Эрх зүйн нийтлэг хэрэглээтэй латин нэр томьёо, ойлголт
- Ж.Цэрэндулам
- Jan 19, 2024
- 23 min read
Updated: Mar 20
Хураангуй
Хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгддэг олон нэр томьёо, ойлголт нь эртний Ромоос гаралтай ба хоёр мянганы тэртээх утга санаагаа гээлгүйгээр латин хэлээр бидэнд өвлөгджээ. Хуульчдын хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичиг болон харилцан ойлголцохдоо латин нэр томьёо, ойлголтыг ашиглах нь энгийн үзэгдэл гэж хэлж болно. Латин нэр томьёо, ойлголтуудын цаана хууль зүйн шинжлэх ухааны эрх зүйн чухал зарчмууд байдаг. Тиймийн учир, эртний Ромын эрх зүй систем анх үүссэн цагаасаа хойш цаг хугацааны шалгуурыг даван туулж, өнөө үед ч хэрэглээтэй байгаа гэлтэй.
Эрх зүйн холбоотой бүтээл, судалгааны ажлыг уншиж танилцах явцад тулгарсан анхны бэрхшээл нь латин ойлголтыг мэдэхгүй байв. Тиймээс, эрх зүйн нэр томьёо, ойлголтуудыг нэгтгэн хувийн хэрэгцээний гарын авлага үүсгэх анхдагч санаа төрсөн юм. Бид санаагаа өргөжүүлэн, эрх зүйн латин нэр томьёо, ойлголтын талаар судлах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн товч судалгааг хийж гүйцэтгэв. Энэ нийтлэлд нийтлэг, өргөн хэрэглэгддэг эрх зүйн латин гучин нэр томьёо, ойлголтын талаар орууллаа.
Түлхүүр үгс: эрх зүйн латин, эрх зүйн нэр томьёо, хууль зүйн боловсрол, хуульч
Удиртгал

Монголын хууль зүй, хэл шинжлэлийн салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэдийн нэлээдгүй олон бүтээл байдаг. Тухайлбал, 2013 онд П.Цагаан “Хууль зүйн Латин-Англи-Орос-Монгол толь бичиг” нь Монгол хэл дээр туурвисан бүтээлийн нэг бөгөөд бидний судалгааны гол эх сурвалж болсон билээ. Гэхдээ толь бичигт нэр томьёо, хэллэгүүдийн орчуулга байх ч, хангалттай тайлбар, контекст оруулаагүй байдаг. Тиймээс, энэхүү нийтлэлд эрх зүйн салбарт мэргэжлийн хүрээнд, тэр дундаа эх газрын эрх зүйн тогтолцоонд өргөн хэрэглэгддэг латин ойлголтуудыг дэлгэрүүлэн тайлбарлаж, тэдгээрийг хэзээ, хэрхэн хэрэглэх жишээ татаж, гарал үүсэл, анхдагч хэрэглээг онцолж, орчин үед хувьсан өөрчлөгдсөн байдал, манай улсад хэрэглэгддэг ойлголттой зэрэгцүүлэн судалсан бидний ажлын үр дүнгийн нэгтгэл юм. Үүнээс гадна, судалгаанд эх газрын эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжлийг товч танилцуулж, эрх зүйн латин хэлийг хэрэглэхийг чухам ямар шалтгаанаар дэмждэг, эсэргүүцдэг болохыг сонирхон судалгааг баяжуулав.
Энэхүү нийтлэл нь удиртгал хэсгээс гадна хууль зүйн шинжлэх ухаанд латин хэлний хэрэглээ, латин нэр томьёо, ойлголтууд, дүгнэлт бүхий гурван хэсгээс бүтсэн. Төгсгөлд нь ашигласан эх сурвалжийн жагсаалтыг орууллаа. Академич С.Нарангэрэл “Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг” (С.Нарангэрэл), П.Цагаан “Латин-Англи-Орос-Монгол толь бичиг” (П.Цагаан) болон бусад эх сурвалжийг ашиглав.
Нэр томьёо, ойлголтуудыг бичгээр тайлбарласнаас гадна хэллэгийн дууг орууллаа.
Хууль зүйн шинжлэх ухааны латин хэлний хэрэглээ
Эх газрын эрх зүйн тогтолцооны хэлний түүхэн хөгжил
Латин хэл нь эх газрын буюу Ром-Германы эрх зүйн хэлийг хөгжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ромын эрх зүйд үзүүлсэн нөлөөллөөс дурдвал, МЭӨ 450-451 онд Ромын эрх зүйн үндсэн эх сурвалж бүхий Арван хоёр хүснэгтийн хуулийг латин дээр бүтээсэн. Үүнээс гадна, хууль зүйн гүн ухааны хамгийн алдартай бүтээлүүд латин хэл дээр байв. Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis) зэрэг Ромын эрх зүйн мэдлэгийн гол эх сурвалжийг бүгдийг нь латин хэл дээр бичиж үлдээжээ. Үе үеийн мэргэд Цицерон, Гэгээн Фома Аквин, Гюго Гроций болон бусад олон төлөөлөгчийг жагсааж болно.
Ромын эзэнт гүрэн өргөжин тэлсний дараа латин нь засгийн газар, засаг захиргаа, хууль тогтоомж, шүүх засаглал, худалдаа, цэрэг армийн үйл ажиллагааны хэл болж, олон улс орны нийтлэг соёл иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулсан. Товчхондоо, уг хэл түүхэндээ төр, захиргааны албан ёсны хэл байжээ.
Хожим дундад зуун, Сэргэн мандалт, Шинэчлэлийн үед латин хэлийг сүм хийд, боловсрол, шинжлэх ухаан, түүнчлэн улс үндэстэн хоорондын харилцааны хэл болгон ашигладаг байсан нь харилцаа холбоо тогтоох, боловсрол түгээх, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэлшгүй хувь нэмэр оруулсан байдаг. Латин хэллэгүүд нь газар зүйн хил хязгаар, олон зууныг даван туулсан хүн төрөлхтний хамтын түүхийг сануулж, туршлагын түгээмэл байдлыг тусгаж, үзэл баримтлалыг агуулж, өнөөг хүртэл цуурайтаж байгаа аж.
Латин хэлний эдгээр түүхэн нөлөө дор эх газрын буюу Ром-Германы эрх зүйн тогтолцооны эрх зүйн хэл, сэтгэлгээг төлөвшүүлэхэд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэж, Эртний Ромчуудын хэл өнгөрсөн үеийн үлдэгдэл төдий зүйл биш болох нь батлагдаж байна.
Эрх зүйд латин хэл хэрэглэхийг дэмжих, эсэргүүцэх гол үндэслэлүүд
Аливаа харилцаа холбооны түлхүүр нь хүмүүн хоорондын ойлголцол билээ. Хүмүүс нийтлэг хэл болох lingua franca буюу эх хэл ондоо хүмүүс хоорондоо харилцаа холбоог гуравдагч, эсвэл хэн нэгнийхээ эх хэл дээр бий болгодог. Энгийнээр тайлбарлавал, технологи ашиглах, хэрэгжүүлэхэд программ хангамжийн дохио, команд нь технологи ба хүний хоорондын харилцан үйлчлэлийн хөрвүүлэгч хэл болно. Үүнтэй агаар нэг, хуулийн ээдрээтэй, ихэвчлэн ойлгоход хүндрэлтэй эрх зүйн хэллэгээр гэрээ хэлэлцээр, шүүхийн практик зэрэг аливаа асуудлыг хуульчид хоорондоо ярилцдаг бол тэд үйлчлүүлэгчдээ зориулж, хуулийн хэлийг орчин үеийн хэл рүү хөрвүүлдэг. Үүнээс гадна, хуульчид өргөн хүрээний байгууллага, хувь хүнтэй харилцахад бизнес арилжааны хэлээр харьцаж, үүний зэрэгцээ техникийн талаар ярьж сурах шаардлага ч мөн үүснэ. Гэх зэргээр хуульчид олон хэлээр ярьдаг ч хамгийн гол нь эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд ижил хэлээр ярьж дэвшилтэт харилцааг үүсгэх явдал байдаг.
Эрх зүйд латин хэлийг хэрэглэх, цаашид хөгжүүлэхийг зарим эрдэмтэн дэмждэг бол эсрэг байр суурьтай талууд ч мөн байдаг. Латин хэлийг хэрэглэхийг дэмжиж буйгаа харилцан ойлголцол, түүхэн хөгжлийн холбоо, үр дүн гэсэн аргумент байдлаар нэгтгэн тайлбарлаж, гол санаагаа буулгах гэж оролдъё.
Зарим эрдэмтэд латин хэл дээр эрх зүйн ойлголтуудыг хэрэглэх нь ялгаатай эрх зүйн тогтолцоотой хуульчдын хоорондын харилцан ойлголцлыг бий болгохын зэрэгцээ хэлний бэрхшээл, хуулийн туршлагаас үүдэлтэй үл ойлголцлыг даван туулна гэж үздэг. Өмнөх хэсэгт дурдсанчлан, хэдэн зууны турш эрх зүйн ном бүтээлийн дийлэнхийг латин хэлээр бичиж туурвин, тус хэл нь эх газрын эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлжээ. Латин хэл нь өөр өөр эрх зүйн соёл, хэлний хил хязгаарыг хамарсан эрх зүйн харилцаа холбооны үндэс суурийг бүрдүүлсэн, бүрэн, сайн боловсруулагдсан нэр томьёо, ойлголтуудыг агуулсан байдаг. Латин хэл дээр эрх зүйн нэр томьёо, ойлголтыг хэрэглэх нь үр дүнтэй хэмээн сүүлийн аргументын хувьд, нэгэнт тогтсон, олон улсад хэрэглэж хэвшсэн ойлголтыг орчин үеийн олон хэл рүү орчуулах шаардлагагүй гэж болно. Эс бөгөөс, эх бичвэрийг хоёр дахин уртасгах эдийн засгийн хэмнэлгүй үйлдэл болно.
Эдгээр үндэслэлээр эрх зүйн латин нэр томьёо, ойлголтыг цаашид хэвээр хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд амархан хүрэх боловч, нөгөөтээгүүр соёлын олон талт байдал, хэлний хангалтгүй байдал, орчуулгын асуудал зэргийг зайлшгүй харгалзан үзэх шаардлага урган гарна.
Улс орны соёл, түүхэн уламжлал зэрэг нь тухайн улсын хуулийн хэл болж хөгжиж ирсэн байдаг. Энэ нь эргээд нийгэм, түүний эрх зүйн тогтолцоотой нягт холбоотой, салшгүй хэсэг болдог. Учир ийм байтал, эрх зүйн латин нэр томьёо, ойлголтыг шууд аван хэрэглэх нь улс орнуудын соёлын олон талт байдал, өвөрмөц уламжлалыг арилгаж болзошгүй. Үүнээс гадна, олон улсын хуульчид нийтлэг ашигладаг lingua franca англи хэл хэдий ч зарим эрх зүйн тогтолцоонд тохиромжгүй байж болно. Тиймээс, зөвхөн англи хэлийг сайн эзэмшсэн байх нь эрх зүйн харилцаа амжилттай байх баталгаа болохгүй.
Дэлхийн олон улсад, тэр дундаа манай оронд ч түгээмэл гардаг нэг асуудал бол төгс бус орчуулга байдаг. Мэдээж төгс орчуулга гэсэн ойлголт байхгүй ч гэлээ үл ойлголцолд хүргэдэг гол хүндрэлийн нэг нь эрх зүйн ойлголтуудыг эх хэл рүүгээ буруу, зөрүү хөрвүүлснээр үүсдэг байна.
Энэ хэсгийг дүгнэвэл, эрх зүйн нэр латин томьёо, ойлголтуудыг хэрэглэх нь харилцан ойлголцол, үр өгөөжтэй байх боломжит ашиг тус ба соёлын уламжлалыг хадгалах, харилцааны болзошгүй эрсдэл хоёрыг тэнцвэржүүлэх явдал билээ.
Нэр томьёо, ойлголтууд
Латин бол шинжлэх ухаан, тэр дундаа хууль зүйн шинжлэх ухааны lingua franca билээ. Эрх зүйн латин нэр томьёо, ойлголтууд нь нарийн, ойлгомжтой тул орчин цагийн хуулийн баримт бичгийн салшгүй хэсэг хэвээр байна. Олон улсын хуульчид эрх зүйн латин ойлголтуудыг хэрэглэж, хоорондоо төвөггүй ойлголцдог. Тэр бүү хэл, зарим тохиолдолд гэрээ, хууль тогтоомж, шүүхийн баримт бичгүүдэд латин орчуулгыг шаарддаг. Ad hoc, prima facie, quid pro quo зэрэг олон хэллэгүүдийг эрх зүйн ярианы хэлэнд ашиглаж, харилцаа холбоог нэгэн утгаар ойлголцохыг баталгаажуулж, мөнхийн гэж болох уламжлалыг хадгалдаг байна.
Тиймээс энэ хэсэгт эрх зүйн онол анхлан суралцагчдад зориулсан зайлшгүй мэдэх шаардлагатай эрх зүйн латин гучин нэр томьёо, ойлголтыг танилцууллаа. Нэгэн судалгаанд Эстони, Финландын хуульчдын идэвхтэй үгсийн сангийн 600 гаруй нэр томьёо, хэллэгүүд нь латин дээр байгаад зогсохгүй хууль зүйн ном бүтээлд латин нэр томьёо, ойлголтууд өргөн хэрэглэгддэг талаар дурдсан байна. Хуульчид илтгэл тавих, хууль зүйн тайлбар хийх зорилгоос гадна, хууль зүйн тодорхой мэдээлэл бүхий норматив аргументэд латин хэллэгийг ашигладаг байна. Энэхүү нийтлэлд дурдаагүй үлдээсэн олон тооны ойлголтууд байгаа ч өөрсдийн уншиж танилцсан бүтээл, судалгааны ажил дээр гарсан ойлголтуудыг нэн түрүүнд, улмаар хуулийн практикт нэлээд түгээмэл хэрэглэгддэг гэж үзсэн ойлголтуудыг шүүж оруулахыг оролдов.
Эрх зүйн латин ойлголтыг том үсгээр бичиж, араас нь Монгол, Англи, Орос үгчилсэн болон утгачилсан орчуулгыг буулгав. Тайлбарыг бичихдээ хамт хэрэглэгддэг ойлголтуудыг оруулж, жишээ сэлтээр баяжуулсан. Төгсгөлд нь хууль зүйн тайлбар толь бичгийн зарим тодорхойлолтыг орууллаа. Латин, англи, орос зэрэг гадаад хэл дээрх ойлголтуудыг налуу фонт ашиглаж ялгасан болно.
AB INITIO
Утга: Анхнаасаа, эхнээсээ, эхлэлээс, үүссэн үеэс, бүр эхнээсээ
Англи: From the beginning
Орос: С самого начала, с возникновения
Тайлбар: Ab initio нь ямар нэг баримт холбогдох цаг хугацааны эхэн үеэс байсан гэсэн утгыг илэрхийлнэ. Гэрээ, хууль тогтоомж, гэрлэлт, гэрээслэл зэргийн хууль ёсны болох цаг хугацааг заана. Ихэвчлэн void ab initio хэллэгийн хэсэг болгон хэрэглэгддэг. Хуулийн дүгнэлтэд void ab initio гэсэн байвал ямар нэг зүйл хүчингүй болсон, эсвэл анх үүссэн үеэс хүчингүй байсан гэдгийг заана. Түүнчлэн, гэрээ, хууль тогтоомж, гэрлэлт, гэрээслэл хууль ёсны болох цаг хугацааг хэлнэ. Тус ойлголтыг хууль тогтоомж, гэрээ хэлцэл, шүүхийн шийдвэр зэрэгт ашиглаж болно.
Жишээ: Хуулийн дагуу зөвхөн насанд хүрсэн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал насанд хүрээгүй фактын улмаас гэрээг хүчингүй void ab initio хэмээн дүгнэж болно.
Залилан мэхлэлтийн улмаас гэрээ хүчингүй болсон, гэрлэлт анхнаасаа хүчингүй байсан гэдгийг void ab initio гэх ойлголтоор илэрхийлнэ.
ACTUS REUS
Утга: Хууль бус үйлдэл, гэмт үйлдэл, гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн обьектив тал
Англи: Guilty act, criminal act
Орос: Противоправное действие, правонарушение, преступное действие
Тайлбар: Actus reus нь хуульд заасан гэмт хэргийн биет бүрэлдэхүүнийг агуулсан сайн дурын үйлдэл, гэмт хэрэг үйлдэхийг хориглосон үр дагаварт хүргэх орхигдуулсан эс үйлдэхүйг хэлнэ. Ихэвчлэн гэмт хэргийн шинж чанарыг илэрхийлдэг mens rea буюу гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэлтэй хамт хэрэглэгддэг.
Жишээ: Гэмт хэрэгтэн буу чичлэн “Мөнгөө өг” гэвэл буу чичлэх үйлдэл нь actus reus юм. Харин албадан үйлдэл, эсвэл рефлекст инстинкт хөдөлгөөн хийсэн бол actus reus шаардлагыг хангахгүй. Гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэлгүй бол үйлдэл нь хүнийг буруутай болгохгүй. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохын тулд хууль бус үйлдэл actus reus үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэл mens rea аль аль нь байх ёстой.
Гэмт үйлдэл (criminal action) гэдэг нь эрүүгийн эрх зүйд Эрүүгийн хуулиар хориглосон хэрэг үйлдсэн, Эрүүгийн хууль зөрчсөн нийгэмд аюултай хүний зан үйлийн идэвхтэй үйл ажиллагааг хэлнэ. Гэмт үйлдэл нь гадаад шинж байдлаараа үйл хөдлөл буюу ам үгээр, эсхүл гадаад ертөнцийн янз бүрийн эд юмст буюу бусад хүмүүст бие махбодоороо нөлөөлөх байдлаар илэрнэ. Энгийнээр хэлбэл, гэмт хэргийг actus reus гэж тооцохын тулд ухамсартай, санаатай хөдөлгөөн хийснийг нотлох ёстой болдог.
AD HOMINEM
Утга: Тухайн хүнд хамаарах
Англи: At the person, to the person
Орос: К человеку
Тайлбар: Ad hominem гэдэг нь тулгарч буй бодит асуудлыг шийдвэрлэх оролдлого хийхгүйгээр хэн нэгний хувийн зан чанар, сэдэл рүү халдахыг хэлнэ. Баримт, үндэслэл, логик гэхээсээ илүү өрөөсгөл үзлийн мэдрэмж дээр суурилж, аргументыг эсэргүүцэхэд хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, мэтгэлцээн, маргааны хүрээнд өрсөлдөгчийн аргументын мөн чанарыг хөндөхгүй харин түүний зан чанар, сэдэл, бусад хувийн шинж чанарт халдсан хуурамч аргументыг хэлдэг. Ad hominem аргумент нь тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн оронд өрсөлдөгчийнхөө оюун ухаан, боловсрол, хувийн амьдрал, зан чанар зэрэгт халдах гэсэн хэд хэдэн хэлбэртэй байж болно.
Жишээ: Хэн нэгэн нь уур амьсгалын өөрчлөлт бол тулгамдаж буй бодит асуудал хэмээн ярьж байтал, сөрөг буюу мэтгэлцээний нөгөө тал нь “Либерал үзэлтэй учраас ингэж хэллээ” гэж хариулбал талуудын хооронд ad hominem мэтгэлцээн өрнөж буй.
Ad hominem-ийг үндсэн аргументын учир холбогдлыг хөнддөггүй тул буруу гэж үздэг. Дэвшүүлж буй асуудлаас сатааруулах, сэтгэл хөдлөл, өрөөсгөл хандлагад уриалах, өрсөлдөгчийнхөө аргументыг огт оролцуулалгүйгээр нэр хүндийг нь гутаах зорилгоор ашигладаг. Бүтээлч маргаан мэтгэлцээний үед хэлэлцэж буй асуудлын мөн чанарт анхаарлаа төвлөрүүлж, хувийн халдлага болон бусад ad hominem маргаанаас зайлсхийх нь чухал. Маргааныг үүсгэж буй хүний зан чанарт халдах бус, тухайн ярианы сэдэвт анхааран үр дүнтэй, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.
AFFIDAVIT
Утга: Андгайлж гаргасан бичгэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, бичгээр өгсөн гэрчийн мэдүүлэг
Англи: Sworn facts, a formal statement of fact
Орос: Аффидевит, письменное показание под присягой, письменное показание, поручительство, заявление, письменное свидетельство
Тайлбар: Affidavit нь бичгээр өгсөн тангараг, мэдэгдэл буюу бодит байдлын албан ёсны мэдэгдэл юм. Шүүх хуралдаанд нотлох баримт болгон ашиглуулахаар тангараг өргөж, баталгаажуулан бичгээр үйлдсэн мэдүүлэг хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг нь өөрийн мэдлэгийн хэмжээнд үнэн, зөв гэдгийг батална. Үүнийг сайн дураар, ямар нэгэн албадлагагүйгээр хийсэн тохиолдолд л хүчинтэй байна.
Шүүх хуралдаанд оролцож буй гэрч мэдүүлэг өгөхөөс өмнө худал мэдүүлэг өгсөн тохиолдолд шийтгэл хүлээх ба хэлэх гэж байгаа зүйлээ үнэн, зөв гэж тангараглах ёстой байдагтай адил affidavit нь худал мэдүүлэг өгөхтэй дүйцэх шийтгэл ногдуулдаг. Тухайн хүний мэдэж байгаагаар тодорхой баримт үнэн болохыг нотариатч, шүүхийн ажилтны өмнө шүүхээс гадуур хийсэн тангараг өргөсөн мэдэгдэл юм. Нотариатчид мэдүүлэг өгөх, мэдэгдэл хийхийг jurat гэнэ. Jurat нь латинаар тангараглах гэсэн утгатай. Jurat нь мэдүүлгийг зохих ёсоор эрх бүхий албан тушаалтны өмнө хийсэн болохыг илтгэх мэдүүлэг, эсвэл мэдүүлэгт хавсаргасан гэрчилгээ байна.
Жишээ: Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж үүнийгээ үнэн зөв хэмээн мэдэгдсэн бол энэ нь affidavit болно.
Мэдүүлэг (testimony) гэдэг нь иргэн, эрүү, захиргааны хэргийг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход ашиглаж болохуйц тодорхой бодит мэдээ сэлтийг мэдээлснийг зохих хэлбэрээр, хууль тогтоосон журмаар бэхжүүлсэн нотлох баримтын төрлийг хэлнэ.
AMICUS CURIAE
Утга: Шүүхийн анд, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд тусалж буй хөндлөнгийн этгээд, хэргийн оролцогч биш боловч уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдээллийг шүүхэд өгч буй этгээд
Англи: Friend of the court
Орос: Друг суда, не участвующее в деле лицо, которое представляет суду, с его разрешения, имеющее значение для дела информацию или соображения, либо проводит по своей инициативе с согласия суда самостоятельное расследование
Тайлбар: Amicus curiae нь Ромын хуулиас гаралтай хуулийн нэр томьёо. Хэргийн оролцогч биш боловч шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүх ажиллагаанд оролцохгүйгээр, сайн дурын үндсэн дээр хэлэлцэж буй асуудлаар тухайн хэрэгт хамааралтай мэдээллийг шүүхэд хүргэх, санал өгөх замаар шүүхэд тусалж буй тухайн асуудалд хүчтэй сонирхолтой этгээд, эсвэл бүлгийг хэлнэ. Amicus curiae нь факт дээр тулгуурласан хууль зүйн дүгнэлт ба санал бодол amicus brief гэсэн хоёр төрөл байж болно. Amicus brief нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг зорьж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөх зөвшөөрөл авахаар шүүхэд гаргах хүсэлт.
Жишээ: Amicus curiae нь зөвшөөрөл өгөхөөс бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, оролцохыг зөвшөөрөх нь ховор байдаг. АНУ-ын Дээд шүүх талуудын зөвшөөрлийг авалгүйгээр хэрэг, маргаан холбооны, муж, орон нутгийн засаг захиргаанд хамааралтай тохиолдолд санал бодлоо илэрхийлэхийг зөвшөөрдөг.
BONA FIDE
Утга: Сайн санаа, чин үнэнч байдал, чин сэтгэлээс, шударгаар, чигч, үнэнч, үнэнхүү, жинхэнэ, шударга
Англи: In good faith, good faight, sincere
Орос: Честные намерения, добросовестно
Тайлбар: Bona fide нь сайн санаагаар, чин сэтгэлийн үүднээс гэсэн утгатай латин нэр томьёо. Хуулийн хүрээнийхэн аливаа хууран мэхлэлт, далд санаа зорилгогүйгээр хийсэн шударга, итгэл үнэмшил, үйлдлийг илэрхийлэхэд ихэвчлэн ашигладаг. Нэг ёсондоо сайн санаагаар ажиллах нь муу санааны эсрэг үйлдэл. Шударга санаагаар, ямар нэгэн залилан, хууран мэхлэлтгүйгээр хийгдсэн хэлцлийг bona fide гэрээ хэлцэл гэнэ. Bona fide гэдэг ойлголт нь гэрээ, хуулийн хэлцлийн шударга байдлыг хангах үндэс суурийг бүрдүүлдэг тул эрх зүйн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ромын эзэнт гүрний үеэс bona fide итгэлтэй, үнэнч шударга зан үйл хийдэг хүнийг тодорхойлоход хэрэглэдэг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам тус нэр томьёоны утга нь хувьсан өөрчлөгдөж, ямар ч залилан, хууран мэхлэлтгүйгээр хийсэн үйлдлүүдийг багтаах болжээ. Орчин цагийн эрх зүйд тодорхой ажил гүйлгээ, нөхцөлд шударгаар ажиллаж байгаа хуулийн этгээдийг тодорхойлоход ашигладаг.
Жишээ: Шулуун шударга, жинхэнэ, бодит хэлцэл гэсэн утга бүхий bona fide гэрээ нь аль нэг талаас bona fide худалдан авагч, эзэмшигч гэж тодотговол сайн санаатай, эргэлзээ төрүүлэх аливаа баримтыг мэдэхгүй байгааг илтгэнэ.
DE MINIMIS
Утга: Үл ялих харилцаа, жижиг зөрчил
Англи: About the smallest things
Орос: Незначительные, мелкие нарушения закона
Тайлбар: De minimis гэдэг нь үл ялих харилцаа, жижиг зөрчил, мөнгөн дүнгээр бага үнэлэмжтэй, маш өчүүхэн, тун бага ач холбогдолтой, ноцтой бус зүйлийг илтгэнэ. De minimis нь de minimis non curat lex латин хэллэгийн товчилсон хэлбэр бөгөөд үл ялих харилцааг хуулиар зохицуулдаггүй, жижиг зөрчил бүрийг шүүх авч хэлэлцэх шаардлагагүй гэсэн утгатай.
Эрх зүйн түүхэнд XV зуунаас өмнө de minimis гэх ойлголт хэрэглэгдэж байжээ. Тодорхой доод түвшнээс доогуур хэмжигдэхүүнийг өчүүхэн гэж авч үздэг тус нэр томьёо нь хам сэдвээс хамааран ялгаатай хэрэглээтэй, тустай утгатай аж.
Жишээ: Зарим улсын татварын хуулийн дагуу de minimis нэмэлт тэтгэмжид татвар ногдуулдаггүй. Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулдаг боловч хүний эрх чөлөөнд халдан хорино. Энэ тохиолдолд хүний эрхийн конвенц нь de minimis ангилалд багтана. Гэрээнд уг ойлголтыг үл ялих, жижиг, анхааралдаа авах боломжгүй, шаардлагагүй хэтэрхий жижиг, материаллаг бус зөрчил гарсан тохиолдолд талууд шүүхэд хандахыг хязгаарлах зорилгоор ихэвчлэн тусгадаг байна.
DE NOVO
Утга: Дахин, эхнээс нь, шинээр
Англи: A second time, afresh, anew
Орос: Заново, снова, вновь
Тайлбар: De novo гэдэг нь шинээр, эхнээс нь, дахин гэсэн утгатай анх 1620–30 онд бүртгэгдсэн латин нэр томьёо. Ихэнхдээ trial de novo буюу шүүх хуралдаанаар дүгнэлтэд хүрч чадаагүй тохиолдолд аливаа доод шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхээр гаргасан ямар нэгэн хууль зүйн дүгнэлт, таамаглалыг эс тооцон, ишлэлгүйгээр хэргийг анх удаа хэлэлцэж байгаа юм шиг бүх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг шинээр зарлах нөхцөл, хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах, дээд шатны шатны шүүх үйл явцыг илэрхийлэхэд хэрэглэгддэг.
Жишээ: Шинэ нотлох баримт дээр үндэслэн дахин шүүх боломжийг олгож, хөндлөнгийн саналгүйгээр бүхэлд нь шинээр хэлэлцэнэ. Хэргийн баримтыг нэгээс олон удаа шүүн хэлэлцэхэд цаг хугацаа, шүүхийн нөөц шаардлагатай байдаг тул ийм төрлийн шүүх хуралдаан нийтлэг биш. Гэсэн хэдий ч давж заалдах журмаар асуудлыг дахин хянан үзэх нь нэлээд түгээмэл практик юм
DICTUM
Утга: Шүүгчийн тайлбар, шүүхийн шийдвэр гаргах зорилготой биш, харин хэрэг, маргааны мөн чанарыг ойлгуулах зорилгоор шүүгчийн өгсөн тайлбар
Англи: Remark, a comment by a judge
Орос: Высказывание, мнение судьи
Тайлбар: Dictum нь шийдвэр гаргахад шаардлагагүй, хэрэгт хамаарахгүй боловч оролцогч талуудын эрхийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай асуудлаар шүүгчийн ойлгосноор холбогдох эрх зүйн зарчмыг илэрхийлэн дүгнэлтэд тусгасан үзэл бодол юм. Dictum нь аргумент гаргахад итгэл үнэмшил төрөх хүчийг нэмж, хууль зүйн үндэслэлд дурдсан байж болох ч тайлбар төдий зүйл тул шүүхийн шийдвэр адил заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй.
Жишээ: Шүүгчид шийдвэрлэж буй хэрэгт шууд хамааралгүй dictum буюу хэрэг, маргааны мөн чанарыг ойлгуулах тайлбар гаргаж болно. Сайтар эргэцүүлэн бодож, зөв илэрхийлсэн obiter dicta нь шүүгч болон хуульчдын хүрээнд олон жил өнгөрсөн ч хэрэглэгддэг байна.
Английн эрх зүйд dictum гэдэг нь шүүхийн шийдвэрийн нэг хэсэг болгон гаргасан аливаа мэдэгдлийг хэлнэ. Тиймээс энэ нэр томьёо нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг биш, ухамсартайгаар илэрхийлсэн dictum (obiter dicta) багтдаг. Английн эрх зүйд obiter мөн, биш гэхээс илүү нарийн ангилдаггүй.
Харин Америкийн эрх зүйд dictum нэр томьёо нь мэдэгдсэн этгээдийн хүлээн зөвшөөрөгдсөн эрх мэдлийг харгалзан, хэдийгээр заавал биелүүлэх албагүй ч нөлөөлөхүйц гэж үздэг үзэл бодлын мэдэгдэл юм.
Олон төрлийн dictum байдаг боловч тэдгээрийн давхцаж буй шинж чанараас шалтгаалан хуульчид шүүхийн шийдвэрээс илүү өргөн хүрээг хамарсан шүүхийн аливаа мэдэгдлийг амаар илэрхийлдэг. Энэ утгаараа dictum нь шүүхийн шийдвэр адил заавал дагаж мөрддөггүй ч эрх бүхий шийдвэрт тусгагдах, эсвэл эрх мэдэл бүхий шүүгч мэдэгдэх, эсвэл аль аль байдлаар илэрхийлсэн байх нь итгэл, үнэмшил төрүүлэх нөлөөтэй байдаг. Үүнд:
Dictum proprium: дүгнэлт гаргаж буй шүүгчийн илэрхийлсэн боловч шүүх бүхэлдээ санал нийлэх албагүй, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй хувь хүний хэлсэн үг.
Gratis dictum: ямар ч үүрэг хүлээлгүйгээр хэн нэгний хэлсэн үг, эсхүл шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй асуудлын талаар хэлэлцэх, эсвэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй дүрмийн талаарх санал.
Judicial dictum: хэлэлцэж буй асуудлаар шүүх дүгнэлтээ танилцуулж, өмгөөлөгч мэтгэлцэж, тэр ч байтугай шүүхээр хэлэлцсэн байсан ч шийдвэр гаргахад чухал биш байдаг.
Obiter dictum: латинаар зохицуулалтын явцад хэлсэн зүйл гэсэн утгатай бөгөөд итгэл үнэмшил төрүүлэхүйц байж болох ч тухайн хэргийн шийдвэр гаргахад шаардлагагүй.
Simplex dictum: батлагдаагүй, эсвэл догматик мэдэгдэл.
Dictum гэдэг үгийг философи, эдийн засаг, улс төрийн болон шинжлэх ухааны салбарт өргөн ашигладаг. “Төгс бол сайны дайсан”, “Хямд байхад нь авч, үнэ өсөхөд зар”, “Бүх улс төр орон нутгийнх” зэрэг цэцэн ухаан хайрласан ерөнхий үнэн, зарчим, санал, үзэл бодлыг илэрхийлсэн богино боловч анхаарал татахуйц мэдэгдлийг dictum гэж нэрлэж болно.
DURA LEX, SED LEX
Утга: Энэ хууль хатуу чанга байна, гэвч энэ бол хууль, хатуу ч байсан хууль бол хууль
Англи: The law is harsh, but it is the law
Орос: Закон суров, но это закон
Тайлбар: Dura lex, sed lex нь хууль бол хатуу, гэхдээ хууль гэсэн утгыг илэрхийлнэ. Ромын хувийн эрх зүйд хууль ёсны шийдвэрийн үр дүн харамсмаар байсан ч хуулийг тунхаглаж, хэрэгжүүлэх ёстой гэж заасан байсан ба өнөө үед мөн адил утгаар хэрэглэгддэг.
Жишээ: Dura lex, sed lex нь хуулийг хүн бүр дагаж мөрдөх ёстой, хуулиас дээр хэн ч байхгүй. Хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ.
FORUM NON CONVENIENS
Утга: Хэргийг хянан хэлэлцэхэд тохиромжгүй газар, хэрэг авч хэлэлцэхэд тохиромжгүй, таарахгүй газар
Англи: Forum not agreeing – better alternative forum available, not suitable forum
Орос: Неудобное, неподходящее место для рассмотрение дел
Тайлбар: Forum non conveniens гэдэг нь өөр шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд илүү тохиромжтой тохиолдолд шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэхээс татгалзах эрхийг хэлнэ. Шүүхэд тохиромжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн зорилго биш тул нэхэмжлэгчийг илүү тохиромжтой шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Энэ зарчмыг шүүгдэгч, шүүх аль аль нь гаргаж болно.
Нэхэмжлэгч тохиромжгүй шүүхэд хэрэг үүсгэсэн ч хэргийг хянан хэлэлцэж, хохирлоо барагдуулах боломжтой өөр шүүх байхгүй, шүүхийн тогтолцоо бүрэн хангалтгүй тохиолдолд шүүхийг солихгүй.
Жишээ: Шүүх ихэвчлэн хоёр хэсгээс бүрдсэн тестийг ашиглан шүүгдэгчийн зөвшөөрөх эсэхийг тодорхойлдог. Эхнийх нь хувийн болон төрийн хүчин зүйлсийг тэнцвэржүүлэх тест, хоёр дахь нь өөр шүүх байгаа эсэхийг авч үздэг.
GRAVAMEN
Утга: Гомдол, гомдлын буюу яллагааны гол зүйл
Англи: The essential element of a lawsuit, grievance
Орос: Обвинение, суть, основной пункт жалобы или обвинения
Тайлбар: Gravamen нь эрх зүйн маргаан, нэхэмжлэлийн үндсэн хэсгийг хэлнэ. Ихэнхдээ нэхэмжлэл нь олон нэхэмжлэл, маргаантай талбаруудыг хамардаг боловч gravamen нь үндсэн асуудлыг хэлдэг. Gravamen нь ерөнхийдөө тодорхой боловч зарим тохиолдолд маргааны гол зүйл болон хоёрдогч хэсгийг ялгахад хэцүү байдаг.
Жишээ: Бүтээгдэхүүний согогтой холбоотой нэхэмжлэлд тухайн хүнд учирч болзошгүй хохирлын хэмжээ, эсвэл хохирлын дээд хэмжээний талаар маргаан байж болох ч gravamen нь хууль ёсны нэхэмжлэлийг бий болгож буй үйлдвэрлэгч доголдолтой бүтээгдэхүүн хийсэн эсэх явдал. Бараа, үйлчилгээний борлуулалттай холбоотой хэргийн гэрээний үндсэн хэсэг нь бараа, үйлчилгээ мөн эсэх нь тодорхойгүй байж болно.
HABEAS CORPUS
Утга: Хувь хүний халдашгүй байдал, албадан саатуулах буюу баривчлах шийдвэр хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах эрх
Англи: You may have the body – a writ ordering a person to be brought before a court or judge, that court may ascertain whether this detention a lawful
Орос: Неприкосновенность личности, предписание о предоставлении задержанного в суд (для рассмотрения законности ареста)
Тайлбар: Habeas corpus гэдэг нь ихэвчлэн habeas corpus бүхий шүүхийн шийдвэрийн нэг төрөл бөгөөд шүүхээс хоригдлыг цагдан хорих нь хүчинтэй эсэхийг тогтооход ашигладаг. Хоригдол, албадан эмчилгээнд хамрагдах этгээдийн зүгээс улсын ерөнхий прокурор зэрэг баривчилсан этгээдийн эсрэг иргэний хэрэг үүсгэж, шүүх хэргийг хянана.
Жишээ: Habeas corpus шүүгч цагдан хоригдож буй аливаа хүнийг авчрах ёстой. Ингэснээр тухайн хүнийг цагдан хорих нь хууль ёсны эсэхийг үнэлэх боломжтой болно.
IN CAMERA
Утга: Хүнгүйд, хоёулхнаа, асуудлыг хаалттай хэлэлцэх, тодорхой хүрээнд ярилцах
Англи: In the chamber
Орос: Наедине, подробное описание, обсуждение вопроса в узком кругу, при закрытых дверях
Тайлбар: In camera гэсэн нэр томьёо нь шууд утгаараа танхимд гэсэн утгатай боловч, хянан хэлэлцэж буй хэргийг хэвлэл, олон нийтэд мэдээлэхгүйгээр шүүх хуралдааныг хаалттай байдлаар хийхийг илэрхийлэхэд хэрэглэгддэг.
Жишээ: In camera нь олон нийтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн оролцоог багасгадаг тул эмзэг мэдээлэл агуулсан хэрэг, маргаанд ихэвчлэн ашиглагддаг.
IN PERSONAM
Утга: Тодорхой этгээдийн талаар буюу түүнд хандсан, биечлэн
Англи: Directed toward a particular person, in person
Орос: В отношении конкретного лица, лично
Тайлбар: Тодорхой хүнд чиглэсэн гэсэн утгатай. Тодорхой хувь хүний эсрэг үүсгэсэн хэргийн хувьд тухайн хүнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх харьяаллын дагуу шүүхэд дуудах хуудас, гомдлыг хүргүүлэх ёстой. Шийдвэр нь тухайн хүнд хамаарах бөгөөд хувийн шийдвэр гэж нэрлэгддэг. In personam нь тодорхой хүний оронд өмч буюу бүх ертөнцөд хамаарах rem гэх ойлголтоос ялгагдана. Энэхүү техникийн ялгаа нь хаана шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчид хэрхэн үйлчлэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Хувь хүн гэдэг нь тухайн хүн хаана ч байсан түүний эсрэг шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэсэн үг.
Жишээ: Хэрэв нэхэмжлэл нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг тогтоох гэж байгаа бол тухайн эд хөрөнгө байгаа газарт харьяаллын дагуу нэхэмжлэл гаргаж зөвхөн тэнд хэрэгжих ёстой.
IPSO FACTO
Утга: Хууль зүйн фактын хувьд, үйл явдлын мөн чанараас
Англи: By virtue of the fact of, by the fact itself
Орос: В силу самого факта
Тайлбар: Ipso facto нь латинаар үнэхээр, илэрхий хэлэх арга гэсэн утгатай. Нэг үйл явдал нь нөгөө үйл явдлын шууд бөгөөд шууд үр дагавар байх нөхцөл байдалд хэрэглэгддэг.
Жишээ: Латин хэлийг төгс эзэмшсэн хуульч бол ipso facto.
LOCUS DELECTI
Утга: Гэм хор учирсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийн хууль
Англи: Law of the place where the tort was committed
Орос: Закон места преступления
Тайлбар: Locus delicti гэдэг нь гэмт хэрэг, зөрчлийн хэрэг үйлдэгдсэн улсын хууль тогтоомжийг ашиглан тухайн үйлдлийн эрх зүйн үр дагаврыг тогтоохыг хэлнэ.
Жишээ: Франц улсад гэмт хэрэг үйлдсэн бол өөр улсын иргэн байсан ч ял шийтгэлийг Франц улсын хуулиар тогтооно.
MALUM IN SE
Утга: Шинж чанарын хувьд гэмт үйлдэл
Англи: Wrong or evil in itself
Орос: Деяние, преступное по своему характеру
Тайлбар: Malum in se гэдэг нь латин хэлээр шинж чанарын хувьд гэмт үйлдлийг хэлдэг. Тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон эсэхээс үл хамааран угаасаа ёс суртахуунгүй үйлдлийг илэрхийлэх эрүүгийн эрх зүйн ойлголт. Галдан шатаах, хүний амийг хороох, хүчиндэх зэрэг үйлдэл нь нийтлэг жишээ болно.
Malum in se нь ёс суртахуунгүй байдал бол malum prohibitum нь хууль бус үйлдэл тул эдгээр ойлголтууд нь хоорондоо ялгаатай.
Malum in se acts гэх ойлголтыг malum per se гэмт үйлдлүүд гэж нэрлэж болно.
Malum in se гэсэн ойлголтыг гэрээний эрх зүйд мөн хэрэглэдэг, тухайлбал malum in se гэрээ хүчин төгөлдөр бус байдаг.
Жишээ: Иргэншсэн нийгмийн жам ёсны, ёс суртахууны, нийтийн зарчмуудыг зөрчвөл хууль бус үйлдэл болно.
MALUM PROHIBITUM
Англи: Wrong (as or because) prohibited
Орос: Деяние, являющееся преступным, запрещенным законом
Тайлбар: Malum prohibitum нь хуулиар хориглосон үйлдлийг илэрхийлнэ. Нийтлэг жишээ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, ойртож буй хөдөлгөөнийг үл тоомсорлон зам хөндлөн гарах, зохицуулалтыг зөрчих зэрэг юм. Malum prohibitum төрлийн олон гэмт хэргийг хуульд тусгасан байдаг.
Malum prohibitum гэсэн ойлголт нь хууль ёсны байдал бол malum in se нь угаасаа ёс суртахуунгүй үйлдлүүдийг тодорхойлдог.
Мөн malum prohibitum гэсэн ойлголтыг гэрээний эрх зүйд хэрэглэдэг бөгөөд malum prohibitum гэрээ нь хууль тогтоогчийн хориглосон үйл ажиллагааны хүрээнд л хүчингүй болно.
Жишээ: Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан уламжлалт гэмт хэргийн нэг нь malum prohibitum юм. Үнэт цаас, биржийн тухай хууль зөрчих зэрэг.
MOTION IN LIMINE
Утга: Хүсэлт, асуулга, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчид хандсан асуулга, хүсэлт
Англи: At the threshold, motion threshold
Орос: Запрос или движение к судье
Тайлбар: Motion in limine гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой нотлох баримт, нотлох баримтыг гаргахгүй байхыг хүссэн шүүхийн өмнөх хүсэлтийг хэлнэ. Хүсэлтийг шүүгч тусад нь шийдвэрлэдэг. Ингэснээр шүүгчид хууль бусаар нөлөөлж, шударга ёсыг хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй, хор хөнөөлтэй, хамааралгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй мэдээллийг урьдчилан авна. Ийм төрлийн хүсэлт нь гаргаснаар эсрэг талын сэтгэл зүйд нөлөөлөх, хууль зүйн хувьд асуудал үүсгэж болзошгүй нотлох баримтыг гаргаж өгөхөөс урьдчилан сэргийлэх, үүсэж болзошгүй аливаа сөрөг нөлөөллөөс зайлсхийх зорилготой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй, мөн тэдгээрийг танилцуулснаар учирч болзошгүй хохирлыг нөхөж баршгүй байж болзошгүй тохиолдолд хэлэлцэх нь онцгой ач холбогдолтой.
Жишээ: Motion in limine ойлголтын хамгийн түгээмэл хэрэглээ бол хамааралгүй ба/эсвэл үндэслэлгүй нотлох баримтыг хасах явдал юм.
PRIMA FACIE
Утга: Харваас, нүүрэн дээрээ, анхны сэтгэгдлээр, харахад
Англи: At first look, on its face, first sight
Орос: С первого взгляда, по первому впечатлению, на первый взгляд
Тайлбар: Prima facie ойлголтыг Ром-Герман болон Англо-Саксоны аль аль эрх зүйн тогтолцоонд, нотлох баримт нь анхан шатны үзлэгээр хууль ёсны нэхэмжлэлийн шаардлага хангасан болохыг илэрхийлэхэд ашигладаг. Үгүйсгэгдээгүй бол анхан шатны нотлох баримт нь хэргийг тогтооход хууль зүйн хувьд хангалттай байхыг хэлнэ.
Жишээ: Хариуцагч нь нэхэмжлэгчийн агуулахад нэвтэрч байсан баримт дээр үндэслэн гал түймэр гаргасан гэж хариуцагчийн эсрэг prima facie нэхэмжлэл гаргах.
PRO BONO
Утга: Нийтийн эрх ашгийн төлөө, бусдын тусын тулд хариу төлбөргүй үйлчилгээ үзүүлэх
Англи: For public / common good
Орос: Ради общественного / общего блага
Тайлбар: Pro bono гэдэг нь олон нийтийн сайн сайхны төлөө тусгайлан хуулийн мэргэжлийн, ажил хийх, татан оролцуулах үйл ажиллагааг хэлнэ.
Жишээ: Өмгөөлөгч төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх нь pro bono болно.
QUID PRO QUO
Утга: Харилцан солих, тусыг тусаар, харилцан туслалцах, хариу төлбөр
Англи: A reciprocal exchange, something given in compensation, an advantage or object given in exchange for another
Орос: Услуга за услугу, компенсация
Тайлбар: Quid pro quo гэдэг нь хоёр ба түүнээс дээш талуудын хооронд бараа, үйлчилгээг харилцан солилцох гэрээг тодорхойлдог.
Жишээ: Бизнесийн гэрээг шударга бус, нэг талыг барьсан гэж үзвэл шүүх хүчингүйд тооцож, quid pro quo төлбөрийг баталгаажуулдаг.
QUI TACET CONSENTIRE VIDENTUR
Утга: Дуугүй байх нь зөвшөөрсний шинж, дуугаа хураах зөвшөөрсний тэмдэг
Англи: He who is silent appears to consent
Орос: Кто молчит, тот согласен, молчание - знак согласия
Тайлбар: Qui tacet consentire videtur нь зөвшөөрөл авахыг хүсэхэд чимээгүй байх нь зөвшөөрч байна гэсэн үг, эс тэгвээс тэр хариу арга хэмжээ авах ёстой байсан гэж үздэг.
Жишээ: Эрх зүйн ангийн оюутнууд зуны амралтаар аяллын төлөвлөгөөгөө гаргаж, оюутан Баатар өөрийн нутаг руу явах санаа дэвшүүлнэ. Гурван оюутан чимээгүй, бусад нь тийм, үгүй гэж хариулсан. Qui tacet consentire videtur зарчим үйлчлэх бол чимээгүй байгаа хүнийг зөвшөөрч байна гэж үзнэ.
RES IPSA LOQUITUR
Англи: The thing speaks for itself, the fact speaks
Орос: По сущности вещей, факты говорят
Тайлбар: Res ipsa loquitur латин хэллэг нь үгчлэн орчуулбал юмс ярьдаг гэсэн утгатай. Зарим төрлийн осол гарах нь хайхрамжгүй байдлыг илэрхийлэхэд хангалттай гэсэн зарчим.
Res ipsa loquitur болон prima facie ойлголтууд нь ялгаатай. Prima facie нь хэрэг байх хангалттай нотлох баримт байгааг илэрхийлэх бол, харин res ipsa loquitur нь баримтууд маш тодорхой байгаа тул тал дахин тайлбарлах шаардлагагүй гэсэн үг.
Жишээ: Хүнд гэмтэл учруулсан хэргийн нэг чухал хэсэг бол нөгөө талын буруутай үйлдэл, эсвэл хайхрамжгүй байдлаас болж гэмтэл учруулсан гэдгийг харуулах боломжтой байх явдал. Заримдаа гэмтсэн тал хайхрамжгүй байдлын шууд нотолгоог харуулах боломжгүй байдаг. Res ipsa loquitur нь тухайн хүнийг хайхрамжгүй хандсан гэж үзсэн эрх зүйн баримт бичиг юм.
RES JUDICATA
Англи: A thing adjudged, decision
Орос: Дело рассмотрено – принцип недопустимости повторного рассмотрения однажды решенного дела
Тайлбар: Res judicata үндэслэлээр эрх бүхий шүүхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн сэргээж болохгүй гэсэн зарчим. Finality гэдэг нь шүүх үндэслэлийн талаар эцсийн шийдвэр гаргахад хамаарах нэр томьёо.
Жишээ: Ялагдсан нэхэмжлэгч нь ялсан хариуцагчтай ижил шалтгаанаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй. Эсвэл ялсан нэхэмжлэгч нь ялагдсан хариуцагчтай ижил шалтгаанаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй.
RESPONDEAT SUPERIOR
Утга: Эзэн нь хариуцна, эзэн – боолын харилцаанаас үүдэлтэй хариуцлагын тогтолцоо, ажилтны (боолын) учруулсан хохирлыг ажил олгогч (боолын эзэн) хариуцна
Англи: Let the master answer, respond to the hight
Орос: Пусть ответить старший, реагируй вышестоящему
Тайлбар: Respondeat superior гэдэг нь ажил олгогч, эсвэл төлөөлөгчийн хууль бус үйлдэл, хэрэв ийм үйлдэл нь ажил эрхлэлтийн явцад гарсан бол хууль ёсны дагуу хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зарчим. Ажил олгогч болон ажилтны аль алинд нь хариуцлага тооцоход чиглэнэ. Шүүх хохирол барагдуулахдаа хамтын болон хэд хэдэн хариуцлагын тухай зарчмыг авч үздэг.
Жишээ: Хариуцагч дээд албан тушаалтанд зориулсан тусгай стандарт байдаггүй. Ихэнх улс орнууд дараах хоёр тестийн нэгийг ашигладаг.
Ашиг тусын тест: ажилтан ажлын байрандаа ажил олгогчийн шууд болон далд зөвшөөрлийн дагуу амралт чөлөөт цагаа өнгөрөөх нь ажил олгогчид тодорхой хэмжээний ашиг тустай гэж үзвэл ажилтны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцна.
Онцлог шинж чанаруудын тест: ажилтны үйл ажиллагаа нь тухайн ажилд хангалттай нийтлэг үзэгдэл бөгөөд энэ нь тухайн ажлын онцлог шинж чанартай гэж шударгаар тооцогдох бол ажилтны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг ажил олгогч хариуцна.
SCIENTIA POTENTIA EST
Утга: Мэдлэг бол хүч, эрдэмтэй бол хүчтэй
Англи: Knowledge is power
Орос: Знание есть сила
Тайлбар: Scientia potentia est нь эрдэмтэй бол хүчтэй гэдгийг хэлнэ. Анх хэн бичсэн талаар олон янзын таамаг байдаг. Урт удаан хугацааны түүхтэй ойлголт ба шууд утгаараа “Мэдлэг бол хүч” хэмээсэн үнэн илэрхийлэл юм. Энэ хэллэг нь “Мэдлэгийн хүч нь суралцагчийг амжилтад хүрэхэд түлхэц өгнө”, “Мэдлэгийн хүч бол өөртөө итгэх итгэл, сониуч зан”, “Мэдлэг бол өсөлт, ойлголт, амжилтад хүрэх түлхүүр, үргэлж илүү ихийг сурах хүсэл эрмэлзэл” зэрэг олон утга агуулдаг.
Жишээ: Scientia potentia est нь мэдлэг, боловсролтой бол хүний амьдралын боломж, чадвар өсөх нь гарцаагүй.
STARE DECISIS
Утга: Өмнөх шийдвэрээ дагах, шийдвэрээ хамгаалах
Англи: Let the decision stand, the decided
Орос: Стоять на решённом
Тайлбар: Stare decisis гэдэг нь "Шийдвэрлэсэн зүйл дээрээ зогсох" гэсэн утгатай. Stare decisis нь шүүх шийдвэр гаргахдаа урьд өмнө баримталсан зарчмуудыг тууштай баримтална гэдгийг илэрхийлнэ. Энэхүү зарчим нь хэвтээ болон босоо аль аль шийдвэрт үйлчилдэг. Хэвтээ шийдвэр гэдэг нь шүүх өөрийн жишгийг баримтлахыг хэлнэ. Шүүх дээд шатны шүүхийн прецедент хэрэглэх үед босоо шийдвэр гаргадаг. Stare Decisis бол шүүхийн дээд эрх мэдлийн зарчим бол, харин прецедент бол шүүхээс гаргасан бодит дагах ёстой шийдвэр юм.
Жишээ: Америкт эрх зүйн маргаан гарах үед өмнөх шүүх ижил буюу ойр холбоотой асуудлаар шийдвэр гаргасан бол өмнөх шүүхийн шийдвэртэй уялдуулан удаах шийдвэрээ гаргана. Шийдвэр өмнө нь гаргасан шүүх шийдвэрийн биелэлтийг хангуулах эрх мэдэлтэй байна.
SUBPOENA AD TESTIFICANDUM
Утга: Гэрчийг дуудсан зарлан дуудах хуудас, гэрчийн мэдүүлэг авахаар шүүхэд дуудах
Англи: To produce evidence, subpoena to testify
Орос: Вюзов в суд для сдачи свидетельских показаний
Тайлбар: Subpoena as testificandum нь бичгээр баталгаажсан мэдүүлэг, нотлох баримт бүрдүүлэх, эсхүл үүнийг биелүүлээгүйн улмаас торгууль ногдуулах бусад үйлдлийг хэлнэ.
Хэргийн бүртгэл хийгдсэний дараа шүүхээс зарлан дуудах хуудсыг нэхэмжлэлийн хамт илгээдэг. Зарлан дуудах хуудас хүлээн аваагүй ч шүүх хэргийг хянан хэлэлцэх тул шүүхийн шийдвэр гарна гэж ойлгоно. Хүлээн авсан даруйд өмгөөлөгчтэй холбоо барьж, баримт бичигт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шаардлага үүсдэг байна. Нэхэмжлэлийн хариуг хуульд заасан тодорхой хугацаанд багтаан өгөх ёстой.
Жишээ: Зарлан дуудах бичигт “Шүүхийн шийдвэрийн дагуу заасан цагт хүрэлцэн ирнэ үү. Энэ зарлан дуудах хуудас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болтол хүчинтэй. Ирээгүй тохиолдолд баривчлахад хүргэнэ” гэж тодорхой заадаг.
Дүгнэлт
Энэхүү нийтлэлд эрх зүйн латин гучин нэр томьёо, ойлголтыг танилцуулав. Түүнчлэн, эрх зүйн хөгжилд латин хэлний түүхэн үүрэг, болон эрх зүйн нэр томьёо, ойлголтыг латин хэл дээр хэрэглэх нь харилцан ойлголцол бий болгох ашиг тустай болохыг онцлохын зэрэгцээ зарим тохиолдолд тохиромжгүй, зайлшгүй харгалзан үзэх асуудлыг хөндсөн.
Дэлхий дахинд хууль зүйн шинжлэх ухааны үлэмж тооны латин нэр томьёог олон улсын хууль тогтоомж, гэрээ, шүүхийн шийдвэр зэрэгт орчуулахгүй хэрэглэх явдал элбэг байдаг. Эрх зүйн чиглэлээр сурч эхэлсэн цагаас уншиж танилцсан сурах бичиг, лекц хичээл, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлууд латин эрх зүйн нэр томьёо, ойлголтыг үлэмж агуулсан байлаа. Тэдгээрийг ойлгохгүй, мэдэхгүй байсан тул бэрхшээлийн заримыг нь ч болов даван туулах зорилгоор зайлшгүй мэдэх ёстой нэр томьёо, ойлголтын хувийн гарын авлагатай болохоор эхэлсэн бидний ажил маань эцэстээ энэхүү латин хэл дээрх эрх зүйн нэр томьёоны жагсаалт, товч тайлбар бүхий нийтлэл хэлбэртэй болсон.
Хэдийгээр латин хэл дээрх эрх зүйн нарийн төвөгтэй нэр томьёо, ойлголтуудыг бичгээр тайлбарлах зайлшгүй шаардлагатай ч хэллэгүүд нь хэл амнаас амархан гардаггүй тул уншиж ойлгохоос гадна хэлж сурах, хэвшүүлэх нь сонирхолтойн дээр олон удаа давтан хэлэх нь зугаатай байлаа.
Энэхүү жагсаалтыг эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан хуулийн сургуульд суралцах хугацаандаа болон ирээдүйн хуульчийн карьертаа ашиглаж, багахан ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна. Анхлан судлаачийн хувьд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй ба энэхүү бидний чимхлүүр ажилд маань үнэлгээ өгч, засаж сайжруулах зөвлөгөө харамгүй хайрлана гэдэгт гүнээ найдаж байна.
Цаашид латин хэлийг эзэмших, хууль зүйн шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах, олон улсын жишиг хандлагатай хөл зэрэгцэн алхах төдийгүй дараагийн тавцанд гарах сонирхолтой хэн бүхний мэдлэгт дусал нэмэх болтугай. Scientia potentia est.
Ж.Цэрэндулам
Ж.Танан
Unraveling Legal latin: Common Terms and Concepts
Abstract
Jurisprudence, deeply rooted in ancient Rome, has bequeathed to modern legal discourse a rich tapestry of Latin terms and concepts that remain indispensable in legal academia and practice. This article delves into thirty ubiquitous Latin terms and concepts essential for understanding international legal documents and fostering mutual comprehension among legal professionals. It underscores the enduring relevance of ancient Roman legal principles and addresses the challenges faced by students navigating legal literature devoid of Latin proficiency. Motivated by the need for a comprehensive resource, the authors embarked on a journey to compile a manual aimed at demystifying these Latin nuances. Through a brief survey and meticulous research, this article elucidates key Latin terms, empowering students and practitioners alike with foundational insights into jurisprudential discourse.
Keywords: Legal Latin, Legal concepts, Legal education, Legal professionals
Ашигласан эх сурвалж
П.Цагаан. (2013). Хууль зүйн Латин-Англи-Орос-Монгол толь. (Д.Эрдэнэцэцэг, ред.) Улаанбаатар, Монгол: BCI ХХК.
С.Нарангэрэл. (2015). Монголын эрх зүйн Англи, Орос, Латин хадмал эх толь бичиг (4 дэх хэвлэл). Улаанбаатар, Монгол: Адмон принт.
Tamm, D. (1997). Roman law and European legal history (1st ed.). Copenhagen, Denmark: DJØF Publishing.
Ж.Танан, Х.Отгонжаргал, & Ц.Пүрэвсүрэн. (2023). Эрх зүйн онолын хөгжлийн тойм. Улаанбаатар.
Legal Information Institute. (2023). Legal Information Institute. (W. D. Team, Producer, & Cornell Law School) Wex.
Merriam-Webster. (2023). Merriam-Webster. Dictionary.
Webb, D. (2023). Legal lingua franca: bridging the gap between legal and the business. InView by LawVu:
Эрх зүйн латин нэр томьёо ойлголт

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнЛатин #ЛатинОйлголт #ХуульЗүйнЛатинНэрТомьёо #AbInitio #VoidAbInitio #ActusReus #MensRea #AdHominem #BonaFide #DeMinimis #DeNovo #Dictum #DictumProprium #GratisDictum #JudicialDictum #ObiterDictum #SimplexDictum #DuraLexSedLex #ForumNonConveniens #Gravamen #HabeasCorpus #InCamera #LocusDelecti #MalumInSe #MalumProhibitum #MotionLimine #InPersonam #IpsoFacto #PrimaFacie #ProBono #QuidProQuo #QuiTacetConsentireVideture #ResIpsaLoquitur #ResJudicata #RespondeatSuperior #StareDecisis #SubpoenaAdTestificandum
😍
🎯