top of page
Writer's pictureС.Солонго

Эрх зүйн онолын судлах зүйл, арга, ач холбогдол

Updated: Dec 13



Эрх зүйн онолын судлах зүйл, арга, ач холбогдол

Удиртгал

Эрх зүй нь урт удаан хугацааны түүхэн хөгжлийн явцад, хүмүүс өнөөгийн байр сууринаас эрх зүй гэж хараахан болохооргүй тийм үзэл бодол төсөөллийн нөлөөнд байсан аж. Эрх зүй хэмээх нэр томьёогоор хоёр өөр үзэгдлийг нэрлэн илэрхийлж ирсэн уламжлалын нэг өвөрмөц тал ажиглагддаг. Нэг талаас, эрх зүйн ном зохиолуудад энэхүү нэр томьёог эрх зүйн илрэл тодорхой хэлбэр тухайлбал, парламентаас баталсан тодорхой хууль, шүүхийн зарим шийдвэр, түүгээр ч үл барам нэртэй хуульч, эрх зүйчдийн зохиож нийтлүүлсэн эрх зүйн нэгэн сэдэвт зохиол бүтээлүүдээс үл хамааран, эрх зүйг хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлжээ.


Эрх зүйн үүсэл, эрх зүйн тухай ойлголтын олон янз байдал, түүний орчин үеийн үзэл баримтлал, эрх зүйн хувьсал өөрчлөлт, эрх зүйн мөн чанар, агуулга, эрх зүйн хэм хэмжээ, түүний зохицуулалт, эрх зүйн харилцаа, эрх зүйн ухамсар ба соёл, эрх зүйн нэр томьёо зэргийг судлах үндсэн дээр эрх зүйн хөгжлийн ерөнхий хандлагыг тодорхойлох нь эрх зүйн онолын танин мэдүүлэхүй хийгээд практик учир холбогдол оршино.


Эрх зүй

Нийгмийн харилцааг зохицуулан тохируулж байгаа төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, биелэгдээгүй тохиолдолд төрийн албадлагаар хамгаалагдсан хэм хэмжээний нийлбэр цогц юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн өнөөг хүртэл хүмүүсийн хоорондын харилцаа нь нийгмийг бүрдүүлж ирсэн. Нийгмийн харилцаа бол хүмүүсийн олон зууны туршид өөр хоорондоо харилцаж байсан янз бүрийн хэм хэмжээг өөртөө агуулж байдаг. Эдгээрээс эрх зүйн хэм хэмжээ хэрхэн үүсэн бий болсон болон эрх зүйн зүй тогтол, эрх зүйн цаашдын хөгжлийн хандлага хэв маягийг тогтоох үүднээс судалдаг.


Эрх зүй бол шинжлэх ухааны мэдлэг чадварыг практикт хослуулах урлаг юм. Учир нь нийгмийн харилцааг боловсронгуй болгох арга замаар шударга ёсыг бүрэлдүүлж, тэднийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ урлагаар эрх зүй нь журмыг баталгаажуулах бус маргаантай асуудлыг шийдвэрлэхэд зөв тайлбар өгөхөөр хязгаарлагдахгүйгээр үл барам хууль зүйн фактыг ангилж, онол зарчмыг боловсруулах үүргийг хүлээдэг.


Хүй нэгдлийн нийгэмд хүмүүсийн зан үйлийн үндсэн хэм хэмжээ нь зан заншил байсан. Үүгээр тогтохгүй зан заншлын хэм хэмжээ нь тодорхой нөхцөл байдалд хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах илүү оновчтой хувилбарыг тогтоон бэхжүүлсэн. Зан заншил нь хүмүүсийн амьдралын практик үйл ажиллагаатай өөрөөр хэлбэл, тухайн зан заншил практикт удаан хугацаагаар хэрэглэгдсэн байх, уг зан заншлын хэм хэмжээ нийгмийн гишүүдэд ойлгомжтой төдийгүй тэдэнд уг хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх сэдэл төрүүлэх гэх зэрэг шаардлагатай уялдан тухайн хэм хэмжээг тогтоодог байв.


Эрх зүйн онол

Эрх зүйн ерөнхий онол: Эрх зүйн тухай хууль зүйн мэдлэгийн цэгцлэгдсэн систем. Эрх зүйн ерөнхий онол нь хууль зүйн шинжлэх ухааны хамгийн түгээмэл ойлголт, зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан юм.

Хууль зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий объектын хамгийн түгээмэл ойлголт, категори зарчим, зүй тогтлыг эмпирик социологийн буюу логик хийсвэрлэлийн замаар нээн илрүүлж тодорхойлсон олон улсын болон үндэсний хүрээнд хүлээн зөвшөөрсөн, эрх зүйн үзэгдэл, бодит байдлын тухай хууль зүйн суурь мэдлэгийн цэгцтэй систем мөн. Эрх зүйн онол нь хууль зүйн тулгуур шинжлэх ухаанд хамаарна. Орчин үед олон улсын хэмжээнд эрх зүйн онолын нэгдмэл нэг загварчлал байхгүй бөгөөд олон хувилбар бүхий систем үйлчилж байна. Үүний нэг нь системт хандлагын чиглэл буюу үндэсний загварчлалын эрх зүйн системийн тухай онол юм. Гол төлөөлөгчид нь Г.Кельзен (АНУ), Р.Арон, Г.Давид (Франц), М.Дюверже (Франц), Э.Росс (Герман) нар юм. Энэ чиглэл нь үндэсний эрх зүйн янз бүрийн онолыг олон улсын хэмжээнд нийтлэг эх үндсээр нь тодорхойлон ангилж хооронд нь харьцуулан судалдгаараа эрх зүйн онолын түгээмэл шинжийг тодорхойлоход тус дөхөм үзүүлдэг. Иймд олон улсын төдийгүй үндэсний эрх зүйн хүрээнд ач холбогдолтой. Дээрх чиглэлээр дэлхий нийтийн үндэсний эрх зүйн системийг дөрвөн бүлэг болгон ангилдаг.


Монгол улсын эрх зүйн өнөөгийн систем нь Ром Германы эрх зүйн системтэй олон зүйлээр адил төсөөтэй боловч эрх зүйн шинжтэй нэлээд асуудлаар ялгаатай. Зөвхөн тодорхой хүрээнд л Үндсэн хууль, төрийн байгуулал, шүүх эрх мэдэл, хууль хэрэглэх практик гэх зэрэг нь уг бүлэгт хамаарагддаг гэж үздэг.


Нийгмийн нарийн төвөгтэй үзэгдлийн хувьд эрх зүй нь гүн ухаан, улс төр, эдийн засаг, удирдлагын гэх зэрэг нийгмийн шинжлэх ухааны салбарууд өөрсдийн чиглэл зорилгын үүднээс судалдаг боловч хоорондоо харилцан нягт уялдаа холбоотой.


Гүн ухаан нь байгаль нийгэм, хүний сэтгэхүйн хөгжлийн түгээмэл хуулиудын тухай шинжлэх ухаан мөний хувьд нийгмийн шинжлэх ухааны бүх салбар түүний дотор хууль цаазын шинжлэх ухааны онолын суурь танин мэдэхүйн арга зүйн үндэс нь болно. Гүн ухаан нь эрх зүй ба төрийг нийгмийн үзэгдлийнх нь хувьд судалж, нийгмийн хөгжилд төр, эрх зүйн давхаргын эзлэх байр суурийг тодорхойлдог.


Социологийн шинжлэх ухаан нь нийгмийн тогтолцооны үйл ажиллагаа нийгмийн удирдлагын асуудлыг судалдаг хүмүүнлэгийн шинжлэх ухааны хувьд эрх зүй ба төр тэдний оролцоотойгоор хэрэгжиж байгаа аливаа удирдлага, засаглалтай нягт холбоотой. Эрх зүй ба төрийн тухай шинжлэх ухаан нь нийгмийн тодорхой судалгаа социологийн ололт амжилтад тулгуурлан төрийн аппаратуудын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох эрх зүйн нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг амжилттай шийдэж болно.


Улс төр судлал нь улс төрийн бодлого институт, улс төрийн байгууллага тэдгээрийн тогтолцоо, үйл ажиллагааг судална. Улс төрийн амьдрал нь төрийн засаглал түүний үйл ажиллагааны арга хэлбэр, агуулгаар илэрхийлэгдэнэ.


Нийгмийн сэтгэл зүйн шинжлэх ухаан нь ололтод түшиглэн эрх зүйн ухамсрын түвшин, түүний бүрэлдэн тогтох болон эрх зүйг бүтээх үйл явц, эрх зүйгээс хүмүүсийн зан үйл, хүсэл зориг, ухамсарт үзүүлэх нөлөөг судална. Нийгмийн сэтгэл зүй нь эрх зүй ба төрийн онолын шинжлэх ухаанд эрх зүй ба төрийн институтүүдийн үйл ажиллагааны үр дүнг тооцоход тусална.


Эдийн засгийн шинжлэх ухаан нь нийгэм хүмүүсийн амьдралд эдийн засгийн суурь хэрхэн нөлөөлж байгааг нээн харуулдаг. Эдийн засгийн харилцаа нь хөгжлийн ямар ч түвшинд төрийн ба эрх зүйн зохицуулалтыг байнга шаардаж байдаг. Түүнчлэн төр ба эрх зүй нь нийгэм эдийн засгийн хэрэгцээ, шаардлагын төвлөрсөн илэрхийлэл нь болдог.


Түүхийн шинжлэх ухаан нь янз бүрийн соёл иргэншлийн хэв маяг иргэний нийгмийн хөгжлийн үе шатууд, нийгэм эдийн засгийн нэг байгууламж нөгөөгөөр солигдох асуудлуудад дүн шинжилгээ хийж тодорхой цаг үе дэх зарим нэг улс орны төрт ёс, хууль цаазын түүхэн туршлага, тэдгээрийн хэлбэр, чиг үүрэг болон эрх зүйн зарим эх сурвалж дурсгал бичгүүдийг судалдаг. Гэвч түүхийн шинжлэх ухаан нь төр ба эрх зүйн хөгжлийн ерөнхий зүй тогтлыг томьёолж нэгдсэн дүгнэлт өгөхгүй учраас эрх зүй болон төрийн ерөнхий онолоос ялгаатай.


Эрх зүйн онолын судлах зүйл

Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухаанд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь дараах шинжээр тодорхойлогдоно.


Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухааны нийтлэг зарчим, арга зүйн үндсийг судалдаг тул хууль зүйн бусад тодорхой шинжлэх ухааныг танин мэдэх урьдчилсан нөхцөл үндсэн суурь нь болж өгдөг. Хууль зүйн бусад шинжлэх ухаан нь эрх зүйн онолын ойлголт категориор дамжуулан эрх зүйн асуудлыг судалдаг.


Эрх зүйн онолын нийтлэг зарчим, арга зүй бодитой эсэх нь хууль зүйн тодорхой шинжлэх ухаан буюу практикаар шалгагдана. Эрх зүйн онол ба хууль зүйн бусад тодорхой шинжлэх ухаан нь харилцан холбоотой нэг нь нөгөөдөө нөлөө үзүүлж байдаг.


Хүснэгт 1 Эрх зүйн судлагдахуун, судлах хүрээ

 Эрх зүйн онолын судлагдахуун

Эрх зүйн онолын судлах хүрээ

·       Эрх зүйн гнеосологи түвшинд

·       Эрх зүйн онтологи түвшинд

·       Эрх зүйн аксиологи түвшинд

·       Эрх зүйн органик түвшинд

·       Эрх зүйн функционал түвшинд

·       Эрх зүйн философи-логик түвшинд

 

·       Эрх зүйн үзэгдлийн мөн чанар, зүй тогтол

·       Эрх зүйн зорилго, зарчим

·       Эрх зүйн хэм хэмжээ

·       Эрх зүйн харилцаа

·       Эрх зүйн зөрчил

·       Эрх зүйн систем

·       Эрх зүйн ухамсар ба соёл

·       Эрх зүйг хэрэгжүүлэх үйл явц

Эрх зүйн онолын арга

Эрх зүйн онол нь эрх зүйн шинжтэй бүхий л асуудлыг бус харин эрх зүйн мэдлэгийн онол, арга зүйн үндсэн хүрээнд багтах асуудлыг судална. Гэхдээ эрх зүйн холбогдолтой асуудлыг зохих хэмжээнд тусгана. Төрийн тухай асуудлаас эрх зүйн судлагдахуунд шууд хамааралтай асуудлууд байдаг. Тухайлбал, төр, иргэний хоорондын харилцааны эрх зүйн зохицуулалт, төр эрх зүйн хамааралт байдал зэрэг асуудлыг эрх зүйн онолын чиглэлээр судална. Судалгааны арга нь үнэн бодитой мэдлэг олж авахад төдийгүй онолын зарчмыг амьдралд хэрэглэхэд тус дөхөм үзүүлдэг. Эрх зүйн онолын судалгааны аргууд нь хоорондоо харилцан холбоотой бөгөөд тэдгээрийг зохистойгоор харьцангуй түвшинд хэрэглэх шаардлагатай.


Эрх зүйн зохицуулах зүйл. Эрх зүйгээр журамлагдаж буй нийгмийн харилцаа мөн.


Эрх зүйн зохицуулалтын арга. Эрх зүйг танин мэдэхэд нөлөөлж байгаа арга хэрэгслийг хэлнэ.


Хүснэгт 1 Судалгааны үндсэн арга, эрх зүйн зохицуулалтын арга

Судалгааны үндсэн арга

Эрх зүйн зохицуулалтын арга

·      Харьцуулалтын арга

·      Түүхчлэн судлах арга

·      Формаль-логикийн арга

·      Социологийн арга

·      Хийсвэрлэн сэтгэх арга

·      Диалектик хандлагын арга

·      Системт хандлагын арга

·      Интеграци-дифференциацийн арга

·      Статистикийн арга

·      Математик-загварчлалын арга

·      Императив арга

·      Диспозитив арга

·      Урамшууллын арга

·      Зөвлөмж болгосон арга



Эрх зүйн онолын ач холбогдол

Эрх зүйн онол нь танин мэдэхүйн болон хүмүүжлийн мөн арга зүйн ач холбогдолтой.


Танин мэдэхүйн ач холбогдол. Эрх зүйг мэдэрч, төсөөлж ойлгохоос эхлээд хууль зүйн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмших, эрх зүйн сэтгэлгээнд суралцах боломжийг олгоно.


Хүмүүжлийн ач холбогдол. Эрх зүйн мэдлэгийн үндсэн дээр эрх зүйн ухамсар бүрэлдэх, эрх зүйг хүндэтгэх, дагаж мөрдөх, тэрчлэн эрх зүйн соёл төлөвшихөд нөлөөлдөг. Мөн эрх зүйн харилцаанд өөрийгөө зөв авч явах, эрх зүйг дээдлэх төлөвшлийг аяндаа олж авна.


Арга зүйн ач холбогдол. Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухаанд чиглүүлэгч нөлөө үзүүлдэг. Хууль зүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, танин мэдэхүйн онол, томьёоллыг зөв ойлгож хэрэглэхэд чухал хөшүүрэг болно.

С.Солонго

Ном зүй

Эрх зүйн онолын судлах зүйл арга ач холбогдол

Эрх зүйн онолын судлах зүйл, арга, ач холбогдол



1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
5 days ago
Rated 5 out of 5 stars.

.

Like
bottom of page