Ромын эрх зүйг судлахын ач холбогдол: Ром-Германы эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөө
- Ж.Танан
- Apr 24, 2024
- 3 min read
Updated: Mar 9
Ромын эрх зүй
Ромын эрх зүй нь Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үеэс үүсэж, хэдэн зууны туршид хөгжиж ирсэн бөгөөд түүхэн баттай эх сурвалж нь МЭӨ 451-450 оны үед хүрэл хавтан дээр бичигдсэн Арван хоёр хүснэгтийн хуулийн багц гэж үздэг. Энэ нь Ромын эрх зүйн зарчмуудыг кодчилох анхны оролдлогуудын нэг байсан ба гэр бүл, өмч, өв залгамжлал, гэмт хэрэг зэрэг нийгмийн харилцааны янз бүрийн асуудлуудыг тусгасан байжээ. Эдгээр нь эрх зүйн асуудалд ил тод, тууштай байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж, шударга ёсыг эрэлхийлж байсан Ромын иргэдийн хувьд чухал лавлах цэг болсон байна.
Арван хоёр хүснэгтийн дараа Ромын Бүгд Найрамдах Улсын сүүлч, Эзэнт гүрний эхэн үед Ромын эрх зүй улам бүр хөгжин өргөжиж, чухал өөрчлөлтүүд гарсан байдаг. МЭ VI зуунд I Юстиниан Эзэн хааны үед Ромын эрх зүйн зарчмуудыг системчлэх, нэгтгэх, хуулиудыг иж бүрэн кодчилох хүчин чармайлт гаргасны үр дүнд хууль зүйн шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдийн нэг Корпус Юрис Сивилис эмхэтгэл бий болсон. Энэхүү дурсгалт бүтээл нь олон зуун жилийн турш хадгалагдан, түүхийн туршид олон эрх зүйн тогтолцоонд нөлөө үзүүлж, эртний Ромын Эзэнт гүрний хил хязгаараас хол давсан урт хугацааны өвийг үлдээжээ.
Ромын эрх зүйг судлах, ойлгох нэн түрүүний ач холбогдол
Олон эрх зүйн хөгжлийн үндэс суурь болж, дэлхий даяар гүн гүнзгий, бат бөх нөлөө үзүүлсэн Ромын эрх зүй шиг тогтолцоо түүхэнд хуруу дарам цөөн гэж хэлж болно. 2500 орчим жилийн өмнөөс буюу соёл иргэншлийн эхэн үеэс эхлэлтэй Ромын эрх зүй нь орчин үеийн хууль зүйн боловсрол, практикт зайлшгүй шаардлагатай, чухал хэвээр байна. Ромын эрх зүйн уламжлагдан ирсэн, тухайн үеийн хуульчдын боловсруулсан зарчим, үзэл баримтлал, ухагдахуунуудын түүхэн цаг хугацааны явцын хувьсал, өөрчлөлт, хөгжлийг судлах, орчин үеийн хэрэглээг ойлгох нь Ромын эрх зүйг судлах, ойлгох нэн түрүүний ач холбогдол билээ.
Ромын эрх зүйгээс гэрээ, өмчлөх эрх, иргэний эрх чөлөө, хуулийн этгээд, эрх зүйн зөрчил зэрэг чухал ойлголтууд улбаатай. Тухайн үед нийтийн болон хувийн эрх зүйн зааг ялгааг тодорхой болгохын зэрэгцээ хамгийн чухал нь бичмэл хуультай болсон байдаг.
Ром-Германы эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөө
Ром-Германы эрх зүйн буюу эх газрын эрх зүйн тогтолцоонд Ромын эрх зүйн нөлөө гүн гүнзгий, өргөн хүрээтэй бөгөөд Европ болон бусад олон орны эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд жишиг болжээ. Ром-Германы эрх зүйн тогтолцоо нь эрх зүйн уламжлалын онцлог шинж чанар болох бичмэл хууль, дүрэмд тулгуурладаг бөгөөд ийн хууль тогтоомжийг боловсруулах үндэс суурийг Ромын эрх зүй тавьсан. Ромын хуулийн кодчилол нь эрх зүйн зарчмуудыг цэгцлэх, тайлбарлах цогц тогтолцоог бүрдүүлжээ.
Ромын Эзэнт гүрэн нуран унасны дараа ч Ромын эрх зүйн зарчмууд Европ, Латин Америк болон бусад орнуудын эрх зүйн тогтолцоонд нөлөөлсөн хэвээр байв. Эрдэмтэд Ромын эрх зүйг эртний үеэс өнөөг хүртэл үзэл баримтлалын хувьд тууштай, институтүүдийн залгамж чанартай, динамик хувьсалтай, дасан зохицох тогтолцоо хэмээн дүгнэсэн байдаг.
Ром-Германы эрх зүйн тогтолцооны гол цөм ойлголтуудыг Ромын эрх зүйгээс нэвтрүүлсэн ба өмч, гэрээ, үүргийн эрх зүй хөгжжээ. Дэлгэрүүлбэл, тухайн үед гэрээ хэлэлцээрийг зөвшилцлийн үндсэн дээр хийж, хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой зарчмуудыг баримталж, гэрээг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга замуудтай байсан нь өнөөгийн эх газрын эрх зүйн гэрээ, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хандлагыг бүрдүүлсэн байна.
Аналитик чадварыг хөгжүүлэх ач холбогдол
Судлаачийн хувьд Ромын эрх зүйг судлах дараагийн ач холбогдлыг эрх зүйн асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, шинжлэх чадварыг дээшлүүлдэгт оршдог хэмээн харж байна. Ромын хуульчид тайлбар, аргументийн нарийн аргуудыг хэрэглэж, эрх зүйн үндэслэл гаргаж тавьдаг байжээ. Энэ нь орчин үеийн хууль зүйн шинжлэх ухааны онолын ойлголт, түүний практик хэрэглээний үндэс суурь болдог.
Түүх, соёлын ач холбогдол
Ромын эрх зүйн бичвэрүүдийг судалснаар түүх, соёлыг ойлгох чухал ач холбогдолтой билээ. Тухайлбал, тухайн үеийн нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээ, зан заншил, итгэл үнэмшил, нийгмийн бүтэц, түүнийг бий болгосон соёл иргэншлийн талаар мэдэж авахаас гадна нийгмийн харилцааг зохицуулах, дэг журам сахиулах, шударга ёсыг сахин хамгаалахад хууль хэрхэн ашиглагдаж байсан талаар илүү гүнзгий ойлголттой болно.
Эцэст нь хэлэхэд, олон зууны туршид эрх зүйн тогтолцооны үндэс суурь, зарчмуудыг бүрдүүлсэн Ромын эрх зүй нь орчин үеийн хууль зүйн сэтгэлгээ, практикт гүн гүнзгий нөлөө үзүүлсээр байгаа тул түүнийг судлахын ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Ромын эрх зүйг судлах нь эрх зүйн түүх, оюун ухаан, соёлын үндэс суурь, түүнчлэн түүний орчин үеийн эрх зүйн тогтолцоонд үргэлжлэн хамааралтай болохыг ойлгоход нэн чухал юм. Эрх зүйн дүрэм, зарчмуудыг хөгжүүлэхээс эхлээд шударга ёсыг хэрэгжүүлэх, эрх зүйн боловсрол олгох хүртэл Ромын эрх зүй нь дэлхийн хэмжээнд эх газрын эрх зүйн тогтолцооны үндсэн элементүүдийг бүрдүүлжээ.
Ж.Танан


#LawyerBirdie #ХуульчШувуухай #РомынЭрхЗүй #РомынЭрхЗүйгСудлахынАчХолбогдол #РомынЭрхЗүйгСудлахШаардлага #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнХичээлийнДаалгавар #РомынХууль #ШударгаЁс #РомГерманыЭрхЗүй #КорпусЮрисСивилис #ЭрхЗүйнУламжлал #БичмэлЭрхЗүй #ХуулийнКодчилол #ҮзэлБаримтлал #ӨмчийнЭрхЗүй #ГэрээнийЭрхЗүй #ЗөрчилАрилгахАргаЗам #МаргаанШийдвэрлэх #ИргэнийЭрхЧөлөө #ХувийнЭрхЗүй #НийтийнЭрхЗүй #ХуульЗүйнШинжлэхУхаан #ЭхГазрынЭрхЗүй #ДүнШинжилгээХийх #Аргумент #Тайлбар #ЭрхЗүйнҮндэслэл #СоёлИргэншил #НийгмийнХарилцаа #ХуулийнҮүрэг #ЭрхЗүйнТогтолцоо #ХуульЗүйнСэтгэлгээ #ЭрхЗүйнТүүх #ЭрхЗүйнЗарчим #ЭрхЗүйнБоловсрол
😍
.