Ромын иргэд
- Ж.Цэрэндулам
- May 27, 2024
- 7 min read
Updated: Jan 20
Ромын иргэншил
Эртний Ромд иргэн хүн нь янз бүрийн давуу эрх эдэлдэг чухал статус байв. Ромын иргэншлийг олж авах шалгуур нь Ромын нийгмийн өөрчлөгдөж буй хэрэгцээ, динамикийг тусган түүхэн явцад хувьсан өөрчлөгдсөн. Тухайлбал, эхэн үед Ромын иргэншил нь зөвхөн Ром хотын оршин суугчдаар хязгаарлагдаж байсан бол, цаг хугацаа өнгөрөхөд Италийн бусад газрын хүмүүс, улмаар Ромын Эзэнт гүрний мужуудын хүмүүст хамаарах болсон.
Өнөө үед аливаа улсын иргэн (англ. citizen) гэдэг нь тодорхой улсад эрх зүйн үндэс нь хамаардаг этгээдийг хэлнэ. Иргэн нь өөрийн улсад нийгмийн бүрэн эрхт гишүүн байж, тодорхой эрх зүйн чадвартай, эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ. Тодорхой улсын иргэн нь эрх зүйн байдлынхаа хувьд тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаад улсын иргэн ба харьяалалгүй этгээдээс улс төрийн эрх, эрх чөлөө зэргээр ялгагдана. Гол төлөв тухайн улсын нутаг дэвсгэрт төрж мэндэлснээр, тухайн улсын иргэнээс төрсөн, өөрөөр хэлбэл цусан холбоогоор, эсхүл захиргааны журмаар иргэн болох хүсэлтээ гаргаснаар тухайн этгээд тодорхой улсын иргэний эрх зүйн байдлыг олж авна.
Эдгээр зарчмууд нь эртний Ромоос уг гаралтай бөгөөд анх цусны эрх буюу jus sanguinis зарчмын дагуу эцэг эх хоёул Ромын иргэн байснаар тэдний төрсөн хүүхэд автоматаар иргэн болно. Нутаг дэвсгэр тэлэхийн хэрээр эзлэгдсэн бүс нутгийн хүмүүсийг Ром улсад уусгах зорилгоор тэдэнд иргэншил олгох болжээ. Үүнийг хөрсний эрх буюу jus soli гэнэ.
Романчлал гэж нэрлэгддэг энэхүү үйл явц нь Ромын Бүгд Найрамдах Улсын үед түгээмэл байсан бөгөөд тодорхой бүс нутгийн оршин суугчдад Ромын иргэн болох боломжийг олгосон.
Тухайн үед Ромд боол байсан ба эзэн нь эрх чөлөө олгосон боолд Ромын иргэншил олгоно. Энэхүү практик нь Ромын Эзэнт гүрний хожуу үед өргөн дэлгэр болж, чөлөөлөгдсөн боолуудыг Ромын нийгэмд нэгтгэх арга зам болжээ.
Ром оршин байх хугацаанд төрийн янз бүрийн дэглэмтэй байсан ч цэргийн диктатур зонхилж байсантай холбоотойгоор, армид алба хаасан хүн Ромын иргэншил олж авна. Албаа нэр төртэй гүйцэтгэсэн, тулалдаанд эр зориг гаргасан, тодорхой заасан хугацаанд алба хаасан цэргүүдэд иргэний үнэмлэх олгоно. Энэ зан үйл нь Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний эхэн үед түгээмэл байсан бөгөөд нэг төрлийн шагнал урамшуулал байв.
Зарим тохиолдолд Ромд үнэнчээр зүтгэж, үйлчилсэн, онцгой алба хаасан, санхүүгийн хандив өгсөн хувь хүн, эсвэл бүлэг хүмүүст тусгай эрх ямба, дэмжлэг болгон Ромын төрөөс иргэний харьяалал олгоно.
Орчин цагт түгээмэл байдаг, тухайн улсын иргэнтэй гэрлэх замаар иргэншил олж авдаг шиг Ромын үед ч мөн Ромын иргэнтэй гэрлэж иргэн болно. Гэхдээ энэ нь Ромын иргэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдэд ихэвчлэн үйлчлэх ба эхнэр, нөхөр хоёрын иргэний харьяалал нь төрөлт болон бусад аргаар олж авсан иргэнийхтэй харьцуулахад зарим эрхийн хязгаарлалттай байжээ.
Түүнчлэн, Ромын иргэний гэр бүлд үрчлэгдсэн хүүхдэд иргэншил олгож, үрчилж авсан эцэг эхийн төрсөн хүүхдүүдтэй адил давуу эрхийг олгоно.
Цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, улс төрийн бүтцийг тусган, Ромын иргэншлийн шалгуурууд илүү цар хүрээтэй болж иргэншил илүү өргөн тархсан байдаг. Гэсэн хэдий ч Ромын Эзэнт гүрний төгсгөлд иргэдийн янз бүрийн ангиллын ялгаа байсаар байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Ромын иргэдийн статус
Эртний Ромын нийгмийн бүтцэд иргэдийг ялгаатай эрх, үүрэгтэй эрх зүйн статусаар ангилна. Нийгмийн давхарга нь хувь хүний харьцангуй байр суурь нөгөөгөөсөө өндөр, эсвэл доогуур бүхий олон шатлалтай байв.
Ромчуудын статусыг удам угсаагаар нь патрици болон плебей, эд баялаг, улс төрийн давуу эрхэд тулгуурлан жирийн иргэнээс дээгүүр статустай сенат болон морьтон, эцгийн эрхт ёс ноёрхдог байсан тул хүйсээр, мөн иргэншлээр нь янз бүрийн давуу эрх бүхий зэрэглэлүүдэд ангилна.
Ромын нийгмийн давхаргын ангиуд нь сонгууль өгөх, өөр хоорондоо гэр бүл болох зэрэг эрхээр ялгаатай байжээ.
Патрици ба плебей
Уламжлал ёсоор патрици гэдэг нь дээд анги давхарын гишүүд, харин плебей нь доод давхаргыг хэлнэ. Цөөн тооны гэр бүл баялгийн дийлэнх хэсгийг хуримтлуулж, улмаар патрици ба плебей ангиуд бий болсон байдаг. Гэсэн хэдий ч, энэхүү анхны ялгаа нь явсаар нийгмийн статусаас хамааран удамшлын шинж чанартай болжээ.
Хэдийгээр, патрицичууд баян, хүчирхэг гэр бүл байсан ч сенаторын ангийн плебейчүүд патрицичуудтай адил чинээлэг болсон байдаг. Эхэн үед плебей гэр бүл хичнээн баян байсан ч тэд патрицуудын эгнээнд орохоор өсөхгүй байв. Харин дундад болон хожуу Ромын Бүгд Найрамдах Улсын үед плебейчуудын иргэний эрх нэмэгдэхийн хэрээр олон плебей гэр бүлүүд эд баялаг, эрх мэдэлд хүрсэн бол зарим уламжлалт патрици гэр бүлүүд ядуу болсон байдаг. МЭӨ II зуун гэхэд патрицичууд ба плебейчуудын хоорондын ихэнх ялгаа арилж, нэг ангид нэгдэж эхэлжээ.
Патрици (Patricii): Ромын язгууртан гэр бүлээс гаралтай Ромын нийгмийн элит давхарга
Патрицичууд асар их эд баялаг, газар нутгийг эзэмшиж, нийгэмд өндөр байр суурь эзэлхээс гадна, төрийн өндөр албан тушаал, Сенатад онцгой эрхээр нэвтрэх зэрэг улс төр, нийгмийн давуу эрхтэй хүмүүс юм. Гаднах төрхөөрөө, тэр дундаа гутлаараа ялгагдана. Патрицичууд голчлон гоёл чимэглэлтэй, будсан гутал (calceus patricius) өмсөнө.
Патрицичууд мөн тооллогыг хянаж, сенаторуудыг томилж, нийгэм, улс төрийн амьдралын бусад асуудлыг хянадаг цензурын албыг (census) дангаар удирдана. Үүгээр дамжуулан, патрицичууд плебейчүүдийн дээгүүр байр сууриа удаан хугацаанд хадгалж чаджээ.
Плебей (Plebs): Хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг Ромын энгийн иргэд
Плебейчүүд нь ядуу тариачдаас эхлээд чинээлэг худалдаачид хүртэл эрх зүйн байдал нь харилцан адилгүй олон тооны энгийн хүмүүс юм. Плебейчууд ихэнхдээ патрицичуудын эзэмшдэг газар дээр ажиллана. Зарим плебейчууд жижиг газар эзэмших ч энэ нь МЭӨ II зуун хүртэл ховор байжээ.
Улс төрийн эрх мэдэлгүй плебейчууд тэгш эрхийн төлөө удаан хугацаанд тэмцэл өрнүүлж, эцэст нь МЭӨ 444 онд консулын эрх бүхий цэргийн плебейн трибунал байгуулж, түүгээрээ дамжуулан улс төрийн төлөөллийг олж авсан байдаг. Энэ албан тушаалыг хашиж байсан плебейчууд нэг жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа сенатад элсэх эрхтэй болно.
Плебейчүүд патрицичуудтай гэрлэхийг хориглодог байсан ч, энэ хуулийг МЭӨ 445 онд плебейн трибуналаар хүчингүй болгосон.
Эртний Ромын оршин тогтнох хугацаанд плебейчууд нийгмийн дээд давхаргын хүмүүсээс ихэнх тохиолдолд бүрэн хамааралтай хэвээр байв.
Патрон ба клиент
Эртний Ром дахь нийгмийн харилцааны нийтлэг хэлбэр бол бие биедээ үйлчилгээ үзүүлэх, бизнесийн харилцаатай патрон, клиентийн систем юм. Клиентела (Clientela) нь эртний Ромын оршин тогтнох үеийг бараг бүхэлд нь хамарсан төдийгүй, хожуу Ромын нийгэмд ч мөн үргэлжилжээ.
Патрон (Patrons): Эзэн, ивээн тэтгэгч
Патрицичууд ихэнхдээ патрон байсан бөгөөд тэд олон плебей клиенттэй. Патроны тогтолцоо (Patronage system) нь Ромын нийгмийн ангийн харилцааг нягт холбож патрицичуудын нийгмийн давуу эрхийг хамгаалж байв.
Клиент (Clientes): Патрон буюу эзний ажилд туслах үүрэг бүхий чөлөөт иргэн
Клиент нь патроноос доогуур нийгмийн байр суурьтай, тэдний ивээл хамгаалалтад багтаж, санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг туслалцаа авна. Хариуд нь клиент аж ахуйн ажлыг хийж гүйцэтгэж, дайн байлдаанд дагаж явах зэргээр янз бүрийн үйлчилгээ үзүүлнэ. Клиент нь Ромын нийгэм, улс төрийн амьдралын чухал хэсэг байсан бөгөөд харилцан үүрэг хариуцлага, үнэнч байдлыг илтгэнэ.
Эд баялаг, улс төрийн эрхийн ангилал
Язгууртан (Nobilitas): Нийгмийн дээд давхаргад хамаарах хувь хүмүүс
Эртний Ромд язгууртнууд нь улс төрийн нөлөө бүхий нэр хүндтэй гэр бүлээс гаралтай, их хэмжээний хөрөнгөтэй, газар эзэмшдэг хүмүүс юм. Тэд төрийн хамгийн нэр хүндтэй албан тушаал хашиж, элит нийгмийн хүрээлэлд орж, эрх зүйн давуу эрх эдэлнэ.
Сенатор (Senatores): Ромын хууль тогтоох, зөвлөх дээд байгууллага болох Сенатын гишүүд
Сенаторууд нь хууль тогтоох, магистратуудад зөвлөгөө өгөх, мужийн захиргааг хянах эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүмүүс юм. Эхэн үед сенаторууд нь нийгмийн дээд давхарга патрици ангиас гаралтайн дээр удамшлын шинжтэй байсан ч цаг хугацааны явцад плебейчуудын улс төрийн оролцоо нэмэгдэж, эд баялгаар дамжуулан сенатын статустай болох болсон. МЭӨ 444 он хүртэл плебей хүн сенатор байх боломжгүй, ховор байсан.
Морьтон (Equites): Сенатаас доогуур, харин энгийн иргэдээс дээгүүр эд баялаг, өмч хөрөнгөтэй нийгмийн давхарга
Морьтон хүмүүс нь чинээлэг газар эзэмшигчид, бизнесменүүд, цэргийн офицерууд юм. Тэд тодорхой татвараас чөлөөлөгдөх, засгаас олгосон давуу эрх эдэлдэг байхын зэрэгцээ, олонх нь Ромын армид морин цэргийн офицерын алба хаана.
Equites: Шууд утгаараа морьтон, эсвэл хүлэг баатар (орос. рыцарь) гэж орчуулдаг бөгөөд анхандаа цэргийн алба хаах морь тэжээх боломжтой хүмүүсийг хэлдэг байжээ.
Боол ба чөлөөт хүмүүс
Чөлөөт хүмүүс (Liberti): Эзэд нь эрх чөлөө олгосон боолууд
Чөлөөт хүмүүс буюу либерти нь эрх чөлөөтэй байсан ч эрх зүйн байдал нь чөлөөт төрсөн иргэдийнхээс доогуур хүмүүс юм. Тэд хуучин эзнийхээ өмнө өртэй, эрх чөлөөнийхөө хариуд үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээнэ. Либерти цаг хугацааны явцад болон Ромын нийгэмд нэгдэх замаар иргэний бүрэн эрхийг олж авч чаджээ.
Боолууд (Servi): Хувийн эрх, эрх чөлөөгүй эздийн өмч
Боолууд нь ямар ч хууль ёсны эрх мэдэлгүй, эздийнхээ хүсэлд бүрэн захирагддаг хүмүүс юм. Тэднийг эзэд нь худалдан авч, зарж, бүр алж ч болно. Гэсэн хэдий ч цагийн аясаар зарим боолууд, ялангуяа мэргэшсэн худалдаа, өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн нөхцөл байдал харьцангуй дээрдсэн байдаг.
Иргэншлийн ангилал
Латин (Latini): Ромын хэсэгчилсэн иргэншлийн хэлбэрийг олсон хувь хүмүүс
Латинчууд нь бизнес эрхлэх, өмч хөрөнгөтэй байх зэрэг тодорхой давуу эрх эдлэх ч Ромын сонгуульд санал өгөх зэрэг улс төрийн бүрэн эрхгүй хүмүүс юм. Тэд Ромын хуульд захирагдах боловч орон нутгийн засаглалд тодорхой хэмжээний бие даасан байдалтай байжээ.
Перегрин (Peregrini): Ромын Эзэнт гүрний хилийн дотор амьдардаг боловч Ромын харьяатаас гадуур амьдардаг гадаадын оршин суугчид, эсвэл харьяат бус хүмүүс
Перегринчууд нь Ромын хуульд захирагдах боловч Ромын иргэдийн бүрэн эрх, давуу эрх эдэлдэггүй хүмүүс юм. Тэд худалдаа болон бусад үйл ажиллагаа эрхэлж болох боловч улс төрийн оролцоо болон иргэдэд олгосон эрх зүйн тодорхой хамгаалалтад хамрагддаггүй байжээ.
Колони (Coloni): эзлэгдсэн нутаг дэвсгэр, эсвэл стратегийн чухал газруудад Ромын байгуулсан сууринд газар түрээслэгч чөлөөт иргэд
Колони нь шинэ суурин руу нүүсэн, улсаас газрын тэтгэлэг, бусад урамшуулал авдаг Ромын иргэд юм. Колониуд Ромын шинээр эзлэгдсэн нутаг дэвсгэрт цэргийн хяналтын төв болж, Ромын тэлэлт, засаглал, соёл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Colonus: Ромын Эзэнт гүрний хожуу үед бусдын эзэмшиж байсан газар тариалан эрхэлдэг түрээслэгч тариачид, хөдөө аж ахуйн ажилчдыг илэрхийлсэн латин нэр томьёо. Эдгээр газартай холбоотой колони нь газрын эздийн өмнө янз бүрийн үүрэг хүлээдэг байсан ба боол, эсвэл хагас боолын статустай адил аж.
Куриал (Curial): Ромын хотууд болон хотын захиргаа дахь орон нутгийн удирдах байгууллагуудын гишүүд
Куриал нь орон нутгийн асуудлыг зохицуулах, татвар хураах, нийтийн дэд бүтцийг хадгалах зэрэг товчхондоо, хотын захиргааны санхүүгийн асуудлыг биечлэн хариуцах үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Куриалууд нь нутгийн элитээс гаралтай, удамшлын шинжтэй байв.
Капит деминут (Capite deminute): Эрх зүйн байдал, эрхээ алдсан, статус нь хязгаарлагдсан чөлөөт иргэд
Энэ статус нь цөлөгдөх, иргэншлийн эрхээ алдах, нийгмийн болон эрх зүйн өндөр статусаас доод зэрэглэл рүү буурах зэрэг янз бүрийн нөхцөл байдлаас үүдэлтэй байж болно. Эдгээр хүмүүс санал өгөх, төрийн албан тушаал хаших, эрх зүйн хамгаалалт зэрэг давуу эрхээ алдсан байдаг.
Capite deminute хэллэг: Capite гэдэг нь толгой, эсвэл статус гэсэн утгатай, caput гэсэн үгнээс гаралтай, харин deminute нь багасгах гэсэн утгатай.
Эдгээр эрх зүйн статусууд нь Ромын нийгэм дэх хувь хүмүүсийн эдлэх эрх, боломж, нийгмийн байр суурийг тодорхойлж, тодорхой давуу эрх, хязгаарлалт бүхий нийгмийн цогц шатлал байжээ.
Ж.Цэрэндулам

#ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #РомынХууль #ЦусныЭрх #JusSanguinis #ХөрснийЭрх #JusSoli #Патрици #Patricii #Плебей #Plebs #Патрон #Patrons #Клиент #Clientes #Язгууртан #Nobilitas #Сенат #Senatores #Морьтон #Equites #ЧөлөөтХүмүүс #Liberti #Боол #Servi #Латин #Latini #Перегрин #Peregrini #Колони #Coloni #Куриал #Curial #КапитДеминут #CapiteDeminute
😍
.