Ромын эрх зүйн эх сурвалжууд нь дүрэм, зарчим, практикийг бий болгож, хөгжүүлсэн хууль тогтоомж, бүтээл, туурвилууд юм. Эдгээр эх сурвалжууд нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, эрх зүйн хэм хэмжээг бий болгох, хуулийг тайлбарлах, хэрэглэх хүрээг бүрдүүлж, цогц тогтолцоо болгон төлөвшүүлсэн. Эх сурвалжуудад төрөл бүрийн эрх мэдэл төдийгүй, эрх зүйн уламжлал, нийгмийн хэм хэмжээ, улс төрийн институт хоорондын харилцан үйлчлэлийг тусгасан байжээ.
Зан заншилтай холбоотой нэр томьёо
Зан заншил
Mores
Ромын соёл, нийгмийн хүрээнд зан заншил гэдэг нь зан үйл, нийгмийн харилцааг удирдан чиглүүлдэг уламжлал, үнэт зүйл, хэм хэмжээг хэлнэ. Зан заншил нь Ромын нийгэмд гүн гүнзгий шингэсэн төдийгүй, хувь хүний зан байдал, нийгмийн харилцаа, институтийн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэжээ. МЭӨ V зууны дунд үе хүртэл зан заншил нь эрх зүйн цорын ганц эх сурвалж болж байв.
Ромын заншлын хэм хэмжээнүүдийг хуучин буюу уламжлалт ёс заншил; жрецүүд, тахилагч лам нарын тогтсон таалал, дэг ёс; ёс заншлын хэв хууль, зан үйлийн жишиг; магистратын зан үйлийн журам гэж ангилна.
Эх сурвалж: Д.Баатар, Б.Баясгалан. (2019). Ромын эрх зүйн тайлбар схем
Хуучин буюу уламжлалт ёс заншил Mores Maiorum
“Манай өвөг дээдсийн ёс заншил”, эсвэл “Өвөг дээдсийн уламжлал” гэж орчуулагддаг латин нэр томьёо юм. Энэ нь Ромын нийгмийг удирдаж, ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлсийн үндэс болсон бичигдээгүй ёс заншил, уламжлал, нийгмийн хэм хэмжээг илэрхийлдэг. Өнгөрсөн үеийн мэргэн ухаан, туршлага дээр үндэслэсэн эдгээр ёс заншил нь нийгмийн дэг журмын үндэс суурийг бүрдүүлсэн. Хуучин буюу уламжлалт ёс заншил нь гэр бүлийн харилцаа, шашин, олон нийтийн зан үйл, улс төрийн оролцоо зэрэг амьдралын янз бүрийн асуудлыг зохицуулж, нийгмийн харилцаанд хүлээн зөвшөөрөгдсөн зан байдал, ёс зүй, хувь хүний дагаж мөрдөх ёс суртахуун, нэр төр, ариун журмын хэм хэмжээг тогтоожээ. Үүнээс гадна, нийтлэг үнэт зүйлсийг сурталчлах замаар нийгмийн эв нэгдлийг дэмжиж, гишүүдийн хоорондын харилцаа, үнэнч байдал, харилцан үүрэг хариуцлагын холбоог бэхжүүлсэн. Эдгээр уламжлалт ёс заншил нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, дасан зохицож байсан ч Ромын ард түмэнд залгамж чанар, өвөрмөц байдлын мэдрэмжийг өгч, тэдний хамтын ухамсрыг бүрдүүлсэн ба өрнөдийн соёл иргэншилд томоохон өв үлдээжээ.
Жрецүүд, тахилагч лам нарын тогтсон таалал, дэг ёс Commentazii Pontificum
Эртний Ром дахь шашны зан үйл, хуанли, хууль эрх зүйн асуудалд хяналт тавьдаг нэр хүндтэй шашны байгууллага болох Пап лам нарын хөтөлдөг тэмдэглэлийг хэлнэ. Эдгээр тэмдэглэлд шашны баяр ёслолын огноо, шашны хуулиудын тайлбар, лам нарын шийдвэр зэрэг шашны болон хууль эрх зүйн чухал үйл явдлуудыг баримтжуулжээ. Жрецүүд, тахилагч лам нарын тогтсон таалал, дэг ёс нь шашны болон хууль эрх зүйн асуудлаар мэдээллийн үнэ цэнтэй эх сурвалж төдийгүй, зан үйлийг дагаж мөрдөх, хууль ёсны тайлбар хийх талаар зааварчилгаа болдог байв. Дэг ёс нь шашны хийгээд эрх зүйн уламжлалыг хадгалах, дамжуулах, тэдгээрийн тасралтгүй уялдаа холбоог хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Ёс заншлын хэв хууль, зан үйлийн жишиг Usus
Ромын эрх зүйд аливаа эд хөрөнгө, эд зүйлийг тасралтгүй эзэмших, ашиглах замаар өмчлөх эрхийг олж авах тухай хууль зүйн ойлголт юм. Энэхүү зарчмын дагуу тухайн иргэн газар, хөдлөх эд хөрөнгө зэрэг объектыг хуульд заасан тодорхой хугацаанд тасалдалгүй эзэмшиж байсан бол, объектын анхны өмчлөгч нь биш байсан ч өмчилж болно. Зан үйлийн жишгийн дагуу урт хугацааны эзэмшил нь өмчлөл хууль ёсны гэдгийг илтгэж, өмчийн эрхийг шилжүүлэх механизм болж үйлчилдэг гэсэн итгэл үнэмшилд үндэслэсэн. Ёс заншлын хэв хууль нь Ромын өмчийн эрх зүйд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хувь хүмүүст эзэмшлийн замаар эд хөрөнгө олж авах арга хэрэгсэл болж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн тогтвортой, тодорхой байдлыг бий болгосон. Өргөн утгаараа хэв хууль нь биет өмчөөс гадна зан заншил, нийгмийн практикийг багтаажээ.
Магистратын зан үйлийн журам
Coomentorii Magestraium
Ромын шүүгчдийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн үйлдэл, шийдвэр, захиргааны үйл ажиллагааг баримтжуулах зорилгоор хөтөлдөг албан ёсны тэмдэглэлүүд юм. Эдгээр тэмдэглэл нь шүүгчдийн албан тушаал, томилгоо, олон нийтийн үйлдлийг нарийвчлан харуулсан түүх, хуулийн баримт бичиг болж байв. Магистратын зан үйлийн журам нь Ромын төрийн ил тод байдал, хариуцлагатай байдлыг хангахад чухал ач холбогдолтойн дээр, иргэд сонгогдсон албан тушаалтнуудынхаа үйлдлийг хянаж, тэдэнд хариуцлага хүлээлгэх боломжийг олгосон. Эдгээр тэмдэглэл нь Ромын улс төрийн тогтолцооны үйл ажиллагаа, төрийн албаны хариуцлагын талаар ойлголт өгөх ирээдүйн магистрат, түүхчдэд мэдээллийн үнэ цэнтэй эх сурвалж болжээ.
Хэм хэмжээнүүдийг хууль зүйн хүчин чадлаар нь ердийн зан заншил, тогтсон журам ба эрх зүйн зан заншил гэж ялгаж болно.
Ердийн зан заншил, тогтсон журам Consuetudo[1]
Цаг хугацааны явцад тууштай дагаж мөрдөж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөн эрх зүйн ач холбогдолтой болсон дадал зуршлыг хэлнэ. Хууль тогтоомж зөрчилтэй, эрх зүйн зарчим байхгүй тохиолдолд, шүүгчид нийгмийн харилцааг тайлбарлаж, тэдгээрийг зохицуулахад хэрэглэх ёстой хууль ёсны эх сурвалж гэж үздэг байв.
Эрх зүйн зан заншил Jus Moribus
Ромын нийгэмд олон жилийн турш мөрдөж ирсэн ёс заншил, зан үйл, уламжлалаас үүдэлтэй эрх зүйн зарчим, дүрмийг хэлнэ. “Jus Moribus Consensuque Utendi”, эсвэл “Jus Moribus Constitutum” гэж бичдэг, “заншил ашиглахыг зөвшөөрсөн, түүнд үндэслэсэн хууль” гэж орчуулагддаг. Өөрөөр хэлбэл, ард түмний ёс заншил, зөвшилцлөөс үүдэлтэй хуулийн үзэл санаа, нийгмийн хэм хэмжээ, уламжлалын гүйцэтгэх үүргийг онцолсон эрх зүйн зарчим, дүрэм юм. Ромын нийгэмд давамгайлж байсан зан заншил, үнэт зүйлийг тусгасан байжээ.
[1] Consuetudo болон Jus Moribus нь хоёулаа Ромын эрх зүйн ёс заншил, уламжлалтай холбоотой латин нэр томьёо боловч бага зэрэг ялгаатай. Consuetudo нь тогтсон журам, зан заншлыг тусгайлан илэрхийлдэг бол, Jus Moribus нь тэдгээр ёс заншлаас үүдэлтэй эрх зүйн зарчмууд болон нийтээр зан заншлыг эрх зүй хэмээн хүлээн зөвшөөрсөн тогтолцоог хэлнэ.
Хуулиудтай холбоотой нэр томьёо
Хуулиуд Leges
Хуулиуд нь Ромын эрх зүйн бичмэл эх сурвалжуудын анхны хэлбэр юм. Сенат эсвэл Ардын цуглаан зэрэг Ромын хууль тогтоох чуулганаас гаргасан албан ёсны дүрэм, хуулиуд нь янз бүрийн бүтэц, хэлбэрийг олж хөгжжээ.
Эх сурвалж: Д.Баатар, Б.Баясгалан. (2019). Ромын эрх зүйн тайлбар схем
Арван хоёр хүснэгтийн хууль
Leges XII Tabularum
Арван хоёр хүснэгтийн хууль нь Ромын Бүгд Найрамдах Улсын үед МЭӨ 450 онд үүссэн Ромын хуулийн хамгийн эртний кодчиллуудын нэг бөгөөд Ромын нийгмийн эрх зүйн үндэс суурийг тавьсан юм. Эдгээр хуулиудыг арван хоёр хүрэл хавтан (модон самбар) дээр сийлж, Ромын форумд[2] байрлуулсан нь Ромын бүх иргэдэд хуулийг хүртээмжтэй болгох замаар нийгмийн эмх замбараагүй байдлыг арилгах, хууль эрх зүйн тодорхой байдлыг хангах зорилго агуулж байв.
[2] Forum Romanum: Эртний Ром дахь “форум” нь иргэдийн худалдаа арилжаа хийдэг, нийгмийн амьдралын гол цэг болж үйлчилдэг нийтийн төв талбай юм. Форум нь Санчирын сүм (Temple of Saturn), Вестагийн сүм (Temple of Vesta), олон нийтийн үг хэлэх тавцан Ростра (Rostra), Сенатын ордон Куриа (Curia), шүүх, уулзалтын газар Базилика Жулиа (Basilica Julia) зэрэг чухал дурсгалт газруудаар хүрээлэгдэнэ.
Түүхэнд тэмдэглэснээр, Ромын форум нь хотын төв хэсэгт, Палатин (Palatine) ба Капитолиний (Capitoline) толгодын дунд байрлалтай, хөл хөдөлгөөн ихтэй зах төдийгүй, олон нийтийн чухал арга хэмжээ, ёслол, шүүх хурал, улс төрийн цуглаануудын газар байжээ.
Арван хоёр хүснэгтийн хуульд өмчлөх эрх, гэр бүлийн харилцаа, өр төлбөр, хууль эрх зүйн үйл ажиллагаа зэрэг иргэний болон эрүүгийн эрх зүйн янз бүрийн асуудлуудыг тусгасан болно. Хэдийгээр Арван хоёр хүснэгтийн хууль нь эрт үүссэн ч, үүнээс үл хамааран Ромын түүхэнд үйлчлэх хүчин чадлаа зохих түвшинд хадгалсаар ирсэн байдаг. Хожмын эрх зүйн хөгжлийн үндэс суурь болоод зогсоогүй, Ромын хууль зүйн болон шударга ёсны зарчмуудыг бүрдүүлжээ.
Ардын цуглааны тогтоолууд
Comitia Tributa Decretum
Эртний Ромд овог аймгуудын санал хураалтаар Ардын цуглаан (Comitia Tributa), чуулганаас гаргасан шийдвэр, тогтоолууд юм. Ромын хууль эрх зүй, улс төрийн тогтолцооны хүрээнд Ардын цуглаанд олгосон эрх мэдлээс хамааран, эдгээр тогтоолуудад хууль тогтоомж, төрийн бодлого, захиргааны шийдвэр зэрэг өргөн хүрээний асуудлыг тусгана.
Ромын понтипик Pontifex Maximus Decretum
Эртний Ромын шашны дээд байгууллагаас (Pontifex Maximus) гаргасан тогтоол юм. Ромын шашны хууль тогтоомж, зан заншлын хүрээнд эдгээр тогтоолууд нь хуулийн хүчин чадалтай зарлиг болж, шашны зан үйл, ёслол, холбоотой янз бүрийн асуудлыг зохицуулна. Ромын понтипикэд шашны зан үйлийг зохих ёсоор явуулах, бэлгэ тэмдгийн тайлбар, сүм хийдийн засвар үйлчилгээ, шашны байгууллагуудын удирдлага зэрэг асуудлыг авч үзнэ. Ромын албан ёсны эрх зүйн тогтолцооны нэг хэсэг биш ч, эдгээр тогтоолууд нь шашин, соёлын чухал эрх мэдэлтэй байсан. Үүнийг Ромын шашны заавал дагаж мөрдөх заавар болгон хүндэтгэдэг байв. Шашны зан үйлийг зохих ёсоор сахиж, төр, ард түмнийхээ сайн сайхны төлөө бурхдын ивээлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Хуульчилсан зарлиг, тогтоолтой холбоотой нэр томьёо
Хуульчилсан зарлиг, тогтоол
Consultum, Edicta, Constitiones
Хуульчилсан зарлиг, тогтоол нь Ромын эрх зүйн зохицуулалтад чухал үүрэгтэй байсан. Сенатын тогтоол; Эзэн хааны захирамж, бичгүүд; Магистратын эдикт гэсэн үндсэн гурван төрөлд хуваагдана.
Эх сурвалж: Д.Баатар, Б.Баясгалан. (2019). Ромын эрх зүйн тайлбар схем
Сенатын тогтоол Senatus Consultum
Ромын эрх зүйн тогтолцоонд анхандаа зөвлөгөө өгөх зорилготой байсан ч аажмаар, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улсын үед хуулийн хүчинтэй болсон байдаг. Сенатаас гаргасан чухал нөлөө бүхий тогтоолууд (Senatus Consultum) нь хууль зүйн зарчмуудыг төлөвшүүлэх, шүүгчдийн шийдвэрийг баталгаажуулахад чиглэгдсэн байжээ.
Эзэн хааны зарлигууд Constitutiones Principum
Ромын Эзэн хааны гаргасан зарлиг, захирамжууд нь хууль зүйн дээд хүчин чадалтай байсан бөгөөд хожмын Ромын эрх зүйн хөгжилд, ялангуяа Эзэнт гүрний үед чухал үүрэг гүйцэтгэсэн. Эзэн хааны зарлигуудад захиргааны зохицуулалт, татварын бодлого, шүүхийн зохион байгуулалт зэрэг хууль эрх зүйн янз бүрийн асуудлыг авч үзнэ.
Магистратын захирамж Edicta Magistratuum
Магистратууд, преторуудын бүрэн эрхийнхээ хугацаанд гаргасан дагаж мөрдөх хуулийн зарчим, журмыг тодорхойлсон мэдэгдэл.
Эзэн хааны зарлигууд нь Эзэн хааны эдикт; Мандат; Рескрипт; Декрет гэсэн төрлүүдтэй.
Эзэн хааны эдикт Edicta Principum
Ромын Эзэнт гүрний үед Эзэн хаадын гаргасан тунхаг, зарлиг юм. Эзэн хааны эдиктээр татвар, засаг захиргаа, цэргийн хэрэг, эрх зүйн шинэчлэл, шашны бодлого зэрэг өргөн хүрээний асуудлуудыг шийдвэрлэнэ. Эзэн хаад эдиктийг ашиглан, ард түмэн, мужийн захирагч, Эзэнт гүрний бусад албан тушаалтнуудад заавар, бодлогоо хүргэдэг байжээ.
Ромын Эзэнт гүрнийг удирдах, түүний бодлого, институтийг төлөвшүүлэхэд хаадын зарлиг чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Эзэн хааны эдикт нь Эзэнт гүрний өргөн уудам нутаг дэвсгэрт эрх мэдлийг хэрэгжүүлж, дамжуулах үндсэн хэрэгслийн нэг болсон байдаг.
Мандат Mandata
Ромын Эзэнт гүрний үед мандат нь Эзэн хаан, эсвэл түүний түшмэдээс мужийн захирагчид, эсвэл бусад албан тушаалтнуудад засаглал, татвар, хууль сахиулах, цэргийн ажиллагааны асуудлаар удирдан чиглүүлдэг бичгээр гаргасан тушаал, зааврыг илэрхийлнэ.
Рескрипт Resctipta
Эртний Ромд хүсэлт, лавлагааны хариуд Эзэн хааны гаргасан бичгээр өгсөн хариу, эсвэл зарлигийг рескрипт гэж нэрлэдэг байв. Ромын Эзэнт гүрний үед үйлчилж байгаа хуулиудыг тодруулах, тайлбарлах шаардлагын улмаас шийдвэр гаргах нийтлэг хэлбэр болгон рескриптыг ашигладаг байжээ. Түүнчлэн, хуулийн захиргааны шүүхийн янз бүрийн асуудлууд тухайлбал, чөлөөлөх, давуу эрх олгох, шударга ёсны төлөөх хүсэлтийг шийдвэрлэхэд ашиглана.
Рескрипт нь Эзэн хааны эрх мэдлийг илэрхийлэн, заавал дагаж мөрдөх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж тооцогдоно. Тэдгээрийг ихэвчлэн тодорхой асуудлаар заавар, шийдвэр гаргахыг хүссэн хувь хүмүүс, захирагч болон бусад албан тушаалтнаас ирүүлсэн өргөдлийн дагуу гаргана. Эзэн хаан соёрхон баталж, тунхаглахаас өмнө, Эзэн хааны захиргааны хуулийн мэргэжилтнүүд, зөвлөхүүд холбогдох баримт, хууль зүйн зарчмуудыг анхааралтай авч үзэн, захиран шийтгэх бичгийг боловсруулна.
Ерөнхийдөө рескрипт нь Ромын Эзэнт гүрний шударга ёс, засаглалд чухал үүрэг гүйцэтгэж, Эзэн хаад эрх мэдлийг хэрэгжүүлэх, хууль дээдлэх, харьяат хүмүүсийн хэрэгцээ, асуудлыг шийдвэрлэх механизм байжээ.
Декрет Decreta
Магистрат, албан тушаалтан, хуулийн байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэр, тушаал, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн эрхэмж бичиг юм.
Декрет нь өргөн хүрээний сэдвүүдийг хамархаас гадна, дараах зүйлийг агуулж болно.
Магистратууд эсвэл шүүгчдийн хууль эрх зүйн маргаан, шүүхэд гаргасан хэргийн хариуд гаргасан хуулийн хүчин чадалтай шийдвэр;
Төрийн бодлого, хууль тогтоомж, захиргааны асуудлаар Сенат эсвэл бусад хууль тогтоох байгууллагаас гаргасан шийдвэр;
Төрийн албан тушаалтан, цэргийн командлагчаас төрийн хэргийг зохицуулах, шударга ёсыг хэрэгжүүлэх, цэргийн ажиллагаа явуулах зорилгоор гаргасан тушаал, заавар.
Декрет нь хуулийн хүчин чадалтайн дээр, засаглал, удирдлагад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, эрх мэдлийг хэрэгжүүлэх, маргааныг шийдвэрлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизмыг хангаж байжээ.
Хуульчдын тайлбар, номлолтой холбоотой нэр томьёо
Хуульчдын тайлбар, номлол
Jures prudentes
Ромын хөгжлийн бүхий л үед хуулийг бүтээх, тайлбарлах, сурталчлан таниулахад эрх зүйн мэдлэг, туршлагатай номч мэргэн хуульчид, тэр дундаа эхэн үед жрецүүд, хожим их сэтгэгч, багш, мэргэд онцгой байр эзэлж байв.
Эх сурвалж: Д.Баатар, Б.Баясгалан. (2019). Ромын эрх зүйн тайлбар схем
Jures prudentes гэдэг нь латин хэлнээс орчуулбал “ухаалаг хуульчид” буюу “мэдлэгтэй хууль зүйн мэргэжилтнүүд” гэсэн утгатай. Эртний Ромд эрх зүй, түүний тайлбарыг мэддэг шинжээч, хуульчдыг хэлдэг байжээ. Эдгээр хүмүүс Ромын эрх зүйн зарчмуудыг боловсруулах, тайлбарлах, хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Энэхүү нэр томьёо нь ихэвчлэн Ромын эрх зүйн сонгодог үе, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Ромын Эзэнт гүрний эхэн үетэй холбоотой байдаг. Эдгээр хуулийн мэргэжилтнүүд хууль зүйн асуудлаар дүгнэлт, зөвлөгөө, тайлбар өгсөн нь магистрат, шүүгч, хуульчдаас өндөр үнэлгээ авсан. Тэдний ойлголт, туршлага нь Ромын эрх зүйн зарчмуудын хувьслыг тодорхойлоход тусалсан бөгөөд Ромын хууль зүйн хөгжилд хувь нэмэр оруулсан. Гай, Ульпиан, Папиниан зэрэг нэрт хуульчдын санал бодол, зохиол бүтээлүүдийг орчин үеийн эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөөгөөр өнөөг хүртэл судалж, иш татсаар байна.
Хуулийн мэргэжилтнүүдийн бичгээр илэрхийлсэн санал Responsa Prudentium
Ромын эрх зүйг төлөвшүүлэхэд нөлөөлсөн хуулийн мэргэжилтнүүд, хууль зүйн зөвлөхүүдийн бичсэн, хэрэг маргааны талаарх санал, хариултууд.
Тайлбар Interpretatio
Үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд тодорхой хэргүүдийг тайлбарлах, хэрэглэх үйл явц бөгөөд магистрат болон хуульчид гүйцэтгэдэг байсан.
Юстинианы хуулиудын төрөлжүүлсэн эмхэтгэлтэй холбоотой нэр томьёо
Византийн Эзэн хаан I Юстиниан Ромын хуулийн цогц кодчилол болох Иргэний хуулийн эмхэтгэлийг (Corpus Juris Civilis) Институций (Institutio), Дигест (Digesta), Кодекс (Codex), Новелл (Novellae) бүрэлдэхүүнтэй гаргасан. Бүрэлдэхүүн хэсэг бүр нь тодорхой зорилготой хуулийн эмхэтгэл байв.
Эх сурвалж: Д.Баатар, Б.Баясгалан. (2019). Ромын эрх зүйн тайлбар схем
Институций Institutio
“Анхан шатны зарчмууд” гэж орчуулагддаг энэхүү бүтээл нь Ромын эрх зүйн талаарх танилцуулга сурах бичиг болж, эрх зүйн зарчим, үзэл баримтлалын талаар системчилсэн тоймыг өгдөг. Институций нь хуулийн оюутнууд болон дадлагажигчдад зориулсан гарын авлага болох зорилготой бөгөөд Ромын эрх зүйн үндсэн зарчмуудын талаар зааварчилгаа юм. Институций нь субъект, хуулийн этгээдийн тухай, эд юмсын тухай, өмч, үүргийн тухай, нэхэмжлэлийн тухай гэсэн дөрвөн дэвтрээс бүрддэг бөгөөд дэвтэр нь бүлэгт, бүлэг нь зүйлд хуваагддаг.
Дигест Digesta
Дигеестийг “Юстинианы хураангуй”, эсвэл Грекээр “Пандект” гэж нэрлэдэг. Дигестийг 50 ном болгон сэдэвчилсэн байдлаар зохион байгуулсан ба Ромын нэрт хуульчдын 2000 зохиолоос эшлэлүүдийг аван эмхэтгэсэн. Энэхүү эмхэтгэл нь Ромын эрх зүйн сэтгэлгээ, хууль зүйн шинжлэх ухааны иж бүрэн товчлол болоод зогсоогүй, хуулийн хүчин чадалтай прецедент, хуулийн тайлбар юм.
Кодекс Codex
Хадрианы үеэс (МЭ 117) I Юстинианы хаанчлал (МЭ 527–565) хүртэлх хугацаанд Ромын Эзэн хаадын гаргасан хуульчлан тогтоосон зарлиг бичгүүд, хууль тогтоомжийн цуглуулга эмхэтгэл юм.
Новелл Novellae
Юстинианы кодексийг боловсруулж дууссаны дараа хэвлэгдсэн, шинээр тусгагдсан буюу нэмэлт өөрчлөлт болж орсон хэм хэмжээнүүд юм. Шинээр гарч ирж буй эрх зүйн асуудлуудыг хөндөж, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлтийг тусгасан Юстинианы шинэ хууль тогтоомжийн цуглуулга байжээ.
Ж.Танан
Ромын эрх зүйн эх сурвалж
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #Mores #ЗанЗаншил #MoresMaiorum #УламжлалтЁсЗаншил #CommentaziiPontificum #ЖрецүүдийнДэгЁс #ТахилагчЛамНарынТогтсонТаалал #Usus #ЁсЗаншлынХэвХууль #ЗанҮйлийнЖишиг #CoomentoriiMagestraium #МагистратынЗанҮйлийнЖурам #Consuetudo #ЕрдийнЗанЗаншил #ТогтсонЖурам #JusMoribus #ЭрхЗүйнЗанЗаншил #JusMoribusConsensuqueUtendi #JusMoribusConstitutum #Leges #Lex #Хуулиуд #LegesXIITabularum #АрванХоёрХүснэгтийнХууль #ComitiaTributaDecretum #ComitiaTributa #АрдынЦуглааныТогтоолууд #PontifexMaximusDecretum #РомынПонтипик #Consultum #Edicta #Constitiones #SenatusConsultum #СенатынТогтоол #ConstitutionesPrincipum
#ЭзэнХааныЗарлигууд #EdictaPrincipum #ЭзэнХааныЭдикт #Mandata #Мандат #Resctipta #Рескрипт #Decreta #Декрет #EdictaMagistratuum #МагистратынЗахирамж #JuresPrudentes #ХуульчдынТайлбар #ХуульчдынНомлол #ResponsaPrudentium #ХуулийнMэргэжилтнүүдийнБичгээрИлэрхийлсэнСанал #Interpretatio #Тайлбар #Institutio #Институций #Digesta #Дигест #Codex #Кодекс #Novellae #Новелл #ForumRomanum
Comentarios