Хоригдол, албан хаагчдын хооронд үүсэх харилцааны зөрчлийг оновчтой шийдвэрлэх арга зам
- Ж.Танан
- Dec 9, 2023
- 2 min read
Updated: Jul 29, 2024

Сэтгүүл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал 2022 он No.3 (41)
Зохиолч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгч, ахмад Ө.Хүрэлшагай
Нийтлэл: “Хоригдол, албан хаагчдын хооронд үүсэх харилцааны зөрчлийг оновчтой шийдвэрлэх арга зам”
Сэдэв сонгосон шалтгаан
Эрх зүйн чиглэлээр суралцаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй хичээлийг үзэж судалж байгаагийн хувьд хоригдол болон албан хаагчдын хооронд үүсэх харилцааны ямар зөрчил байдаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэдэг талаар сонирхов.
Нийтлэлийн гол санаа
Зохиолч хорих байгууллагын албан хаагчийн харилцааны ур чадвар нь тус байгууллагын нэр хүнд төдийгүй, нийгмийн харилцаанд оролцоход зайлшгүй эзэмших ур чадвар хэмээн үзсэн байна.
Хөндсөн асуудал
Харилцааны ур чадвар, хоригдол болон албан хаагчийн хоорондын харилцаа, харилцах мэдрэмжийн талаар хөнджээ. Ингэхдээ байнга тохиолддог зүйл биш ч гэсэн, сүүлийн үед ажиглагдах болсон хоригдлын зүгээс албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэх, биелүүлэхгүй, үл хүндэтгэсэн шинжтэй сөрөг харьцаа байх зэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл ихсэх болсон нь асуудал хэмээн тодорхойлсон байна. Үүнийг хувь хүний харилцааны ур чадвар, ухамсар, цаг үеийн нөхцөл байдалтай холбон харжээ.
Шийдвэрлэх арга зам
Хоригдол болон албан хаагч хоорондын харилцааны хэлбэрийг одоогийн хууль журамд зааснаас илүү нарийвчлан нэг стандартад оруулан, хоригдолтой харилцах жишиг хэм хэмжээг зөв зохистой дагаж мөрдүүлснээр харилцааны зөрчлийг арилгах боломжтой гээд. АНУ-ын цагдаагийн албан хаагчид жирийн иргэдтэй харилцахад стандарт тогтоосон байдаг тул үүнийг жишиг болгох боломжтой. Түүнчлэн, удирдлага боловсон хүчнээ хоригдлын дунд зохих ёсоор биеэ авч явахад бэлэн байгаа гэдэг зохих түвшний бэлтгэлийг хангаж, сурган дадлагажуулах зохион байгуулалтын арга хэмжээг авна гэжээ.
Миний бодол
Зохиолчийн санал болгож буй харилцааны стандарт нь хоригдол болон албан хаагчийн хоорондын харилцаанаас үүдэлтэй зөрчлийг багасгах, зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, харилцан хүндлэл бий болгох, тайван орчин бүрдүүлэх, эрүүдэн шүүх болон хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх, харилцаанаас үүдэлтэй зөрчлийн эрсдэл буурах, хяналт, аюулгүй байдал улам хүчтэй болох, албан хаагчид ажлаасаа таашаал авах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзсэн байна. Нөгөө талаас, харилцааны хувьд зөрчилдөх үйлдлийн хор хохирол нь хорих анги, албан хаагч, хоригдлын аюулгүй байдалтай ч шууд холбогдох ноцтой байх тохиолдол цөөнгүй, аливаа зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эс тэгвээс хязгаарлагдмал орчинд хурцадмал байдал эрт орой хэзээ нэгэн цагт асаж магадгүй, таагүй нөхцөл байдалд үр дагавар нь эмгэнэлтэй байж болно гэжээ.
Зохиолч харилцааны хэм хэмжээг нарийвчлан тодорхойлох нь асуудлыг шийдвэрлэх арга зам хэмээн тодорхойлсон боловч одоогийн хууль, дүрэмд эдгээрийг заасан, тухайлан хэм хэмжээг тогтоосон байдаг талаар дурдсан байна.
Хорих байгууллагад хорих ял эдэлж байгаа хоригдол болон албан хаагч хоорондын харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, хорих ангийн дотоод журамд зааснаас гадна хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэмд хоригдолтой ямар хэлбэрээр харьцах талаар тусгасан байдаг. Заасан дүрэм журамд юуг дутуу орхисон, хэрхэн сайжруулах талаар нийтлэлд огт авч үзээгүй байна.
Түүнчлэн, дүрэм журамтай, тэдгээр нь мөрдөгдөж байгаа бол асуудлын гарц нь дахин нарийвчлан зааснаар бий болно гэж бодохгүй байна. Харин асуудал нь эдгээр дүрэм журмыг аль аль тал мөрдөж хэрэгжүүлэхгүй байгаа учир шалтгааныг тодруулах нь зүйтэй байсан болов уу. Үүнээс улбаалан, нэгэнт энэ асуудлыг хөндсөн бол бусад орны туршлага, ээдрээтэй харилцааны талаар илүү гүнзгий судлах хэрэгтэй гэж харлаа. Товчхондоо, зохиолч асуудалд хэт хөндий, асуудлыг шийдвэрлэх талаар бус, сөрөг харилцааны давуу сул талыг тоочих байдлаар ханджээ.
Харин албан хаагчдыг харилцааны талаар сургалтад хамруулах нь харилцааны зөрчлийг багасгах нэг шийдэл мөн гэж харлаа. Гэхдээ уг сургалтаар яг юуг өгөх, юунд чиглэх, эцсийн үр дүн нь юу байх талаар мэргэжлийн хүмүүс урьдчилан тодорхойлох нь зүйтэй болов уу.
Ж.Танан
#ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #ШүүхийнШийдвэрГүйцэтгэлСудлал #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Хоригдол #АлбанХаагч #ХорихАнги
Comments