top of page

Улсын тухай

  • Writer: Хуульч Шувуухай
    Хуульч Шувуухай
  • May 31, 2024
  • 16 min read

Updated: Mar 31




Улсын тухай нэр томьёо

Нэр томьёо

Агаарын хил
air frontier; воздушная граница

Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц дээш үргэлжилнэ. Агаарын хил нь дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан дээшлэх тутам өргөснө.

Түүний өндөр сансрын орон зай хүртэл үргэлжлэх бөгөөд ойролцоогоор 100-110 км гэж үздэг. Гэхдээ энэ нь тухайн улсын газар зүйн байрлал буюу далайн түвшний хамаарлаас шалтгаална.


Анклав
enclave; анклав

Тал бүрээсээ бусад улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн улс гүрэн, түүний газар нутгийн хэсэг.


Антарктик
Antarctica; Антарктика

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн 60 дугаар өргөргөөс урагш орших газар нутаг. Хэдийгээр уг нутаг дэвсгэрийг ашиглаж эхлээгүй ч одоогоор судлах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байна. Антарктик нь аливаа улсын бүрэн эрхээс гадуур оршино.


Антарктикийн тухай гэрээ
the antarctic treaty; договор об Антарктике

1959 онд Вашингтон хотноо 16 улс оролцож тус гэрээг баталсан бөгөөд гэрээгээр Антарктикийг бүхэлд нь цэрэг, зэвсэггүй бүс нутаг болгон эрх зүйн онцгой дэглэм тогтоожээ.


Арлын улс
island state; островное государство

Нэг болон хэд хэдэн арлаас тогтох тэнгисийн эрэг бүхий улс.

Дэлхийд Индонез, Филиппин, Фиджи, Багамийн арлууд, Тонго зэрэг 30 гаруй арлын улс бий.


Арлын ус
island water; архипелажные воды

Арлын улсын хилийн дотор орших ус. Энэ нь уг улсын нутаг дэвсгэрийн хамгийн захад оршиж байгаа арал, хад цохиог холбосон шулуун шугамын дотор орших ус юм. Гэхдээ усан болон хуурай талбайн харьцаа 1:1 – 9:1-ээс хэтрэх учиргүй. Түүнчлэн гарааны шугамын урт тэнгисийн 100 милээс хэтэрч үл болно. Хэлхэлдсэн арлуудыг холбосон шугамаас нутаг дэвсгэрийн усны өргөн эхлэн тооцогдоно.


Гадаадын иргэн
alien, foreign citizen; иностранный гражданин

Аль нэг улсын нутаг дэвсгэрт оршин суугаа боловч өөр улсын харьяалалтай этгээд.

Гадаадын иргэнд хуулийн дагуу, эсхүл хууль бусаар тухайн улсад түр буюу удаан хугацаагаар оршин сууж байгаа тэр улсын харьяат биш иргэн, түүнчлэн тухайн улсыг дайран өнгөрч байгаа жуулчин ч хамаарна.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг үндэсний болон тусгай дэглэмд үндэслэн тогтооно. Үндэсний дэглэм гадаадын иргэдэд өөрийн улсын иргэдийн нэгэн адил эрх, эрх чөлөөг олгодог бол тусгай дэглэм улс гүрний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүйн байдлыг хангах үүднээс гадаадын иргэдийн зарим эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоосон тусгай хууль гаргаж, эрх зүйн байдлыг нь тогтооно.

Улс гүрнүүд өөрийн улсын хүн амын дотор гадаадын иргэдийн эзлэх хувийн жинд зохих хязгаарлалтыг тогтоодог.


Газрын хэвлийн хил
frontier of the land subsoil; граница недра земли

Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц доош үргэлжлэх ба дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан доошлох тусам хумигдана. Газрын хэвлий нь объектив утгаараа дэлхийн цөмөөр хязгаарлагдах боловч улс гүрний эрх зүйн үйлчлэл нь орчин үеийн техник технологийн хүрч чадах орон зайг хамаарна.


Далайд гарцгүй орон
landlocked state; страна не имеющая выхода к морю

Далай тэнгисээс алслагдсан, тал бүрээсээ нэг буюу хэд хэдэн улсаар хүрээлэгдсэн улс гүрэн. Нээлттэй тэнгисийн тухай 1958 оны Женевийн конвенц, Далайд гарцгүй улсын транзит худалдааны тухай 1965 оны конвенц, Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцод дараах зүйлийг заажээ.

- Далайд гарцгүй улс эргийн улстай тэгш байх үндсэн дээр далайд чөлөөтэй хүрэх гарцтай байвал зохино;

- Далай ба далайд гарцгүй улсын хооронд орших улс “харилцан адил байх” үндсэн дээр өөрийн нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах боломжийг тэдэнд олгоно;

- Далайд гарцгүй орны төрийн далбаа бүхий хөлөг онгоцонд боомтод хүрэх болон түүнийг ашиглах талаар тухайн улс өөрийн болон бусад орны хөлөг онгоцны нэгэн адил боломжийг олгоно.

Далайд гарцгүй улсын хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх үүднээс дамжин өнгөрөх зөвшөөрөл олгосон улс нь бараа таваарт нь хязгаарлалт тогтоохгүй байх мөн дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл болон бараанаас нь гаалийн татвар, хураамж авахгүй байхаар заажээ. Өөрийн эрхийг эдлэхийн тулд далайд гарцгүй улс холбогдох улс гүрэнтэй дамжин өнгөрөх үйл ажиллагааны нөхцөл, болзлын талаар хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд хэлэлцээр байгуулна.


Далайн ёроол
seabed; морское дно

Эргийн улсын эх газрын хормой, эдийн засгийн онцгой бүсийн хязгаарын гадна орших тэнгисийн ёроол, түүний баялаг.

Тэнгисийн (далайн) эрх зүйн 1982 оны конвенцоор энэ бүс нутагт эрх зүйн дараах дэглэм тогтоосон.

- Энэ бүс, түүний баялаг нь хүн төрөлхтний нийтийн өв хэмээн тунхаглагдсан бөгөөд аливаа улс уг орон зайд өөрийн тусгаар тогтнолоо үл зарлах, харьяаллаа үл тогтоох;

- Гагцхүү энх тайвны зорилгоор ямар нэг ялгаваргүйгээр ашиглах;

- Далайн ёроолын баялгаас олох санхүүгийн ашгийг шударга ёсны зарчмын дагуу хөгжиж байгаа улс оронд хуваарилах (үүнийг Далайн ёроолын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага хүн төрөлхтний нэрийн өмнөөс гүйцэтгэнэ).

Энэ бүс болон тэнгисийн бусад бүсэд явагдах үйл ажиллагаа нь тэнгисийн нисэх хүчний аюулгүй байдлыг хангах, тэнгист хүний амь насыг хамгаалах, түүнчлэн далайн чөлөөт байдлын журмыг харгалзсан байвал зохино. Далайн ёроолд явуулах улс гүрний үйл ажиллагаа дээрх конвенцын заалтын зэрэгцээ НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээгээр зохицуулагдана.


Делимитац
delimitation; делимитация

Улсын хил тогтоох тухай тэмдэглэл бөгөөд түүнийг батлагдсан гэрээ хэлэлцээрийн дагуу зурагт тодорхойлно. Өөрөөр хэлбэл, улсын хилийн шугамын дайран өнгөрөх ерөнхий чиглэлийг гэрээгээр тодорхойлон түүнд хавсарган томруулсан масштаб бүхий физик-газар зүйн карт дээр дүрслэл хийх үйл ажиллагаа.


Демаркац
demarcation; демаркация

Улсын хилийн гэрээ, түүнд хавсаргасан газрын зургийн дагуу газар дээр нь хилийн тэмдэгтийг байрлуулан тогтоох үйл ажиллагаа.

Уг үйл ажиллагааг хил залгаа улсуудын төлөөлөгчдөөс бүрэлдсэн хамтарсан комисс гүйцэтгэх бөгөөд шаардлагатай үед хилийн шугамыг шинэчлэн тогтоох, тодруулах, гэмтэж хуучирсан тэмдэгтүүдийг сэлбэж засах, шинийг нэмж тавих зэрэг ажлыг Демаркацийн тухай баримт бичгийг үндэслэн хийнэ.


Дотоодын ус
internal waters; внутренние воды

Тэнгисийн эрэг бүхий улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд орж буй нутаг дэвсгэрийн тэнгисийн өргөний тогтоох гарааны шугамаас эрэг хүртэл үргэлжлэх тэнгисийн орон зайн хэсэг юм.

Далайн эрх зүйн 1982 оны конвенцод зааснаар дотоодын усны бүрдэлд дараах ус багтана.

- Хилийн дотор орших гол мөрөн, нуур цөөрөм, усан сангийн бусад ус;

- Боомтын ус;

- Түүхэн булангийн ус;

- Хуурай газартай хил залгаа орших эргийн ус нь бүхэлдээ нэг улсад харьяалагдаж байгаа тэнгисийн ус;

- Булангийн ус (тохойн өргөн тэнгисийн 24 милээс хэтрэхгүй бөгөөд нэг улсад харьяалагдаж байвал).

Дотоодын ус эргийн улсын бүрэн эрхэд орших тул түүний эрх зүйн дэглэмийг улс өөрөө тогтооно. Гадаадын хөлөг гарцаагүй байдлаас бусад тохиолдолд эргийн улсын дотоодын усанд зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр нэвтрэн орох ба байрлах үеийн эрх зүйн дэглэмийг холбогдох орнуудын хэлэлцээр болон олон улсын нийтлэг хэм хэмжээгээр тогтооно. Худалдааны хөлөг, түүний экипажийнхан боомтын усанд байх үедээ эргийн улсын эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүн шийдэх эрхийн үйлчлэл дор оршино. Харин цэргийн хөлөг онгоц, худалдааны бус зорилгод ашиглагдаж байгаа улсын мэдлийн бусад хөлөг онгоцонд энэ нь хамаарахгүй хэдий ч боомт, дотоодын усанд байрлах гадаадын цэргийн хөлөг онгоцны тоо, байрлах хугацааны хязгаарлалтыг эргийн улс тогтоож болно. Цэргийн хөлөг эргийн улсын гаалийн үзлэг, эрүүл ахуйн хяналтаас чөлөөлөгдөнө. Хөлгийн дарга эрүүл ахуйн хяналтын төлөөлөгчийн хүсэлтээр хөлгийн талаарх эрүүл ахуйн мэдээлэл, халдваргүйжлийн талаар тодорхойлолт, бусад баримтыг гаргаж өгнө.


Залгаа бүс
adjacent zone; прилегающая зона

Нутаг дэвсгэрийн далайн өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш далайн 24 милийн дотор багтах далайн хэсэг.

Эргийн улс өөрийн нутаг дэвсгэр болон нутаг дэвсгэрийн далайг гааль, татвар, цагаачлал болон эрүүл ахуйн хууль дүрмийг зөрчихөөс сэргийлэх, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зорилгоор залгаа бүсэд хяналтаа тогтооно. Далайн хөлөг онгоц эргийн улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь үндэслэлтэй бол түүнийг саатуулан баривчлахаар өөрийн нутаг дэвсгэрийн далайн болон залгаа бүсийн хязгаар дотор мөрдөн хөөх эрхийг эдэлнэ.


Иргэн
citizen; гражданин

Өөрийн улсад нийгмийн бүрэн эрхт гишүүн байж, үүнтэй холбогдсон эрх ямбыг эдэлж, үүрэг хүлээх хувь хүний эрх зүйн байдал.

Гол төлөв улсын газар нутагт төрж мэндэлснээр (лат. jus soli), тухайн улсын иргэнээс төрсөн бол өөрөөр хэлбэл цусан холбоогоор (лат. jus sunguinis), эсвэл захиргааны замаар иргэн болох хүсэлтээ гаргаснаар аливаа этгээд уг статусыг олж авна.


Иргэний харьяалал
citizenship; гражданство

Бие хүн ба төр хоёрын хоорондын улс төрийн харьцангуй тогтвортой эрх зүйн шүтэлцээ. Төр өөрийн иргэнд түүний хууль ёсны эрх ашгийг ханган өгч, хаана байгаагаас нь үл хамааран эрх зүйн хамгаалал үзүүлж байдаг.


Иргэний харьяаллыг сэргээх
restoration of nationality; восстановление гражданства

Тодорхой шалтгаанаар тухайн улсын иргэний харьяаллыг алдсан буюу харьяаллаас гарсан этгээд хүсэлт гаргаснаар харьяаллыг сэргээн тогтоож болно.

Харьяаллыг сэргээхэд тавих болзол нь харьяат болгоход тавигдах болзлоос харьцангуй хялбар байна.


Натурализаци
naturalization; натурализация

Хүсэлт гаргах замаар харьяалалтай болох явдал.

Дараах аргууд хамаарна.

- Хувийн хүсэлтээр харьяаллаа өөрөө сонгох;

- Гадаадын иргэнтэй гэр бүл болох замаар харьяаллаа сонгох;

- Гадаадын иргэнийг үрчлэх замаар харьяалалтай болох.

Энэ үед сонирхогч этгээдийн хүсэлтийг хүлээн авах эсэх болон түүнд харьяалал олгох болзол, нөхцөлийг дотоодын хууль тогтоомжоор тодорхойлдог. Хувийн хүсэлтээр иргэн болох явдал натурализацийн хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр бөгөөд хүсэлт гаргагчид тавигдах болзол шаардлага нь ялгаварлан гадуурхаагүй байвал зохино.


Нутаг дэвсгэр
territory; территория

Олон улсын эрх зүйд нутаг дэвсгэр хэмээх ойлголт нь өргөн утгаараа дэлхийн бөмбөрцөг, түүний хуурай ба усан гадаргуу, газрын хэвлий ба агаарын орон зай, түүнчлэн дэлхийг хүрээлэн буй сансрын орон зай, сар, нарны аймгийн бусад эрхэс гариг болон сансрын биетүүд хамаарна.

Нутаг дэвсгэрийг эрх зүйн дэглэмийн хувьд дараах байдлаар ангилна.

- Улс гүрний нутаг дэвсгэр;

- Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр;

- Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр.


Нутаг дэвсгэрийн далай
territorial sea; территориальное море

1982 оны НҮБ-ын Далайн эрхийн конвенц ёсоор эргийн улсын бүрэн эрх орших нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүний тэнгисийн 12 миль хүртэлх өргөнтэй тэнгисийн бүс нутгийг нутаг дэвсгэрийн ус (тэнгис) гэнэ.

Нутаг дэвсгэрийн усны гадаад хязгаар нь тухайн улсын тэнгисийн хил болно. Нутаг дэвсгэрийн усны өргөнийг хэмжих гарааны шугам нь эргийн усны хамгийн их татралтын шугам буюу арал, ангийн хэсгүүдийн хамгийн алслагдсан цэгүүдийг холбосон шугам байна. Үүнийг эргийн улсын албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тэнгисийн өргөн масштаб бүхий газрын зурагт тэмдэглэнэ.

Нутаг дэвсгэрийн далай, түүний ёроол, хэвлий, түүний дээрх агаарын мандалд эргийн улс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боловч олон улсын эрх зүйн дагуу зарим нэгэн хязгаарлалтыг тогтоодог. Тухайлбал, бусад улсын далайн хөлөг онгоц тайван замаар дайран өнгөрөх тохиолдолд эргийн улсаас зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг бол агаарын хөлөг онгоц ийм эрхийг эдэлдэггүй байна.


Нээлттэй далай
open sea; открытое море

Далайн эргийн улсын нутаг дэвсгэрийн хязгаарын гадна оршиж аль нэг улсын бүрэн эрхэд үл хамаарах, нийтийн ашиглалтад байдаг тэнгисийн орон зай.

Энэ нь эрх зүйн харилцан ялгаа бүхий дэглэмтэй хажуугийн бүс, эх газрын хормой, далай, түүний ёроолын олон улсын хэсгүүдэд хуваагддаг. Харин эдгээр орон зай ямар нэгэн улсын үндэсний харьяалал болон бүрэн эрхэд хамаардаггүй байдал нь тэдгээрийн нийтлэг шинж юм.


Олон улсын гол мөрөн
international river; международные реки

Хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр дамжин урсдаг гол мөрөн.

Хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн буюу тэдгээрийн хилийн шугам дайран гарч байгаа нуурыг олон улсын нуур гэнэ. Байгалийн хувьд нэгдмэл цогц боловч хэсгүүд нь өөр өөр улсын нутаг дэвсгэрт байдаг олон улсын мөрөн, нуурыг хамтран ашиглах, тэдгээрийн эрх зүйн дэглэмийг тогтоох явдал юуны түрүүнд холбогдох улсуудын тохиролцооноос шалтгаална.

Олон улсын гол мөрөн, нуурын усыг ашиглах талаар дараах зарчим үйлчилж байна.

- Өөрийн нутаг дэвсгэрийн хилийн дотор орших олон улсын усан сангийн хэсэгт төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

- Эргийн улс бүрд зохих хувийг ноогдуулан усны санг шударгаар хуваан ашиглах;

- Олон улсын гол, мөрний усыг ашиглахдаа бусад улсын байгаль орчин, ашиг сонирхолд ноцтой хор хохирол (бохирдуулах) үл учруулах.


Олон улсын суваг
international canal; международный канал

Далайн замыг богиносгох, далайн аяллын аюулгүй байдлыг хангах зорилгоор хүний хөдөлмөрөөр бүтээсэн далайн зам.

Тодорхой улсын нутаг дэвсгэрт татсан суваг тухайн улсын эрх мэдэлд байх бөгөөд олон улсын далайн тээвэрт онц ач холбогдол бүхий зарим сувагт олон улсын хэлэлцээрээр дамжин өнгөрөх практик тогтоодог. Жишээлбэл, Суэцийн суваг, Панамын суваг.


Олон улсын хоолой
international strait; международный пролив

Олон улсын эрх зүйд далайн хоолой нь хоёр эх газраар хавчигдсан, хоёр том усан санг холбосон, байгалийн жамаар үүссэн, нарийхан, далайн усан зам.

Далайн хоолой нь усан тээвэрт стратегийн чухал үүрэгтэй. Эх газрууд нь усны урсгалыг ерөнхийдөө хавьчдаг ч ус ихэвчлэн хоолойны хоёр талд болон хоолойгоор хоёр чиглэлд жигд өндөртэйгөөр урсдаг. Зарим хоолойнд давамгайлдаг урсгалын чиглэл бий.

Далайн хоолойгоор хиллэдэг эрэг орчмын улсууд дамжин өнгөрөх эрхийг түдгэлзүүлэх боломжгүй боловч аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах болон бусад холбогдох асуудлуудаар зохицуулж болно. Гэхдээ эдгээр журам нь дамжин өнгөрөх эрхэд саад болохгүй байна.


Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр
territory under international law regime; территория с международным режимом

Улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарын гадна оршиж олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр эрх зүйн дэглэм нь тодорхойлогддог нутаг дэвсгэрийн хэсэг.

Олон улсын нутаг дэвсгэрийн эрх зүйн байдал нь дараах зарчимд үндэслэнэ.

- Олон улсын нутаг дэвсгэрийг аль нэг улсын бүрэн эрхэд захируулахгүй байх зарчим;

- Олон улсын нутаг дэвсгэр, түүний байгалийн баялгийг бүх улс, үндэстний ашиг тусын тулд хамгаалах, зүй зохистойгоор ашиглах зарчим.

Үүнээс үзвэл, түүний орон зайн хэсэг нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу улс гүрнүүдийн нийтийн хэрэгцээнд нээлттэй байдаг ба түүнд тэнгисийн эрэг бүхий улсын эдийн засгийн онцгой бүс, эх газрын хормойн гадна орших усан талбай, улс гүрний нутаг дэвсгэрийн хилийн гадна орших агаарын орон зай, нээлттэй далай, түүний ёроол, түүний дээр орших агаар мандал, антарктид, сансар, сар, тэнгэрийн бусад эрхэс багтана.


Олон улсын эрх зүйн номлол
international behest; международное предписание

Олон улсын эрх зүйн талаар мэргэшсэн эрдэмтдийн бүтээл хэдийгээр олон улсын эрх зүйн эх сурвалж биш боловч, олон улсын эрх зүй гэж юу болохыг тайлбарлан, улс түмний эрх зүйн ухамсарт ихээхэн нөлөө үзүүлнэ. Эрх зүйн хэм хэмжээ байгаа эсэхийг тодорхойлоход олон улсын эрх зүйн шинжлэх ухаан, олон улсын шүүхийн шийдвэрийн нэг адил тус дөхөм болно. Мөн олон улсын эрх зүйг дэвшилттэйгээр хөгжүүлэхэд сургаал, номлол чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сүүлийн үед нэлээд улс гүрэн гадаад хэргийн яамандаа бие даасан хуулийн зөвлөх ажиллуулж байна. Олон улсын байгууллагууд ч хууль зүйн мэргэжилтнүүдээс бүрэлдсэн зөвлөх байгууллагатай болсон .


Онцгой дэглэм бүхий нутаг дэвсгэр
territory with a special regime; территории с особым международным режимом

Энэ нь бүрэн цэрэг зэвсэггүй, төвийг сахисан, энх тайвны бүс хэмээн олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэр.

Олон улсын онцгой дэглэм бүхий нутаг дэвсгэрт улс гүрний олон улсын эрх зүйн болон хосолмол дэглэм бүхий нутаг дэвсгэрийн аль ч хэсэг орж болно.


Тэнгисийн булан
sea bay; морской залив

Эргийн гүн хэрчигдсэн болон нугачаа ихтэй газартай харьцуулахад эх газрын гүн рүү илүү ихээр түрэн орсон хуурай газраар хүрээлэгдсэн мэт усыг тэнгисийн булан хэмээн ойлгож болно.

Хэрэв эх газар луу түрэн орсон улсын хаалганы өргөн нь тэнгисийн 24 милээс бага байвал түүний хоёр захын хамгийн их татралын цэгийн хооронд шулуун шугам татаж түүн доторх усыг дотоодын усанд тооцдог.


Тэнгисийн (далайн) эрх зүй
law of the sea; морское право

Далайн тэнгисийг ашиглах явцад гарсан худалдааны ба цэргийн онгоц, засаг барих ба далай тэнгист ан агнуур хийх, биологийн ба эрдэс бодисын нөөцийг олборлох, эрдэм шинжилгээ судалгаа хийх зэрэг нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээ, зарчмын нийлбэр цогц.

Тэнгисийн эрх зүйг хөгжүүлэхэд НҮБ онцгой үүрэг гүйцэтгэх бөгөөд 1958, 1960, 1973-1982 онуудад далайн эрх зүйн талаар гурван удаагийн бага хурал зохион байгуулж, улмаар Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцыг батлан гаргажээ.


Улс гүрний нутаг дэвсгэр
territory of the state; государственная территория

Тодорхой улс гүрний бүрэн эрхийн дор, түүний хилийн дотор орших дэлхийн бөмбөрцгийн хэсэг. Нутаг дэвсгэр нь агаарын орон зай, хуурай гадаргуу, усан гадаргуу, гүний орон зайн хэсгүүдээс бүрдэх бөгөөд харьцангуй утгаар нь олон улсын гэрээнд заасан зарим объект, түүний орон зайн хэсгийг улс гүрний нутаг дэвсгэртэй адилтган үздэг.

Дараах хамаарна.

- Гадаад улс олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын дэргэд суугаа дипломат төлөөлөгчийн газар болон түүний тэргүүний байр, орон сууц, эдэлбэр газар, уналгын хэрэгсэл;

- Зөвхөн өөрийн улсын усан болон агаарын орон зайд, түүнчлэн нээлттэй тэнгис, түүний дээрх агаарын орон зайд яваа тухайн улсын төрийн далбаа болон ялгах тэмдгийг зүүж яваа тэнгисийн болон агаарын хөлөг;

- Тухайн улсын нутаг дэвсгэрийн хэсгүүдийг холбож байгаа нээлттэй тэнгист тавьсан усан доорх кабель, дамжуулах байгууламжууд, эх газрын хормой, нээлттэй тэнгисийн хэвлийд босгосон техникийн байгууламжууд, түүнчлэн тухайн улсаас сансрын орон зайд хөөргөсөн сансрын хөлөг, хиймэл дагуулууд, сансрын станц, буудал зэрэг хаана байгаагаасаа үл хамааран тухайн улсын далбаа, тэмдэг бүхий цэргийн хөлөг онгоц.


Улсын хил
state frontier; государственная граница

Улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарыг бусад улсын нутаг дэвсгэр болон олон улсын эрх зүйн дэглэм бүхий орон зайн хэсгээс зааглах зорилгоор олон улсын гэрээний дагуу хамтран болон бие даан тогтоосон шугам. Нөгөөтээгүүр, улсын хил нь төрийн бүрэн эрхт байдлын үйл ажиллагааны орон зайн хязгаар юм.

Улсын хил нь хуурай газрын, усан, агаарын, газрын хэвлийн гэсэн төрлүүдтэй. Улсын хилийг тогтоохдоо геометрийн, астрономийн, орографийн гэсэн үндсэн гурван аргыг ашиглах бөгөөд орографийн аргаар тогтоосон хилийг байгалийн хил, геометрийн болон астрономийн аргаар тогтоосон хилийг зохиомол хил гэнэ.


Хажуугийн бүс
contiguous zone; прилежащая зона

Эргийн улсын нутаг дэвсгэрийн устай зах нийлэн орших тэнгисийн бүс нутаг. Энэ нь нутаг дэвсгэрийн усны өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш тэнгисийн 24 милээс хэтрэхгүй байвал зохино.

Эргийн улс өөрийн гааль, татвар, цагаачлал, эрүүл ахуйн журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зорилгоор хажуугийн бүсэд хяналтаа тогтоох эрхтэй. Гэхдээ энэ нь уг бүс нутгийн олон улсын эрхийн статуст нөлөөлөхгүй.


Харьяалалгүй хүн (Апатрид)
stateless person; лицо без гражданства (apatride; апатрид)

Аль ч улсын иргэн биш этгээд.

Хүн аль ч улсын харьяат бус байх явдал нь дараах байдлаас үүснэ.

- Хуульд заасан журмын дагуу иргэний харьяаллыг алдаад өөр улсын иргэнд харьяалагдаагүй байх;

- Шүүхийн тогтоолоор буюу эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр харьяатаас хасагдсан, өөр улсын харьяаллыг олж аваагүй;

- Цусны зарчим бүхий улсад харьяалалгүй хүмүүсээс хүүхэд төрвөл;

- Гадаадын иргэнтэй гэрлэснээс харьяаллаа алддаг улсын харьяат эмэгтэй, гадаадын улсын иргэнд харьяалал олгодоггүй улсын иргэнтэй гэрлэвэл;

- Цусны зарчим бүхий нутаг дэвсгэр дээр хөрсний зарчим баримталдаг улсын иргэдээс хүүхэд төрвөл.


Харьяаллыг сонгон авах
choice of citizenship; оптация

Нутаг дэвсгэр нь нэг улсаас нөгөөд шилжих үед тухайн улсын иргэд тодорхой хугацаанд өргөдөл гаргаж хуучин харьяаллаа хэвээр нь хадгалах, эсхүл нутаг дэвсгэрийн шилжин очсон улсын иргэн болох эсэхээ сонгон авах эрх.


Харьяат болох
acquired allegiance; приобретенные гражданства

Хувь хүн аль нэг улстай эрх зүйн хувьд тогтмол харьцаа тогтоох явдал.

Харьяаллыг төрснөөр, натурализацаар, эсхүл олон улсын гэрээгээр буюу хүндэт иргэн болох замаар олж авна.


Хил орчмын дэглэм
boundary regime; около пограничный режим

Хил орчмын нутаг дэвсгэрт эмх журам сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс гүрэн өөрийн дотоодын хууль эрхийн актаар тогтоосон онцгой журам.

Түүнд хилийн бүсэд нэвтрэн орох, түр нутаглах, байнга оршин суух, зорчих, аж ахуй эрхлэх журмыг заана.


Хил тогтоох
to establish a boundary; установление границы

Зэргэлдээ орших улсуудын хоорондын хилийг (хуурай замын ба усан) гэрээгээр тогтооход хил орчим суугаа ард иргэдийн хэрэгцээ, улс орны хөгжилд чухал ач холбогдол бүхий эдийн засаг, газар зүй, түүхийн зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан үздэг.

Улсын хилийг тогтоох ажил делимитац, демаркац хэмээх үндсэн хоёр шат дамжина.


Хил тогтоох шугам
line of demarcation; демаркационная линия

- Байлдаж байгаа талуудын түр эвлэрлийнх нь үед хувааж байгаа шугам, эсвэл зурвас (гал зогсоох шугам);

- Ялсан эзэмшил газар нутгийн бүсийг хуваасан шугам, эсхүл өөр улсуудын (хил тогтоохоос өмнөх) түр зуур тогтоосон газар нутгийн шугам.


Хилийн гэрээ
boundary treaty; пограничный договор

Орчин үеийн олон улсын эрх зүйд хилийн гэрээ ихээхэн бат бөх тогтвортой шинж чанартай болсон. Хилийн гэрээний үйлчлэлийг ердийн замаар зогсоож үл болно. Ийм гэрээг түр хугацаагаар байгуулдаггүй, харин хилийг эзлэн тогтоох замаар байгуулна. Хилийн гэрээнд түүнийг цуцлах тухай заалт ордоггүй. Ийм гэрээг нэг талаас хүчингүй болгох нь олон улсын гэрээнд харшилна.


Хилийн дэглэм
border regime; пограничный режим

Хилийн халдашгүй дархан байдлыг хангахын тулд хил залгаа улсуудаас гэрээгээр тогтоосон хилийн тодорхой журам.

Түүнд хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа таваар нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагаа явуулах, хил зөрчихөөс урьдчилан сэргийлэх асуудлуудыг тусгана.


Хилийн төлөөлөгч
boundary delegation; пограничная делегация

Хил залгаа улсуудын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хилийн маргаан, будилааныг тухай бүр тайван аргаар зохицуулах зорилгоор олон улсын практикт хилийн төлөөлөгчийг ашигладаг. Хилийн төлөөлөгчийг томилох, түүний эрх үүрэг харилцах журам, эдлэх эрх дархыг хилийг дэглэм ба хилийн будилааныг зохицуулах тухай хоёр улсын хэлэлцээрээр тогтоодог.

Хилийн төлөөлөгч нь дараах үүргийг гүйцэтгэнэ.

- Хил дээр журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх;

- Хууль бусаар хил нэвтрүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах;

- Хилийн дэглэм зөрчсөн тохиолдлуудыг шалгах (дипломат шугамаар шийдвэрлэх асуудал түүнд хамаарахгүй);

- Хил дээр журам зөрчсөнтэй холбогдон гарсан элдэв төлбөр асуудлыг шалган шийдэх;

- Нөгөө этгээдийн нутаг дэвсгэрт илэрсэн өөрийн улсын эд хөрөнгийг буцаах журмын талаар тохиролцох.


Хоёрдмол харьяалалтай иргэн (Бипадрид)
double nationality; двойное гражданство (bipatride; бипадрид, биполид)

Нэгэн зэрэг хоёр буюу түүнээс дээш улсын харьяаллыг олж авсан этгээд.

Хоёрдмол харьяалал бүхий хүмүүс нь улс гүрнүүдийн дотоодын хуулийн зөрчилдөөний улмаас үүсэж бий болох бөгөөд тухайлбал, цусны зарчим үйлчилдэг улсын эцэг, эхээс хөрсний зарчим бүхий улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд хоёр улсын харьяалалтай болно. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болох, натурилизацийн журмаар иргэн болох зэрэгт анхдагч харьяаллаа алдаагүй бол хоёрдмол харьяалалтай болно.

Хоёрдмол харьяалал нь түүнийг харьяалах улсуудын хооронд зарим талаараа ээдрээтэй байдлыг бий болгодог бөгөөд олон улсын практикт гол төлөв байнга оршин суугаа улсын иргэн хэмээн тухайн этгээдийг үздэг. Орчин үеийн олон улсын эрх зүйд хоёрдмол харьяалалтай хүмүүсийн цөөлөх, шинээр хоёрдмол харьяалал бий болгохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч энэ талаар хоёр буюу олон талт гэрээ, конвенцыг батлан гаргасаар байна.


Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр
territory with a mixed law regime; территории со смешанным режимом

Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон улс гүрний үндэсний хэм хэмжээ аль аль нь үйлчилж болох орон зайн хэсгүүд хамаарна. Үүнд тэнгисийн эрэг бүхий улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд ордоггүй залгаа болон хажуугийн бүс, эдийн засгийн онцгой бүс болон эх газрын хормой багтана. Мөн олон улсын мөрөн, олон улсын хоолой, улс гүрний нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд орох олон улсын суваг хамаарна.


Хөрсний зарчим
лат. jus soil; принцип территориальность

Аливаа улсын нутаг дэвсгэр дээр мэндэлсэн хүүхдэд эцэг, эхийнх нь харьяаллыг үл харгалзан тэр улсын харьяат шууд болох эрх үүсэх зарчим.

Хүүхэд хаана төрсөн тэр улсынхаа иргэний харьяаллыг шууд авах боломжтой болдог.

Унасан газрын зарчим гэж нэрлэх нь бий.


Хүн ам
population; население

Аль нэг улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа нийт хүнийг тухайн улсын хүн ам гэнэ.

Хүн амыг эрх зүйн байдлаар ангилна.

- Тус улсын иргэн;

- Гадаадын иргэн;

- Хоёрдмол харьяалалтай иргэн;

- Харьяалалгүй хүн.

Хүн амын эрх зүйн байдлыг улс бүр өөрсдөө тодорхойлно. Гэхдээ энэ асуудал олон улсын эрх зүйтэй холбогдолгүй гэсэн хэрэг биш, олон улсын харилцаа холбоо түргэн хөгжиж хүн амын зорчих шилжих хөдөлгөөн улам бүр өсөн нэмэгдэж байгаагаас тэдгээрийн эрхийн статустай холбогдсон асуудлыг олон улсын хэмжээнд зохицуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаатай уялдан хүний эрхийн, иргэний харьяаллын, гадаадын иргэний зэрэг хүн амд холбогдол бүхий асуудлыг зохицуулах олон улсын эрх зүйн салбар институт бие даан хөгжиж байна. Иймд, улс гүрэн хүн амынхаа эрх зүйн байдлыг тогтоохдоо олон улсын өмнө хүлээсэн үүргээ харгалзан үздэг.


Хүндэт иргэн болгох
to be honored citizen; почетный гражданин

Сонирхогч этгээдийн хүсэлтээр буюу улс гүрний эрх бүхий байгууллагын санаачилгаар хүндэт иргэнд тооцож, иргэний харьяаллыг олгох.

Ийм байдлаар иргэний харьяаллыг олж авах нь маш бага тохиолдох бөгөөд гол төлөв хаант засаглалтай улсуудад хаанаас бэлэглэх буюу хишиг хүртээх хэлбэрээр илэрдэг. Гэхдээ хүндэт иргэн нь тухайн улсын хувьд онцгой гавьяа байгуулсан этгээд байна.


Цесс
cession; цессия

Улс гүрэн өөрийн бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэрийг бусдад худалдах, бэлэглэх замаар бүрмөсөн шилжүүлэн өгөх.


Цусны зарчим
лат. jus sanguinis

Тодорхой улсын харьяат болох эрх зүйн болоод биологийн эрхийг тодорхойлсон эрх зүйн үндсийг тогтоох зарчим.

Гол төлөв хүүхэд хамрагдана. Хүүхэд төрснөөр эцэг, эхийнхээ оршин суугаа газраас үл хамааран иргэний харьяалал нь тэднийхтэй адил байх эрх үүсдэг. Ихэнх хүмүүс цусны зарчмыг баримтлан харьяаллыг олж авдаг.


Эдийн засгийн онцгой бүс
exclusive economic zone; исключительная экономическая зона

Нутаг дэвсгэрийн усны хилийн гадна орших тэнгисийн бүс нутаг.

Түүний усны өргөн нутаг дэвсгэрийн өргөнийг хэмжих гарааны шугамаас цааш тэнгисийн 200 миль хүртэл үргэлжилнэ.

Далайн эрх зүйн 1982 оны конвенц эдийн засгийн онцгой бүсэд эргийн улсын аюулгүй байдал, хэрэг шүүн шийдэх эрх болон бусад улс гүрний ашиг сонирхлыг харгалзан эрх зүйн онцлог дэглэм тогтоосон.

- Эргийн улс энэ бүс нутагт түүний байгалийн баялгийг хайх, боловсруулах, хамгаалах, ашиглах болон ус, салхийг нь ашиглах цахилгаан эрчим хүч гарган авах үүднээс бүрэн эрхээ тогтоох боломжтой;

- Эргийн улс хиймэл арал, барилга байгууламж байгуулах, ашиглах, тэнгисийн судалгаа шинжилгээ явуулах үйл ажиллагааны хувьд давуу эрхтэй бөгөөд бусад гүрнээс энэ чиглэлээр явуулах үйл ажиллагааны хувьд шүүн шийдэх эрхийг эдэлнэ. Тухайлбал, өөрийн тогтоосон журмын хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагын үүднээс үзлэг, нэгжлэг, баривчилгаа болон шүүн шийдвэрлэх бусад үйл ажиллагаа явуулах;

- Эргийн улс тэнгисийн орчны бохирдлыг таслан зогсоохтой холбоотой үйл ажиллагааны эрх зүйн журмыг тогтоох эрхтэй;

- Эргийн улс энэ бүсэд олдворлох загасны төрөл хэмжээг тодорхойлон заах боломжтой;

- Харин энэ бүсэд бүх улс чөлөөтэй зорчих болон усан доорх кабель болон дамжуулах байгууламжийг байрлуулах, нислэг үйлдэх эрхтэй.


Эргийн улс
adjacent to the coast; примыкающий к берегу

Далай тэнгистэй хиллэн оршиж буй улс.

Эргийн улс аюулгүй байдлын үүднээс өөрийн нутаг дэвсгэрийн далайн ямар нэгэн хэсэгт хэвийн журмаар нэвтрэн өнгөрөх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлаж болно. Мөн эргийн улс өөрийн орны хууль тогтоомжийг зөрчсөн цэргийн хөлөг онгоцыг нутаг дэвсгэрийн далайгаас нэн даруй гарахыг шаардах эрхийг эдлэхийн зэрэгцээ худалдааны хөлөг онгоцны хэргийг өөрийн хуулийн дагуу шүүн шийдвэрлэх эрхийг эдэлнэ.


Эх газрын хормой
continental shelf; континентальный шельф

Нутаг дэвсгэрийн усны гадаад хязгаараас тэнгисийн 350 милийн дотор байгаа тэнгисийн ёроол, түүний баялаг.

Эргийн улс эх газрын хормойн байгалийн баялгийг олборлох, ашиглах эрх эдэлнэ. Харин энэ нь түүн дээрх ус болон агаар мандалд хамаарахгүй. Эх газрын хормойн гадаад хилийн талаарх мэдээлэл, газрын зургийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өгөх ёстой. Эргийн улс энэ бүс нутагт явуулах өрөмдлөгийн ажил болон байгалийн баялгийг хайх, боловсруулах үйл ажиллагааны хувьд бүрэн эрхийг эзэмшдэг. Эргийн улс нь 200 милээс гадагш орших эх газрын хормойн баялгийг олборлосноос олох ашгийнхаа тодорхой хувийг хөгжиж байгаа орнуудад зориулсан олон улсын тусгай санд оруулж байх үүрэгтэй. Эх газрын хормойгоор далайн ба агаарын хөлөг онгоц чөлөөтэй зорчино.


Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, Ed.) Улаанбаатар, Монгол: Цагдаагийн академи.



Улсын тухай

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ТөрийнОнол #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #УлсынТухай #УлсынШинж #УлсОршихуйнҮндэс #УлсынНутагДэвсгэр #УлсынХүнАм #УлсынНийтлэгЭрхМэдэл #ДелиминацийнЖурам #ДемаркацийнЖурам #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #ЭхГазрынХормой #ЭргийнУлс #ЭдийнЗасгийнОнцгойБүс #ЦусныЗарчим #Цесс #ХүндэтИргэн #ХүнАм #ХолимогЭрхЗүйнДэглэмБүхийНутагДэвсгэр #ХөрснийЗарчим #ХилийнДэглэм #ХилийнГэрээ #ХарьяалалгүйХүн #ХарьяатБолох #ХарьяаллыгСонгонАвах #ОлонУлсынЭрхЗүйнДэглэмБүхийНутагДэвсгэр #ХажуугийнБүс #ХилОрчмынДэглэм #ХилТогтоох #ОлонУлсынХормой #ОлонУлсынСуваг #ОлонУлсынХоолой #УлсГүрнийНутагДэвсгэр #ОлонУлсынЭрхЗүйнНомлол #ОлонУлсынГолМөрөн



2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 10
Rated 5 out of 5 stars.

😍

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page