top of page

Эрх зүйн хийдэл, түүнийг даван туулах арга зам

  • Writer: Л.Байгалмаа
    Л.Байгалмаа
  • Feb 1, 2024
  • 5 min read

Updated: Mar 9



Эрх зүйн хийдэл, түүнийг даван туулах арга зам
 

Академич С.Нарангэрэл “Эрх зүйн хийдэл гэдэг нь эрх зүйн зохицуулалтын хүрээнд хамаарагдах харилцааг журамлахад зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийн хэм хэмжээ байхгүй байх” гэж Хууль зүйн нэвтэрхий толь бичигтээ тодорхойлжээ (С.Нарангэрэл).

 

Хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан: "Эрх зүйн хийдэл гэдэг нь хууль, түүний хэм хэмжээнүүдээр шууд зохицуулагдах харилцаа нь тийнхүү хуульчлагдаж чадаагүйгээс эрх зүйн үйлчлэл дутагдаж, үр дагавар бий болгосон хууль зүйн нөхцөл байдал мөн, өөрөөр хэлбэл эрх зүйн үр дагавар бүхий хуульчлагдаагүй нөхцөл байдал юм" гэжээ (Д.Баярсайхан).

 

Эрх зүйн шинж чанар бүхий маргаантай харилцааг эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй нөхцөл байдалд эрх зүйн хийдэл үүсдэг байна. Эрх зүйн хийдлийг хэм хэмжээний актыг батлан гаргах үед үүсэх анхдагч хийдэл, эрх зүйн актыг батлан гаргасны дараа илрэх уламжилсан хийдэл гэж үүсэх цаг хугацаагаар нь ангилж болно. Ерөнхийдөө эрх зүйн хийдэл нь амьдралын бүхий л тохиолдлыг хууль тогтоомжоор зохицуулах боломжгүй байх, хууль тогтоомж нийгмийн амьдралаас хоцрогдсон байх[1], нэг асуудлыг олон хуулиар зохицуулсан байх[2][3], хууль буруу байх[4], хууль зүйн техникийн доголдол дутагдал байх[5], эсвэл эдгээрийн нийлбэр шалтгаанаас[6] гардаг байна.

 

[1] Эрх зүйн зохицуулалтгүй орчин (ваакуум): шинээр үүссэн нийгмийн харилцааг зохицуулахад эрх зүйн хэм хэмжээ дутагдах байдал.

[2] Позитив эрх зүйн зөрчилдөөн (коллизи): өөр хоорондоо зөрчилтэй хоёр буюу хэд хэдэн хэм хэмжээ нэг асуудлыг зохицуулах байдал.

[3] Позитив эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөн (конкуренци): өөр хоорондоо зөрчилгүй хоёр буюу хэд хэдэн хэм хэмжээ нэг харилцааг зохицуулах байдал.

[4] Позитив эрх зүйн алдаа: бодит нөхцөлийг дутуу үнэлсний уршгаар эрх зүйн хэм хэмжээ буруу бүтээгдэх байдал.

[5] Позитив эрх зүйн хийдэл: нэгэнт бий болсон нийгмийн зарим харилцааг зохицуулах болон хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хэм хэмжээ бүрэн буюу хэсэгчлэн дутагдах байдал. Бүрэн дутагдахыг эрх зүйн зохицуулалтгүй орчин гэж үзэх бол, хагас дутуу зохицуулалтыг хуулийн цоорхой (ярианы хэллэг) гэнэ.

[6] Эрх зүйн ханшгүйдэл (инфляци): эрх зүйн зохицуулалтын нүсэр байдал, нэг харилцааг зохицуулсан эрх зүйн олон актуудын өрсөлдөөн, зөрчилдөөн, үл зөвшил, харилцан үгүйсгэлийн ноцтой үр дагавар (Ч.Нямсүрэн).

 

Эрх зүйн хийдлийг арилгах үр нөлөөтэй арга нь эрх зүйн шинэ хэм хэмжээг батлах явдал юм. Гэсэн хэдий ч, хуулийг ойрхон шинэчилж баталснаар хуулийг хэрэгжүүлэх явцад урьд баталсан хууль, түүнийг дагаж гаргасан дүрэм, журмыг хэрэглэж, төөрөлдөх, дараагийн дүрэм, журмыг нь богино хугацаанд батлаагүй, нийтэд сайтар мэдээлж, сурталчлаагүйгээс хийдэл гарах нөхцөл бүрддэг байна. Тиймээс хуулийг боловсруулах явцад дагаж гарах дүрэм, журам, бусад баримт бичгийн төслийг хамтад нь боловсруулж, хэлэлцүүлж байвал хийдэл, давхардал гаргахгүй байх ач холбогдолтой.

 

Хууль зүйн ухааны доктор Д.Лүндээжанцан “Хуулийн хийдэл гэж тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг хуульчилсан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам, процедурыг заагаагүй, шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан, эсхүл зохицуулалт нь хэл зүйн найруулгын хувьд зөрчилтэй буюу салаа утгатай байхыг хэлнэ” гэжээ (Д.Лүндээжанцан)[7].

 

[7] Д.Лүндээжанцан “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” гарын авлага номын дөрөвдүгээр бүлэг “Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” хэсгээс ашиглав (Д.Лүндээжанцан, 2016).

 

Хэрэглэгдэж буй, батлагдсан хууль тогтоомж нь зарим тохиолдолд хийдэлтэй байх ба үүний улмаас хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй байдал бий болдог. Хууль тогтоомжийн хийдлийг тогтоох нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль бүтээх практикт болоод хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх болон хуулийн хэрэглээний хувьд нэн чухал ач холбогдолтой аж. Тиймээс, хууль тогтоомжийн хийдлийг арилгах асуудлыг тус бүрд нь тухайлан авч үзэх шаардлагатай. Товчоор хэлбэл, хууль нь эрх зүйг амьдралд хэрэгжүүлэх нэг хэлбэр, эрх зүйн хийдэл нь хууль тогтоомж батлагдсаны дараа илэрдэг учраас хууль тогтоомжоос эрх зүйн хийдлийг хайх хэрэгтэй.


Монгол улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх тухай 17.2.2 дугаар зүйлд “хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах” нь хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэх аргачлал гэж заажээ (Хууль тогтоомжийн тухай хууль, 2015).


Хууль тогтоомжийн хийдлийг арилгах нь хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах цогц үйл ажиллагааны нэг хэсэг болдог. Энэхүү үйл ажиллагааг бэлтгэл, тогтоох, системчлэх, тайлагнах, арилгах гэсэн үе шатуудаар хийдэг.


Бэлтгэл үе шатанд сонгож авсан хуультай холбоотой хууль, олон улсын гэрээ, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн тогтоол, Засгийн газрын тогтоол, Сайдын тушаал, Засгийн газрын агентлагийн даргын тушаал, Монгол улсын Их хурлаас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр гэх эрх зүйн актыг цуглуулна.


Тогтоох үе шатанд тухайн хуультай шууд холбогдох хуульчилсан акттай сонгож авсан хуулийн заалт бүрийг харьцуулан судална. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг харгалзан үзсэний үндсэн дээр хийдлийг тогтооно. Тухайлбал, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлагдсан эсэх, процедурын шинжтэй зохицуулалт нь ойлгомжтой, тасралтгүй үргэлжлэх боломжтой байдлаар томьёологдсон эсэх, тодорхой эрх үүргийг хэрэгжүүлэх этгээд нь тодорхой эсэх, уг асуудлыг шийдвэрлэх хугацааг тодорхой заасан эсэх, хориглосон зохицуулалт нь түүнийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгасан эсэх, Улсын дээд шүүхээс тайлбарлаж байсан эсэх, энэхүү тайлбар нь түүний хийдлийг арилгахад чиглэгдсэн эсэх, хуульд байх шаардлагатай зохицуулалт бүрэн тусгагдсан эсэх, хуулийн зүйл, заалт, зохицуулалт нь ойлгомжтой байгаа эсэхийг тодорхойлох зэрэг болно. Үүнээс гадна, иргэн, хуулийн этгээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн хувийн хэргээс иргэдээс баримт, тайлан мэдээ гаргуулах ач холбогдлыг тодруулж, тайланг эрх бүхий байгууллагаас авч, шаардлагатай эдийн засгийн тооцооллыг хийх, хугацааг тогтоох, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид олгож буй нөхцөлийг судлах, хуулийн хэрэгжилттэй холбоотой тоо баримт, тайлан мэдээ, мэдээллийг холбогдох төрийн болон бусад байгууллагаас гаргуулан авч судална.


Системчлэх үе шатанд хууль тогтоомжийн тодорхой зүйл, хэсэг заалт, бичвэрийн болон агуулгын хувьд давхардсан, зөрчилдсөн бол эрэмбийн хувьд дээд хүчин чадалтай, эсхүл суурь харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид бусад хууль тогтоомжийг нийцүүлэх бодлого баримтлах ёстой байдаг.


Тайлагнах үе шатанд хууль тус бүрээр хууль гаргагчийн саналыг нэгтгэнэ. Энэхүү тайлан нь тодорхой бүрдэл хэсгүүдтэй, хэсэг бүрд тусгах асуудалтай, дүгнэлт, санал, хавсралт гэсэн хэсэгтэй байна.


Арилгах үе шатанд тайлангийн саналд үндэслэн хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулна.


Дотоод гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүд хууль тогтоомжийн төсөл боловсруулах, үр нөлөөг тооцох, эрх зүйн хийдэл, давхардлыг арилгах чиглэлээр аргачлал, арга зүйн баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад томоохон хувь нэмэр оруулдаг.


Хуулийн хийдлийг арилгах хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах үйл ажиллагаанаас гадна эрх зүйн хийдлийг шийдвэрлэхэд хуульд заасны дагуу хуулийг төсөөтэй хэрэглэх, эсвэл эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлнэ.


Эрх зүйн хийдлийг төсөөтэй хэрэглэх замаар даван туулах боловч, бүрэн арилгаж чадахгүй тул гагцхүү хууль тогтоох замаар л шийдвэрлэнэ. Энд, хуульд тодотгол хийх болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригддаг. Хуульд тодотгол хийх нь хуулийг тайлбарлахаас өөр ойлголт ч гэлээ түүний хүрээнд багтдаг, хуулийг гарах үед нь буюу гарсны дараа нь хуулийн заалтыг ойлгож хэрэглэх журмыг тогтоох явдал юм. Харин, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг нь хуулийн заалтуудын агуулгыг бүрэн тодорхой болгох, эрх зүйн хийдлийг арилгах үүднээс зарим заалтыг нэмэх, засаж найруулах, хянан засварлах зэргээр шинэчлэн өөрчлөх явдал юм. Хуульд бүхэлд нь буюу тодорхой хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлнэ.


Төгсгөлд нь “Хууль тогтоомжид хийдэл гарсан үед эрх зүйг хэрхэн хэрэгжүүлэх вэ?” гэсэн асуултын хариултыг өгөх нь зүйтэй. Хуульд хийдэл гарсан тохиолдолд өөр өөрөөр ханддаг байна. Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг, захиргааны зөрчил байхгүй бол ял шийтгэл, захиргааны хариуцлага байхгүй гэсэн зарчим үйлчилнэ. Харин иргэний эрх зүйд адил төстэй харилцааг зохицуулж байгаа зарчим, хэм хэмжээг хэрэглэдэг буюу хуулийг төсөөтэй хэрэглэдэг байна. Боловсронгуй, өв тэгш хуультай улс байхгүй ч, постсоциалист манай орны хувьд эрх зүйн хийдэл илүү ажиглагддаг гэж хэлж болно.

Л.Байгалмаа

Ашигласан эх сурвалж

С.Нарангэрэл. (2015). Монголын эрх зүйн Англи, Орос, Латин хадмал эх толь бичиг (4 дэх хэвлэл). Улаанбаатар, Монгол: Адмон принт.


Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол. (Т.Мөнхжаргал, ред.) Улаанбаатар, Монгол: Уриа компани.


Ч.Нямсүрэн. (2010). Эрх зүйн ерөнхий онол. Улаанбаатар: Соёмбо принтинг.

Д.Лүндээжанцан. (2016). Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник. Улаанбаатар, Монгол: BCI хэвлэлийн газар.


Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (05 29, 2015). Хууль тогтоомжийн тухай хууль. https://legalinfo.mn/mn/detail?lawId=11119

Эрх зүйн хийдэл

Эрх зүйн хийдэл

#ЭрхЗүйнХийдэл #ХуулийнХийдэл #ЭрхЗүй #ЭрхЗүйнОнол #LawyerBirdie #ХуульчШувуухай #ХуульТогтоомжийнҮрНөлөөгҮнэлэхАргачлал #ХуульдТодотголХийх #ХуульдНэмэлтӨөрчлөлтОруулах #УламжилсанХийдэл #АнхдагчХийдэл #ХуульТогтоомжийнХийдэл #ЭрхЗүйнМаргаан #ХуульЗүйнЗохицуулалт #ЭрхЗүйнСистем #ХуульЗүйнШинжлэхУхаан #ХуульТогтоомжийнДавхардал #ИргэнийХууль #ЭрүүгийнХууль #ХуулийнХийдлийгАрилгах #ХуульТогтоохПроцесс #ХуулийнТөсөөтэйХэрэглээ #ХуульЗүйнУхаан #МонголУлсынХууль #ШүүхийнШийдвэр #ХуульТогтоомжийнХэрэглээ #ШударгаЁс #ХуульЗүйнПрактик #ХуульТогтоомжийнТайлбар


1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page