Сурахад бүгдийн оролцоо чухал
- Хуульч Шувуухай
- Jan 9, 2024
- 3 min read
Updated: Jul 31, 2024
Сүүлийн үед бие даан, ганцаарчлан суралцах хандлага ажиглагдаж байна. Гэтэл, "Олсны хүч эрчиндээ, олны хүч дэмэндээ" хэмээсэн Монгол ардын зүйр цэцэн үгийн цаана гүн гүнзгий утга агуулагддаг билээ. Нэг анги болон хамтдаа сургуульд суралцаж байгаа бид, хүчээ хэрхэн зөв чиглүүлсэн талаар туршлагаасаа хуваалцъя.
Манай ангид 20 гаруй оюутан суралцдаг бөгөөд 80 орчим хувь нь бүх хичээлд суудаг. Харин үлдэж буй хувь нь сонгосон хичээлээ бидэнтэй хамт үздэг. Дээд курст сурдаг хэдий ч үзэж амжаагүй хичээлээ нөхөж буй оюутнууд болон эрдмийн зэрэг цол хамгаалах, судалгаа хийхэд шаардлагатай мэдлэг эзэмшиж буй хүмүүс байна.
Тэгэхээр, ихэнх хичээлдээ суудаг 18 орчим оюутан байгаа нь бага тоо биш юм. Том хад чулууг жижигхэн зүйлээр ивээд байрнаас нь хөдөлгөж болдог шиг хамтын хүчин чармайлт гаргавал бүгдэд ашиг тус өгнө. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр, сайн танилцаж амжаагүй хэр нь хоорондоо цаг алдалгүй харилцахаар мессенжерт бүгд нэгдэж, ангийн пейж хуудас нээсэн. Ангийн нэг оюутан админ болж, эдгээрийг зохион байгуулсан.
Өдөр тутам бие биеэсээ асуулт асуух, лавлах, мэдээлэл солилцох, файл дамжуулах, зэрэгт мессенжер ашигладаг, харин пейж хуудаст хичээлтэй холбоотой материал байршуулдаг. Ирц бүртгэх, бусадтай харилцах, лекц хичээлийн материал постлох зэрэг ажил үүргийг тодорхойлж, хариуцах хүн сайн дураар үүргээ сонгож авсан.
Лекцийн материал
Зарим хичээл дээр багш нар лекцийн болон нэмэлт материалыг өгнө. Энэ тохиолдолд нэг оюутан материалыг сканердаж пейж хуудас дээр байршуулна. Багш зураг авахыг зөвшөөрвөл, бүгд гар утсаа гаргаад олон хүн зэрэг зураг даралгүй зөвхөн нэг нь л энэ үүргийг гүйцэтгэнэ. Авсан зургуудаа мөн л пейж хуудастаа байршуулна. Байршуулахдаа хаш таг ашигласнаар ямар хичээлийн, хэзээний, хэддүгээр лекц гэдэг нь тодорхой байна. Эргэж хайлт хийхэд, "#" оруулж хичээлийн нэрийн товчлолыг бичихэд л хангалттай.
Даалгавар, бие даалтын ажил
Профессорууд даалгавар өгөхдөө лекцийн үеэр, эсвэл яриа дундаа хавчуулж, зарим нь даалгавар гэж анхааруулан хэлж өгнө. Нэг оюутан хичээлийн даалгавар, бие даалт, судлах сэдэв зэргийн талаар анхааруулж сануулсан зүйлийг бичиж тэмдэглэж, пейж хуудаст байршуулдаг. Ингэснээр даалгавар өгсөн эсэхийг мэдэхгүй байх, сонсоогүй өнгөрөх, тэр бүү хэл тухайн хичээлд суугаагүй оюутан хүртэл цаг тухайд мэдээлэлтэй байна. Даалгавар, бие даалтын сэдэв сонгохдоо бүх сэдвийг жагсаан пост оруулахад, сонгон авах сэдвээ комментоор тэмдэглэн үлдээнэ. Ингэсний дараагаар, нэг нь нэгтгээд, хэзээ бэлдэж ирэх талаар мэдээллийг байршуулдаг.
Ном, сурах бичиг
Бид ашиглах ном, сурах бичиг, нэмэлтээр судлахад хэрэгтэй мэргэжлийн сэтгүүл, бүтээлийг хаанаас олж авах талаар багшаас лавлаж, худалдан авах шаардлагатай бол номын дэлгүүр лүү боломжтой нэг нь явж бусдадаа авдаг. Үүнээс гадна номын сангийн болон байгаа номоо дамжуулан уншдаг. Ингэснээр ном хайх, олон удаа номын сан орж цаг алдахгүй давуу талтай.
Мэдээлэл солилцох
Хэн нэг нь бусдадаа хэрэгцээтэй мэдээлэлтэй тохиолдолд, завсарлагааны үеэр тайлбарлан хэлж өгдөг. Хичээлийн бусад цагаар мессенжер ашигладаг. Мэдээллийг цаг тухайд нь авах ач холбогдолтой.
Харилцаа холбоо
Оюутны зөвлөл, дээд ангийнхан, багш нар, сургалтын албатай тус бүр нэг оюутан харьцдаг. Ангийнхныхаа санаа бодлыг тэмдэглэж аваад амаар, эсвэл зарим тохиолдолд бичгээр саналаа хүргэдэг. Энэ нь эргэх холбоотой тул харилцаа холбоо алдагдахгүй, мэдээлэл гажуудахгүйгээр түргэн шуурхай хүн бүрд хүрдэг. Явцын дунд хэн, ямар ажилдаа сайн болох нь харагдах тул чаддаг зүйл, давуу талаа түшиглэн илүү тодорхой ажил үүрэг сайн дураар хуваарилж авсан.
Хамтдаа хичээл давтах
Хичээл эхлэхээс өмнө багшийн өгсөн даалгаврыг сайн уншиж ойлгосон нэг нь бусдадаа тайлбарлаж өгдөг. Энэ нь хичээлийг эргэж санах, уншаагүй ирсэн нэг нь ойлголттой болох ач холбогдолтой.
Үүнээс гадна, бид их завсарлагааны цагийг үр бүтээлтэй ашиглах зорилгоор Quizlet аппликешн ашиглаж тест, шалгалтын асуулт бэлдэж олуулаа сууж байгаад хариулж, сайн зөв хариулсан нэгнээ шагнаж урамшуулдаг. Энэ нь хичээлийн давтлага болоод зогсохгүй бидний дунд халуун дулаан уур амьсгал бүрдэж, сурах хүсэл эрмэлзэл төрдөг.
Блог хөтлөх
Хийж гүйцэтгэсэн даалгавар, бие даалт, бичсэн эсээ зэргийг блогтоо байршуулж санал бодлоо хуваалцаж, засаж сайжруулах тал дээр зөвлөгөө өгдөг. Цаашид юуг анхаарах, юуг сайжруулах, аль чиглэлд хөгжих хэрэгтэй байгаагаа тодорхойлох боломжоор хангадаг.
Цаашид төлөвлөсөн ажил
Бид мэдлэг боловсролоо ахиулах, улам ихийг сурч мэдэхийн тулд семестр хоорондын амралтаар zoom, google meet зэрэг платформ ашиглан хуульчийн шалгалтын асуултуудаар өөрсдийгөө сорих төлөвлөгөө гаргасан. Ингэснээр дараа дараагийн хичээл дээр үзэж судлах хичээлдээ бэлдэх, багш профессороос асуух асуултаа тодорхой болгоно.
Эдгээр нь зөвхөн бичиж үлдээсэн бидний зарим туршлага билээ. Олны хүч оломгүй далай! Бидэнд зөвлөх, бидэнтэй нэгдэхийг хүсвэл манай блогийг дагаж, коммент хэсэгт санал, сэтгэгдлээ үлдээгээрэй.
Сурахад бүгдийн оролцоо чухал

#ЭрхЗүй #ТандХэрэгтэйЗөвлөгөө #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #МэдээлэлСолилцох #НомСурахБичиг #ЛекцийнМатериал #Даалгавар #БиеДаалтынАжил
Commentaires