Монгол Улсын Засгийн газрын тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг Чиг үүрэг, эрх зүйн суурь, бүтэц, шинэчлэлийн практик судалгаа
- Ж.Танан
- Mar 31
- 25 min read
Агуулга
I. Удиртгал
Монгол Улсын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо
Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал
Бие даасан зохион байгуулалт бүхий агентлаг
II. Онолын үндэслэл
III. Тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаг
ТохАгентлагийн бүтцийн өөрчлөлтируулагч агентлаг
Тохируулагч агентлагийн эрх зүйн үндэслэл
Агентлагийн онолын ангилал ба албан ёсны жагсаалтын зөрүү
Хэрэгжүүлэгч агентлагийн эрх зүйн үндэслэл
Харьцуулалт: Тохируулагч ба Хэрэгжүүлэгч агентлаг
Эрх мэдлийн уялдаа, зохицуулалтын хийдэл
Засгийн газрын агентлагийн тоо
Монгол Улсад агентлагийн тогтолцоог оновчтой болгохын тулд юуг анхаарах ёстой вэ?.
VI. Дүгнэлт
Судалгааны хязгаарлалт ба судалгааны цаашдын чиглэл
Товчилсон үгийн жагсаалт
АНУ Америкийн Нэгдсэн Улс
ЖДҮ Жижиг, дунд үйлдвэр
УИХ Улсын Их Хурал
ШШГЕГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
ЭМДЕГ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
ЭХЗХ Эрчим хүчний зохицуулах хороо
Хүснэгтийн жагсаалт
Графикийн жагсаалт
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлагийн ангилал, чиг үүрэг, эрх зүйн статус, уялдаа холбоог онолын болон практик түвшинд судалсан болно. Судалгааны зорилго нь тухайн байгууллагуудын тогтолцоо, ялгаатай чиг үүрэг, институтийн байр суурь, хууль зүйн үндэслэлийг харьцуулан шинжлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, оновчтой тогтолцооны чиг хандлагыг дэвшүүлэхэд оршино.
Судалгаанд олон улсын нэр томьёо болох “Regulatory Agency”, “Implementing Agency”, түүнчлэн New Public Management, Principal-Agent Theory, Public Sector Reform зэрэг онолын хандлагыг ашиглан агентлагийн чиг үүргийг задлан шинжилсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, салбарын хууль тогтоомж, бодит практик жишээ, мөн гадаад орны туршлагатай харьцуулсан болно.
Судалгааны явцад зарим агентлагийн нэршил, албан ёсны ангилал болон бодитоор гүйцэтгэж буй чиг үүргийн хооронд зөрүү байгааг, нэг байгууллагад зохицуулах болон хэрэгжүүлэх үүрэг зэрэгцэн оршиж буйг, мөн бие даасан байгууллага байх ёстой агентлагууд яамны зүгээс хараат байдалтай ажиллаж буйг илрүүлэв. Иймээс, агентлагийн тогтолцоог оновчтой болгохын тулд агентлагийн нэршил ба бодит чиг үүргийн уялдааг хангах, эрх зүйн статусыг нарийн зааглах, тухайлбал хороо, газар, ерөнхий газар гэх нэршлийн ялгааг тодорхой болгох, төсөв, удирдлагын томилгоо, хариуцлагын тогтолцоо зэрэгтэй холбоотой бие даасан байдлыг баталгаажуулах хууль зүйн зохицуулалт гэсэн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэж дүгнэлээ.
Судалгаанд Засгийн газрын агентлагийн ангилалд хамаарах байгууллагуудыг голчлон авч үзсэн бөгөөд Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс гэх зэрэг Үндсэн хуулиар тогтоосон бие даасан, УИХ-аас томилогдох институт нь судалгааны хүрээнд ороогүй болно.
Түлхүүр үгс: агентлаг, төрийн захиргаа, тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг, эрх зүйн зохицуулалт, Засгийн газрын бүтцийн тухай хууль, чиг үүрэг, Захиргааны ерөнхий хууль, нийтийн үйлчилгээ, зохицуулалтын байгууллага
Монгол Улсын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо нь төрийн үүргийг хэрэгжүүлэх, иргэдэд үйлчилгээ хүргэх, зах зээлийн харилцааг зохицуулах зэргээр олон талт, нарийн бүтэцтэйгээр зохион байгуулагддаг. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн. Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно.” гэж заажээ (УИХ, 2004). Тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хоёр үндсэн ангилал нь зөвхөн бүтэц, зохион байгуулалт, эрх мэдлийн хүрээгээр ялгарах төдий биш, харин төр-иргэн, төр-зах зээл, төр-бизнесийн харилцаанд өөр өөр чиг үүрэг, хариуцлагын хүрээтэйгээр оролцдог онцлогтой юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээн заасан ба агентлаг нь үйл ажиллагаандаа тэргүүн ээлжид энэхүү зарчмыг баримтална (УИХ, 1992). Үүнээс гадна, төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажилладаг байна.
Агентлагийг УИХ-аас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу тухайн үйл ажиллагааны зохих хүрээ, Ерөнхий сайд, сайдын саналыг үндэслэн Засгийн газар байгуулна. Аливаа агентлагийг байгуулахдаа тухайн байгууллагын төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үндэслэл; тухайн агентлагийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжих; агентлагийн үйл ажиллагаа төрийн захиргааны бусад байгууллагын чиг үүрэг, үйлчилгээтэй давхардахгүй байх үндэслэлтэй байна. Харин тухайн агентлагаас хэрэгжүүлж байсан чиг үүрэг, үйлчилгээ нь төрийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээнд хамаарахгүй болсон тохиолдолд Засгийн газар төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид тусгагдсан агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгаж болно. Агентлагийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад зохион байгуулалтын шинэчлэл, агентлагуудын чиг үүргийн дахин тодорхойлох эрх зүйн орчны өөрчлөлт идэвхтэй явагдаж байна. Үүний нэг тод жишээ нь 2024 оны 7 дугаар сард нэрээ өөрчилсөн Монополын эсрэг газар зэрэг агентлагийн бүтцийн шинэчлэлт юм. Энэ мэт өөрчлөлт нь тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн ангиллыг онолын ба хууль зүйн талаас нарийвчлан судлах шаардлагыг бий болгож байна.
Иймээс, энэхүү судалгаагаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ангилал, үндсэн чиг үүрэг, эрх зүйн суурь зохицуулалт, практик хэрэгжилт, тэдгээрийн хоорондын ялгаа, уялдаа, улмаар олон улсын туршлагатай харьцуулан судалж, онолын суурь мэдлэг төлөвшүүлэхийн зэрэгцээ, бодлогын түвшинд анхаарах асуудлыг тодорхойлох зорилго тавилаа.
Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал байхаас гадна, Засгийн газрын шийдвэрээр тодорхой асуудлыг хууль тогтоомж, хуулиар эрх олгосон хүрээнд тогтоодог байна. Хүснэгтэд агентлагийн эрхлэх нийтлэг асуудлыг жагсаан харуулав.
Хүснэгт 1 Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал
№ | Агентлагийн эрхлэх нийтлэг асуудал |
1 | хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах; |
2 | холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах; |
3 | төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах; |
4 | агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид оруулах; |
5 | хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж буй ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; |
6 | салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх; |
7 | хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах; |
8 | Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах; |
9 | хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих; |
10 | хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал. |
Бие даасан зохион байгуулалт бүхий агентлаг
Монгол Улсын захиргааны байгууллагын тогтолцоонд Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудаас гадна, бие даасан зохион байгуулалт бүхий, тодорхой чиг үүрэгтэй хуульд заасан агентлагууд оршдог. Ийм байгууллагуудын нэг хэсэг нь УИХ-аас томилогдох бүтэцтэй байх бөгөөд жишээлбэл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг нь Үндсэн хууль болон тусгай хуулиар тогтоосон, улс төрөөс хараат бус байх зарчимд тулгуурладаг. Эдгээр байгууллагыг зарим тохиолдолд бие даасан байгууллага гэж үздэг бөгөөд эрх зүйн зохицуулалт, томилгооны эрх хэмжээ нь Засгийн газрын агентлагаас ялгаатай юм (Б.Төрболд, 2024). Жишээлбэл:
Санхүүгийн зохицуулах хороо → Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль (УИХ, 2005);
Эрчим хүчний зохицуулах хороо → Эрчим хүчний тухай хууль (УИХ, 2001);
Харилцаа холбооны зохицуулах хороо → Харилцаа холбооны тухай хууль (УИХ, 2001).
Төрийн бүтцийн судалгаанд эдгээр байгууллагын ангиллыг тусад нь авч үзэх шаардлагатай байдаг ч, энэхүү ажил нь зөвхөн Засгийн газрын харьяа агентлагийн ангиллыг онол, эрх зүйн талаас судалж байгааг тэмдэглэж байна.
Захиргааны байгууллагын тогтолцоог ангилах, чиг үүргээр нь ялган зохион байгуулах хандлага нь XX зууны дунд үеэс нийтийн үйлчилгээ, менежментийг оновчтой зохион байгуулах онолуудтай уялдаж хөгжжээ. Монгол Улсын захиргааны байгууллагын тогтолцоог онолын үүднээс тайлбарлахад нийтийн захиргааны шинэчлэл, байгууллагын үүрэг хариуцлагын ялгаа, төвлөрлийг сааруулах зэрэг олон үзэл баримтлал, онолын загварууд хамааралтай. Энэхүү ажилд авч үзсэн онолууд нь тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийг ялган таних, эрх зүйн хүрээнд хэрхэн суурилахыг ойлгоход онцгой ач холбогдолтой юм.
Нийтийн удирдлагын шинэ онол (New Public Management)
1980-аад оны сүүлээс барууны хөгжингүй орнуудад үүсэн дэлгэрч, 1990-ээд онд олон улсын жишиг болон тогтсон Нийтийн удирдлагын шинэ онол нь нийтийн захиргааны байгууллагын менежментэд хувийн хэвшлийн удирдлагын зарчмыг нэвтрүүлэх, зардал багатай, үр дүнд суурилсан, иргэнд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой. Энэхүү онолд төрийн байгууллагыг (i) полиси тодорхойлогч; (ii) тохируулагч буюу зохицуулагч байгууллага (regulator); (iii) хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгч агентлаг (implementer) гэж ялган ангилдаг. Уг онолын дагуу үүргийг ийнхүү нарийвчлах нь ил тод байдал, үр ашиг, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Нийтийн удирдлагын шинэ онолын эх үндсийг Кристопер Худ тавьсан ба түүний “A public management for all seasons?” өгүүлэл олны анхаарлыг ихэд татсан байдаг. Тэрээр чиг үүрэг ангилал, үр ашиг, хариуцлага, хувийн хэвшлийн менежментийн зарчмуудын нийтийн удирдлагад хэрхэн нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ (Hood, 1991).
Энэхүү онолын үзэл баримтлал нь Азийн олон оронд, түүний дотор Монгол Улсад 1990-ээд оны шинэчлэлийн хэрэгцээ шаардлагын улмаас зохицон нутагшсан байдаг. 1996 оны Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, 2004 оны Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль нь Нийтийн удирдлагын шинэ онолын чиг үүрэг тус бүрийг ялгаж зохион байгуулах хэрэгцээ шаардлагыг эрх зүйн хүрээнд тусгасан жишээ юм. Түүнчлэн, Франц, Герман, Япон зэрэг орны захиргааны эрх зүйн онолын судалгаанд агентлагийг засгийн удирдлагын төв байгууллагын эрх мэдлийн хүрээнд ажилладаг, тодорхой чиг үүрэг бүхий тусгайлсан байгууллага гэж тодорхойлдог байна.
Чиг үүргээр ангилах загвар (Regulatory agency / Implementing agency)
Гадаадын захиргааны эрх зүйн судалгаанд, тэр дундаа Европын Холбоо болон АНУ-д тохируулагч буюу зохицуулагч (regulatory agency), хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгч (executive agency) гэх ангилал түгээмэл хэрэглэгддэг. Тохируулагч нь зах зээлийн харилцаанд хяналт тавих, стандарт тогтоох, тусгай зөвшөөрөл олгох чиглэлээр бие даан ажилладаг, харин хэрэгжүүлэгч нь бодлого хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, төсөв захиран зарцуулах чиг үүрэгтэй байдаг.
Монгол Улсын хувьд Монополын эсрэг газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг нь зохицуулалтын чиг үүрэгтэй, тусгай хуультай, бие даасан ажиллагаатай бөгөөд тэдгээрийг тохируулагч агентлаг хэмээн ангилдаг нь Чиг үүргээр ангилах загварт үндэслэгдсэн болно.
Жандоменико Мажоне судалгаандаа тохируулагч болон хэрэгжүүлэгчийн ялгааг онолын хүрээнд тодорхойлсон ба чиг үүргээр ангилах загварыг дэвшүүлжээ. Түүний “Regulatory State” бүтээл нь онолын суурь болсон. Тэрээр 1970-аад оны сүүлээс Европын засгийн газрууд олон улсын өрсөлдөөн нэмэгдэж, Европын Холбооны доторх эдийн засаг, мөнгөний интеграцчлалыг гүнзгийрүүлэх зэрэг чиг хандлагын хариуд уламжлалт удирдлагын арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнээс улбаатайгаар, шинэ бодит байдалд стратегийн хувьд дасан зохицох нь эерэг, хөндлөнгийн оролцоотой засгийн үүрэг багасаж, татвар, зарцуулалтыг дүрэм тогтоохоор орлуулах зохицуулалтын үүрэг зохих хэмжээгээр нэмэгдсэн гэжээ (Majone, 1997).
Агентын онол (Principal - Agent Theory)
Агентын онол нь институтийн харилцааг “захиалагч - гүйцэтгэгч” (principal-agent) байна хэмээн тайлбарладаг. Онолын дагуу Засгийн газар нь “principal”, харин агентлаг нь Засгийн газрын даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй “agent” байна. Гэвч агентын мэдээллийн давуу байдал, бие даасан ажиллагаа, хяналт, тайлагналын механизм зэргээс шалтгаалан захиалагч нь гүйцэтгэгчээ бүрэн зөв хянахад хүндрэлтэй тулгардаг. Тиймээс, тохируулагч агентлагийн бие даасан байдал, хэрэгжүүлэгч агентлагийн төвлөрсөн удирдлагаас хамааралтай байдал, эдгээрийн ялгаа нь энэхүү онолд суурилжээ.
Агентын онолыг анхлан компанийн засаглалын хүрээнд авч үздэг байсан бол онол цааш хөгжиж мэдээллийн тэгш бус байдлыг зохицуулах хэрэгсэл болжээ. Агент үүрэг хариуцлагаа ухамсарласан байх ёстой ба түүнийг үүргээ гүйцэтгэхэд тодорхой хэмжээний бие даасан байдлыг баталгаажуулах ёстой юм. Хари Миллер Агентын онол төр-агентлаг-иргэн гэсэн гурван талт харилцаанд хэрхэн хэрэглэгдэж байгаа талаар нийтлэлдээ бичжээ (Miller, 2005).
Төвлөрлийг сааруулах онол (Decentralization Theory)
Энэ онолын дагуу, захиргааны үйлчилгээг иргэдэд ойртуулж, шийдвэр гаргалтыг төвөөс орон нутагт шилжүүлснээр үр ашиг, оролцоо, хариуцлага нэмэгдэнэ гэж үздэг. Агентлагийн тогтолцоо нь төвлөрлийг сааруулах бодлоготой уялдаж, зарим чиг үүргийг мэргэшсэн агентлагт хуваарилснаар ажлын ачааллыг багасгаж, үр дүнтэй болгох боломж бүрдүүлдэг байна.
Монгол Улсад яамны төвлөрсөн бүтэц дэх харьяа агентлагуудаар дамжуулан бодлого хэрэгжүүлэх хэлбэр нь Төвлөрлийг сааруулах онолтой нийцэлтэй. Орон нутгийн түвшинд хэрэгжүүлэгч агентлагийн салбар нэгжүүд ажиллаж байгаа нь нэг тод илрэл юм.
Деннис Рондинеллийн ажил нь төвлөрлийг сааруулах онолын үндэс, хэрэгжилтийн механизмыг хөгжиж буй орнуудад хэрхэн нэвтрүүлж байгааг харуулсан сонгодог бүтээлд тооцогддог (Rondinelli, 1981).
Нийтийн салбарын шинэчлэл (Public Sector Reform)
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага нийтийн захиргааны байгууллагын бүтэц, хэрэгжилтийн шинэчлэл, Нийтийн удирдлагын шинэ онол, гүйцэтгэлд суурилсан менежмент зэрэг асуудлаар албан ёсны чиглэл, зөвлөмж гаргасан байдаг (OECD, 2005). Тус байгууллага нийтийн бүтцийн шинэчлэлийг хариуцлага, үр ашиг, иргэдэд хүргэх чанар гэсэн гурван үндсэн шалгуураар хэмждэг байна. Тохируулагч агентлагийг бие даалгах, хэрэгжүүлэгч агентлагийг бодлого тодорхойлогч байгууллагын удирдлагын хяналтад байлгах зарчим нь 2000 оноос хойш “Сайн засаглал” (good governance) чиг хандлагын гол хэсэг болсон.
Монгол Улсад Засгийн газрын тогтоолоор тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлагийг ангилан шинэчилж баталдаг нь олон улсын хандлагын тусгал юм.
Тохируулагч агентлаг нь төрийн нэрийн өмнөөс зах зээлийн болон нийгмийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг хянах, зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд олон улсын эрх зүйн онолд эдгээрийг “бие даасан зохицуулах байгууллага” (independent regulatory authority) гэж нэрлэдэг. Ийм байгууллагуудын нийтлэг онцлог нь бие даасан шийдвэр гаргах чадвартай, тухайн салбартаа мэргэжлийн чиг үүрэгтэй, Засгийн газраас хэт хараат бус, зах зээлийн шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлтэй ажилладаг.
Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан (УИХ, 2025). Энэхүү жагсаалтад Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг аюулгүй байдал, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлаг багтсан бөгөөд эдгээр нь албан ёсоор тохируулагч агентлагаар ангилагдсан байна. Мөн шинэчлэгдсэн нэршлээр Монополын эсрэг газар[1] нэртэй болсон агентлаг нь өрсөлдөөний орчныг зохицуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд тус жагсаалтад багтжээ.
Түүнчлэн, зохицуулалт хийх, хяналт-шинжилгээ явуулах, тусгай зөвшөөрөл (лиценз) олгох чиг үүрэг бүхий, шийдвэр гаргахдаа харьцангуй бие даасан агентлаг нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тохируулагчийн статустай байж болно. Тохируулагч агентлагийн жагсаалтыг чиг үүргийн хамт хүснэгтэд харуулав.
Хүснэгт 2 Монгол Улсын тохируулагч агентлагийн жагсаалт, чиг үүрэг
№ | Агентлаг | Үндсэн чиг үүрэг |
1 | Биеийн тамир, спортын улсын хороо | Үндэсний хэмжээний спортын бодлого хэрэгжүүлэх, зохицуулалт |
2 | Зэвсэгт хүчний жанжин штаб | Зэвсэгт хүчний стратеги, төлөвлөлт, удирдлага, зохицуулалт |
3 | Иргэний нисэхийн ерөнхий газар | Иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, зохицуулалт, стандарт хяналт |
4 | Монополын эсрэг газар(хуучнаар ШӨХТГ) | Өрсөлдөөний орчныг зохицуулах, монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалалт |
5 | Онцгой байдлын ерөнхий газар | Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ |
6 | Стандарт, хэмжил зүйн газар | Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн хяналт |
7 | Тагнуулын ерөнхий газар | Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тагнуулын ажиллагаа |
8 | Төрийн тусгай хамгаалалтын газар | Төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн объектуудын хамгаалалт |
9 | Хил хамгаалах ерөнхий газар | Улсын хил хамгаалалт, хилийн хяналт зохион байгуулалт |
10 | Цагдаагийн ерөнхий газар | Хууль сахиулах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэлт |
Тохируулагч агентлагийн эрх зүйн үндэс нь дараах хуулиудад тулгуурладаг. Тухайлбал:
Захиргааны ерөнхий хууль - Захиргааны байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын үндсэн зарчмуудыг тодорхойлно (УИХ, 2015).
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хууль - Агентлагуудын харьяалал, бүтэц, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтооно (УИХ, 1993) (УИХ, 2023).
Салбарын тусгай хууль - Тухайн агентлагийн чиг үүргийг нарийвчлан заана. Жишээлбэл:
Монополын эсрэг газар → Өрсөлдөөний тухай хууль (УИХ, 2010)
Иргэний нисэхийн ерөнхий газар → Иргэний нисэхийн тухай хууль (УИХ, 2023).
Эдгээр хууль нь тохируулагч агентлагийн бие даасан байдал, шийдвэр гаргах эрх хэмжээ, зах зээлд оролцогчдод хяналт тавих хүрээг хууль ёсоор тодорхойлдог байна.
Олон улсын жишигт нийцэхүйц тохируулагч байгууллага гэх ойлголтод багтах ч, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд албан ёсоор ийм статустай гэж ангилагдаагүй хэд хэдэн байгууллага байна. “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-д багтаагүй, зохицуулах чиг үүрэгтэй байгууллагыг чиг үүргийн хамт хүснэгтэд жагсаан харуулав.
Хүснэгт 3 Тохируулагч чиг үүрэгтэй боловч албан ёсны жагсаалтад ороогүй агентлаг
№ | Агентлагийн нэр | Чиг үүрэг |
1 | Санхүүгийн зохицуулах хороо | Санхүүгийн зах зээлийн (даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо) оролцогчдыг хянах, зохицуулах |
2 | Уул уурхайн биржийн зохицуулах газар | Уул уурхайн түүхий эдийн арилжаанд хяналт тавих |
3 | Харилцаа холбооны зохицуулах хороо | Шуудан, интернэт, харилцаа холбооны салбар дахь лиценз, үнэ тариф, үйлчилгээний чанар зэрэгт хяналт тавих |
4 | Эрчим хүчний зохицуулах хороо | Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, үнэ тариф тогтоох, системийн операторуудын үйл ажиллагааг зохицуулах |
Тухайн агентлагийн үүрэг чиглэл, эрх зүйн статус, бодит үйл ажиллагааг харгалзан онолын ангилал болон албан ёсны ангиллыг ялгаж ойлгох шаардлагатай. Онолын хувьд зохицуулалтын чиг үүрэг гүйцэтгэж байгаа боловч албан ёсны жагсаалтад багтаагүй агентлагийг “тохируулагч агентлаг” гэж нэрлэх тохиолдолд эх сурвалж, тайлбар, эрх зүйн үндэслэлийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй юм.
Хэрэгжүүлэгч агентлаг нь Засгийн газрын бодлого, шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад шууд хүргэж, гүйцэтгэл хангах үндсэн үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм. Эдгээр агентлаг нь олон улсын эрх зүйн нэр томьёонд “implementing agency”, “executive agency” гэж нэрлэгддэг бөгөөд нийтийн үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлагатай уялдаатай байдаг.
Өмнө нь дурдсанчлан, Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Эдгээр агентлаг нь засгийн бодлогыг тодорхой салбар, чиглэлээр нийтэд хэрэгжүүлэх, шаардлагатай үйлчилгээ, дэмжлэг, зохион байгуулалтыг хангах үүрэгтэй. Хэрэгжүүлэгч агентлаг нь ихэвчлэн Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын шууд хамааралтай, ялгаатай зохицуулалт шаардагдахгүй бодлогын хэрэгжилтийг гүйцэтгэгч институт юм.
Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсоор ангилагдсан хэрэгжүүлэгч байгууллагын жагсаалт 30 гаруй нэр бүхий нэгжийг хамарч байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн чиг үүргийг доорх хүснэгтэд харуулав.
Хүснэгт 4 Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт, чиг үүрэг
№ | Агентлаг | Үндсэн чиг үүрэг |
1 | Архивын ерөнхий газар | Төрийн архивын хадгалалт, бүртгэл, хандалт, баримтын зохион байгуулалт |
2 | Ашигт малтмал, газрын тосны газар | Ашигт малтмалын хайгуул, олборлолт, лиценз, хяналт |
3 | Биеийн тамир, спортын газар | Олон нийтэд биеийн тамир, спортыг дэмжих, арга хэмжээ зохион байгуулалт |
4 | Боловсролын ерөнхий газар | Боловсролын бодлого хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ |
5 | Гаалийн ерөнхий газар | Бараа бүтээгдэхүүний хил нэвтрэлт, бүрдүүлэлт, хяналт, гаалийн татвар хураамж |
6 | Гадаадын иргэн, харьяатын газар | Гадаад иргэний оршин суух, виз, харьяаллын асуудлын зохицуулалт |
7 | Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар | Газрын харилцаа, кадастр, зураг зүйн үйл ажиллагааны зохион байгуулалт |
8 | Жижиг, дунд үйлдвэрийн газар | ЖДҮ-ийн бодлого хэрэгжүүлэх, дэмжих хөтөлбөр |
9 | Мал эмнэлгийн ерөнхий газар | Малын өвчинтэй тэмцэх, хорио цээр, вакцинжуулалт |
10 | Нийгмийн даатгалын ерөнхий газар | Нийгмийн баталгаа, шимтгэл, тэтгэвэр, тэтгэмж олголт |
11 | Ойн газар | Ойн сангийн хамгаалалт, нөхөн сэргээлт, хяналт |
12 | Оюуны өмчийн газар | Патент, зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, хамгаалалт |
13 | Соёл, урлагийн газар | Соёлын өв, урлагийн бодлого хэрэгжүүлэлт |
14 | Татварын ерөнхий газар | Татварын бүртгэл, ногдуулалт, хураалт, хяналт, хэрэгжилт |
15 | Төмөр замын газар | Төмөр замын сүлжээний хөгжил, стандарт, зохицуулалт |
16 | Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар | Төрийн өмчийн бүртгэл, үнэлгээ, ашиглалт, шилжилт хөдөлгөөний зохицуулалт |
17 | Төрийн худалдан авах ажиллагааны газар | Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл явцын зохицуулалт |
18 | Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар | Төрийн цахим үйлчилгээний стандарт, зохицуулалт, хяналт |
19 | Улсын бүртгэлийн ерөнхий газар | Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн сан |
20 | Ургамал хамгааллын газар | Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэх, хорио цээр |
21 | Усны газар | Усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, менежментийн зохицуулалт |
22 | Үндэсний геологийн алба | Геологийн судалгаа, хайгуул, мэдээллийн сан бүрдүүлэлт |
23 | Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хамгаалал, үйлчилгээ |
24 | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар | Ажил эрхлэлт, хөдөлмөрийн үйлчилгээ, халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэлт |
25 | Хөрөнгө оруулалт, худалдааны газар | Хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэлт, гадаад худалдааны зохицуулалт |
26 | Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар | Хүүхдийн эрх хамгаалал, гэр бүлийн хөгжил |
27 | Цаг уур, орчны шинжилгээний газар | Цаг уур, орчны төлөв байдал, агаарын чанарын судалгаа, мэдээлэл боловсруулалт |
28 | Шүүх шинжилгээний ерөнхий газар | Гэмт хэргийн шүүх шинжилгээ, нотлох баримтын дүгнэлт |
29 | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | Шүүхийн шийдвэрийн биелэлт, хорих ангиудын удирдлага |
30 | Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар | Эмийн бүртгэл, чанарын хяналт, тусгай зөвшөөрөл |
31 | Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, даатгал |
Хэрэгжүүлэгч агентлаг нь Засгийн газрын бодлого хэрэгжүүлэх механизмын үндсэн нэгж бөгөөд олон нийтэд үйлчилгээ үзүүлэх хамгийн ойрын харилцагч байгууллага байдаг. Эдгээр агентлаг нь захиргааны шууд удирдлага дор ажиллах ба тусгайлсан зохицуулалт багатай, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага юм.
Хэрэгжүүлэгч агентлагийн үүрэг нь засгийн зохион байгуулалтын бодлого, төр-иргэний харилцаа, үйлчилгээний чанарын хяналт-шинжилгээтэй шууд холбоотой байна.
Хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, чиг үүрэг, эрх хэмжээ нь дараах хуулиудад үндэслэгдэн зохицуулагддаг. Тухайлбал:
Захиргааны ерөнхий хууль - Захиргааны байгууллагын бүтэц, төрийн үйлчилгээний зарчим, шийдвэр гаргалтын журам зэргийг ерөнхийд нь зохицуулна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль - Засгийн газрын бүтэц, түүний эрх хэмжээ, зохион байгуулалтын ерөнхий зарчмыг тодорхойлно.
Засгийн газрын бүтцийн тухай хууль - Тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн агентлаг, яамдын нэр, чиг үүргийг жагсаан батална.
Салбарын тусгай хууль, эсвэл тухайн агентлагийн тусгай хууль - Тухайн агентлагийн чиг үүргийг нарийвчлан заана. Жишээлбэл:
Татварын ерөнхий газар → Татварын ерөнхий хууль (УИХ, 2019);
Гаалийн ерөнхий газар → Гаалийн тухай хууль (УИХ, 2008);
Нийгмийн даатгалын ерөнхий газар → Нийгмийн даатгалын ерөнхий хууль (УИХ, 2023);
Боловсролын ерөнхий газар → Боловсролын ерөнхий хууль (УИХ, 2023).
Хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүрэг, хариуцлага нь зөвхөн Захиргааны ерөнхий хуулиар хязгаарлагдахгүй, тухайн агентлагийн үйл ажиллагаанд хамаарах салбарын тусгай хуулиар илүү нарийвчлан зохицуулагддаг онцлогтой.
Монгол Улсын захиргааны байгууллагын бүтэц дэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндсэн хоёр хэлбэр бөгөөд чиг үүрэг, зохион байгуулалт, эрх зүйн үндэслэл, үйл ажиллагааны цар хүрээ зэргээрээ хоорондоо тодорхой ялгаатай байдаг.
Тохируулагч агентлаг нь зах зээл, нийгмийн харилцаанд хяналт-шинжилгээ, зохицуулалт хийх чиглэлээр бие даасан байдлаар ажиллана, харин хэрэгжүүлэгч агентлаг нь засгийн бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байдаг. Хүснэгтэд хоёр агентлагийн харьцуулалтын үндсэн үзүүлэлтүүдийг харуулав.
Хүснэгт 5 Тохируулагч ба Хэрэгжүүлэгч агентлагийн харьцуулалт
Үзүүлэлт | Тохируулагч агентлаг | Хэрэгжүүлэгч агентлаг |
Үндсэн чиг үүрэг | Зах зээл, үйлчилгээний салбар дахь хяналт-шинжилгээ, зохицуулалт | Бодлогын хэрэгжилтийг хангах, үйлчилгээ үзүүлэх |
Шийдвэр гаргах эрх | Харьцангуй бие даасан, хуульд заасан зохицуулалтын эрхтэй | Шууд харьяа яам, Засгийн газрын бодлогын дагуу хэрэгжилт гүйцэтгэнэ |
Албан ёсны эрх зүйн үндэслэл | Засгийн газрын бүтцийн тухай хууль, салбарын тусгай хуулиуд | Засгийн газрын бүтцийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, тухайн салбарын хууль |
Зохион байгуулалтын онцлог | Бие даасан тохируулагч хэлбэртэй, зарим нь олон нийтийн зөвлөлтэй | Шууд захирагдах бүтэцтэй, төсвийн болон гүйцэтгэлийн хяналттай |
Жишээ агентлаг | Монополын эсрэг газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар | Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар |
Олон улсын нэр томьёо | Independent Regulatory Authority | Implementing Agency / Executive Body |
Хэдийгээр тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд нь нийтэд үйлчилгээ үзүүлэх нэг цогц бүтцийн бүрэлдэхүүн хэсэг боловч, чиг үүргийн ялгааг ойлгож, онолын болон эрх зүйн хувьд ангилж судлах нь захиргааны эрх зүйн онолын чухал асуудал юм.
Тохируулагч агентлаг нь илүү техникийн, мэргэжлийн, зарим тохиолдолд улс төрөөс ангид байх шаардлагатай болдог бол, хэрэгжүүлэгч агентлагууд нь төр-иргэн, төр-аж ахуйн нэгж хоорондын шууд харилцааг хангаж байдаг. Энэ нь Монгол Улсын захиргааны байгууллагын үр нөлөө, хариуцлага, иргэдэд хүрэх үйлчилгээний чанартай шууд холбоотой.
Ажлын энэ хэсэгт "Монгол Улсад тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын үүрэг, ангилал нь бодитоор хэрхэн хэрэгжиж байна вэ?", "Практикт ямар асуудал тулгарч байна вэ?" гэсэн асуултыг тавьж, хариултыг эрэлхийлэв.
Хэдийгээр, Засгийн газраас тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийг албан ёсоор ангилсан ч, бодит нөхцөл байдалд дээр ангиллын дагуу агентлагууд чиг үүргээ оновчтой хэрэгжүүлж чадахгүй байгаа тохиолдол цөөнгүй байна.
Юуны өмнө, зарим агентлагууд нэршлийн хувьд “тохируулагч” хэмээн нэрлэгдсэн боловч, үйл ажиллагаа, бүтэц, эрх зүйн үндэслэл, гүйцэтгэлийн хувьд үнэндээ хэрэгжүүлэгч чиг үүрэгтэй байгааг анзаарч болно. Тухайлбал, зарим газар нь стандарт тогтоох, хяналт тавих биш, харин бодит үйл ажиллагаа гүйцэтгэх, төсөв зарцуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг гүйцэтгэх чиг үүрэг хэрэгжүүлж байна. Хүснэгтэд агентлагийн ангиллын зөрүүг харуулсан бодит жишээг харуулав.
Хүснэгт 6 Агентлагийн ангиллын зөрүү
Агентлагийн нэр | Албан ёсны ангилал | Бодит чиг үүрэг | Ангиллын зөрүү |
Биеийн тамир, спортын улсын хороо | Тохируулагч агентлаг | Үйл ажиллагаа зохион байгуулах, санхүүжилт олгох, шигшээ баг удирдах | Гүйцэтгэх чиг үүрэг давамгай тул хэрэгжүүлэгч агентлагт илүү тохирно |
Иргэний нисэхийн ерөнхий газар | Тохируулагч агентлаг | Агаарын тээвэр, нислэгийн үйлчилгээний шууд зохион байгуулалт, мэргэжлийн удирдлага | Зохицуулах чиг үүрэгтэй ч хэрэгжүүлэгч үүрэг бүхий бүтэц давамгай |
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар | Хэрэгжүүлэгч агентлаг | Эмийн бүртгэл, чанар, стандарт хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгох | Тохируулагч чиг үүрэгтэй боловч хэрэгжүүлэгч ангилалтай |
Мөн нэг агентлаг хоёр чиг үүргийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг нь эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд тодорхой бус байдлыг үүсгэж байна. Тухайлбал, нэг агентлаг тухайн салбартаа зохицуулах дүрэм гаргах, зөвшөөрөл олгох үүрэгтэй атлаа, мөн үйлчилгээ үзүүлэх, бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг хослон хэрэгжүүлдэг нь шийдвэр гаргах түвшинд ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй.
Бодит байдал дээр зохицуулах үүрэг болон гүйцэтгэх чиг үүргийг хослуулан хэрэгжүүлж байгаа агентлагийн жишээ бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) юм. ЭМДЕГ-ыг албан ёсоор хэрэгжүүлэгч агентлагийн ангилалд оруулсан байдаг. Гэтэл бодит байдалд тохируулагч болон хэрэгжүүлэгч үүргийг хослуулан гүйцэтгэж байна. Хүснэгтэд гүйцэтгэж буй тохируулагч болон хэрэгжүүлэгчийн үүргийг жагсаан харууллаа.
Хүснэгт 7 ЭМДЕГ- ын тохируулагч болон хэрэгжүүлэгч үүрэг
Тохируулагч чиг үүрэг | Хэрэгжүүлэгч чиг үүрэг |
Эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулах | Даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хүргэх |
Эмийн үнийн хязгаар тогтоох | Шимтгэл хураах |
Эмийн багц, үйлчилгээний жагсаалт, тарифт хяналт тавих | Даатгалын төлбөр тооцоо хийх |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалтын шийдвэр гаргах | Эмнэлэг, иргэн хоёрын хооронд гүйцэтгэлийг зохион байгуулах |
ЭМДЕГ тохируулагч болон хэрэгжүүлэгчийн аль аль үүргийг хүлээснээр гэрээ байгуулах байгууллага (тохируулагч) өөрөө төлбөр тооцоо гүйцэтгэгч (хэрэгжүүлэгч) байж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй. Үүгээр ч зогсохгүй, хяналт тавих байгууллага өөрөө мөнгө хуваарилж байгаа нөхцөлд шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлага алдагдах магадлалтай.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь зохицуулах ба хэрэгжүүлэх үүргийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг, практик дээр эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж буй тод жишээ юм.
Үүнээс гадна, “бие даасан зохицуулалтын байгууллага” гэсэн нэр томьёог хэрэглэдэг ч, тухайн агентлаг нь сайд болон харьяа яамнаас төсөв, хүний нөөц, удирдлагын хувьд шууд хараат байгаа тохиолдол ч түгээмэл. Жишээлбэл, эмийн бүртгэл, эмнэлгийн хэрэгслийн хяналт хариуцсан байгууллагууд нь зохицуулалт хийх нэрийн дор шийдвэр гаргах чадамжтай боловч, бодитоор яамны шууд удирдлага, шийдвэрээс бүрэн хамаарч байна. Энэ нь тухайн байгууллагын бие даасан байдлыг сулруулж, олон улсын стандарттай нийцэхгүй нөхцөл үүсгэх эрсдэлтэй.
Ийм байдлаар, нэр томьёо, чиг үүрэг, гүйцэтгэлийн уялдаа алдагдсан нь агентлагийн тогтолцооны хууль зүйн тодорхой бус байдал, хариуцлага сулрах, иргэдийн итгэл буурах зэрэг ноцтой сөрөг үр дагавар авчрах магадлалтай.
Монгол Улсад агентлагуудын бүтэц, чиг үүргийн эрх зүйн үндэслэл нь Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, тухайн агентлагийн үйл ажиллагаанд хамаарах салбарын хууль, мөн Засгийн газрын тогтоол, журмаар зохицуулагддаг. Гэвч практикт эдгээр хууль хоорондоо уялдаа холбоо сул, зарим агентлагийн эрх мэдэл тодорхойгүй, давхардсан байдалтай байгааг ажиглаж болно.
Нэгдүгээрт, агентлагийн бодлого тодорхойлох эрх хэмжээ болон бодлого хэрэгжүүлэх үүргийн ялгаа бүрхэг байдаг. Зарим агентлаг тодорхой салбарт бодлого боловсруулахад шууд оролцож байгаа ч, эрх зүйн хувьд тэдгээр нь бодлого тодорхойлогч биш, хэрэгжүүлэгч гэж ангилагдсан байдаг. Энэ нь "Бодлогын хариуцлагыг хэн үүрэх вэ?" гэх асуудлыг тодорхойгүй болгож байна.
Боловсролын ерөнхий газрыг жишээ болгон тайлбарлая. Тус газар нь бодлогын хэрэгжилт хариуцах гүйцэтгэгч байгууллага хэмээн ангилагдсан боловч, бодлого боловсруулахад шууд оролцож, зарим тохиолдолд яамны бодлогын чиглэлийг тодорхойлох түвшинд нөлөөлдөг. Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, шалгалтын тогтолцоо, цахим боловсролын арга хэмжээ зэрэг нь Боловсролын сайдын бодлого мэт харагдаж байгаа ч, практикт тухайн агентлаг боловсруулдаг. Үүний улмаас, “Энэ бодлогын шийдвэрийн хариуцагч нь хэн бэ?” гэсэн хариуцлагын асуудал тодорхойгүй болж, сайд, агентлаг, дунд шатны байгууллагууд хооронд эрх, үүргийн ялгаа бүдгэрэх нөхцөл бүрдсэн байна.
Энэ нь агентлагуудын бодлого тодорхойлох болон бодлого хэрэгжүүлэх чиг үүргийг хууль зүйн хувьд нарийн ялгаж өгөөгүйгээс, шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо алдагдах эрсдэлтэй байдлын тод жишээ юм. Бусад жишээг хүснэгтэд харуулав.
Хүснэгт 8 Агентлагийн бодлого тодорхойлох эрх хэмжээ болон бодлого хэрэгжүүлэх үүргийн давхцал
Агентлаг | Албан ёсны ангилал | Бодит чиг үүрэг | Ангиллын зөрүү |
Боловсролын ерөнхий газар | Хэрэгжүүлэгч агентлаг | Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, бодлогод нөлөөлөх | Бодлого тодорхойлох үйл ажиллагаанд шууд оролцдог |
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар | Хэрэгжүүлэгч агентлаг | Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилт, арга зүй боловсруулах | Бодлого тодорхойлох болон хэрэгжүүлэх үүрэг давхар гүйцэтгэдэг |
Ойн газар | Хэрэгжүүлэгч агентлаг | Ойн нөөц, ашиглалт, нөхөн сэргээлтийн арга зүй, журмыг батлах; Тусгай зөвшөөрөл, хяналт, тайлан шаардах зэрэг зохицуулалтын шинжтэй ажил гүйцэтгэдэг | Тохируулагч чиг үүрэгтэй хэдий ч хэрэгжүүлэгч ангилалтай |
Хоёрдугаарт, агентлагуудын яамтай харьяалах харилцаа нь албан ёсны зохион байгуулалтаасаа ялгаатай, бодит байдал дээр агентлаг нь яамнаас хамааралтай байж болохыг ажиглаж болно. Тухайлбал, хуулийн дагуу бие даасан шийдвэр гаргах эрх бүхий тохируулагч байгууллага гэж заасан хэдий ч, сайд, яамны удирдлага, төсвийн хуваарилалт, бодлогын нөлөөллөөс шууд хамааралтайгаар ажиллах тохиолдол цөөнгүй байдаг нь ил тод, шударга зохицуулалт хийх зарчмыг алдагдуулах нөхцөл болдог.
Жишээлбэл, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) нь “Эрчим хүчний тухай хууль”-д зааснаар бие даасан тохируулагч байгууллага хэмээн тодорхойлогддог. Тус хороо нь тусгай зөвшөөрөл олгох, тариф тогтоох, эрчим хүчний салбар дахь үйлчилгээний стандарт, хяналт тогтоох зэрэг зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага юм. Гэсэн хэдий ч, ЭХЗХ нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн албан ёсны жагсаалтад багтаагүй бөгөөд өөрийн тусгай хуулиар зохицуулагддаг, бүтэц зохион байгуулалт, статусаараа агентлагуудтай адилгүй оршдог.
Онолын хувьд ЭХЗХ нь хараат бус, мэргэжлийн үндсэн дээр шийдвэр гаргах бие даасан байгууллага байх ёстой боловч, бодит нөхцөлд өөр байна. Тухайлбал:
Төсвийн санхүүжилт, хүний нөөцийн бодлого нь Эрчим хүчний яамтай нягт уялдаа холбоотой;
Хорооны дарга, гишүүдийг томилох асуудал нь Засгийн газрын санал, Ерөнхий сайдын шийдвэрээр хэрэгждэг;
Бодлогын түвшний шийдвэрт улс төрийн болон яамны нөлөө илэрхий байж болзошгүй нөхцөл бүрдсэн байдаг.
Ийм байдлаар бие даасан байдлын талаар хуульд заасан ч, бодит үйл ажиллагаанд хэрэгжихгүй байгаа нь зохицуулалтын тогтолцооны үр нөлөө, хариуцлагын механизмд эргэлзээ төрүүлэх үндэс болж байна.
Гуравдугаарт, зарим агентлаг давхар хяналтын функцтэй ч, хяналт тавих эрх бүхий байгууллага өөрөө удирдах эрх мэдэл бүхий байгууллагын дэргэд ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлийн давхардал үүсгэх суурь болдог. Энэ нөхцөл байдал нь эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн шууд илрэл юм.
Жишээлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) нь хэрэгжүүлэгч агентлаг ба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх (ял эдлүүлэх, торгууль төлүүлэх, албадан гүйцэтгүүлэх гэх мэт), хорих анги, баривчлах байруудын үйл ажиллагааг удирдах, ялтан, сэжигтний эрх зүй, хүмүүжил, аюулгүй байдлыг хариуцах, хяналт шалгалт, дотоод хяналт, сахилгын шийтгэл хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. ШШГЕГ нь өөрийн харьяа хорих анги, албадад хяналт тавих, сахилга бат шалгах үүрэгтэй ч өөрөө тэдгээр нэгжийн захирагч, санхүү, удирдлагыг томилдог, бодлого хэрэгжүүлдэг байгууллага юм. Нэг үгээр хэлбэл, хяналт тавих байгууллага ба гүйцэтгэх бүтэц нэг дор, нэг удирдлагад төвлөрсөн гэсэн үг. Ийм бүтэц нь хяналт тавих объектив байдал алдагдах, ашиг сонирхлын зөрчил үүсэх суурь нөхцөл бий болгох, дотоод хяналтын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Эцэст нь, агентлагуудын зохион байгуулалт, чиг үүргийг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталж байгаа нь сайн хэрэг боловч, энэ тогтоолын агуулга болон холбогдох хуулиудын хооронд зөрүү гардаг. Тодруулбал, нэг агентлагийг тохируулагч гэж ангилсан ч, тухайн агентлагийн тухай салбарын хуульд гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо тохируулагч бус хэрэгжүүлэгч чиг үүрэг давамгайлсан байдаг.
Жишээлбэл, Стандарт, хэмжил зүйн газар нь Засгийн газрын тогтоолоор тохируулагч агентлагт хамаардаг ч, холбогдох салбарын хуулиудад тус газрын хэрэгжүүлэгч шинжтэй чиг үүргийг давхар зааж өгсөн байдаг. Тухайлбал, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.6-д тус газар нь төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, 25.4-т үндэсний чанарын шагнал олгох, олон нийтийн мэдлэг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан нь гүйцэтгэх чиг үүрэг илэрхий байгааг харуулж байна (УИХ, 2017).
Ийм байдлаар, албан ёсны ангилал (тохируулагч) болон салбарын хуулиар тодорхойлсон бодит чиг үүрэг (хэрэгжүүлэгч чиглэл давамгай) хоёрын хооронд зөрүү үүсэж байгаа нь хууль тогтоомжийн уялдаагүй байдлын тод жишээ гэж үзэж болно.
Иймд агентлагийн чиг үүрэг, эрх мэдлийг тодорхой болгохын тулд бодлогын түвшний зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал:
Эрх зүйн эх сурвалжуудын уялдааг сайжруулах;
Агентлаг болон яамдын харьяаллын бүтэц, хариуцлагын хуваарилалтыг тодорхой болгох;
Тохируулагч болон хэрэгжүүлэгч гэсэн анхдагч үүргийг хуульчилсан түвшинд ялгаж тусгах.
2000-2024 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлагийн тоо хэрхэн өөрчлөгдсөн, тэр дундаа тохируулагч болон хэрэгжүүлэгчээр ялган динамикийг графикт буулгав.
График 1 Засгийн газрын агентлагийн тооны өөрчлөлт (2000-2024)

Графикаас харахад дараах хандлагууд ажиглагдаж байна.
2000-2004 онд агентлагийн тоо эрчимтэй буурсан нь төрийн бүтцийн цомхотгол, хүнд суртлыг багасгах зорилготой шинэчлэлийн үр дүн байв.
2005-2008 онд харьцангуй өсөлт гарсан нь зарим салбарт шинэ агентлаг байгуулж, чиг үүрэг тэлсэнтэй холбоотой.
2012 онд огцом бууралт ажиглагддаг ба энэ нь тухайн оны бүтцийн шинэчлэлээр олон агентлагийг татан буулгаж, чиг үүргийг яамдад шилжүүлсэнтэй холбоотой юм.
2013-2020 он хүртэл агентлагийн тоо аажмаар нэмэгдэж, захиргааны байгууллагын үйлчилгээний хүртээмж, салбарын бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилт давамгайлсан байна.
2020 оноос хойш цахим хөгжил, нийгмийн халамж, хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой шинэ агентлагууд байгуулагдсанаар нийт тоо өссөн бөгөөд 2024 онд 41 агентлаг байна.
Тохируулагч агентлагуудын тоо 2000 оноос хойш тогтвортой, 10-12 хооронд хэлбэлзжээ. Энэ нь зохицуулалтын чиг үүрэг төвлөрсөн, хязгаарлагдмал байдалтай байгааг илтгэнэ.
Харин хэрэгжүүлэгч агентлагуудын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд 2012 онд 17 болж багассан ч, 2024 онд 31 хүрээд байна. Энэ нь төрийн бодлогыг хэрэгжүүлэгч бүтэц тэлж буйг илтгэнэ.
Агентлагийн бүтцийн өөрчлөлтүүд нь улс төрийн мөчлөг, хөгжлийн бодлого, төсвийн боломж зэргээс ихээхэн хамаарч иржээ. Түүнчлэн, захиргааны байгууллагын системийн өргөжилт, чиг үүргийн дахин хуваарилалт, салбарын бодлого тодорхойлолтын өөрчлөлттэй уялдаж байгааг харуулж байна.
Агентлагийн тооны өсөлт нь төрийн хариуцлага, хяналт, үйлчилгээний бүтцийг улам нарийсгах эрмэлзэлтэй холбоотой байж болох ч, ирээдүйд давхардсан чиг үүрэг, институтийн уялдаанд онцгой анхаарч, агентлагийн тоо бус, чиг үүргийн оновчлол, эрх мэдэл, хараат бус байдал, үр дүнгийн хяналт илүү чухал шалгуур болж байгааг анхаарах шаардлагатай байна.
Монгол Улсад агентлагийн тогтолцоо, чиг үүргийн зохион байгуулалтад анхаарах шаардлагатай хэд хэдэн гол асуудал байсаар байна. Өмнөх бүлгүүдэд хийсэн дүн шинжилгээгээр танилцуулсан зөрчил, эрх мэдлийн давхардал, статустай холбоотой ойлгомжгүй байдлыг харгалзан, бодлогын түвшний өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал:
Агентлагийг тохируулагч, эсвэл хэрэгжүүлэгч хэмээн нэрлэхдээ зөвхөн бүтэц зохион байгуулалтаар бус, бодитоор хэрэгжүүлж буй үндсэн чиг үүрэгт тулгуурлан ангилах шаардлагатай. Одоогийн нөхцөлд агентлагуудын нэршил, статустай зөрчилдөхүйц байдлаар зохицуулах болон хэрэгжүүлэх үүргийг зэрэгцүүлэн гүйцэтгэж байгаа нь ангилалд эргэлзээ төрүүлж байна. Иймд, ангиллын шалгуур, нэршлийг эрх зүйн хүрээнд тодорхой болгож, бодит чиг үүрэгтэй нийцүүлэх нь зүйтэй.
Одоогийн агентлагуудын дунд газар, хороо, ерөнхий газар гэж нэрлэгдсэн байгууллагууд байдаг бөгөөд эдгээр нь статусын хувьд ялгаатай эсэх нь тодорхойгүй, эрх зүйн болон институтийн түвшинд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Жишээлбэл, зохицуулалтын хороо гэж нэрлэгдсэн байгууллагууд нь олон улсын жишгээр бие даасан байх ёстой ч, нэршил төдий хязгаарлагдаж байна. Иймээс, агентлагуудын нэршил, бүтэц, эрх хэмжээний статусыг тусгай хуулиар илүү тодорхой, нэгдсэн байдлаар зохицуулах шаардлагатай.
Зохицуулалтын чиг үүрэгтэй агентлагуудын хувьд улс төрөөс хараат бус байх зарчим маш чухал байдаг. Гэсэн хэдий ч, практикт агентлагуудын төсөв, хүний нөөц, удирдлагын томилгоо, бодлого хэрэгжилтийн байдал нь сайд, яамнаас шууд хамааралтай байгаа нь бие даасан шийдвэр гаргах боломжийг хязгаарладаг. Иймд төсвийн хараат бус байдал, удирдлагын томилгооны ил тод, хариуцлагатай байдал, мэргэжлийн үндэслэл бүхий шийдвэр гаргалтыг дэмжих эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна.
Агентлагийн тогтолцоо, түүний чиг үүрэг, эрх зүйн статус нь улс орон бүрд өөр өөрөөр зохион байгуулагддаг. Гэвч хөгжингүй орнуудад агентлагийн бүтэц, ангилал нь тодорхой шалгуур, зарчимд тулгуурласан байдаг нь Монгол Улсын туршлагатай харьцуулах боломжийг олгож байна.
АНУ - Federal Regulatory Agencies
АНУ-д тохируулагч агентлаг (Regulatory Agency) нь хууль тогтоогчоос шууд хараат бус, бие даасан институт байх зарчмыг баримталдаг. Жишээлбэл, Securities and Exchange Commission, Food and Drug Administration зэрэг агентлаг нь зохицуулалтын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүргийг бие даан гүйцэтгэдэг. Тэдгээрийн удирдлагыг Конгресс, эсвэл Ерөнхийлөгч томилдог бөгөөд салбарын сайдаас хамааралгүй байдаг.
Их Британи - Executive Agencies
Их Британи улсад агентлагуудыг ихэвчлэн “Executive Agency” гэж нэрлэдэг ба тэдгээр нь яамнаас хамааралтай боловч үйл ажиллагааны хувьд тодорхой эрх мэдэл бүхий нэгж байдаг. Тэднийг яамны дэргэд ажиллуулдаг ч, гүйцэтгэлийн гэрээтэй (performance-based contract) ажиллуулдаг онцлогтой. Ингэснээр хариуцлагын ил тод байдлыг нэмэгдүүлдэг.
Япон - Independent Administrative Institutions
Япон улсад “Independent Administrative Institution” гэх бүтцээр ажилладаг байгууллагууд нь тодорхой чиг үүргийг гүйцэтгэхдээ хараат бус, санхүүгийн хувьд ч тогтвортой байдлаар хангагдсан байдаг. Жишээлбэл, олон нийтийн мэдээллийн байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд агентлагийн бүтцээр ажиллаж, төсвийн ерөнхий захирагч биш хэлбэрээр зохицуулагддаг.
Эдгээр жишээнээс харахад олон улсад агентлагийн ангилал, чиг үүрэг, статус, томилгооны бүтэц нарийн зохицуулагдаж, бодлогын шийдвэр, гүйцэтгэлийн хариуцлага хоёрын зааг тодорхой байна. Монгол Улс агентлагийн тогтолцоогоо боловсронгуй болгохдоо гадаад улсад хэрэгждэг зарчмуудын судалгаа хийж, тодорхой зааг, бие даасан байдлын баталгааг хуульчилсан байдлаар нэвтрүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсад Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын ангилал, чиг үүргийг онолын болон хууль зүйн үндэслэл, бодит практикт тулгуурлан судалсан энэхүү ажил нь захиргааны байгууллагын тогтолцоог шинжлэх, түүний эрх зүйн зохицуулалтын уялдааг үнэлэхэд чиглэв. Судалгааны үр дүнд дараах үндсэн дүгнэлтийг гаргав.
Нэгдүгээрт, агентлагуудын албан ёсны ангилал (тохируулагч, хэрэгжүүлэгч) болон тэдгээрийн бодит чиг үүрэг, салбарын хуулиар тодорхойлсон эрх хэмжээний хооронд зөрүү ажиглагдаж байна. Зарим агентлаг тохируулах болон хэрэгжүүлэх үүргийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь анхдагч чиг үүргийг тодорхойлох, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах шаардлагыг бий болгож байна.
Хоёрдугаарт, агентлагийн нэршил, бүтэц, эрх хэмжээний статус нь нэгдсэн ойлголтгүй байгаа нь тогтолцооны төвөгтэй байдлыг нэмэгдүүлж, институтийн засаглалын тодорхойгүй байдал үүсгэж байна. Жишээлбэл, газар, хороо, ерөнхий газар гэх нэршил нь эрх зүйн статустайгаа нийцэхгүй тохиолдол ч байна.
Гуравдугаарт, зохицуулалтын чиг үүрэг бүхий агентлагуудын хувьд бие даасан байдлыг хуульд илүү тодорхой, шууд заах шаардлага урган гарч байна. Төсөв, удирдлагын томилгоо, хариуцлагын тогтолцоо нь бодит байдал дээр улс төр, яамдын нөлөөлөлд өртөж буй нь зохицуулалтын үр нөлөөг сулруулж болзошгүй байна.
Дөрөвдүгээрт, агентлагийн тогтолцоог олон улсын жишиг, нэр томьёотой, мөн онолын суурь хандлагуудтай харьцуулж үзэх нь оновчтой ангилал хийх, институтийн шинэчлэл төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Тиймээс, Монгол Улсад агентлагийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд бодлогын болон эрх зүйн түвшний зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд:
Агентлагийн нэршил, бодит чиг үүргийн уялдааг хангах;
Эрх зүйн статусыг (газар, хороо гэх мэт) тодорхой болгох;
Бие даасан байдлыг хангах төсөв, томилгооны эрх зүйн баталгааг бий болгох;
Албан ёсны тогтоол, салбарын хууль тогтоомж, бодит хэрэгжилтийн уялдааг хангах;
Засгийн бүтцийн зохион байгуулалтыг онолын суурьтай уялдуулан шинэчлэх.
Энэхүү судалгаа нь зөвхөн Монгол Улсын Засгийн газрын харьяа агентлагийн чиг үүрэг, бүтэц, эрх зүйн зохицуулалтад төвлөрсөн бөгөөд орон нутгийн захиргааны нэгж, Үндсэн хуулиар тогтоосон бие даасан байгууллагууд, гүйцэтгэлийн хяналтын механизм зэрэг асуудлыг хамарсангүй. Цаашид агентлагуудын үр нөлөөний үнэлгээ, нийтийн үйлчилгээний чанар, бодлогын хэрэгжилт, иргэдийн хүлээлт зэрэг сэдвээр гүнзгийрүүлсэн судалгаа хийх нь бодлого боловсруулагчдад практик тус дэмтэй байж чадна.
Ж.Танан
УИХ. (2015, 6 19). Захиргааны ерөнхий хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (1993, 5 06). Монгол Улсын Засгийн газрын тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2023, 7 10). Засгийн газрын бүтцийн тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2005, 11 17). Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2010, 6 10). Өрсөлдөөний тухай хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2001, 2 01). Эрчим хүчний тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2001, 10 18). Харилцаа холбооны тухай хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2023, 7 07). Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2025). Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2004, 4 15). Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (1992, 1 13). Монгол Улсын Үндсэн хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
Б.Төрболд. (2024, 1 03). Бие даасан байгууллагын томилгооны эрх зүйн зохицуулалт. Legaldata.mn.
Miller, G. J. (2005, June). The Political Evolution of Principal - Agent Models. Annual Review of Political Science, 203-225.
Majone, G. (1997, May). the Positive to the Regulatory State: Causes and Consequences of Changes in the Mode of Governance. Journal of Public Policy, 17(2), 139-167.
Hood, C. (1991). A Public Management for all seasons? Public Adminisration, 69(1), 3-19.
Rondinelli, D. A. (1981). Government decentralization in comparative perspective: theory and practice in developing countries. International review of administrative sciences, 47(2), 133-145.
OECD. (2005). Modernizing Government The Way Forward. Paris: OECD Publishing.
УИХ. (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2008, 5 20). Гаалийн тухай хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2023, 7 07). Нийгмийн даатгалын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2023, 7 07). Боловсролын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2017, 12 21). Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
Зүүлт тайлбар
[1] 2024 оны 7 дугаар сард батлагдсан Өрсөлдөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилсөн.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #Агентлаг #ТохируулагчАгентлаг #АгентлагийнАнгилал #ХэрэгжүүлэгчАнгилал #ХуульЗүйнҮндэслэл #АгентлагийнЧигҮүрэг #Яам #ЗасгийнГазар #ЭрхЗүйнСтатус #Төсөв #УдирдлагынТомилгоо #МонополынЭсрэгГазар #УлсынИхХураг #ЗасгийнГазар #НийтийнҮйлчилгээ #ЗохицуулалтынБайгууллага #ТөрийнЗахиргааныБайгууллага #ЭрхЗүйнБайдал #БодлогоТодорхойлогч #Бүтэц #ЗохионБайгуулалт #ҮндсэнХууль #ТэгшБайдал #ТөрийнҮйлАжиллагаа #ШударгаЁс #ХуульЁс #Хариуцлага #ТөрийнЗахиргааныТогтолцоо #ЕрөнхийСайд #Сайд #НутагДэвсгэр #ТөрийнҮйлчилгээ #БүтцийнБүдүүвч #Тусгаарлах #ЗахиргааныЕрөнхийХууль #ХуульЗүйнШаардлага #Онол #ЭрхзүйнЗохицуулалт #АгентынОнол #АгентлагийнЭрхлэхНийтлэгАсуудал #ХуулиарОлгосонХүрээ #Ерөнхийлөгч #Стратеги #ТөсвийнЕрөнхийЗахирагч #Аймаг #НийгмийнБаталгаа #ХүнийЭрх #ЗахиргааныХэмХэмжээнийАкт #БиеДаасанЗохионБайгуулалтБүхийАгентлаг #ХүнийЭрхийнҮндэснийГазар #СанхүүгийнЗохицуулахХороо #ЭрчимХүчнийЗохицуулахХороо #ТөрийнБүтэц #ХарилцааХолбооныЗохицуулахХороо #НийтийнЗахиргааныШинэчлэл #ЧигҮүргээрАнгилахЗагвар #НийтийнУдирдлагынШинэОнол
🌟🌟🌟🌟🌟