Хураангуй
Аль ч улс оронд зам тээврийн осол гарах явдал харьцангуй их тохиолддог бөгөөд үүний улмаас хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол нэлээдгүй учирдаг байна. Тиймээс улс орнууд хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэм, даатгал болон бусад зохицуулалтаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авдаг.
Энэхүү ажилд (i) тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар олон улсын туршлагыг жишээ сэлтээр баяжуулан танилцууллаа. Үүний дараагаар, (ii) Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйл “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, урган гарсан асуултуудад хариулт өгөв. (iii) Иргэний хуулийн зохицуулалтын дагуу учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан кейсийг хэрхэн шийдвэрлэсэн талаар авч үзсэн.
Түлхүүр үгс: тээврийн хэрэгсэл, гэм хор, тээрийн хэрэгслийн эзэмшигч, эрх зүйн хариуцлага, даатгал, нөхөн олговор
Удиртгал
Эдүгээ дэлхийн бараг бүх газар тээврийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэх болсон бөгөөд хүн бүр автомашин жолоодож ажил амьдралаа залгуулах болжээ. Гэсэн хэдий ч энэхүү ая тухтай байдлыг дагаад зам тээврийн осол аваар гарах эрсдэл үүсэж, улмаар хувь хүн, олон нийтэд эд хөрөнгийн ихээхэн хохирол учруулдаг. Ийм тохиолдлын дараа маргаан, нөхөн олговор, хариуцлага, эрх зүйн зохицуулалт гэх асуудлууд үүсдэг.
Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх нь эрх зүйн зарчим, даатгалын механизм, зохицуулалтын тогтолцоогоор зохицуулагддаг олон талт талбар юм. Үүний гол цөм нь хариуцлагын үзэл баримтлалд оршдог бөгөөд ослын хариуцагч этгээд хохирсон талуудад нөхөн төлбөр олгох үүрэг хүлээдэг байна. Хайхрамжгүй үйлдэл, болгоомжгүй байдал, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд зохих хариуцлага тооцох нь нөхөн олговрын үйл явцын тулгын чулуу болдог.
Түүгээр ч зогсохгүй, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрийн эрх зүйн орчин нь шударга, үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор боловсруулсан олон тооны дүрэм журмаар тодорхойлогддог. Гэм буруугүйн даатгалын тогтолцоо, нэхэмжлэл гаргах үйл явцыг оновчтой болгохоос эхлээд гэмтэл доголдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хариуцлага хүлээлгэдэг хатуу хариуцлагын стандарт хүртэл эрх зүйн зохицуулалт нь жолооч болон оролцогч талуудын дунд хариуцлагатай зан төлөвийг төлөвшүүлэхийн зэрэгцээ хохирогчдод шударга нөхөн төлбөр олгохыг эрмэлздэг байна.
“Тээврийн хэрэгслийн ашиглалтаас учирсан хохирлын хариуцлагын тухай ойлголт, эрх зүйн зохицуулалт” сэдэвтэй энэхүү ажилд тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг барагдуулах, хариуцлагын зарчим, эрх зүйн зохицуулалтын адармаатай зүйлс, ослын дараах хохирлыг барагдуулах арга хэрэгслүүд зэргийг танилцууллаа.
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар иж бүрэн ойлголттой байх нь хуульч, даатгалын мэргэжилтнүүдэд төдийгүй өдөр тутмын амьдралдаа хажуугийн замаар зорчиж буй явган зорчигч, дугуй, мопедтай замын хөдөлгөөнт оролцогч, тээврийн хэрэгсэлд зорчиж буй хүн гээд бүх талд чухал ач холбогдолтой билээ.
Энэхүү ажил нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар олон улсын туршлага, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах Монгол улсын эрх зүйн зохицуулалт, статистик тоо баримт, кейс гэсэн үндсэн дөрвөн хэсэг болон дүгнэлт, ашигласан эх сурвалжаас бүрдэж байгаа.
Ажилд гадаад, дотоодын олон төрлийн хууль, эрх зүйн бичвэр, эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, холбогдох хууль, засгийн газрын эх сурвалжууд болон тээврийн хэрэгслийг зохицуулах байгууллага, статистик, шүүхийн албан ёсны цахим хуудас дээр гарсан мэдээлэл, тоо баримтыг ашиглав.
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хариуцлага хүлээх тал, гэм хорыг арилгах олон улсын туршлага
Хариуцлага хүлээх талууд
Олон улсад тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүрээнд тухайн тээврийн хэрэгслээр шууд хохирол учруулсан болон тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, хяналтдаа байлгадаг хүмүүст хариуцлага тооцдог. Энэ зарчим нь хохирол учруулсан үйл явдлын гинжин хэлхээнд оролцсон бүх талд хариуцлага тооцохыг баталгаажуулдаг. Хариуцлагын янз бүрийн хувилбар, тэдгээрийг сэдэвтэй хэрхэн хамааруулж болохыг дэлгэрүүлэн тайлбарлая.
Жолоочийн хариуцлага
Тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирлын үндсэн хариуцлагыг осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодож байсан жолооч хариуцдаг. Жолооч анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөж, бусдад хохирол учруулахгүй байх ёстой. Жолоочийн хайхрамжгүй байдал, болгоомжгүй үйлдэл нь осолд хүргэсэн бол учруулсан хохирлыг хариуцна.
Эзэмшигчийн хариуцлага
Олон улс оронд тээврийн хэрэгслийн эзэмшигчид осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодоогүй байсан ч тээврийн хэрэгслийнхээ учруулсан хохирлыг хариуцах эрх зүйн зохицуулалт, зарчим байдаг. Эзэмшигч нь тээврийн хэрэгслээ зориулалтын бус, туршлагагүй жолоочид даатгахдаа хайхрамжгүй хандсан, эсвэл тээврийн хэрэгслийнхээ засвар үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, эзэмшигч нь тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангаж, хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.
Шилжүүлэгчийн хариуцлага
Тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлж буй хувь хүн, аж ахуйн нэгж нь тухайн тээврийн хэрэгсэл нь шилжүүлэх үед мэдэгдэж байсан, эсвэл мэдэгдэх ёстой байсан согог, асуудлын улмаас дараа нь осол гарсан тохиолдолд мөн хариуцлага хүлээнэ. Энэхүү зарчим нь тээврийн хэрэгслийн борлуулалт, шилжүүлгийн ил тод байдал, хариуцлагатай байдлыг дэмжиж, худалдан авагчид гэмтэлтэй, аюулгүй байдлыг хангаагүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрсдэлд шударга бусаар өртөхгүй байхад тусалдаг байна.
Зөвшөөрөл олгосон талын ашиглалтын хариуцлага
Тээврийн хэрэгслээ зөвшөөрөл өгч бусдыг ашиглахыг зөвшөөрсөн хүмүүст хариуцлага тооцогдоно. Хэрэв хэн нэгэн хүн өөрийн тээврийн хэрэгслээ бусдад зээлдүүлчхээд тухайн хүн өөрийн болгоомжгүй, буруутай үйлдлээс болж осол гаргасан бол хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцаж болно. Энэхүү зарчим нь эзэмшигчдэд тээврийн хэрэгслээ бусдад ашиглах зөвшөөрөл олгохдоо болгоомжтой байхыг уриалдаг.
Ерөнхийдөө олон улсад тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл учруулсан, шилжүүлсэн, ашиглахыг зөвшөөрсөн иргэнд хариуцлага хүлээлгэх хуулийн зарчим нь замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хариуцлагыг чухалчилдаг байна (Dhirajlal, 2019) (Witting, 2012) (Prosser, Keeton, Dobbs, Keeton, & Owen, 1984).
Гэм хор арилгах эрх зүйн зохицуулалт
Олон улсад тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалт нь харьяаллын дагуу өөр өөр байдаг ч ерөнхийдөө Зөрчлийн тухай хуульд хамааралтай байдаг. Тйимээс, тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой эрх зүйн зарим нийтлэг зарчим, тогтолцоог авч үзлээ.
Хайхрамжгүй байдал
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар яригдахад нэн түрүүн хайхрамжгүй байдал гэсэн зүйл гарна. Ихэнх улсад тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх нь хайхрамжгүй байдлын зарчмаар зохицуулагддаг. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодохдоо анхаарал болгоомжтой хандаагүй, бусдад болон эд хөрөнгөд нь хохирол учруулсан бол хохирлыг хариуцдаг байна (Lark Lewis, 2024).
Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая. АНУ-ын зарим мужид осол гаргахад талуудын буруутай байдлын зэрэг нь тэдний хохирлыг хариуцах хариуцлагыг тодорхойлдог харьцангуй хайхрамжгүй байдал гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Осол гарахад А жолооч 80 хувь, Б жолооч 20 хувийн буруутай нь тогтоогдвол, А жолооч Б жолоочид учруулсан хохирлын 80 хувийг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Энэ тогтолцоо нь тухайн тохиолдол бүрийн тодорхой нөхцөл байдалд үндэслэн хариуцлагыг шударгаар хуваарилах боломжийг олгодог байна (Kagan, What Is Comparative Negligence, 2023).
Даатгал
Дараагийн зүйл нь их хэмжээний төлбөрийг нэг дор төлөх эрсдэлээс хамгаалах тогтолцоо буюу даатгал юм. Тээврийн хэрэгсэл ашиглалттай холбоотой үүсэх эрсдэлийн хэд хэдэн төрлийн даатгал байдаг.
Гэм буруугүйн даатгал
Ослын улмаас хохирсон иргэдийн нөхөн олговрыг олголтыг түргэвчлэх, шүүхийн маргааныг багасгах зорилгоор зарим улс орнууд хэний буруугаас үл хамааран осолд өртсөн этгээдийн хохирлыг даатгалын байгууллага нөхөн төлдөг даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг.
Жишээлбэл: АНУ-ын Мичиган мужид автомашины ослын гэм буруугүйн даатгал байдаг. Жолооч осол гэмтлээс хамгаалах даатгалд хамрагддаг ба гэм буруугаас үл хамааран эмнэлгийн зардал, өвчтэй байх хугацааны цалингийн нөхөн олговор зэрэг холбоотой зардлыг нөхөн авдаг байна. Ингэснээр нэг талаас гэмтсэн, хохирсон хүн нөхөн төлбөрийг түргэн шуурхай авах, нөгөө талаас, буруутай жолоочийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүсдэггүй ба зардал өндөртэй сунжирсан хуулийн маргаан үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна (Department of Insurance and Financial Services, 2020).
Гуравдагч этгээдийн хариуцлагын даатгал
Ихэнх улсад тээврийн хэрэгсэл эзэмшигч тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад хохирол учруулсан бол түүнийг нөхөн төлөх гуравдагч этгээдийн хариуцлагын даатгал гэж байдаг. Энэхүү даатгал нь даатгуулсан жолоочийн буруутай үйлдлээс болж бие махбодод учирсан гэмтэл, эд хөрөнгийн хохирлыг хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгодог (Kagan, Third Party Liability Insurance Types, 2023).
Албан журмын даатгал
Засгийн газар ослын улмаас хохирсон хүмүүст учирсан хохирлыг зохих ёсоор нөхөн төлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийн эзэмшигч заавал даатгуулах шаардлага тавьдаг. Даатгалд хамрагдаагүй тохиолдолд торгууль төлөх, эсвэл жолоодох эрхээ хасуулах, хязгаарлуулдаг байна (Insuranceopedia, 2024).
Хариуцлагын хуулиар тогтоосон хязгаар
Зарим улс орнууд тээврийн хэрэгслийн ашиглалтаас хэн нэгний бие махбодод гэмтэл, эд хөрөнгийн болон бусад төрлийн хохирол учруулсан бол зарим төрлийн хохирлыг нөхөн төлүүлэхэд хуулиар хязгаарлалт тогтоодог. Эдгээр хязгаарлалтыг гэмтлийн ноцтой байдал, гэмтлийн шинж чанараас хамаарч ялгаатай тогтоосон байдаг (Christy Bieber, 2023).
Иргэний нэхэмжлэл
Даатгалын нөхөн төлбөр хангалтгүй, эсвэл талуудын хооронд маргаантай тохиолдолд тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан осолд өртсөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр буруутай этгээдийн эсрэг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Ингэснээр шүүх асуудлыг шийдэж, хохирогчид мөнгөн нөхөн төлбөрийг гаргуулж өгдөг байна.
Үүнээс гадна үнийн дүн бага хэмжээтэй нэхэмжлэлийн шүүх гэж байдаг. Эдгээр шүүхүүд нь зөвхөн тээврийн хэрэгслийн ослын асуудлаар дагнадаггүй ч тээврийн хэрэгслийн хөнгөн осол, эд хөрөнгийн хохирлын улмаас үүссэн харьцангуй бага хэмжээний мөнгөн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэдэг. Ийм тогтолцоотой байснаар маргааныг хялбаршуулан, түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болдог байна.
Даатгалын байгууллага буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжлэх тогтолцоо
Даатгалын байгууллага өөр этгээдийн учруулсан хохирлыг хохирогчид төлж, буруутай этгээдээс төлсөн нөхөн төлбөрийг буцаан авах нэхэмжлэл гаргаж болно. Ийм төрлийн зохицуулалт нь даатгалын байгууллага учирсан зардлаа буруутай гуравдагч этгээд, эсвэл эсрэг талын даатгалын байгууллагаас нөхөн гаргуулах боломжийг олгодог.
Засгийн газрын нөхөн олговрын хөтөлбөрүүд ба тусгай сангууд
Зарим улсад даатгалд хамрагдаагүй, хохирол учруулсан тээврийн хэрэгслийг тодруулах боломжгүй болон бусад онцгой нөхцөл байдалд осолд өртсөн, тээврийн хэрэгсэлд мөргүүлж хохирсон хүмүүст төрөөс болон тусгай сангаас нөхөн олговор олгох, санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрүүд байдаг.
Жишээлбэл: Өмнөд Африкт Зам тээврийн ослын сангийн тухай хуулийн дагуу байгуулагдсан “Зам тээврийн ослын сан” гэж хууль ёсны байгууллага байдаг. Уг төрөлжсөн сангаас тээврийн хэрэгслийн ослын улмаас нас барсан хүний гэр бүл, гэмтэж бэртсэн иргэдэд нь гэм буруугаас үл хамааран нөхөн олговор олгодог ба нэхэмжлэлийг захиргааны процесс, шүүхээр дамжуулан шийдвэрлэдэг (National Government of South Africa, 2024).
Дагнан мэргэшсэн шүүх
Зарим улс замын хөдөлгөөний зөрчил, тээврийн хэрэгслийн осол, нөхөн төлбөртэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэдэг дагнан төрөлжсөн шүүхтэй байдаг. Тээврийн хэрэгслийн ослоос үүдэлтэй маргааныг үр дүнтэй шийдвэрлэхэд зориулагдсан дүрэм, тусгай журамтай.
Жишээлбэл: Энэтхэг улсад 1988 онд Моторт тээврийн хэрэгслийн тухай хуулийн дагуу байгуулагдсан “Авто ослын нэхэмжлэлийн шүүх” гэж автомашинтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх иргэний шүүхээс тусдаа шүүх байдаг. Уг шүүх нь осол гэмтэл, нас баралт, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг тээврийн хэрэгслийн осолтой холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэх үүрэгтэй (Government of NCT of Delhi, 2024).
Зарим улсад хөдөлмөр эрхлэлтийн явцад гарсан гэмтэл, тэр дундаа ажилтай холбоотой тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг ажилчдын нөхөн олговрын зөвлөл гэж байдаг. Эдгээр зөвлөлүүд нь гэмтсэн ажилчдад иргэний нэхэмжлэл гаргах шаардлагагүйгээр учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг шийддэг байна (Government of Canada, 2024).
Энэ хэсгийг дүгнэвэл, олон улсад тээврийн хэрэгсэл ашигласны улмаас учирсан хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалт олон янз байдаг байна. Зохицуулалтуудын зорилго нь ямар ч тохиолдолд нэн түрүүнд учирсан хохирлыг барагдуулах, үүний хажуугаар зам тээврийн осолд хайхрамжгүй хандсан этгээдэд хариуцлага тооцох, маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх, нэгтгээд хэлбэл, шударга, оновчтой, үр ашигтай, хүртээмжтэй механизмыг бүрдүүлэхэд оршдог ажээ.
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах Монгол улсын эрх зүйн зохицуулалт
Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” талаар тодорхой заасан байдаг ба энэ хэсэгт танилцуулна.
Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэжээ. Гэхдээ энэхүү заалт нь агаарынхаас бусад тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан бол үүрэг үүсэхгүй аж (Монгол улсын Иргэний хууль, 2002).
Сонирхол татаж буй зүйл нь гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах боловч өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол өмчлөгч буюу эзэмшигч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон гэж үзэн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн байна (Монгол улсын Иргэний хууль, 2002).
Энгийнээр тайлбарлавал, эцэг эх тээврийн хэрэгслийн түлхүүрээ гэртээ орхиж, хэн нэгэн тухайн тээврийн хэрэгслийг унаж явахдаа бусдад гэм хор учруулбал түлхүүрээ орхиж, тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон гэж эцэг эх нь хариуцлага хүлээхээр зохицуулсан байна. Насанд хүрсэн боловч хараахан өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй болж амжаагүй, эцэг эхтэйгээ хамтдаа амьдардаг хүүхдүүд ийм төрлийн асуудалд орох тохиолдол байдаг.
Дээрхтэй төстэй боловч тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн тохиолдолд бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэжээ (Монгол улсын Иргэний хууль, 2002).
Иргэний хуулийн дээрх зохицуулалтууд тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч болж, уг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, бусдад хохирол учруулсан бол хохирлыг арилгах хариуцлага хүлээхээс гадна өөр хэн нэгэнд мэдэж болон мэдээгүй тээврийн хэрэгслээ ашиглуулж, тэр этгээд нь бусдад хохирол учруулсан бол мөн л учруулсан хохирлыг арилгах хариуцлага хүлээнэ гэж ойлгогдож байна.
Эдгээрээс (i) гэм буруугүйгээр хариуцлага хүлээх зарчим буюу гэм хор шууд учруулаагүй байтал хариуцлага хүлээх асуудал; (ii) тээврийн хэрэгслийн өмчлөгч гэх ойлголт тодорхой боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж чухам хэнийг хэлж байгаа нь ойлгомжгүй; (iii) тээврийн хэрэгслийг ашиглах явцад гэж хуульд заасан байгаа нь яг ямар тохиолдлыг хэлж байгаа нь тодорхойгүй; (iv) жолоодож явсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй бусдын тээврийн хэрэгслийг ашигласан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон өмчлөгчид хүлээлгэх хариуцлагын зааг ялгаа бүрхэг байна.
Эдгээрийг тодруулах зорилгоор Монгол Улсын Дээд Шүүхээс гаргасан “Монгол улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV”-ыг болон сэдэвтэй холбоотой хийсэн судалгаа, шинжилгээнүүдийг авч үзлээ.
Гэм хор шууд учруулаагүй байтал хариуцлага хүлээх асуудал
“Монгол улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV”-т, “Аливаа этгээдэд гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай этгээдэд түүнийг нөхөн төлөх үүргийг бий болгодог. Тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгах явдал нь гэм хороос үүсэх үүргийн нэг төрөл бөгөөд хууль тогтоогч гэм хор үүссэн объектоос нь хамаарч хуулиар тусгайлан зохицуулсан тул энэ утгаараа Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйлээс ялгаатай” гэжээ (Монгол Улсын Дээд Шүүх, 2016).
Түүнчлэн, “Гэм хорын хохирол шаардаж буй этгээд нь шаардлагаа тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигчийн алинд ч холбогдуулан гаргаж болохыг тодорхойлсон байна” гэжээ. Гол зүйл нь “Гэм хор учруулаагүй боловч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн 499.3, 499.4 дүгээр зүйлд заасан хариуцлага ногдуулахад гэм хор учирсан явдалд гэм буруутай байх шаардлагагүй тул тухайн этгээд гэм буруугүйгээ нотлох үүрэггүй болно. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм буруугүйн хэлбэр шаардахгүй.” гэжээ (Монгол Улсын Дээд Шүүх, 2016).
Н.Норовсамбуу, Р.Пүрэвбаатар нарын “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалтын талаарх судалгаа шүүхийн шийдвэрт хийх хөндлөнгийн дүн шинжилгээ” судалгаанд, хариуцлага хүлээлгэхэд гэм буруу гэх урьдчилсан нөхцөлийг заавал шаарддаг байтал уг нөхцөлийг шаардахгүйгээр хариуцлага хүлээх нь “гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх зарчим”-д суурилсан хэм хэмжээ гэж дүгнэжээ (Н.Норовсамбуу & Р.Пүрэвбаатар, 2021).
Ж.Оюунтунгалагийн “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” эрдэм шинжилгээний өгүүлэлд, “2002 оны Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээс тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг эзэмшигч нь хариуцан арилгах үндэслэлийг тусгайлан зааж гэм буруугүйгээр хариуцлага хүлээх гэм хорын тусгай төрлийг шинээр бий болгосон.” гэжээ.
Л.Банзрагчийн “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” судалгаанд, “Эрх зүйн зохицуулалтын хэрэглээ нь шүүхийн практикт нэг мөр болоогүйн зэрэгцээ судлаачдын хувьд ч тухайн эрх зүйн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн маргаантай хувилбарууд дэвшүүлэн, энэ байдал үргэлжилсээр байна. Монгол Улсын Дээд Шүүхийн судалгааны тайланд Энэ төрлийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг нэг мөр ойлгоогүй тохиолдол байна гэж дурджээ” (Л.Банзрагч, 2022).
Эдгээрийг базвал, гэм хор учруулаагүй байтал гэм хор учруулахад нөлөө үзүүлсэн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, мөн ашиглах боломж олгосон этгээдийн хэнд нь ч хариуцлага хамааралтай болж байна. Зөвхөн гэм буруутай тохиолдолд хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт хоцрогдсон тул эрх зүйн сэтгэлгээг өөрчлөх шаардлага урган гарч байгаа билээ.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч
“Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV”-т, “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болно. Гэхдээ тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй” гэжээ (Монгол Улсын Дээд Шүүх, 2016).
Иргэний хуулийн 89.2 дугаар зүйлд, “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэжээ (Монгол улсын Иргэний хууль, 2002).
Мөн тус хуулийн 89.3 дугаар зүйлд, “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.” гэжээ (Монгол улсын Иргэний хууль, 2002).
“Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV”-т, “Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзвэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, хөдөлгөөнд оруулж, ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж ойлгоно” гэжээ (Монгол Улсын Дээд Шүүх, 2016).
Ж.Оюунтунгалагийн “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” эрдэм шинжилгээний өгүүлэлд, “Машиныг жолоодож буй, жолооны ард байгаа этгээдэд бодит эзэмшил байна гэж ойлгохоор байгаа боловч Иргэний хуулийн 499.3 дугаар зүйлд заасан эзэмшигч, ашиглагч гэсэн нэр томьёотой холбон тайлбарлавал энэ тохиолдолд жолоочийг эзэмшигч гэхээсээ илүү ашиглагч гэж үзнэ. Иймд автомашиныг түр эзэмшилдээ авсан хүн бүрийг Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд заасан эзэмшигч гэж туйлшруулан ойлгох боломжгүй гэж үзэхээр байна” гэжээ.
Тээврийн хэрэгслийг ашиглах явц
“Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV”-т, “Тээврийн хэрэгслийг ашиглах гэдэгт машин явж байгаа, мөн хөдөлгүүрийг унтрааж, явах үйлдлийг түр зогсоосон үеийг хамааруулна” гэжээ (Монгол Улсын Дээд Шүүх, 2016). Энэ тайлбараас тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох гэдгийг зөвхөн машин явж байгаа үеийг биш, мөн хөдөлгүүрийг унтрааж, явах үйлдлийг түр зогсоосон үеийг хамааруулж байгаа нь зөвшөөрөлгүй газар зогсож байх хугацаанд бусдад хохирол учруулсан бол, хохирлыг хариуцах асуудал хамрагдана гэж ойлгогдож байна.
Жолооч болон өмчлөгчид хүлээлгэх хариуцлагын зааг ялгаа
“Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV”-т, “Өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг дур мэдэн хөдөлгөөнд оруулж, ашиглах явцад бусдад гэм хор учруулсан бол, тухайн этгээд хохирлыг хариуцан арилгана. Гэхдээ, тээврийн хэрэгслийг ашиглах бололцоо олгосноос бусдад гэм хор учруулсан тохиолдолд өмчлөгч буюу эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэжээ (Монгол Улсын Дээд Шүүх, 2016).
Түүнчлэн, “Үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол, тэдгээрийн хүлээх үүрэг тэнцүү байх боловч, гэм буруугийн байдлыг харгалзан гэм хорыг арилгах хэмжээ харилцан адилгүй байж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр нь хохирогч шаардах эрхтэй байна (Монгол Улсын Дээд Шүүх, 2016).
Ж.Оюунтунгалагийн “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” эрдэм шинжилгээний өгүүлэлд, “Уг зохицуулалт нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхой заасан тусгай зохицуулалт болсон хэдий ч, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцан арилгах хохирлын хэмжээг Иргэний хуулийн гэм хорын үндсэн зохицуулалтын хүрээнд тодорхойлох агуулгатай байна.” гээд “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой хуулийн заалтуудыг уг эрх зүйн зохицуулалтын зорилгод нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага байгаа” гэж үзжээ (Ж.Оюунтунгалаг, 2021).
Энэ хэсгийн эцэст, ийм төрлийн зохицуулалт байдаг гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй тул олон нийтэд таниулж ойлгуулах нь нэн чухал, мөн хуулийн тайлбарыг зайлшгүй харж, ойлгомжгүй зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Ингэснээр, хуулийн зохицуулалттай холбоотой урган гарах асуултуудад бүрэн дүүрэн хариулт авч, хариуцлагыг бүрэн гүйцэт ухаарах, хохирсон тохиолдолд хэнээс хохирлоо нэхэмжлэх талаар мэдэж авах ач холбогдолтой.
Статистик тоо баримт
2022 оны байдлаар, Монгол улсад техникийн хяналт үзлэгт хамрагдсан автомашины тоо 734’450 байна. Тухайн үеийн 20-60 настай хүн амын тоо 1’838’499 байсан ба 2.5 хүн тутамд 1 автомашин ноогдож байна. Энэхүү энгийн тоо үзүүлэлтээс, тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хэр их асуудал гарах нь тодорхой билээ.
2022 оны байдлаар улсын хэмжээнд, бүртгэгдсэн зам тээврийн осол 24’121 байжээ. Үүнийг дээрх автомашины тоотой харьцуулбал, 30 автомашин болгоны нэг нь 2022 онд зам тээврийн осолд орсон байна.
2022 оны байдлаар улсын хэмжээнд, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 280, гэмтсэн хүний тоо 1’041 байна. Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 56, гэмтсэн хүний тоо 554 байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас гэмтсэн нийт хүн, талаас дээш хувь байна (53%) (Үндэсний Статистикийн Хороо, 2022).
Улаанбаатар хотын тээврийн цагдаагийн албаны хамгийн сүүлийн мэдээ буюу 2021 оны 1 дүгээр улирлын Зам тээврийн ослын товч мэдээлэлд дурдсаны дагуу, 15’049 дуудлага мэдээлэл өгсөн ба нас барсан хүний тоо 42, гэмтсэн хүний тоо 125, учирсан хохирол 767’359’800 төгрөг байна. Мөн энэ хугацаанд, тээврийн цагдаагийн алба 278’635 хүнийг торгосон, 5’731 хүний эрхийг хассан, 1’347 хүнийг баривчилсан бөгөөд торгуулийн дүн 10’238’050’000 төгрөг (10 тэрбум) байна.
Харин улсын хэмжээнд, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10’524, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 150, зам тээврийн осол 4’132, амь насаа алдсан хүний тоо 59, хүнд гэмтэж бэртсэн хүний тоо 369, учирсан хохирол 4’099’100’000 сая төгрөг (5 тэрбум) байна. Хүний амь нас хохирсон ослын шалтгаан дундаас хамгийн өндөр буюу 26.9 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зогсох арга хэмжээ аваагүй 17.3 хувь, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон 15.4 хувь, хурд хэтрүүлсний улмаас 13.5 хувь шалтгаан нөхцөл болжээ. Зам тээврийн осолд өртсөн 428 хүний 183 нь явган зорчигч, 172 нь тээврийн хэрэгслээр зорчигч, 72 нь жолооч, 1 нь дугуйтай зорчигч байна. Өөрөөр хэлбэл, жолооч 16.9 хувь, харин үлдэх хувь буюу 83.1 хувь нь явган зорчигч, дугуйчин, зорчигч байна.
Автомашинууд хоорондоо мөргөлдөх тохиолдол хамгийн өндөр буюу 3’395 бол, үүнээс гадна тээврийн хэрэгслээр явган зорчигч мөргөх, үл хөдлөх зүйл мөргөх, тээврийн хэрэгслээр онхолдох, замын хажуу руу унах өнхрөх, дугуйтай хүнтэй мөргөлдсөн байна. Дэлгэрүүлбэл, зам тээврийн ослын шалтгаан явган зорчигчийн буруутай үйлдлийн улмаас 1.2 хувь бол, жолоочийн буруутай үйлдэл 98.5 хувь байна (Тээврийн цагдаагийн алба, 2021).
Эдгээр тоо үзүүлэлтээс эмгэнэлтэй дүр зураг бууж байгаа ба тээврийн хэрэгслийн тоо хэт өндөр, түүнээс зам тээврийн ослын хувь хэмжээ өндөр, тэр хэмжээгээр торгуулийн дүн их, жолоочоос гадна явган зорчигч, дугуйчин, зорчигч хохирч, амь насаа алддаг байна.
Кейс
Иргэний хуулийн 499 зүйлд холбогдох өмчлөгч хохирлыг нөхөн төлөх болсон шүүхийн шийдвэр
А захын урт талд бензин түгээгүүрийн хажуугийн туслах замаас иргэн О гэх хүний жолоодож байсан автомашин хурдтай ирж, иргэн Ө-ийн жолоодож явсан автомашиныг мөргөсөн. Үүнээс болж иргэн Ө-д хохирол учирсан. Тухайн осол гаргасан автомашин нь ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан тул 2’383’500 төгрөгийг ХХК-иас нэхэмжилсэн.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: иргэн О нь тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэх этгээд нь тээврийн хэрэгслийг жолоодон явсан иргэн О байх ба түүнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Учир нь Иргэний хуулийн 497.1 зүйлд зааснаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч буюу жолоодон явсан этгээд байх тул ХХК нь нэхэмжлэгчид ямар нэг хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ гэм хор учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 499.1, 510.1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК-иас гэм хорын хохиролд 2’383’500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ (Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2020).
Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Энд тээврийн хэрэгслийг эзэмшигч гэж тодорхой заасан байтал өмчлөгчид хариуцлага хүлээлгэсэн явдал нь буруу хэмээн харж байна. Мөн “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV”-т, “Тээврийн хэрэгслийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжүүлэх үед уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан тохиолдолд хариуцлага хүлээх субъектийг зөв тодорхойлох шаардлагатай.” гэсэн байтал, тухайн тээврийн хэрэгслийн жолоодлогыг хянаж, өөрийн мэдэлд байлгаж байсан, гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгээгүй, харин эрсдэлийг удирдах боломжгүй, гэм хор учруулаагүй, нөхцөл байдалд бодитойгоор хяналт тавих боломжгүй, бодитойгоор эзэмших, ашиглах боломжгүй хуулийн этгээдийг өмчлөгч тул хариуцлага хүлээх ёстой гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.
Иргэний хуулийн 499 зүйлд холбогдох өмчлөгч хохирлыг нөхөн төлөхгүй болсон шүүхийн шийдвэр
Нэхэмжлэгч гаргасан тайлбартаа: Иргэн Б нь Исузу загварын автомашиныг 2018.05.30-нд худалдан авсан хууль ёсны өмчлөгч. 2018.08.04-нд уг автомашинаар ачаа ачиж, иргэн Г-д өгч явуулсан бөгөөд уг өдрийн 19 цагийн үед Дундговь аймагт Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явж байсан Ланд круйзер загварын тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгал руу орж, Исузу загварын тээврийн хэрэгслийн халз урд талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осолд Дундговь аймгийн цагдаагийн газраас 2018.08.09-нд хэрэг үүсгэсэн. Хэрэг бүртгэлийн ажиллагаагаар замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, иргэн О нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдсон, жолооч иргэн Г нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, жолооч иргэн Г нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй өгсүүр газар явж байсан нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдож байна, уг ослын гол шалтгаан нь Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн О-гийн буруутай үйлдлээс үүдэн гарсан гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн Исузу загварын автомашинд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр 32’280’000 төгрөг гарснаас уг ослын улмаас автомашиныг жолоодож явсан иргэн Г, зорчигч У, А нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, хохирол гарсан. Түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас зам тээврийн осол гаргасан Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийн жолооч иргэн О нь нас барсан тул 2018.09.18-ны прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.
Дундговь аймгийн прокурорын уг тогтоолоор Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн О-гийг хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч иргэн А, иргэн Г нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэм буруутайг тогтоосон. Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээх боловч Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр Хаан банк гэсэн байх тул Иргэний хуулийн 499.4 дэх хэсэгт зааснаар Хаан банк уг гэм хорын асуудлыг хариуцан арилгах үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн, гэм хор шууд учруулаагүй уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Хаан банк гэм хорыг хариуцах ёстой гэж үзэж байгаа тул гэм хор учирсан үйл явдалд тээврийн хэрэгслийн өмчлөгч Х банк гэм буруутай байх нь шаардлагагүй бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэр шаардахгүй гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгсэлд 32’280’000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн. Хохирогчийн тухайн машиныг жолоодож явсан иргэн Г нэхэмжлэгчийн автомашинд сууж явсан 2 зорчигч тэдгээрийн биед хүндэвтэр хохирол учирсан. Хэрэгт авагдсан баримтаар буруутай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Х ХХК байгаа. Иргэний хуулийн 499.1 дэх заалт шууд гэм хорын жолооч хариуцах заалт байгаа. Х ХХК нь иргэн О-д томилсон, шилжүүлсэн гэх үндэслэл байгаа. Иймээс бусдад учруулсан гэм хорыг Х ХХК хариуцах үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч гаргасан тайлбартаа: иргэн О нь 2017.02.23-нд барьцаат зээлийн гэрээ байгуулан Хаан банкнаас тээврийн хэрэгслийн зээл авсан байдаг. Тухайн тээврийн хэрэгслийн 161’000’000 төгрөгийн зээл аваад Ланд круйзер загварын автомашин авсан. Фидуцийн гэрээ байгуулж авсан. Иргэний хуулийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулсан нь зээлдэгч иргэн О болон М ХХК нь Хаан банкинд зээлсэн зээлийн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл нь үндсэн зээлдэгч буюу иргэн О-гийн нэр дээр шилжүүлэхээр талууд тохиролцсон. 2017.02.23-ны фидуцийн гэрээгээр заагдсан. Энэ фидуцийн гэрээний 2.4.5-д хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөнд учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж талууд тохиролцсон байгаа. Зээлдэгч болон хамтран хариуцагч нар төлөх ёстой. Х ХХК-ийн хувьд тухайн зээлийг төлүүлэх зорилгоор банкны нэр дээр бүртгэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаад байгаа асуудал байхгүй. Гэрчилгээ банкны нэр дээр боловч, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөрийг Х ХХК төлөх үндэслэл байхгүй. Банк өөрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг автомашиныг банкны жолооч унаж яваад бусдад гэм хор учруулсан бол Хаан банк хариуцлага хүлээх нь зайлшгүй асуудал. Гэтэл тухайн тохиолдолд, тээврийн хэрэгслийг зээлээр авсан зээлдэгч унаж явсан, Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга бөгөөд энэ аргын дагуу зээлийн гэрээний дагуу тухайн зээлдэгчийн өмч байгаа. Фидуцийн гэрээтэй холбоотой Х ХХК-ийн нэр дээр олон тээврийн хэрэгсэл гардаг. Эдгээрийг фидуцийн гэрээгээр авсан банкны зээлдэгч хариуцдаг. Гэтэл, Иргэний хуулийн 499.3, 499.4 дэх хэсэгт гэж яриад байгаа нь буруу учраас нэхэмжлэгчийн тайлбар, шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497.1, 499.4, 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас гэм хорын хохиролд 32’280’000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч иргэн Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Б-с улсын тэмдэгтийн хураамжид 319’350 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, мөн хуулийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 319’350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч иргэн Б-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас 32’280’000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 116.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй гэж үзэж байна. Х ХХК нь 2017.02.23-ны барьцаат зээлийн гэрээг зээлдэгч иргэн О, М ХХК-иуд нь байгуулж улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд 2017.02.23-ны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч этгээд иргэн О-той байгуулсан. Х ХХК-ийн хувьд иргэн О, М ХХК-иудтай байгуулсан Фидуцийн гэрээний 2.2-т "Хөрөнгийн эзэмшил, ашиглалт: Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана.", 2.4.5-т "Хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна." гэж талууд гэрээгээр харилцан гохиролцож, уг барьцааны зүйлийг ашиглах, эзэмших явцад бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч буюу иргэн О хариуцахаар гэрээгээр урьдчилан талууд тохиролцсон болно. Фидуци нь Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өр, зээлийн баталгаа болгож, өмчлөлд уг эд хөрөнгийн шилжих эрхийг хязгаарлах, барьцааны зүйлийг баталгаажуулах үүднээс үүрэг гүйцэтгүүлэгчийн нэр дээр зээлийн гэрээний хугацаанд түр шилжүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэтэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт: "...2017.02.23-ны барьцаат зээлийн гэрээ буюу тээврийн хэрэгслийн хэрэглээний лизингийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар зорилгоор Иргэний хуулийн 235.1-д заасан фидуцийн гэрээг давхар байгуулсан..." гэж дүгнэсэн атлаа мөн үндэслэл хэсэгт "...нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв." гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, татгалзал нь үйл баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 451.1 зүйлд заасны дагуу зээлийн гэрээний үндсэн үүргийг биелүүлэх зорилгоор фидуцийн гэрээг байгуулж тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хугацаанд буюу зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл Х ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл, Иргэний хуулийн 235.1 зүйлд заасан үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хугацаанд нэр дээр шилжүүлсэн асуудлыг анхан шатны шүүх огт хайхрахгүй банкны өөрийн өмч гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй. ...Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах эрхтэй бөгөөд нэгэнт үр шимийн хүртэж байгаа этгээд нь уг эд хөрөнгө эзэмших явцдаа бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулвал бүрэн хариуцах үүрэгтэй болно. Зам тээврийн осол гаргасан жолооч иргэн О-гийн жолоодож явсан Ланд круйзер загварын тээврийн хэрэгсэл нь осол гарах үед Хаан банкны нэр дээр бүртгэлтэй байгаа боловч, Хаан банкны зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн барьцаалагч буюу Х банк Иргэний хуулийн 499.1, 499.3, 499.4 зүйлд заасан эзэмшигчийн нэгэн адил тээврийн хэрэгслийг захиран зарцуулах, ашиглах эрхгүй, эрх бүхий эзэмшигч болон Иргэний хуулийн 499.4 зүйлд заасан гэм хорын хохирлыг Хаан банк хариуцах үүрэггүй бөгөөд уг үүргээс чөлөөлөгдөх эрх бүхий этгээд гэж үзнэ. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч иргэн Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 32’280’000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дундговь аймагт 2018.08.04-ний 20 цагийн орчим Ланд круйзер загварын автомашиныг жолоодож явсан иргэн О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, иргэн Г-ийн жолоодож явсан иргэн Б-ийн өмчлөлийн Исузу маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас биедээ гэмтэл авч, эмчилгээ хийлгэж байгаад 2018.08.04-нд нас барсан, ослын улмаас эсрэг урсгалаар зорчиж байсан Исузу маркийн автомашиныг жолоодож явсан иргэн Г, уг автомашины зорчигч иргэн У, А нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэрэгт авагдсан 2018.08.09-ний хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2018.09.18-ны хэргийг хаах тухай тогтоол, 2018.08.23-ны шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас иргэн Б-ийн өмчлөлийн Исузу маркийн автомашинд 32’280’000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан УУ Аудит ХХК-ийн 2018.09.03-ны хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогджээ.
Хэргийн баримтаас үзвэл, Х ХХК, иргэн О, хамтран үүрэг гүйцэтгэгч М ХХК-ийн хооронд 2017.02.23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, дээрх фидуцийн гэрээний үндсэн дээр буюу 161’000’000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК нь Ланд круйзер загварын автомашины хязгаарлагдмал эрхтэй өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан 2017.02.23-нд барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй.
Талууд осол болсон үйл баримтын талаар маргаагүй боловч, дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тул уг хохирлыг хариуцагч төлөх эсэх талаар маргасан байна.
Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч иргэн О нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ланд круйзер загварын автомашиныг Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд фидуцийн гэрээний хугацаанд талууд иргэн О-гийн эзэмшил, ашиглалтад уг автомашиныг байлгахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235.2 зүйлд заасныг зөрчөөгүй байна.
Энэ тохиолдолд уг гэрээний зүйлийн хувьд Иргэний хуулийн 89.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч иргэн О нь шууд эзэмшигч, үүрэг гүйцэтгүүлэгч Х ХХК нь шууд бус эзэмшигч болно.
Ийнхүү үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байхдаа уг автомашин осолд орсон тул Хаан банк ХХК-ийг хяналт тавих үүрэг хүлээсэн хохирлыг хариуцах этгээд гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 499.1 зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 499.1 зүйлд зааснаар хариуцагч Х ХХК-ийг тухайн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавих боломжтой “эзэмшигч” байсан гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчид, маргааны үйл баримтад хамааралгүй, хариуцах ёсгүй этгээдэд хариуцлага хүлээлгэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч “Х” ХХК-иас 32’280’000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч иргэн Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497.1, 499.4, 510.1 зүйлд заасантай нийцээгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч иргэн Б-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 499.1 зүйлд заасан үндэслэлгүй тул гэм хорын хохиролд 32’280’000 төгрөг гаргуулах тухай иргэн Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.25-ны шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 499.1 зүйлд заасан үндэслэлгүй тул гэм хорын хохиролд 32’280’000 төгрөг гаргуулах тухай иргэн Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 зүйлд зааснаар хариуцагч Х ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319’350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 зүйлд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай (Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 2019).
Энэ шүүхийн шийдвэр нь Иргэний хууль болон түүний тайлбартай бүрэн нийцэж байгааг зохож хэлмээр байна. Өнгөц харахад, хуулийн эргэлзээтэй буюу өнөөгийн практикт шүүгчид ялгаатай хэрэглээд буй заалтыг ашиглан хэн нэгнээс нөхөн төлбөр гаргуулах гэсэн хохирогчийн оролдлого мэт. Гол нь уг хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасанд байгаа юм.
Даатгалын байгууллага төлсөн нөхөн төлбөрөө буруутай этгээдээс гаргуулсан шүүхийн шийдвэр
Нэхэмжлэгч Бодь даатгал ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даатгуулагч О нь Бодь даатгал ХК-тай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж Тоёота маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. Хамтран даатгуулагч иргэн Э зам тээврийн осолд орсон хэмээн манайд хандсан бөгөөд даатгагчийн зүгээс шаардлагатай баримт, материалын хүрээнд тохиолдлыг шалгаад зам тээврийн осол гэх эрсдэлд тооцон даатгуулагчид 13 сая төгрөгийг олгосон. Дээрх ослын хувьд иргэн Х нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Тоёота маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон гэх бөгөөд зөрчлийн хэрэг нээж, техникийн шинжээчийн дүгнэлтээр уг зам тээврийн осолд иргэн Х-г буруутайд тооцож 100 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Иргэний хуулийн 443.7 зүйлд Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд, даатгуулагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөс шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8.7 дугаар зүйлд Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгуулагчид шилжинэ, даатгалын гэрээний 5.13-т олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан шаардах эрхийг даатгагчид шилжүүлэх хэмээн тус тус заасны дагуу даатгуулагчийн хохирол шаардах эрх нь Бодь даатгал ХК-д шилжсэн буюу даатгалын байгууллага нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй юм. Ийм учраас 13 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, Бодь даатгал ХК-д иргэн Х 13 сая төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон байна.
Шүүх зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэн шийдвэр гаргажээ.
Уг зөрчлийн хэрэгтэй танилцахад иргэн Х болон иргэн Э-гийн тээврийн хэрэгслүүд огт шүргэлцээгүй, иргэн Х-ийн машин туслах замаас гол замын уулзарт нэвтэрч байхад гол замаар зорчиж байсан иргэн Э-ийн автомашин замаас гарч онхолдсон байна. Иргэн Х-г Замын хөдөлгөөний дүрмийн “…” заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан гэж дүгнэсэн байна. Иргэн Х-г тухайн үед замын цагдаа дуудаж “Иргэн Э-ийн тээврийн хэрэгсэл даатгалтай тул даатгал төлбөрийг барагдуулна, таны хувьд 100 мянган төгрөгийн торгууль төлөөд хэргийг хаана” гэж зөвлөсөн дагуу торгууль төлсөн гэж тайлбарласан. Гэтэл даатгалын байгууллага түүнээс гэнэт их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэмээн шүүхээс мэдэгдсэн байна. Хэдийгээр эвлэрч төлбөрийг төлөх болсон ч тухайн үед торгууль төлөөгүй бол нөхцөл байдал өөр байх байсан гэв.
Хэргийн зангилаа нь Иргэний хуулийн 443.7 дугаар зүйл “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.” гэх зохицуулалтыг мэдээгүйд байна.
Энэхүү ажлын тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар олон улсын туршлага хэсэгт гуравдагч этгээдийн хариуцлагын даатгалын талаар танилцуулсан ба манай улсад ч мөн ийм төрлийн зохицуулалт байдаг, уг зохицуулалтын дагуу шүүх хэргийг шийдвэрлэдэг болох нь харагдаж байна.
Дүгнэлт
Энэхүү ажилд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гадаад улс орнуудын туршлага болон Монгол улсын эрх зүйн зохицуулалтуудыг авч үзлээ. Ингэхдээ аль болох тайлбар, ойлголтуудыг оруулахыг хичээсэн ба жишээ сэлтийг ч мөн ашиглав.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйл “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” талаар танилцуулахдаа ойлгомжгүй зүйлийг тодруулж, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хуулийн тайлбар болон бусад холбогдох судалгаа, шинжилгээг ашигласан. Гэсэн хэдий ч, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг ашиглан бодит практик дээр хэргийг шийдвэрлэсэн байдалтай танилцахад эргэлзээтэй зүйлүүд гарч ирсэн билээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч компанид хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн хэрэг байна. Гэм хор учруулаагүй, бодитойгоор хяналт тавих боломжгүй, бодитойгоор эзэмших, ашиглах боломжгүй зөвхөн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэж байна, хуулийн энэхүү заалтыг дахин эргэн харах шаардлагатай, ийм маягаар шийдвэрлэх нь шүүхийн буруу жишиг тогтох аюултай гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Үүний адил, Анхан шатны шүүх өмчлөгч компанид хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад өмчлөгч төлөх үндэслэлгүй гэж үзэн шийдсэн байна. Хуулийн нэг заалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа нь хуулийн томьёолол болон тайлбар бүрэн гүйцэт биш гэдэг нь харагдаж байна.
Манай улсад хийгдсэн хэд хэдэн судалгаанд, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн зохицуулалтын хэрэглээ шүүхийн практикт нэр мөр болоогүй, тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн маргаантай хувилбарууд дэвшүүлсэн гэх зэргээр шүүмжлэлтэй хандсан боловч ийм төрлийн зохицуулалт олон улсад байдаг төдийгүй хохирол учрахад нөлөөлсөн, оролцсон бүх талд хариуцлага тооцохыг баталгаажуулдаг зайлшгүй байх ёстой зохицуулалт гэж үзэж байна.
Мөн даатгалын байгууллага гуравдагч этгээдээс даатгалын гэрээний дагуу олгосон нөхөн олговрыг эргүүлэн нэхэмжилж болдог талаар кейсийг авч үзсэн ба хуулийн зохицуулалтыг иргэд мэдлэггүй, замын цагдаа тухайн үед хэргийг хаах явцуу зорилгод хөтлөгдөн иргэдийг буруу ташаа мэдээллээр хангаж, төөрөгдүүлж, их хэмжээний төлбөрт орох эрсдэл хүлээх алхам хийлгэдэг гэдгийг харуулж байна.
Тээврийн хэрэгсэл ашигласны улмаас учирсан хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалтын гол зорилго нь тээврийн хэрэгслийн ослын улмаас хохирсон иргэдэд учирсан хохирлыг цаг тухайд нь шударгаар барагдуулах, хайхрамжгүй хандсан этгээдүүдэд хариуцлагыг зохих ёсоор ногдуулах, шударга ёсны мэдрэмжийг төрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, гэмтлийн гаралтыг бууруулах явдал юм. Хуулийн зохицуулалт шударгаар хохирлыг барагдуулах тал дээр анхаардаг бол, цаг алдалгүй барагдуулах асуудал үлдэж байна. Цаг алдахгүй байх асуудлыг олон улсад даатгалын тогтолцоо, хөтөлбөр, сан болон дагнасан шүүх байгуулах зэргээр үр ашигтай механизмыг бий болгох замаар шийдсэн байна. Нөхөн олговрыг цаг алдалгүй олгох нь хохирогчдод гэмтэл бэртлээ эмчлүүлэх, эд хөрөнгөө засварлах, удаан хугацаанд гомдол тээж явахгүй байх, хэвийн амьдралдаа богино хугацаанд эргэн орох зэрэг олон давуу тал, боломжийг олгодог.
Олон улсад байдаг даатгалын тогтолцоо манай улсад ч байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийн ослын улмаасхохирогчид хохирлоо харьцангуй нөхөн төлүүлдэг гэж ойлгож болно. Харин төрөөс болон тусгай сангаас нөхөн төлбөр олгодог систем хараахан үүсээгүй байна. Ийм тогтолцоо нь тээврийн хэрэгслийн ослын улмаас гэмтэж бэртэх эрсдэл өндөртэй явган зорчигч, дугуйчин, зорчигч зэрэг эмзэг талуудын эрх ашгийг хамгаалахад чиглэгддэг.
Дагнасан шүүхийн хувьд манай улсын өнөөгийн нөхцөлд ийм төрлийн шүүх нь зардал мөнгө, санхүүжилт шаардагдах боловч, статистик тоо мэдээллээс харахад мөн л цаашид бодолцож үзэх асуудал гэж харлаа.
Хайхрамжгүй байдлаас болж санхүүгийн төлбөрт орох үр дагаварт хүргэх магадлал нь тээврийн хэрэгсэл жолоодох, бусдад шилжүүлэхдээ хариуцлагатай, илүү болгоомжтой хандах, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоход түлхэц болдог. Өмч хөрөнгө хариуцлага дагуулдаг гэдгийг байнга ухаарч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж даатгалд хамрагдаж байх шаардлагатай.
Эцэст нь тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд нь хариуцлага, шударга, үр ашигтай, аюулгүй байдлын тэнцвэрт байдлыг хангах бөгөөд хохирогчдод учирсан хохирлоо иргэний журмаар барагдуулах эрх зүйн сэтгэлгээтэй байж зохих ёсоор нөхөн төлүүлэх, замын хөдөлгөөнд хариуцлагатай хандлах хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдэх ёстой.
Б.Минжин
Ашигласан эх сурвалж
Н.Норовсамбуу, & Р.Пүрэвбаатар. (2021, 05 15). Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулаллтын талаарх судалгаа шүүхийн шийдвэрт хийх хөндлөнгийн дүн шинжилгээ. Legal Data, 72.
Монгол улсын Иргэний хууль, 499 (01 10, 2002).
Монгол Улсын Дээд Шүүх. (2016). Монгол улсын Иргэний хуулийн тайлбар (Гэрээний бус үүрэг) IV. Улаанбаатар: Тоонотпринт ХХК.
Тээврийн цагдаагийн алба. (2021, 06 03). transportation.police.gov.mn. Retrieved 03 20, 2024 from Статистик мэдээлэл: https://transportation.police.gov.mn/as/statistic
Үндэсний Статистикийн Хороо. (2022). www.1212.mn. Retrieved 03 20, 2024 from Статистик: https://www.1212.mn/mn
Ж.Оюунтунгалаг. (2021, 07 08). Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын арилгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа. Legal Data, 15.
Prosser, W. L., Keeton, W. P., Dobbs, D. B., Keeton, R. E., & Owen, D. G. (1984). Prosser and Keeton on Torts (5th ed.). West Group.
Dhirajlal, R. &. (2019). The Law of Torts (28th ed.). India: Generic.
Witting, J. M. (2012). Street on Torts (13th ed.). Oxford University Press.
Department of Insurance and Financial Services. (2020, 07 02). Brief Explanation of Michigan No-Fault Insurance. Retrieved 03 20, 2024 from michigan.gov: https://www.michigan.gov/difs/-/media/Project/Websites/difs/Publication/Auto/FIS-PUB_0202.pdf?rev=7f43969712ec4c269abfc0cbf8a843ef&hash=1870B3032AA5C3943D669E1FD67C5704
Lark Lewis, J. (2024, 03 14). What Are the Elements of Negligence? (E. Katrina Wilson, Editor) Retrieved 03 20, 2024 from Find Law: https://www.findlaw.com/injury/accident-injury-law/proving-fault-what-is-negligence.html
Kagan, J. (2023, 06 25). What Is Comparative Negligence? (C. Stapleton, & s. Clarine, Editors) Retrieved 03 21, 2024 from Investopedia: https://www.investopedia.com/terms/c/comparative-negligence.asp#:~:text=Comparative%20negligence%20is%20a%20principle,respective%20contributions%20to%20the%20accident.
Kagan, J. (2023, 06 14). Third Party Liability Insurance Types. (C. Potters, & K. Munichiello, Editors) Retrieved 03 20, 2024 from Investopedia: https://www.investopedia.com/terms/t/third-party-insurance.asp#:~:text=Third%2Dparty%20insurance%20is%20a%20form%20of%20liability%20insurance%20that,insurance%20is%20for%20property%20damage.
Insuranceopedia. (2024, 02 29). Compulsory Insurance. Retrieved 03 20, 2024 from Insuranceopedia: https://www.insuranceopedia.com/definition/1302/compulsory-insurance
Christy Bieber, J. (2023, 01 25). Car Accident Statute Of Limitations 2024 Guide. (J. Adam Ramirez, Editor) Retrieved 03 19, 2024 from Forbes Advisor: https://www.forbes.com/advisor/legal/auto-accident/car-accident-statute-limitations/
National Government of South Africa. (2024, 03 19). Road Accident Fund. Retrieved 03 19, 2024 from National Government of South Africa: https://nationalgovernment.co.za/units/view/152/road-accident-fund-raf
Government of NCT of Delhi. (2024, 03 20). Motor Accident Claims Tribunals. Retrieved 03 20, 2024 from Department of District Session Judge: https://session.delhi.gov.in/session/motor-accident-claims-tribunals
Government of Canada. (2024, 03 20). Workers' Compensation Boards in Canada. Retrieved 03 24, 2024 from Canadian Centre for Occupational Health and Safety: https://www.ccohs.ca/oshanswers/information/wcb_canada.html
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх. (2020, 03 02). Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. Retrieved 03 20, 2024 from Шийдвэрийн мэдээлэл: https://shuukh.mn/single_case/14419?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх. (2019, 04 26). Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан. Retrieved 03 20, 2024 from Шийдвэрийн мэдээлэл: https://shuukh.mn/single_case/12090?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1
Л.Банзрагч. (2022, 03 17). Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах. Legal Data, 25.
#ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль #ТээврийнХэрэгслийнАшиглалтаасҮүссэнГэмХорыгАрилгах #ТусгайСан #ЗасгийнГазрынХөтөлбөр #МэргэшсэнШүүх #ХохирлыгЦагАлдалгүйБарагдуулах #ЭрхЗүйнЗохицуулалт #ЭрхЗүйнХариуцлага #ТээврийнХэрэгсэл #Даатгал #ОлонУлсынТуршлага #ЖолоочийнХариуцлага #ЭзэмшигчийнХариуцлага #ШилжүүлэгчийнХариуцлага #ЗөвшөөрөлОлгосонТалынХариуцлага #ХайхрамжгүйБайдал #ХүлээхХариуцлагынХязгаар #ИргэнийНэхэмжлэл #ГэмБуруугүйгээрХариуцлагаХүлээхЗарчим #ТээврийнХэрэгслийнЭзэмшигч #ЯвганЗорчигч #Дугуйчин #Зочигч #Осол #ХүнийАмьНас #ЭрүүлМэнд #ЭдХөрөнгө #Автомашин
🚘