Ромын эрүүгийн эрх зүй
- Ж.Танан
- May 29, 2024
- 17 min read
Updated: Jan 20
Агуулга
1. Ромын эрүүгийн эрх зүйн онцлог
2. Ромын эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн ерөнхий ангилал
3. Сонгодог эрх зүйн үеийн нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэмт хэрэг
4. Ромын эрүүгийн эрх зүй дэх өвөрмөц шийтгэл
5. Ромын Бүгд Найрамдах Улсын үеийн эрүүгийн эрх зүй, ял цаазын онцлог
6. Ромын эрүүгийн эрх зүй ба орчин үеийн эрүүгийн эрх зүйн харьцуулалт
Удиртгал
Ромын эрүүгийн эрх зүй нь Ромын нийгэм, засаглалын өсөлт, өөрчлөлтийг тусган олон зуун жилийн туршид хөгжсөн, түүхэн ач холбогдол бүхий цогц тогтолцоо юм.
Ромын эрүүгийн эрх зүйн түүхэн хөгжлийг Бүгд Найрамдах Улсын эхэн үеэс (МЭӨ V зуун) Эзэнт гүрний үе хүртэл (МЭ V зуун хүртэл) хугацаагаар зааглан авч үздэг. Ромын Хаант Улсын үеэс уламжлан ирсэн эрх зүй нь үндсэндээ зан заншил дээр суурилсан, бичигдээгүй байжээ. Харин МЭӨ 450 онд Арван хоёр хүснэгтийн хууль[1] гарснаар эртний эрх зүйн зарчмуудыг баримтжуулсан байдаг. Ромын Эзэнт гүрний үед эрүүгийн эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, хувьсан өөрчлөгдөж, эрх зүйн процесс албажсан байна. Эзэн хаан онц ноцтой хэрэгт шууд оролцон, шударга ёсыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүхэн хөгжлийн явцад Ромын эрх зүй нь кодчилогдон боловсронгуй болсон.
Ромын эрүүгийн эрх зүйн чухал эх сурвалжуудыг[2] жагсааж харуулав.
Арван хоёр хүснэгтийн хууль (Leges Duodecim Tabularum): Нийтийн болон хувийн эрх зүйн янз бүрийн асуудлыг хөндсөн Ромын хамгийн эртний бичмэл кодчилсон хууль.
Сенатын тогтоол (Senatus consultum): Эрх зүйн чухал хүчин чадалтай Ромын Сенатаас гаргасан тогтоолууд.
Магистратын эдикт (Edicta magistratuum): Ромын магистратууд[3] (magistratus), преторуудын[4] (praetor) бүрэн эрхийнхээ хугацаанд гаргасан, дагаж мөрдөх эрх зүйн зарчим, журмыг тодорхойлсон мэдэгдэл.
Эзэн хааны зарлигууд (Constitutiones principum): Ромын эзэн хаадын гаргасан зарлиг.
Хуульчдын тайлбар, номлол (Jures prudentes): Эрх зүйн мэдлэг, туршлагатай номч мэргэн хуульчид, жрецүүд[5], их сэтгэгч, багш, мэргэдийн хууль зүйн асуудлаар гаргасан дүгнэлт, зөвлөгөө, тайлбар.
Ромын эрүүгийн эрх зүй нь орчин үеийн өрнөдийн олон орны эрх зүйн зарчим, үйл ажиллагааг хуульчлах уг гарвал болж, эрх зүйн тогтолцооны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Орчин цагийн эрх зүйн тогтолцооны үндэс суурь, эрх зүйн зарчим, үйл ажиллагааны түүхэн хөгжлийн талаар Ромын эрүүгийн эрх зүйг судалснаар танин мэдэх ач холбогдолтой.
1. Ромын эрүүгийн эрх зүйн онцлог
Ромын эрүүгийн эрх зүй нь эртний Ромын аж амьдрал, нийгмийн давхарга хоорондын ялгаа, иргэний статус, төрийн дэглэм зэргийг хөгжлийн үе шат бүрд тусгасан байдлаараа орчин үеийн эрх зүйн тогтолцооноос ялгарах хэд хэдэн онцлог шинж чанартай гэж болно.
Нийтийн болон хувийн ялгаа заагтай
Эх орноосоо урвах, хүний амь насыг бүрэлгэх, эд зүйлсийг галдан шатаах зэрэг төр, нийгэм, нийтийн хэв журмыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн төлөөлөгч ял асууна. Харин хулгай, халдлага, эд хөрөнгийн хохирол зэрэг хувь хүмүүст хохирол учруулсан үйлдэл хийсэн тохиолдолд хохирогчийн хүсэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэнэ.
Магистратууд эрүүгийн эрх зүйд чухал үүрэгтэй
Претор зэрэг ахлах магистратууд эрх зүйн зарчим, журмыг тодорхойлсон зарлиг гарган, шударга ёсыг хэрэгжүүлнэ. Харин эдил[6] (aediles), квестор[7] (quaestores) зэрэг бусад магистрат бүхий янз бүрийн албан тушаалтнууд олон нийтийн аюулгүй байдал, санхүүгийн гэмт хэрэг зэрэг хуулийн тодорхой төрлийн асуудлыг авч үзнэ.
Шүүх хуралдаан нь тодорхой процесстой
Яллах ба мөрдөн байцаах ажиллагаа: Хувь хүн, эсвэл магистрат ял тулгаж (accusatio) эрүүгийн хэрэг нээгдэнэ.
Урьдчилсан сонсгол (cognitio): Шүүх хуралдаан хийх хангалттай шалтгаан байгаа эсэхийг магистрат тогтооно.
Шүүх хурал (iudicium): Шүүх ажиллагаа гэмт хэргийн хүнд байдлаас хамааран тангарагтнууд (iudices), эсвэл шүүгчийн (iudex) өмнө явагдана.
Өмгөөллийн ажиллагаа: Шүүгдэгчийг өмгөөлөгч (advocati) төлөөлж, нотлох баримт гаргаж, гэрчээр гэрчлүүлж өмгөөлнө.
Шийдвэр ба шийтгэл: Гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн байдлаас хамааран хөнгөн хэлбэрийн торгууль, цөллөг, эсвэл хүнд хэлбэрийн цаазаар авах, бие махбодын ял шийтгэл ногдуулна.
Ял шийтгэлийн олон төрөлтэй
Торгууль (mulcta): Хөнгөн гэмт хэрэгт мөнгөн торгууль ногдуулна.
Бие махбодын шийтгэл: Хүнд гэмт хэрэгт ташуурдах, зэрэмдэглэх зэрэг ял шийтгэл ногдуулна.
Цөллөг (exilium): Улс төрийн гэмт хэрэг үйлдсэн бол Ромоос, эсвэл тодорхой бүс нутгаас хөөнө.
Албадан хөдөлмөр (opera publica): Нийтийн ажлыг албадан хийлгэнэ.
Цаазын ял: Боол, доод давхаргын хүмүүс, харьяат бус хүмүүсийг загалмайд цовдлох бол Ромын иргэний толгойг нь цавчина.
Нийгмийн статусаас хамаарч хууль ёсны эрх, шийтгэл ялгаатай
Хууль ёсны эрх, шийтгэлийн хүнд хөнгөн байдал нь Ромын иргэд болон харьяат бус хүмүүст, боолуудын хооронд ихээхэн ялгаатай. Үүнээс гадна гарал үүсэл сайтай, язгууртан, нийгмийн дээд давхаргад доод анги, боолтой харьцуулахад илүү зөөлөн хандана.
Түүхэн хөгжил эрүүгийн эрх зүйд нөлөөлсөн
Эхэн үед нийгмийн харилцааны зохицуулалт зан заншилд суурилсан, бичигдээгүй байсан бол Бүгд Найрамдах Улсын үед Арван хоёр хүснэгтийн хууль гарч, хуулийн кодчиллын анхны хэлбэр бүрэлдэн бий болсон байдаг. Үүний дараагаар, МЭ VI зуунд Эзэн хаан Юстинианы[8] удирдлага дор эмхэтгэсэн хууль тогтоомж, хуулийн тайлбарын цуглуулгад Ромын эрүүгийн хуулийн чухал элементүүд багтжээ.
Эрх зүйн онцлох бичвэрүүд ба хуульчид чухал үүрэг гүйцэтгэсэн
Гай[9], Ульпиан[10], Папиниан[11] зэрэг нэр хүндтэй хуульчдын бүтээл, тэдгээрт тусгагдсан үзэл бодол, дэвшүүлсэн санаа нь Ромын эрх зүйн сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр болоод зогсохгүй, тэдний бүтээлүүдийг хэрэг шийдвэрлэхэд лавлагаа болгон ашиглаж, эрх зүйн зарчмуудыг төлөвшүүлжээ.
Нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэн авч үзэж, төрийн хяналтын тогтолцоог бий болгосон
Төрийн зүгээс нийтийн хэв журмыг сахиулах, төрийн эрх мэдлийг дээд зэргээр хангах сонирхолд хөтлөгдөн эх орноосоо урвах, бослого гаргах зэргийг гэмт хэрэгт тооцох болсон. Гэхдээ төрийн чухал үүргийн нэг болох шударга ёсыг тогтоохын тулд олон нийтийн оролцоог чухалчлан ноцтой гэмт хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулдаг байжээ.
Ял шийтгэл тулгагдсан тохиолдолд хууль ёсны төлөөлөлтэй байхыг зөвшөөрсөн
Шүүгдэгчдийг чадварлаг илтгэгч, хуулийн шинжээч бүхий өмгөөлөгч (advocati) төлөөлж болно. Эсвэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийгөө бүрэн төлөөлж болно.
Гэсгээн цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ач холбогдлыг чухалчилсан
Конпозицийн системийн (pactio) дагуу хохирогчид учруулсан хохирлыг гэмт этгээдээр төлүүлэх торгууль, төлөөс ногдуулдаг байсан бол талеоны системийн (lex talionis) дагуу хуучин овгийн цусан өшөө авах, хорсох занах ёсонд үндэслэсэн уламжлал баримтлан амийг амиар, цусыг цусаар төлүүлдэг байжээ. Товчхондоо, гэмт хэрэгт пропорциональ шийтгэл ногдуулах замаар шударга ёсыг тэнцвэржүүлэхийг эрмэлзэнэ. Нөгөөтээгүүр, олны нүдэн дээр цовдлох, цаазлах зэрэг харгис, хатуу ял цааз нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг төрлийн арга хэрэгсэл болдог байжээ.
2. Ромын эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн ерөнхий ангилал
Ромын эрүүгийн хуульд гэмт хэргийг нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (crimina) болон хувь хүн, иргэний эрх, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (delicta) гэсэн үндсэн хоёр төрөлд ангилсан байдаг.
Нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (crimina)
Эх орноосоо урвах (perduellio): Төр, эзэн хааны эсрэг үйлдлүүд буюу хамгийн хүнд гэмт хэрэг.
Хүний амь насыг хохироох (parricidium): Эцэг эх, ойрын хамаатан садныхаа амийг бусниулах гэмт хэрэг.
Эд зүйлсийг галдан шатаах (incendium): Олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж, санаатайгаар галдан шатаах гэмт хэрэг.
Хуурах мэхлэх (falsum): Хуурамч зоос хийх, бичиг баримт үйлдэх, худал гэрчлэх гэмт хэрэг.
Хулгай (furtum): Нийтийн эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг.
Садар самуун (adulterium): Эмэгтэйчүүдийн хувьд хориглох цээрлэх явдалд тооцогддог ёс суртахууны доройтлын гэмт хэрэг.
Хувь хүн, иргэний эрх, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (delicta)
Эрүүл мэндэд хохирол учруулах (iniuria): Иргэн рүү бие махбодын болон хэл амаар халдах гэмт хэрэг.
Эд юмсыг устган гэмтээх (damnum iniuria datum): Бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулах гэмт хэрэг.
Хулгай (furtum): Хувь хүн, иргэний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг.
Хууран мэхлэх (fraus): Гэрээг зөрчиж, эсвэл хууран мэхэлж хохирол учруулах гэмт хэрэг.
3. Сонгодог эрх зүйн үеийн нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэмт хэрэг
Ромын сонгодог эрх зүйн хөгжлийн үе шат гэж тооцогддог МЭӨ III зууны дунд үеэс МЭ III зууны сүүл хүртэлх хугацаанд нийтийн эрх ашгийг зөрчсөн гэмт хэргийг төрийн эсрэг, шашны эсрэг, ёс суртахууны, иргэдийн эсрэг гэж ангилж, хүнд хөнгөн ял шийтгэл ногдуулдаг байжээ.
Төрийн эсрэг гэмт хэрэг (Crimina Publica)
Д/д | Гэмт хэргийн төрөл | Тайлбар | Ял шийтгэл |
1 | Эх орноосоо урвах хэрэг (perduellio) | Тагнуул хийх, дайснуудад туслах, засгийн газрыг унагах хуйвалдаан зэрэг Ром улсаас урвасан, төрийн эсрэг үйлдэл. | Цаазын ял, цөлөх зэрэг хүнд шийтгэл ногдуулахаас гадна, эд хөрөнгийг хураана. |
2 | Төрийн эсрэг бослого, үймээн самуун өдөөх хэрэг (seditio) | Төрийн тогтвортой, амгалан тайван байдлыг алдагдуулах, бослого, олон нийтийн эмх замбараагүй байдлыг өдөөх үйлдэл. | Цаазын ял, цөлөх зэрэг шийтгэл ногдуулж, нийгмийн хэв журмыг сахиулах бусад хатуу арга хэмжээ авна. |
3 | Төсвийн хөрөнгө шамшигдуулах хэрэг (peculatus) | Албан тушаалтан төрийн өмч, хөрөнгийг хулгайлах, завших үйлдэл. | Цаазаар авах, цөлөх зэрэг хүнд шийтгэл, их хэмжээний торгууль ногдуулна. |
Шашны эсрэг гэмт хэрэг (Crimina Sacra)
Д/д | Гэмт хэргийн төрөл | Тайлбар | Ял шийтгэл |
1 | Бурхныг хараан зүхэх, шүтээн бузарлах (sacrilegium) | Ариун дагшин газар, шүтээн бузарлах, эд зүйлс хулгайлах, шашин номыг гутаан доромжлох үйлдэл. | Бурхдыг гомдоох нь ноцтой гэмт хэрэг тул цаазаар авах, эсвэл бусад хүнд хатуу шийтгэл ногдуулна. |
2 | Тэнэмэл үзэл ба төөрөгдөл (impius) | Төрийн шашин шүтлэг, түүний зан үйлийг үл хүндэтгэж, шашны ёс журмыг зөрчих, шашны үүргээ биелүүлэхээс татгалзах үйлдэл. | Олон нийтийн сүсэг бишрэл, шашныг нийтээр хүлээн зөвшөөрсөн байдлыг хадгалахын тулд цаазын ял, цөлөх, эсвэл бусад хатуу шийтгэлийг ногдуулна. |
Ёс суртахууны эсрэг гэмт хэрэг (Crimina Moralia)
Д/д | Гэмт хэргийн төрөл | Тайлбар | Ял шийтгэл |
1 | Садар самуун, завхайн хэрэг (adulterium) | Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орох, ялангуяа гэрлэсэн эмэгтэйчүүдэд хамааралтай үйлдэл. | Эмэгтэйчүүдийн завхай зайлуул явдал нь хориглох цээрлэх гэм нүгэл тул цөлөх, эсвэл цаазын ял ногдуулна. Харин оролцсон эрчүүдэд харьцуулахад бага боловч, ноцтой шийтгэл хүлээлгэнэ. |
2 | Биеэ үнэлэх хэрэг (lenocinium) | Биеэ үнэлж, эсвэл бусдын биеийг үнэлүүлж ашиг хонжоо олох үйлдэл. | Торгууль ногдуулах, олны өмнө шившиглэх, цөлөх зэрэг шийтгэлийг ялгаатай ногдуулна. |
3 | Ижил хүйстэнтэй явалдах хэрэг (mollities) | Эрэгтэй ижил хүйстнүүд явалдах хэргийг нийгмээрээ сөрөг муу зүйл гэж хүлээн авдаг байсан. Эрх чөлөөтэй төрсөн эрэгтэй хүн ийм төрлийн хэрэг хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. | Нийтэд зарлаж ичгүүртэй байдалд оруулах, торгууль төлүүлэх, эсвэл нийгмийн хэм хэмжээг тусгасан бусад шийтгэл ногдуулна. |
Иргэдийн эсрэг гэмт хэрэг (Crimina in Civis)
Д/д | Гэмт хэргийн төрөл | Тайлбар | Ял шийтгэл |
1 | Аллага (parricidium) | Эцэг эх, ойрын хамаатан садныхаа амийг бусниулах үйлдэл. | Эцэг эхээ хөнөөх нь жигшүүртэй зүйл тул цаазлах, цөлөх зэрэг хүнд шийтгэл ногдуулна. |
2 | Хулгай (furtum) | Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдэл. | Торгууль ногдуулж, нөхөн төлбөр төлүүлнэ. Давтан гэмт хэрэг үйлдсэн, эсвэл их хэмжээний хулгай хийсэн хүнд илүү хатуу шийтгэл ногдуулна. |
3 | Эрүүл мэндэд хохирол учруулах хэрэг (iniuria) | Иргэн рүү бие махбодын болон хэл амаар халдах үйлдэл. | Хүнд хөнгөн байдлаас хамааран торгууль, бие махбодын шийтгэл, эсвэл бусад төрлийн шийтгэлийг ногдуулна. |
4 | Хүн хулгайлах (plagium) | Хувь хүн, ялангуяа эрх чөлөөтэй иргэдийг хулгайлах үйлдэл. | Цаазаар авах, эсвэл их хэмжээний торгууль зэрэг хүнд шийтгэл ногдуулна. |
Эдгээр ангилал нь Ромын хууль, нийгэм, засаглалын хоорондын салшгүй уялдаа холбоог тусгаж, нийгмийн дэг журам, шашин, сүсэг бишрэл, ёс суртахуун, шударга байдал, иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн Ромын эрх зүйн цогц тогтолцооны илрэл юм.
4. Ромын эрүүгийн эрх зүй дэх өвөрмөц шийтгэл
Ромын эрүүгийн эрх зүй нь тухайн үеийн нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээг тусгасан өвөрмөц, зарим тохиолдолд хэрцгий шийтгэлтэй байжээ.
Эцэг эхээ хөнөөсөн хэрэг үйлдсэн хүнийг хамгийн хүнд, хийсэн муу муухай зүйлтэй нь дүйцэхүйц бие махбод сэтгэл санааг цээрлүүлэх шийтгэл ногдуулна. Тухайлбал, гэмт этгээдийг цус нь гартал зодсоны эцэст арьсан шуудайнд (culleus) нохой, муур, хулгана зэрэг янз бүрийн амьтдын хамт хийж, шуудайн амыг сайтар оёж, гол эсвэл далайд хаяна (poena cullei). Энэхүү шийтгэл нь гэмт хэргийн жам ёсны бус байдлыг илэрхийлж, гэмт хэрэгтнийг ертөнцөөс аймшигт байдлаар зайлуулах зорилготой байв.
Ромын хуулиар өөрийгөө хамгаалахын тулд хүч хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд хувь хүн амь нас, эд хөрөнгөө хамгаалсан гэдгээ нотолж чадвал шийтгэлээс чөлөөлөгддөг байв. Өөрөөр хэлбэл, өөрийгөө болон гэр бүлээ шууд хохирол, аюулаас хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрсөн зарчим үйлчилнэ. Жишээлбэл, хулгайчийг шөнийн цагаар (fur nocturmus) гэрт нэвтэрч байхад нь хөнөөсөн бол аюултай нөхцөлд өөрийгөө хамгаалах шаардлагатай гэж үзэн шийтгэлээс чөлөөлөгдөнө (impunitas).
Аюултай нөхцөлийн улмаас хулгайчийг алсан бол аллага үйлдсэн этгээдийг ял шийтгэлээс чөлөөлнө. Энэ нь өөрийгөө хамгаалах байгалийн эрхийг хүлээн зөвшөөрсөн зарчим юм. Жишээлбэл, хулгайч зэвсэглэсэн, эсвэл ихээхэн аюул заналхийлсэн тохиолдолд эд хөрөнгөө хамгаалж хулгайчийг алсан хүнд ямар ч шийтгэл ногдуулахгүй.
Эдгээрээс гадна, ял шийтгэлийн олон хэлбэрүүд байсан.
Д/д | Ял шийтгэл | Тайлбар | Зорилго |
1 | Цөллөг (exilium) | Улс төрийн, ёс суртахуунгүй, бузар булай гэмт хэргийн нийтлэг шийтгэл. Гэмт этгээдийг Ром, эсвэл тодорхой бүс нутгаас тодорхой хугацаагаар, эсвэл насан туршид хөөнө. | Гэмт этгээдийг нийгмээс зайлуулах, тэдний нөлөөллийг нь бууруулах, цаашдын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. |
2 | Торгууль, эд хөрөнгө хураах (mulcta) | Шийтгэлийн болон нөхөн төлбөрийн зорилгоор хөнгөн төрлийн гэмт хэрэгт ашиглана. | Хохирогчдод нөхөн төлбөр олгох, учруулсан санхүүгийн хохирлыг арилгах зорилготой. |
3 | Бие махбодын шийтгэл | Боол болон доод давхаргын хүмүүсийг ташуурдах, зодох, зэрэмдэглэх зэрэг. | Шууд бөгөөд илэрхий харагдахуйц байдлаар бусдыг айлгах зорилготой. |
4 | Цаазын ял | Боол, доод давхаргын хүмүүс, харьяат бус хүмүүсийг загалмайд цовдлох, Ромын иргэдийн толгойг нь цавчих, зэрлэг араатнуудад хаяж өгөх (damnatio ad bestias) зэрэг. | Цаазаар авах ял нь гэмт этгээдийг бүрмөсөн зайлуулж, гэмт хэргийг хатуу хориглох зорилготой. |
Гэхдээ ял шийтгэлийг ногдуулахдаа шударгаар шүүлгэх, давж заалдах зэрэг хуулийн зарчмуудыг баримталдаг байжээ.
Шударгаар шүүлгэх эрх: Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх, эсвэл өмгөөлөгчөөр төлөөлүүлэх эрхтэй байхаас гадна нотлох баримт гаргаж өгөх, шүүх гэрчийн мэдүүлэг авч хэргийг нарийвчлан шалгана.
Давж заалдах эрх: Цаазаар авхуулах, цөлөгдөх зэрэг хүнд шийтгэл ногдуулсан тохиолдолд эзэн хаанд, эсвэл дээд байгууллагад гомдол гаргах эрхтэй. Энэ нь шүүхийн шийдвэрт хяналт тавих, шударга ёсыг хангах зорилго агуулна.
Зайлшгүй дурдах зүйл бол Ромд ял шийтгэлийг нийгэм, эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан ялгаатай тогтоодог байсан.
Шийтгэлийн хүнд хөнгөн байдал нь гэмт хэрэгтний нийгмийн гарал, статус, ангийн ялгаанаас хамаардаг ба боол болон харьяат бус хүмүүст илүү хүнд шийтгэл ногдуулна.
Эцэст нь эртний Ромд нийгмийн үнэт зүйлс ба төрийн хяналт хоёрын огтлолцолд онцгой ач холбогдол өгөхийн зэрэгцээ, Ромчууд дэг журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг шийдвэрлэхэд чиглэсэн олон төрлийн өвөрмөц ял шийтгэлийг, эрх зүйн зарчмуудыг баримтлан, гэмт хэргийн шинж чанар, гэмт этгээдийн байдлыг харгалзан ногдуулдаг байжээ.
5. Ромын Бүгд Найрамдах Улсын үеийн эрүүгийн эрх зүй, ял цаазын онцлог
Ромын Бүгд Найрамдах Улсын үед эрүүгийн эрх зүйн хөгжиж, санаатай болон санамсаргүй буюу болгоомжгүй зөрчлийн ялгааг багтаасан байдаг. Төрийн хуулийг зөрчиж, хохирол учруулсан санаатай гэмт хэргийг илүү аюултайд тооцож, хатуу шийтгэл ногдуулдаг байсан бол, үүний эсрэг, санамсаргүй буюу болгоомжгүй зөрчлийг ерөнхийдөө хор хөнөөл багатай гэж үзэн гэмт хэргийн ангилалд оруулаагүй байна.
Түүнчлэн, тухайн үед боломжгүй, зайлшгүй, төгс ба төгс бус гэмт хэрэг, гэмт хэргийн завдалт, гэмт хэргийг нуун дарагдуулах, гэмт хэрэгт хамтран оролцох зэрэг эрүүгийн эрх зүйн анхны ойлголтууд бий болсон. Эдгээр ойлголтууд нь тухайн үеийн гэмт хэргийн нарийвчилсан үнэлгээнд чухал нөлөө үзүүлэлгүйгээр үндсэндээ хэлбэр, ангилал төдий байсан ч гэмт хэргийн зан үйл, гэм буруугийн талаарх ойлголтыг хөгжүүлж буйн илэрхийлэл болжээ. Гэхдээ, гэмт хэргийн объектив шинж чанар, гэмт хэргийн цаад санаа зорилгыг онцолсон хэвээр байсан нь ялын хүнд байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байв.
Тухайн үеийн шийтгэл нь торгууль, бага зэргийн гэмт хэргийн нөхөн төлбөрөөс эхлээд бие махбодын шийтгэл, албадан хөдөлмөр, цөллөг гэх мэт илүү хатуу шийтгэл хүртэл янз бүр байв. Цаазын ял нь гэмт хэрэгтний нийгмийн байдлаас шалтгаалж, Ромын иргэдийн хувьд толгойг нь цавчдаг байсан бол, боол болон харьяат бус хүмүүсийг загалмайд цовдлон, харьцуулбал илүү тарчлаах төрлийн цаазын ял ногдуулна. Олон нийтийн өмнө цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байсан нь нийгмийн дэг журмыг сахиулах зорилго агуулан, төрийн эрх мэдлийг бэхжүүлэх арга хэрэгсэл байжээ. Ерөнхийдөө Бүгд Найрамдах Улсын үеийн Ромын эрүүгийн эрх зүй нь хатуу чанга хууль ашиглан нийтийн хэв журам сахиулах, төрийн эрх мэдлийг хангахад чиглэгдэж байжээ.
6. Ромын эрүүгийн эрх зүй ба орчин үеийн эрүүгийн эрх зүйн харьцуулалт
Ромын эрүүгийн эрх зүйг орчин үеийнхтэй харьцуулбал цаг хугацааны явцад нийгэм гэмт хэрэг, шийтгэлийг хэрхэн авч үзсэн байгаагаар ялгаатай ч, зарим ижил төстэй байдлыг олж харж болно.
| Харьцуулалт | Ромын Эрүүгийн эрх зүй | Орчин үеийн Эрүүгийн эрх зүй |
Эрх зүйн үндэс ба эх сурвалж | Эх сурвалж | Арван хоёр хүснэгтийн хууль, сенатын тогтоолууд, магистратын зарлиг, зан заншлын хууль. | Бичмэл хууль тогтоомж, үндсэн хууль, шүүхийн прецедент (жишиг хэрэг), олон улсын гэрээ, дүрэм журам. |
Үндсэн шинж | Эхэн үед бичмэл бус зан заншил, магистратын эрх мэдлээс хамааралтай байсан бол, хожим Арван хоёр хүснэгтийн хуулийн зарим кодчилол дээр тулгуурлах болсон. | Хууль тогтоох байгууллагаас тогтоосон эрүүгийн иж бүрэн хууль, журамтай, кодчилсон бүтэцтэй. | |
Хөгжил | Хуульчдын тайлбар, нөлөөгөөр олон зуун жилийн турш хөгжиж ирсэн. | Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шүүхийн тайлбар, олон улсын эрх зүйн стандартад нийцүүлэн хөгжиж байна. | |
Гэмт хэргийн тодорхойлолт, ангилал | Гэмт хэргийн ангилал | Нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (crimina) болон хувь хүн, иргэний эрх, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (delicta) гэж ангилна. | Хүнд, хөнгөн гэмт хэрэг, зөрчлийн гэж тусгай ангилна. Жишээлбэл, хүчирхийллийн гэмт хэрэг, өмчийн гэмт хэрэг, цагаан захтны гэмт хэрэг гм. |
Зорилго | Гэмт хэргийг тодорхойлох үндсэн шалгуур болох санаатай үйлдлийг онцолсон; санамсаргүй, эсвэл болгоомжгүй үйлдлүүдийг гэмт хэрэг гэж тооцохгүй. | Гэмт этгээдийн санаа зорилго, гэмт хэрэг үйлдэх хорт санаа сэдэл (mens rea)[12] болон сэтгэцийн байдал, хайхрамжгүй, болгоомжгүй байдал, хатуу хариуцлагатай гэмт хэрэг зэргийг цогцоор нь авч үзнэ. | |
Хамрах хүрээ | Төр, шашин, ёс суртахуун, хувь хүний эсрэг гэмт хэрэг багтана. | Орчин үеийн нийгмийн асуудлыг тусгасан цахим, хар тамхи, зохицуулалт зэрэг өргөн хүрээний эрүүгийн гэмт хэрэг багтана. | |
Процесс | Яллах, эрэн сурвалжлах | Хувь хүн, төрийн албан хаагчийн хүсэлтээр хэрэг үүсгэнэ; магистрат урьдчилсан мөрдөн байцаалт явуулна. | Хууль хяналтын байгууллага, прокурорын санаачилгаар хэрэг үүсгэнэ; өргөн хүрээтэй мөрдөн байцаах журамтай. |
Шүүх хуралдаан | Магистрат эсвэл байнгын шүүхийн (quaestiones perpetuae)[13] өмнө явагддаг; процесс бүрэн журамлагдаагүй. | Шүүгч, эсвэл тангарагтны шүүгчидтэй албан ёсны шүүхийн процессын дүрмийг дагаж мөрдөнө. Жишээлбэл, нотлох баримтын дүрэм. | |
Яллагдаг-чийн эрх | Өөрийгөө өмгөөлөх, төлөөлүүлэх зарим эрх байх ч нийгмийн байдлаас хамаарч ялгаатай; хязгаарлагдмал эрхтэй. | Зохих процессын дагуу шүүхээр шударгаар шүүлгэх, хууль ёсны төлөөлөлтэй, өөрийгөө буруутгахаас хамгаалах зэрэг найдвартай хамгаалалтуудтай. | |
Шийтгэл ба гүйцэтгэл | Шийтгэл | Торгууль төлүүлэх, бие махбодын шийтгэл хүлээлгэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, цөлөх, цаазаар авах ял зэрэг нийгмийн статусаас хамааран янз бүр байна. | Урьдчилан тогтоосон ялын удирдамжийн дагуу шийтгэл ногдуулна. Торгууль төлүүлэх, хорих, тэнсэн харгалзах, олон нийтэд тустай ажил хийлгэх, тусгай хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг багтана. |
Цаазлах арга | Цовдлох, толгойг нь цавчих, зэрлэг араатанд хаяж өгөх (damnatio ad bestias) зэрэг олон нийтийн өмнө ялыг гүйцэтгэнэ. | Цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа улс орнууд үхлийн тарилга хийх зэрэг илүү хүмүүнлэг болсон. Олон улс орон цаазаар авах ялаас татгалзсан. | |
Олон нийтэд үзүүлэх | Цаазын ялыг олон нийтэд харуулж, төрийн эрх мэдлийг бэхжүүлсэн. | Гэмт этгээдийг нийгэмшүүлэхэд анхаарч, олон нийтэд дэлгэж харуулахгүй. | |
Нийгэм, ёс зүйн асуудал | Нийгмийн шатлал / Хуулийн өмнө тэгш байдал | Шийтгэл нь нийгмийн байдлаас хамааран ихээхэн ялгаатай. Боол болон харьяат бус хүмүүст илүү хатуу шийтгэл ногдуулна. | Эрх зүйн тогтолцоо нь арьсны өнгө, хүйс, статус гэх мэтээр ялгаварлан гадуурхахаас хамгаалж, тэгш байдлыг хангахыг эрмэлздэг. |
Ёс суртахууны гол чиглэл | Шашин, нийгмийн хэм хэмжээний нөлөөгөөр нийгмийн хэв журам, төрийн эрх мэдэл, уламжлалт үнэт зүйлсийг сахин хамгаална. | Хүний эрхийн зарчим, ёс зүйн хэм хэмжээ нөлөөгөөр гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хамгаалалт болон шийтгэлийн тэнцвэрийг хадгална. |
Ромын эрүүгийн эрх зүй нь нийгмийн шатлалыг тусгасан хатуу харгис шийтгэлээр дамжуулан олон нийтийн өмнө ялыг гүйцэтгэж, дэг журмыг сахиулахад анхаарч байсан бол орчин үеийн эрүүгийн эрх зүй нь хууль тогтоомж, процессын шударга байдлыг чухалчилдаг. Орчин үеийн системүүд нь яллагдагчийг найдвартай хамгаалалтаар хангаж, шийтгэл ногдуулахдаа ёс суртахууны хэм хэмжээг баримталж, хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг тэнцвэржүүлэхийг эрмэлздэг болжээ.
Дүгнэлт
Эцэст нь "Эртний Ромд гэмт хэрэг үйлдсэн язгууртнуудад давуу эрх олгож, арай хөнгөн ял шийтгэл оногдуулдаг байсан нь шударга ёсонд нийцэх үү?" гэсэн асуултыг тавилаа.
Ромд нийгэм нь Ромын иргэд ба харьяат бус хүмүүс гэж ялгадаг хоёр шатлалтай байгаад зогсохгүй, эрх зүйн тогтолцоо нь ч мөн адил давхар стандарттай байжээ. Хөрш улсуудад баян ядуугаас үл хамааран тухайн газар амьдарч л байгаа бол иргэнд тооцогддог байсантай харьцуулахад Ромд иргэншлийн статусыг Ромын иргэн эцэг эхийн хүүхэд болж мэндлэх, армид цэргийн албыг нэр төртэй, заасан хугацаанд бүрэн дүүрэн хаах, боолоос суллагдаж эрх чөлөөтэй болох зэрэг аргаар олж авах явдал нь төрийн хишиг, шагнал урамшуулал гэлтэй. Гэлээ гээд, иргэншил олж авсан байх нь шууд л эд баялагтай, нийгэмд нөлөөтэй болгохгүй. Харин эд баялгаа бусдад харуулж, төрд их хэмжээний хандив өргөх замаар сенатор зэрэг статустай болно[14].
Хууль ёсоор бол иргэд хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэйн дээр тусгай сонсгол хийх боломжтой байв. Хэдийгээр иргэнийг цаазлах нь хууль бус байсан ч зохих шүүх хуралгүйгээр харьяат бус хүнд ял шийтгэл ногдуулах, цаазлах, эрүүдэн шүүх, шоронд хорих бараг л энгийн зүйл байжээ. Гэсэн хэдий ч нийгмийн, улс төрийн, эрх зүйн зэрэг шатлалууд нь Ромын амьдралын салшгүй хэсэг болж, нийгмийг давхарга болгон хуваах замаар шат ахих бүрд ямар нэгэн зүйл төрдөө өгч, тэр хэмжээгээр давуу эрх олж авна. Товчоор хэлбэл, төр улам бүр хүчирхэгжих, урт удаан хугацаанд оршин байх үндэс суурийг бүрэлдүүлсэн байгаа юм. Хүний өөрийн эрх ашгийг түрүүлж тавьдаг төрөлхийн занг удирдсан хэрэг. Хүн өөрт нь ашигтай л бол төрийн эсрэг, нийгмийн тогтсон хэм хэмжээний эсрэг тэрслэх магадлалыг багасгадаг хэрэгсэл болгон хүний өөрийнх нь эсрэг ашиглажээ. Тодруулбал, харилцан ашигтай нийгмийн гэрээ сонгодог утгаараа хийгдсэн гэж болно.
Эзэн хаан Августын[15] шийдвэрийн (МЭӨ 27 он) дагуу Сенатын гишүүн болохын тулд 1’000’000 сестерцийг[16] дайтай газартай байх ёстой зэрэг сенатор, морьтон[17] (equites), квестор (quaestores) зэрэг улс төрийн хамгийн өндөр албан тушаалын шаардлагыг нэмэгдүүлсэн нь эд баялгийн хэрэгцээг улам бүр чухалчлах суурь шалтгааны нэг болсон байдаг. Албан тушаалтай хүн театрт урд эгнээнд сууж үзвэр үзэх, нийгмийн элиттэй холбоо тогтоох, улмаар хөрөнгө, нөлөөгөө улам өргөжүүлэх зэрэг тодорхой давуу талуудын үүд хаалга нээгдэнэ.
Энэ мэтчилэн дурдаад байвал, Ром бол шатлалтай нэлээд төвөгтэй тогтолцоо мөнөөс мөн гэж болно. Хувь хүн хуулийн үүднээс нэг, статусын хувьд нэг, баялгийн хувьд нэг, нийлээд гурван шатлалын аль нэгэнд байж болно. Дор хаяж эдгээрээс хослуулж байж, эсвэл хамгийн багадаа аль нэгийг нь эзэмшиж байж статусаа хадгалж авч үлдэнэ.
МЭ 212 онд Ромын Эзэн хаан Каракаллагийн эдикт[18] (Constitutio Antoniniana) гарч, Эзэнт гүрний бүх хүмүүст Ромын иргэншил олгосон байдаг. Нэг талаас хүмүүнлэг сайн зүйл байсан мэт боловч, нөгөө талаас зөвхөн иргэдэд хамаарах хэд хэдэн татвар байсантай холбоотойгоор Эзэн хаан Каракалла[19] үүнийг зөвхөн татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хийсэн байдаг. Үр дүнд нь тайлбарлаад буй шатлалын хүч нөлөөг бууруулсан алхам болжээ. Арми нь бүхэлдээ иргэний харьяалал хүссэн мужуудаас бүрддэг байсан тул цэргийн өндөр статустай болох хүсэл эрмэлзэл замхран арилав. Түүнчлэн эрх зүйн тогтолцоо өмнөхөөсөө илүү олонд хамааралтай болж, өргөжүүлэх шаардлага урган гарсан. Эцэс сүүлд нь эдгээр олон шалтгаан Эзэнт гүрнийг сүйрэлд ойртуулж, III зууны хямрал гэж нэрлэгддэг улс төр, нийгмийн үймээн самуун дагуулсан юм.
Эдгээрээс дүгнэвэл, шатлалтай, тэр нь цагны механизм шиг өөр хоорондоо уялдаатай, харилцан хамааралтай тогтолцооны үндэс нь гэмт хэрэгт үйлдсэн язгууртнуудад давуу эрх олгож, арай хөнгөн ял шийтгэл оногдуулдаг байсан нь шударга ёсоор зогсохгүй, хөдөлгөгч хүч нь, хөдөлгүүрийн тосолгоо нь, цаашилбал түлш нь байсан болж таарч байна.
Ж.Танан
Зүүлт тэмдэглэл
[1] Хуульч Шувуухайн Арван хоёр хүснэгтийн хууль танилцуулгаас дэлгэргүй мэдээлэл авч болно.
[2] Хуульч Шувуухайн Ромын эрх зүйн эх сурвалж: Нэр томьёоны тайлбар нийтлэлээс дэлгэрүүлэн уншиж болно.
[3] Магистрат (magistratus): Эртний Ромд шүүх, захиргааны болон гүйцэтгэх эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан. Магистратууд нь Ромын Бүгд Найрамдах Улс, дараа нь Ромын Эзэнт гүрний дотор янз бүрийн чухал албан тушаал хашиж байсан сонгогдсон албан тушаалтнууд. Магистратын тогтолцоо нь нарийн төвөгтэй, шаталсан, албан тушаал бүр тодорхой үүрэг, эрх мэдлийн түвшинтэй.
Магистрат: Төрийн захиргааны дээд байгууллага.
Өнөө үед ч байдаг ба Англи, Уэлст хөнгөн гэмт хэргийг шийдвэрлэдэг шүүхийн ажилтан буюу энх тайвны шударга шүүгчийг хэлнэ.
[4] Претор (praetor): Эртний Ромд шүүхийг удирдах, хуулийг тайлбарлах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд хяналт тавих зэрэг янз бүрийн шүүх, захиргааны эрх мэдлийг эзэмшдэг магистрат. Эхэндээ преторуудыг иргэний болон эрүүгийн хэргийн шүүгчээр томилдог байсан ч, дараа нь консулын эзгүйд мужийн захиргааг хянах, армийг удирдах зэрэг нэмэлт үүрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг. Ромын Бүгд Найрамдах Улс өргөжиж, өсөн нэмэгдэж буй төрийн захиргааны хэрэгцээг хангахын тулд цаг хугацааны явцад преторуудын тоо нэмэгджээ.
[5] Жрецүүд (sacerdotes): Бөө мөргөл, зан заншлыг түгээгч лам нар.
[6] Эдил (aediles): Ромын Бүгд Найрамдах Улсад хотын засвар үйлчилгээ, нийтийн баяр наадам зохион байгуулахтай холбоотой олон нийтийн ажлыг хариуцах магистратууд.
[7] Квестор (quaestores): Төрийн сан хөмрөгийг удирдах, татвар хураах, төсвийн зарлагад хяналт тавих зэрэг санхүүгийн удирдлага, хяналтыг хариуцдаг төрийн албан тушаалтан. Квесторуудыг Ромын ард түмэн сонгох бөгөөд тэдний тоо, үүрэг хариуцлага нь түүхэн цаг хугацаанд харилцан адилгүй байв. Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед квесторууд санхүүгийн асуудалд голчлон анхаардаг байсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үүрэг өргөжиж, шүүх болон цэргийн үүрэг гүйцэтгэх болсон.
[8] Юстиниан (Justinian): МЭ 527-565 он хүртэл хаанчилж байсан Византийн эзэн хаан. Бүтэн нэр Флавиус Петрус Саббатиус Иустинианус Август (Flavius Petrus Sabbatius Iustinianus Augustus). Тэрээр Зүүн Ромын (Византийн) эзэнт гүрэн, хожим Баруун Европт хоёуланд нь хуулийн үндэс суурь болсон Ромын хуулийг Иргэний хуулийн эмхэтгэл (Corpus Juris Civilis) болгон кодчилох оролдлого хийсэн алдартай.
[9] Гайус (Gaius): МЭ II зуунд амьдарч байсан Ромын хуульч. Түүний хамгийн алдартай бүтээл бол Ромын эрх зүйг заахад ашигладаг хууль зүйн цогц сурах бичиг болох Институций (Institutiones) юм.
[10] Ульпиан (Ulpian): Домитий Улпианус (Domitius Ulpianus) МЭ II зууны сүүлч, III зууны эхэн үед амьдарч байсан нэрт хуульч. Тэрээр хэд хэдэн эзэн хааны үед өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд хууль эрх зүйн асар их бүтээлүүдээрээ алдартай.
[11] Папиниан (Papinian): Аемилиус Папинианус (Aemilius Papinianus) МЭ III зууны эхэн үеийн Ромын өөр нэг тэргүүлэх хуульч байсан. Тэрээр эзэн хаан Септимиус Северусын (Septimius Severus) үед хуулийн ахлах зөвлөх болон преториан префект байсан.
Преториан префект (Praefectus Praetorio): Ромын Эзэнт гүрний хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг. Эхэндээ цэргийн үүрэг байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам засаг захиргааны болон шүүхийн томоохон үүрэг хариуцлагыг хамрахаар болсон. Преторын префектийн алба нь Ромын засгийн газарт, ялангуяа Эзэн хааны үед чухал үүрэг гүйцэтгэсэн.
[12] Хуульч Шувуухайн Эрх зүйн нийтлэг хэрэглээтэй латин нэр томьёо, ойлголт судалгаанаас дэлгэрүүлэн уншиж болно.
[13] Байнгын шүүхүүд (queestiones perpetuae): Хожуу Ромын Бүгд Найрамдах Улсад тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан. Эдгээр шүүхүүд нь Ромын эрх зүйн тогтолцоонд нэн чухал хөгжил байгаад зогсохгүй, эрүүгийн асуудалд тууштай хандлагыг хангасан.
[14] Хуульч Шувуухайн Ромын иргэд нийтлэлээс дэлгэрүүлэн уншиж болно.
[15] Эзэн хаан Август: МЭӨ 27- МЭ 14 он хүртэл Ромыг захирч байсан. Жинхэнэ нэр Гай Октавиус, хожим Юлий Цезарь түүнийг үрчилж авсны дараа Гай Юлий Цезарь Октавиан хэмээн алдаршсан Август Ромын Принципатыг үндэслэгч, Ромын анхны Эзэн хаан байсан. Түүний хаанчлалаар Ромын Эзэнт гүрний эхлэл тавигдсан.
Принципат (princeps): Анхны иргэн гэсэн утгатай төрийн тэргүүнийг илэрхийлнэ.
[16] Сестерци (sesterces): Баялгийн үндсэн хэмжүүр, Ромын мөнгөн тэмдэгтийн нэг хэлбэр.
[17] Морьтон (equites): Чинээлэг газар эзэмшигчид, бизнесменүүд, цэргийн офицерууд. Шууд утгаараа морьтон, эсвэл хүлэг баатар (рыцарь) гэж орчуулдаг бөгөөд анхандаа цэргийн алба хаах морь тэжээх боломжтой хүмүүсийг хэлдэг байжээ.
[18] Эзэн хааны эдикт (edicta principum): Ромын Эзэнт гүрний үед Ромын эзэн хаадын гаргасан тунхаг, зарлиг. Татвар, засаг захиргаа, цэргийн хэрэг, эрх зүйн шинэчлэл, шашны бодлого зэрэг өргөн хүрээний асуудлуудыг шийдвэрлэнэ. Эзэн хаад Ромын ард түмэн, мужийн захирагч, Эзэнт гүрний бусад албан тушаалтнуудад заавар, бодлогоо хүргэхэд ашиглана.
Ромын Эзэнт гүрнийг удирдах, түүний бодлого, институтийг төлөвшүүлэхэд Ромын хаадын зарлиг чухал үүрэг гүйцэтгэсэн. Эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрт эрх мэдлийг хэрэгжүүлж, дамжуулах үндсэн хэрэгслийн нэг.
[19] Каракалла (Caracalla): МЭ 198-217 оныг хүртэл захирч байсан Ромын эзэн хаан. Бүтэн нэр Маркус Аврелий Северус Антонин Август.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынХууль #ЭзэнХааныЭдикт #Сестерци #Морьтон #ЭзэнХаанАвгуст #Папиниан #Ульпиан #Гай #Юстиниан #Квестор #Эдил #Жрецүүд #Претор #Магистрат #АрванХоёрХүснэгтийнХууль #СенатынТогтоол #МагистратынЭдикт #РомынБүгдНайрамдахУлс #РомынЭзэнтГүрэн #РомынХаантУлс #Кодчилол #ЭрхЗүйнТогтолцоо #ОнцНоцтойГэмтХэрэг #ШударгаЁс #ЯллахАжиллагаа #МөрдөнБайцаахАжиллагаа #УрьдчилсанСонсгол #ШүүхХуралдаан #Өмгөөлөл #ШүүхийнШийдвэр #Шийтгэл #ГэмтЭтгээд #Шүүгдэгч #НотлохБаримт #Торгууль #Цөллөг #ХүндГэмтХэрэг #ХөнгөнГэмтХэрэг #ЦаазаарАвах #БиеМахбодынЯлШийтгэл #НийтийнАшигСонирхлынЭсрэгГэмтХэрэг #ХувьХүнийЭсрэгГэмтХэрэг #ЭхОрноосооУрвах #ХүнийАмьНасыгХороох #ЭдЗүйлсГалданШатаах #ХууранМэхлэх #ХуурамчЗоосХийх #ХүнийАмийгБусниулах #ХудалГэрчлэх #Хулгай #СадарСамуун #ЭрүүлМэндэдХохиролУчруулах #ГэрээЗөрчих #ХохиролУчруулах #ТөрийнЭсрэгГэмтХэрэг #ШашныЭсрэгГэмтХэрэг #ИргэдийнЭсрэгГэмтХэрэг #ТөрийнЭсрэгБослого #ҮймээнСамуун #ТөсвийнХөрөнгөШамшигдуулах #ТагнуулХийх #ДайсандТуслах #ЗасгийнГазрыгУнагаахХуйвалдаан #ОлонНийтийнЭмхЗамбараагүйБайдлыгӨдөөх #ТөрийнӨмчХулгайлах #Завших #ЭдХөрөнгөХураах #БурхныгХараанЗүхэх #ШүтээнБузарлах #АриунДагшинГазар #ШашинНомыгГутаанДоромжлох #ШашныҮүргээБиелүүлэхээсТатгалзах #БурхдыгГомдоох #СүсэгБишрэл #ӨвөрмөцШийтгэл #ХүнХулгайлах
Music by MBB | / mbbofficial / mbbmusic / mbb_music
😍
.