Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын эрх зүй
- Ц.Оюундалай
- Jun 15, 2024
- 4 min read
Updated: Jan 21
Нэр томьёо
Агаарын орчныг бохирдуулах
air pollution; загрезнение воздуха
Агаарыг бохирдуулахаас сэргийлэх ажиллагаа нь олон улсын эрх зүйн зохицуулалтад сүүлийн жилүүдэд хамрагдах болсон бөгөөд агаар бохирдуулах үйл ажиллагааны дотор хил давсан агаарын бохирдол онцгой анхаарал татах болсон. Ялангуяа озоны бүрхүүл давхарга нимгэрэх, хүхрийн давхар исэл, озоны ислээс үүсэх хүчиллэг бороо, хүлэмжийн хийн хор уршигтай тэмцэхэд Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал чиглэгдэх болжээ.
Дэлхийн цаг уурын байгууллага
World meteorological organization; Всемирная методрологическая организация
Тус байгууллага 1871 оноос ажиллаж байсан Олон улсын цаг уурын байгууллагын суурин дээр үндэслэсэн 1947 онд бий болж, 1951 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болжээ.
Дэлхийн цаг уурын байгууллага нь цаг уурын албаны олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх; энэ төрлийн албыг зохион байгуулах, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх; агаарын ба далайн тээврийн цаг уурын мэдээллийн үйлчилгээг хөгжүүлэх; хөдөө аж ахуйд цаг уурын албаны туслалцааг өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг голчлон явуулна. Энэ байгууллагын практик ажиллагааны үндсэн хэсэг нь Цаг агаарын дэлхийн алба юм. Тус алба нь цаг уур, хүрээлэн орчны талаарх мэдээг нэгтгэж, гишүүн орнуудад түгээх, цаг уурын хүчтэй өөрчлөлт, байгалийн гамшгийн талаар мэдээлэх, урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхийн цаг уурын байгууллагын эрхлэх дээд байгууллага нь Дэлхийн цаг уурын конгресс юм. Тэрээр дөрвөн жил тутамд хуралдах ба Дэлхийн цаг уурын байгууллагын үндсэн бодлого, чиглэлийг боловсруулж, тодорхой хөтөлбөр, төсвийг батална. Гүйцэтгэх зөвлөл нь 36 гишүүнтэй бөгөөд ерөнхийлөгч (1), дэд ерөнхийлөгч (3), бүс нутгийн холбооны ерөнхийлөгч (6), цаг уурын албаны захирлаас (26) бүрдэнэ. Энэ нь конгрессоос баталсан хөтөлбөр, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гол үүрэгтэй. Нарийн бичгийн даргын газар нь захиргаа – техникийн ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
Монгол улс Дэлхийн цаг уурын байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд 1975, 1994-1995 онд Гүйцэтгэх зөвлөлд нь сонгогдож байжээ.
Хүрээлэн буй орчин
area of the environment; зона окружающей среды
Хүн төрөлхтөн оршин тогтнох, соёл иргэншил нь хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг элементүүдийн нэгдмэл цогц.
Түүнийг амьд орчин (ургамал, амьтны аймаг), амьд бус орчин (уур амьсгал, далайн ба цэнгэг усны сан), түүний хэвлий, газрын ойрх сансрын уудам, агаар мандал, хүнээс байгаль орчинтой харьцах үйл явцад үүссэн объект (хот суурин, үйлдвэрлэлийн янз бүрийн цогцолбор) хэмээн ангилдаг. Хүрээлэн орчныг хамгаалах үйл ажиллагааны объектод байгалийн цогцолбор газар, түүхийн дурсгалт зүйлс багтдаг. Хүрээлэн орчныг эзлэх, тархах, үйлчлэх орон зайгаар нь хотол нийтийн, бүс нутгийн, үндэсний хэмээн хувааж үздэг.
Хүрээлэн орчны олон улсын эрх зүй
international environmental law; международное право об окружающей среде
Хүнийг хүрээлэн байгаа орчныг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, хүрээлэн орчинд хортой нөлөө үзүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх, аюулыг нь хязгаарлах талаар эрх зүйн субъектээс явуулах үйл ажиллагааг зохицуулдаг олон улсын зарчим, хэм хэмжээний тогтолцоо.
Энэ нь олон улсын эрх зүйн шинэхэн бөгөөд бусад салбартай тухайлбал, далайн, агаарын, сансрын эрх зүйтэй нягт уялдаатайгаар эрчимтэй хөгжиж байна. Хүрээлэн орчны олон улсын эрх зүйн эх сурвалжид дараах баримт бичгүүд багтана.
• Ургамал, амьтны аймгийг хамгаалах тухай 1930 оны Лондоны конвенц;
• Ертөнцийн баруун хэсгийн байгаль, амьтан, ургамлын аймгийг хамгаалах тухай 1940 оны Вашингтоны конвенц;
• Антарктидын тухайн 1959 оны Вашингтоны конвенц;
• Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах 1972 оны конвенц;
• Байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг дайны ба бусад аливаа дайсагнах зорилгоор ашиглахыг хориглох тухай 1977 оны конвенц;
• Нүүдэллэдэг зэрлэг амьтдын төрлийг хамгаалах тухай 1979 оны Боннын конвенц;
• Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенц;
• Байгалийн талаарх дэлхийн 1982 оны Харти;
• Озоны бүрхүүл давхаргыг хамгаалах тухай 1985 оны Венийн конвенц;
• Озоны үе давхаргад сөрөг нөлөө үзүүлэх бодисын тухай 1987 оны Монреалын протокол, 1990 оны түүний нэмэлтүүд ;
• Осолтой хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, устгахад хяналт тавих тухай 1989 оны Базелийн конвенц;
• Хүрээлэн орчин ба хөгжлийн тухай 1992 оны Рио-Де-Жанейрогийн тунхаглал;
• XX зууны тогтвортой хөгжлийн 1992 оны хөтөлбөр;
• Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 1993 оны Нью-Иоркийн конвенц;
• Цөлжилттэй тэмцэх тухай 1994 оны НҮБ-ын конвенц;
• Мөхөх аюулд орсон зэрлэг амьтан ба ургамлын төрлийг худалдаалах тухай 1995 оны конвенц;
• Номхон далайн өмнөд хэсгийн байгалийг хамгаалах тухай конвенц.
Хүрээлэн орчны олон улсын эрх зүйн зарчим
principle of international environmental law; принцип об окружающей среде
Хүрээлэн орчны олон улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд зайлшгүй дагаж мөрдвөл зохих үзэл баримтлал. Дараах зарчмуудыг дагаж мөрдөнө.
• Хүрээлэн орчныг хамгаалах;
• Улс гүрэн өөрийн байгалийн нөөцийг эзэмших бүрэн эрхийн;
• Улс гүрэн өөрийн захиргааны хязгаараас гаднах хүрээлэн орчинд учруулсан хохирлын талаар хариуцлага хүлээх;
• Хүрээлэн орчинд нөлөөлөх байдлыг үнэлэн тогтоох;
• Урьдчилан мэдэгдэх ба мэдээлэл солилцох;
• Харилцан зөвлөлдөх;
• Болгоомжлох арга хэмжээ авах.
Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, ред.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи.
Монгол улс нэгдэн орсон олон улсын конвенц

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ХүрээлэнБуйОрчныгХамгаалахОлонУлсынЭрхЗүй #ХүрээлэнБуйОрчин #Экосистем #ЭкологийнЭрхЗүй #БайгальОрчныгХамгаалахЭрхЗүй #Экологи #ОлонУлсынГэрээ #АжҮйлдвэрийнХувьсгал #НэгдсэнҮндэстнийБайгууллага #ХүрээлэнОрчныХөтөлбөр #ОлонТалтГэрээ #ХоёрТалтГэрээ #УурАмьсгалынӨөрчлөлтийнТухайКонвенц #ОзоныДавхаргыгХамгаалахТухайКонвенц #БиологийнТөрөлЗүйлийнТухайКонвенц #ОзоныҮеДавхаргыгЗадалдагБодисынТухайМонреалынПротокол #ОзоныДавхаргыгХамгаалахТухайВенийнКонвенц #СтогкольмынКонвенц #БазелийнКонвенц #РоттердамынКонвенц #КартагенийПротокол #КиотогийнПротокол #УурАмьсгалынӨөрчлөлтийнТухайКонвенц #ЗэрлэгАмьтдынНүүдлийнЗүйлүүдийгХамгаалахБоннынКонвенц #ОлонУлсынАчХолбогдолБүхийУсНамгархагГазарЯлангуяаУсныШувуудОлноорАмьдардагОрчныТухайКонвенц #ХүнБаШимЕртөнцХөтөлбөр #ДалайнХалимАгнуурыгЗохицуулахКонвенц
😍
.