top of page

Хөрөнгө оруулалтын луйвар, залилах гэмт хэрэг - санал болгож буй үзэх кино

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Mar 25
  • 28 min read


Хөрөнгө оруулалтын луйвар, санхүүгийн залилан - санал болгож буй үзэх кино Дуу бичлэг

Хөрөнгө оруулалтын луйвар гэхээр л сүлжээний бизнес, понзи схем, пирамид тогтолцоо зэрэг олныг төөрөгдүүлсэн санхүүгийн залилангууд санаанд буудаг. "90 хоногийн дотор мөнгийг тань 2 дахин үржүүлж өгнө", "Ганц л удаа банкны гүйлгээ хийгээд үл таних баян хүний хөрөнгийг өвлөнө" гэх зэрэг санал ирж байсан уу? Хэрэв тийм бол Та аль хэдийн нэгэн төрлийн луйврын бай болжээ.


Ийм төрлийн залилан зөвхөн гаднын улс оронд тохиолддог зүйл гэж бодож байвал эндүүрэл юм. "Ятгах тусам нягтал!" уриа дор Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын Банкны Холбоо зэрэг байгууллага санхүүгийн болон бусад төрлийн залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийг сэрэмжлүүлэх аян өрнүүлсээр.


Гэсэн хэдий ч ийм төрлийн гэмт хэрэг нэмэгдсээр буйг статистик тоо баримт харуулж байна. Үндэсний статистикийн хороо болон Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 2003 онд 713 гарсан бол 2024 онд 15’889 болж, нийт бүртгэгдсэн гэмт хэрэгт 3.6 хувь эзэлж байгаад 35.6 хувийг эзлэх болсон буюу гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг болжээ. 21 жилийн хугацаанд 22.3 дахин нэмэгдсэн байна. Ийм төрлийн гэмт хэргийн 80 гаран хувь нь Улаанбаатар хотод гардаг байна (ҮСХ).

Залилах гэмт хэрэг
Залилах гэмт хэрэг

Залилах гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан хохирлын хэмжээ 2022 онд 229.2 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 306.2 тэрбум төгрөгт хүрч өссөн нь энэ төрлийн гэмт хэрэг хэр хурдацтай нэмэгдэж буйг илтгэнэ (ЦЕГ). Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 77.2 хувийг нөхөн төлүүлсэн бол залилах гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлын 41.7 хувийг л нөхөн төлүүлж чадсан харамсалтай мэдээ байна (ҮСХ).


Нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2023 оны байдлаар 449.2 тэрбум төгрөгийн (2024: 697.1 тэрбум төгрөг) 306.2 тэрбум төгрөг буюу 68.2 хувь нь залилах гэмт хэрэгт хамааралтай байна. Залилах гэмт хэргийн нэг тохиолдлоос дунджаар 23.6 сая төгрөгийн хохирол учирчээ.


Бодит амьдрал дээр болсон үйл явдлаас сэдэвлэсэн санхүүгийн болон бусад залилангийн тухай олон кино бүтээгдсэн байдаг. Тиймээс, Хуульч Шувуухай энэхүү нийтлэлээрээ хамгийн түгээмэл санхүүгийн залилан, тэдгээрийн ажиллах механизм, бодит жишээ дээр тулгуурласан уран сайхны болон баримтад кинонуудыг танилцуулж байна. Эцэст нь залилах гэмт хэргийг эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулдаг талаар ойлголтыг өгнө.


Понзи схем

Понзи схем нь залилангийн нэг хэлбэр бөгөөд эхэлж хөрөнгө оруулсан хүмүүст дараагийн хүний оруулсан хөрөнгө оруулалтаар, мөнгийг нь өсгөн өгсөөр хязгааргүй үргэлжлэх боломжтой ч, хөрөнгө оруулалт тасрах үед илчлэгдэж нуран унадаг (Bhattacharya).


Понзи схемийг 1920 онд Чарльз Понзи хэрэглэсэн бөгөөд хожим нь Бернард Мейдофф дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын залилан үйлдсэнээр энэхүү схемийг улам алдартай болгосон билээ.


Санхүүгийн пирамидын эцэг Чарльз Понзи

Карло Пьетро Жованни Гуглильмо Тито Понзи 1882 онд Италийн Парма хотод төрсөн ба 1903 онд АНУ-д цагаачлан иржээ. Тэрээр АНУ руу нүүж ирснийхээ дараа өөрийн нэрээ Чарльз Понзи болгон өөрчилж, амьдралаа шинээр эхлүүлсэн байдаг. 14-н жилийн хугацаанд аяга таваг угаагч, банкны теллер зэрэг олон төрлийн жижиг сажиг ажил хийж, энэ хугацаанд луйвар хүртэл хийж шоронд хоригджээ. Эцэст нь 1917 онд Бостон хотод суурьшиж гадаад шууданд хариу бичиж шивдэг ажил хийсэн (Hamilton & Francis).


Түүнд шуудангийн купоны үнэ болон валютын ханшийн зөрүүгээс ашиг олох санаа төрсөн ч шилжүүлгийн шимтгэл зэргээс болоод төсөөлсөн ашгаа олж чадахааргүй байв (Galbraith). Гэсэн хэдий ч 1919 оны 12 дугаар сард өөрийн Үнэт цаасны арилжааны компанийг байгуулж хөрөнгө оруулагчдад 90 хоногт 50 хувийн хүү өгөхөөр амласан. Эхний хөрөнгө оруулагчдад үндсэн мөнгө болон хүүг төлж байсан тул хөрөнгө оруулах сонирхолтой олон хүний итгэлийг олж, тэд ч Понзигийн 10-50’000 ам.долларын нэрлэсэн үнэтэй өрийн бичгийг олноор авч эхэлсэн байна. Ийнхүү хэдхэн сарын дотор олон сая долларын хөрөнгө босгосон ч, хөрөнгө оруулалтын өгөөжийг дараа нь ирсэн хөрөнгө оруулагчдын мөнгөөр төлж байжээ. Энэ нь"Петрын мөнгийг Паулд өгөх"[1] нэртэй ижил төрлийн санхүүгийн залилан буюу пирамид схем байв.


Үлдсэн их хэмжээний мөнгийг банкны дансанд байршуулж, буцааж татна хэмээн сүрдүүлж банкны хувьцаа худалдан авсан. Гэвч түүний луйврын мөнгөөр хийсэн бодит хөрөнгө оруулалтын ихэнх нь өгөөж өгөөгүй юм.


1920 он гэхэд буюу хэдхэн жилийн дотор Америкт 2 доллар 50 центтэй ирсэн Итали цагаач Понзи Бостоны хамгийн баян хүн болсон. Тэрээр үнэтэй хувцас өмсөж, эхнэртэй үнэт эдлэл ихээр бэлэглэж, 20-н өрөөтэй харш худалдан авч тансаг амьдарч эхэлжээ. Хэдийгээр нэг ч хөрөнгө оруулагчаас гомдол гаргаагүй, бүх өрийн бичгийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан ч түүний хэт тансаглал хууль сахиулагчдын анхаарлыг татсан байдаг. 1920 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Бостон Пост сонинд түүний схем нь хууль ёсны эсэх талаар тодруулсан нийтлэл гарснаар тухайн өдрөө л татварын газраас түүний санхүү бүртгэлд аудит хийхээс нааш шинэ хөрөнгө оруулалт татахыг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Хэдхэн цагийн дотор л хөрөнгө оруулагчид мөнгөө эргүүлэн авахыг шаардаж Понзигийн Үнэт цаасны арилжааны компанийн үүдэнд урт дараалал үүсгэв. Понзи өөрийн байгууллага нь найдвартай хэмээн итгүүлэн эхний өдөрт мянган хүний мөнгийг буцаан олгосон ч түүний схем 1920 оны 8 дугаар сарын 20 хүртэл ажиллаж, аудиторууд, банкууд болон хэвлэл мэдээлэл түүний дампуурсныг зарласан байдаг. Понзи хувьцаа болон хадгаламж эзэмшигчдэд тэнцүү хэмжээний ашиг олгох банк байгуулахаар төлөвлөж байсан. Мөн өөрийн нэрээр дэлхий даяар хөрөнгө оруулах компани нээхийг санаархаж байв. Гэхдээ эцэстээ схем нь нуран унаж, компани нь дампуурч, шүүхээс 5 жилийн ял өгч түүнийг шоронд хорьсон юм.


Тэрээр 40’000 хүнээс 15 сая ам.доллар (өнөөдрийн ханшаар 140 сая ам.доллар) авсан байсан ба түүний өөрийн хөрөнгө 1’593’834.12 ам.доллар, 45 ам.долларын хувьцааны ашиг байсан юм. Хөрөнгө оруулагчид оруулсан мөнгөнийхөө 37 хувийг л эргүүлж авч чадсан байдаг. Аудитын шалгалтаар түүний бүртгэлд 180 сая шуудангийн купон авсан гэх боловч бодитоор хоёрыг л худалдан авсан байжээ.


Понзи ялаа эдэлж шоронгоос суллагдсаныхаа дараа дахин санхүүгийн пирамид үүсгэн акр газрыг 16 ам.доллароор худалдан авч 23 хэсэгт хуваан хэсэг бүрийг 10 ам.доллароор зарах луйвар эхлүүлэн, анхны 10 ам.долларын хөрөнгө оруулалт 2 жилийн дотор 5.2 сая ам.доллар болно хэмээн итгүүлж байсан боловч ихэнх газар үерт автсаны улмаас үнэгүйдэж түүний санаа бүтэлгүйтсэн байдаг. Тэрээр залилан хийсний төлөө Флорида мужийн шоронд дахин 1 жилийн ял авсан байна. Түүнийг 1934 оны 10 дугаар сарын 07-нд эх нутаг руу нь албадан буцаасан. Төрсөн нутагтаа эргэн ирсэн Понзи хэсэг хугацаанд англи хэлний орчуулагч хийж байгаад Бразилын Рио Де Жанеро хотод нисэхийн төлөөлөгчөөр ажилласан ба 1949 оны 1 дүгээр сард бие нь муудан тэндхийн эмнэлэгт нас баржээ. Нас барсны дараа "Ноён Понзигийн уналт" нэртэй түүний бичиж дуусгаагүй ном л үлдсэн байна.


Тодруулж хэдэн зүйл нэмбэл, понзи схем нь 100 жилийн өмнө огт байгаагүй шинэ зүйл биш байжээ. Харин Понзигийн луйвар ил болсны дараагаар ийм төрлийн санхүүгийн залиланг түүний нэрээр понзи схем хэмээн нэрлэх болжээ. Түүнчлэн луйвар хийсэн хүн тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдсан даруйд л мөнгийг цүнхлээд зугтдаг байтал Понзи өөрийн худал хуурмаг ертөнцдөө бүрэн автсан, түүнээсээ ч гарья гэсэн бодолгүйгээр санхүүгийн залиланд буруутгагдан шоронд орох хүртлээ "Амар мөнгө, сайхан амьдрал" хүмүүст амласаар байсан нь хачирхалтай.


Понзигийн амьдрал болон санхүүгийн залилангийн тухай олон удаа дурдагддаг ч, понзи схемийн тухай ихэнх кино нь орчин үеийн луйварчид болон санхүүгийн гэмт хэргийн талаар байдаг. Харин нэгэн цагт санхүүгийн ертөнцөд суут ухаанаараа гайхагдаж байсан, понзи схемийг бүтээсэн алдар цуутай Чарльз Понзигийн амьдралыг бүхэлд нь харуулсан кино цөөхөн ажээ.


Понзи болон түүний алдартай луйврын тухай өгүүлсэн "Charles Ponzi The Documentary" (2019), "The Ponzi Scheme" (2014) телевизийн болон баримтат киног дурдаж болно.


"Charles Ponzi The Documentary" (2019)

Патрик Бойлын найруулсан энэхүү баримтат кинонд Понзигийн Италид амьдарч байсан өдрүүдээс нь эхлээд АНУ-д шуугиан тарьсан санхүүгийн схемийг зохиож, хэрэгжүүлэх хүртэлх амьдралыг цогцоор нь харуулсан болно. Алдартай луйврыг хэрхэн зохион байгуулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.


"The Ponzi Scheme" (2014)

Данте Дезартийн найруулсан Францын "Le système de Ponzi" инээдмийн, драм кинонд Понзи 1903 онд Бостон руу нүүж ирэн, түүнийг алдар нэрд хүргэсэн залилан мэхэлсэн үйлдлүүдийг дүрсэлжээ.

Түүхэн дэх хамгийн том залилагч Бернард Мейдофф

2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Бернард Мейдоффийг дэлхийн түүхэнд байсан хамгийн том хөрөнгө оруулалтын гэмт хэрэг үйлдсэний төлөө баривчилсан. Түүнийг өөрийнх нь хөвгүүд "Мейдоффийн хөрөнгийн удирдлагын бизнес нь хууль бус, томоохон заль мэхэд зориулагдсан цаасан дээрх хоосон компани" хэмээн мэдэгдэж барьж өгчээ. Мейдоффийн үйлдсэн залилангийн бодит үнийн дүн тодорхойгүй ч, үйлчлүүлэгчдийн данснаас алга болсон мөнгө, мөн амласан хиймэл ашгийг 65 тэрбум ам.доллар гэж ойролцоо дүнгээр тооцоолжээ (Thielman).


Бернард Мейдофф нь Нью Йорк хотын Квинз дүүрэгт төрж Ховстра Коллежийг 1960 онд дүүргэсэн. Сургуулиа төгссөний дараагаар өөрийн Мейдофф хувьцааны хөрөнгө оруулалтын компани байгуулсан ба компани нь 2008 онд түүнийг баривчлагдах хүртэл оршин тогтносон байна. Тэрээр Америкийн үнэт цаасны арилжааны томоохон фонд болох NASDAQ–ийн үүсгэн байгуулагчдын нэг, Үнэт цаасны дилерүүдийн үндэсний холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүн, Уолл Стритийн нэр хүндтэй итгэл хүлээсэн эрхэм байв.


Мейдофф Split-strike conversion strategy ашиглан хөрөнгө оруулалт хийснээр өндөр хүү төлж чадаж байгаа хэмээн тайлбарлаж хөрөнгө оруулагчдад байнгын өндөр хүү төлж байсан (Gregoriou & Lhabitant). Хэдийгээр түүний стратеги нь сайтар боловсруулсан өөгүй мэт санагдаж болох ч өөрийнх нь босгосон понзи схемд хөрөнгө оруулалт татах урхи төдий байжээ.


Түүний хохирогчдын дотор энгийн ажилтнаас эхлээд баян чинээлэг, алдартай хүмүүс байснаас жүжигчин Кевин Бейкон, найруулагч Стивен Спилберг болон бусад Холивуудын алдартан багтаж байсан. Югославын хунтайж Михаил Европ даяар аялж Мейдоффт зориулж мөнгө босгосон байхад, сурвалжит гаралтай гэр бүлүүд, тэр дундаа Лондонгийн Лордуудын танхмынхан хүртэл хохирогчдын тоонд багтсан байна. Мейдофф еврейчүүдийн нийгэмлэгтэй холбоотой байсан учраас еврейн хүмүүнлэгийн тусламжийн сангууд их хэмжээний мөнгө энэхүү залиланд алдсан (Hart & Strober).


Тэрээр олон жилийн турш сайтар далдалсан, амжилттай ажиллаж байгаа мэт харагдах хөрөнгө оруулалтын сан эрхэлж байсан ба учруулсан хохирлын хэмжээгээрээ санхүүгийн түүхэн дэх хамгийн том понзи схем болон тэмдэглэгдэн үлджээ.


The Wizard of Lies (2017)

Бернард Мейдоффийн хэргийн талаар Роберт Де Ниро гол дүрийг бүтээсэн The Wizard of Lies уран сайхны кинонд гарна.

Понзи ба Пирамид схемийн ялгаа

Понзи схем ба пирамид схем хоёулаа шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр өмнөх оролцогчдод мөнгө төлдөг санхүүгийн луйврын хэлбэрүүд юм. Гэвч эдгээр хоёр схем нь бүтэц, үйл ажиллагааны хувьд тодорхой ялгаатай.


Понзи схем нь нэг хүнээс (оператор, зохион байгуулагч) бүрэн хамааралтай, тэр нь ихэвчлэн харизмтай, бусдын итгэлийг олж авахдаа гаргуун, ятган үнэмшүүлэх чадвартай нэгэн байна. Оператор бага эрсдэлтэй, эсвэл эрсдэлгүй хэмээн өндөр өгөөж, ашиг амлаж хөрөнгө оруулагчдаас мөнгө цуглуулна. Бизнесийн хууль ёсны үйл ажиллагаагаар ашиг олохын оронд шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгийг ашиглан өмнөх хөрөнгө оруулагчдад хүү, өгөөж хэлбэрээр төлдөг.


Харин пирамид схем нь дан мөнгөөр хийдэг, зарим тохиолдолд нүцгэн пирамид ч гэж нэрлэгддэг нэг төрөл, нөгөө нь бараа бүтээгдэхүүн дагалддаг хоёр төрөл байна. Аль аль нь их энгийн, жишээ татвал, эхний хүн буюу пирамидыг үндэслэгч доороо 10 хүнийг гишүүнээр элсүүлж тодорхой хэмжээтэй мөнгөн дүнг хөрөнгө оруулахыг хүснэ. Тэдний оруулсан хөрөнгө оруулалтаас тус бүрээс шимтгэл, хураамж, урамшуулал гэх мэтээр нэрлэж өөртөө авна. Бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнийг тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй байх жишээний. Элссэн 10 гишүүн тус бүрдээ доороо 10 хүн элсүүлж мөн л хөрөнгө оруулалт хийлгэж тус бүрээс шимтгэлийн тодорхой хувийг өөрсдөдөө авч, мөн үндэслэгчид өгнө. Энэ мэтчилэн гинжин хэлхээ үргэлжлэх боловч нэг цэгт хүрээд хүн бүр доороо 10 хүн элсүүлж чадахгүй байдалд хүрэх ба чухам тэр үед пирамидын оргилд байгаа хэсэг хожоотой, харин доор байгаа буюу сүлжээнд хожуу элссэн нь оруулсан мөнгөө алдаж, пирамид ч нурж унана. Товчхондоо пирамид схем нь зэрэгт дэвшүүлэх байдлаар өсөж хурдан томрох боловч тун удахгүй элсүүлэх ёстой хүний тоонд дэлхийн хүн ам бүгд нийлээд ч хүрэхгүй болно гэсэн үг.


Энэ хоёр схем нь оролцогчдыг хууран мэхэлж, эцсийн дүндээ хүмүүсийг санхүүгийн алдагдалд хүргэдэг тул ихэнх улс оронд хууль бус юм. Понзи болон пирамид схемийн ялгааг хүснэгтэд харуулав.

Гол шинж чанар

Понзи схем

Пирамид схем

Бүтэц

Төвлөрсөн (нэг зохион байгуулагч)

Төвлөрсөн бус (олон элсүүлэгчтэй)

Орлогын эх үүсвэр

Шинэ хөрөнгө оруулагчдын мөнгө

Шинэ гишүүдээс авах хураамж

Гишүүнчлэл

Байхгүй

Гишүүнчлэлтэй

Орших үндэс

Бодит бүтээгдэхүүн, бизнесийн үйл ажиллагаа байхгүй, зөвхөн хооронд нь гүйлгэх мөнгөний эргэлт дээр тулгуурлана.

Шинэ гишүүн тасралтгүй элсүүлж, тэднээс хураамж авах шаардлагатай.

Халхавч

Хохирогчид тодорхой хугацааны дараа өгөөж, ашиг хүртэх хууль ёсны хөрөнгө оруулалт хийж байна гэж итгэнэ.

Зарим пирамид схем нь хууль ёсны бизнес мэт харагдахын тулд хэт өндөр үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүнийг зарж борлуулж луйврыг өнгөлөн далдалдаг. Төлөөлөгчид нь бүтээгдэхүүн борлуулж, гишүүн элсүүлэх ажил хийснийхээ төлөө цалин, эсвэл ашиг олж байна гэж итгэнэ.

Нуран унах шалтгаан

Шинэ хөрөнгө оруулалт зогсоход нурдаг.

Шинээр гишүүн элсэхээ болих үед нурдаг.

Жишээ

Бернард Мейдоффын понзи схем.

Онгоцны тоглоом болон Fortune Hi-Tech Marketing.

Онгоцны тоглоом

Онгоцны тоглоом нь 1980-аад онд алдартай байсан, олон жилийн туршид янз бүрийн хэлбэрээр дахин гарч ирсэн пирамид схемийн төрөл юм. Энэ нь ажилтанд суурилсан сонгодог луйвар бөгөөд оролцогчид тоглоомд анх элсэхдээ төлбөр төлж орно. Харин дараагийн түвшинд хүрч ахихын тулд шинэ гишүүд элсүүлэх ба оргилд нь хүрвэл төлбөр авч тоглоомоос гарна.


Уг схем нь шаталсан янз бүрийн түвшин бүхий бүтэцтэй байна. Эхнийх нь төлбөрийг хүлээн авдаг дээд албан тушаалтай хүн буюу 1 нисгэгч, удаах нь дараагийн ээлжид нисгэгч болох 2 туслах нисгэгч, үүний араас ажилд авахад туслах зориулалттай багийн 4-н гишүүн байх ба эцэст нь тоглоомд элсэхийн тулд төлбөр төлдөг шинэ элсэгчид буюу 8-н зорчигч байна.


Зорчигч онгоцонд орохын тулд хэдэн мянган доллартой тэнцэх хэмжээний хураамж төлдөг. 8-н зорчигч бүрдсэний дараа нисгэгч шинэ элсэгчдээс цуглуулсан төлбөрийг бэлэн мөнгөөр авч тоглоомоос гарна. Үүний дараа онгоц хоёр шинэ бүлэгт хуваагдаж, туслах нисгэгчид нисгэгч болох, багийн гишүүд туслах нисгэгч болох гэх мэт үйл явц давтагдана.


Онгоцны тоглоом нь зөвхөн цөөн тооны эхэн үеийн оролцогчдод ашиг тусаа өгдөг, нэг ялагчийн төлбөрийн золиосонд олон хүн ялагдаж оруулсан мөнгөө алддаг тул пирамид схемийн нэгэн адил нэг төрлийн санхүүгийн залилан юм. Өөрөөр хэлбэл, шинэ элсэгчгүй болсны дараа схем задарч ихэнх оролцогчид санхүүгийн алдагдал хүлээдэг. Онгоцны тоглоом нь олон улс оронд санхүүгийн залиланд тооцогддог хууль бус юм.


Орчин үед олон нийтийн баялгийг хуваалцах хөтөлбөр хэлбэрээр танилцуулсан ерөөл өргөх, мөнгөний тойрог, бэлэн мөнгө бэлэглэх схем; ижил бүтэцтэй боловч сэтгэлийн бэлэг хэмээн зарагддаг цэцэг, мандала схем; бэлэн мөнгөний оронд криптовалют ашигладаг "Bitcoin Airplane Schemes" зэрэг олон хувилбар гарсан байдаг.


Онгоцны тоглоом пирамид схем нь хууран мэхлэх аргаар мөнгө босгох луйвар ба сэдэвтэй нийцэлтэй хэд хэдэн кино байна. Тухайлбал, "Money Game" (2020), "Boiler Room" (2000), "Glengarry Glen Ross" (1992) зэрэг киног дурдаж болно.


"Money Game" (2020, Солонгосын цуврал)

Бодит үйл явдлаас сэдэвлэсэн "Money Game" Солонгосын цуврал нь санхүүгийн пирамид, хөрөнгө оруулалтын луйвар, зах зээлийн тоглоомын талаар өгүүлдэг. Өрсөлдөөнт санхүүгийн орчин, хөрөнгө оруулалтын хууран мэхлэлтийг тод томруун харуулна.

"Boiler Room" (2000, Уран сайхны кино)

Хууль бус аргаар их хэмжээний мөнгө босгох, шинэ гишүүд элсүүлж ашиг олох зарчимтай пирамид схемтэй төстэй үнэт цаасны луйвар, өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтын схемийг харуулна.

"Glengarry Glen Ross" (1992, Уран сайхны кино)

Борлуулалтын өндөр дарамттай орчинд ажилладаг хүмүүсийн тухай өгүүлдэг. Хэдийгээр шууд Онгоцны тоглоом биш ч пирамид схемтэй төстэй өндөр эрсдэлтэй борлуулалтын стратеги, хууран мэхлэлтийн тактикууд гарна.

Fortune Hi-Tech Marketing

"Fortune Hi-Tech Marketing" (FHTM) компанийг Пол Орберсон 2001 онд үүсгэн байгуулсан ба тэрээр бүтээгдэхүүн зарах бизнест борлуулагч элсүүлж байжээ. Төлөөлөгчид гэж нэрлэдэг оролцогчид нь элсэхийн тулд төлбөр төлөх ба бүтээгдэхүүн зарж борлуулахаас илүүтэйгээр бусдыг элсүүлбэл шимтгэл хүртэнэ. Хэдий чинээ олон хүн ажилд авна, төдий чинээ өндөр орлоготой болно.


FHTM нь төлөөлөгчдөө схемд хамрагдахын тулд эрүүл мэнд, гоо сайхан, харилцаа холбооны чанар муутайн дээр өрсөлдөөнт зах зээл дээр борлуулагдахгүй, хэт өндөр үнэтэй олон тооны бүтээгдэхүүний түгээлт хийлгэнэ.


2013 онд Холбооны Худалдааны Комисс болон хууль сахиулах байгууллагууд FHTM нь бодит бүтээгдэхүүний борлуулалтаас бус, харин элсэлтийн хураамжаас орлогын дийлэнх хэсгээ бүрдүүлдэг, тэр нь хууль ёсны бизнес биш, пирамид тогтолцооны гол шинжийг агуулсан хууран мэхлэх схем байгааг олж илрүүлж хаасан байдаг.


Зөвхөн пирамидын оройд байсан цөөн тооны анхны оролцогчид мөнгө олж, санхүүгийн эрх чөлөөг амласан хий хоосон амлалтад итгэсэн төлөөлөгчдийн 99 хувь нь ашиг олохын оронд хураамжид мөнгөө алдсан байдаг. Компанийг үүсгэн байгуулагч Пол Орберсон буруутай үйлдлээ няцааж байсан ч, эцэстээ тохиролцоонд хүрч компанийг хохирогчдод 169 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг албадсан байна.


FHTM компанитай ижил төстэй бизнесийн загвар нь далд олон шатлалт маркетингийн пирамид схемийн цуутай тохиолдлуудын нэг юм.


Хэрэв та FHTM болон төстэй пирамид схемийн талаар гүнзгийрүүлэн судлахыг хүсвэл "Betting on Zero" (2016) баримтат кино болон "On Becoming a God in Central Florida" (2019), "LulaRich" (2021) цувралыг үзэхийг зөвлөж байна.


"Betting on Zero" (2016, Баримтат кино)

FHTM-тэй төстэй луйврын схемийг харуулах "Betting on Zero" баримтат кино нь пирамид схемийн нэгэн алдартай жишээ болох Herbalife компанийн талаар өгүүлдэг. Кинонд Брокер Билл Акманы удирдсан мөрдлөг болон пирамид схемийн золиос болсон хүмүүсийн талаар гарна.

"On Becoming a God in Central Florida" (2019, Цуврал)

Кирстен Данст гол дүрийг бүтээсэн "On Becoming a God in Central Florida" бараан гэхдээ хошин инээдмийн цуврал нь олон шатлалт маркетингийн луйврын схемд татагдан орсон нэгэн эмэгтэйн талаар өгүүлдэг. Хэдийгээр FHTM-ийг үзүүлэхгүй ч пирамид схемийн золиос болсон хүмүүсийн амьдрал хэрхэн сүйрдэг талаар харуулна.

"LulaRich" (2021, Amazon Prime-ийн баримтат цуврал)

"LulaRich" нь олон шатлалт маркетингийн схемийн талаар өгүүлсэн баримтат цуврал юм. Мөн л FHTM шиг олон шатлалт маркетингийн схем хэрхэн санхүүгийн луйвар болж хувирдаг талаар харуулна.

Орчин үеийн пирамид "OneCoin"

Ружа Игнатова бол "OneCoin" хэмээх криптовалютын пирамид схемийг үүсгэн байгуулсан эмэгтэй бөгөөд түүний үйл ажиллагаа дэлхий даяар олны анхаарлыг татаж, олон хүмүүсийг залилан мэхэлсэн. Тэрээр 2014 оноос эхлэн криптовалютын хөрөнгө оруулалт гэх нэрийн дор хуурамч санхүүгийн бүтээгдэхүүн санал болгож, ердөө л виртуал хөрөнгийг харуулсан ийм схемээр олон хүний хөрөнгийг залилжээ.


"OneCoin" нь криптовалютын төслөө зах зээлд танилцуулсан хэдий ч үнэн хэрэгтээ түүний ард ямар ч бодит криптовалютын технологи байсангүй. Түүний санхүүгийн загвар нь пирамид схемд тулгуурласан бөгөөд хамгийн эхэнд хөрөнгө оруулсан хүмүүс өндөр өгөөж авч, дараагийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахын тулд тэдний мөнгийг ашиглаж байжээ. Энэ схем нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдөлд оруулсан ба 2014-2016 оны хооронд олон улсын хэмжээнд залилангийн нийт хэмжээ 4 тэрбум ам.доллартой тэнцжээ.


Ружа Игнатова нь үндсэндээ энэ схемийг олон улсад тараах ажлыг эхлүүлсэн бөгөөд өөрийн амжилттай танилцуулга, сурталчилгаа, хуурамч баталгаа өгч, олсон орлогоо өсгөж байлаа. Тэрээр дэлхий даяар нэгэн томоохон форум, арга хэмжээнд оролцож, "OneCoin"-ыг амжилттай криптовалют гэж сурталчилж байсан. Үүний улмаас олон хүн оруулсан мөнгөө алдаж, санхүүгийн томоохон хохирол амсжээ. Түүний нэр холбогдсон "OneCoin" пирамид схем нь криптовалютын салбарт нэгэн том хар толбо үлдээсэн юм.


Ружа Игнатоваг хуурамч криптовалютын схемийг удирдаж, хүмүүсийн мөнгийг хууран мэхэлж хулгайлсан хүнд гэмт хэргийнхээ хариуцлага хүлээх ёстой гэж үздэг боловч тэрээр 2017 онд ор сураггүй алга болсон. Олдохгүй байгаа шалтгаан нь Ружа Игнатова гоо сайхны хагалгаа хийлгэж зүсээ хувирган нуугдсан гэх хувилбар байдаг. Түүнийг өнөөг хүртэл хайж байгаа.


"OneCoin" криптовалютын пирамид схемийг өгүүлсэн албан ёсны кино хараахан гараагүй байгаа ч энэ хэрэгтэй холбоотой баримтат кино, цуврал болон уран сайхны кино бүтээгдэж байна.


"Crypto Queen" (Удахгүй гарах кино)

"The Missing Cryptoqueen" гэх алдарт подкастаас сэдэвлэгдсэн "OneCoin"-ийн үүсгэн байгуулагч Ружа Игнатовагийн тухай өгүүлэх "Crypto Queen" уран сайхны киног BBC студи бүтээж байгаа.


"The Missing Cryptoqueen" (2022, Баримтат цуврал)

BBC Sounds-ийн алдарт подкаст дээр үндэслэсэн "The Missing Cryptoqueen" баримтат цуврал нь Ружа Игнатовагийн залилан, түүний ор сураггүй алга болсон талаар өгүүлнэ.

"Fakefluencer" (2023, Баримтат кино)

Сошиал медиа болон криптовалютын залилангийн талаар өгүүлдэг "Fakefluencer" баримтат кино нь "OneCoin"-ийг дурдаж, пирамид схем хэрхэн ажилладгийг харуулдаг.

"Bitconned" (2024, Netflix Баримтат кино)

"Bitconned" баримтат кино нь "OneCoin"-той шууд холбоотой биш ч гэлээ криптовалютын залилан, хөрөнгө оруулагчдыг хуурч мэхлэх арга барилыг харуулдаг.

"OneCoin"-ийн талаар гүнзгийрүүлэн судлахыг хүсвэл "The Missing Cryptoqueen" подкастыг сонсохыг зөвлөж байна.

Хөрөнгө оруулалтын түгээмэл бусад луйвар

Телемаркетинг залилан

Залилан хийж буй хүн утас, мессеж, цахим шуудан ашиглан хохирогчтойгоо холбоо тогтоон, өөрийн санал болгож буй зүйлийг цорын ганц, дахин давтагдахгүй, богино хугацаанд хүчинтэй, эсвэл үнэгүй бэлэг, аяллаар явах эрх, амралт хожсон, онцгой хөрөнгө оруулалтын боломж гэж итгүүлнэ. Ингэснээр хохирогч танихгүй хүнд мөнгө шилжүүлэх буюу өөрийн банкны дансны талаарх мэдээллийг өгч залиланд өртдөг байна. Ийм төрлийн залилангийн гол төлөөлөл нь хуурамч хөрөнгө оруулалтын саналыг цахим шуудангаар илгээдэг "Нигерийн захидал" юм.


Нигерийн захидал буюу мөнгөний залилан

Хохирогч их хэмжээний мөнгөн гүйлгээг нэг улсаас нөгөө улс руу хийхэд туслалцаа үзүүлэх тохиолдолд төлбөр урамшуулал өгнө гэсэн утгатай захидал, электрон шуудан хүлээн авна. Захидалд гүйлгээг хийхэд шаардлагатай хуульчийн төлбөр, татвар эсвэл холбогдох этгээдүүдийг хахуульдахад зориулж урьдчилсан төлбөр төлөхийг, эсвэл хуурамч, хүчингүй банкны чекийг илгээж бэлэн мөнгө болгон олон улсын мөнгөн гуйвуулгаар буцаахыг хүсдэг. Хохирогчид хууль бус замаар олж авсан бэлэн мөнгөний чекийг солиход гэмт хэргийн хэрэгсэл болж ашиглагдах, мөн өөрийн мөнгийг урьдчилсан төлбөрт илгээж хохирдог байна.


Телемаркетинг залилан, ялангуяа Нигерийн захидал буюу мөнгөний залилан (419 scam) нь уран сайхны болон баримтат олон кино, бүтээлд тусгагджээ. Нигерийн захидлын тухай шууд хамааралтай кино хайж байвал "419" (2012), "Sakawa" (2018), "Inside Nigeria's Hustle Kingdoms" (2021) зэрэг баримтат болон уран сайхны киног үзэхийг зөвлөж байна. Харин залилангийн ерөнхий сэдэвтэй кино сонирхож байвал "The Spanish Prisoner" (1997) киног үзэж болно.


"419" (2012, Уран сайхны кино)

"419" уран сайхны кинонд Нигерийн захидал залилангийн талаар өгүүлдэг. АНУ-ын нэгэн эр нууцлаг цахим шуудан хүлээн авч, их хэмжээний мөнгөний наймаанд татагдан, Нигери рүү аялж байгаагаар үйл явдал өрнөнө. 419 залилангийн механизмд хохирогч хэрхэн татагдан ордог тухай бодитой дүрслэлтэй.

"Sakawa" (2018, Баримтат кино)

"Sakawa" баримтат кинонд Баруун Африкт үйлдэгддэг цахим залилан, хуурамч хөрөнгө оруулалтын схем, мөнгө угаах ажиллагааны тухай өгүүлнэ. Нигерийн залилангийн сүлжээнд татагдсан залуусын амьдрал, залилангийн арга барилыг харуулдаг. 419 scam буюу Нигерийн залилангийн талаар сонирхолтой баримтууд гарна.

"Inside Nigeria's Hustle Kingdoms" (2021, Баримтат кино, BBC)

"Inside Nigeria's Hustle Kingdoms" нь Нигери дэх цахим залилан, 419 залилангийн сүлжээ хэрхэн ажилладаг, "Yahoo Boys" гэж нэрлэгддэг залилан үйлдэгчид хэрхэн хохирогчдыг хуурдаг талаар гүнзгий судалсан баримтат цувралын нэг анги юм.

"The Spanish Prisoner" (1997, Уран сайхны кино)

Хуучны гэж болох "Spanish Prisoner" сэтгэл зүйн триллер кинонд Нигерийн захидал луйврын суурь загвар болсон залилангийн схемийн тухай өгүүлнэ. Гол дүрийн бизнесмен залуу нууц төслийнхөө төлөө буруу хүнээс тусламж хүсэж, их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээнд орох гэж байгаад залилуулдаг үйл явдал гарна.

Нэр хулгайлах залилан

Хувь хүний мэдээллийг хулгайлан түүний нэрийг зээл, бараа үйлчилгээ худалдан авах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглана. Голдуу цахим халдлага, нууц үг хулгайлах зэргээр залилан үйлддэг ба хохирогчийн дансны хуулга, зээлийн карт, жолооны үнэмлэх зэргээс хувийн мэдээллийг хогийн савнаас ч хамаагүй олж аван ашигладаг.


"Catch Me If You Can" (2002) болон "Identity Thief" (2013) уран сайхны кино үзэхийг санал болгож байна. Энэ хоёр кинонд хувийн мэдээлэл, нэр хулгайлах талаар гарах ба дүр эсгэхээс эхлээд хохирогчид үзүүлэх нөлөө хүртэл гэмт хэргийн олон талыг харуулдаг.


"Catch Me If You Can" (2002, Уран сайхны кино)

Хувийн мэдээллийг хулгайлдаг киноны хувьд Стивен Спилбергийн найруулсан, жүжигчин Леонардо Ди Каприо, Том Хэнкс нар тоглосон "Catch Me If You Can" киног санал болгож байна. Америкийн түүхэн дэх хамгийн ухаалаг залилагчийн бодит түүх! Энэ киног нисгэгч, эмч, хуульч гэх мэт янз бүрийн мэргэжлийн хүний дүрийг бүтээж, хувийн мэдээллийг хулгайлж, залилан мэхлэх гэмт хэргийг амжилттай үйлдэж буй хэтэвчээ түнтийлгэдэг Фрэнк Абагнейл хэмээх залуугийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Миний хувьд киноны хамгийн хөгжилтэй хэсэг нь Фрэнк Абагнейл биеэ үнэлэгч авахдаа төлбөрт нь хуурамч чек өгч хариултад бэлэн мөнгө авч буй үзэгдэл юм.


Хэдийгээр орчин үеийн цахим үнэмлэхийн хулгайн тухай биш ч гэсэн хэн нэгний хувийн мэдээллийг бусдыг хууран мэхлэх зорилгоор ашиглахын мөн чанарыг сэтгэл хөдөлгөм, зугаатай байдлаар харуулдаг.

"Identity Thief" (2013, Уран сайхны кино)

Жейсон Бэйтман, Мелисса МакКарти нарын тоглосон "Identity Thief" инээдмийн, адал явдалт кино нь уйдах сэдэл өгөхгүй. Кинонд хүний нэрийг ашиглан луйвар хийж тансаг амьдралаар амьдардаг нэгэн эмэгтэй гарах ба хохирогч залуугийн нэрээ цэвэрлэхийн тулд залилан үйлдэгчийг олох оролдлого нь хөгжилтэйгөөр өрнөнө. Хүний нэрийг хулгайлж удаа дараагийн залилан хийсэн эмэгтэй баригдсан боловч ер гэмшихгүй, үргэлжлүүлэн элдвийг сэдэж киноны үйл явдлыг улам бүр ээдрээтэй, сонирхолтой болгоно. Хөнгөн хөгжилтэй байдлаар зээлийн картын залилангийн хор уршгийг харуулдаг.

Цахим залилан

Орчин үед интернэт, технологи хөгжихийн хажуугаар цахим гэмт хэрэг их болжээ. Онлайн худалдаа, криптовалют, хөрөнгө оруулалтын платформуудын хуурамч санал, сошиал медиа дээрх, тухайлбал хуурамч гоо сайхны барааг залуужуулах увдистай хэмээн итгүүлэх, эсвэл тураах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг ид шидийн үр дүн өгнө, өвчнийг эдгээж анагаана хэмээн хуурамч зар сурталчилгаа явуулж хүмүүсийг залилдаг. Эмийн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, биологийн идэвхт хүнсний нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүн байх нь элбэг.


Урьдчилсан төлбөрийн залилан

Зээл, гэрээ, хөрөнгө оруулалт, бэлэг зэрэг бараа үйлчилгээг нэн таатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар төлбөрийг урьдчилан шилжүүлэх боловч төлбөр хийсэн даруйд төлбөр хүлээн авагчтай холбоо тасардаг байна.


Урьдчилгаа төлбөр төлүүлэн хүмүүсийг хуурч мэхлэх гэмт хэргийг бодит болон уран сайхны байдлаар харуулсан олон сонирхолтой кино байна.


"The Sting" (1973, Уран сайхны кино)

Пол Ньюман, Роберт Редфорд нарын тоглосон сонгодог залилагчдын тухай гарна. Хоёр залилагч гэмт хэргийн толгойлогчийг хэрхэн мэхэлж буй тухай өгүүлнэ. Тэд морин уралдааны бооцооны хуурамч схем ашиглаж хүмүүсийг их хэмжээний мөнгө хөрөнгө оруулахад хүргэдэг. "The Sting" кино нь Оскарын 7-н шагнал хүртсэн, шилдэг гэмт хэргийн драм юм.

"Dirty Rotten Scoundrels" (1988, Уран сайхны кино)

Майкл Кейн, Стив Мартин нарын тоглосон инээдмийн төрлийн кино ба хоёр залилан мэхлэгч хэрхэн баян эмэгтэйчүүдийг хуурч мөнгийг нь залилдаг тухай өгүүлнэ. Ингэхдээ тэд "Хөрөнгө оруулалт хийж, ашиг хүрт!" гэх мэт урьдчилгаа төлбөр авах аргуудыг ашиглана.

"I Care a Lot" (2020, Уран сайхны кино)

Розамунд Пайкийн тоглосон энэ кино нь ахмад настнуудаас өмч хөрөнгийг нь хууль ёсоор дээрэмддэг зальтай эмэгтэйн талаар өгүүлдэг. Настай хүмүүсийн хуурамч асран хамгаалагч болж тэднийг хуурч, өмч хөрөнгийг нь гаргуулан авдаг. Киног үзээд настай хүмүүсийг чин сэтгэлээсээ өрөвдөж, нэг л сонин мэдрэмж авсан билээ.

"Fyre: The Greatest Party That Never Happened" (2019, Баримтат кино)

2017 онд болсон алдарт Fyre Festival-ийн талаар Netflix-ийн баримтат кино. Огт болохгүй шоуг зарлаж, хүмүүсээс мянга, арван мянган доллар урьдчилж авна. Энэ кино бол жинхэнэ урьдчилгаа төлбөрийн залилангийн бодит жишээ юм!

Төлбөрийн картын залилан

Хохирогчийн кредит болон дебит картын мэдээллийг ашиглан бэлэн мөнгө авах эсвэл төлбөр хийх явдал.


Кредит картын залилан, санхүүгийн луйвар нь олон төрлийн аргаар явагддаг бөгөөд өөр өөр өнцгөөс харуулсан олон кино дурдаж болно. Гол нь киног үзэж, санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах ёстойг ойлгож аваарай!


"The Bling Ring" (2013, Уран сайхны кино)

Эмма Уотсон гол дүрд нь тоглосон, бодит явдлаас сэдэвлэсэн кино. Өсвөр насны залуус алдартнуудын гэрт нууцаар нэвтэрч, тэдний үнэт эдлэл, кредит картыг хулгайлж тансаг хэрэглээний төлбөрөө хийдэг. Кредит карт ашиглан хууль бус худалдан авалт хийж, эцэстээ баригдах тухай өгүүлнэ.

"Middle Men" (2009, Уран сайхны кино)

"Middle Men" нь интернэт дээрх санхүүгийн залилан хэрхэн явагддагийг харуулсан сонирхолтой кино юм. Хоёр бизнес эрхлэгч интернэтээр картын мэдээлэл хулгайлах замаар хууль бус аргаар ашиг олдог. Кредит картын мэдээллийг зальтай аргаар ашиглаж их хэмжээний мөнгө олохын зэрэгцээ гэмт хэрэгт орооцолддог.

"The Bank Job" (2008, Уран сайхны кино)

Жейсон Стэтхэм тоглосон, бодит явдлаас сэдэвлэсэн, банк дээрэмдэж, доторх кредит карт болон банкны дансны мэдээллийг хулгайлдаг бүлэг дээрэмчдийн тухай жинхэнэ банкны дээрэм, гэмт хэргийн тухай кино. Өөрсдийнх нь дээрэм ил болох үед хэрхэн амьд үлдэхийг оролддог талаар харуулна.

"American Hustle" (2013, Уран сайхны кино)

Кристиан Бэйл, Брэдли Купер, Женнифер Лоуренс, Эми Адамс нар тоглосон санхүүгийн залилангийн тухай кино. Хуурамч хөрөнгө оруулалт, банкны залилан хийдэг ухаалаг залилагчдын түүхийг өгүүлнэ. Кредит карт болон санхүүгийн бусад залилангийн олон аргын талаар мэдэж авна.

"Cyber Heist" (2023, Уран сайхны кино)

Интернэт банкны систем болон криптовалют ашиглан зээлийн карт, санхүүгийн залилан хийх оролдлогыг харуулсан адал явдалт орчин үеийн кино. Кредит карт болон онлайн санхүүгийн залилан хэрхэн хийгддэгийг үзүүлнэ.

Нөхөн олговрын залилан

Засгийн газар болон бусад байгууллагаас нөхөн олговор авахын тулд тодорхой санхүүгийн байгууллагад анкет бөглөж өгөх хэрэгтэй хэмээн ойлгуулж тухайн анкет зааврын төлбөр, анкетыг бөглөх сургалт нэрээр мөнгө авдаг байна. Зааврын дагуу бөглөж илгээсэн хэдий ч нөхөн олговор авсангүй хэмээн мэдэгдэхэд буруу бөглөсөн дахин сургалт, заавар авах шаардлагатай гэж нэмэлт төлбөр дахин шаарддаг.


Нөхөн олговор авах нэрийдлээр хийгддэг залилангийн янз бүрийн арга, үр дагаврыг харуулсан "The Informant!" (2009), "The Laundromat" (2019), "Erin Brockovich" (2000) зэрэг киног дурдаж болно.


"The Informant!" (2009, Уран сайхны кино)

Гол дүрд Мэт Дэймон тоглосон бодит явдлаас сэдэвлэсэн инээдмийн гэмт хэргийн тухай кино. Хүнсний компанийн дунд шатны менежер өөрийгөө Холбооны мөрдөх товчоонд тусалж байна гэж итгүүлж, улмаар компанийнх нь дотоод залилангийн хэргийг илчлэх нэрийдлээр өөрөө мөнгө залилан авдаг. Компани болон засгийн газар нөхөн олговор авах схемийг хэрхэн ашиглагддагийг харуулна.

"The Laundromat" (2019, Уран сайхны кино)

Мерил Стрип, Гари Олдман, Антонио Бандерас нар гол дүрд нь тоглосон, Панамын баримтуудын (Panama Papers) бодит үйл явдлаас сэдэвлэсэн кино. Хуурамч даатгалын схемд хохирсон эмэгтэй олон улсын нөхөн олговрын залилангийн сүлжээг илчлэхийг оролддог санхүүгийн залилангийн тухай Netflix-ийн кино.

"Erin Brockovich" (2000, Уран сайхны кино)

Жулиа Робертсийн тоглосон нөхөн олговрын төлөөх тэмцэл өрнүүлэх эмэгтэйн талаар өгүүлдэг кино. Нэгэн жижиг хотын оршин суугчид томоохон корпорацын эсрэг шүүхэд зарга мэдүүлж, нөхөн олговор авах гэж тэмцэнэ. Гол нь компаниуд нөхөн олговор өгөхөөс зайлсхийхийн тулд хууран мэхлэх тактикууд ашигладгийг харуулдаг.

"Pain & Gain" (2013, Уран сайхны кино)

Марк Уолберг, Дуэйн Жонсон нар гол дүрд тоглосон ба спорт заалны луйварчдын талаар өгүүлнэ. Бодибилдингийн клубийн гишүүд баян хүмүүст зориулсан бизнесийн схемд оролцон санхүүгийн залилан, нөхөн олговрын хуурамч шаардлагууд тавьдаг. Залилангийн схем хэрхэн ажилладгийг харуулна.

"American Made" (2017, Уран сайхны кино)

Том Круз хар тамхины наймаачдад тусалсан нисгэгч ба АНУ-ын засгийн газарт ажиллаж байгаа мэт дүр эсгэж, их хэмжээний мөнгө гаргуулж авдаг. Нөхөн олговор авахын тулд төрийн байгууллагыг хэрхэн мэхэлж болохыг харуулсан бодит түүх дээр үндэслэсэн сонирхолтой кино.

Аккредитивын залилан

Аккредитив нь олон улсын худалдаа хийхэд барааны төлбөрийг төлөхийг баталгаажуулдаг банкны бичиг баримт юм. Уг бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хохирогчид өндөр өгөөж хүртэж болно хэмээн итгүүлэн зарах үйлдэл нь аккредитивын залилан юм. Энэ төрлийн санхүүгийн гэмт хэрэг олон улсын худалдаа, банкны луйвартай холбоотой байдаг.


Кино үзэж луйврын санхүүгийн механизм, залилангийн аргуудыг ойлгож болно.


"Rogue Trader" (1998, Уран сайхны кино)

Эван МакГрегор биржийн наймаачин Ник Лисоны дүрийг бүтээсэн ба тэрээр банк, санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж их хэмжээний алдагдлыг нуун дарагдуулдаг. Олон улсын санхүүгийн системийн залилан банкийг дампууруулж болохыг харуулна.

"Gold" (2016, Уран сайхны кино)

Мэттью Макконахи танигдахын аргагүй болтлоо зүсээ өөрчилсөн байдалтай байх ба тэрээр хуурамч алтны уурхай бүхий хөрөнгө оруулалтын схем ажиллуулж, олон хүнийг хуурдаг. Олон улсын худалдаа, санхүүгийн баримтуудыг ашиглан залилан хийх арга барилыг харуулна.

Санхүүгийн хямрал ба залилан

2008 оны дэлхийн санхүүгийн хямрал нь банкуудын эрсдэлтэй зээл, хуурамч санхүүгийн бүтээгдэхүүн, зохицуулалтын сул байдлаас үүдэлтэй эдийн засгийн хамгийн том хямралын нэг байсан юм. Тухайн үед олон томоохон санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагчдаа хохироосон байдаг. Санхүүгийн хямрал нь банк, санхүүгийн байгууллагуудын буруутай үйлдэл, залилангийн схем, зохицуулалтын сул талын үр дүн байсан гэж дүгнэдэг.


Энэ үйл явдлыг бодитой дүрсэлсэн, санхүүгийн залилан, буруутай шийдвэрүүдийг онцолсон "The Big Short" (2015), "Margin Call" (2011), "Inside Job" (2010), "Enron: The Smartest Guys in the Room" (2005) зэрэг уран сайхны болон баримтат киног үзэхийг зөвлөж байна. Эдгээрээс гадна, "Too Big to Fail" (2011), "The Wolf of Wall Street" (2013), "99 Homes" (2014) киног үзэж болно. Эдгээр кинонд санхүүгийн хямралын ул үндэс, өрнөл, үр дагавар болон энгийн хүмүүс хэрхэн хохирсныг харуулдаг.


"The Big Short" (2015, Уран сайхны кино)

Кристиан Бэйл, Стив Карелл, Райан Гослинг, Брэд Питт нар тоглосон санхүүгийн системийн алдаа ашиглах хүмүүсийн талаар болон хямралын шалтгааныг тайлбарласан шилдэг бүтээл. 2008 оны санхүүгийн хямралын өмнө хөрөнгө оруулалтын банкны хуурамч санхүүгийн бүтээгдэхүүн, эрсдэлтэй зээлийн санхүүгийн зохиомол схемийг илчилж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөөсөрч байгаа гэдгийг олж мэдсэн хөрөнгө оруулагч, санхүүчид ойлгон хямралаас ашиг олохыг оролддог. Үзэгчдэд энгийн ойлгомжтой байдлаар банк, санхүүгийн баримтуудыг ашиглаж хэрхэн хүмүүсийг залилдаг, санхүүгийн хямралыг тайлбарласан шилдэг кино юм.

"Margin Call" (2011, Уран сайхны кино)

Гол дүрд Кевин Спейси, Пол Беттани, Жереми Айронс, Деми Мур нар тоглосон ба Уолл Стритийн томоохон банкны санхүүгийн шинжээчид хямрал эхлэхээс нэг хоногийн өмнө өөрсдийн хөрөнгийн багц хэтэрхий эрсдэлтэй болж байгааг олж мэднэ. Маш бодитой санхүүгийн драм ба хямрал эхлэхэд банкууд хэрхэн буруутай шийдвэрүүд гаргаж, өөрсдийгөө аврахын тулд хөрөнгө оруулагчдаа хохироосон талаар өгүүлдэг.

"Inside Job" (2010, Баримтат кино)

Чарльз Фергюсон найруулсан санхүүгийн луйврын баримтат кинонд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг үүсгэсэн банкуудын залилан, хуурамч санхүүгийн баримт бичгүүд хэрхэн олон улсад нөлөөлсөн талаар гарна. Аккредитив болон бусад санхүүгийн баталгааг ашиглаж залилан хэрхэн үйлддэг, хямралд улс төр, банкны луйвар, зохицуулалтын дутагдал зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн талаар тайлбарладаг. Маш сайн судалгаатай, баримт дээр тулгуурласан, бодит нөхцөл байдлыг илчилсэн бүтээл юм.

"Enron: The Smartest Guys in the Room" (2005, Баримтат кино)

Америкийн санхүүгийн түүхэн дэх хамгийн том корпорацын залилангийн нэг болох Enron корпорацын дампуурал болон түүний ард байсан луйврын схемийг задлан шинжилсэн баримтат кино юм. Enron корпорац нь "Mark-to-Market Accounting" буюу төсөөллийн ашиг тооцох систем ашиглан зах зээлд хуурамч итгэл төрүүлсэн орлогын тайлан гаргаж, ашгаа зохиомлоор өсгөсөн байдаг. Үүгээр ч зогсоогүй, санхүүгийн залилан, дотоод мэдээллээр арилжаа хийх (insider trading) зэргийг зохион байгуулсан. Enron корпорац 2001 онд дампуурч, олон хөрөнгө оруулагч, ажилчид бүхнээ алдсан.


Хөрөнгө оруулалтын луйвар, санхүүгийн залилангийн талаар судалж буй бол заавал үзэх кино юм!

"Too Big to Fail" (2011, Уран сайхны кино)

Уильям Хэрт, Пол Жиамати, Жеймс Вүүдс нар гол дүрийг бүтээсэн ба АНУ-ын Сангийн сайд Хэнри Полсон болон Засгийн газар хямралтай хэрхэн тэмцэж, банкуудыг дампуурахаас хамгаалах шийдвэрүүд гаргасан тухай өгүүлдэг. Санхүүгийн байгууллагууд аврагдаж, энгийн хүмүүс хохирсон талаар маш сайн харуулсан.

"The Wolf of Wall Street" (2013, Уран сайхны кино)

"The Wolf of Wall Street" уран сайхны кинонд Жордан Белфортын үйлдсэн өндөр өгөөж амласан хуурамч хөрөнгө оруулалтын схемийн жишээ, санхүүгийн залиланг тод томруун харуулдаг бодит түүх дээр үндэслэсэн кино. Жордан Белфортын дүрийг Леонардо Ди Каприо бүтээсэн ба Жона Хилл, Маргот Робби нар ч мөн тоглосон. Жордан Белфорт санхүүгийн зохицуулалтын дутагдал, зах зээлийн манипуляци, хуурамч хөрөнгө оруулалтын схемийг ашиглан санхүүгийн хямралын үеэр хүмүүсийн шунал, хөрөнгө оруулалтын системийн сул талыг ашиглан хөрөнгө босгодог талаар өгүүлнэ.


Stratton Oakmont брокерын компанийн захирал асан Жордан Белфорт нь "The Wolf of Wall Street" номоо өөрөө бичсэн ба Steven Madden хувцас загварын компанид IPO гаргахад нь тусалж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд цаасан дээрх компаниудаар дамжуулан олон тооны Pump & Dump[2] схемийг гүйцэтгэсэн байдаг. Хүмүүсийн итгэлийг олж авахын тулд олны танил хүмүүсийг татан оролцуулдаг. Эдгээр үйлдлийнхээ төлөө Белфорт ял авч, шоронд хоригдсон ба үүнээсээ өмнө хар тамхи байнга хэрэглэж, мансуурсан үедээ машин мөргөж, нисдэг тэрэг хүртэл унагасан байдаг. Тиймээс номыг нь унших илүү сонирхолтой байж магад.


Жордан Белфорттой 2009 онд Канад улсад бизнес уулзалтын үер таарч байсан ба тэрээр хүн татах нэг тийм увдистай, харизмтай, тод үг хэллэгтэй, оч гэрэлтсэн нүдтэй нэгэн байв. Тухайн үед номоо танилцуулж, өөрийн түүхээс ярьж өгсөн ба удалгүй дэлгэцийн бүтээл болсон байдаг.

"99 Homes" (2014, Уран сайхны кино)

Эндрю Гарфилд, Майкл Шэннон нар гол дүрийг бүтээсэн ба санхүүгийн хямралаас болж олон мянган хүн орон байраа алдаж, банкны залилангийн золиос болж байгаа талаар өгүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сүйрэл, хүмүүс яагаад хохирсон талаар сэтгэл хөдөлгөм түүх юм.

Монголд гарсан залилангийн жишээ

Манай улсад "Жи Тайм" сүлжээний залилан, криптовалютын залилан, цахим залилан зэрэг хөрөнгө оруулалтын залилан луйврын олон тохиолдол гарч, олон хүн хохирсон байдаг.


"Жи Тайм" сүлжээний залилан

"Жи Тайм" нэртэй сүлжээний бизнес нь өндөр ашиг амлаж, олон хүнийг элсүүлсэн боловч цэвэр залилангийн шинжтэй байсан бөгөөд олон хүн санхүүгийн хохирол амссан байдаг (Д.Чимэддамба).


Криптовалютын залилан

Сүүлийн жилүүдэд криптовалютын арилжаа Монголд түгээмэл болсон ч үүнийг далимдуулан залилангийн хэрэг ихээр гарч байна. Жишээлбэл, өөрсдийгөө туршлагатай хөрөнгө оруулалтын менежер гэж итгүүлэн, хуурамч ашгийн баталгаа гаргаж хүмүүсийг хууран мэхэлсэн тохиолдлууд бий (СЗХ).


Цахим залилан

Цахим орчинд "Онлайнаар цагийн ажил хийлгэнэ", "Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй" гэх зэргээр хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Олон мянган хүн хохирогч болж, цагдаагийн байгууллагад хандсан тохиолдлууд олонтоо гарчээ (Т.Амаржаргал).


Монголын кино урлагт понзи болон пирамид схемийн талаар бүтээл цөөн ч гэлээ, залилах, хуурч мэхлэх, итгэл ашигласан гэмт хэрэг, нийгмийн залилангийн сэдэвтэй олон бүтээл байна.


"Бодлын хулгайч" (2011)

"Бодлын хулгайч" кино нь Монголын шилжилтийн үеийн нийгмийн асуудлыг хөндөж, үзэгчдэд нэгийг бодогдуулсан бүтээл ба бодит түүхээс сэдэвлэсэн залуусын мөрөөдөл, амьдралын сонголт, мөнгө, санхүүгийн асуудлыг харуулсан. Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг бөгөөд залилах гэмт хэргийн сэдвийг хөндсөн. Энэхүү кино нь 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг залилсан хэргээр олонд танигдсан "90 саяын" Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн.


Киноны зохиолыг Доржхандын Төрмөнх бичиж, найруулагчаар Жанчивдоржийн Сэнгэдорж ажилласан бөгөөд гол дүрд Балжиннямын Амарсайхан тоглосон. "Бодлын хулгайч" кино нь 2012 оны Монголын Кино Урлагийн Наадмаас шилдэг кино, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг зураглаач, шилдэг дууны найруулагч, шилдэг кино зохиол зэрэг олон шагнал хүртсэн.


Мөн тус кино нь Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан "Asian World Film Festival"-д Монгол Улсаа төлөөлөн оролцож, олон улсын тавцанд Монголын кино уран бүтээлчдийн чадварыг харуулсан юм.

Залилах гэмт хэргийн талаар сонирхолтой кино санал болгохыг хүсвэл коммент хэсэгт үлдээгэрэй!


Эрх зүйн хариуцлага

Залилан нь олон улсад эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ихэнх улс оронд залилан үйлдсэн этгээдэд хатуу шийтгэлийг ногдуулдаг байна. Тухайлбал, АНУ-д Холбооны шүүхээс 5-150 жилийн ял оноох боломжтой бол Европын орнуудад 10-25 жил хүртэл хорих ялтай.


Харин манай улсад залилан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хамаарах гэмт хэрэгт тооцогддог (ЭХ). Тэр дундаа, практикт түгээмэл үйлдэгдэж иргэдэд их хэмжээний хохирол учруулдаг "Сүлжээний луйвар" нь залилах гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар 6 сараас 12 жилийн хорих ял ногдуулна. Залилах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.


Залилах гэмт хэргийн үндсэн шинж

Хуурч[3], эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж[4], эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох[5], сүсэг бишрэлийг далимдуулах[6], бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж[7], эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж[8] эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан[9] бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Залилах гэмт хэргийн обьект нь бусдын өмчлөх эрх байна.


Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;" гэж заажээ (Үндсэн хууль).


Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж хуульчилсан (ИХ).


Халдлагын зүйл нь бусдад залилагдсан эд хөрөнгө байна. Бусдын эд хөрөнгө гэж Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг ойлгоно (ИХ).


Обьектив тал нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна. Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.


Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас обьектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө.


Гэмт хэргийн обьектив талын шинж болох үйлдлийн аргыг диспозицид дэлгэрэнгүй заасан нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, иргэний эрх зүйн зөрчлөөс залилах гэмт хэргийг ялган зүйлчлэхэд ач холбогдолтой.


Субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний эрх зүйн маргаанаас ялгагдана.


Субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хоёрдмол харьяалалтай хүн байна.


Залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж

Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж[10]; бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн[11] бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Түүнчлэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон[12]; олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн[13]; зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн[14] бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Дүгнэлт

"Залилангаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?" гэж асуувал, нэн түрүүнд бодит бус амлалтад хууртахгүй, хэт өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтаас татгалзах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийхээр бол Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны хяналтын байгууллагын бүртгэлд байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй. Хөрөнгө оруулалтын компани бол лицензтэй байх ёстой. Харин хувь хүн байвал утсаар ярих, болж өгвөл уулзаж үзэх хэрэгтэй. Санхүүгийн боловсрол чухал гэдгийг байнга санаж, өөрөө мэдэхгүй бол мэдлэгтэй мэргэжлийн хүнээс лавлаарай. Мөн ямар ч тохиолдолд банкны карт, дансны дугаар, регистрийн дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ үл таних хүнд өгөхгүй байж өөрийн мэдээллийг эрсдэлээс хамгаалах нь зүйтэй.


Залилан нь олон хэлбэртэй байдаг бөгөөд гадаад улсад төдийгүй манай улсад ч мөн олон хүн өртөж санхүүгийн хохирол амсдаг. Өндөр өгөөжийн амлалтад хууртахгүй, санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь хамгийн сайн хамгаалалт юм. Хэрэв та ямар нэгэн сэжигтэй хөрөнгө оруулалтын санал хүлээн авбал хуулийн байгууллагад хандаарай.


Санал болгосон бүтээлүүдээс үзсэн кино олон байгаа байх. Гэхдээ санхүүгийн залилан, хөрөнгө оруулалтын луйврын талаар мэдлэгээ ахиулна гэсэн зорилго тээгээд дахин үзэхийг зөвлөж байна!


Эцэст нь хэлэхэд "Хөрөнгө оруулалтын боломж бүрийг нягтал. Амар хялбар баяжих арга байхгүй гэдгийг сана!" гэж хэлээд дуусгая.

Ж.Танан


Хөрөнгө оруулалтын луйвар, санхүүгийн залилан - санал болгож буй үзэх кино Зүүлт тайлбар

Зүүлт тайлбар

[1] "Rob Peter to pay Paul" гэсэн хэлц үг нь нэг сүмээс (Гэгээн Петрт) мөнгө авч, нөгөө сүмд (Гэгээн Паул) өгч байсан түүхээс гаралтай. Өнөө үед энэ хэлцийг хэн нэгэн санхүүгийн асуудал, эсвэл өрөө өөр эх үүсвэрээс зээлэх, авах замаар шийдвэрлэх гэж оролдох нөхцөл байдлыг тодорхойлоход хэрэглэдэг. Гэхдээ ийм шийдэл нь ихэвчлэн богино хугацааны шинж чанартай, хүсээгүй үр дагаварт хүргэдэг байна.


[2] Pump & Dump нь хямд үнээр худалдаж авсан хувьцаагаа өндөр үнээр худалдах зорилгоор худал, төөрөгдүүлсэн эерэг мэдэгдлийг Telegram, Discord гэх мэт зохицуулалт багатай цахим сүлжээгээр тарааж, хувьцааны үнийг зохиомлоор өсгөж, үнэ өссөний дараа хувьцаагаа өндөр үнээр зардаг схем.


[3] Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.


[4] Баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргийг ойлгоно.


[5] Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хуурам мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг ойлгоно. Тухайлбал, өөрийгөө амжилттай бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх.


[6] Сүсэг бишрэлийг далимдуулах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хохирогчийн сүсэг бишрэл, шашны итгэл үнэмшлийг ашиглан төөрөгдүүлэхийг ойлгоно. Тухайлбал, бусдыг бөө болгож өгөх, хохирогчид болон түүний ойр дотнын хүнд таагүй зүйл тохиолдохоос "аргалах" зэргээр хохирогчийг төөрөгдүүлж, түүнээс мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах.


[7] Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг ойлгоно.


[8] Нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэдгийг шууд ойлгож хэрэглэнэ. Тухайлбал, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулах зэрэг хэлбэртэй байж болно.


[9] Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг хэлнэ.


[10] Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.


[11] Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан, эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг ойлгоно.


[12] Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа явдлыг ойлгоно.


[13] Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн хууль бус үйл ажиллагааг хэлнэ. Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь нэгдүгээрт бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэд анхаардаг олон шатлалт маркетингийн арга бөгөөд хүн элсүүлж, сүлжээ үүсгэж, бараагаа олон хэрэглэгчид хүргэх зорилготой байдаг бол хоёрдугаарт, гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар тус тус хамаарна.


[14] Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэж гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдэл үйлдсэнийг ойлгоно.


Ашигласан эх сурвалж

E.Rice, & B.Shah. (2010). He's Madoff with My Money! Trust and Trustees, 16(4).


FBI. Federal Bureau of Investigation. Common Fraud Schemes: https://www.fbi.gov/scams-and-safety/common-fraud-schemes


Hamilton, I., & Francis, I. (2003). The Enron Collapse, IMD Case Study. Wellesley, Massachusetts, USA: ECCH.


Galbraith, J. K. (1994, 7 сар 1). A Short History of Financial Euphoria. 


Thielman, S. (2017, 1 сар 12). Never-before-heard Bernie Madoff tapes reveal details of ruinous Ponzi scheme. The Guardian


Gregoriou, G. N., & Lhabitant, F. (2009, 2 сар 2). Madoff: A Riot of Red Flags. SSRN


Bhattacharya, U. (2003). The Optimal Design of Ponzi Schemes in Finite Economies. Journal of Financial Intermediation, 12(1).


Hart, D., & Strober, G. (2009). The Story of Bernard L. Madoff, the Man Who Swinded the Would. Beverly Hills, California, USA: Phoenix Books Inc.


Д.Чимэддамба. (2023). Д.Чимэддамба: "Жи тайм" Монголын санхүүгийн залилангийн түүхэнд гадаад эзэнтэйгээ, мөнгөтэйгөө баригдсан анхны бөгөөд цор ганц тохиолдол. (Ч.Тулга, Interviewer) Улаанбаатар, Монгол: Alim.mn.


СЗХ. Санхүүгийн луйвраас болгоомжлоорой. Санхүүгийн зохицуулах хороо


Т.Амаржаргал. (2024, 9 20). Залилангийн гэмт бүлэглэл Монголыг онилсон уу. itoim


УИХ. (1992, 1 13). Монгол Улсын Үндсэн хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем


УИХ. (2002, 1 10). Иргэний хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем


УИХ. (2015, 12 03). Эрүүгийн хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем


ҮСХ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон нөхөн төлүүлэлтийн хэмжээ. Үндэсний статистикийн хороо


ЦЕГ. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал. Цагдаагийн ерөнхий газар

Залилах гэмт хэрэг



Хөрөнгө оруулалтын луйвар, залилах гэмт хэрэг - санал болгож буй үзэх кино

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнХууль #СанхүүгийнЛуйвар #Залилан #ЗалилахГэмтХэрэг #ГэмтХэрэг #ИргэнийХууль #ҮндсэнХууль #ГэмтХэргийнСтатистик #Понзи #Пирамид #БернаодМейдофф #ЧарльзПонзи #ОнгоцныТоглоои #НэрХулгайлахЗалилан #ТелемаркетингЗалилан #НигеринЗахидал #УрьдчилсанТөлбөрийнЗалилан #ТөлбөрийнКартынЗалилан #НөхөнОлговрынЗалилан #ЦахимЗалилан #ЭрхЗүйнХариуцлага #ЯлШийтгэл #ОлонШатлалтМаркетинг #ЗалилангаасХамгаалахАрга #ЗохионБайгуулалттайГэмтБүлэг #Хохирол #БодитБайдлыгНуух #СүсэгБишрэлийгДаалимдуулах #ИтгэлийгУрвуулахАшиглах #ЗохиомолБайдлыгЗориудаарБийБолгох #Хуурах



 



1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 25
Rated 5 out of 5 stars.

👍

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page