Ромын язгууртнууд (патрици) ба энгийн хүмүүс (плебей)
- Хуульч Шувуухай
- May 1, 2024
- 2 min read
Updated: Jan 20
Эртний Ромын түүхэнд Ромын төрийн гурван үе байсан. Эхний үе нь Ром хотыг үүсгэн байгуулж, сүүлчийн хаан Траквиныг МЭӨ 509 онд түлхэн унагаах хүртэл үргэлжилсэн, Хаант улсын үе (МЭӨ 753 - 709 он). Дараагийн үе нь Ромын Бүгд Найрамдах Улсын үе (МЭӨ 509 - МЭӨ 27). Сүүлийн үе нь Ромын Эзэнт Улсын үе (МЭӨ 27 - МЭ 476).
Дээрх хугацаанд, Эртний Ромд иргэдийг язгууртнууд (patrician - патрици) ба энгийн хүмүүс (plebeian - плебей) гэсэн хоёр ангид хуваадаг байв.

Патрици гэдэг нь чинээлэг газар эзэмшигчид, нөлөө бүхий улс төрчид, эрх баригч элитийн гишүүд буюу Ромын уугуул иргэд, нийгэм дэх язгууртны ангийн төлөөллийг хэлнэ. Ром байгуулагдсанаас хойш удам угсаатай патрици гэр бүлүүд улс төр, нийгмийн асар их эрх мэдэлтэй байв. Тэд засгийн газрын гол албан газруудыг хянаж, сенатад алба хаадаг байсан ба товчхондоо, Ромын нийгэм дэх эрх мэдэлтэй, нэр хүндтэй албан тушаалыг патрицичууд дангаар бүрдүүлдэг байсан.
Харин Ромын хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг плебей нь бусад газраас Ромын нутагт нүүдэллэн ирж суурьшсан тариачид, худалдаачид, гар урчууд, ажилчид зэрэг хөрөнгө чинээгүй, нийгмийн доогуур байр суурьтай, нөлөө багатай хүмүүс байв. Цаг хугацаа өнгөрөхөд плебейчууд засгийн газарт төлөөлөлтэй байхын төлөө тэмцэж, улс төрийн зохион байгуулалтад орсон төдийгүй, Ромын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн.
Патрици ба плебей гэх хуваагдал нь зөвхөн нийгмийн шинжтэй төдийгүй улс төрийн чухал ач холбогдолтой байжээ. Ромын Бүгд Найрамдах Улсын түүхийн эхэн үед улс төрийн эрх мэдэл нь патрици ангиудад төвлөрч, харин плебейчууд улс төрийн албан тушаал, нөлөөлөлтэй болох боломж хязгаарлагдмал байсан. МЭӨ 500 - МЭӨ 287 онд өрнөж байсан “Conflict of the Orders” гэж нэрлэгддэг нийгэм, улс төрийн удаа дараагийн тэмцлийн үр дүнд плебейчууд аажмаар улс төрийн эрх, төлөөллийг олж авсан.
Түүнчлэн, тэмцлийн үр дүнд плебейчуудын эрхийг хамгаалахад чиглэсэн улс төрийн янз бүрийн шинэчлэлийг бий болгосон. Тухайлбал, плебейчүүдийн эрх ашгийг хамгаалах төлөөллийн үүрэг бүхий трибуналуудыг байгуулсан.
Түүхэн хугацаанд нийгмийн тэмцэл, хөдөлгөөний үр дүнд хувь хүмүүс цэргийн алба хашиж, худалдаа, эсвэл бусад аргаар эд баялаг, статус олж авах боломжтой болсон. Ромын Бүгд Найрамдах Улс болон Ромын Эзэнт гүрний хожуу үед патрици ба плебей хоорондын ялгаа аажмаар арилж, эд баялаг, байр суурь, улс төрийн харилцаанд суурилсан нийгмийн шатлалаар солигджээ.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #РомынЭрхЗүй #Патрици #Плебей #РомынЯзгууртнууд #РомынЭнгийнИргэд #РомынНийгмийнӨөрчлөлт #Ром #РомынБүгдНайрамдахУлс #Трибунал #ConflictOfTheOrder #РомынХүнАм #РомынНутаг #РомынУлсТөрийнЗохионБайгуулалт #РомынУугуулИргэд #РомынЭзэнтГүрэн #РомынХаантУлс
😍
.