохицох хандлагыг бий болгожээ.
Understanding Mixed Legal Systems
The notion of mixed legal systems, wherein multiple legal frameworks coexist within a single geographical region, stands as a compelling subject of inquiry for legal experts and practitioners. This article delves into the delineation of mixed legal systems, outlining their defining traits and enumerating the nations characterized by such legal pluralism, as per the criteria posited by scholars of legal pluralism. Furthermore, the legal landscapes of Scandinavia, post-socialist nations, and Japan are briefly examined to shed light on their distinctive approaches within the realm of mixed legal systems.
Кеуwords: mixed legal system, combined legal system, Japanese law, Scandinavian law, post-socialist law
Н.Саруул
Ашигласан эх сурвалж
Ж.Танан, Х.Отгонжаргал, Ц.Пүрэвсүрэн. (2023). Эрх зүйн бүлүүд. Бие даалтын ажил, Эрх зүйн онол хичээл, Улаанбаатар.
Bussani, M., & Mattei, U. (2013). The Cambridge Companion to Comparative Law. Cambridge University Press.
University of California. (2023, 10 30). Japanese Law Research Guide: Legal System & Statistics. University of California College of the Law, San Francisco: https://libguides.uclawsf.edu/JapanLaw/legal-system-stats
Astrada, S. R. (2010, 01). Exporting the Rule of Law to Mongolia: Post-Socialist Legal and Exporting the Rule of Law to Mongolia: Post-Socialist Legal and Judicial Reforms. Denver Journal of International Law & Policy Denver Journal of International Law & Policy, 38(3), Article 3.
Rubin, P. H. (1994). Growing a Legal System in the Post-Communist Economies. Cornell International Law Journal, 27(1), Aricle 1.
Hiorthøy, F. (2016, 04 11). Scandinavian law. Encyclopedia Britannica: https://www.britannica.com/topic/Scandinavian-law

#ХолимогЭрхЗүйнТогтолцоо #ХосолсонЭрхЗүй #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйБлог #ПостсоциалистЭрхЗүйнТогтолцоо #СкандинавынЭрхЗүйнТогтолцоо #ЯпоныЭрхЗүйнТогтолцоо #ЭрхЗүйнЭхСурвалж #ЭрхЗүйнТүүхэнХөгжил #MixedLegalSystems #ШүүгчийнҮүрэг #ЭрхЗүйнБоловсрол #РомГерманыЭрхЗүй #ЭрхЗүйнХолимогТогтолцоо #ХосолсонЭрхЗүй #ЭрлийзЭрхЗүй #ЭхГазрынЭрхЗүй #НийтлэгЭрхЗүй #ЯпоныЭрхЗүй #СкандинавынЭрхЗүй #ПостСоциалистЭрхЗүй #ЭрхЗүйнУламжлал #ЭрхЗүйнТүүхэнХөгжил #ЭрхЗүйнЭхСурвалж #ЭрхЗүйнБоловсрол #ЭрхЗүйнТогтолцоо #ЭрхЗүйнСудалгаа #ХуульЗүйнСудалгаа #НийтлэгХууль #ЭхГазрынХууль #Колоничлол #Даяаршил #ЗаншлынЭрхЗүй #ЭрхЗүйнУламжлалынНөлөө #ШүүхийнПрактик #ШүүхийнТогтолцоо #ЭрхЗүйнСургалт #ЭрхЗүйнШинэчлэл #ЭрхЗүйнУянХатанБайдал #ЭрхЗүйнБүл
.