Шоронгийн бие даасан хяналт, шалгалт
- Л.Байгалмаа
- Jan 7, 2024
- 3 min read
Updated: Mar 9

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын (OPCAT) нэмэлт протокол, үндэсний урьдчилан сэргийлэх механизмын олон улсын тогтолцоо нь 2023 онд 20 жилийн ой дээрээ хорих байгууллага болон бусад хорих газруудын хянах шалгах тогтолцоо, ялангуяа гадаад, дотоод хяналт шалгалтын загвар, биед шалгалт хийх процесс, тоо хэмжээ зэрэг нь сайжирсан хэмээн тэмдэглэсэн байна. Уг тогтолцоонд хамгийн сүүлд бүртгүүлсэн улс бол Кот-д'Ивуар болон Латви юм.
Хорих ангиудын нөхцөл байдлыг сайжруулах, зүй бусаар харьцахаас урьдчилан сэргийлэхэд хөндлөнгийн хяналт, шалгалт гол үүрэг гүйцэтгэдэг болохыг олон улсын стандартын тогтолцоонд эртнээс хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч, 2021 оны “Хорих ангийн хяналт, шалгалтын судалгаа”-нд практик дээр хорих ангийн хяналт, мониторингийн үйл ажиллагаа, үр нөлөө, үнэ цэний талаарх эмпирик үнэлгээ “цочирдом” бага байдаг. Хяналт, шалгалтын талаар баримтжуулсан улс орны онцлох жишээнүүд байсаар байна. Ялангуяа сайн засаглал өндөртэй орнуудад үр дүнгээ өгсөн. Жишээлбэл, Канад, Шинэ Зеландын хорих ангиудын байцаагчид хоригдол эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангах шинэ стратеги, хандлагыг эхлүүлсэн.
Судалгаанд дурдсан өөр нэг зүйл нь шоронгийн ангийн эрх баригчид болон хоригдлуудын үзлэг хяналт, мониторингийн талаарх хэтийн төлөв ба тэдгээрийн үзэл бодол юм. Европын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хяналтын Зөвлөлөөс Шотланд, Норвег улсад шоронд хоригдож буй хүмүүс болон шоронгийн ажилтнуудын биед үзлэг хяналт хийх үр дүнтэй байдлын талаарх судалгаанаас үзэхэд, тэдний хэтийн төлөв үр дүнтэй байхын тулд дангаар бус бусад хүчин зүйлтэй нийлмэл байх ёстой гэсэн байна. Саяхны өөр нэг судалгаагаар Ирландын шоронгийн удирдлагуудын хяналт шалгалтын хэтийн төлөвийг хөнджээ. Уг судалгаагаар шорон дахь хүний эрхийг сайжруулах хэрэгсэл гэж үзэхгүй байгааг харуулсан. Ихэнх тохиолдолд хяналт шалгалтыг аудиттай адилтгаж стандартын дагуу үнэлгээ хийх техникийн үйл явц гэж тодорхойлсон байдаг.
Зарим засгийн газар, эрх баригчид цагдан хорих газруудад бие даасан хяналт тавихыг хүсэхгүй байгааг хэд хэдэн үйл явдал харуулж байна. 2023 оны эхээр НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороо Австралид хийх айлчлалаа зогсоох шийдвэр гаргасан нь 17 жилийн түүхэндээ хоёр дахь удаагийн ийм алхам болжээ. Тус улсын хоёр муж эрх чөлөөгөө хасуулсан бүх газарт нэвтрэх баталгаа өгөхгүй байна гэсэн үндэслэлээр 2022 онд айлчлалаа түр зогсоосон юм. Никарагуагийн засгийн газар НҮБ-ын эрүүдэн шүүхтэй тэмцэх хоёр хороотой хамтран ажиллаагүй нь Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны 2014 онд тус улсад хийсэн ажлын талаарх урьд өмнө хэзээ ч нийтэд ил гаргаж байгаагүй нууц тайланг нийтлэхэд хүргэсэн байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа нь үзлэг хяналт шалгалтад ач холбогдолгүй байдлын үзүүлэлт болж байна. Ерөнхийдөө, хяналтын байгууллагуудад ялангуяа үйл ажиллагаа нь дөнгөж эхэлж байгаа байгууллагад төсвийн дэмжлэг дутмаг байгаа нь нийтлэг хандлага болжээ.
Тухайлбал, Өмнөд Африкт 2020-2021 оны жилийн тайландаа Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын зохицуулах байгууллагаар 2019 оноос хойш ажиллаж байгаа Хүний эрхийн комисс 2022 оны 3 дугаар сарыг дуустал гурван жилийн хугацаанд төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлсэн. Гэвч хяналт шалгалт хийх үйл ажиллагааг дэмжих нь битгий хэл зохицуулалт хийхэд ч хүрэлцэхгүй байсан байна. Перу улсад Иргэдийн гомдол шийдвэрлэх байгууллагын 2022 оны төсвийг бууруулсан нь Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадварт нөлөөлсөн. Мөн тахлын үед хяналт тавихын тулд Үндэсний урьдчилан сэргийлэх механизмаас урьдчилан тооцоолоогүй нэмэлт зардал гарсан.
Бразилд Дээд шүүх 2023 оны 3 дугаар сард тус улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын оршин тогтнох, тусгаар тогтнолыг хамгаалах арга хэмжээ авсан. 2019 онд тус байгууллагыг санхүүжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн санал нэгтэйгээр шийдвэрлэсэн нөхцөлийг дурдаж болно. Тиймээс түүний үйл ажиллагааг хангахын тулд Бразил улс олон улсын хуулийн дагуу үүрэг хүлээсэн. Энэхүү шийдвэрийг НҮБ болон иргэний нийгмийнхэн сайшааж байна.
Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх 2020 оны 12 дугаар сард ижил төстэй байр суурийг баримталж, шоронгуудын хууль ёсны хяналт, хариуцлагын байгууллагыг улс төрийн хөндлөнгийн оролцоо, нөлөөллөөс хамгаалахын тулд хууль эрх зүйн өөрчлөлт, арга хэмжээ авахыг тушаажээ. Холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа ч цаашдын асуудал шийдэгдээгүй байна.
Дээрх судалгаанаас дүгнэхэд шоронгийн хяналтыг сайжруулахын тулд засгийн газрын эрх бүхий байгууллагаас хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах, төсвийн хүрээнд санхүүжилтийг нэмэгдүүлэх чухал болох нь харагдаж байна.
Л.Байгалмаа
Global prison trends - Independent monitoring and inspection
#ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #GlobalPrisonTrends #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ШүүхийнШийдвэрГүйцэтгэхЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ШоронгийнБиеДаасанХяналтШалгалт
🤔