top of page

Эрх зүйн онолын хөгжлийн тойм

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Oct 28, 2023
  • 27 min read

Updated: 2 days ago



Эрх зүйн онолын хөгжлийн тойм

Удиртгал

Энэхүү судалгааг “Эрх зүйн онолын хөгжлийн тойм” сэдвийн хүрээнд хийлээ.


Нэн түрүүнд, “Эрх зүй гэж юу вэ?” гэх асуултыг тавьж эрх зүйн талаарх ойлголтыг тодрууллаа. Үүнээс улбаалан, “Эрх зүйн онол юу судалдаг вэ?” гэх асуултын хариуд эрх зүйн шинжлэх ухааны судлагдахууныг сонирхов. Нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор эрх зүй үүсэж, оршин байх ёстойг түүхэн хөгжил харуулсан ба “Эрх зүйг хэн, хэзээ, хаана үүсгэсэн бэ?”, “Эрх зүй дундад зууны үед хэрхэн хөгжсөн бэ?”, “Эрх зүйн орчин цагийн суурь хэзээ тавигдсан бэ?” гэх асуултыг он цагийн дарааллын дагуу тавьж тухайн үеийн эрдэмтэн судлаачид, тэдний бүтээлийг онцлов. Ийн байдлаар судлах нь эрх зүйн онолын түүхчлэн судлах аргад тооцогддог ба энэхүү ажилд түүхэн цаг үеийн нөхцөлд эрх зүйн онолын хөгжлийн зүй тогтлын талаас нь судалсан билээ.


Улмаар, “Эрх зүй Монголд хэрхэн хөгжсөн бэ?” гэсэн асуултыг тусгайлан авч үзлээ. Энэ хэсэгт, манай улсын эрх зүйн хөгжил, түүх, байгаль орчин, ахуй амьдралын хэв маягтай, товчхондоо суурьшмал бус, харин нүүдэлчин иргэншилтэй салшгүй холбоотой тул эдгээр шинжээр нь диалектик хандлагын аргаар судлах оролдлого хийв.


Эрх зүйн онолуудыг тайлбарлах зорилгоор “Эрх зүйн ямар онолууд байдаг вэ?” гэх сүүлийн асуултын хариуг товч өглөө. Энэ маягаар асуулт тавьж, хариулт өгөх байдлаар судалгааг зургаан бүлэгт хуваан бичиж, үндсэн зорилго болох эрх зүйн онолын хөгжлийг тоймлон хүргэв. Энэ хүрээнд эрх зүйн онолууд, түүхэн хөгжил, судлагдахуун, ач холбогдлын талаар оруулахыг хичээлээ.


Эцэст нь дүгнэлт, ашигласан эх сурвалжийг оруулав. Судалгааны ажилд ном бүтээлүүд, хичээлийн лекц, бусад мэдээлэл эх сурвалжийг ашигласан. Ойлгомжтой байлгах үүднээс зүүлт тайлбарыг түлхүү оруулж, чухал гэж үзсэн нэр томьёоны ард хаалтад латин хэлээр тэмдэглэж, зарим нэр томьёог англи хэлээр бичив.


Түлхүүр үгс: эрх зүй, Ромын эрх зүй, хууль тогтоомж


Эрх зүй гэж юу вэ?

“Эрх зүй гэж юу вэ?” гэдэг асуултын хариултын эрлээ толь бичгээс эхлэв. Хуулийн уг сурвалж болсон хэл нь латин гэдгийг мэдэх ч гэлээ, энэ хэлийг эзэмшээгүй тул зах зухаас нь гадарлах англи хэл рүү эрх зүй гэсэн үгийг орчуулж үзэхэд (i) legislation, (ii) jurisdiction гэх хоёр утгаар илэрхийлсэн байв (Bawden). Эргүүлээд орчуулахад legislation нь хууль тогтоомж, түүнийг боловсруулах, тогтоох, харин jurisdiction нь хуулийн дагуу шийдвэр гаргах албан ёсны эрх мэдэл буюу шүүх эрх мэдэл, түүний хэмжээ гэжээ (Оксфорд Монсудар). Үүнээс эрх зүй гэдэг нь хууль тогтоомж хэр нь шүүх эрх мэдэл байна гэсэн анхны дүгнэлтээ хийв.


Үүний дараагаар, Монгол хэлний хураангуй тайлбар толь бичгээс хайхад, “Эрх зүй гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, зөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалсан бөгөөд уг харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон бичиг” гэжээ (Б.Баярсайхан). Энэхүү тайлбар нь нэлээд тодорхой, ихэнх сурах бичиг, лекц хичээл дээр ашиглагддаг тодорхойлолт мөн ч, хууль зүйн нэр томьёо ба ухагдахууны мэргэжлийн тайлбар толинд чухам юу гэсэн талаар сонирхох нь зүйтэй гэж үзэн цааш хайлтаа үргэлжлүүлэв.


Академич С.Нарангэрэлийн Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь бичигт “Эрх зүй гэдэг нь төрд хамаарагдах нийгмийн нэлээд нарийн төвөгтэй үзэгдэл” хэмээн тодорхойлжээ (С.Нарангэрэл). Уг нэвтэрхий тольд эрх зүйг хэд хэдэн янзаар ойлгон авч үздэг гэсэн байгаа нь анхаарлыг ихэд татав.

 

Эрх зүй нь төрөөс тогтоосон, зөвшөөрсөн, хангагдсан олон янзын, нийтээр заавал дагаж мөрдөх зан үйлийн журам.

 

Нийгмийн зохион байгуулалтад орсон хүмүүс хамтын амьдралаа зохицуулахын тулд өөрсдийн дагаж мөрдөх зарим зан үйлийг нийгмийн гишүүдээс хэн нэгнийгээ онцлохгүй, бүгдээрээ тэгш, заавал дагаж мөрдөж байхаар журамладаг байна. Ийн журамлахдаа, бүхий л зан үйлийг хамрахгүй, тодорхой нөхцөл байдал үүсэхэд зохицуулах удирдамж маягтай нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл байна. Хүмүүс өөрсдийн дундаас сонгосон, тэднийг төлөөлөх удирдлага буюу төрөөр журмыг тогтоолгодог гэж ойлгов. Энэхүү тодорхойлолттой эрх зүйн зохицуулалтын императив[1] буюу захирамжлах, диспозитив[2] буюу эрх тэгш зохицуулах арга холбоотой. Эдгээр нь нийгмийн тодорхой төрлийн харилцаанд үйлчлэн нөлөөлдөг байна.

 

Заримдаа эрх зүй нь хэн нэгний хөндлөнгийн оролцоогүйгээр төрийн хамгаалалтын дор хувь хүмүүнд хамаарах чөлөөтэй захиран зарцуулах зүйл.

 

Энэ тодорхойлолтыг нийгмийн гишүүн, хувь хүний эрхийг төрөөс хамгаалдаг гэж тайллаа. Төрөөс эрх тэгш, хүсэл зоригийн шинжтэй зохицуулалтыг хийдэг байна.

 

Эрх зүй нь хууль зүйн хэм хэмжээний тогтолцоо.

 

Хэм хэмжээ гэдэг нь нийгмийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг бэхжүүлсэн хууль тогтоомж болно. Түүний заалтууд нь системчлэгдсэн, харилцан уялдсан, нөхцөлдсөн байдлаар үйлчилдэг. Товчхондоо эрх зүй нь өөрийн гэсэн илэрхийлэгдэх хэлбэртэй аж.

 

Эрх зүй хэмээх нэр томьёо нь жам ёсны эрхийг багтаасан эрх зүйн бүх үзэгдлийн цогц.

 

Энд яригдаж буй жам ёсны эрх гэдгийг төрөөс батлан тогтоосон эрхээс гадна, бүх нийтэд хамааралтай, хүнд байгалиас заяасан төрөлхийн салшгүй эрхийг ойлголоо. Харин эрх зүйн бүх үзэгдэл гэдэг нь тодорхой нөхцөл байдал үүсэхийг хэлж байна.

 

Хууль тогтоогч эрх зүйн объектив хэв шинжийг хуульд сайтар тусгах үндсэн үүрэгтэй. Эрх зүй нь хууль тогтоогчийн удирдамж, хэн нэгний дур зоргоороо тогтоосон хэм хэмжээ бус, төрөөс хараат бус, тогтмол байнга үйлчлэх, эрхэм дээд өгөгдөл, зарчим, нөхцөл, шударга ёс, жудаг, нинжин сэтгэл, үнэт зүйлсийн объектив журам, Мөнх тэнгэр, эсвэл бурхны өгөгдөл.

 

Хууль тогтоогч гэж төрийг хэлж буй хэрэг. Төр нь хэм хэмжээ, журмыг батлан гаргах, хэрэгжүүлэхээс гадна, тэр хүрээндээ албадах эрхтэй байхаар зохицуулалтыг хийдэг байна. Эргээд эрх зүйг төр хамгаалдаг гэж хэлж болно.


Дүгнэвэл, эрх зүй гэдэг нь (i) тухайн үндэсний зарим зан үйлийг, (ii) нийтээрээ, (iii) заавал дагаж мөрдөхөөр, (iv) нийгмийн дундаас төлөөлөхөөр сонгогдсон төрөөс гаргасан журам байна. Үүнээс гадна, нийгмийн харилцааны олон тооны маргаан, асуудлыг шийдвэрлэх, шүүн таслах мэдэл, аливаа шийдвэрээ албадлагаар хэрэгжүүлэх эрхийг төрд олгодог. Төрийн эрх зүйн чиглэлийн буюу засаглалын зарим харилцаанд захирамжлах аргыг өргөн хэрэглэдэг. Үүнээс цааш төр зохион байгуулалтын хувьд хууль бүтээх, батлах; хэрэгжүүлэх, гүйцэтгэх; шүүх засаглалтай байх талаар яригдах ч, ажлын сэдэв эрх зүйн онолын хөгжлийн тойм тул энэхүү судалгааны сэдвээс нэг их хазаахгүйгээр энэ талаар судалгаанд хөндөнө.


Судалгааг эхлэхдээ толь бичиг ашиглаж эрх зүй гэх үгийг англи хэл рүү хөрвүүлэхэд, эрх зүйн шинжлэх ухааныг jurisprudence (jurisrudentia) гэсэн байв (Bawden). Үүнээс үүдэн эрх зүй нь шинжлэх ухаан болохын хувьд ямар нэг зүйл судална. Тиймээс “Эрх зүйн онол юу судалдаг вэ?” гэсэн дэд асуултыг тавилаа.


Дараагийн хэсэгт шилжихээс өмнө эрх зүйн онолын тодорхойлолтыг “Эрх зүйн онол” сурах бичгээс авч үзэв. Эрх зүйн онол гэдэг нь хууль зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий объектын хамгийн түгээмэл ойлголт, категори, зарчим, зүй тогтлыг эмпирик социологийн буюу логик, хийсвэрлэлийн замаар нээн илрүүлж тодорхойлсон, олон улсын болон үндэсний хүрээнд хүлээн зөвшөөрсөн, эрх зүйн үзэгдэл, бодит байдлын тухай хууль зүйн суурь мэдлэгийн цэгцтэй систем юм (Д.Баярсайхан).


Эрх зүйн онол юу судалдаг вэ?

Эрдэмтэн Б.Чимид[3] “Эрх зүйг хувийн болон нийтийн гэсэн хоёр дэд тогтолцоонд хуваарилан ангилах, судлах, эрэмбэлэх нь барилгыг дээврээс нь биш сууриас эхлэхтэй нэгэн адил ерөнхий асуудлаа, дараа нь тусгаар асуудлаа шийдэх зарчимд нийцэх болно” гэжээ (Б.Чимид). Эрдэмтэн судлаачид, эрх зүй нь шинжлэх ухаан болохын хувьд хувийн болон нийтийн эрх зүйн ялгаатай байдлыг ашиг сонирхлын онол, субъектийн онол, шатлалын онол, тусгай эрхийн онолын үзэл баримтлалуудаар тайлбарладаг. Ийн ангилах нь тухайн харилцаанд оролцогчийн зан үйлийн хэр хэмжээг тогтооход онолын төдийгүй, практикийн хувьд чухал ач холбогдолтой (З.Сүхбаатар). Эрх зүй нь хувийн болон нийтийн гэж хуваагдах тул эдгээрийг судалдаг гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн системийн талаар судална.


Эрх зүйг онолын түвшинд философийн ойлголт, категори болохын хувьд танин мэдэхүйн арга, зарчмаар судлах нь ач холбогдолтой. Тиймийн учир эрх зүйн онол нь зөвхөн зохицуулалтыг судалдаг гэвэл бага зэрэг явцуу болно. Эрх зүйн онолын судлах зүйлийн хүрээнд мөн чанар зүй тогтол, зорилго зарчим, хэм хэмжээ, харилцаа, зөрчил, ухамсар соёл, хэрэгжүүлэх үйл явц багтана. Эрх зүй яг ямар байх ёстой болон одоо ямар байгаа хоёрыг харьцуулан судлах нь зүйн хэрэг. Ямар байх ёстойг хэн хэлж өгөх вэ, хэрхэн харьцуулах талаар ч үе үеийн ухаантнууд өөр өөрийн санал бодолтой байсан байж таарна. Тиймээс үргэлжлүүлэн эрх зүйн хөгжлийг авч үзэхдээ “Эрх зүйг хэн, хэзээ, хаана үүсгэсэн бэ?” гэх асуултыг тавив.


Эрх зүйг хэн, хэзээ, хаана үүсгэсэн бэ?

Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэнд засаглалын тогтолцоо бий болж, үүнтэй зэрэгцэн эрх зүй хөгжсөн байна. Мэдэгдэж байгаагаар 4000 жилийн өмнө дэлхийн анхны соёл иргэншил Месопотамид[4] Урын хаан Ур-Намму анхны бичмэл хуулийг гаргажээ (DK London).


Шашин, заншил үнэмшилд суурилсан зан үйлээс анхны хууль, хуулийн эмхэтгэл бий болсон нь тухайн үед бурхны эрх мэдлийг хууль илэрхийлдэг гэдэгт нийтээр эргэлзээгүй итгэдэг байсантай салшгүй холбоотой. Жишээ татвал, Еврейн Библид Тора, Моисейд бурхад арван цээрийг заасан, хожим Тора бурхан Талмудыг[5] өгсөн; Хятадад хаадад тэнгэр заяагаар эрх мэдэл олгогдсон, тэнгэрийн таалал гэж үзсэн байдаг.


Үүнээс хойш (i) дэлхийн соёл иргэншлүүд нийгмээ зохион байгуулахын тулд эрх зүйг хөгжүүлэх хэрэгцээ үүсэж, (ii) хоорондоо зөвхөн хуурай газраар бус, түүнчлэн далайн тээвэр хийн худалдаа наймаа хөгжиж, худалдааны дүрэм шаардлагатай болжээ. МЭӨ V зууны үеэс Хятадад засаглалын эрс ялгаатай конфуцианизм[6], даонизм[7], легализм[8] гэх гурван систем бий болсон. Мөн энэ хугацаанд Афин хотод насанд хүрсэн иргэн бүр засаглалд оролцох ардчиллын хэлбэр үүссэн ч, тухайн үеийн Грекийн гүн ухаантан ПлатонТөгс улсад философи үзсэн хүнээр замчлуулсан диктатор хүн засаглавал зохино” хэмээн үзэж байв. Үүний эсрэг “Эрх зүй байгалийн хуультай уялдах ёстой” гэсэн үзэлтэй Аристотель ард түмний үндсэн хуульт засаглалыг дэмжсэн байдаг. МЭӨ II зуунд Энэтхэгт Арташастра, Манусмритид номлосон кастад хуваарилсан хатуу шатлал бүхий нийгмийг илүүд үзэж байв (DK London).


Эдгээр түүхэн баримтаас харвал, эрх зүйн онолын хөгжлийг ойлгохын тулд соёл иргэншил үүсэх хугацаанаас л хөгжиж ирсэн эрх зүйн сэтгэлгээ, түүний хэлбэршлийг авч үзэх шаардлагатай нь ойлгомжтой. Тухайн үеийн агуу сэтгэгчид эрх зүйн онолын анхны суурийг тавьсан байна. Тэдний нэг нь Аристотель бөгөөд тэрээр эрх зүй нь хүмүүс хамтран харилцах нийгмийн зохион байгуулалтын бий болгосны үр дүнд үүссэн гэх байгалийн онолыг[9] үндэслэжээ.


Эрх зүйг хэн, хэзээ, хаана ангилж төрөлжүүлсэн бэ?

Нийгмийн харилцааны аливаа маргааныг хувийн болон нийтийн хэмээн ангилдаг хэмээн өмнөх бүлэгт дурдсан бөгөөд “Эрх зүйг хэн, хэзээ, хаана ангилж төрөлжүүлсэн бэ?” гэх асуултаар энэ бүлгийн судалгааг үргэлжлүүлэн хийлээ.


Эртний Ром нь МЭӨ VIII зуунаас МЭ VI зуун хүртэл хугацаанд оршин тогтнож байсан ба нийгмийн харилцааг зохицуулах, тэр дундаа уугуул үндсэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор, тэдний тусын тулд үйлчлэх хувийн эрх зүй (Jus privatum), Ромын төрийн эрх зүйн байдлыг тодорхойлохын тулд нийтийн эрх зүй (Jus publicum) гэх ойлголтуудыг бий болгосон байна (З.Сүхбаатар).


Эртний Ромын эрх зүйн хөгжлийн үе шатыг эх сурвалж болон зохицуулалтад хамаарч буй субъектийн хүрээ хязгаараар гол шалгуур болговол, МЭӨ VIII-IV зуун эртний Ромын үе; МЭӨ IV-I зуун сонгодог эрх зүйн өмнөх үе; МЭ I-III зуун сонгодог эрх зүйн үе; МЭ IV-VI зуун сонгодог эрх зүйн дараах үе гэж дөрөв ангилж болно (Б.Баттулга).


Эртний Ромын үе: МЭӨ VIII-IV зуун

Энэ үед үйлчилж байсан хэм хэмжээ нь зөвхөн Ромын иргэд (cives) болох Квиритүүдийн (Quirites)[10] оролцож байсан харилцаанд хамааралтай байсан[11]. Чухам энэ үед л иргэний эрх зүй гэх ойлголт бий болж өнөөдрийг хүртэл үндэсний эрх зүйн системийн чухал бүрдэл хэсэгт тооцогддог.


Сонгодог эрх зүйн өмнөх үе: МЭӨ IV-I зуун

МЭӨ III зууны сүүлээр Ром газар дундын тэнгисийн хүчирхэг улс болж, патрици[12] (patricius) болон плебей[13] (plebs) нарын тэмцлийн үр дүнд дотоодын эрх зүйн шинэтгэл хийж эхэлсэн байдаг. Тухайлбал, зөвхөн Квиритүүдэд үйлчлэх хязгаарлагдмал хүрээг тэлж, Ромын иргэдийн хоорондох шүүх хурлыг хариуцдаг хотын претор[14] (praetor urbanus) болон Ромын иргэд болон гадаадын иргэдийн хоорондын, эсвэл харь иргэдийн өөр хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй харь иргэний преторын (praetor peregrinus) магистратын[15] газар байгуулжээ. Ингэснээр нийгмийн харилцаанаас үүдэлтэй маргааныг шийдвэрлэхээс гадна, эрх зүйн бүхий л алдаа, хийдэл, боловсронгуй бус байдлыг ойлгож, тэмдэглэж эхэлсэн байна.


Энэ үеэс нийгмийн харилцаанд гарах аливаа маргааныг таслах, шийдвэрлэх өнөөгийн тогтолцооны албан хэлбэр бүрэлджээ.


Сонгодог эрх зүйн үе: МЭ I-III зуун

Энэ үед эрх зүй улам бүр хөгжиж, оргил үедээ хүрсэн хэмээн түүхчид үздэг. Өөрөөр хэлбэл, эрх зүйг шинжлэх ухаан (jurisrudentia) хэмээн хүлээн зөвшөөрчээ. Уг шинжлэх ухаан цааш салбарлан Прокульяны, Сабиньяны сургууль үүссэн. Улмаар эрх зүйн гол гол институт бий болж, хууль зүйн боловсрол, сургалтын тогтолцоо бүрэлдэж, шилмэл эрх зүйчдийн эгнээ өргөжсөн байна. Тэд хойч үеийн хуульчдын үйл ажиллагааны гол тулгуур болох, сургалтад зориулагдсан бүтээлүүдийг туурвиж үлдээсэн байдаг.


Тухайн үед хуульчид (i) иргэдээс ирсэн асуултад хууль ёсны хариулт өгөх (responsa); (ii) хууль тогтоомж, эрх зүйн бусад хэм хэмжээний утгыг тогтоох үүднээс тайлбар өгөх гэсэн үндсэн хоёр үүргийг гүйцэтгэдэг байв. Энэ хоёр чиг үүрэг нь сонгодог эрин үед Ромд эрх зүйн шинэ хэм хэмжээг бий болгох бие даасан арга, эх сурвалжуудын нэг болгон хувиргахад хүргэжээ (Зайков).


Энэ үеэс хуульч гэдэг мэргэжил үүссэн бөгөөд өнөөгийн эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч бүгд өөр өөрийн ялгаатай үүрэгтэйгээр эрх зүйн харилцааны хэсэг болон төлөвших суурь тавигдсан байна.


Сонгодог эрх зүйн дараах үе: МЭ IV-VI зуун

Эрх зүйн хөгжилд гарсан томоохон өөрчлөлт бол сонгодог эрх зүйн дараах үед хүн төрөлхтний түүхэнд анх удаа хийгдсэн эрх зүйн системчлэл ба энэ нь Ромын эзэнт гүрэн мөхсөний дараа ч оршсоор байсан.


Юстиниан хааны үед 528-534 онд хуулийн хүчин чадал бүхий Институций (Institio), Дигест (Digesta), Кодекс (Codex) гэх гурван эмхэтгэл зохиогджээ.


Институций (Institio)

Институций нь Ромын хуульчдын хувийн эрх зүйн анхан шатны сурах бичгийн нэр юм. II зууны Ромын нэрт хуульч Гайн Институций хамгийн алдартайд тооцогддог. Уг Институций нь Эрх зүйн этгээдийн тухай I ном; Үүрэг болон эд юмсын тухай II болон III ном; Нэхэмжлэлийн тухай IV ном гэсэн дөрвөн номд хуваагддаг[16].


Эртний Ромд Марциал, Каллисрат, Павел, Ульпианы Институций зохиогдсон. Гол эх сурвалжаа Гайн Институцийг болгосон Юстинианы Институций 533 онд зохиогджээ.


Дигест (Digesta)

Дигест[17] нь Юстиниан хааны үед хийгдсэн хуульчдын эрх зүйн гол асуудлаар гаргасан санал, Ромын эрх зүйн эмхэтгэлийн хамгийн чухал хэсэг юм. Энэхүү эмхэтгэлийг Трибионианаар ахлуулсан 15 нэртэй хуульчдаас бүрдсэн комисс байгуулагдаж, 530-533 онд нэгтгэн хүчин төгөлдөр болгожээ. Дигест нь 50 ном, 432 гарчиг, 9123 хэсгээс бүрддэг.


Дигест агуулгаараа (i) хууль, зан заншлаар дамжин илэрч байгаа Ромын хуучны эрх зүйд хамаарах хуульчдын бүтээлийн хэсэг (jus civile); (ii) Хожуу бий болсон преторын эрх зүйд зориулагдсан бүтээлийн хэсэг (jus preatorium); (iii) Практик шинжтэй олон төрлийн зохиолын хэсэг тухайлбал, хуульч Папинианы зохиол гэх гурван томоохон хэсэгт хуваагддаг ба хэсэг бүр зохиогчийн нэр, зохиол бүтээлийн гарчигтай байжээ. Дигестийн бүх номыг агуулгаар нь долоон хэсэгт хувааж болно (Кофанов).


Кодекс (Codex)

Кодекс буюу кодификац нь хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог хуулийн хураангуй акт буюу хуулиудын эмхэтгэл юм. Уг актад нэг төрлийн нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээнүүдийг нэгтгэж системчилдэг.


Ромын эрх зүйн системчлэлийн үр дүнд 528-534 онд Иргэний хуулиудын эмхэтгэл (Corpus Juris Civiles) бий болсон. Уг эмхэтгэл нь 529 оны 4 сарын 7-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд 12 номд хуваагддаг Юстинианы Кодекс (Codex Justinianus)[18]; Дигест (Digesta)[19]; Хуульчдын сургалтад зориулсан сурах бичиг Институций (Institutions)[19]; Өмнөх гурван хэсгийг зохиогдсоны дараа 535-556 онд батлагдсан хуулиудын эмхэтгэл Юстинианы Новеллийг (Novellae Leges Justinnani) хамруулжээ.


Эртний гэх үед шашны мэдлэг, гүн ухааныг дагаж, эртний дорно дахин, Грек, Ромд шашны онол дэлгэрсэн бол, аажмаар эрх зүй нь бие даасан шинжлэх ухааны салбар болжээ. Нэгэн гүн ухаантан “Грек Ромын тавьсан суурь байгаагүй бол орчин үеийн Европ ч гэж байхгүй байсан юм” гэж хэлсэнчлэн эрх зүй гэх ойлголт, тэр дундаа Ромын католик Каноны эрх зүй[20] нь дундад зууны үеийн Европт эх газрын эрх зүй[21] хөгжихөд нөлөөлжээ. Тиймээс дараагийн бүлэгт Эрх зүй дундад зуунд хэрхэн хөгжсөн бэ?” асуултын хариуг өгнө.


Эрх зүй дундад зууны үед хэрхэн хөгжсөн бэ?

Өмнөх бүлэгт эрх зүй эртний Ромд, МЭӨ үүссэн талаар авч үзсэн бол, түүний дараа буюу дундад зууны үед эрх зүйн онол хэрхэн хөгжсөн талаар сонирхов.


Энэ үед Византи нь Ромын эрх зүйн уламжлалын өв залгамжлагч хэвээр байв. Арабын орнуудад шашны хууль ноёрхож эрх зүйн мэдлэгийг Исламын шашны сургалтаар өгч байсан. Баруун Европт эрх зүйн тусгай боловсрол байгаагүй ч, X зуунд Павиа хотод эрхийн талаар заадаг сургууль байгуулагдсан. XI зууны төгсгөлд Болонья хотод либерал урлагийн сургуулиас гадна, хуулийн сургууль үүсэж, хожим нь Болоньягийн их сургууль болж өөрчлөгдсөн бөгөөд XII зууны дунд үед уг сургуульд Европын янз бүрийн орны хэдэн мянган оюутан Ромын хууль суралцаж байжээ.


XII-XV зуунд Баруун Европын хэд хэдэн оронд Оксфорд, Кембриж, Парис, Падуа зэрэг их дээд сургуулиуд бий болж, Ромын эрх зүйг голчлон судалдаг, хуулийн факультет тэргүүлэгч байр суурь эзэлж байв.


Баруун Европт эрх зүй нь хөгжлийн түвшнийг тодорхойлж байсан. Итали, Англи, Франц, Германд Ромын болон дотоодын эрх зүйн аль алиных нь онол, практик аажмаар хөгжиж ирсэн.


Дундад зууны үеийн Английн эрх зүйн шинжлэх ухааны онцлог шинж чанар нь хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн тохиолдол бүрд Ромын адил хувь хүний нэхэмжлэлийг агуулсан олон тооны баримт бичиг гарч ирсэн явдал байв. Аажмаар ийм товчлолыг хуульчид эрх зүйн хувьд боловсруулжээ. Үүнээс гадна, шүүхийн шийдвэрийн цуглуулга (тэмдэглэл), тэдгээрийн тайлбар, шүүхийн гарын авлага (тайлан), шүүхийн чухал хэрэг, талууд нэхэмжлэлээ үндэслэсэн аргументуудыг тусгасан болно. Эцэст нь, боловсролын болон практик эрх зүйн асар их ач холбогдолтой одоогийн хуулийн тойм гаржээ. XII-XIII зуунд ийм цуглуулгуудын дотроос хамгийн алдартай нь Гленвиллийн "Английн вант улсын хууль тогтоомж, ёс заншлын тухай тууж" (Tractatus de legibus et consuetudinibus regni Angliae) бөгөөд энэ нь нийтлэг эрх зүйн анхны зохиол юм (Berman). Хайнрих Брактоны бичсэн Английн хууль, ёс заншлын тухай (De legibus et consuetudinibus regni Angliae libri quinque) бүтээл нь Английн дундад зууны үеийн хууль зүйн бүтээлүүдээс хамгийн чухал нь бөгөөд логикоор шийдвсэн олон тооны шүүхийн хэрэг, шийдвэрийг агуулсан байдаг.


Ромын эрх зүйд үндэслэсэн Английн дотоодын эрх зүйн уламжлал болон эх газрын хоорондын мэдэгдэхүйц ялгаа нь хожим Англо-Саксоны болон Ром-Германы эрх зүйн системийн тусдаа хөгжлийг урьдчилан тодорхойлсон билээ.


XV зуун хүртэл Францын эрх зүй нь зан заншлын хуулийг цуглуулах, боловсруулахад анхаарлаа хандуулж, Ромын эрх зүйг судлахад чиглэсэн. Харин Германы эрх зүйн шинжлэх ухаан хөгжлийнхөө эхэн үедээ Англи, Францаас хоцорч байв. Зөвхөн XIV зууны эцэс гэхэд хууль судлалын томоохон төвүүд Прага дахь Чарльзийн их сургууль, Гейдельберг, Лейпцигийн их сургуулиуд бий болсон бөгөөд тэнд Канон хуулийг Ромын иргэний эрх зүйтэй хамт судалдаг байжээ.


Эрх зүйн онолын дундад зууны үеийн хөгжлийг тоймлосны дараагаар орчин үед эх газрын эрх зүйн бүлийн олон үндэстэн улсад төлөвшиж, хэрэглэгдэх болсон эрх зүйн талаар, Англо-Саксоны бүлийн улсын эрх зүй гэж улс үндэстнээр ялган авч үзэх, хэрхэн салбарлан хөгжсөн талаар судлав.


Эрх зүйн орчин цагийн суурь хэзээ тавигдсан бэ?

Дундад зууны дараагаар дэлхийн улс үндэстэнд эрх зүйн орчин цагийн суурь хэзээ, хаана тавигдсан талаар судлах нь эрх зүйн онолын хөгжлийн тоймын сүүлийн хэсэг гэж болно.


Шинэ цагийн эрх зүй

Англи

XV зууны сүүлийн хагаст нийтийн эрх зүйн салбарт чухал ач холбогдолтой Фортескугийн[22] “De laudibus legum Angliae” болон хувийн эрх зүйн салбарын Литтлтоны “Tenures” бүтээлүүд Английн хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд шинэ түлхэц өгсөн байдаг. Үүний дараагаар С.Жермены 1523 оны “Dialogus de fundamentis legum Angliae et de conscientia”, Фитжербертийн 1538 оны “New Natura Brevium”, Английн эрүүгийн эрх зүйн хамгийн эртний онолч Стоунфордын 1558 оны “The Pleas of Crown”, Смитийн 1565 оны “De republika Anglorum” тухайн үеийн Английн нийтийн, эрүүгийн, иргэний хуулийн хураангуй эмхэтгэлүүд бүтээгджээ.


Тухайн үеийн Кокийн “Institutes of the Laws of England” бүтээл алдартай. Үүнээс хойш XVII зуунд Холл, Хокинс, Коминс зэрэг хуульчид Английн эрх зүйн бие даасан салбарууд болон бүхэл бүтэн тогтолцоог тууштай хөгжүүлжээ.


Орчин үеийн Английн хууль зүйн шинжлэх ухааны хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол XVIII зууны сүүлчээр бичсэн Уильям Блэкстоуны “Английн хуулиудын тайлбарууд” бүхий дөрвөн боть юм. Тэрээр Их Британийн үндэсний нийтийн эрх зүйг их сургуульд заах ажлыг нэвтрүүлсэн ба энэ нь Америкийн хууль зүйн шинжлэх ухаанд ихээхэн нөлөө үзүүлжээ. XX зуун хүртэл эрх зүйд Бентамын[23] утилитар онол давамгайлсан байдаг.


Франц

XV зууны эцэс гэхэд Францад шүүхийн шийдвэрийг нухацтай боловсруулж эхэлсэн бөгөөд 1602 оны орчим шийдвэрийн цуглуулгыг эмхэтгэсэн Луэт (Louet), Денисарт (Denisart) нарыг онцолж болно. Тэд, Франц олон улсын газар нутгийг өөртөө нэгтгэж, хүчирхэгжсэнтэй холбоотойгоор, Ромын эрх зүйг судлахаас гадна, Франц дахь хуулийн бүх төрлийн эх сурвалжийг нэгтгэх зорилготойгоор эртнээс боловсронгуй болсон зан заншлын эрх зүй, хааны олон тооны зарлигийг эмхэтгэхэд анхаарлаа хандуулсан байдаг.


Францын хувьсгалын дараа Эрүүгийн хууль, Наполеоны иргэний хууль хэвлэгдэж, хуулийг тайлбарлагчид Францын эрх зүйн хөгжлийн түүхийг шинжлэх ухааны түвшинд гаргасан юм.


Герман

Ромын эрх зүйг хүлээн авснаар Германы хуульчдын анхаарал энэ чиглэлд улам бүр төвлөрсөн ч, Ульрих Кесиус шиг бие даасан сэтгэлгээ ховор тохиолдол байв. Хуулийн практик судлал нь Ариун Ромын эзэнт гүрний Рейхскамергерихт болон түүний үйл ажиллагааны харьяаллын хүрээнд ажиллаж байсан хуульчдын сургуульд төвлөрдөг. Тэдний дунд XVI зууны сүүлийн хагаст протестант Йоахим Минзингер фон Фрундек, түүний өрсөлдөгч католик Андрей Гайл нарыг онцолж болно.


Германы эрх зүй нь Ромын эрх зүйг эсэргүүцэх байдлаар хөгжиж байсан гэдгийг Бенедикт Рейнхард, Людвиг Факс нарын “Differentiae juris civilis et sassonici” бүтээлүүд баримтжуулжээ. XVII зуунаас байгалийн хуулийн сургууль, германистууд Германы эрх зүй нь Ромын эрх зүйн ноёрхлыг эсэргүүцэх оролдлого хийж, энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байжээ. 1643 онд Генрих Конрингийн “De origine juris germanici” эссэ гарч, Германы үндэсний эрх зүйн хөгжил, түүний Ромын эрх зүйтэй жинхэнэ уялдаа холбоог харуулсан. Түүний араас Иоганн Шилтер 1698 онд “Praxis juris romani in foro germanico”, Самуэл Стрикийн 1690-1712 онд “Usus modernus pandectorum” зэрэг бүтээлийг дурдаж болно.


XVIII зуунд Самуэль Кокчеи, Готлиб Суарес зэрэг Германы хуульчдын ажил нь Прусс, Бавари, Австрийн ерөнхий болон орон нутгийн хуулийг кодчилох асуудалд анхаарлаа хандуулжээ.


Орчин цагийн эрх зүй

Эрх зүйн онолын хөгжилд чухал байр суурь эзэлдэг гэсэн утгаар орчин цагийн эрх зүйн боловсролын талаар энэ хэсэгт бичлээ.


XX зуунд Баруун Европ, Хойд Америкийн өндөр хөгжилтэй орнууд болон бусад хэд хэдэн оронд хууль зүйн боловсрол өргөн тархаж, уламжлалт шинж чанартай болжээ. Энэ нь орчин үеийн улс орнуудад нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтын үүрэг нэмэгдэж байсантай холбоотой юм. Дэлхийн II дайн дууссаны дараа хуулийн ангийн оюутнуудын тоо бага зэрэг буурсан боловч 1950 оны дунд үеэс эргэн нэмэгджээ. Америк, Англи, Герман болон бусад улс оронд хуульч мэргэжлээр төгсөх нь зөвхөн хууль ёсны албан тушаал эрхлэх, түүнтэй холбоотой хэд хэдэн мэргэжлээр ажиллах эрхийг олгодог боловч хуульч, прокурор, төрийн зарим албан тушаалд, нэмэлт мэргэжлийн сургалт шаардлагатай байдаг. Францад шүүхийн албан тушаал хаших, эсвэл хуульчаар ажиллахын тулд дипломтой ч гэсэн, нэмэлт шалгалт өгч, мэргэшлийн гэрчилгээ авах ёстой. Харин, Скандинав болон Латин Америкийн орнуудад хуульчийн зэрэгтэй байх нь эрх зүйн салбарт аливаа албан тушаалд ажиллахад хангалттай байдаг.


Эрх зүйн боловсрол олж авахад хэд хэдэн шатлал бий. Америк, Англи, Мексик болон бусад оронд I шат нь 3 жил үргэлжилдэг бөгөөд төгсөгчид Хууль зүйн бакалаврын зэрэг, II шат нь 1 жилийн хугацаатай ба төгсөгчид Хууль зүйн магистрын зэрэг авдаг. Зарим их дээд сургуулиуд шинжлэх ухааны ахисан түвшний буюу III шатны сургалт явуулдаг бөгөөд Хууль зүйн ухааны докторын зэрэг олгодог. Францад эрх зүйн боловсрол нь төгссөний дараа диплом олгох ерөнхий сургалт, хуулийн үнэмлэх цол олгодог мэргэшүүлэх гэсэн тус бүр хоёр жилийн хугацаатай хоёр шаттай. Нэмэлт гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж, дипломын ажил бичсэн хүнд хууль зүйн ухааны доктор цол олгодог байна.


Европт үндэсний дээд боловсролын тогтолцоог нэг бүсэд нэгтгэх үйл явц явагдаж байгаа бөгөөд энэ нь хамаарах орнуудын хууль зүйн боловсролын зохион байгуулалтад нөлөөлж байгаа билээ.


Эрх зүйн онолын хөгжлийн тоймыг ийнхүү дуусгаж болох ч үндэстний иргэншил соёл, шашин шүтлэг, сэтгэлгээний онцлог, оршин буй байгаль нөхцөл, ахуй амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан эрх зүйн хөгжил харьцангуй ялгамжтай тул Монголд эрх зүй хэрхэн хөгжсөн талаар сонирхох нь зүйн хэрэг бөгөөд дараагийн бүлэгт авч үзлээ.


Эрх зүй Монголд хэрхэн хөгжсөн бэ?

Дэлхий дахинд эрх зүй үүссэн талаар танилцуулсан ч судалгааг өргөжүүлэн Монголын эрх зүйн хөгжлийн талаар сонирхов.


Монгол улс жил бүрийн үндэсний их баяр наадмаа Тулгар төрийн, Их Монгол улсын, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, Ардын хувьсгалын хэмээн тоолж тэмдэглэдэг. Эрх зүй нь эдгээр хугацаатай зэрэгцэн хөгжжээ.


Энэ жил буюу 2023 онд Тулгар төрийн 2232 жил тул 2000 гаруй жилийн өмнө Монголд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалт үүссэн байна. Модун Шаньюйгаас ч өмнө Түмэн Шаньюй үеэс эрх зүйн хөгжлийг авч үзэж болох талтай.


Их Монгол улсын 817 жил буюу 1206 онд “Их засаг” хуулийн үндсэн бүрдэл нь бий болсон бөгөөд түүнээс хойш тухайн үеийн нөхцөл байдалд зохицуулан нэмэлт оруулах журмаар баяжуулж иржээ. Түүхэн эх сурвалжаас XIII зууны Монголчуудад Чингисийн “Их Засаг” гэсэн нэрт хууль байсныг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ, уугал Монгол эх нь олдоогүй олон эх сурвалжаас эмхэтгэж нэгтгэх оролдлогын дүнд, Монгол хууль эрх зүйн бичгүүдийн зарим нь Монгол бичгээрээ байхаас гадна, нөгөө зарим нь хятад, төвд, солонгос зэрэг харь хэлний орчуулгаар уламжлагдан иржээ (Б.Сумьяабаатар). “Чингис Хааны Их Засаг-ийн хэсэг шинээр олдов” нэртэй илтгэлийн материалд дурдсанаар, энэхүү нэрт хуулиар цэргийн асуудал[24], улс хоорондын харилцаа[25], гэр бүлийн харилцаа, хаан ширээний залгамжлал зэргийг зохицуулдаг байсан гэжээ. Дэлхийн бусад газар хааны зарлигийг бурхны хүсэл хэмээн тайлбарладаг байсанчлан, Монголд ч мөн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их монгол улсын Далай хааны зарлигийг иргэн дор хүрвээс биширтүгэй, айтугай”, “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй” гэх зэргээр хуульдаа тусгажээ.


Эдгээр түүхэн баримтаас Монголд эрх зүйн онол цэргийн удирдлага, Мөнх тэнгэрийн буюу далдын сүр хүчинд итгэх үнэмшил дээр хэлбэршиж эхэлсэн байна. Үүнээс гадна, нүүдэлчин амьдралын хэв маягийг ихээхэн шингээсэн байжээ.


Үүнээс хойш хөгжлийн явцад нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтууд, тухайлбал Халх журам, Монгол Ойрдын цааз бичиг зэргээр тус тусын үүрэгтэйгээр гарсан байдаг.


Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой нь социализмын дэглэм манай улсын эрх зүйн хөгжлийн тодорхой үеийг, тодруулбал, орчин цагийн эрх зүйн үндсийг тавьсан байна. Иргэний, эрүүгийн зэрэг аль эрх зүйд харьяалагдаж байгаагаас шалтгаалж шийдэх арга, үйлчлэх зарчим, хэрэглэх арга хэрэгсэл, үр дагавар ялгаатай байдаг. Харин манай улсын хувьд социалист системийн үед эрх зүйг хувийн болон нийтийн гэж ангилан эрэмбэлэхээс татгалзсан байдаг. Тиймээс хувийн эрх зүйг үндсэндээ иргэний эрх зүй, харин нийтийн эрх зүйг процессын, эрүүгийн, захиргааны эрх зүй төлөөлдөг аж (З.Сүхбаатар).


Эрх зүйг бүхэлд нь хувийн болон нийтийн хэмээн ангилах нь тодорхой эрх зүйн тогтолцооны хүрээнд мөн адил яригдах бөгөөд энэхүү ерөнхий ангилал нь цаашдаа салбар эрх зүйг ангилах үндсийг бий болгодог байна. Энд тодорхой эрх зүйн тогтолцоо гэдэг нь үндэсний гэдгийг хэлж байгаа бөгөөд тухайн улсын түүхэн уламжлал, эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёл заншлаар нөхцөлдсөн, эрх зүйн тодорхой бүлийн нөлөөнд орших хэм хэмжээний уялдаа холбоо, зохицол бүхий нэгдмэл цогц үзэгдэл юм (С.Нарангэрэл). Дэлхий нийт эрх зүйн системийг Ром-Германы, Англо-Саксоны, Социалист, Зан заншил буюу шашны гэж дөрвөн бүлэгт хуваадаг. Гэхдээ хосолсон эрх зүйн системтэй улс байдаг. Манай улсын эрх зүйн тогтолцоо нь Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүлд хамаардаг атал, зохих хэмжээнд аль алинаас авсан зүйл байна гэж харлаа. Нэн түрүүнд Монгол улс гуч гаранхан жилийн өмнө социалист улс байсан тул хуучин системээс үлдсэн зүйл ихтэй. Тиймээс эрх зүйн системийн ерөнхийлсөн ангиллын хувьд манай улс хосолмол системтэй байхыг үгүйсгэх аргагүй юм.


Социализмын үед ЗХУ-ын нөлөөгөөр манай улсад хууль зүйн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг их, дээд сургуулийн хуулийн сургууль зохион байгуулж, үүнтэй зэрэгцэн оройн болон эчнээ анги нээгджээ. Эдгээр сургуулиар дамжуулан эрх зүйн тодорхой чиглэлийн мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Эрх зүйн салбарын боловсрол олгох тогтолцоо өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд улсын сургуулиудаас гадна, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд хувийн сургуулиуд ч мөн бий болжээ.


“Эрх зүйн онолын хөгжлийн тойм” сэдвээс халихгүйн тулд зах зээлийн эдийн засагт шилжсэний дараах Монголын эрх зүйн онолын хөгжлийг танилцуулъя.


1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд бий болсон. Ингэснээр өнөөгийн эрх зүйн тогтолцоо үүсэх хөгжих эхлэл тавигдсан байна. Үүнтэй зэрэгцэн эрх зүйн онолын сэтгэлгээнд зохих өөрчлөлт гарч, эрх зүйн үзэгдлийг тайлбарлах олон чиглэл, урсгал бий болсон (Б.Баярсайхан). Жам ёсны онолоор Үндсэн хуулийн мөн чанар нь ард түмний хүсэл зоригоор илэрхийлэгдэнэ хэмээн үздэг бол, хэм хэмжээг баримтлах онолоор Үндсэн хуулийн мөн чанарын илэрхийлэл нь дээд хүчин чадал хэмээн үздэг байна (Б.Амандых).


Эрх зүйн ямар онолууд байдаг вэ?

Эрх зүйн философи нь аналитик, норматив, шүүмжлэлийн гэсэн гурван төрөлтэй. Аналитик эрх зүй нь ёс суртахуун зэрэг бусад хэм хэмжээнээс юугаараа ялгаатай болохыг олж тогтоох үйл явц юм. Норматив эрх зүй нь хуулийг шударга, эсвэл үр дүнтэй эсэх талаас үнэлдэг байна. Харин эрх зүйн шүүмжлэлийн онолууд нь эрх зүйн институтээр дамжуулан эрх мэдлийг нийгэмд хуваарилах талаар авч үздэг (Schmidt).


Өнөө үед эрх зүйн онолыг байгалийн, позитивист, марксист, реалист, шүүмжлэлт, феминист гэж зургаа ангилж болно.


Жам ёсны онол

Энэ эрх зүйн онол нь байгалиас бий болсон дээд хууль бүх хүнд үйлчилдэг гэж үздэг (Finnis). Өмнө нь дурдсанчлан, энэхүү онолыг МЭӨ Грекийн гүн ухаантан Аристотель анх дэвшүүлсэн ба уг үзэл санааг эртний Грек, Ромд тухайн үеийн сэтгэгчид[26] хөгжүүлжээ. Жам ёсны онолын гол санаа нь хүний үзэл бодлоос үл хамаарах объектив ёс суртахуун, түүний үүрэг, зарчим, хүч юм. Энэхүү объектив ёс суртахууныг учир шалтгаанаар олж илрүүлж болох бөгөөд энэ нь эрх зүйн хэм хэмжээ бус, харин хуулийн үндэс болдог.


Жам ёсны онол нь эрх зүйн түүхэн хөгжилд нөлөө үзүүлсээр иржээ. Тус онолын олонд танигдсан гол төлөөлөгч нь Фома Аквин бөгөөд тэрээр хүмүүст байгалийн, учир шалтгааны, эерэг тэнгэрлэг, иргэний эерэг гэсэн дөрвөн хууль үйлчилдэг гэж үзжээ. Эхний хоёр хууль нь объектив бөгөөд учир шалтгаанаар мэдэж авах, илрүүлэх боломжтой, харин сүүлийн хоёр хуулийг хүмүүн бүтээсэн тул бодит үнэн байх албагүй гэжээ. Хуулийн шинэ дүрэм нь шүүгчид болон бусад албан тушаалтанд үйлдэл хийх, эс үйлдэх үл мэдэгдэх шалтгааныг өгдөг бол, иргэдэд үйлдэл хийх, арга хэмжээ авахгүй байх шалтгаан болдог байна.


Энэхүү онолыг шүүмжлэгчид, объектив ба субьектив ёс суртахууны худал хуваагдал дээр суурилдаг, тодорхой нөхцөл байдалд хэрэг болохуйц биш хэмээн үздэг.


Позитивист онол

Эрх зүйн позитивизм нь хүний ​​бүтээсэн хуулиас илүү дээд хууль байдаггүй гэж үздэг (Wrenn). Энэхүү онолыг анх Английн гүн ухаантан Жереми Бентам дэвшүүлсэн бөгөөд тэрээр бүх хуулиудыг хүн гаргадаг, хууль аливаа объектив ёс суртахуун дээр суурилдаггүй, хуулийн цорын ганц зорилго нь дэг журам, нийгмийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж үзсэн.


Позитивистууд эрх зүйн хүчин төгөлдөр байдалд ёс суртахууны хязгаарлалтгүйгээр эрх зүйн тогтолцоотой байх боломжтой гэдэгтэй санал нийлдэг ч, ёс суртахууны хязгаарлалттай эрх зүйн тогтолцоотой байх боломжтой эсэх талаар янз бүрийн үзэл баримтлал байдаг. Энэхүү онолын гол төлөөлөгчид нь Остин, Бентам, Харт нар бөгөөд тэд байрлал, цаг үеэс шалтгаалан хууль өөр өөр байдаг гэжээ. Эдгээр философичид хууль гаргагч нь төр, төр эрх зүйн тогтолцоог бий болгосноор ард түмэн дагаж мөрдөх ёстой буюу хууль бол дэг журам, засгийн газар, ард түмэн гэсэн гурван хэсгээс бүрдэх төрөөс ард түмэнд өгсөн тушаал гэж үздэг.


Хүчтэй, сул гэсэн хоёр төрлийн позитив хууль байдаг. Хүчтэй позитив хууль гэдэг бол аливаа хуулийг зөвхөн засаг гаргасан нь л бол чухал гэж үзэх явдал. Нөгөө талаас хуулийг засгаас гаргаагүй ч ёс суртахуунтай байж болох ба үүнийг сул позитивизм гэнэ. Хууль сайн эсвэл муу эсэхийг тодорхойлоход ёс суртахууныг ашиглах шаардлагагүй тул зарим хүмүүс позитивизмыг сайн онол гэж боддог. Гэсэн хэдий ч, энэ онолыг хэт энгийн, тодорхой талуудад эрх зүйн үндэслэл, хууль шударга бус байж болохыг харгалздаггүй хэмээн шүүмжилдэг. Хүмүүс ямар нэгэн үйлдэл хийснийхээ төлөө шагнагдахыг хүсдэг ч, хуулийг дагаж мөрдсөнөөр шагнал хүртэхгүй харин эсрэгээр төрөөс хүмүүсийг хуулийг биелүүлэхийг албадах буюу хориг арга хэмжээ авдаг.


Хэм хэмжээг баримтлах онолын[27] үндэслэгч нь Ханс Кельзен ба тэрээр позитивист онолын төлөөлөгч юм. Хэм хэмжээ (norma) гэдэг нь эн тэргүүнд зарлиг, дүрэм, журам, тушаал гэсэн утгатай. Гэсэн хэдий ч тушаал нь хэм хэмжээний ганцхан шинж чанар биш, бүрэн эрх олгох, зөвшөөрөх, хүчингүй болгох нь хэм хэмжээний гүйцэтгэх чиг үүрэг байж болно (Кельзен).


Марксист онол

Марксист онолыг XIX зуунд Германы гүн ухаантан Карл Маркс үндэслэсэн. Тэрээр хууль бол эрх баригч анги ажилчин ангийг дарангуйлах хэрэгсэл бөгөөд хууль нь бодитой, төвийг сахисан биш, харин эрх баригч ангид үйлчилдэг гэсэн санааг дэвшүүлжээ (Wright). Маркс шударга ёсонд хүрэх цорын ганц арга зам бол эрх баригч ангийг түлхэн унагаж, ангигүй нийгмийг бий болгох явдал гэж үзэж байв.


Энэхүү онолын дагуу хүмүүс эрх тэгш коммунизмд хүрэх боломжтой гэдэг. Гэсэн хэдий ч хуучин ЗХУ болон социалист орнуудад онолд эргэлзэж, бүтэлгүйтэж, хувийн өмчийн онол газар авсан тул онол хараахан нотлогдоогүй. Зарим хууль шударга бус байдгийг тайлбарлаж, өөрчлөх боломжийг олгодог тул зарим хүмүүс марксизмыг сайн онол гэж үздэг. Онолыг хэтэрхий радикал, нийгэмд дэг журмыг сахихад зарим хууль зайлшгүй шаардлагатай гэдгийг харгалзан үздэггүй хэмээн шүүмжилдэг.


Реалист онол

Реалист онол нь хуулийн уламжлалт тодорхойлолтоос илүүтэйгээр хууль хэрхэн ажилладгийг сонирхдог бөгөөд хууль шүүхийн шийдвэрт суурилдаг хэмээдэг. Энэхүү онолоор практикт хэргийг шийдвэрлэхэд ашигладаггүй дүрмүүд нь хууль биш, зүгээр л цаасан дээрх үг хэлбэрээр оршдог гэж хэлдэг. Тиймээс хуулийн үхмэл үгс нь хоёр талын маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэж байж л амилдаг байна.


Шүүх дээр шинэ хэргүүд байнга шийдэгдэж хууль, шүүхийн практикт өөрчлөлт оруулж болзошгүй тул реалистууд өнөөдрийн хууль маргаашийн хууль болохгүй байж магад хэмээн өөрсдийн санааг дэвшүүлж, хууль байнга өөрчлөгдөж, хөгждөг гэж үздэг. Нийтлэг эрх зүйн тогтолцоо нь реалист онолд суурилдаг. Уг тогтолцоонд шүүхээс гаргасан хэргийн шийдвэрийг цаашид ижил төстэй хэрэг хянан шийдвэрлэхэд чиглүүлдэг. Онолын гол төлөөлөгчид нь Жастис Хомс, Лоуренс Фридман, Жон Чипман Грей, Жером Фрэнк, Карл Н. Левелин, Интема нар юм.


Шүүмжлэлт онол

Эрх зүйн онолын марксист үзэл баримтлалын үүднээс шүүмжлэн хууль зүйн реализмыг өргөжүүлэхийг оролддог (Wex Definitions Team). Реалистууд, хүмүүс зарим тохиолдолд хуулийн тодорхойгүй байдлыг ойлгодоггүй, хууль төвийг сахисан биш гэж үздэг. Үүнээс гадна, Карл Марксын бүтээлүүд дээр суурилж эрх баригчдын эрх ашгийг хангах, эсвэл тэдний эрх мэдлийг хадгалахын тулд хуулийг ашигладаг хэмээдэг. Тиймээс уг онол нь хэт радикал, нийгэмд эмх цэгц байхын тулд зарим нэг хууль хэрэгтэйг тооцдоггүй гэж шүүмжлэлд өртдөг байна.


Феминист онол

Кэтрин МакКиннон, Робин Уэст, Дебора Л.Род зэрэг феминистүүдийн бүтээл дээр суурилсан уг онол нь эмэгтэйчүүдэд хууль хэрхэн нөлөөлж байгааг сонирхдог. Онолоор хууль нь төвийг сахисан байдаггүй, эмэгтэйчүүдийн хувьд объектив ханддаг гэж үздэг (Wex Definitions Team). Феминист онолын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч болох ч жендерт хэт их анхаарал хандуулж, бусад чухал хүчин зүйлийг харгалзахгүй байх нь өрөөсгөл талтай.


Дээрх ангиллаас гадна эрх зүйг ойлголт үзэл баримтлалаар ангилах нь бий. Тухайлбал, сэтгэлзүйн онол, социологийн онол зэргийг дурдаж болно.


Дүгнэлт

Эрх зүйн онолын хөгжлийн тойм сэдвийн хүрээнд хийсэн товч судалгаанд түүхчлэн судлах аргыг ашиглан, түүхэн цаг үеийн нөхцөлд нь, хөгжлийн зүй тогтлын талаас нь хэд хэдэн асуултыг тавьж хариултыг өгсөн ба дараах байдлаар нэгтгэн дүгнэлээ.


  1. Эрх зүйн шинжлэх ухаан нь нийгмийн харилцааны зохицуулалтын талаар судална. Гэхдээ хамгийн чухал судлах зүйл нь эрх зүй ямар байх ёстойг байгаа нөхцөлтэй харьцуулах юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад янз бүрийн эрх зүйн онолууд үүссэн байдаг.

  2. Анхны бичмэл хууль 4000 жилийн тэртээ үүссэн гэх эх сурвалж байдаг ба эртний Ромд МЭӨ VIII зуунд эрх зүй үүсжээ. Ромын эрх зүй нь орчин үеийн эх газрын эрх зүйн систем бүхий олон орны суурь тул судалгаанд тусгайлан авч үзсэн. Ромыг байгуулсан домогт Ромул хүмүүсийг захирахаар төрсөн нэгэн хэмээн өгүүлдэг бөгөөд эрх зүйг анхандаа зөвхөн Ромын уугуул буюу язгууртан гаралтай хүмүүст зориулж гаргажээ. Энэтхэг улсад кастын үзэл, Хятад улсад Күнзийн номлол зонхилох идеалог байсаар ирсэн нь үндэсний эрх зүйн тогтолцоо тухайн улсын түүхэн уламжлал, эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёл заншлаар нөхцөлдсөн байдгийг харуулна. Эрх зүйн онол бүхий л цаг үеийг дамжин хөгжсөн, шашны номлолоор хэлбэршиж байсан бөгөөд анхны үүслээс л сургамжтай, эдүгээ ч ач холбогдолтой хэвээр аж.

  3. Дундад зууны үед Византид Ромын эрх зүйг цааш хөгжүүлжээ. Энэ үед Арабын улс орнууд шашны эрх зүйд шилжиж лалын номлол дэлгэрсэн байна. Харин баруун Европт тусгайлсан эрх зүйн боловсрол гэж байгаагүй ч хожим Оксфорд, Кембриж зэрэг өнөөг хүртэл оршин байгаа сургуулиуд байгуулагдсан. Итали, Англи, Франц, Германд Ромын болон дотоодын эрх зүйн аль алиных нь онол, практик аажмаар хөгжиж Англо-Саксоны болон Ром-Германы эрх зүйн системийн суурь тавигджээ.

  4. Орчин цагт эрх зүйн олон тооны бүтээл бий болж, боловсролд түлхүү ашиглагдах болжээ. Соёл иргэншлийн түүхэнд тухайн үеийн философич, эрдэмтэн, номлогч, төрийн түшээт өөр өөрийн түвшинд эрх зүйг ямар байх нь зүйтэй талаар онол дэвшүүлж, дэмжүүлэн хэрэгжүүлж, туршин хөгжүүлсэн байна. Онолыг судалж, дэлгэрүүлэх явцад дараагийн онол үүсжээ.

  5. Монгол улсын эрх зүйг тэртээ 2000 гаруй жилийн өмнө байгуулагдсан тулгар төртэй зэрэгцэн хөгжсөн гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч эрх зүйн баталгаатай эх сурвалжтай нь XIII зууны Их засаг хууль юм. Харин орчин цагийн эрх зүйн суурь нь ЗХУ-ын нөлөөгөөр социализмын үед тавигджээ. Өнөөгийн хөгжлийг ардчилсан, чөлөөт зах зээл тодорхойлж байгаа тул хууль тогтоомжууд ч мөн ийм нийгмийн харилцааг зохицуулахаар чиглэж байна. Чухам Монголчуудын зан байдал, ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маягийн тусгал болж, түүнийг аль болох алдаа мадаггүй зохицуулж чадаж байгаа эсэх л, эрх зүйн хөгжлийг тодорхойлох буй.

  6. Эрх зүйн онолыг ерөнхийлөн байгалийн, позитивист, марксист, реалист, шүүмжлэлт, феминист гэж ангилж болно. Эдгээр онолууд нь давуу болон сул талуудтай, хууль хэрхэн хэрэгждэг, хүмүүст хэрхэн нөлөөлдгийг тайлбарлахыг оролддог байна.


Эрх зүй гэх ойлголт үүсэж хөгжсөн эртний Ромын үеийн нэр томьёо, ойлголтыг өнөөг хүртэл эрх зүйн шинжлэх ухаанд хэрэглэсээр байгаа бөгөөд энэхүү судалгаанд сэдвийн хүрээний зарим үг хэллэгийг танилцуулсан. Үүнээс гадна, эрх зүйн талаар гүнзгийрүүлэн судлахад ашиглах олон төрлийн мэдээллийг агуулсан болно. Судалгааг цааш өргөжүүлэн, Монголын эрх зүйн тогтолцооны хосолмол байдал болон эрх зүйн төрөл бүрийн онолын тусгалын талаар судалбал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ж.Танан

Ашигласан эх сурвалж

С.Нарангэрэл. (2021). Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь. (А.Солонго, ред.) Улаанбаатар: Адмон Принт.


Bawden, C. (1997). Mongolian - English Dictionary. London, England: Kegan Paul International.


З.Сүхбаатар. (2023, 10 14). Хувийн эрх зүйн танин мэдэхүйн үндэс. Иргэний эрх зүй (Ерөнхий) Лекц 1. Улаанбаатар, Монгол.


Б.Чимид. (2004). Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нийтлэг асуудал. Нэгдүгээр дэвтэр, 314 дэх тал. Улаанбаатар, Монгол: Хууль зүйн үндэсний төв.


Б.Сумьяабаатар. (2003.07.09). Чингис Хааны "Их засаг"-ийн хэсэг шинээр олдов. Cultural exchange between East and West“ Олон улсын эрдэм шинжилгээний хурал. 20-р боть 28-р дэвтэр, хуудас. 232-243. Ташкент: МУИС, Монгол хэл, Соёлын сургууль.


Кун, Н. А., ба Нейхардт, А. А. (2018). Эртний Грек, Эртний Ромын домог туульс (Хоёр дахь хэвлэлт). (М.Эрдэнэ, ред., Х.Мэргэн, орчуулга.) Улаанбаатар, Монгол.


DK London. (2021). Хууль: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь. (Ө.Болортуяа, Д.Сүнжид,

С.Билгүүн, Б.Нямцэрэн, орчуулга.) London; Улаанбаатар, UK, Монгол: Penguin Random House; Монсудар хэвлэлийн газар.


Оксфорд Монсудар. (2006). Англи-Монгол толь бичиг (1 дэх хэвлэлт). (Л.Амарсанаа, ред.) Улаанбаатар, Монгол: Монсудар хэвлэлийн газар.


Б.Баярсайхан. (2009). Монгол хэлний хураангуй толь бичиг (Анхны хэвлэлт). (А.Янжиндолгор, ред.) Улаанбаатар, Монгол: Монсудар хэвлэлийн газар.


Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол. (Т.Мөнхжаргал, ред.) Улаанбаатар, Монгол: Уриа компани.


Berman, H. J. (1983). Law and Resolution The Formation of the Western Legal Tradion. Harvard University Press.


Зайков, А. (2017). Римское частное право : учебник для академического бакалавриата. Москва: Издательство Юрайт.


Б.Баттулга. (2014, 09 14). Ромын эрх зүй Лекц №1. Зарим бичигдээгүй хууль бүх бичмэл хуулиас хатуу.


Schmidt, C. M. (2023, 09 15). Legal Theories (Everything You Need to Know). Schmidt & Clark, LLP. A National Law Firm.


Finnis, J. (2020, 06 03). Natural Law Theories. Stanford Encyclopedia of Philosophy.


Wright, W. (2001). The Revolutionary and the Cowboy. In W. Wright, The Wild West: The Mythical Cowboy and Social Theory (1 дэх хэвлэлт., хуудас. 83-105). Colorado, USA: SAGE Publications Ltd. Karl Marx.


Wex Definitions Team. (2022, 08). Critical Legal Theory. Cornell Law School.


Wex Definitions Team. (2022, 12). Feminist Jurisprudence. Cornell Law School.


Кельзен, Х. (2013). Хэм хэмжээний тухай ерөнхий онол. (Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, ред., М.Хатанбаатар, орчуулга.) Улаанбаатар, Монгол: Мэргэн Их Монгол хэвлэлийн газар.


Wrenn, C. B. (2023, 10 18). Legal Positivism. The Internet Encyclopedia of Philosophy.


Н.Лүндэндорж. (2008). Төрийн онол. Улаанбаатар, Монгол: Мөнхийн үсэг ХХК.


С.Нарангэрэл. (2001). Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. Улаанбаатар: Адмон хэвлэлийн газар.


Б.Амандых. (2018, 06 10). Монгол улсын эрх зүйн систем ба хууль тогтоомжийн хөгжил. Легал дата.


Ц.Бүжинлхам. (2023, 10 07). Ромын эрх зүй. Эрх зүйн онол Лекц 1. Улаанбаатар, Монгол.


Кофанов, Л. Л. (2002). Дигесты Юстиниана (Vol. 1).


Зүүлт тайлбар

[1] Императив арга нь эрүүгийн болон захиргааны эрх зүйд өргөн хэрэглэгддэг ба хориг, үүрэг, шийтгэлд үндэслэсэн захирамжлах, захирах, захирагдах заалтын шинжтэй байдаг.


[2] Диспозитив арга нь эрх зүйн харилцаанд оролцогчдод сонгох боломжийг бүрдүүлдэг ба талуудын зөвшилцөх, харилцан тохиролцоход үндэслэх эрх тэгш байдлаар илэрдэг байна.


[3] Бяраагийн Чимид нь Монгол улсын 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, улмаар хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, Монгол улсад иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, төрт ёсыг тогтоон бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд өнөр их хувь нэмэр оруулсан эрхэм. Монголын төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход хичээнгүйлэн зүтгэсэн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй, Монгол улсад хууль зүйн дээд боловсрол, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, Монголын шилдэг хуульч, багш, эрдэмтэн хүн.


[4] Месопотами нь Тигр-Евфрат голын хооронд оршиж байсан, баруун Азийн түүхэн газар нутгийн нэр ба одоогийн Ирак юм. 6000 гаруй жилийн өмнө Месопотамид, дэлхийн анхны соёл иргэншлийг шумерууд бүтээсэн гэж үздэг.

[5] Талмуд бол 5000 жилийн түүхтэй ном бөгөөд V-VII зууны үед шашны удирдагч багш нарын хууль зүй, ёс зүй, оюун ухаан, түүхийн талаар хэлэлцэн тэмдэглэн үлдээсэн 12 мянган хуудас бүхий 63 ном юм.


[6] Конфуцианизм буюу Күнзийн номлолд үлгэр жишээгээр хөтлүүлсэн ариун журам, хүндлэл гэх уламжлалт үнэт зүйлсийн ач тусыг зааж байжээ.


[7] Даонизм буюу Бумбын номлолд хуулийг удирдагчийн хүсэл зоригт биш, харин байгальтай уялдуулахыг чухалчилжээ.


[8] Легализм нь гэмт үйлдэлд хатуу ял шийтгэл ногдуулдаг, нэг төрлийн авторитар дэглэм юм.


[9] Эрх зүйн байгалийн онолыг органик онол гэх нь бий.


[10] Квирит гэдэг нь Эртний Ромын албан ёсны иргэдийг хэлнэ.


[11] Үүнээс улбаалан, иргэний эрх зүйг “Квиритийн эрх зүй” гэж нэрлэдэг.


[12] Патрици гэдэг нь нэгэн цагт Ром хотыг үүсгэн байгуулсан ихэр Ромул, Ремус нарын үр удам язгууртнуудын хэлнэ. Тэд эрх баригч ангийг бүрдүүлж, ихэнх газар нутгийг эзэмшдэг байсан. Ромул, Ремус хоёрын домгийг "Эртний Грек, Эртний Ромын домог туульс" номоос дэлгэрүүлэн уншиж болно (Кун & Нейхардт).


[13] Плебей гэдэг нь эзлэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчид буюу хожим Ромд ирсэн энгийн иргэд юм.


[14] Претор бол урагшлах, удирдах гэсэн утгатай эртний Ром дахь төрийн алба. Түүхэн хөгжлийн явцад энэ албан тушаалын агуулга, чиг үүрэг өөрчлөгдсөөр иржээ. Орчин үед тухайлбал, Молдав улсад претор нь хотын захирагчийн орон нутгийн зөвлөлтэй тохиролцсоны дагуу түүний томилсон хотын салбар бүрийн төлөөлөгч бол, Румын улсад 1938 оноос хойш талбайн даргыг ийнхүү нэрлэсэн байна.


[15] Магистрат нь өнөө үед ч байдаг ба Англи, Уэлст хөнгөн гэмт хэргийг шийдвэрлэдэг шүүхийн ажилтан буюу энх тайвны шударга шүүгчийг хэлнэ.


[16] Эдгээр нь Сэргэн мандалт, Дундад зууны үеийн хууль тогтоомж, тодруулбал, 1804 оны Францын Иргэний Кодекст тусгагдсан юм.


[17] Дигестийг грекээр Пандект гэж нэрлэдэг.


[18] Юстинианы Кодекс нь II зуунаас хойш бүтээгдсэн 4600 орчим хуулийг өөртөө багтаадаг. Кодекст багтсан бүх хуулиуд заавал биелэгдэх шинжтэй бол, үүнд багтаагүй хууль нь хуулийн хүчин чадлаа алддаг байжээ.


[19] Дигест болон Институцийг нэг комисс зохиож, нэгэн зэрэг хүчин төгөлдөр болжээ.


[20] Ромын католик Каноны эрх зүй нь Христийн сүмийн байгууллыг зохицуулж, Христийн шашинтнуудын итгэл үнэмшлийг кодификацжуулсан эрх зүйн хэм хэмжээний цогц юм.


[21] Эх газрын эрх зүй нь гол төлөв эх газрын Европ, Өмнөд Америкт хэрэглэгддэг бөгөөд прецедент бус, харин Ромын эрх зүй, хуулиудыг системтэй хэлбэрт оруулах буюу кодификацад тулгуурладаг эрх зүйн систем юм.


[22] John, Sir Fortescue нь улс төрийн сэтгэгч, төрийн зүтгэлтэн.


[23] Jeremy Bentham нь Английн ёс суртахууны философич, хуульч, социологич, Английн гүн ухааны чиг хандлагын нэг болох утилитаризмыг үндэслэгч.


[24] "Их засаг" хуульд цэргийн асуудалд цэргийг эрдэмд сургах, хатуужуулах, цэргийн оронд хүчин буюу яданги хүнийг алба хашуулахыг хориглох, цэргүүдээр хүнд хүчир ажил хийлгэхийг хориглох, цэргийн олсон эд таваар түүнийх болох, цэргээс хураамж авахыг хориглох, цэргийн морийг ажилд зүтгүүлэн эцээж тураах, үхүүлж, зээлдэх, сольж болохгүй, цэргийг отчид үзүүлэх, эм уулган анагаах, түшмэлийн ял, шанг тогтоох, бусдын гэр орон, булш бунхныг эвдэж тонохыг хориглох, эмс охидтой хүч түрэн гэрлэж болохгүй, иргэдийн эд хогшлыг дээрэмдэж болохгүй гэх зэргийг оруулжээ.


[25] "Их засаг" хуульд Монгол улс ба улс хоорондын харилцаанд элссэн орон хоорондын харилцааг хамааруулжээ.


[26] Грек, Ромын сэтгэгчид Сократ, Цицерон, Ульпиан.


[27] Хэм хэмжээг баримтлах онолыг норматив онол гэх нь бий.

Хуульч Шувуухайн бусад нийтлэлийг уншиж сонирхоорой.


Эрх зүйн онолын хөгжлийн тойм

#LegalSystem #CommonLaw #CivilLaw #CustomaryLaw #ReligiousLaw #RomanLaw #ShariaLaw #CanonLaw #ScandinavianLaw #SocialistLaw #SovietLaw #MongolianLegalSystem #ЭрхЗүйнОнолынХөгжлийнТойм #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ФеминистОнол #МарксистОнол #ПозитивистОнол #ЖамЁсныОнол #РеалистОнол #РомынЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ИхЗасагХууль #ТөрЭрхЗүйнТүүх #Сократ #Цицерон #Ульпиан #ХэмХэмжээгБаримтлахОнол #НормативОнол #JeremyBentham #SirJohnFortescue #ЭхГазрынЭрхЗүй #КаноныЭрхЗүй #ЮстинианыКодекс #Пандект #Претор #Плебей #Патрици #Квирит #Легализм #Даонизм #Конфуцианизм #Императив #Диспозитив #БяраагийнЧимид #Месопотами #Талмуд #ЭрхЗүйнБайгалийнОнол #ОрганикОнол #Магистрат #ФранцынИргэнийКодекс #Ромул #Ремус #РомынХууль #РомынЭрхЗүй


3 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
2 days ago
Rated 5 out of 5 stars.

👍

Like

Guest
Mar 10
Rated 5 out of 5 stars.

😍

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page