top of page

Эрх зүйн зорилго

  • Writer: Л.Байгалмаа
    Л.Байгалмаа
  • Dec 21, 2023
  • 3 min read

Updated: Mar 9



Эрх зүйн зорилго

Эрх зүйг ойлгох ойлголт, түүнд хандах хандлага нь хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үе шат, улс орны хөгжлийн үндсэн чиг, шинжлэх ухааны хөгжил, дэвшлийн нөлөөгөөр өөрчлөгдсөөр иржээ. Эрх зүй нь нэг талаас бие хүний эрх, эрх чөлөөний баталгаа, нөгөө талаас хүний эрх чөлөөг хязгаарлах зайлшгүй шаардлагатай хэмжээ хязгаар юм. Эрх зүйг төрөөс тогтоосон, төрөөс хамгаалж байдаг зан үйлийн журам, жам ёсны хэм хэмжээ ч гэж ойлгож болох ажээ. Ийнхүү эрх зүй нь олон шинжийг өөртөө агуулах учир ерөнхий байдлаар хүний эрх, эрх чөлөө, шудрага ёсны шаардлагыг хангаж, нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор төрөөс тогтоож зөвшөөрсөн, төрийн засаглалын хүч дэмжлэгээр хамгаалагдсан, заавал биелэгдэх, зан заншил хууль зүй, ёс суртахууны зүй зохистой, хэм хэмжээт үйлчлэн зохицуулагч систем хэмээн тодорхойлсон байдаг.


Хууль ба эрх зүйн ялгаа, заагийн ёс уламжлалаас үүдэлтэй эрх зүйн асуудлыг хамрах хүрээнээс ажихад, хууль ба эрх зүй хоёрын аль нь анхдагч байсныг тодорхойлоход бэрх аж. Хүн анх эхлээд хуулийг бий болгож дараа нь түүхэн хөгжлийнхөө явцад эрх зүйн тухай асуудал үүссэн үү? Эсвэл эрх зүй нь анхдагч болж хуулийг өөртөө багтаадаг уу хэмээх асуудал дээр эрдэмтэд ихээхэн санал зөрөлддөг. Хэрвээ уг хоёр асуудлын үйлчлэх хүрээ ба ерөнхий чиглэл хоёр өөр байсан бол, уг асуудлуудын ялгаатай талуудыг тодруулахад илүү хялбар байх байсан буй за. Өнөө үеийн нийгмийн дүр зураглалаас үзвэл хууль эрх зүйн тусламжтайгаар хүн төрөлхтөн илүү шинэ шинэлэг дүрэм журмуудыг буй болгон, цаг хугацаа өнгөрөхийн хирээр өсөн дэвшиж байгаа.


Эрх зүйн хэм хэмжээ, утга агуулгын хүрээ нь маш өргөн учраас нийгэмд ямар ч зүйл дээр эрх зүйн тухай яригдаж байдаг. Өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй гэх зэрэг төрөл бүрийн салбар, аж ахуйн нэгж гээд ерөөс хүн төрөлхтний, бидний өдөр тутмын амьдралд эрх зүй гэгч зүйл тохиолдож байдаг ажээ. Гэтэл хүмүүс эрх зүй яагаад бидний амьдралын салшгүй нэг хэсэг болохыг ухаарч ойлгож амжаагүй байх нь түгээмэл. Бид ардчилсан төрт улсад амьдарч аж төрж байгаагийнхаа хувьд эрх чөлөөгөө эдэлж, аюулгүй аж төрөхийг эрхэмлэдэг. Улс, төрийн зүгээс ч нийгмийн аюулгүй байдал, улс орны дотоод гадаад аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж хууль журмыг баталдаг. Монгол улсын үндсэн хууль ба бусад акт баримт бичгүүд нь бүгд бид бүхний амар тайван нийгмийг бүтээхийн төлөө л чиглэгдэж байдаг. Нэг үгээр хэлбэл хуулийг гаргаж буй байдал, хуулийн хэрэгжилт, биелэлт гээд энэ бүгд эрх зүй бидний амьдралд хэрэгжиж байгаагийн жишээ мөн. Ингээд үзэхээр хууль ба эрх зүй нь өөр хоорондоо салшгүй холбоотой ойлголтууд гэдэг нь илэрхий. Хууль үгүйгээр эрх зүй биеллээ олох боломжгүй гэсэн үг.


Дүгнэлт


Хүн бүр аз жаргалтайгаар амьдрахыг эрмэлзэж түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргадаг билээ. Аз жаргалтай амьдрал гэдгийг нэг үгээр тодорхойлбол амар тайван байх явдал мөн. Амар тайван аж төрөх асуудал нь эрх зүйтэй зайлшгүй холбоотой. Тийм ч учраас эрх зүйг хүний жам ёсны эрх, эрх чөлөө, шудрага ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо хэмээн тодорхойлсон байдаг. Эрх зүй бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй шалтгаан бол хүн бүр адил тэгш эрхтэйгээр аж төрж, хөгжил дэвшлийг олох явдал юм.

Л.Байгалмаа

Ашигласан материал

Эрх зүйн зорилго

Эрх зүйн зорилго

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнОнол #Эсээ #ЭрхЗүйнЗорилго #ТэгшЭрх #Хууль #ЭрхЧөлөө #ШударгаЁс #ХүнийЭрх #НийгмийнХарилцаа #ХуульБаЭрхЗүй #ЭрхЗүйнХэмХэмжээ #ТөрийнАлбадлага #МонголУлсынҮндсэнХууль #СалбарЭрхЗүй #ЭрхЗүйнАчХолбогдол #ӨмчийнЭрхЗүй #ГэрээнийЭрхЗүй #ХөдөлмөрийнЭрхЗүй #АмарТайванАмьдрал #ЭрхЗүйнУтга #АрдчилсанТөртУлс #ХүнийЖамЁсныЭрх #НийтийнЭрхАшиг #ТөрөөсТогтоосонХэмХэмжээ #ЭрхЗүйнЗохицуулалт





2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 10
Rated 5 out of 5 stars.

😍

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page