top of page

Сэтгэл санааны хохирол

  • Writer: Ж.Төмөр-Очир
    Ж.Төмөр-Очир
  • Jan 9, 2024
  • 4 min read

Updated: Mar 9



Сэтгэл санааны хохирол

Удиртгал

Хүний сэтгэл санааны хохирол гэдэг ойлголт хэрэг, маргаан дээр яригдаж эхлээд нэлээн хугацаа өнгөрсөн боловч үүнийг цаасан дээр буюу хууль тогтоомжид хэрхэн тусгаж өгөх вэ? гэдэг нь маш том асуудал байсаар байгаа гэж ойлгож болно. Англи, Америк зэрэг улсын хувьд хараат бус шүүх нь хууль бий болгон хэрэг шийдвэрлэх боломжтой байдаг учраас сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлсэн, барагдуулсан жишээ их байдаг. Харин манай орны хувьд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох хуулийн заалт 2023 онд Шүүх шинжилгээний тухай хуульд тусгагдаж, сэтгэл санааны хохирол барагдуулахаар шүүхэд хандах боломжтой болсон. Сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлснээр бий болох давуу талын талаар дүгнэлт гаргах, ямар төрлийн хэрэгт хохирсон хүн сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.


Сэтгэл санааны хохирлын талаар хууль тогтоомжид тусгагдсан нь

Иргэний хуулийн 230.2.-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” хэмээн тусгасан байна. Мөн тухайн хуулийн 508.5.-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэх зэргээр Иргэний хуульд өөрчлөлт орж сэтгэцийн хохирлоо нөхөн төлүүлэх боломжийг бий болгосон байна. Үүний хуульд тусгайлан заасан тохиолдолд гэдэг нь хууль тогтоомжийн шийдвэрлэх асуудал гэж үздэгтэй холбоотой.


Иргэний хуулийн 511.3.-511.5.-д мөнгөн дүнгийн хэмжээг зааж тусгаж өгсөн байна. Эндээс Иргэний хуулийн 511.5.-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан нь хүний амьд явах эрх зөрчигдсөн тохиолдолд авч болох хохирол барагдуулах заалт болсон гэж үзэж байна.


Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” болно. Уг хуулийн 40.1.-т зааснаар “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, Арван гуравдугаар бүлэг /Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/, 14.1 дэх хэсэг /Ялгаварлан гадуурхах/, 14.2 дахь хэсэг /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/, 14.3 дахь хэсэг /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/, 14.4 дэх хэсэг /Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/, 14.8 дахь хэсэг /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, Арван тавдугаар бүлэг /Эрүүл мэндийн эсрэг/, Арван зургадугаар бүлэг /Хүүхдийн эсрэг/, 17.1 дэх хэсэг /Хулгайлах/, 17.2 дахь хэсэг /Дээрэмдэх/, 17.3 дахь хэсэг /Залилах/, 17.6 дахь хэсэг /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 17.8 дахь хэсэг /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 17.10 дахь хэсэг /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих/, 17.12 дахь хэсэг /Мал хулгайлах/, 20.11 дэх хэсэг /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/, 20.12 дахь хэсэг /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх/, 20.13 дахь хэсэг /Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/, 20.14 дэх хэсэг /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/, 20.16 дахь хэсэг /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 21.5 дахь хэсэг /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 21.12 дахь хэсэг /Эрүү шүүлт тулгах/, 21.13 дахь хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/, 24.1 дэх хэсэг /Байгаль орчныг бохирдуулах/, 24.3 дахь хэсэг /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/, 24.7 дахь хэсэг /Ой, хээрийн түймэр тавих/, 27.3 дахь хэсэг /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/, 27.7 дахь хэсэг /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/, 27.8 дахь хэсэг /Агаарын хөлгийг авч зугтаах/, 27.10 дахь хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 28.3 дахь хэсэг /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 28.4 дэх хэсэг /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 28.10 дахь хэсэг /Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих/, 28.11 дэх хэсэг /Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих/, 29.4 дэх хэсэг /Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх/, 29.5 дахь хэсэг /Төрлөөр устгах/, 29.7 дахь хэсэг /Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/, 29.8 дахь хэсэг /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нийт 84 хэрэгт сэтгэл санааны хохирол тооцох боломжтой болгож байгаа юм.


Мөн тухайн хуулийн 40.2.1-д хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” буюу зөвхөн хохирогч л сэтгэл санааны хохиролд ордоггүй буюу түүний гэр бүлийн гишүүд мөн сэтгэл санааны хохиролд орох боломжтойг тусган оруулсан байна.


Мөн энэ хуулийн 40.3.-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн заалтын дагуу 2023 оны 7 дугаар сарын 31-ны Дугаар А/268, А/275 “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын Хамтарсан тушаал” батлагдаж сэтгэл санааны хохирлын үнэлгээ, дүгнэлтийг журмын дагуу гаргаж эхэлсэн байна.


Дүгнэлт

Сэтгэл санааны хохирол нь шууд үнэлэх боломжгүй мэт боловч үнэлэхгүй бол хохирол мөн эсэхийг тооцож шүүх өөрөө шийдвэр гаргах боломжгүйгээс үүдэн олон төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хувьд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх этгээдгүйгээр хохирч байсан нөхцөл байдлыг багасгах ач холбогдолтой гэж бодож байна.


Одоо харин хуулийн хүрээнд зөвхөн гэр бүлийн гишүүн эсвэл хохирогч гэсэн ерөнхий ойлголтоос гадна тухайн үед гэрч болсноос болоод сэтгэл санааны хохирол амссан хүнийг мөн хамруулах хэрэгтэй хэмээн харж болно. Учир нь авто тээврийн осол буюу машинд мөргүүлэх хэрэг гарах үед хажуугаас харсан этгээд хараад "Дараагийн удаа би мөргүүлж магадгүй" гэсэн сэтгэл зүйн эмгэгтэй болж ганцаараа зам хөндлөн гарж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн зүйл заалтад хамаарагдаж чадахгүй болох эрсдэл үүсэж байна. Гэвч энэ хүн сэтгэл санааны хувьд хэргийн хохирогч болсон гэдгийг үгүйсгэж болохгүй юм.


Сэтгэл санааны хэрэг дээр хараат бус шүүгч шийдвэр гаргадаг байхаар хуульчилж өгөх нь илүү олон сэтгэл санааны хохиролд төлбөр төлүүлэхэд хүрэх боломжтой гэж бодож байна.

Ж.Төмөр-Очир

Сэтгэл санааны хохирол


2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 03
Rated 5 out of 5 stars.

😀

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page