top of page

Плажиризм шалгагчийг бусад зорилгоор ашиглах зөвлөмж

  • Writer: Хуульч Шувуухай
    Хуульч Шувуухай
  • Jan 12, 2024
  • 4 min read

Updated: Dec 26, 2024



Плажиризм шалгагчийг бусад зорилгоор ашиглах зөвлөмж

Энэ удаад, бусад хүмүүсийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлах буюу плажиризм илрүүлэх программ хангамжийг ашиглан хэрэгтэй мэдээлэл олж авах, бичсэн материалыг засварлах, сайжруулах, стандартад нийцүүлэх, бусдаас хуулбарлаагүй өвөрмөц бүтээл туурвих боломжтой талаар бичье.


Дэлхийн улс орнуудад зохиолчийн эрх нь түгээмэл яригддаг сэдэв ба сүүлийн үед манай оронд ч мөн энэ асуудлыг хөндөх болжээ. Тухайлбал, Боловсрол шинжлэх ухааны яамны сайд, хуурамч дипломын асуудлаар мэдэгдэл хийж байсныг та бүхэн тодхон санаж байгаа байх. Улбаалан, олон нийт оюуны өмчийн хулгайн талаар илүү тодорхой ойлголттой болсон гэж хэлж болно. Хуулна гэдэг бол энгийн үгээр оюуны өмчийг хулгайлж буй хэрэг. Оюуны өмч ч бай, биет өмч ч бай аль аль нь адилхан, хуулиар хамгаалагдсан гэдгийг хүн бүр мэддэг болжээ. Гэхдээ нөгөөтээгүүр, хэн нэгний хийсэн бүтээсэн зүйлийг дуурайж, сайжруулж, боловсронгуй болгосноор шинжлэх ухаан хөгждөг жамтай тул зохиогчийн болон бүтээлийн нэр, хэвлэн нийтэлсэн хугацаа зэрэг эх сурвалжийг ажилдаа дурдаж, зохих шаардлагын дагуу эшлэл авсан байвал, хуулбарласан, хулгайлсан хэрэгт орохгүй.

 

Плажиризм (плагиат, плэжирзм) гэдэг нь зохиогчийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр өөр эх сурвалжаас авсан бүтээл, санааг өөрийн бүтээл мэтээр танилцуулах явдал юм. Үүнд, санаатай болон болгоомжгүй байдлаар гар бичмэл, хэвлэмэл, эсвэл цахим хэлбэрээр нийтлэгдсэн болон хэвлэгдээгүй бүх материалыг бүхэлд нь буюу хэсэгчлэн ашиглах, хиймэл оюун ухаан ашиглах, өөрийн бүтээлийг эшлэлгүйгээр дахин ашиглах хамаарна.

 

Их дээд сургуулийн багш профессоруудын хэрэгцээнд зориулагдсан плажиризм илрүүлэх, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн программ хангамжууд байдаг. Манай улсад, сайд мэдэгдэл хийснээс хойш бусдын бүтээлийг хуулбарласныг илрүүлэх программ хангамжийг сургуулиудын сургалтын алба зайлшгүй ашиглах, багшийн зүгээс оюутны ажлыг программаар шалгасны дараа гарын үсгээ зурж дараагийн шатанд шилжих зөвшөөрлийг олгодог болсон болов уу гэж таамаглаж байна.


Янз бүрийн программ хангамжийн талаар ярих нь үндсэн зорилго биш ч гэлээ, хувийн хэрэгцээнд хэрэглэж болох үүднээс жишээ татъя. Нэгэн судалгаанд, плажиризмын программууд дундаас www.scribbr.com нь хуулбарласан текстийг илүү нарийвчлалтай илрүүлдэг тул оюутнуудын дунд хамгийн өргөн хэрэглээтэй гэжээ. Харин интернэтээс “Mongolian Plagiarism Checker” гэж хайхад эхний илэрц нь smodin.io байв. Уг программыг дэлхийн 180 гаруй улс оронд, 30 мянга гаруй их дээд сургууль, 100 мянга гаруй бизнесийн байгууллага ашигладаг гэжээ. Боловсролын байгууллага хэрэглэх тохиолдолд оюутан, сурагчид багшийн цахим шуудангийн хаягийг заан программ руу файлаа илгээдэг. Тухайн оюутанд хариу ирэхгүй ч багшид дэлгэрэнгүй тайлан очдог. Үүний нэгэн адил, интернэт орчинд хувь хүн файлаа үнэ төлбөргүй шалгаж, хувийн хэрэгцээндээ программаас багшид илгээдэгтэй төстэй тайлан авах боломжтой. Доорх вэбсайтад орж бие даалтын ажил, нийтлэл, өгүүлэл, эсээ, эсвэл өөрийн болон бусдын бичсэн текстийг оруулж шалгаад үзээрэй.



Жишээ болгон, бидний блог дээр байршуулсан текстийн хэсгийг Smodin программд оруулж үзье.


Plagiarism Share Report Date: 2024-01-12 нэртэй тайлан татаж авахад 22 хувийн плажиризмтай гэв. Тайлангийн эх сурвалж хэсэгт хуулбарласан өгүүлбэрийг улаан өнгөөр тодруулан харуулах ба уг өгүүлбэрийг анхааралтай уншвал, сурах бичгийн эрх зүйн тодорхойлолт байгааг мэднэ. Энэ тохиолдолд, тодорхойлолтыг өөрийн бичвэрийн текстэд оруулахдаа заавал эш татах ёстой.


Өөр нэг текст оруулахад, 97 хувийн плажиризм хэмээн тайлан ирэв. Энэ нь бүх үг үсэг, цэг таслал, ер нь бүгдийг хуулсан байгааг илтгэнэ. Энгийн шалгалтаар хуулсан нь илчлэгдэх байтал багшид ийм ажил илгээх шаардлагатай эсэхийг эргэцүүлбэл зохилтой. Үүний оронд, өөрөө бичих нь хамгийн зөв шийдэл юм. Алдаатай, буруу зөрүү ч хийж буй зүйлээ ойлгож, тогтоож авахаас гадна, товчхондоо Та сурна, Танд үлдэцтэй. Олон удаа бүтэлгүйтсэн ч өөрөө бичих оролдлого нэг л өдөр зөв дадал болж сууна. Нэмж дурдахад, эрдэм шинжилгээний ажил бичих ур чадвар ч эзэмшинэ.


Гэхдээ энд хуваалцах чухал санаа бол, хэн нэгний бичиж үлдээсэн бүтээлийн хуулбарласан эсэхийг илрүүлж, муу болгож харуулах гээгүй гэдгийг тодотгон хэлье. Өмнө нь дурдсанчлан, бүтэн өгүүлбэрээр тодорхойлолтыг бичихдээ эшлэл авч оруулах талаар мэдэж авна гэдэг бол плажиризмын программын эхний алтернатив хэрэглээ юм.


Дараагийн хэрэглээ бол плажиризмын программын тайлангаас эх сурвалжийн талаар бэлэн мэдээлэл авах юм. Жишээгээр харуулсанчлан, плажиризмын программ ашиглан файл шалгасны дараа ирж буй тайланд, Source буюу эх сурвалж нь тухайн текстийг хаанаас авсан гэдгийг тодорхой гарна. Тодруулбал, хэн нэгэн хийж гүйцэтгэсэн ажилдаа ямар эх сурвалж, ном зүй ашигласан болохыг харах боломжтой гэсэн үг.


Өөр нэг хэрэглээ бол, та өөрийн бичсэн текстээ оруулж, дахин найруулах, засаж сайжруулах хэсгээ мэдэж авна. Нэг талаас, хуулбарлаж болох ч гэлээ зөвшөөрсөн хувь хэмжээнээс хэтрүүлэхгүй байх нь чухал. Нөгөө талаас, алдаа дутагдлаа мэдэх болно. Товчхондоо, өөрийгөө шалгах зорилгоор плажиризмын программыг ашиглаж болно гэж хэлэх гэсэн юм.


Энд яригдсан плажиризмын зөвшөөрөх хувь хэмжээний стандарт нь тухайн сургуулиас хамаарч ялгаатай байдаг. Олон улсын жишгээр, мэргэжлийн сэтгүүлүүд 15 хувиас доош ижил төстэй текстийг хүлээн зөвшөөрдөг, харин 25 хувиас дээш байвал хуулбарласан гэж тооцдог байна. Иймд, заасан стандартыг хангах, түүнд бичвэрээ нийцүүлэхийн тулд плажиризмын программыг ашиглана.


Плажиризмын программын бас нэг хэрэглээ нь өөрчлөн найруулж бичих талаар зөвлөмж юм. Англи хэл дээр rewriting гэдэг. Энгийнээр тайлбарлавал, текстийг оруулахад, программ зарим үгийн сонголтыг өөрчилж, дахин найруулж өгнө.


Үүнээс гадна, орчин үед өндөр хөгжсөн AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бичсэн тохиолдолд, программ плажиризмыг тэр тусмаа амархан илрүүлдэг. Хиймэл оюун ухаан ашиглан бичвэрийн агуулгыг хуулбарласан байх магадлалыг 99 хувь илрүүлдэг SEO.AI, GPTZero, Originality.ai зэрэг программууд байдаг. Харин бид эдгээр программыг ашиглан цор ганц, дахин давтагдаагүй өөрийн бүтээлийг туурвих боломжтой.




Онлайн программын “үнэгүй хувилбар” ашиглан өөрийн ажлаа олон удаа шалгаж болох боловч нэг удаад текст шалгахад 1000 хүртэл үгийн тооны хязгаар байдаг. Харин “төлбөртэй хувилбар” нь илүү олон үгтэй текст шалгах болон бусад нэмэлт функцүүдийг санал болгодог.


Хуулбарлах нь буруу, гэсэн хэдий ч, шалгагч программын алтернатив хэрэглээ, давуу талыг ашиглаж болно гэдгийг харуулахыг хичээв. Уншигч Та бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарласныг илрүүлэх программын өөр бусад хэрэглээний талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаж, сэтгэгдлээ үлдээгээрэй.


Плажиризм шалгагчийг бусад зорилгоор ашиглах зөвлөмж










댓글 2개

별점 5점 중 0점을 주었습니다.
등록된 평점 없음

평점 추가
게스트
3월 10일
별점 5점 중 5점을 주었습니다.

😍

좋아요

게스트
2024년 12월 25일
별점 5점 중 5점을 주었습니다.

.

좋아요

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page