Салбар эрх зүйн зарчмууд
- С.Солонго
- Feb 8, 2024
- 2 min read
Updated: Jan 28
Академич С.Нарангэрэл Хууль зүйн нэвтэрхий толь бичигтээ “Эрх зүйн зарчим (legal principles) гэдэг нь эрх зүйн иж бүрэн номлол буюу төсөөлөл, баримтлал, зан үйлийн ерөнхий суурь зарчим. Эрх зүйн зарчим нь эрх зүйн тодорхой журмаас эш татсан тухайн журмын гаргасан нийтлэг үндэслэлийг тодорхойлсон заалт гэж тодорхойлжээ (С.Нарангэрэл, 2015).
Эрх зүйн зарчмыг эрх зүйн хэм хэмжээний аль салбарт үйлчилж байгаагаас нь хамааруулан нийтлэг зарчим, салбар эрх зүйн зарчим, салбар хоорондын зарчим гэж гурван үндсэн төрөл болгон ангилдаг (Б.Минжүүрдорж, 2010).
Салбар эрх зүйн зарчим гэж тодорхой нэг салбар эрх зүйн онцлогийг илэрхийлж тухайн салбар эрх зүйд удирдлага болгодог үзэл санаа юм (Ч.Нямсүрэн, 2010).
Эрүүгийн эрх зүйд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хөнгөрүүлэх, чөлөөлөх байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан (Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, & Ж.Төгс-Очир, 2022). Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.9.1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь ял оногдуулах үндсэн зарчим болно. Эрүүгийн хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн тогтоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тал бүрээс нь харгалзан үзэх ба хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанга баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн ял оногдуулна; Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж тайлбарлажээ. Эрүүгийн хуульд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг дэлгэрэнгүй тодорхой заасан байдаг (Эрүүгийн хууль, 2015).
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Үндсэн хууль болон бусад органик, материаллаг хуульд заасан тулгуур зарчмуудаас гадна хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх, шүүх хуралдааныг тасралтгүй явуулах, шүүн таслах ажиллагааг талуудыг эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах зэрэг тусгай зарчмуудыг мөрдлөг болгоно (Б.Бат-Эрдэнэ, 2009).
Иргэний эрх зүйн зарчим гэдэг нь иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулахад баримтлах үндсэн үзэл санаа, хууль зүйн чиглэмж юм. Зарчим нь иргэний эрх зүйн бүхий л хэм хэмжээний үндсэн эхлэл болж, тус эрх зүйн харилцааг зөвөөр зохицуулах үндсийг бий болгодог (З.Сүхбаатар & П.Оюундэлгэр, 2022).
Иргэний эрх зүйд ерөнхий болон тусгай зарчим байна. Иргэний эрх зүйн бүх салбар, хүрээг хамран зохицуулдаг бөгөөд бүх нийтээр хүлээн зөвшөөрч баримталж байгаа зарчмыг ерөнхий зарчим гэнэ. Үүнд, эрх тэгш байдлын зарчим, бие даасан байдлыг хангах зарчим, өмчийн халдашгүй байдлын зарчим, гэрээний эрх чөлөөний зарчим, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим, эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчим, зөрчигдсөн эрхийг сэргээх зарчим, шүүх, арбитраар хамгаалуулах зарчим орно (Иргэний хууль, 2002). Харин иргэний эрх зүйн дэд салбар, институтийн онцлогоор нөхцөлдсөн зөвхөн тэр салбарт баримтлах зарчмыг тусгай зарчим гэнэ.
Иргэний эрх зүйн зарчмын чиг үүрэг гэдэг нь иргэний эрх зүйн зохицуулалтын үндсэн чиглэлийг тодорхойлж, уг эрх зүйн харилцааны тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, иргэний хууль тогтоомжийг зөв хэрэглэх нөхцөл болно. Үүнээс гадна, иргэний хууль тогтоомжийн хийдлийг илрүүлэх, мөн тус эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхэд удирдамж болно.
С.Солонго

#СалбарЭрхЗүйнЗарчмууд #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнЗарчим #ХуульЗүйнЗарчим #ЭрүүгийнХууль #ИргэнийХууль #ХуульТогтоомж #ЭрхЗүйнХэмХэмжээ #ШүүхийнШийдвэр #ЭрхТэгшБайдал #ШударгаЁс #ГэмБуруугийнЗарчим #ИргэнийЭрхЗүй #ГэрээнийЭрхЧөлөө #ӨмчийнХалдашгүйБайдал #ШүүхХамгаалалт #Арбитр #ЭрхЗүйнХарилцаа #Хуульч #ХуулийнЗаалт #ШүүхийнЗарчим
.