Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлал, түүхэн хөгжил
- Ж.Танан
- Mar 18
- 16 min read
Хүний эрх нь хувь хүний эрх чөлөө, шударга ёс, нийгмийн үнэт зүйлсийн салшгүй хэсэг юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад сэтгэгчид төдийгүй энгийн иргэд хүний эрхийн тухай олон янзын үзэл санаа дэвшүүлж, эдгээр нь онол болон хөгжиж, төрөл бүрийн чиг хандлагаар баяжсаар иржээ.
Хүний эрхийн ойлголт нь зөвхөн эрх зүйн философиор хязгаарлагдахгүй; харин нийгмийн харилцаа, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн тогтолцооны хүрээнд ч өргөжин хөгжиж, түүний мөн чанар улам бүр нарийсаж, гүнзгийрэн тодорхойлогдсоор байна.
Өнөө үед хүний эрхийг иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн, соёлын эрх, хамтын буюу олон улсын эрх гэсэн үндсэн гурав ангилж авч үздэг.
Иргэний болон улс төрийн эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, шударга шүүхээр шүүлгэх зэрэг хувь хүний эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох эрхийг агуулна.
Эдийн засаг, нийгмийн, соёлын эрх нь боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зохистой амьдралын нөхцөлөөр хангагдах зэрэг хүний амьдралын чанарт шууд нөлөөлөх эрхийг багтаана.
Хамтын буюу олон улсын эрх нь ард түмний өөрийн хувь заяагаа тодорхойлох, хөгжлийн эрхээ эдлэх, тогтвортой хөгжилд оролцох, энх тайван, аюулгүй орчинд амьдрах зэрэг улс, үндэстний эрхийг хамруулна.
Эдгээр нь хүний эрхийн салшгүй, харилцан хамааралтай болохыг илтгэх бөгөөд улс орнуудын хууль тогтоомж, олон улсын эрх зүйд тусгагдсан байдаг.
Хүний эрхийн түүхэн хөгжил
Хүний эрхийн хөгжлийг түүхэн үечлэлээр авч үзвэл эртний үеэс эхлэлтэй. Вавилоны хууль (МЭӨ 1750), Кирийн тунхаг (МЭӨ 539), Ромын эрх зүйн тогтолцоо нь хүний эрхийн суурь ойлголтуудыг агуулж байв. Дундад зууны үед Магна Харти (1215), Исламын ёс зүйн сургаал, Күнзийн сургаал хүний эрхийн ойлголтыг улам гүнзгийрүүлсэн байдаг. Харин соён гэгээрлийн эрин үеийн Английн Эрх чөлөөний хууль (1689), АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг (1776), Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг (1789) нь орчин үеийн хүний эрхийн суурийг тавьжээ. XIX-XX зуунд боолчлолын эсрэг хөдөлгөөн идэвхжиж, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948) баталсан нь хүний эрхийн олон улсын тогтолцоог бүрдүүлсэн юм. Орчин үед олон улсын гэрээ хэлэлцээр, дижитал эрх, байгаль орчны эрх зэрэг шинэ үзэл баримтлал нэмэгдэж байна.
Хүний эрх нь шашин, ёс суртахууны зарчимтай салшгүй холбоотой үүсжээ. Тухайлбал, Вавилоны МЭӨ 1750 оны Хаммурапийн хуульд[1] “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэх харилцан хариуцлагын буюу талеоны зарчим[2] тусгагдсан бөгөөд тухайн үеийн шударга ёсыг тогтоох нэгэн арга байв. Энэхүү зарчим нь зөвхөн Хаммурапийн хуулиар хязгаарлагдахгүй, Хуучин гэрээ (Exodus 21:23-25)[3], Исламын Шариатын хууль, Ромын эрх зүй зэрэг шашны болон эрх зүйн бусад тогтолцоонд ч ажиглагддаг. Гэхдээ энэ зарчим нь язгууртан, энгийн иргэн, боолын хувьд харилцан адилгүй хэрэгждэг байжээ. Тухайлбал, язгууртан хүнд гэмтэл учруулсан тохиолдолд ижил хариу авдаг бол боолын хувьд зөвхөн торгууль төлөх байдлаар шийдвэрлэдэг байв.
МЭӨ III зуунд Хятадад Күнзийн сургаал өргөн дэлгэрч, засаглал шударга байх ёстой, хүмүүнлэг байх нь нийгмийн зохистой байдлын үндэс гэсэн зарчмуудыг дэвшүүлжээ. Харин МЭӨ 500 онд Буддын сургаалаар дамжуулан хүн бүр адил үнэ цэнтэй, энэрэнгүй байх ёстой гэсэн ойлголт төлөвшсөн байна.
Грек, Ромын философи нь МЭӨ VI-IV зуунд хөгжлийн оргил үедээ хүрч, Сократ[4], Платон[5], Аристотель[6] зэрэг софистууд хууль ба ёс суртахуун хэрхэн уялдах ёстой талаар онолдож эхэлжээ. Стоицизмын[7] үзэл санааг хөгжүүлсэн Сенека[8], Цицерон[9] нар байгалийн хууль оршин байдаг бөгөөд хүн бүр түүнтэй нийцсэн төрөлх эрхтэй гэж үзсэн байдаг. Тэд хүний эрхийг байгалийн хуулийн хүрээнд тайлбарлаж, хүн төрөх, амьдрах, үхэх нь байгалийн жам тул эдгээртэй холбоотой эрх зайлшгүй оршин байдаг хэмээн онол дэвшүүлжээ.
МЭӨ 450 онд Ромд Бүгд найрамдах засаглалтай холбоотойгоор иргэдийн эрхийг тодорхойлсон анхны бичмэл хууль болох Арван хоёр хүснэгтийн хууль (Lex Duodecim Tabularum) батлагджээ. Энэ хууль нь Ромын эрх зүйн суурийг тавьж, бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг тодорхойлсон ч язгууртан болон харц ардын эрхийн ялгаа хадгалагдсан байв.
МЭ 212 онд Ромын эзэнт гүрний хаан Каракалла (Caracalla)[10] Антонины зарлигаар (Constitutio Antoniniana) бүх чөлөөт иргэдэд Ромын иргэншил олгосноор тэд хууль ёсны эрх эдлэх боломжтой болсон. Энэ нь иргэншил ба эрх зүйн харилцааг өргөжүүлж, хүний эрхийн ойлголт хуульчлагдсан томоохон түүхэн үйл явдал байжээ.
Дундад зууны үед хүний эрхийн хөгжилд Христийн шашин болон Исламын Шариатын хууль чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Их Британид 1215 онд батлагдсан Магна Харти (Magna Carta Libertatum) нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, язгууртнуудын (барон) эрхийг хамгаалсан анхны баримт бичгийн нэг байв. Энэ нь шүүх эрх мэдлийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, шударгаар шүүлгэх эрх зэрэг үзэл санааг агуулсан бөгөөд хожим үндсэн хуульт засаглалын эхлэл болжээ.
Исламын ертөнцөд 622 онд Мединагийн гэрээ (Constitution of Medina) батлагдаж, Исламын Шариатын хуулийн үндэс суурийг тавьсан. Энэхүү гэрээ нь “Бүх хүн Аллахын өмнө эрх тэгш байх ёстой” гэсэн үзэл санааг агуулсан төдийгүй, шашин хоорондын нийцлийг хангасан эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн. Улмаар Исламын хуульд (Шариат) шударга ёс, нийгмийн хамгааллын тухай зарчмууд хөгжсөн байна.
Шинэ үеийн хүний эрхийн хувьсгал XVII-XVIII зуунд өрнөж, хүний эрхийг хуулиар баталгаажуулах, төрийн дэглэмийг хязгаарлах шинэ үзэл санаанууд хөгжсөн байна.
1689 онд Англид батлагдсан Эрхийн тунхаг (Bill of Rights) нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, парламентын бүрэн эрхийг дээдэлсэн анхны хууль зүйн баримт бичгүүдийн нэг байв. Энэхүү тунхаг нь иргэдийн үг хэлэх, сонгох эрхийг хамгаалах суурь баримт бичиг болсон бөгөөд орчин үеийн үндсэн хуульт хаант засаглалын үндсийг тавьсан билээ.
1776 онд АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал (Declaration of Independence) батлагдаж, “Бүх хүн төрөлхтөн тэгш эрхтэй төрсөн” гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Томас Жефферсоны[11] удирдан боловсруулсан уг тунхаг нь Жон Локкийн[12] жам ёсны эрхийн онолын нөлөөг шингээж, хүн бүр амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргал эрэлхийлэх төрөлх эрхтэй гэж тунхагласан.
1789 онд Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг (Déclaration des Droits de l’Homme et du Citoyen) батлагдаж, эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн (Liberté, Égalité, Fraternité) зарчмуудыг тодорхойлсон. Францын хувьсгалын нөлөөгөөр боловсруулагдсан энэхүү тунхаг нь улс төрийн болон иргэний эрхийг хуульчлан баталгаажуулсан бөгөөд хүний эрхийн орчин үеийн концепцийн үндэс болжээ.
XIX-XX зууны үед боолчлолын эсрэг хөдөлгөөн эрчимжиж, АНУ-д иргэний дайн (1861-1865) өрнөсөн. 1863 онд Ерөнхийлөгч Абрахам Линкольн[13] боолчлолыг эцэслэх “Боол чөлөөлөх тунхаглал” (Emancipation Proclamation) гаргасан нь хүний эрхийн түүхэнд томоохон дэвшил болжээ[14]. Улмаар 1865 онд АНУ-ын Үндсэн хуулийн 13 дугаар нэмэлт өөрчлөлт (13th Amendment) батлагдаж, боолчлолыг бүхэлд нь халсан байдаг.
Үүнтэй зэрэгцэн олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалах анхны томоохон алхмууд хийгдсэн. 1864 онд Женевийн конвенцын анхны хувилбар буюу “Дайны үед шархадсан цэргүүдийн эрхийг хамгаалах тухай анхны Женевийн конвенц” батлагдсан. Энэхүү конвенц нь олзлогдсон дайчид болон шархадсан цэргүүдийг хамгаалах, улаан загалмайн хөдөлгөөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх анхны олон улсын баримт бичиг болсон. Харин “Олзлогдсон дайчдын эрхийг хамгаалах тухай Гуравдугаар Женевийн конвенц” 1929 онд батлагдсан бөгөөд 1949 онд шинэчлэгдэн хүчин төгөлдөр болжээ.
XX зуунд хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллагууд байгуулагдсан байдаг. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (International Labour Organization, ILO) 1919 онд үүсгэн байгуулагдаж, хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын эрхийг хамгаалах олон улсын стандарт тогтоож эхэлсэн байна.
Дэлхийн II дайны үеэр гарсан хүний эрхийн ноцтой зөрчлүүд нь олон улсын хамтын нийгэмлэгийг хүний эрхийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Үүний үр дүнд 1945 онд НҮБ байгуулагдсан бөгөөд хүний эрхийг хамгаалах үндсэн зорилтыг тодорхойлсон юм. Үүний дараагаар, 1948 онд НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” (Universal Declaration of Human Rights) батлагдсан нь анх удаа бүх хүний заяагдмал, салшгүй эрхийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн баримт бичиг болсон билээ. Энэхүү тунхаглал нь эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг биш боловч улс орнуудын үндсэн хуулийн хөгжил, хүний эрхийг хамгаалах олон улсын механизмын үндэс болсон юм.
Тунхаглалын дараа 1966 онд хүний эрхийг олон улсын хэмжээнд эрх зүйн үүрэг бүхий баримт бичгүүдээр баталгаажуулах зорилгоор олон улсын гэрээнүүд батлагдсан.
“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” (International Covenant on Civil and Political Rights, ICCPR) - Хувь хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой. Үүнд:
Үг хэлэх эрх
Хэвлэн нийтлэх эрх чөлөө
Сонгох, сонгогдох эрх
Шударга шүүхээр шүүлгэх эрх гэх мэт орно.
“Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт” (International Covenant on Economic, Social and Cultural Rights, ICESCR) - Хувь хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах зорилготой. Үүнд:
Ажил эрхлэх
Боловсрол эзэмших
Эрүүл мэндийн үйлчилгээ авах
Нийгмийн хамгаалалт зэрэг багтана.
Эдгээр баримт бичиг нь улс орнуудыг хүний эрхийн олон улсын стандарт мөрдөх хууль зүйн үүрэг хүлээхэд чиглэсэн бөгөөд улс орнууд нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжоо олон улсын стандарттай нийцүүлэх шаардлагатай болсон.
Орчин үед хүний эрхийг олон улсын хэмжээнд хамгаалах тогтолцоо бүрэлдэн хөгжиж, дэлхий даяар тэгш байдлыг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна.
2002 оноос эхлэн Олон улсын эрүүгийн шүүх (International Criminal Court, ICC) үйл ажиллагаагаа явуулж, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргүүдийг шийдвэрлэх болсон. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдэд олон улсын хэмжээнд хариуцлага хүлээлгэх боломж бүрдүүлсэн ч зарим улс орон уг шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.
Мөн цахим хувьсгал өрнөхийн хэрээр хувийн нууц, мэдээлэл хамгаалах нь хүний эрхийн тулгамдсан асуудал болж, улмаар цахим эрх чөлөө (digital freedom) гэх ойлголт бий болжээ. Өнөөдөр олон улс хувийн мэдээлэл хамгаалах бодлого боловсруулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж байна.
Үүнээс гадна, хүйсийн тэгш байдал олон улсын анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд жендерийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, бодлогын шинэчлэлүүд улс орнуудад өрнөж байна. НҮБ-аас баталсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW, 1979) болон бусад гэрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэгджээ.
Мөн орчин үед уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал нь хүний эрхтэй салшгүй холбоотой гэж үзэж, байгаль орчны эрх (environmental rights) гэх ойлголт өргөн дэлгэрч байна. 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс эрүүл, тогтвортой хүрээлэн буй орчинд амьдрах эрхийг хүний суурь эрх гэж хүлээн зөвшөөрсөн нь энэ чиглэлийн хөгжлийг шинэ шатанд гаргасан байна.
Хүний эрхийн хөгжил олон зуун жилийн туршид өрнөж, философи, шашин, хууль зүй, улс төрийн өөрчлөлтүүдтэй уялдан хөгжиж ирсэн байна. Эртний шашны сургаал, философийн онолуудаас эхлэн Магна Харти, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал, Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг олон улсын түүхэн баримт бичиг нь орчин үеийн хүний эрхийн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Эдгээр баримт бичгийн нөлөөгөөр улс орнууд хүний эрхийг хуульчлан баталгаажуулах, олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах механизмыг хөгжүүлэх чиглэлд томоохон ахиц гаргасан. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах асуудал нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хүний эрхийн олон улсын байгууллагуудын үйл ажиллагаатай нягт уялдан хөгжиж байна.
Хүний эрхийн үүслийн онол, үзэл баримтлал
Хүний эрхийн үзэл баримтлал нь хүний төрөлх эрх, эрх чөлөөг хэрхэн ойлгож, хамгаалах ёстойг тайлбарладаг философи, улс төр, хууль зүйн онолуудын нэгдэл юм. Хүний эрхийн үүслийг тайлбарлах олон төрлийн онол хөгжиж ирсэн бөгөөд тэдгээр нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хэрэгжилтийн талаар өөр өөр байр суурь илэрхийлсэн байдаг. Эдгээр үзэл баримтлал нь хүний эрхийн мөн чанар, үүсэл, хэрэгжилт, хязгаарлалт, хамгааллын механизмуудыг тодорхойлох үндэс суурь болдог.
Хүний эрхийн талаарх онолууд “Хүний эрхийг ямар үндэслэлтэйгээр тогтоож, хамгаалах ёстой вэ?” гэсэн асуултад өөр өөр байр сууринаас хариулдаг. Үндсэн үзэл баримтлалуудыг жам ёсны эрхийн онол, либерализм, позитивизм, марксизм, социал демократ үзэл, орчин үеийн олон улсын хүний эрхийн онол гэх зэргээр ангилж болно.
Эдгээр онол нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хязгаар, түүнчлэн төр ба нийгмийн харилцаанд хэрхэн хэрэгжих ёстой талаар өөр өөр байр суурьтай байдаг. Гэсэн хэдий ч бүгд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах нийтлэг зорилготой ба хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах, хуульчлах, хэрэгжүүлэх гэсэн суурь зарчимд тулгуурладаг байна.
Жам ёсны эрхийн онол (Natural Rights Theory)
Жам ёсны эрхийн онол нь хүний эрх төрөөс үл хамааран, байгалиас заяагдсан төрөлхийн гэж үздэг. Энэ онолын дагуу хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх үндсэн эрхтэй бөгөөд төр эдгээр эрхийг олгодог бус, зөвхөн хамгаалах үүрэгтэй гэж тайлбарладаг.
Жон Локк жам ёсны эрхийн онолыг хөгжүүлж, амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрх нь хүн бүрийн салшгүй төрөлхийн эрх бөгөөд төр нь зөвхөн эдгээр эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзжээ. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглалын үндэс болж, хүний төрөлхийн эрхийг төрөөс дээгүүр тавих онолын суурийг тавьсан.
Жам ёсны эрхийн үзэл санаа нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал (1776), Францын Хүний болон иргэний эрхийн тунхаглал (1789) зэрэг түүхэн баримт бичигт тусгагдаж, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь үзэл баримтлалын нэг болсон. Энэ онол нь хүний эрх, хууль дээдлэх ёс, төрийн хязгаартай эрх мэдэл, хувь хүний эрх чөлөө зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бүрдүүлсэн юм.
Энгийнээр хэлбэл, жам ёсны эрхийн онол нь хүний төрөлх эрхийг төрөөс ангид авч үзэж, төрийн гол үүрэг бол иргэдийн эрхийг хамгаалах явдал гэдгийг онцолдог. Түүхэн хөгжлийн явцад энэ онол нь ардчилал, хүний эрхийн олон улсын тогтолцооны үндэс болж хөгжжээ.
Позитивизм (Legal Positivism)
Позитивизм нь хүний эрх бол төрийн тогтоосон хууль ёсны эрх бөгөөд зөвхөн хуульчилсан тохиолдолд хүчин төгөлдөр оршин байдаг гэсэн үзэл баримтлалтай. Энэ онол нь жам ёсны эрхийн онолыг үгүйсгэж, эрх нь зөвхөн төрийн баталгаажуулсан хуулиас үүдэлтэй гэж үздэг. Жереми Бентам, Жон Остин зэрэг хуульч энэхүү онолыг хөгжүүлжээ.
Жереми Бентам[15] жам ёсны эрхийн онолыг эрс шүүмжилж, жам ёсны эрх гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй, хийсвэр ойлголт бөгөөд хүний эрх зөвхөн хууль тогтоомжоор баталгаажсан тохиолдолд л бодитой гэж үзсэн. Тэрээр хууль бол төрийн тогтоосон эрх зүйн тогтолцооны нэг хэсэг бөгөөд түүнийг л хүлээн зөвшөөрөх ёстой гэж онолджээ.
Жон Остин[16] энэхүү үзлийг улам хөгжүүлж, хууль бол төрийн шийдвэр бөгөөд төргүйгээр эрх зүй оршин тогтнох боломжгүй гэж тайлбарласан. Түүний үзлээр, хууль бол эрх зүйн хүчин төгөлдөр байдал бүхий команд бөгөөд төрийн тогтоосон хуулиас гадна өөр ямар нэг байгалийн эсвэл ёс зүйн эрх зүй байх боломжгүй аж.
Позитивизм нь эрх зүйн реализм[17], шүүхийн практик болон орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаанд ихээхэн нөлөө үзүүлсэн. Гэвч зарим тохиолдолд буюу тэр дундаа авторитар дэглэм бүхий улс оронд хүний эрхийг төрийн хуулиар хязгаарлаж буйгаа зөвтгөхөд энэхүү онолыг ашигласан байдаг. XX зуунд фашист, коммунист дэглэм хуулийг төрийн дээд эрх мэдлийн хэрэгсэл болгон ашиглаж, төрийн тогтоосон хуулийн дагуу хүний эрхийг хязгаарлах боломжтой гэсэн үзлийг түгээмэл баримталсан. Энэ нь зарим улсад төрийн баталгаагүй ямар ч эрх оршин тогтнох боломжгүй гэсэн байр суурийг бий болгожээ.
Позитивизм нь эрх зүйг төрийн хуульд тулгуурлан тайлбарлах чухал онол хэдий ч, зөвхөн хуульчлагдсан эрхийг хүлээн зөвшөөрөх нь зарим тохиолдолд хүний эрхийг зөрчих эрсдэл дагуулдаг байна. Тиймээс орчин үеийн эрх зүйн онол позитивизмын үзэл санааг хүний эрхийн олон улсын стандарттай хослуулан авч үзэх чиглэлд хөгжиж байна. Өнөөдөр улс орнууд үндэсний хууль тогтоомжоо олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд нийцүүлэн хэрэгжүүлэх хандлагатай болжээ.
Марксист онол (Marxist Theory)
Марксист онол буюу марксизм нь хүний эрхийг нийгмийн анги хоорондын тэмцэл, өмчийн харилцаатай салшгүй холбоотой гэж үздэг. Уг онол нь капиталист системийг халж, социализмд шилжсэнээр, зөвхөн ангигүй нийгэмд л жинхэнэ хүний эрх бодитоор хэрэгжинэ гэсэн санаанд тулгуурладаг.
Карл Маркс[18] хүний эрхийн асуудлыг капиталист нийгмийн бүтэцтэй холбон тайлбарлаж, эрх чөлөө, шударга ёс гэх ойлголт нь үнэн хэрэгтээ өмчийн харилцаанд тулгуурласан гэж үзсэн. Түүний үзлээр, капиталист нийгэмд хүний эрх нь баячуудын ноёрхлыг хадгалах, хувийн өмчийг хамгаалах хэрэгсэл болдог тул ажилчин анги (пролетари) жинхэнэ эрх чөлөөг эдлэх боломжгүй гэж тайлбарлажээ.
XX зууны социалист орнуудад хүний эрхийг энэхүү үзэл баримтлалын дагуу тайлбарлаж, хувь хүний эрхийг бус нийгмийн нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байжээ. Социалист нийгэмд хувийн өмчийг халж, нийтийн өмч, эдийн засгийн тэгш байдлыг бий болгох нь эрх чөлөөний үндэс гэж үздэг. Хүний эрхийг “нийгмийн хамтын эрх”, хувь хүний эрх чөлөөнөөс илүүтэйгээр нийгмийн нийтлэг ашиг сонирхолд нийцэх ёстой гэж тайлбарлаж, төрийн хяналтыг чухалчилдаг.
Монгол Улс социалист дэглэмтэй байх үед хүний улс төрийн хийгээд иргэний эрхийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хязгаарлан тодорхойлж, төрийн хяналтын хүрээнд авч үздэг байв. Тийм ч учраас төрийн удирдлага хүний эрхийн зохицуулалтын гол тоглогч болж, хувийн өмч гэсэн ойлголт байхгүй зөвхөн нийгмийн өмч давамгайлж байжээ.
Нийгмийн гэрээний онол (Social Contract Theory)
Нийгмийн гэрээний онол нь хүмүүс байгалийн төлөв байдалд эрх чөлөөтэй байсан ч аюулгүй байдлаа хангах, эрхээ хамгаалуулахын тулд төртэй гэрээ байгуулсан гэсэн үзэл санаанд тулгуурладаг. Энэхүү онолын дагуу хүмүүс тодорхой эрхээ төрд шилжүүлж, үүнийхээ хариуд төрөөс хамгаалалт авдаг гэж үздэг. Гол төлөөлөгчид болох Томас Хоббс, Жон Локк, Жан-Жак Руссо нар энэхүү онолыг өөр өөр өнцгөөс тайлбарлажээ.
Томас Хоббс[19] байгалийн байдалд хүмүүс хүчирхийлэлтэй, эмх замбараагүй, амь дүйсэн амьдардаг гэж үзэж, аюулгүй байдлаа тогтвортой хангахын тулд нэгдсэн удирдлага буюу төрийг бий болгосон гэж тайлбарласан. Тэрээр хүмүүс өөрсдийн эрх чөлөөний тодорхой хэсгийг төрд шилжүүлж, хүчтэй, төвлөрсөн төрийн удирдлага (абсолют засаглал) бий болсноор л нийгэмд дэг журам тогтох боломжтой гэж үзсэн бөгөөд энэ нь авторитар төрийн үзэл баримтлалын үндэс болжээ.
Жон Локк, Томас Хоббсын үзлийг няцааж, төрийн гол үүрэг нь иргэдийн эрхийг хамгаалах явдал гэж үзсэн. Хэрэв төр иргэдийн эрхийг хамгаалахгүй бол ард түмэн төрийг солих эрхтэй гэж тайлбарласан. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглал, эрх мэдлийн хуваарилалт, хувь хүний эрхийг хамгаалах онолын үндэс болсон юм.
Жан-Жак Руссо[20] хүний эрхийг байгалийн жамаар оршин байдаг гэж үзсэн ч, нийгмийн гэрээний онолтой уялдуулан тайлбарласан. Тэрээр хүмүүс байгалийн төлөв байдалдаа эрх чөлөөтэй байсан ч, нийгэмд зохион байгуулалттай амьдрахын тулд хүмүүс төртэй гэрээ байгуулж, өөрсдийн зарим эрхээ төрд шилжүүлдэг гэж үзжээ. Энэ нь төрийг ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн санааг агуулдаг. Хэрэв төр гэрээгээ зөрчвөл ард түмэн төрийг өөрчлөх бүрэн эрхтэй гэж онолдсон. Түүний энэхүү үзэл баримтлал нь ардчиллын үндсэн зарчмуудын нэг болж хөгжжээ.
Энгийнээр хэлбэл, Томас Хоббс хүчтэй төрийг дэмжсэн, Жон Локк төрийг иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзсэн, харин Жан-Жак Руссо төр бол ард түмний нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэж онолджээ.
Либерализмын үзэл баримтлал (Liberalism)
Либерализмын үзэл баримтлал нь хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн зорилго байх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг. Энэ үзлийн дагуу эрх чөлөө, өмчийн эрх, хууль дээдлэх ёс нь хүний эрхийн суурь үндэс гэж үздэг.
Либерализмын гол төлөөлөгчдийн нэг Жон Локк төрийн эрх мэдэл хязгаартай байх ёстой гэж үзэж, төрийн үүрэг бол иргэдийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрхийг хамгаалах явдал гэж онолдсон. Тэрээр нийгмийн гэрээний онолын нэг хувилбарыг дэвшүүлж, төр иргэдийн эрхийг хамгаалахгүй бол түүнийг солих эрхтэй гэж үзсэн нь ардчиллын суурь зарчим болсон.
Харин Жон Стюарт Милл[21] хувь хүний эрх чөлөөг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг төдийгүй нийгмийн хандлагын асуудал гэж үзсэн. Тэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчиллын үндэс суурь бөгөөд төр болон олонхын дарамтаас хамгаалагдах ёстой гэж тайлбарлажээ.
Либерализмын эдгээр үзэл санаа нь өрнөдийн ардчилсан улс орнуудын үндсэн хуулийн суурь болж, хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Либерализм нь цаашид сонгодог либерализм, нийгмийн либерализм зэрэг урсгалд хуваагдаж, төрийн үүрэг, эдийн засгийн бодлогын талаар олон чиглэлээр салбарлан хөгжжээ.
Социал демократ үзэл баримтлал (Social Democratic Approach)
Социал демократ үзэл баримтлал нь хүний эрхийг зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлахгүй, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг чухалчлах ёстой гэж үздэг. Энэхүү үзэл нь шударга нийгэм, эрх тэгш байдал, төрийн нийгмийн үүрэг гэх зарчимд тулгуурладаг байна.
Социал демократ онолын гол төлөөлөгчдийн нэг Жон Ролз[22] шударга нийгэмд хүн бүр тэгш боломжтой байх ёстой бөгөөд төр нь нийгмийн баялгийг шударга хуваарилж, иргэдийн сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй гэж үзсэн. Тэрээр “Шударга ёсны онол” (A Theory of Justice, 1971) бүтээлд, шударга нийгэм нь зөвхөн хуулийн өмнө тэгш байх төдий бус, эдийн засгийн болон нийгмийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлажээ.
Энэхүү үзэл баримтлалын дагуу хүний эрх нь зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлагдахгүй, харин төрөөс бүх иргэдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, зохистой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн боломжийг тэгш олгох үүргийг хүлээх ёстой гэж үздэг.
Социал демократ үзэл нь Европын олон оронд хүний эрхийн бодлогын үндэс болж, Норвеги, Швед, Дани, Герман зэрэг улсад халамжийн төрийн (welfare state) тогтолцоог хөгжүүлэхэд нөлөөлсөн. Энэ нь капитализмын зах зээлийн механизм болон төрийн зохицуулалт, нийгмийн хамгааллын тогтолцоог хослуулсан загвар бөгөөд хүний эрхийг эдийн засаг, нийгмийн эрхтэй хамт хамгаалах хэрэгцээг онцолдог.
Энэхүү үзэл баримтлал нь либерализмын хувь хүний эрх чөлөөг хамгаалах үзэл ба марксизмын эдийн засгийн тэгш эрхийг эрхэмлэх үзлийн дунд байр суурь эзэлж, хүний эрхийн практикт өргөн хэрэгжиж байна.
Орчин үеийн хүний эрхийн онол, үзэл баримтлал (Modern International Human Rights Theory and Doctrine)
Орчин үеийн хүний эрхийн онол нь хүний эрхийг бүх нийтийн бөгөөд улс орнууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээгээр хамгаалах үүрэгтэй гэж үздэг. Улс орнууд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийг олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажуулжээ.
Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм
Өнөөдөр хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц НҮБ, бүс нутгийн байгууллагууд, олон улсын шүүхүүд, трибуналуудын оролцоотойгоор хэрэгжиж байна. Эдгээр нь хүний эрхийг хамгаалах олон улсын механизм болдог.
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл (UNHRC) ➠ Улс орнуудад хүний эрхийн зөрчлийг хянаж, зөвлөмж гаргадаг.
Хүний эрхийн хороо (Human Rights Committee) ➠Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хянадаг.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо (CESCR) ➠ Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хянадаг.
Олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн шүүхүүд
Олон улсын эрүүгийн шүүх (ICC) ➠ Геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг шийдвэрлэдэг.
Европын хүний эрхийн шүүх (ECtHR) ➠ Европын хүний эрхийн конвенцын хэрэгжилтийг хянадаг.
Америкийн хүний эрхийн шүүх (IACtHR) ➠ Латин Америк дахь хүний эрхийн зөрчилтэй хэргүүдийг шийдвэрлэдэг.
Африкийн хүний эрхийн шүүх (ACtHPR) ➠ Африкийн хүний болон ард түмний эрхийн асуудлыг хянадаг.
Орчин үеийн хүний эрхийн онолын бусад онолоос ялгарах онцлог
Хүний эрхийн орчин үеийн онол нь өмнөх онолуудын хувь хүний эрхийг төрийн дотоод хэрэг гэж үздэг ойлголтоос хальж, олон улсын хэмжээнд баталгаажуулах асуудлыг илүү онцолдог болжээ.
Онол | Гол санаа |
Жам ёсны эрхийн онол | Хүний эрх нь төрөөс ангид, төрөлхийн байдаг. |
Позитивизм | Хүний эрх нь зөвхөн хуульчлагдсан үед хүчин төгөлдөр. |
Нийгмийн гэрээний онол | Хүний эрх төр, нийгмийн гэрээний үр дүнд оршин байдаг. |
Марксизм | Хүний эрх ангийн тэмцэл, өмчийн харилцаатай холбоотой. |
Орчин үеийн хүний эрхийн онол | Хүний эрх бүх нийтийн бөгөөд олон улсын эрх зүйгээр баталгаажсан байх ёстой. |
Хүний эрхийн үзэл баримтлал нь олон зуун жилийн турш хөгжиж, философи, шашин, хууль, улс төрийн өөрчлөлтүүдтэй уялдан хувьссаар ирсэн. Жам ёсны эрхийн онол хүний төрөлхийн, төрөөс ангид эрхийг онцолдог бол, позитивизм зөвхөн хуульчлагдсан эрхийг чухалчилдаг. Либерализм хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаардаг бол, марксизм ангийн тэмцэл, өмчийн харилцаатай холбоотой эрхийг голлон авч үздэг. Социал демократ үзэл баримтлал нийгмийн тэгш байдлыг хангахын тулд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай гэж үздэг байна.
Өнөөдөр хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо бүрэлдэн тогтож, улс орнууд хууль тогтоомждоо хүний эрхийн үзэл санааг тусган хэрэгжүүлж байна. 1948 оны “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон 1966 оны олон улсын пактууд нь хүний эрхийг олон улсын түвшинд хамгаалах суурь баримт бичгүүд болсон. Хүний эрхийн ойлголт улс төр, иргэний эрхээс гадна эдийн засаг, нийгэм, соёлын болон хөгжлийн эрх, хүрээлэн буй орчны эрх зэрэг өргөн хүрээнд хамрагдах болжээ. Гэсэн хэдий ч хүний эрхийн зөрчил байсаар байгаа бөгөөд улс орнууд шинэ сорилтуудтай тулгарч, хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц тасралтгүй үргэлжилсээр байна.
Ж.Танан
Зүүлт тэмдэглэл
[1] Хаммурапийн хуулиас жишээ:
§ 196: Хэрэв хүн бусдын нүдийг сохолбол түүний нүдийг мөн адил сохолж шийтгэнэ.
§ 200: Хэрэв хүн өөр хүний шүдийг хугалбал түүний шүдийг мөн адил хугална.
[2] Талеоны системийн (Талуны зарчим) (Lex Talionis) дагуу хуучин овгийн цусан өшөө авах, хорсох занах ёсонд үндэслэсэн уламжлал баримтлан амийг амиар, цусыг цусаар төлүүлдэг байжээ.
[3] Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, түлэгдсэнийг түлэгдсэнээр, шархыг шархаар, хөхрөлтийг хөхрөлтөөр төлөөс болгоно.
[4] Сократ (Socrates, МЭӨ 470-399) нь эртний Грекийн философич бөгөөд ёс суртахуун, логик сэтгэлгээ, диалектик аргыг хөгжүүлж, “Өөрийгөө тань” гэсэн философийн сургаалаараа алдаршсан.
[5] Платон (Plato, МЭӨ 427-347) нь эртний Грекийн философич бөгөөд Сократын шавь, “Улс төр”, “Идеализм” онолыг хөгжүүлж, анхны философийн сургууль болох Академийг үндэслэсэн.
[6] Аристотель (Aristotle, МЭӨ 384-322) нь эртний Грекийн философич бөгөөд логик, ёс зүй, улс төр, шинжлэх ухаан, метафизик зэрэг олон салбарт онол боловсруулж, өрнөдийн философийн үндэс суурийг тавьсан.
[7] Стоицизм нь сэтгэлийн хяналт, хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх, ёс суртахуунтай амьдрах зарчмууд дээр тулгуурласан эртний Грекийн философийн сургаал юм.
[8] Сенека (Seneca, МЭӨ 4-МЭ 65) нь Ромын философич, улс төрч, зохиолч бөгөөд стоицизмын гол төлөөлөгчдийн нэг, хүний сэтгэлийн хяналт, амьдралын утга учир, шударга ёсны тухай сургаалуудаараа алдартай.
[9] Цицерон (Cicero, МЭӨ 106-43) нь эртний Ромын улс төрч, философич, илтгэгч бөгөөд Бүгд найрамдах засаглал, хууль дээдлэх ёс, байгалийн хууль, хүний эрхийн үзэл санааг хөгжүүлсэн.
[10] Каракалла (Caracalla, 188-217) нь Ромын эзэн хаан, цэргийн хатуу бодлого, харгис зан чанар, татварын шинэчлэлүүдээрээ алдаршиж түүхэнд бичигдсэн.
[11] Томас Жефферсон (Thomas Jefferson, 1743-1826) нь АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч, 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглалын гол зохиогч, ардчилал, хүний эрхийн үзэл санааг түгээгч улс төрч, философич байсан.
[12] Жон Локк (John Locke, 1632-1704) нь жам ёсны эрхийн онолыг хөгжүүлж, ардчилал, эрх чөлөө, хувь хүний эрхийг хамгаалах үзлийг дэвшүүлсэн Английн философич, “Либерализмын эцэг”.
[13] Абрахам Линкольн (Abraham Lincoln, 1809-1865) нь АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Иргэний дайны үед улсыг нэгтгэн, ардчиллыг хамгаалсан удирдагч байв.
[14] 1863 оны Боол чөлөөлөх тунхаглал нь бүх боолыг шууд чөлөөлөөгүй, зөвхөн Өмнөдийн босогч мужуудад хамаарч байжээ.
[15] Жереми Бентам (Jeremy Bentham, 1748-1832) нь утилитаризмын онолыг хөгжүүлж, хууль зүйн реформ, нийгмийн ашиг тусыг дээдлэх зарчмыг чухалчилсан Английн философич, хуульч байв.
[16] Жон Остин (John Austin, 1790-1859) нь хууль ёсны позитивизмын онолыг хөгжүүлж, хуулийг ёс суртахуунаас ангид, төрийн тогтоосон зайлшгүй дагаж мөрдөх команд гэж тайлбарласан Английн хуульч, философич байв.
[17] Эрх зүйн реализм (Legal Realism) нь хуулийг зөвхөн бичмэл дүрэм, хууль тогтоомж биш, харин шүүхийн шийдвэр, практик хэрэглээ, бодит нөхцөл байдлаар тодорхойлогддог гэж үздэг эрх зүйн онолын чиглэл юм. Энэ үзлийн дагуу шүүгчид хууль хэрэглэж буй нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тухайн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн тайлбарлах ёстой гэж үздэг.
[18] Карл Маркс (Karl Marx, 1818-1883) нь марксизмыг үндэслэж, ангийн тэмцэл, капитализмын шүүмжлэл, коммунист нийгмийн тухай сургаалыг хөгжүүлсэн Германы философич, эдийн засагч, улс төр судлаач байв.
[19] Томас Хоббс (Thomas Hobbes, 1588-1679) нь Левиафан бүтээлдээ хүмүүс байгалийн байдалдаа хэрцгий, эмх замбараагүй амьдардаг тул хүчтэй, төвлөрсөн төрийн удирдлага хэрэгтэй гэж үзсэн Английн философич байв.
[20] Жан-Жак Руссо (Jean-Jacques Rousseau, 1712-1778) нь нийгмийн гэрээний онолыг хөгжүүлж, ардчиллын үндэс суурийг тавьсан, хувь хүний эрх чөлөө, иргэний тэгш эрхийг хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлсэн Франц-Швейцар философич байв.
[21] Жон Стюарт Милл (John Stuart Mill, 1806-1873) нь либерализмын гол төлөөлөгчдийн нэг бөгөөд хувь хүний эрх чөлөө, үг хэлэх эрх, жендерийн тэгш эрхийг хамгаалахыг дэмжиж, утилитаризмын онолыг хөгжүүлсэн Английн философич, эдийн засагч байв.
[22] Жон Ролз (John Rawls, 1921-2002) нь шударга ёсны онолыг хөгжүүлж, нийгмийн тэгш байдал, шударга хуваарилалтын зарчмуудыг дэвшүүлсэн Америкийн улс төр, философийн сэтгэгч байв.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХүнийЭрх #ХүнийЭрхийнҮүслийнТухайОнол #ХүнийЭрхийнҮзэлБаримтлал #ХүнийЭрхийнТүүхэнХөгжил #МагнаХарти #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ЖамЁсныЭрхийнОнол #Позитивизм #Марксизм #Либерализм #СоциалДемократҮзэлБаримтлал #НийгмийнГэрээнийОнол #ЖонЛокк #АНУынТусгаарТогтнолынТунхаглал #ФранцынХүнийБолонИргэнийЭрхийнТунхаглал #РомынЭрхЗүй #БуддынСургаал #КүнзийнСургаал #ШариатынХууль #ХристийнИтгэл #ВавилоныХууль #ХаммурапийнХууль #ТалеоныЗарчим #ЭрхЗүйнТогтолцоо #АрванХоёрХүснэгтийнХууль #Сократ #Аристотель #Платон
👍
5
👍