Орчин цагт хүлээн зөвшөөрөгдөж буй олон улсын эрх зүйн уламжлалт бус эх сурвалж
- Ц.Оюундалай
- Dec 21, 2023
- 17 min read
Updated: Jan 22
Хураангуй
Эрх зүйн тогтолцоо нь нарийн төвөгтэй бөгөөд хэрхэн ажилладаг болохыг ойлгоход зарим талаараа бэрхшээлтэй байдаг. Нэн түрүүнд эрх зүйн янз бүрийн эх сурвалжийг судлах шаардлагатай. Эрх зүйн эх сурвалж (legal source, source of law) нь эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх ба илэрхийлэх арга тул тэдгээрийн мэдсэнээр хууль зүйн тогтолцоо хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголттой болно. Орчин үеийн олон улсын эрх зүйн тогтолцооны гол эрх зүйн эх сурвалжид эрх зүйн хэм хэмжээг тогтоосон акт ба эрх зүйн заншил, шүүхийн жишиг, түүнчлэн улсын дотоодын хэм хэмжээний агуулга бүхий олон улсын гэрээ орно. Энэхүү ажилд эдгээр эх сурвалжийг авч үзэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн шинэ эх сурвалжуудыг танилцуулж, тэдгээрийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хөндлөө.
Түлхүүр үгс: олон улсын эрх зүйн эх сурвалж, олон улсын гэрээ, олон улсын заншлын эрх зүй
Удиртгал
Олон улсын эрх зүйн эх сурвалжийн талаар эрдэмтэн судлаач, хуульчид нэлээдгүй олон судалгаа, бүтээл туурвисан байдаг. Гэсэн хэдий ч, олон улсын эрх зүйн эх сурвалжууд агуулга, хэлбэр, шинж чанарын хувьд хувьсан өөрчлөгдөж, нэмэлт шинэ эх сурвалжууд бий болж, орчин үеийн эрх зүйн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдөж, тусгагдаж байгаа тул энэхүү сэдвийг зайлшгүй судлах зүйл хэмээн олж харлаа. Ийм төрлийн ажил гадаад хэл дээр судлагдсан боловч монгол хэл дээр нэн ховор байна. Ерөнхийдөө, олон улсын гэрээ, олон улсын заншлын эрх зүй, эрх зүйн ерөнхий зарчим зэрэг уламжлалт эх сурвалжууд сайн судлагдсан гэж үзэж болно. Харин уламжлалт бус, ихэвчлэн нэмэлт эх сурвалжид тооцогддог эрх зүйн шинэ эх сурвалжуудыг олон улсад хүлээн зөвшөөрөх хэрэгцээ улам бүр нэмэгдэж, заавал дагаж мөрдөх тухай маргаан шийдэгдээгүй хэвээр байна.
Энэхүү ажлын удиртгал хэсэгт, олон улсын эрх зүйн уламжлалт эх сурвалж болох олон улсын гэрээ, заншлын эрх зүйг авч үзсэн. Хэлэлцүүлэг хэсэгт, олон улсын заншлын эрх зүй хэрхэн бүрэлддэг, олон улсын эрх зүйг зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар, олон улсын эрх зүйн зөрчил гарсан тохиолдолд хэрэгсэл улсын авах арга хэмжээ, олон улсын хуульчдын үүрэг, хариуцлага, олон улсын эрх зүйн гэрээ, олон улсын эрх зүйн эх сурвалж нь нэхэмжлэлийн үндэс болдог талаар болон Монгол улсад олон улсын гэрээний хэрэглээг танилцуулав. Эдгээр нь энэхүү ажлын судлагдсан байдлын тойм бол ажлын үндсэн зорилго нь олон улсын эрх зүйн шинэ эх сурвалжуудыг тодруулах, тэдгээрийн үзүүлж буй нөлөөг олж илрүүлэхэд оршино. Зорилгын дагуу судалгааны эцэст олон улсын эрх зүйн эх сурвалжийг тайлбарлах, хэрэглэхэд тулгарч буй гол сорилт, бэрхшээлийн талаар хэлэлцэв. Нэмэлт болгон олон улсын эрх зүйн эх сурвалжуудыг бодит амьдрал дээр хэрэглэсэн, хэрэг маргааныг шийдвэрлэсэн жишээг танилцууллаа.
Олон улсын гэрээний эрх зүйн үндсэн эх сурвалжид олон улсын гэрээ, эрх зүйн заншил хамаарна (Thirlway, 2019) (Koskenniemi, 2000). Үүнээс гадна, нэмэлт эх сурвалжид соёл иргэншсэн улс орнуудын хүлээн зөвшөөрсөн эрх зүйн ерөнхий зарчмууд (Schreuer, 2000), шүүхийн шийдвэрүүд (Roberts & Sivakumaran, 2018), зарим тохиолдолд эрдэм шинжилгээний бүтээлүүд (Besson & d’Aspremont, 2017) ч мөн тооцогддог байна.
Олон улсын гэрээний эрх зүй (law of treaty) нь олон улсын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл, түүнийг байгуулах, дагаж мөрдөх, өөрчлөх, дуусгавар болгох, олон улсын гэрээг цуцлах (denunciation of treaty), олон улсын гэрээнээс гарах (withdrawal from treaty), гэрээний үйлчлэлийг түр хугацаанд зогсоох (suspension force of treaty) журмыг тодорхойлсон олон улсын эрх зүйн салбар юм (С.Нарангэрэл, 2021). Энэ салбарын объект нь олон улсын эрх зүйн голлох эх сурвалж болсон олон улсын гэрээ болно. Олон улсын гэрээ нь бичмэл хууль бөгөөд олон улсын эрх зүйн чухал эх сурвалж нь 1969 оны олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц (Vienna Convention on Law of Treaties) болно.
Олон улсын заншлын эрх зүй нь хууль гэж хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг практик, ёс заншлыг хэлнэ. Энэ нь эрх зүйн үүргийн мэдрэмжийн “opinio juris” дагуу улс орнуудын тууштай үйл ажиллагааны үр дүнд бий болдог.
Эрх зүйн ерөнхий зарчим нь янз бүрийн эрх зүйн тогтолцоонд нийтлэг байдаг зарчмууд бөгөөд олон улсын эрх зүйн нэмэлт эх сурвалж болдог.
Шүүхийн шийдвэр, өндөр мэргэшсэн талуудын номлол, хуульч эрдэмтдийн бүтээл нь анхдагч эх сурвалж биш боловч хуулийн хэм хэмжээг тодорхойлох туслах хэрэгсэл гэж үздэг.
Эдгээр эх сурвалжууд хоорондоо янз бүрийн аргаар харилцан үйлчилдэг. Тухайлбал, гэрээ нь олон улсын заншлын эрх зүйг кодчилох, шүүхийн шийдвэр нь олон улсын заншлын эрх зүйг бий болгоход хувь нэмэр оруулах боломжтой. Эдгээр эх сурвалжуудын хоорондын хамаарал, харилцан үйлчлэл нь олон улсын эрх зүйн хүрээнд дүн шинжилгээ хийх үргэлжилсэн маргаан дагуулдаг сэдэв билээ.
Олон улсын гэрээ

Олон улсын гэрээ (treaty) гэдэг нь хоёр буюу хэд хэдэн улс, олон улсын эрх зүйн бусад субъектүүд улс төр, эдийн засгийн болон бусад харилцаанд тэдгээрийн хооронд харилцан эрх, үүрэг тогтоох буюу эсхүл өөрчлөх буюу эсхүл дуусгавар болгох хэлэлцээр юм (С.Нарангэрэл, 2021). Олон улсын гэрээ нь гэрээ, хэлэлцээр, пакт, трактат, конвенц, тунхаглал, албан ёсны мэдээ (коммюник), протокол гэх зэргээр олон янзаар нэрлэгдэх олон улсын бүх хэлэлцээрийг хамарсан хам шинжтэй ухагдахуун. Эдгээр нэрд хатуу тогтоосон нарийн зааг ялгаа байдаггүй бөгөөд хэрхэн нэрлэхээс үл шалтгаалан бүх гэрээ нь хууль зүйн нэгэн адил хүчин чадалтай. Олон улсын гэрээнд оролцогчдын тооноос хамааран хоёр талт болон олон талт гэж ангилна. Олон улсын гэрээнд бүх сонирхогч улсууд оролцож байвал түүнийг нээлттэй гэж нэрлэнэ. Улсууд сайн дураараа гарын үсэг зурж, соёрхон баталж, бичгээр байгуулдаг, гол онцлог нь баталсан улсууд заавал биелүүлэх, дагаж мөрдөх үүрэгтэйд оршино.
1969 оны 5 дугаар сарын 30-ны өдөр олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцод гэрээтэй холбоотой эрх зүйн үндсэн дүрмийг баталсан (Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц, 1969). Венийн конвенц нь олон улсын гэрээний эрх зүйд хамаарах олон улсын эрх зүйн хэм хэмжээг нэгтгэсэн, тэрчлэн олон улсын амьдрал, практик, хөгжлийн хандлагатай уялдан буй болсон олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Уг конвенцоор гэрээ, гэрээ байгуулах чадвартай этгээд, гэрээний тайлбар, маргаан шийдвэрлэх механизм зэргийг нарийн тодорхойлсон. Товчхондоо, олон улсын гэрээний үндэс нь “pacta sunt servanda” бөгөөд энэ нь гэрээг хүндэтгэж, дагаж мөрдөх ёстой гэсэн үг юм.
Олон улсын гэрээний тайлбар, мэдэгдэл, түүнээс татгалзах тогтолцоо
Олон улсын гэрээний төсөл боловсруулах үйл явцад олон улсын эрх зүйд хэлэлцэн тохиролцогч олон улс оролцдог учраас гэрээний хамрах хүрээ, агуулгын талаар хүчтэй санал зөрөлдөөн үүсдэг. Гэрээнд гарын үсэг зурж (to sign a treaty), соёрхон батлах (adoption of treaty) улсын тоог нэмэгдүүлэхийн тулд олон улсын эрх зүй нь улс орнуудад гэрээг бүрэн хэрэглэхийг хязгаарлах, эсвэл эрх зүйн агуулгын талаарх тодорхой ойлголтыг тодруулах боломжийг олгодог. Энэ нь тайлбар, мэдэгдэл, татгалзах замаар хийгддэг.
Венийн конвенцод тайлбарыг (interpretation of treaties) “гэрээнд гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, нэгдэн орохдоо тухайн улсаас ямар хэллэг, нэршилтэй байсан ч хийсэн нэг талын мэдэгдэл бөгөөд үүгээр гэрээний зарим зүйл заалтыг хэрэглэхдээ хууль ёсны үр нөлөөг нь хасах, өөрчлөх зорилготой” гэж тодорхойлжээ. Зөвхөн тодорхой заасан гэрээний зорилгыг зөрчөөгүй тайлбарыг л зөвшөөрдөг.
Мэдэгдэл нь хууль ёсны үүрэг хариуцлагад нөлөөлдөггүй тул тайлбараас ялгаатай, гэхдээ тухайн улс тодорхой гэрээгээр үүрэг хүлээхийг зөвшөөрсөн тохиолдолд ихэвчлэн гаргадаг. Улс тунхаглалыг гэрээний бичвэрийн тодорхой хэсгүүдийн талаарх ойлголтоо тайлбарлах, тодруулах зорилгоор ашигладаг.
Зарим эрх зүйн баримт бичиг, ялангуяа хүний эрхийн гэрээ нь зэвсэгт мөргөлдөөн, үндэсний онц байдлын үед зэрэг онцгой нөхцөл байдалд хуулиар хүлээсэн үүргээ түр хугацаагаар түдгэлзүүлэх, хязгаарлах боломжийг олгодог татгалзах тогтолцоог тусгасан байдаг. Жишээлбэл, зэвсэгт мөргөлдөөний үеэр хүний эрх чөлөөг хязгаарлаж болох ч зарим эрхийг ямар ч тохиолдолд, ялангуяа эрүүдэн шүүх, хүнлэг бус, нэр төрийг гутаан доромжлох байдлаар зөрчиж болохгүй ажээ.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь аливаа нөхцөл байдалд хэрэгжих ёстой, зэвсэгт мөргөлдөөний үед хамгаалах хамгийн доод түвшнийг хангах зорилгоор тусгайлан боловсруулсан тул олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь татгалзах тогтолцоогүй байдаг.
Олон улсын заншлын эрх зүй

Олон улсын заншлын эрх зүй (Customary International Law) нь хууль гэж хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг практикт үндэслэсэн, олон улсын шударга ёсны ерөнхий үзэл баримтлалын нэг хэсэг болох бичигдсэн болон бичигдээгүй бүх дүрмээс бүрддэг. Эрх зүйн анхдагч түүхэн хэлбэр болохын хувьд заншлын эрх зүй нь олон улсын харилцаанд нэлээд үүрэг гүйцэтгэдэг.
Зөвхөн тодорхой гэрээнд гарын үсэг зурж, соёрхон баталсан улс орнуудад хамаарах гэрээний эрх зүйгээс ялгаатай нь заншлын эрх зүй нь гэрээнд оролцогч эсэхээс үл хамааран бүх улсууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй.
Гэрээний эрх зүйгээс ялгаатай нь олон улсын заншлын эрх зүй нь тодорхой, хүртээмжтэй хэлбэрээр кодлогдоогүй, дүрэм журмууд нь гэрээнд бичигдсэнтэй харьцуулахад ерөнхийдөө тодорхой бус байдаг тул хязгаарлагдмал юм.
Гэрээний эрх зүй нь зөвхөн хязгаарлагдмал хамгаалалтыг санал болгодог бөгөөд гол гэрээнүүд нь бүх нийтээр соёрхон батлагдаагүй байдаг тул олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн эх сурвалжийн хувьд олон улсын заншлын эрх зүй нь ач холбогдолтой. 2006 онд Улаан загалмайн нийгэмлэг олон улсын заншлын эрх зүйд тооцогддог хүмүүнлэгийн эрх зүйн 161 дүрмийн түүврийг хэвлүүлсэн байдаг.
Судалгаанд хөндсөн асуудлууд
Олон улсын заншлын хууль
Улс орнууд олон улсын болон дотоод харилцаандаа тодорхой дүрэм журмыг хууль ёсны хүсэл эрмэлзэлтэй тууштай хүндэтгэдэг бол эдгээр практикийг олон улсад олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээ болгон хүлээн зөвшөөрдөг.
Дүрэм нь олон улсын заншлын эрх зүйн нэг хэсэг мөн эсэхийг тодорхойлох (i) төрийн практик (usus), (ii) тухайн практикийн эрх зүйн мөн чанар (opinio juris) гэсэн хоёр шалгуур байдаг.
Төрийн практик нь зан заншлын эрх зүй, улс орнуудын зан үйлээр буюу объектив шалгуураар батлагдаж, тэдний албан ёсны мэдэгдэл, үйлдлээр илэрдэг. Харин практикийн эрх зүйн мөн чанар нь улс орнуудын үйл ажиллагааг зөвхөн улс төрийн үндэслэл биш, харин хууль ёсны үндэслэлтэй гэсэн дангаар, эсвэл хамтын байдлаар илэрхийлсэн үзэл бодол юм.
Товчхондоо, олон улсын заншлын эрх зүй нь олон улсын хамтын бөгөөд олонхын тууштай үйл ажиллагаа дээр суурилдаг. Олон улсын заншлын эрх зүйн жишээ татвал, хүний амь насыг бүрэлгэхийг хориглох, эрүүдэн шүүхийг хориглох, зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэд болон иргэний объектууд шууд халдлагад өртөж болохгүй гэсэн дүрэм байдаг.
Олон улсын эрх зүйг зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар

Дэлхийн хүчний байгууллага, дэлхийн цагдаа гэж байхгүйгээс олон улсын хуулийг хэрэгжүүлэх боломж зарим талаараа хязгаарлагдмал. Гэсэн хэдий ч олон улсын эрх зүйд үүрэг хариуцлагыг зөрчсөн тохиолдолд хувь хүн болон улс орнуудын аль алинд нь тооцох хариуцлага, үзүүлэх үйлдэл, үр дагаврыг тодорхой заасан байдаг. Энд, төрийн ба хувь хүний хариуцлагыг ялгаж салгана.
Төрийн хариуцлага
Олон улсын хуулийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын гэрээг зөрчсөн улсад үүрэг хүлээлгэдэг. Тиймээс, төрийн хариуцлагын хэм хэмжээ нь олон улсын хариуцлагын ерөнхий дүрэм, олон улсын хууль тогтоомжийг ноцтой буюу онц ноцтой зөрчсөн тохиолдолд улс орнуудад үйлчлэх өндөр түвшний дүрэм гэсэн хоёр ангилалд багтдаг.
Төрийн хариуцлагын ерөнхий дүрэм
Олон улсын эрх зүйн төрийн хариуцлагын үндсэн зарчимд олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн улс хариуцлага хүлээх ёстой гэж заасан байдаг. Бүр тодруулбал, төрийн хариуцлага гэдэг ойлголт нь олон улсын үүргээ хүндэтгэдэггүй улсууд хууль бус үйлдлээ нэн даруй зогсоож, тэдний үйлдлээс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгох үүрэгтэй гэсэн үг юм. Төрийн хариуцлагын тухай дүрэмд хүлээсэн үүргээ зөрчсөн төр хэзээ хариуцлага хүлээх, эдгээр зөрчлөөс ямар үр дагавар гарах талаар тодорхой тусгасан.
Улс нь “буруутай үйлдэл” хийж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн үйлдэл гарах үед тухайн улс хүлээсэн үүргээ зөрчсөн бол хууль бус үйлдэл гэж тооцон төрийн хариуцлага хүлээлгэнэ. Тиймээс аливаа улс байгуулсан олон улсын гэрээ, заншлын эрх зүйн хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
Хэрэв аль нэг улс олон улсын хуулийг зөрчсөн бол хууль бус үйлдлээ нэн даруй зогсоож, цаашид үүнийг давтахгүй байх зохих баталгааг өгөх үүрэгтэй. Мөн төрөөс учирсан эд материалын болон ёс суртахууны хохирлыг бүрэн барагдуулах ёстой.
Зөвхөн олон улсын хуулийг зөрчсөн улс орнууд үүрэг хүлээгээд зогсохгүй бусад улсууд ч үүрэг хүлээдэг. Гуравдагч улс өөр улсын үйлдсэн эрх зүйн зөрчилд тусалсан тохиолдолд олон улсын хуулийг зөрчиж байна гэж үзнэ.
Олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тохиолдолд үйлчлэх өндөр түвшний дүрэм
Олон улсын эрх зүйд улс олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тохиолдолд үүсэх үүргийг мөн заасан байдаг. Ноцтой зөрчил нь олон улсын эрх зүйн зайлшгүй хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд үүсдэг. Зайлшгүй эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ бөгөөд үүнээс татгалзахыг зөвшөөрдөггүй, харин ижил шинж чанартай олон улсын ерөнхий эрх зүйн дараагийн хэм хэмжээгээр зөвхөн өөрчилж болно.
Хувь хүний хариуцлага
Олон улсын эрх зүйг зөрчсөний эрх зүйн үр дагавар нь зөвхөн улс орнуудад хамаарахгүй. Олон улсын эрх зүйн зөрчил үйлдсэн хувь хүнд ч мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Олон улсын гэмт хэрэгт тусалсан, өдөөн хатгасан, захиалга өгсөн, хяналт тавьсан, хамтран үйлдсэн хүмүүс бие даан хариуцлага хүлээнэ.
Хувь хүн хариуцлага хүлээх боломжтой олон улсын гэмт хэрэгт (International Crime) геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг буюу олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчил, түрэмгийллийн гэмт хэрэг орно.
Олон улсын эрх зүйн зөрчил гарсан тохиолдолд гуравдагч улсын авах арга хэмжээ
Улс орнууд олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчихгүй байх үүрэг хүлээгээд зогсохгүй бусад улс зөрчил гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй байх, туслахгүй байх зэрэг тодорхой арга хэмжээ авах үүрэгтэй. Олон улсын хэмжээнд хууль бус үйлдлийн төлөөх төрийн хариуцлага нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буюу зөрчихөд тусалсан бүх улсад хамаарна. Иймээс аль нэг улс олон улсын хууль тогтоомжийг зөрчихөд өөр улсад тусалж, хууль бус үйлдэл хийсэн гэм буруутай болно.
Зайлшгүй мөрддөг хэм хэмжээг олон улс хүлээн зөвшөөрч, үүнээс татгалзахыг зөвшөөрдөггүй хэм хэмжээ бөгөөд зөвхөн ижил шинж чанартай олон улсын ерөнхий эрх зүйн дараагийн хэм хэмжээгээр өөрчлөх боломжтой байдаг.
Захиргааны хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд гуравдагч улс тусламж үзүүлэхгүй байх, хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг үүрэг хүлээдэг. Ноцтой зөрчлийг арилгахад гуравдагч улсын зүгээс тухайн улсад тусламж, туслалцаа үзүүлэхгүй. Түүнчлэн, захиргааны хэм хэмжээний дагуу олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөнөөс үүссэн нөхцөл байдлыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй байх үүрэгтэй. Үүнд: зөрчил гаргасан улсын олгосон паспорт, аяллын баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байх, консул, дипломат төлөөлөгчийн газраа эгүүлэн татах зэрэг орно.
Олон улсын хуульчдын үүрэг, хариуцлага

Олон улсын эрх зүйн эх сурвалжууд нь хуульчдын үүрэг, хариуцлагыг хэд хэдэн аргаар тодорхойлдог. Юуны өмнө хуульчид олон улсын эрх зүйн эх сурвалж дотроос шаардлагатайг ашиглах чадвартай байх ёстой. Энэ нь хуульчид олон улсын эрх зүйн эх сурвалж, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар гүнзгий ойлголттой байх, хүчин төгөлдөр олон улсын эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох ёстой гэсэн үг.
Түүнчлэн, олон улсын эрх зүйн эх сурвалжууд нь хуульчдад олон улсын эрх зүйд заасан тодорхой үүрэг, зан үйлийн стандартыг тодорхойлоход тусалдаг бөгөөд энэ нь эргээд эрх зүйн үндэслэлийг ул суурьтай гаргах, зөв зүйтэй эрх зүйн аргумент, шийдвэр гаргахад чиглүүлнэ.
Орчин үеийн эрх зүйн сэтгэлгээ, практикт олон улсын эрх зүйн эх сурвалж гол байр суурь эзэлдэг тул хуульчид олон улсын эрх зүйн эх сурвалжид хандах хандлага, тэдгээрийг байнга эргэцүүлэн бодож, шүүмжлэлтэй дүн шинжилгээ хийж байх ёстой болно.
Олон улсын эрх зүйн эх сурвалжид тулгуурласан олон улсын эрх зүйн гэрээ, эрх зүйн нэхэмжлэл

Олон улсын эрх зүйн гэрээ, эрх зүйн нэхэмжлэл нь олон улсын эрх зүйн эх сурвалжид тулгуурладаг. Эдгээр эх сурвалжууд нь олон улсын эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон улсын эрх зүйн мөн чанар, түүний дотор хууль ёсны байдал, хэм хэмжээг ойлгоход нэн чухал заншлын талаар, мөн олон улсын эрх зүйн эрх мэдэл, хууль ёсны үндэслэлийг гаргаж өгдөг байна (Besson & d’Aspremont, 2017). Нэмж дурдахад, олон улсын эрх зүйн эх сурвалжууд нь олон улсын эрх зүйн практик, онолд гүн гүнзгий нэвтэрч, орчин үеийн эрх зүйн сэтгэлгээ, практикийг баяжуулсаар байна.
Хуульчдын дунд олон улсын эрх зүйн эх сурвалжуудын гарал үүсэл, шалгуур, чиг үүргийн талаар дуусашгүй маргаан дэгддэг ч эргээд ийн санал зөрөлдөх нь олон улсын эрх зүйн эх сурвалжуудын нэгдмэл байдал, эрэмбийг тодорхой болгох, шинэ эх сурвалжийг тодорхойлоход хүргэдэг сайн талтай аж. Ингэснээр олон улсын эрх зүйн мөн чанар, хууль ёсны байдлыг ойлгоход дөхөм болох ач холбогдолтой.
Олон улсын эрх зүйн эх сурвалжийг практикт хэрэглэсэн, хэрэг шийдвэрлэсэн жишээ

Олон улсын эрх зүйн эх сурвалжийг бодит амьдрал дээрх хэрэг маргаанд янз бүрийн аргаар ашигладаг. Хэрэг маргааныг олон улсын эрх зүйн төрөл бүрийн эх сурвалжийг ашигласан байдлаар харууллаа.
Олон улсын заншлын эрх зүй: Олон улсын шүүх “Никарагуа АНУ-ын эсрэг хэрэг” хянан шийдвэрлэх ажиллагаанд олон улсын заншлын эрх зүйд тулгуурлан АНУ-ыг Никарагуа дахь босогчдын бүлэг Контрас-ыг дэмжсэнээр олон улсын хуулийг зөрчсөн гэж үзсэн.
Олон улсын гэрээ: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар улс орнууд заавал биелүүлэх үүрэг хүлээсэн нь олон улсын гэрээний хэрэглээний жишээ болно.
Хуулийн ерөнхий зарчмууд: Олон улсын шүүх Barcelona Traction, Light and Power Company, Limited компанийн хэрэг буюу “Бельги Испанийн эсрэг хэрэг” шийдвэрлэхдээ бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ерөнхий зарчимд тулгуурлан Бельги улс Канад улсын компанийн нэрийн өмнөөс Испанийн эсрэг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн.
Шүүхийн шийдвэрүүд: АНУ-ын Дээд шүүх “Sosa ба Alvarez-Machain-ий эсрэг хэрэг” шийдвэрлэхдээ хэргийн олон улсын шүүхийн шийдвэрт үндэслэж, АНУ-ын Гадаадын иргэний эрх зүйн зөрчлийн тухай хууль нь олон улсын хуулийн заалтыг зөрчих үндэслэл болсон гэж үзсэн.
Эрдэм шинжилгээний бүтээлүүд: “Filártiga ба Peña-Irala-ийн хэрэг”-т АНУ-ын Давж заалдах шатны шүүх эрүүдэн шүүх нь олон улсын заншлын хуулийг зөрчсөн гэж үзэхэд эрдэмтдийн бүтээлд тулгуурласан.
Монгол улсад олон улсын гэрээ хэрэглэх эрх зүйн үндэслэл

Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэжээ. Ийнхүү олон улсын гэрээг баталсан, эсвэл нэгдэн орсноор дотоодын эрх зүйн эх сурвалжийн нэгэн адил үйлчилдэг буюу Монгол улс олон улсын эрх зүйн давуу хүчинтэй байх монист хандлага баримталдаг. Энд анхаарах зүйл нь Монгол улс Үндсэн хуульдаа харшилсан гэрээг дагаж мөрдөхгүй ба Монгол улсын олон улсын гэрээнд үндсэн хуулиас бусад хууль, хууль тогтоомжийн актад зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Харин шүүх олон улсын гэрээг хэрэглэхдээ Монгол улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмыг дагана. Иргэний шүүхэд хууль хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ л дотоодын хуулиас илүү хүчин чадалтай байх буюу олон улсын гэрээний зохицуулалт хуулийн зохицуулалтаас өөр байвал олон улсын гэрээний заалт үйлчилнэ. Харин эрүүгийн шүүхэд эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тусгасан хэм хэмжээ бүхий олон улсын гэрээнд үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулснаар гэрээний хэрэгжилт хангагдах талаар заасан байдаг тул Эрүүгийн хуульд заагдаагүй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон Монгол улсын олон улсын гэрээний заалтыг хэрэглэхгүй.
Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг шаардлагатай тохиолдолд Монгол улсын Дээд шүүх гаргадаг бол зөвлөмжийг Гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өгч болно (З.Сүхбаатар & П.Оюундэлгэр, 2022).
Манай улсад олон улсын гэрээний хэрэглээ хязгаарлагдмал, энэ талаар судалсан ажил хомс, мэргэжилтэн дутмаг, олон нийтэд сурталчлах, таниулах асуудал удаашрал, хоцрогдолтой тул зарим талаараа олон улсын гэрээний хэрэглээнд бэрхшээл учирдаг байна.
Олон улсын эрх зүйн уламжлалт бус эх сурвалжийн хэрэгжилтийн төлөв байдал
Олон улсын эрх зүйн эх сурвалжуудын хувьсал, орчин үеийн эрх зүйн хэрэг маргаанд үзүүлэх нөлөө

Олон улсын эрх зүйн эх сурвалжууд цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ирсэн бөгөөд энэхүү хувьсал нь орчин үеийн эрх зүйн маргаанд чухал нөлөө үзүүлж байна. 1945 онд Олон улсын шүүхийн дүрмийн 38 дугаар зүйлд кодчилогдсон олон улсын эрх зүйн уламжлалт эх сурвалжуудад олон улсын гэрээ, олон улсын заншил, эрх зүйн ерөнхий зарчмуудыг багтаасан байдаг. Түүнээс хойш олон улсын эрх зүйн soft law, албан бус олон улсын хууль тогтоох үйл явц зэрэг шинэ эх сурвалжууд бий болсон.
Soft law гэдэг нь гэрээ, олон улсын заншлын хуультай адил эрх зүйн хүчингүй, заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй арга хэрэгсэл, стандартуудыг хэлнэ. Эдгээр хэрэгсэл нь тунхаглал, тогтоол, заавар, ёс зүйн дүрэм болон бусад заавал биелүүлэх албагүй гэрээ зэрэг хэлбэртэй байж болно. Хууль ёсны дагуу заавал биелүүлэх үүрэг хариуцлага үүсгэдэггүй ч олон улсын харилцаа, эрх зүйд чухал нөлөө үзүүлдэг. Ихэвчлэн хүний эрх, байгаль орчныг хамгаалах, худалдаа зэрэг олон улсын эрх зүйн тодорхой салбарт улс төрийн амлалтаа илэрхийлэх, зан үйлийн стандартыг тогтоох, төрийн зан үйлийг чиглүүлэхэд ашигладаг. Тодруулбал, олон улсын заншлын эрх зүйг хөгжүүлэх, эсвэл албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулахад урьдач үүрэг гүйцэтгэдэг. Улс орнууд болон олон улсын байгууллагуудад шинээр гарч ирж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын сорилтод нийтлэг хандлагыг боловсруулахад уян хатан, дасан зохицох боломжтой арга хэрэгсэл болдог. Ашиглалтын хувьд үр нөлөө, хууль ёсны байдал, төрийн зан үйлийг чиглүүлэхэд хэр зэрэг найдвартай болох талаар эргэлзээ дагуулдаг тул эдгээрийг тайлбарлах, хэрэглэхэд оролцогч талуудын хүсэл эрмэлзэл, уг хэрэгслийг баталсан нөхцөл байдалд нарийн дүн шинжилгээ хийх шаардлагатай.
Дүгнэж хэлэхэд, soft law нь олон улсын эрх зүйн эх сурвалжийн чухал бөгөөд хөгжиж буй байдлын илэрхийлэл болохын сацуу төрийн зан үйлийг төлөвшүүлэх, дэлхийд тулгамдсан орчин үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Шинэ эх сурвалжууд гарч ирснээр, тэдгээрийн хууль ёсны байдал болон олон улсын эрх зүйн уламжлалт эх сурвалжтай харилцан холбоо, хамаарлын талаар маргаан үүсгэж байгаа. Зарим эрдэмтэд эдгээр шинэ эх сурвалжууд нь олон улсын эрх зүйн хууль ёсны эх сурвалж биш хэмээн маргадаг бол бусад нь орчин үеийн дэлхийн сорилтуудыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Түүнчлэн, олон улсын эрх зүйн эх сурвалжийн хувьсал нь олон улсын эрх зүйн тайлбар, хэрэглээнд нөлөөлдөг байна.
Олон улсын эрх зүйн уламжлалт ба шинэ эх сурвалжийг тайлбарлах, хэрэглэхэд гарсан ололт амжилт, цаашид шийдэх асуудал

Олон улсын эрх зүйн эх сурвалжийг тайлбарлах, хэрэглэхтэй холбоотой гол бэрхшээлээс заримыг нь тоочин дурдъя.
Тунхаглал, тогтоол, заавар, ёс зүйн дүрэм болон бусад заавал биелүүлэх албагүй гэрээ зэрэг янз бүрийн хэлбэртэй, олон улсын гэрээ, олон улсын заншлын хуультай адил эрх зүйн хүчингүй, заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй арга хэрэгсэл, стандартууд: Төрийн зан үйлийг удирдан чиглүүлэх, эрх зүйн үүргийг бий болгоход эдгээр хэрэгсэл нь орчин үед олон улсын хуульчдын дунд маргаан, мэтгэлцээний гол сэдэв болж байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж чадахгүй байгаа нь дэлхий нийтийн ээдрээтэй сорилтуудыг шийдвэрлэхэд найдвартай эсэх талаар эргэлзээг дагуулдаг.
Эх сурвалжийн хувьсал: Олон улсын эрх зүйн уламжлалт болон шинээр гарч ирж буй эх сурвалжуудын хоорондын хамаарлын талаарх асуултуудыг бий болгосон.
Шалгуурын талаарх санал зөрөлдөөн: Олон улсын эрх зүйн эх сурвалжийг тодорхойлох, ялгах шалгуурын талаар хуульчдын дунд санал зөрөлдөөн үргэлжилсээр байна. Үүнд хууль ба хууль бусыг ялгах шалгуурууд, эдгээрийг практикт хэрхэн ашиглах тухай мэтгэлцээн хамаарна.
Шүүхийн шийдвэрийн үүрэг: Шүүхийн шийдвэрийн үүрэг, өндөр мэргэшсэн талуудын номлол олон улсын эрх зүйн эх сурвалж болох нь мөн л маргааны сэдэв болоод буй. Олон улсын эрх зүйг тайлбарлах, хэрэглэхдээ эдгээр эх сурвалж үндэслэл болж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалжийн эрэмбэ ба нэгдмэл байдал: Олон улсын эрх зүйн эх сурвалжуудын эрэмбэ ба нэгдмэл байдал нь үргэлжилсэн маргааны сэдэв юм. Төрөл бүрийн эх сурвалжуудын хоорондын хамаарал, тэдгээр нь олон улсын эрх зүйн уялдаа холбоотой, нэгдмэл тогтолцоог хэр зэрэг бүрдүүлж байгаа талаар асуултууд гарч ирдэг.
Эдгээр сорилт, бэрхшээл нь олон улсын эрх зүйн динамик шинж чанар, эх сурвалжийн тайлбар, хэрэглээ, хувьслын талаарх маргаан өрнүүлэх, олон улсын эрх зүйн орчинд тасралтгүй үргэлжилсэн дүн шинжилгээ хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгцээ шаардлагыг нотлон харуулж байна.
Дүгнэлт
Эрх зүйн олон янзын эх сурвалжууд байдаг бөгөөд тус бүр өөрийн гэсэн онцлог, зорилготой. Эдгээр эх сурвалжийг ойлгох нь хууль зүйн тогтолцоог ойлгоход дэм болохын зэрэгцээ хуулийн тогтолцоог бүрдүүлж буй элементүүд хоорондын уялдаа холбоо, өөр хоорондын нөлөөг харах боломжийг олгоно.
Эрх зүйн эх сурвалжийг ойлгосноор шударга, эрх тэгш нийгэмд амьдрах боломжийг бүрдүүлнэ. Үүний талаар илүү сайн ойлголттой болсны дараа л эрүүгийн эрх зүйгээс эхлээд гэрээний хууль хүртэл хуулийн тогтолцооны бусад асуудлыг судлах үүд хаалга нээгдэнэ. Тиймээс, энэхүү ажилд олон улсын эрх зүйн эх сурвалж болох олон улсын гэрээ, олон улсын заншлын эрх зүйг авч үзлээ. Олон улсын эрх зүйн эх сурвалжууд нь олон улсын эрх зүйн яриа хэлэлцээр, эрх зүйн нэхэмжлэлийн үндэс суурь болдог. Энэ утгаараа олон улсын эрх зүйн эх сурвалжийг судлах шаардлага урган гарах бөгөөд манай улсын хувьд олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. Олон улсын эрх зүйн эх сурвалжаас тогтоосон ангиллыг ашиглах чадвар эзэмших нь олон улсын эрх зүйн орчинд зөв зүйтэй, алдаа мадаггүй шийдвэр гаргахад тусална. Эдгээрээс гадна, энэхүү ажилд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, олон улсын эрх зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс болон хувь хүний хүлээх хариуцлага, өөр улс олон улсын эрх зүйг зөрчсөн тохиолдолд гуравдагч улсын хувьд авах арга хэмжээ, олон улсын хуульчдын үүрэг хариуцлага, Монгол улсад олон улсын гэрээний хэрэглээг дэлгэрүүлэн тайлбарлав.
Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр түүний харилцааг зохицуулж буй хууль өөрчлөгддөг билээ. Үүнтэй зэрэгцэн эрх зүйн эх сурвалжууд ч мөн байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ эх сурвалжуудын хүлээн зөвшөөрөх нийтлэг хандлага ажиглагдана. Тухайлбал, сүүлийн жилүүдэд олон улсын хүний эрхийн эрх зүй, технологи ашиглан эрх зүйн зохицуулалтын шинэ хэлбэрийг бий болгоход ихээхэн анхаарал хандуулж байна. Тиймээс ирээдүйд өөрчлөлттэй хөл нийлүүлэн хууль зүйн тогтолцоогоо тохируулан өөрчлөх нь чухал байх болно. Эдгээр нь олон улсын гэрээ хэлэлцээр тусгалаа олж байгаа тул олон улсын эрх зүйн шинэ эх сурвалжийн шинэ ертөнцөд болон олон улсын эрх зүйн хөгжилд үзүүлэх нөлөөг судлах зорилго дэвшүүлж, хэрхэн хэрэглэгдэж байгаа, ийн хэрэглэхэд тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар хэлэлцэв.
Ерөнхийдөө олон улсын эрх зүйн эх сурвалжийн хувьсал нь олон улсын эрх зүйн динамик шинж чанарыг онцолж, олон улсын эрх зүйн эх сурвалж, тэдгээрийн орчин үеийн хууль зүйн мэтгэлцээнд үзүүлэх нөлөөллийн талаар тасралтгүй дүн шинжилгээ хийх, мэтгэлцээн хийх шаардлагатай байгааг илтгэн харуулж байна.
Цаашид энэхүү ажлыг өргөжүүлэн олон улсын эрх зүйн гэрээ, хэлэлцээрийг үл хайхран, биелүүлэхгүй байгаа ОХУ, бусдад үлэмж хор хөнөөлтэй, муу үлгэр дуурайлал авчирсан дайн байлдаанаас улбаатай эрх зүйн зөрчлийн талаар болон үүний эсрэг олон улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэр, тэдгээрийн үр дагаврыг судалбал зохилтой.
Exploring non-traditional sources of international law: Navigating contemporary normative frontiers
Navigating the complexities of the legal system requires a comprehensive understanding of its various sources. Legal sources, acting as the bedrock of legal norms, offer insight into the functioning of the legal system. This paper elucidates the primary legal sources within the contemporary international legal framework, encompassing statutory enactments, customary practices, judicial precedents, and international agreements embedding domestic norms. Moreover, it delves into emerging sources of international law, probing into their acknowledgment and recognition. By examining both traditional and evolving normative foundations, this study aims to provide a nuanced comprehension of the multifaceted dynamics shaping the modern international legal landscape.
Keywords: Sources of International Law, International Treaties, Customary International Law
Ж. Танан
Ц.Оюундалай
Ашигласан эх сурвалж
Thirlway, H. (2019). The Sources of International Law (2nd ed.). Oxford, United Kingdom: Oxford University Press.
Koskenniemi, M. (2000). Sources of International Law (1st ed.). Routledge.
Schreuer, C. (2000). Sources of International Law: Scope and Application (Vol. Volume 28 of Emirates Lecture Series ). Emirates Center for Strategic Studies and Research.
Roberts, A., & Sivakumaran, S. (2018). The theory and reality of the sources of international law. In M. D. Evans. Oxford, United Kingdom: Oxford University Press.
Besson, S., & d’Aspremont, J. (2017). The Sources of International Law : An Introduction. In S. Besson, & J. d’Aspremont, The Oxford Handbook of the Sources of International Law (pp. 1–39). Oxford University Press.
С.Нарангэрэл. (2021). Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь. (А.Солонго, ред.) Улаанбаатар: Адмон Принт.
Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц. (1969, 05 23). Монгол улсын олон улсын гэрээ. (А. б. орчуулга.) Вена: Гадаад харилцааны яам.
З.Сүхбаатар, & П.Оюундэлгэр. (2022). Монгол улсын иргэний эрх зүй (Ерөнхий үндэслэл) (Нэмж засварласан 2 дахь хэвлэл). Улаанбаатар, Монгол: Адмон принт.
Нэр томьёо
Гэрээ
treaty; договор
Нэг буюу хоёр, эсвэл өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичгийг агуулж байгаа бөгөөд түүний тодорхой нэрээс хамааралгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан олон улсын эрх зүйгээр зохицуулагдах олон улсын хэлэлцээр.
Гэрээний акт нь гэрээ, конвенц, пакт, тунхаглал, хэлэлцээр, протокол зэрэг нэртэй байж болох бөгөөд 1899 оны Гаагийн Энх тайвны бага хурлаас гэрээг олон улсын эрх зүйн үндсэн эх сурвалж хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Гэрээг заавал биелүүлэх шинжтэй байх бөгөөд түүнд олон улсын эрх зүйн pacta sunt servanda - гэрээг биелүүлбэл зохино зарчим үйлчилнэ. Гэрээ нь дараах үндсэн шинжтэй.
1. Талууд олон улсын эрх зүйн субъект байх (хувь хүн хамаарахгүй);
2. Олон улсын эрх зүйн үндсэн зарчим, нийтлэг хэм хэмжээнд нийцсэн байх;
3. Биелэгдэх бололцоотой байх;
4. Хэрэгжих механизмыг нь тогтоосон байх;
5. Бичгээр үйлдсэн байх.
Гэрээг агуулгынх нь хувьд улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, цэрэг дайны талаарх гэх мэтээр ангилах бөгөөд оролцогчдынх нь тоогоор хоёр талт буюу олон талт хэмээн ангилна. Мөн үйлчлэх орон зайгаар нь нийтлэг буюу бүс нутгийн; нэгдэн орох боломжоор нь нээлттэй буюу хаалттай; хугацаагаар нь хугацаатай, хугацаагүй, тодорхой бус хугацаатай хэмээн ангилна.

#InternationalSourcesOfLaw #SourcesOfInternationalLaw #Treaty #LawOfTreaty #DenunciationOfTreaty #WithdrawalFromTreaty #ViennaConventionOnLawOfTreaties #CutomaryInternationalLaw #OponioJuris #InternationalLaw #SoftLaw #SignATreaty #AdoptionOfTreaty #InterpretationOfTreaties #ОлонУлсынЭрхЗүйнЭхСурвалж #ЭрхЗүйнЭхСурвалж #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #SoftLaw
😍
.