Эрх зүйн бүлүүд
- Ж.Танан
- Nov 11, 2023
- 26 min read
Updated: Jan 17
Удиртгал
Энэхүү судалгааг “Эрх зүйн бүлүүд” сэдвийн хүрээнд хийв. Судалгаагаар эрх зүйн бүлийн үүсэл гарал, ангиллын шалгуурууд, бүл тус бүрийн онцлогийг тодорхойлох зорилгыг дэвшүүлсэн.
Эхний хэсэгт эрх зүйн бүлийн ойлголт, ангиллын хэмжүүр, ангилах ач холбогдлыг танилцуулав. Дэвшүүлсэн зорилгын хүрээнд зарим эрдэмтэн, судлаачийн санал болгосон эрх зүйн бүлийн ялгаатай ангилал, ийнхүү ангилах болсон шалгуурыг авч үзэв. Эдүгээ эрх зүйн бүлийг ерөнхийд нь Ром-Германы болон Англо-Саксоны гэж хоёр төрөлд ангилах хандлага түгээмэл бөгөөд эдгээр эрх зүйн бүлийн талаар хоёр болон гуравдугаар бүлэгт дэлгэрэнгүй буулгав. Дөрөв болон тавдугаар бүлэгт заншлын болон шашны эрх зүйн бүлүүдийг авч үзэв. Эрх зүйн тодорхой бүлд хамаарах улс орнуудын талаар бүлэг тус бүрд дурдлаа. Харьцуулалт хийх нь эрх зүйн онолын судалгааны нэг арга бөгөөд судалгаанд эрх зүйн ялгаатай бүлүүдийг хооронд нь харьцуулж, дотоод бүрдэл хэсгүүдийг зэрэгцүүлэн жишиж, адил төстэй, ялгаатай шинжийг илрүүлэх, хоорондын хамааралт харьцааг тогтоохыг хичээлээ. Эцэст нь дүгнэлт, ашигласан эх сурвалжийг орууллаа. Хуульч Шувуухайн блог нийтлэлээс Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтыг үзэж болно.
Судалгааны ажилд эрх зүйн онолын сурах бичиг, хууль зүйн нэр томьёо ба ухагдахууны мэргэжлийн тайлбар толь, лекц хичээлийн материал, холбоотой бүтээлүүд, Монгол болон гадаад хэл дээр сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажил, нийтлэл, интернэтийн болон бусад эх сурвалжийг ашиглав. Санхүүтэй холбоотой маргааны зохицуулалт чухалд тооцогддог тул судалгааны ажилд санхүүгийн харилцаа, тэр дундаа дампуурлын асуудлыг эрх зүйн тухайлсан бүлд хамаарах улс оронд хэрхэн шийддэг талаар судалгааны тайланг ашигласан болно.
Судалгаанд ашигласан мэдээллийг илүү тодорхой, уншигчид ойлгомжтой болгох үүднээс зүүлт тайлбарыг тухай бүр бичвэрийн дор дугаарлан харуулж, гадаад хэл дээрх болон ижил утгаар хэрэглэгддэг ойлголт, тодорхойлолтыг хаалтад хийж оруулав.
Түлхүүр үгс: эрх зүйн бүл, Ром-Германы (эх газрын) эрх зүйн бүл, Англо-Саксоны (нийтлэг) эрх зүйн бүл, заншлын эрх зүйн бүл, шашны эрх зүйн бүл
Эрх зүйн бүлийн ойлголт, ангилал
Эрх зүйн бүлийн ойлголт
Улс үндэстний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч эрх зүйн эх сурвалжийн нийлбэр цогцыг эрх зүйн бүл (Legal Systems) гэж нэрлэдэг бөгөөд эрх зүйн онолын органик түвшинд судлах зүйл болдог. Эрх зүйн бүл нь дэлхийн нийтлэг жишгийн хэв шинжээр ялгагдаж, ангилагдсан олон улсын эрх зүйн зохицуулалт бүхий систем юм (Д.Баярсайхан).
Эрх зүйн бүл хэмээх ойлголтыг анхлан Германы эрдэмтэн Готфрид Лейбниц 1667 онд хэвлэгдсэн “Хууль цаазыг судлах, заах шинэ аргууд”[1] бүтээлдээ ашигласан. Тэрээр гарвал зүйн генетик хандлагад тулгуурлан улс орнуудын эрх зүйн уламжлалыг судалж үзээд, адил төстэй шинжид тулгуурлан бүлэглэж, түүнийгээ эрх зүйн бүл хэмээн нэрлэжээ[2] (Н.Отгонбаяр).
Академич С.Нарангэрэлийн Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь бичигт "Эрх зүйн бүл гэдэг нь адилавтар ойролцоо шинж бүхий бүлэг эрх зүйн тогтолцоо” хэмээн тодорхойлсон байна. Ийм шинж нь эх сурвалжийн тогтолцоо, эрх зүйн тогтолцоо, хууль зүйн байгууллагын зохион байгуулалт, эрх зүйн уламжлал гэжээ (С.Нарангэрэл).
Дэлгэрүүлбэл, эрх зүйн бүл бүр нийтлэг болон ялгагдах шинж чанартай ба төрөлжүүлэн ангилахдаа (i) тодорхой шалгуурыг үндэс болгох, (ii) үндсэн шинжийг тодорхойлох гэсэн хоёр түвшин байна. Эрх зүйн тогтолцооны үүсэл хөгжил, бүтэц, эрх зүйн сурвалж, шүүн таслах үйл ажиллагааны онцлог нь хамгийн түгээмэл шалгуур болдог ба эрх зүйн бүлд ангилах хэмжүүр, удирдлага болдог. Ангилах нь эрх зүйн тодорхой үзэгдэл, үйл явцыг судлах, бусад орны туршлагаас суралцах, эрх зүйн хөгжлийн ерөнхий зүй тогтол, хандлагыг ойлгох, эрх зүйн болон улс төрийн соёлын талаар ерөнхий үзэл төлөвшихөд туслах ач холбогдолтой аж. Энд эрх зүйн рецепт (receptio)[3] гэх ойлголт гарч ирэх ба нэг улсын эрх зүйн тогтолцооны элементийг нөгөө улс нь хүлээн авч, зохистойгоор хэрэгжүүлэх эрх зүйн тогтолцооны хөгжлийн түгээмэл үзэгдэл[4] юм. Энэ талаар дараагийн бүлгүүдэд дэлгэрүүлэн авч үзнэ.
Эрх зүйн бүлийн ангилал
Эрдэмтэн, судлаачид эрх зүйн зохицуулалтын тогтолцоог ангилан төрөлжүүлэх талаар янз бүрийн үзэл баримтлалтай бөгөөд нэгдсэн үзэл бодол төлөвшиж чадаагүй байна (З.Сүхбаатар). Өөрөөр хэлбэл, эрх зүйн онолын хувьд нэгдсэн загварчлал гэж байхгүй учраас эрх зүйн бүлийн олон ангилал байдаг. Системт хандлагын чиглэл буюу үндэсний загварчлалын эрх зүйн системийн онолын гол төлөөлөгчид нь Х.Кельзен, Р.Арон, Г.Давид, Д.Дюверже, Э.Росс нар билээ. Энэ чиглэл нь үндэсний эрх зүйн янз бүрийн онолыг олон улсын хэмжээнд нийтлэг эх үндсээр нь тодорхойлон ангилж, хооронд нь харьцуулж судалдгаараа эрх зүйн онолын түгээмэл шинжийг тодорхойлоход тус дөхөм үзүүлдэг (Д.Баярсайхан).
Академич С.Нарангэрэл эрх зүйн бүлийг Ром-Германы (эх газрын), Англи-Америкийн (Англо-Саксоны) гэж үндсэн хоёр ангилсан. Үүнээс гадна Социалист, Исламын, Скандинавын, Энэтхэгийн, Хятад ба Японы, Африк ба Мадагаскарын эрх зүйн бүл байна гэж тэмдэглэжээ (С.Нарангэрэл).
Харин эрх зүйн онолын сурах бичигт эрх зүйн бүлийг дэлхий дахинд эрх зүйн зохицуулалтын хэв шинжит тогтолцоо хэмээн тодорхойлж, Ром-Германы, Англо-Саксоны, Социалист, заншлын буюу шашны гэх дөрвөн үндсэн системд хуваасан байна (Д.Баярсайхан).
Эрх зүйн бүлийн талаар олонд түгсэн нэлээд үндэслэлтэй ангиллыг Рене Дэвид[5] 1967 онд нийтлүүлсэн “Орчин үеийн эрх зүйн үндсэн бүл” зохиолдоо өгүүлсэн байдаг. Тэрээр үндсэн шалгуурт эрх зүйн үзэл суртал, сэтгэлгээг, харин хууль зүйн техникийг туслах шалгуурын үндэслэл болгон Ром-Германы, Англо-Саксоны, Шашны (Исламын, Иудейн г.м.), Социалист, Уламжлалт, бусад буюу Исламын, Энэтхэгийн, Алс дорнодын, Африкийн гэх эрх зүйн зургаан бүлийг санал болгосон (David & Jauffret-Spinosi).
Конрад Цвайгэрт[6], Хайн Д. Кэтц[7] нар эрх зүйн тогтолцооны түүхэн бүрдэл, хууль зүйн сэтгэлгээний онцлог, эрх зүйн институтийн ялгарах байдал, эрх зүйн эх сурвалжийн мөн чанар, тайлбарлах арга, үзэл суртлын хүчин зүйл гэх таван хэмжүүрт түшиглэн Ромын, Германы, Скандинавын, Англо-Америкийн, Социалист, Исламын, Энэтхэгийн гэж эрх зүйг долоон бүлд хуваасан (Цвайгэрт & Кэтц).
А.Х.Саидов[8] эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжил, эрх зүйн эх сурвалжийн тогтолцоо, эрх зүйн институт, салбар гэх гурван хэмжүүрт тулгуурлан, Ром-Германы, Нийтлэг, Скандинавын, Латин Америкийн, Исламын, Энэтхэгийн, Ердийн, Алс дорнодын гэж эрх зүйн бүлийг найман төрөлд ангилсан (А.Х.Саидов).
С.С.Алексеев[9] субьектив эрх зүй, шүүн таслах үйл ажиллагаа, эрх зүйн үзэл суртал гэх гурван зүйлийг удирдлага болгон, Тивийн Европын буюу Ром-Германы, Англо-Саксоны, Уламжлалт шашны, Үзэл сурталжсан гэж эрх зүйн бүлийг дөрвөн төрөлд ангилсан (Алексеев).
Эрх зүйн бүл бүр хувийн онцлог шинж чанартай тул газар зүйн байршлаар нь Африкийн, Хойд Америкийн, Өмнөд Америкийн, Азийн, Европын, далайн гэж ангилж болно.
Судалгаанд авч үзсэн эрх зүйн бүлийн ангилал
Дурдсан ангиллуудыг нэгтгэвэл, орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоо нь эх газрын (Civil Law)[10], нийтлэг (Common Law), заншлын (Customary Law), шашны (Religious Law)[11], эсвэл эдгээрийн холимог (Mixed System) гэсэн үндсэн дөрвөн эрх зүйн бүлийн аль нэгэнд суурилдаг (Зураг 1). Үүнээс улбаалан Наполеоны, Германы, Нордик, Германы нөлөөтэй Наполеоны, Чили, Наполеон Германы холимог, гэр бүл, салалт, өв залгамжлал, хүүхдийн асран хамгаалалт зэрэг асуудлыг шийддэг Исламын, эрүүгийн болон иргэний асуудлыг хамардаг Исламын гэж дэд ангилал гаргаж болно.
Эдгээрээс Наполеоны эрх зүй нь Бразил, Франц зэрэг улсад хэрэглэгддэг ба дэлхийн хуурай газрын 34 буюу хамгийн их хувийг, хүн амын 23 хувийг хамардаг (Хүснэгт 1). Уг эрх зүй нь Францын Эзэнт гүрний үед дэлгэрсэн ба Наполеон хаан Францын хуулийг анхлан кодчилсон[12]. Египет эзлэгдсэнийхээ дараа Наполеоны эрх зүйг авсан бол, тухайн үеийн хамгийн дэвшилтэт эрх зүйн загвар байсан тул эрх зүйн тогтолцоогоо албан ёсны болгохоор зорьж байсан Латин Америкийн зарим улс орон мөн авсан байдаг.
Англи, Америкийн эрх зүйн бүлд хамаарах улс орнууд дэлхийн 320 шүүх байгууллагын 47 хувийг эзэлдэг нь тэдгээр улсын шүүхийн шийдвэр дэлхийн олон улсад хэр хамааралтай болохыг харуулна (Хүснэгт 1).
Харин холимог буюу эх газрын болон нийтлэг аль алиныг нь хослуулсан эрлийз эрх зүйг Япон[13], Хятад[14] зэрэг томоохон эдийн засагтай орнууд төлөөлдөг. Хэдийгээр дэлхийн хүн амын 25 хувьд үйлчилдэг ч шүүх байгууллагын тоогоор доогуур жагсдаг байна (Хүснэгт 1). Холимог эрх зүй нь газар зүйн нэг бүсэд олон эрх зүйн тогтолцоо оршин тогтнож, улс орон дотор нийгмийн харилцааг өөр өөр хууль тогтоомжоор зохицуулдаг байна. Жишээлбэл, Ватикан хот улс нь Ром, Италийн эрх зүй, Католик шашны эрх зүйд үндэслэсэн (Vatican City). Холимог эрх зүй нь колони байсан орнуудад түгээмэл бөгөөд эрх баригчдын хууль нь уламжлалт эрх зүйн тогтолцоотой зэрэгцэн оршиж болно. Хөгжлийн явцад арилжааны гүйлгээ зэрэг зарим асуудлыг нийтлэг эрх зүйд хамруулж гэр бүл, гэрлэлт зэрэг бусад асуудлыг уламжлалт байдлаар шийддэг байна. Жишээлбэл, Энэтхэг, Танзани улсад Исламын шашны эрх зүйн зарчмуудыг баримталдаг шашны тусгай шүүхэд мусульманчууд ханддаг бол, иргэний шүүхээр бусад асуудлыг шийддэг. Энэтхэгийн эрх зүйн тогтолцоог судлаачид тусгайлан авч үзсэн ба олон соёлын уулзварт орших өвөрмөц политогтолцоо гэж болно. Тус улсад, тодруулбал XVIII-XIX зуунд Их Британы колони болохоос өмнө, Индуссийн болон Исламын шашны эрх зүй үйлчилж байсан. Харин өнөөдөр Энэтхэгт шүүхийн прецедент гол эх сурвалжид тооцогддог ч, Үндсэн хуульд харшлахгүй бол шашны эрх зүй хэрэглэгдэх боломжтой аж (Н.Отгончимэг).
Судалгааны ажлын хүрээнд эх газрын ба нийтлэг холимог эрх зүйн бүлийн 21 улс орон, эх газрын ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 9 улс орон, нийтлэг ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 5 улс орныг жагсаав[15] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт).
Хүснэгт 1 Эрх зүйн бүлийн статистик
Эрх зүйн дэд бүл | Шүүх байгууллага | Хүн ам | Газар нутаг |
Ром-Германы эрх зүй | 10% | 11% | 18% |
Наполеоны эрх зүй | 26% | 23% | 34% |
Английн эрх зүй | 27% | 30% | 21% |
Америкийн эрх зүй | 20% | 5% | 7% |
Исламын шашны эрх зүй | 3% | 1% | 3% |
Эх газрын болон нийтлэг холимог эрх зүй | 6% | 25% | 11% |
Шинэ | 6% | 4% | 6% |
Тодорхойгүй | 2% | 1% | 0% |
Эх сурвалж: Дэлхийн банк, Олон улсын валютын сан
Зураг 1-т үзүүлсэн дэлхий дахины эрх зүйн бүлд хамрагдах улс орнуудыг санхүүгийн, тэр дундаа дампуурлын асуудлыг шийдэж буйгаар нь ангилсан болно. Энэхүү ангилал нь эрх зүйн бүлийн ерөнхий ангилал дээр тулгуурласан тул судалгааны ажилд ашиглав. Судалгааны ажлын хүрээнд Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүлийн 85 улс орон, Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүлийн 42 улс орон, шашны эрх зүйн бүлийн 5 улс орныг жагсаав[16] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт). Улс орон бүрийн эрх зүйн систем нь өөрийн өвөрмөц түүхтэй (Saint Claire).
Зураг 1 Дэлхий дахины эрх зүйн бүл

Эх сурвалж: Maximilian Dörrbecker (Chumwa)
Эдүгээ эрх зүйн бүлийг ерөнхийд нь Ром-Германы болон Англо-Саксоны гэж хоёр төрөлд ангилах хандлага түгээмэл байна. Орчин үед Ром-Германы эрх зүй нь өргөн газар нутгийг хамардаг (Зураг 1) бол, Англо-Саксоны эрх зүй нь хүн амын дийлэнх хувьд үйлчилдэг (Хүснэгт 1) (Wood) (Wood). Эрх зүйн бүл тус бүрээр нь болон эрх зүйн рецепцийн талаар дараагийн бүлгүүдэд нарийвчлан авч үзнэ.
Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүл
Ром-Германы эрх зүйн бүл (Roman-Germany Legal System)[17] нь Ромын эрх зүйн уламжлал дээр тулгуурлан хөгжсөн нийтлэг шинж бүхий эрх зүйн тогтолцоотой орнуудыг нэрлэх нэршил бөгөөд гол эх сурвалж нь хууль тогтоох байгууллагаас баталсан хууль тогтоомж, эсвэл төрөлжүүлэн нэгтгэсэн хууль, дүрмийн кодчилол болно. Кодчиллын тухай ойлголт нь МЭӨ 1790 оны Вавилоны Хаммураби хуулиас (Code of Hammurabi) эхтэй. Өнөө үед эрх зүйн эл бүлд Европ тивийн бараг бүх улс, Латин Америкийн улсууд, Африк ба Ази тивийн үлэмж хэсэг хамрагддаг тул эх газрын хэмээн нэрлэдэг.
Түүхэн талаас авч үзвэл Ром-Германы эрх зүйн бүл нь Ромын Эзэнт гүрнээс гаралтай, тэр дундаа Эзэн хаан Юстинианы МЭ 529 онд гаргасан Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis), Гайн хууль, Арван хоёр хүснэгтийн хууль[18] зэрэг эрх зүйн бүрдүүлбэр энэ үед бүрэлдсэн. Византийн Эзэнт гүрний үед хууль тогтоомжийн өргөн хүрээтэй шинэчлэл хийн кодчилсон баримт бичиг болгон нэгтгэсэн. Үүний зэрэгцээ, эзэн хааны зарлиг, сенатын тушаал, шийдвэр зэрэг олон эрх зүйн акт гарч байсан нь уг эрх зүйн бүлийг агуулгын хувьд баяжуулжээ. Ром-Германы эрх зүйд Каноны эрх зүй (Canon Law)[19], Исламын шашны эрх зүй (Islamic Law) зэрэг шашны эрх зүй хэсэгчлэн нөлөөлсөн гэж үздэг (Badr) (Makdisi).
Өнөөгийн Ром-Германы эрх зүйд зөвхөн хууль тогтоомжийн актууд хууль ёсны хүчин төгөлдөр гэж тооцогддог ба төрийн эрх мэдлийн хүрээнд хууль тогтоон, энэ эрх мэдэл хууль тогтоох хуралд хадгалагдана. Энэ утгаараа хууль хэрэглэх чиг үүрэг, эрх зүйн хэм хэмжээг салбар салбараар нь хатуу зааглан, бие даалган авч үздэг. Энэ бүлийн ихэнх орнууд бичмэл[20] үндсэн хуультай байдаг. Эрх зүйг нийтийн болон хувийн гэх хоёр дэд тогтолцоонд ангилдаг. Нийтийн эрх зүйд захиргааны, эрүүгийн, үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйг хамааруулан авч үздэг. Харин хувийн эрх зүйд иргэний, гэр бүлийн болон хөдөлмөрийн эрх зүйг хамруулан ойлгодог.
Зураг 2 Ром-Германы эрх зүйн бүлийн ерөнхий шинж

Эх сурвалж: Судлаачийн дүрслэл
Харьцуулсан эрх зүй судлаачид Ром-Германы эрх зүйг дэд бүлэгт хуваадаг. Үүнд:
Францын эрх зүй: Франц, Бельги, Нидерланд, Люксембург[21], Итали, Румын, Испани болон эдгээрийн хуучин колони байсан улсууд, газар зүйн байршлын хувьд Латин Америк, Африк, Ойрх дорнодын улсууд орно;
Германы эрх зүй: Герман, Австри, Орос, Швейцар, Эстони, Латви, Босни Херцеговин, Хорват, Косово, Хойд Македон, Монтенегро, Словени, Серби, Грек, Португал болон эдгээрийн хуучин колони байсан улсууд, Турк, Япон, Өмнөд Солонгос, Тайван улс орно.
Үүнээс гадна Дани, Норвег, Швед, Финлянд. Исланд[22] улсыг хамааруулсан Скандинавын эрх зүй; Эх газрын эрх зүй, Социалист эрх зүй, Хятадын уламжлалын холимог[23] Хятадын эрх зүй гэсэн дэд ангилал байдаг (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт).
Эдгээр эрх зүйн тогтолцооны зарим нь холимог шинж чанартай буюу Наполеоноос Германы эрх зүйд үзүүлсэн нөлөө, Германаас Наполеоны эрх зүйд үзүүлсэн нөлөө гэж үзэж болно.
Наполеоноос Германы эрх зүйд үзүүлсэн нөлөө
Тухайлбал, 1942 оны Италийн иргэний хууль нь 1865 оны анхны хуулийг сольж, тухайн үеийн геополитикоос үүдэлтэй германист элементүүдийг нэвтрүүлсэн. Италийн арга барилыг Португал (1966), Нидерланд (1992), Литва (2000), Бразил (2002), Аргентин (2014) зэрэг бусад улс дуурайсан. Эдгээр улсын дийлэнх нь Италийн эрх зүйн иргэний болон арилжааны хуулийг нэгтгэсэнтэй адил шинэлэг талтай (Franklin).
Германаас Наполеоны эрх зүйд үзүүлсэн нөлөө
Тухайлбал, Швейцарын иргэний хуульд Герман, Францын эрх зүй зарим талаараа нөлөөлсөн гэж үздэг. Турк улсын 1926 оны иргэний хууль нь Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүркийн үед засгийн газрын дэвшилтэт шинэчлэл, шашингүй байдлын хүрээнд батлагдсан Швейцарын хуулийн бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар юм.
Зарим улс орон Ром-Германы эрх зүйг бусад бүлтэй харьцуулан илүү давуу тогтолцоо, кодчилсон систем учраас хуулбарлахад хялбар рецепт гэж үзэн сонгосон байдаг (Wood).
Ром-Германы эрх зүйн бүл нь нэлээд өргөн тархсан, нөлөө бүхий систем (Зураг 1). Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засаг хурдацтай өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн шинэ шинэ дэвшил нүд ирмэх зуур гарч буй өнөө үед Ром-Германы эрх зүй нь зарим тохиолдолд хэт объектив буюу позитив шинж нь илүүтэй байдгаас бодит амьдралаас хоцрох, “амьд эрх зүйн”[24] шаардлага хангахгүйд хүрэх тохиолдол бий (Д.Баярсайхан).
Социалист буюу зөвлөлтийн эрх зүйн бүл
Социалист буюу зөвлөлтийн эрх зүйн бүл (Socialist Law, Soviet Law) гэдэг нь социалист болон хуучин социалист улс орнуудад[25] ашиглагдаж байсан, одоо ч хэрэгжиж байгаа эрх зүйн тогтолцооны ерөнхий хэлбэрийг хэлнэ. Энэ нь өвөрмөц хэв маягтай, харьцангуй бие даасан шинжтэй, марксист-ленинист үзэл суртлын[26] томоохон өөрчлөлт, нэмэлтүүдтэй Ром-Германы эрх зүйн бүл буюу иргэний эрх зүйн тогтолцоонд суурилдаг. Гэхдээ Ром-Германы эрх зүйн бүл нь уламжлал ёсоор хувийн өмч, түүнийг олж авах, шилжүүлэх, үрэгдүүлэхийг тодорхойлоход анхаарал хандуулдаг бол, социалист эрх зүйд өмчийг засгийн газар, хөдөө аж ахуйн хоршоод эзэмшиж, түүндээ зориулагдсан тусгай шүүхтэй (Maggs).
Хүйтэн дайн[27] дуусахаас өмнө социалист эрх зүй дэлхийн томоохон эрх зүйн тогтолцооны тоонд багтах байсан гэж үзэх судлаачид уг тогтолцоог бие даасан, тусдаа эрх зүйн ангилал биш гэдэг (Quigley) (Markovits).
Социалист систем задарсан ч зөвлөлт болон социалист гэгдэж байсан орнууд уг эрх зүйн бүлд хамрагдаж байсан. Хятад, Хойд Солонгос, Куба зэрэг улс Ром-Германы эрх зүйн бүлд хамрагддаг ч социалист эрх зүйн бүлийн чиг баримжаатай (Д.Баярсайхан). Тухайлбал, Хойд Солонгос улсын хууль тогтоох дээд байгууллага нь 5 жилийн хугацаатай сонгогдож, түүний чөлөө цагт Байнгын зөвлөл буюу тэргүүлэгчид ажиллана. Куба улсын төрийн дээд байгууллага нь үндэсний Ассамблей байх бөгөөд төрийн зөвлөлийн төлөөлөгчдийг 5 жилийн хугацаатай сонгоно. Хятад улсын төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал ба төлөөлөгчдийн Улсын даргыг хурлаас 5 жилийн хугацаагаар сонгоно. Вьетнам улсын хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний хурал ба 5 жилийн бүрэн эрхтэй төлөөлөгчтэй, Байнгын хороог сонгон ажилладаг (Н.Отгончимэг).
Манай улс түүхэндээ уламжлалт эрх зүйн тогтолцоотой байсан ч хуучин социалист орны хувьд хэсэг хугацаанд социалист эрх зүйг хүлээн авсан байдаг. Харин 1990 оноос Ром–Германы эрх зүйн чигийг баримталж байна.
Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүл
Англи, түүний эзэмшил нутаг байсан колони орнууд дахь эрх зүйн уламжлалыг бүхэлд нь Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүл (Common Law) гэж нэрлэдэг ба шүүгчийн шийдвэрийг эх сурвалж болгодог. Өөрөөр хэлбэл, тогтолцоо бүр шинэ хууль, дүрэм баталдаг хууль тогтоох байгууллагатай, төрт ёсны харьцангуй бие даасан хийгээд уламжлалт бүтэц зохион байгуулалтын зүй тогтолт чиг хандлагыг тусгадаг (Д.Баярсайхан). Зарим эрх мэдлийн хүрээнд ийм хууль тогтоомж нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл хэд хэдэн зөрчилтэй, эсвэл хоёрдмол утгатай шийдвэрт хамрагдсан асуудлыг кодчилдог тул хууль болон шүүхийн шийдвэрийн хоорондын харилцаа нь нарийн төвөгтэй. Зарим улсад харьяаллын дагуух шүүхийн шийдвэр нь тодорхой хууль тогтоомжийн заалтыг гаргах, хуулийн заалтад ямар утга агуулагдаж байгааг шийдэж болно.
Англо-Саксоны эрх зүйн бүлийн онцлог шинж нь шүүхийн прецедентэд эрх зүйн бусад эх сурвалжаас илүүтэй ач холбогдол өгч, процессын эрх зүйг чухалчилдаг. Нийтлэг эрх зүйд шүүх дээр өрсөлддөг тул ялагч гэсэн ойлголт байдаг. Тал бүр шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж буй асуудлаа тодорхойлж, тус бүр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нотлох баримтаа бэлтгэж, өөрийн үзэл бодлыг батлахад тохиромжтой гэж үзсэн мэдээллээ гаргаж танилцуулдаг. Ингэхдээ тус бүр гэрчийг дуудаж, шууд болон хөндлөнгийн байцаалт явуулдаг. Эрүүгийн хэргийн хувьд цагдаа, прокурор нягт хамтран ажиллаж, төрийн нөөц бололцоог ашиглан өөрсдийн үзэл бодлыг тогтоодог бол, яллагдагч нөөц бололцоонд түшиглэн, өмгөөлөгч хөлсөлдөг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь ижил төстэй ч тал бүр өөрийн нөөц бололцоонд тулгуурлан үзэл бодлоо батална. Хэрэв тангарагтны бүрэлдэхүүн байгаа бол шүүгч эрх зүйн асуудлыг тодорхойлж, шүүх хуралдааныг зохицуулах үед бодит бүх асуудлыг шийддэг. Зарим тохиолдолд шүүгч тангарагтны оронд баримт илрүүлэгчээр ажиллаж болно.
Англо-Саксоны эрх зүйн бүл нь нийтийн болон хувийн эрх зүйг хатуу зааглан авч үздэггүй, харин тус тусдаа бүрдэл хэсгүүдтэй хэм хэмжээтэй. Эрх зүйн эх сурвалж дотор эрх зүйн номлол буюу уламжлалт зан заншлын хэм хэмжээг эрх зүйн харилцаанд нэлээд тусгасан онцлогтой. Үүний зэрэгцээ шүүхийн прецедентийг ач холбогдлоор нь, эсвэл уг баримтыг гаргаж буй субъектээр нь эрэмбэлж авч үздэг.
Зураг 3 Англо-Саксоны эрх зүйн бүлийн ерөнхий шинж

Эх сурвалж: Судлаачийн дүрслэл
Дундад зууны үед Англид бүрэлдэн бий болохдоо Англо-Саксоны эрх зүй болон Салисын хуулиас (Salic Law)[28] эхтэй Нормандын хуулиас (Norman Law)[29] эрх зүйн ойлголтуудыг нэвтрүүлсэн. Тийм ч учраас Нормандын байлдан дагуулалтын[30] нөлөөгөөр хөгжсөн. Их Британийн Эзэнт гүрний мандалтын үед дэлхий даяар тархан, хожим нь нийтлэг хуулийг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл[31] өвлөн авсан бөгөөд Британийн Эзэнт гүрний хуучин колони байсан Мальтаас бусад бараг бүх улс үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн (Wood). Гэхдээ энэхүү шийдвэр нь түүхэндээ колони улсуудын хүсэл, хэрэгцээ шаардлагатай уялдсан гэхээсээ илүү улс төр, түүхийн нөхцөл байдлаас шалтгаалан зориуд, зохион байгуулалттай өөрчилсөн нь илэрхий (Н.Отгончимэг).
Газар зүйн хамаарлын хувьд Англо-Саксоны эрх зүйн бүлийг Англи болон Америкийн гэх өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй хоёр салбарт ангилдаг. Хойд Америкийн эрх зүйн уламжлал нь тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Английн бусад колонийн эзэмшлээс ихээхэн онцлогтой хөгжиж иржээ. Тодруулбал, цоо шинэ эрх зүйг бүтээгээгүй, харин английн эрх зүйн зарим элементүүдийг хүлээн зөвшөөрч, зүй зохистой гэж үзэж, Америкт ирсэн хүмүүс английн хуулиудыг хэрэглэж, шүүхийн прецедентийг шилжүүлж, нийтийн эрх зүйн хэм хэмжээг дэлгэрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим судлаач Англи, Америкийг харилцан адилгүй эрх зүйн уламжлал бүхий орнууд гэж үзэх нь бий. Английн эрх зүйг ашигладаг улс орны тоо нь олон боловч гол төлөв байгалийн нөөц хомс, хөгжиж буй эдийн засагтай орнуудад хамааралтай байдаг. Үүнтэй харьцуулахад, Америкийн эрх зүйг дэлхийн хүн амын ердөө 5 хувь ашигладаг ч баян чинээлэг улс орнууд төлөөлдөг байна (Wood).
Дэлхийн нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь Англо-Саксоны эрх зүйн бүлд захирагдаж амьдардаг (Хүснэгт 1). Канад (Кэбэк муж орохгүй), Австрали, Шинэ Зеланд, Их Британийн ихэнх хэсэг (Англи, Уэльс, Умард Ирланд), Өмнөд Африк, Ирланд, Энэтхэг (Гоагаас бусад), Пакистан, Хонг Конг, АНУ (Луизиана, Пуэрто Риког эс тооцвол муж, нутаг дэвсгэрийн түвшинд), Бангладеш болон бусад олон улсад нийтлэг эрх зүй үйлчилдэг (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт).
Хэд хэдэн улс нийтлэг эрх зүйн бүлд хамаарах ч холимог тогтолцоотой. Жишээлбэл, Нигери улсын өмнөд мужууд болон холбооны түвшинд нийтлэг эрх зүйн тогтолцоотой бол, хойд мужууд нь шашны хуультай.
Англо-Саксоны эрх зүйн зохицуулалт нь уян хатан, амьд эрх зүйн шинжтэй. Гэхдээ субьектив шинж давамгайлсан хандлагатай буюу үзэмжээрээ шийдвэрлэх боломж ихтэй.
Шашны эрх зүйн бүл
Шашны эрх зүй (Religious Law)[32] нь эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг бөгөөд эрх зүйн заалтын анхдагч эх сурвалж нь төр засгийн байгууллагын бус харин ариун сударт тусгагдсан бурхан тэнгэрийн хүсэл зориг хэмээн үздэг. Шашны эрх зүйн эх сурвалж нь албан ёсны утгаараа ариун сударт шууд бичигдсэн эх бичвэр бөгөөд тэдгээрийн тайлбар нь бурхан шашны номлол, сүм хийдээс гаргасан акт, шашин-эрх зүйн заншил, тэрчлэн шашин-эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлсэн ба системчлэгдсэн төрийн хууль тогтоох байгууллагын актад тусгалаа олсон байдаг аж (С.Нарангэрэл).
Шашны эрх зүйг ашигласан аргачлал нь харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Иудейн шашны Халахаг (Halakha) нийтийн эрх зүйд ашиглах нь хөдөлгөөнгүй, өөрчлөгдөшгүй шинж чанартай бөгөөд засгийн газрын хууль тогтоомж актуудаар дамжуулан нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл шүүхээр өөрчлөхийг хориглодог; Христ итгэлийн Каноны эрх зүйд[33] код ашиглах нь нийтлэг эрх зүйтэй илүү төстэй; Исламын шашны Шариатын хууль (Sharia)[34] болон Фикхийн эрх зүй[35] (Fiqh) нь зүй ёсны жишиг, зүйрлэл дээр үндэслэсэн тул нийтлэг эрх зүйтэй төстэй гэж үздэг.
Шашны эрх зүйн эх сурвалжийн онцлог нь нутаг дэвсгэрийн шинжтэй бус, харин тодорхой хүмүүсийг хамардагт оршино. Заалт нь дийлэнх тохиолдолд тухайн улс орны шашны төлөөлөгчдөд үйлчлэх бөгөөд гадаад хүн гол төлөв тэдгээрийн үйлчлэлээс ангид байна.
Шашны эрх зүй нь түүхэндээ нэлээд тархаж, зарим нөхцөлд зөвхөн хувь хүний ёс суртахууны чиг баримжаа олгох зорилготой бол, бусад тохиолдолд тухайн улсын эрх зүйн тогтолцооны үндэс болдог. Эдүгээ Исламын шашны нөлөө бүхий Араб, Африкийн зарим улс оронд шашны эрх зүй бие даасан систем болж үйлчлэх болсон. Судалгааны ажлын хүрээнд тус эрх зүйн бүлийн 5 орныг жагсаалаа (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт).
Нэлээд хөгжингүй тогтолцоо нь Исламын шашны эрх зүйн Шариатын хууль, Индуизмын эрх зүй, Иудейн шашны Халаха, Христ итгэлийн Каноны эрх зүй болно. Энэ дундаас Исламын шашны эрх зүйд шашны ёс жаяг, горимуудыг төрийн хэмжээнд үнэлж, нийгмийн амьдралд бүхэлдээ хуулийн хүчинтэй нөлөөлж чаддаг (Д.Баярсайхан). Харин Халахаг сүм болон иргэний харилцаанд ашиглаж, Ортодокс[36] ба Консерватив[37] еврейчүүд мөрддөг. Улс орон бүрэн захирагддаггүй ч хоёр еврей хүн хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу маргааныг Еврейн шүүхээр хэлэлцэж, түүний шийдвэрийг дагаж мөрдөх шийдвэр гаргаж болно.
Эдүгээ улс орнууд сонгодог утгаар нь дангаар шашны эрх зүйг авалгүй, ихэнхдээ аль алинаас нь тусгаж хэрэглэсэн байдаг. Тиймээс судалгааны ажлын хүрээнд эх газрын ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 9 улс орон, нийтлэг ба Шариатын холимог эрх зүйн бүлийн 5 улс орныг жагсаав[38] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт).
Заншлын эрх зүйн бүл
Заншлын эрх зүй (Customary Law) нь байнга давтагдан уламжлагдаж хэрэглэгдсэн ба төрөөс зөвшөөрсний үр дүнд нийгэм буюу газар нутагт түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон зан үйлийн журмын цогц ба эрх зүйн анхдагч түүхэн хэлбэр юм. Заншлын эрх зүйн хэм хэмжээ нь бичмэл ба аман хэлбэртэй байж болдог. Орчин цагийн бичмэл эрх зүйд шилжих үе шатанд заншлын эрх зүй, тухайлбал Арван хоёр хүснэгтийн хууль зэрэг цэгцлэгдсэн эмхэтгэл буй болсон (С.Нарангэрэл).
Орчин үед зарим улсын эрх зүйн тогтолцоонд багагүй учир холбогдолтой хэвээр бөгөөд хуульдаа зан заншлыг тодорхой соёлын хүрээнд тогтсон зан үйлийн хэв маяг гэж тодорхойлдог. Ерөнхийдөө заншлын эрх зүй нь тодорхой эрх зүйн практик ажиглагдсан, холбогдох талууд үүнийг хууль (opinio juris) гэж үзэх тохиолдол бий. Тиймээс, “Үргэлж хийж ирсэн зүйл бол хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн зүйл мөн” хэмээн нэхэмжлэл гаргаж болно.
Заншлын эрх зүй нь хууль тогтоомж, дүрэм журмаас доогуур мэт боловч хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн эх сурвалж болдог. Канад, Австрали, Шинэ Зеландад аборигенчуудын уламжлалт хууль нь төрийн хамгаалалтад авагдан аль хэдийн Үндсэн хуулийн суурь болж нөлөөтэй болсон. Тухайлбал Маори[39] болон Шинэ Зеландын засгийн газрын харилцааны хүрээнд өнгөрсөн үеийн гомдол, өөрийгөө тодорхойлох, өөрөө удирдах эрх, газар, баялгийн эрхтэй холбоотой нэхэмжлэлүүд нэмэгдсэн тул Маоригийн зарим заншлын хуулийг Шинэ Зеландад хүлээн зөвшөөрсөн (The Law Commission of New Zealand).
Хөгжиж буй олон оронд заншлын эрх зүй нь эх газрын болон нийтлэг эрх зүйтэй зэрэгцэн ашиглагддаг хэвээр байна. Гэхдээ хуультай зөрчилдөөгүй заншлыг эрх зүйн хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрч, эрх зүйн хийдэл байгаа тохиолдолд заншлыг нэлээдгүй хэрэглэж байгаа. Тухайлбал, АНУ-д засгийн газраас хүлээн зөвшөөрсөн овгийн нутаг дэвсгэрт засгийн газрын хяналтын дор овгийн асуудалд заншлын хуулийг хэрэглэж болно. Овгийн цагдаа, шүүгч, хууль тогтоох танхим, барилга барих зөвшөөрөл, тооллого, татвар, усны байгууламж зэрэг. Үнэн хэрэгтээ Америкт заншлын эрх зүйг тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагатай (Reese). 1995 онд Киргизийн[40] Ерөнхийлөгч Аскар Акаев үндэсний онцлогийг харгалзан тосгоны ахмадуудын шүүхийг сэргээж, эд хөрөнгө, гэм буруутай байдал, гэр бүлийн хууль тогтоомжийн шүүх эрх мэдлийг олгох тухай зарласан байдаг. Киргизийн үндсэн хуулийн 92 дугаар зүйлд ахмадын шүүхүүд багтсан. 2006 оны байдлаар Киргиз даяар, тэр дундаа нийслэл Бишкект 1000 орчим ахмадын шүүх ажиллаж байжээ (Beyer).
Үүнтэй төстэй шүүхүүд Төв Азийн бусад улс оронд янз бүрийн түвшинд байдаг. Тухайлбал, Канун (Leke Dukagjini Law) нь XV зуунаас хойш Албани, Косовогийн хойд хэсэгт хэрэглэгдэж байсан хуулиудын багц бөгөөд үүсэхдээ Албанийн хунтайж Леке Дукагжинитэй холбоотой байсан ч Канун нь цаг хугацааны явцад хууль тогтоомж, газар нутгаа захирах арга хэрэгсэл болон хөгжжээ. Уг хууль нь сүм, гэр бүл, гэрлэлт, байшин, мал, эд хөрөнгө, ажил, хэл ам, нэр төр, хохирол, гэмт хэргийн тухай хууль, шүүхийн эрх зүй, онцгой нөхцөл гэсэн хэсгүүдэд хуваагддаг. 1990 оны эхээр коммунист дэглэм нуран унасны дараа хүмүүс нутгийн засаг захиргаа, цагдаад итгэлгүй байсан тул Албани улсын хойд хэсэгт дахин гарч, сэргээгдсэн байдаг. Гэсэн хэдий ч орчин үеийн Албанийн эрх зүйн тогтолцоонд уг хуулийг хүлээн зөвшөөрдөггүй.
Үүнээс гадна засгийн газрын зүгээс бүх газар нутагт эрх зүйн зохицуулалт хийж чадахгүй, хэрэгжүүлэх хангалттай нөөц байхгүй улсад заншлын эрх зүйг хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Тухайлбал, Этиоп улсад 1950 онд эх газрын эрх зүйд суурилсан хууль тогтоомжийг баталсан хэдий ч 60 гаруй, зарим нь албан ёсны, бие даасан байдлаар ажилладаг заншлын хууль үйлчилж байгаа. Этиопын засгийн газар эдгээр заншлын эрх зүйг өөрийн хилийн хүрээнд хадгалах амлалт өгсөн байдаг (Donovan & Assefa).
Сомали улсад Xeer гэж нэрлэгддэг заншлын хуулийг дагаж мөрддөг (Notten). Энэтхэгт олон ёс заншлыг хуулиар хүлээн зөвшөөрдөг ба Хинду шашны гэрлэлтийн ёслолыг Хинду шашны гэрлэлтийн хуулиар хүлээн зөвшөөрдөг. Индонези улсад төрөл бүрийн уугуул угсаатны ёс заншлын хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрч, тус улсын Папуа мужид маргааныг зан заншлаар шийддэг.
Испани, Францтай хиллэдэг Пиренейн уулсын[41] зүүн дунд хэсэгт орших Андорра улс нь зарим талаараа заншлын эрх зүйд тулгуурладаг. Заншлын эрх зүйн эх сурвалжид Каноны эрх зүй, Католик сүмийн хууль, Кастилийн хууль, Францын хууль, Ромын эрх зүй орно. Андорра улс түүхэн өөр өөр цаг үед Европын гүрнүүдийн довтолгоонд өртөж, хяналтад байсан бөгөөд эрх зүйн тогтолцоо нь эзлэн түрэмгийлсэн улс бүрийн хууль тогтоомжийн элементүүдийг тусгасан байдаг. Өнөөдөр Андорра нь Францын ерөнхийлөгч ба Каталоны Ромын Католик бишоп (Ургелл) хоёроос бүрдсэн парламентын засаглалтай (Central Intelligence Agency).
Гернси арал[42] бол заншлын эрх зүйн тогтолцооны өөр нэг жишээ юм. Английн эрэг орчмын арлуудын нэг боловч Их Британи улсад хамаардаггүй (Law Officers of the Crown, Guernsey). Гернсигийн хууль эрх зүйн тогтолцоо нь дундад зууны үеийн хаан Нормандын гүнгийн эрх мэдлээс үүдэлтэй ба Нормандын гүнгийн хууль нь эрх зүйн нөлөө бүхий эх сурвалж болдог. Гернсигийн эрх зүйн системд нийтлэг эрх зүй болон арлын сонгогдсон хууль тогтоох байгууллагаас баталсан орчин үеийн хууль тогтоомжийн элементүүд байдаг. Тус улс олон асуудлыг эртний зан заншлын хуульд үндэслэн тогтоодог бөгөөд сонгогдсон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид болон тангарагтнууд шийдвэр гаргадаг (Central Intelligence Agency).
Энэ мэтчилэн заншлын эрх зүй нь багагүй үүрэг гүйцэтгэдэг тул дэлхий даяар олон улсын харилцаанд заншлын эрх зүйн бүлийг хүлээн зөвшөөрөх болжээ. Судалгааны ажлын хүрээнд заншлын эрх зүйн бүлийн жагсаалтад дурдсан 2 орныг оруулав[43] (Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалт).
Эрх зүйн бүлийн харьцуулалт
Судалгаанд авч үзсэн эрх зүйн бүлүүдийн харьцуулалтыг хийж хүснэгтэд харууллаа.
Хүснэгт 2 Эрх зүйн бүлийн харьцуулалт
| Ялгарах шинж | Ром-Германы эрх зүй | Англо-Саксоны эрх зүй | Шашны эрх зүй | Заншлын эрх зүй |
1 | Бусад нэршил | Эх газрын эрх зүй; Европын эрх зүй; Ромын эрх зүй; Төрөлжүүлэн нэгтгэсэн тогтолцоо | Нийтлэг эрх зүй; Шүүхийн эрх зүй (Judge made Law); Жишгийн эрх зүй | Шашин шүтлэгээр ялгаатай; Шариат (Исламын шашны эрх зүй); Халаха (Иудейн шашны эрх зүй) | Газар нутаг, үндэс угсаа, овог аймгаар ялгаатай |
2 | Түүхэн шинж | Ромын материаллаг эрх зүйн хэм хэмжээнээс үүссэн | Ромын процессын эрх зүйн хэм хэмжээнээс үүссэн | Эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг | Эрх зүйн анхдагч түүхэн хэлбэр |
3 | Эх сурвалж | Бичмэл эрх зүй (Lex scripta); Төрөлжүүлэн нэгтгэсэн хууль | Шүүгчийн гаргасан хууль; Шүүхийн прецедент | Шашны эх бичвэрүүд, тэдгээрийн тайлбар; Төрийн хууль тогтоох байгууллагын актад тусгалаа олсон хууль; Бурхан шашны номлол, сүм хийдээс гаргасан акт | Амаар болон бичгээр уламжлагдсан зан заншил; Нийгэмд буюу газар нутагт түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон зан үйл; Тодорхой эрх зүйн практик ажиглагдсан, холбогдох талууд заншлыг хууль гэж үзсэн заншил |
4 | Эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалт | Ерөнхий, өргөн хүрээтэй харилцааг зохицуулдаг
| Тусгай, нарийн агуулгатай тодорхой харилцааг зохицуулдаг | Зарим нөхцөлд зөвхөн хувь хүнд ёс суртахууны чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх зорилготой бол, бусад тохиолдолд тухайн улсын эрх зүйн тогтолцооны үндэс болдог | Зарим тохиолдолд зан заншил хамгийн чухал бол, бусад тохиолдолд зөвхөн зөвлөгөө байна
|
5 | Шүүх | Сургалт, шалгалт шаарддаг ажил мэргэжил; Төрийн албан хаагчид | Сонголт, мэргэшлийн олон төрлийн стандарт | Шашин, эрх зүйн сургалт | Тухайн бүс нутгийн зан заншлаас хамааран ихээхэн ялгаатай |
6 | Эрх зүйн ангилал | Хувийн ба нийтийн эрх зүй | Хувийн ба нийтийн эрх зүйд ангилдаггүй | Исламын шашны эрх зүйн Шариатын хууль; Индуизмын эрх зүй; Иудейн шашны Халаха; Христ итгэлийн Каноны эрх зүй | Тодорхой соёлын хүрээнд тогтсон зан үйлийн хэв маягаас хамааран ялгаатай |
7 | Эрх зүйг хөгжүүлэхэд оруулах хувь нэмэр | Эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулдаг | Практик хуульчид чухал хувь нэмэр оруулдаг | Нутаг дэвсгэрийн шинжтэй бус харин тодорхой хүмүүсийг хамардаг тул тухайн шашныг шүтэгч, итгэгч, дагагчид чухал хувь нэмэр оруулдаг | Овог аймгийн тэргүүн, эсвэл тосгоны ахмад настан чухал хувь нэмэр оруулдаг |
8 | Орчин үеийн ангилал | Францын (Институций), Германы (Пандектын) | Английн эрх зүй, Америкийн эрх зүй | Исламын; Индуизмын; Иудейн; Христийн | Тодорхой соёлын хүрээнд тогтсон зан үйлийн хэв маягаас хамааран ялгаатай |
9 | Улс орнуудын жишээ | Европын холбооны бараг бүх улс, Латин Америкийн улсууд, Африк ба Ази тивийн үлэмж хэсэг хамрагддаг | АНУ (Луизиана мужаас бусад), Их Британи, Канад (Кэбэк муж орохгүй) | Саудын Араб, Иран, Арабын Эмират, Израил | Гернси, Андорра |
Эх сурвалж: (З.Сүхбаатар), (Rom, Hidaka, & Walker) тулгуурлан судлаачийн боловсруулсан харьцуулалт
Дүгнэлт
Судалгааны ажлын хүрээнд эрх зүйн бүлийн үүсэл гарал, ангиллын шалгуурууд, бүл тус бүрийн онцлогийг тодорхойлох зорилгыг дэвшүүлсэн. Зорилгодоо хүрэхийн тулд эрх зүйн онолын судалгааны харьцуулалтын аргыг ашиглав.
Эрдэмтэн, судлаачид эрх зүйн бүлийг янз бүрээр ангилсан ба тэдгээрийг нэгтгэвэл эх газрын, нийтлэг, заншлын, шашны, эсвэл эдгээрийн холимог гэсэн үндсэн дөрөв хувааж болно. Харин ялгаатай ангилах болсон шалгуурт эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжил, үзэл суртал, хууль зүйн сэтгэлгээ, эрх зүйн эх сурвалж, шүүн таслах үйл ажиллагаа зэрэг хэмжүүрийг ашигласан байна. Яг ямар шалгуурыг баримтлах талаар ухаантнууд нэгдмэл санаанд хүрээгүй гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс эрх зүйн бүлийн харьцуулалтыг хийхдээ эдгээр болон бусад ялгарах шинжийг авч үзсэн.
Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүлийн эх сурвалж нь парламент, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон хууль зүйн акт болдог бөгөөд нийгмийн харилцааны тодорхой асуудлыг тухайн үед үйлчилж буй хууль тогтоомжоор шийдвэрлэдэг. Шүүх болон түүний шийдвэр нь хуулийн хүчин чадалгүй, зөвхөн хуулийг хэрэглэсэн, тайлбарласан шинжтэй. Тиймээс орчин үеийн өөрчлөлтийг тухай бүр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан, эсвэл богино хугацаанд шинэчлэх боломжгүйгээс хоцрох талтай.
Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүлийн эх сурвалж нь шүүхийн прецедент бөгөөд нийгмийн харилцааны тодорхой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь дараагийн адил төстэй асуудал, харилцааг шууд зохицуулах чадвартай. Энэ утгаараа нийгмийн харилцааны зүй зохистой жам ёсны, харьцангуй нээлттэй зохицуулалт болдог. Шүүгч, хуульчдад бүрэн итгэл хүлээлгэсэн байх тул ухамсар соёлтой, дадлага туршлагатай субъект ажиллана.
Шашны эрх зүйн бүл нь эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг бөгөөд ёс суртахууны чиг баримжаа олгох зорилгоос даван зарим улс оронд бие даасан тогтолцоо болж үйлчлэх болсон.
Заншлын эрх зүйн бүл нь эрх зүйн анхны түүхэн хэлбэр буюу түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон. Орчин үед зарим улсад заншлын эрх зүйг хуульчилсан бол, бусад улсад хүмүүсийн дунд хэрэглэгддэг ч төрөөс хуулийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Гэсэн хэдий ч олон улсын харилцаанд заншлын эрх зүй нь багагүй үүрэг гүйцэтгэдэг байна.
Ром-Германы болон Англо-Саксоны эрх зүйн бүл нь Ромын эрх зүйгээс салбарлан материаллаг эрх зүй, процессын эрх зүйн хэм хэмжээнээс тус тус үүсжээ. Нэг нь бичмэл, төрөлжүүлэн нэгтгэсэн хууль тогтоомжийг эх сурвалж болгодог бол, нөгөөх нь шүүхийн прецедент дээр суурилдаг. Тийм ч учраас Ром-Германы эрх зүйд эрдэмтэд, судлаачид, харин Англо-Саксоны эрх зүйд хуульчид хувь нэмэр оруулж хөгжүүлдэг байна.
Эрх зүйн бүл нь газар нутгийн байршил, эзлэгч байсан улсын нөлөөнөөс хамааралтай байхаас гадна, тухайн үндэстний түүх, эдийн засаг, улс төр, үзэл суртал, уламжлагдан ирсэн зан заншлын илэрхийлэл байна. Түүхэн хөгжлийн явцад улс орнуудын эрх зүй өөр хоорондоо нөлөөлж, нэгнээсээ өвлөн авч, албадан, шилжүүлэн, хуулбарлан авч хөгжсөн байна.
Ж.Танан
Ашигласан эх сурвалж
З.Сүхбаатар. (2023, 10 28). Орчин үеийн эрх зүйн үндсэн бүл. Иргэний эрх зүй (Ерөнхий) Лекц 3. Улаанбаатар, Монгол.
Н.Отгонбаяр. (2018, 04 16). Эрх зүйн бүл. Захиргааны эрх зүй: http://zahirgaalaw.blogspot.com/2018/04/blog-post.html
А.Х.Саидов. (1999). Сравнительное правоведение: Учебное пособие. (В.А.Туманов, ред.) Ташкент, Узбекиста́н: Адолат.
Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол. (Т.Мөнхжаргал, ред.) Улаанбаатар, Монгол: Уриа компани.
С.Нарангэрэл. (2021). Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь. (А.Солонго, ред.) Улаанбаатар: Адмон Принт.
Franklin, M. (1951). On the Legal Method of the Uniform Commercial Code. Law and Contemporary Problems, 16(2), 330-343.
Ping, X., & Griffith, P. (2017). Legal Reforms. In C. Tubilewicz, Critical Issues in Contemporary China: Unity, Stability and Development (2 дахь хэвлэлт, хуудас 48-62). London, Great Britain: Routledge.
Vatican City. (2020, 03 16). Pope Francis reforms Vatican City courts with new law. Catholic News Agency: https://www.catholicnewsagency.com/news/43869/pope-francis-reforms-vatican-city-courts-with-new-law
David, R., & Jauffret-Spinosi, C. (1998). Основные правовые системы современности. (В.А.Туманова, орчуулга) Междунар. отношения.
Цвайгэрт, К., & Кетц, Х. (1998). Сравнительное правоведение в сфере частного права. Москва: Международные отношения.
Н.Отгончимэг. (2002). Эрх зүйн рецепцийн үзэгдлийн мөн чанар, хөгжлийн зүй тогтнол. Улс Төрийн Боловсролын Академи: https://academy.edu.mn/2020/02/29/эрх-зүйн-рецепцийн-үзэгдлийн-мөн-чана/
Rom, M. C., Hidaka, M., & Walker, R. B. (2022). Types of Legal Systems around the World. In Science, Introduction to Political. OpenStax.
Алексеев, С. С. (2015). Государство и право. Москва: Проспект.
Wood, P. R. (2007). Principles of International Insolvency (2 дахь хэвлэлт, Vol. 1). London, Great Britain: Sweet & Maxwell Limited.
Wood, P. R. (2008). Maps of World Financial Law (3 дахь хэвлэлт). London, Great Britain: Sweet & Maxwell Limited.
Saint Claire. (2020, 03 25). saint-claire.org. Legal Systems of the World: https://web.archive.org/web/20200325120143/http://saint-claire.org/wp-content/uploads/2016/01/Legal-Systems-of-the-World.pdf
Quigley, J. (1989, 10 01). Socialist Law and the Civil Law Tradition. The American Journal of Comparative Law, 37(4), 781-808.
Maggs, P. B. (2002, 08 19). Encyclopedia Britannica. Soviet law: https://www.britannica.com/topic/Soviet-law
Markovits, I. (2007, 12 01). The Death of Socialist Law? Annual Review of Law and Social Science, 3, 233-253.
Badr, G. M. (1978, 04 01). Islamic Law: Its Relation to Other Legal System
Makdisi, J. A. (1999, 01 06). The Islamic Origins of the Common Law. North Carolina Law Review, 77(5).
Central Intelligence Agency. (2023, 11 01). Andorra. The World Factbook: https://www.cia.gov/the-world-factbook/countries/andorra/
Central Intelligence Agency. (2023, 11 01). The World Factbook. Guernsey: https://www.cia.gov/the-world-factbook/countries/guernsey/
Law Officers of the Crown, Guernsey. (2017, 11 14). Constitution of the Bailiwick. History & Constitution: https://www.guernseylawofficers.gg/article/162463/History--Constitution
Reese, E. (2021, 10 07). How the U.S. legal system ignores tribal law. (F. Barringer, Interviewer) High Country News.
The Law Commission of New Zealand. (2001). Mäori Custom and Values in New Zealand Law. Wellington: The Law Commission of New Zealand.
Beyer, J. (2013, 12 02). Revitalisation, Invention and Continued Existence of the Kyrgyz Aksakal Courts: Listening to Pluralistic Accounts of History. The Journal of Legal Pluralism and Unofficial Law, 38(53-54), 141-176.
Donovan, D. A., & Assefa, G. (2003). Homicide in Ethiopia: Human Rights, Federalism, and Legal Pluralism. The American Journal of Comparative Law, 51(3), 505-552.
Notten, M. v. (2005). The Law of the Somalis: A Stable Foundation for Economic Development in the Horn of Africa. (S. H. MacCallum, ред.) Red Sea Press.
Д.Бадамханд. (2023, 05 09). Хятадын иргэний эрх зүйн тогтолцоо. Legal Data.
Ц.Цэлмэг. (2021). Харьцуулсан эрүүгийн эрх зүй. Legal Data, 18.
Зүүлт тайлбар
[1] Хууль цаазыг судлах, заах шинэ аргууд: Nova Methodus Discendae Docendaeque Iurisprudentiae.
[2] Үүнээс өмнө дэлхийн улс орнуудын хэлний тогтцыг харьцуулан судлаад хэл зүйн бүл гэх ойлголт бий болсон.
[3] Рецепт: латинаар receptiо гэдэг нь хүлээн авах, сэргээх гэсэн утгатай.
[4] Хууль зүйн шинжлэх ухаанд legal transplant, рецепция права, эрх зүйг нутагшуулах зэргээр нэрлэдэг.
[5] Рене Дэвид (1906-1990) Францын эрх зүйн судлаач, Парижийн их сургуулийн профессор.
[6] Конрад Цвайгэрт (1911-1996) Хамбургийн их сургуулийн профессор, Холбооны улсын үндсэн хуулийн цэцийн гишүүн асан.
[7] Хайн Д. Кэтц (1935 онд төрсөн) Олон улсын эрх зүйн Макс-Планк Хүрээлэнгийн захирал, Хамбургийн их сургуулийн профессор.
[8] Акмаль Холматович Саидов (1958 онд төрсөн) Зөвлөлт Узбекийн нэрт эрх зүйч.
[9] Сергей Сергеевич Алексеев (1924-2013) Зөвлөлтийн болон Оросын эрх зүйч.
[10] Эрх зүйн бүлийн Civil Law гэх нэр томьёо нь иргэний хуулиас ялгаатай.
[11] Шашны эрх зүйг зарим тохиолдолд Исламын гэх нь бий.
[12] Кодчилох нь хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог хуулийн хураангуй акт буюу хуулиудын эмхэтгэл.
[13] Япон нь гадаад хөгжилтэй улсын хууль тогтоомжийг таалан хүлээн авч өөрийн эрх зүйн тогтолцоондоо ололт амжилтыг зохистойгоор шилжүүлэн нэвтрүүлсэн улсын нэг (Н.Отгончимэг, 2002).
[14] Хятад нь эх газрын эрх зүйн бүлд хамаарах боловч өн удаан жилийн түүхтэй, өөрийн орны өвөрмөц онцлог бүхий социалист, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс болохын хувьд тухайн нийгмийн зах зээл, эдийн засгийн хөгжлийн түүхэн замнал, улс төрийн тогтолцоонд нийцсэн өвөрмөц онцлог бүхий эрх зүйн тогтолцоо нэгэнт хэлбэржин хөгжсөн (Д.Бадамханд).
[15] Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно.
[16] Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно.
[17] Англи хэл дээрх бүтээлүүдэд хэрэглэгддэг “эх газрын”, “иргэний эрх зүй” гэсэн нэр томьёо нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг учраас Рене Дэвид эрх зүйн энэ бүлийг Латин ба Германы их сургуулиудын хамтын хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэсэн агуулгаар Ром-Германы гэсэн нэр томьёог ашигласан нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна (Ц.Цэлмэг).
[18] Арван хоёр хүснэгтийн хууль (leges duodecim tabularum) Ромын заншлын эрх зүйн эртний их үнэ цэнтэй эх сурвалжийн нэг.
[19] Каноны эрх зүй: Христийн сүмийн байгууллыг зохицуулж, Христийн итгэл үнэмшлийг кодчилсон эрх зүйн хэм хэмжээний цогц.
[20] Бичмэл эрх зүй (Lex scripta).
[21] Бельги, Нидерланд, Люксембург нь Баруун Европын хөрш орнууд бөгөөд эдгээрийг нэгтгэн Бенилюксийн орнууд гэх нь бий.
[22] Исланд нь Германы эрх зүйг голчлон хүлээн авсан хэдий ч Скандинав болон Нордик эрх зүй нь бусад эрх зүйн тогтолцоотой хамгийн бага төстэй тул зарим тохиолдолд тусдаа эрх зүйн бүл гэж тооцогддог.
[23] Хятадын түүхийн ихэнх хугацаанд эрх зүйн тогтолцоо нь ёс суртахууны боловсролоор дамжуулан нийгэмд хяналт тавих Күнзийн философи, түүнчлэн эрүүгийн шийтгэлийг онцолсон хууль дээр суурилж ирсэн. Шинхайн хувьсгалын дараа Герман, Швейцарын хуульд суурилсан барууны хэв маягийн эрх зүйтэй болсон. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар ЗХУ-ын нөлөөнд автсан социалист эрх зүйн тогтолцоо бий болсон. Гэсэн хэдий ч, Хятадын түүхэн уламжлалууд нөлөөгөө хадгалсаар ирсэн (Ping & Griffith).
[24] Амьд эрх зүй нь эрх зүйн социологийн гол судлагдахуун. Бүлэг холбогдох хүмүүсээс асуух, ажиглалт хийх зэргээр саналыг нь хуульд тусгаж, хэрэгжиж үр нөлөө гарснаар тодорхойлогдоно.
[25] Социалист эрх зүйн бүл нь 1917 онд үүсэж өнөөдрийг хүрсэн. 1990 он хүртэл 30 гаруй орныг хамарч байсан.
[26] Марксист-Ленинист нь Октябрийн хувьсгалаас эхлээд XX зууны туршид ихэнх социалист засгийн газруудын зонхилох үзэл баримтлал.
[27] Хүйтэн дайн нь АНУ, ЗХУ болон холбоотон болох Баруун болон Зүүн блокийн хооронд геополитикийн хурцадмал байдал үүссэн үе. Хоёр их гүрний хооронд шууд тулалдаан болоогүй ч, бүс нутгийн томоохон мөргөлдөөнд эсрэг талуудыг дэмжиж байсан тул "хүйтэн дайн" гэсэн нэр томьёог ашигладаг.
[28] Салисын хууль (Салианы) нь Францын анхны хаан Кловисийн МЭ 500 онд эмхэтгэсэн эртний Франкийн (герман үндэстэн) хууль.
[29] Нормандын эрх зүй нь X-XIII зууны хооронд үүссэн Нормандын Гүнт улсын заншлын эрх зүй бөгөөд дэлхийн эрх зүйн тогтолцоонд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.
[30] Нормандын байлдан дагуулалтаар XI зууны үед Нормандын гүн, хожим байлдан дагуулагч Уильямаар удирдуулсан Норман, Бретон, Фламанд, Францын олон мянган цэргээс бүрдсэн арми Англи руу довтолж эзэлсэн.
[31] Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл нь 56 гишүүн орноос бүрдсэн олон улсын холбоо. Дийлэнх нь Их Британийн Эзэнт гүрний хуучин нутаг дэвсгэр дэх улс орнууд.
[32] Шашны эрх зүйг зарим тохиолдолд Исламын эрх зүй гэх нь бий.
[33] Каноны эрх зүй: Христийн сүмийн байгууллыг зохицуулж, Христийн итгэл үнэмшлийг кодчилсон эрх зүйн хэм хэмжээний цогц. Дундад зууны үед түгээмэл байсан.
[34] Шариат нь Исламын шашны уламжлалын нэг хэсэг болох шашны хуулийн цогц. Исламын шашны Коран (арабаар ариун тангараг, шүтээн гэсэн утгатай), Сунна судар дээр үндэслэсэн. Түүнчлэн мусульманы нийгэмлэгийн нэгдсэн хэлцэл, тохиролцоо болох Ижма (номлолын ноёрхогч үзэл санаа), эрх зүйг төсөөтэй хэрэглэх тухай эргэцүүлэл Кияс (адилтгалын арга) эх сурвалж болно.
[35] Фикх бол Исламын шашны эрх зүй. Ихэвчлэн Шариатын тухай Коран (Исламын гэгээн судар), Сунна (бурхны элчтэй холбоотой уламжлалууд) сударт илэрхийлсэн Исламын бурханлаг хуулийн талаарх хүний ойлголт гэж тодорхойлогддог.
[36] Ортодокс нь орчин үеийн Иудейн шашны уламжлалт салбаруудын нэгдсэн нэр томьёо.
[37] Консерватив нь уламжлалт бурханлаг илэрхийлэл бус харин үеийн үед хүмүүсийн зөвшөөрлөөс үүдэлтэй гэж үздэг Иудейн шашны хөдөлгөөн.
[38] Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно.
[39] Маори нь Шинэ Зеландын Полинезийн уугуул иргэд.
[40] Бүгд Найрамдах Киргиз Улс
[41] Пиренейн уулс нь Европ тивийн баруун өмнөд хэсэгт орших нуруу бөгөөд Франц, Испани улсуудыг тусгаарласан байгалийн хил болдог.
[42] Гернси нь Нормандын хойгоос баруун тийш 43 км зайд орших Сувгийн арлуудын хоёр дахь том арал. Энэ нь ижил нэртэй эрх зүйн тогтолцоотой бөгөөд Херм, Жетоу, Лихоу гэх гурван арал, бусад олон жижиг арлууд, чулуулгаас бүрддэг. Тус улс 63’950 хүн амтай бөгөөд 62 хавтгай дөрвөлжин км газар нутагтай.
[43] Хуульч Шувуухайн блог нийтлэл: Эрх зүйн бүл тус бүрд хамаарах улс орны жагсаалтаас харж болно.

#LegalSystem #CommonLaw #CivilLaw #CustomaryLaw #ReligiousLaw #RomanLaw #ShariaLaw #CanonLaw #ScandinavianLaw #SocialistLaw #SovietLaw #ЭрхЗүйнБүлүүд #РомГерманыЭрхЗүй #АнглоСаксоныЭрхЗүй #ЭхГазрынЭрхЗүй #НийтлэгЭрхЗүй #ЗаншлынЭрхЗүй #ШашныЭрхЗүй #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнОнол #Шариат #Фикх #Консерватив #Ортодокс #КаноныЭрхЗүй #КаноныХууль #РомынЭрхЗүй #РомынХууль #ИсламынЭрхЗүй #НормандынЭрхЗүй #АмьдЭрхЗүй #БичмэлЭрхЗүй #АрванХоёрХүснэгтийнХууль #Рецепт #ИргэнийХуулийнЭмхэтгэл #CorpusJurisCivilis #ГайнХууль #ВизантийнЭзэнтГүрэн
😍
.
🤓