top of page
Writer's pictureЖ.Танан

Франц улсын иргэн Монгол улсын иргэнтэй тавьсан сүйгээ цуцалсны улмаас орон сууцны бэлэг буцаах, хохирол барагдуулах олон улсын хувийн эрх зүйн бодлого кейс

Updated: 4 days ago



Монгол улсын иргэн эмэгтэй Улаанбаатар хотод амьдарч байсан Францын иргэн залуутай танилцаж, улмаар тэд хожим гэрлэхээр тохиролцож сүй тавилцан бөгж солилцсон. Монгол эмэгтэй энэ тухай эцэг эх, найз нөхөддөө мэдэгдэж Франц залууд өөрийн орон сууцаа үнэ төлбөргүй өгсөн. Гэтэл удалгүй Франц залуу сүйнээсээ буцаж Монгол эмэгтэйг орхин өөр эмэгтэй найзтай болсон. Монгол эмэгтэй нь Франц залууд гомдож түүнээс сүйгээ цуцалсны улмаас учирсан хохирлоо нэхэмжилжээ.


Маргааныг Монгол улсын шүүх шийдвэрлэх байсан бол аль улсын хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх вэ?


1.     Субъект, объект, хууль зүйн факт

Маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлэх бол Монгол Улсад мөрдөгдөж буй олон улсын хувийн эрх зүйн зохицуулалт үйлчилнэ. Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд шинжлэхийн тулд субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлж хүснэгтэд харуулав.

Субъект

Эрх зүйн харилцаа, маргаанд оролцогч хувь хүн, аж ахуйн нэгж

Гэрлэнэ гэсэн амлалтад найдсан, орон сууцаа алдах магадлалтай, хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа Монгол эмэгтэй (нэхэмжлэгч)

Сүй тавьж, орон сууцаар бэлэг авсан боловч гэрлэх амлалтдаа хүрээгүй Монгол эмэгтэйд хохирол учруулсан гэж буруутгагдаж байгаа Франц эрэгтэй (хариуцагч)


Объект

Маргаан, эрх зүйн харилцааны биет болон биет бус ашиг сонирхол

Монгол эмэгтэйгээс Франц эрэгтэйд өгсөн маргааны биет гол зүйл болох орон сууц



Үүн дээр нэмээд учруулсан санхүүгийн хохирол





Монгол эмэгтэйн нэхэмжилж байгаа сүйгээ цуцалсны улмаас учирсан биет бус ашиг сонирхол болох сэтгэл санааны хохирол





Хууль зүйн факт

Эрх зүйн харилцаа, хууль зүйн маргаан үүсгэсэн үндсэн үйл явдал, үйлдэл

Гэрлэлтийн хүлээлт болон хувийн амлалтыг бий болгосон явдал

Монгол эмэгтэй гэрлэх нөхцөлтэйгөөр эд хөрөнгийн өмчлөх эрхийг бэлэг болгон Франц эрэгтэйд шилжүүлсэн явдал

Франц эрэгтэй нь сүйгээ цуцалж, өөр эмэгтэй найзтай болсон үйлдлээс болж Монгол эмэгтэй хохирсон гэж үзэж байгаа явдал

2.    Эрх зүйн маргааны мөн чанар

Олон улсын хувийн эрх зүйн үндсэн хоёр маргаан байгаа ба зохицуулах хууль нь ялгаатай ба хүснэгтэд маргаан болон асуудлыг харуулав.

Д/д

Маргаан

Асуудал

1

Сүй цуцалсны улмаас учирсан хохирол барагдуулах

Зөрчлийн болон гэрээний зарчимтай холбоотой хувийн харилцааны асуудал

2

Бэлэглэсэн байрыг буцааах

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эсвэл болзолт бэлэглэлийн гэрээгээр эд хөрөнгө шилжүүлсэн асуудал

3.     Монгол Улсын хууль ба олон улсын зарчим

Сүй цуцалсны улмаас учирсан хохирол

Иргэний хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “Гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх, үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно” гэжээ. Үүнийг хуулийн дагуу үүсэх үүрэг буюу гэм хор учруулах, үндэслэлгүй баяжих lex loci delictus гэнэ.


Сүй тавих ба түүнийг дуусгавар болгох нь хувийн байдал ба хувийн гэрээнээс үүсэх үүрэг хариуцлагатай холбоотой.


Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1 дэх хэсэгт “Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна” гэжээ. 549.4 дэх хэсэгт “Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дурдсан талын оршин суугаа (оршин байгаа) буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно” гэж заажээ.


Хувийн харилцааг ерөнхийдөө талуудын нийтийн оршин суугаа газрын хуулиар зохицуулдаг. Хэрэв нийтлэг оршин суух газар байхгүй бол олон улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг үйл ажиллагаа явагдаж буй газрын буюу шүүхийн байгаа улсын хуулийг хэрэглэх lex fori үйлчилнэ.


Фраанц эрэгтэй, Монгол эмэгтэй нар Улаанбаатар хотод хамт амьдарч, Монголд нийтлэг оршин суух газар сүй тавьсан буюу гэрээ байгуулсан, тэндээ дуусгавар болгосон. Иймд, Монгол Улсын хууль үйлчлэх магадлалтай.


Орон сууцны бэлэг

Эд хөрөнгийг шилжүүлэх нь lex rei sitae буюу эд хөрөнгө оршин байгаа улсын хуулиар зохицуулагддаг. Орон сууц нь Монгол Улсад байгаа тул бэлэгтэй холбоотой маргааныг Монгол Улсын хуулиар шийдвэрлэнэ.


4.     Монгол Улсын хуулийн хэрэглээ

Хохирол барагдуулах

Монгол Улсын хуульд сүй тавихыг заавал биелүүлэх гэрээ гэж тодорхой заагаагүй. Гэсэн хэдий ч хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Иргэний хуулийн ерөнхий зарчмын дагуу гаргаж болно. Тухайлбал, сүй тавьсан нь гэрлэлтийн үндэслэлтэй хүлээлт үүсгэсэн бол Франц эрэгтэйн үйлдлийг сайн санааны зөрчил гэж үзэж болно.


Франц эрэгтэйн зан авираас үүдэлтэй сэтгэл санааны хохирлыг санаатай, эсвэл хүчирхийлсэн нь нотлогдож байвал Монгол эмэгтэй нөхөн төлбөр нэхэмжилж болно.


Орон сууцны бэлгийг буцаах

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.” гэж заасны дагуу хэрэв орон сууцыг өгөхдөө гэрлэлтийн хүлээлтэд үндэслэсэн бол болзол тавьж хийсэн хэлцэл болно. Тиймээс, 45.1 дэх хэсэгт “Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, эсвэл 46.1 дэх хэсэгт “Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно.” гэж заасны дагуу Франц залуу өөр эмэгтэйтэй найзлах болж, Монгол эмэгтэйтэй гэрлэх асуудал илтэд биелэгдэх боломжгүй болсон тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэн орон сууцаа буцаахаар нэхэмжилж болно.


Түүнчлэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт “Бэлэглэгч, түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1. бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;” бол 280.2 дахь хэсэгт “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно.” гэж заасны дагуу Франц эрэгтэй Монгол эмэгтэйд орон сууцыг буцаан олгоно.


Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.” гэж заасны дагуу орон сууц өгөхөд тодорхой нөхцөл заагаагүй бол хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд бэлэг нь буцаагдах боломжгүй болно.


5.     Монгол Улсын шүүхээс гарах боломжит үр дүн

Монгол Улсын шүүх олон улсын хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын хуулийг хэрэглэх магадлалтай.


Хохирол барагдуулах

Санхүүгийн болон нэр хүндэд хохирол учруулсан нь тодорхой нотлогдоогүй тохиолдолд шүүх сэтгэл санааны хохирол учруулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно.


Тухайн хүний зан авир нь санаатайгаар хор уршигтай, хууран мэхэлсэн нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулахаар шийдвэр гаргаж болно.


Орон сууцыг буцаах

Хэрэв Монгол эмэгтэй гэрлэх хүлээлтийг үндэслэн орон сууцыг бэлэглэсэн гэдгийг нотолсон тохиолдолд шүүх эд хөрөнгө буюу түүнтэй адилтгах үнийг буцаан олгуулах шийдвэр гаргаж болно.


6.     Бусад улсын туршлага

Би 2019 онд Энэтхэг улсын Дели хотод амьдарч байхдаа нэг эмэгтэйтэй уулзаж байсан Европ хүн.


Бид 2020 оны 12 дугаар сард сүй тавьсан бөгөөд түүний өмнөх салалт шийдэгдсэний дараа гэрлэхээр төлөвлөж байсан. Энэтхэгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл 10 гаруй жил шүүх ажиллагаа үргэлжилж байна. 2021 оны 2 дугаар сард бид Турк руу нүүсэн. Бид гэрлэлтийн төлөвлөлтөө эргэн харж үзээд 2023 оны 7 дугаар сар гэхэд сүйгээ цуцалсан. Гэтэл тэрээр 2 жилийн байрны мөнгө, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авахыг хүссэн.


Тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба Туркт амьдарч байхдаа бизнесээ үргэлжлүүлэн хийж байсан ч өмнөх шигээ идэвхтэй байгаагүй. Дели хотод оффисын байр эзэмшдэг ба түүнийхээ зарим хэсгийг түрээслүүлдэг. Нэмж дурдахад, Дели хотын гадна могой, хилэнцэт хорхойноос болж амьдрах боломжгүй фермийн байшинтай. Биднийг Туркт байх хугацаанд тэрээр Дели рүү жилд 3-4 удаа очдог байсан.


Би түүний байрны төлбөрийн зарим хэсгийг төлөхөд дургүйцээгүй ба түүнд 65 лак рупи[1] төлсөн ч тэр илүү их буюу бүрэн төлбөр тооцоо хийхийг хүсэж, нэмж 90 лак рупи нэхэж байгаа. Энэ хэр бодитой вэ? Хуулийн дагуу ямар нэгэн төлбөр төлөх ёстой юу?

 

[1] Лак рупи нь 100 мянган рупи, крон рупи нь 10 сая рупи.

65 мянган рупи нь ойролцоогоор 76’700 ам.доллар, 90 мянган рупи нь ойролцоогоор 106’200 ам.доллар.

 

Бид хоёулаа 50 гаран настай, хэн нь ч шашин шүтдэггүй. Надад болон түүнд бага зэрэг хадгаламж бий.

Фредрик


Олон улсын хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчийн зөвлөгөө

Сүй цуцлах, харьцаагаа таслах зэрэг хосуудын харьцаа нь ярвигтайн дээр сэтгэл санаанд гүн гүнзгийн нөлөөлдөг шийдвэр юм.


Турк улсын гэр бүлийн эрх зүйд албан ёсны болон албан бус гэсэн хоёр төрлийн харилцаа байдаг.

  • Албан ёсны сүй тавих нь иргэний бүртгэлийн газарт бүртгэгдэх бөгөөд хоёр тал болон тэдний гэр бүлийнхний зөвшөөрлийг шаарддаг.

  • Албан бус гэрээ нь талуудын амаар болон бичгээр байгуулсан гэрээнд үндэслэдэг бөгөөд ямар ч эрх зүйн статусгүй.


Хэрэв албан ёсны сүй тавьсан бол урилга, хувцас, гоёл чимэглэл гэх мэт хуримын бэлтгэлд зориулж гаргасан зардлын нөхөн төлбөрийг төлөх шаардлагатай болж магадгүй.


Харин албан бус сүй тавьсан бол нөгөө тал, эсвэл тэдний гэр бүлээс бөгж, мөнгө гэх мэт хүлээн авсан бэлгийг буцааж өгөх шаардлагатай болно. Гэсэн хэдий ч, гэрээнд өөрөөр заагаагүй бол, сэтгэл санааны болон нэр хүндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.


Энэтхэгт сүй тавьсан гэрээгээ цуцалсан бол гэрлэх амлалтаа зөрчсөн иргэний нэхэмжлэлтэй тулгарах боломжтой бөгөөд энэ нь шүүхээр хэрэгжих гэрээний үүрэг юм. Нєгєє тал гэрлэх боломжоо алдсан, сэтгэл санааны хямралд орсон, нийгмийн өмнө гутаан доромжлогдсон гэх зэргийн хохирлыг барагдуулахыг шаардаж болно.


Гэхдээ шvvх нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахаас өмнө сүй тавьсан хугацаа, түүнийгээ цуцлах болсон шалтгаан, хоёр талын зан байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлийг харгалзан авч үзнэ. Түүгээр ч зогсохгүй, нөгөө талтайгаа бэлгийн харьцаанд орсныхоо дараа сүй тавихаа больсон тохиолдолд тухайн нөхцөл байдал, холбогдох талуудын зөвшөөрлөөс шалтгаалж хууран мэхлэх, хүчиндэх гэмт хэрэгт холбогдож болзошгүй.


Хамтрагчтайгаа хийсэн тохиролцоо, амьдран сууж буй, эсвэл сүй тавьсан улсын хууль тогтоомжоос шалтгаалж эрх зүйн өөр өөр үр дагаварт хүргэж болзошгүй.


Монгол улсын зохицуулалттай харьцуулалт

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд сүй тавьсан хэлцлийг хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж шууд хүлээн зөвшөөрдөггүй тул түүнийг цуцлах эрх зүйн орчин нь Турк, Энэтхэг улстай харьцуулахад харьцангуй өөр юм.


1.     Монголд гэрээг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх асуудал

Монголд гэрээг хууль ёсны хэмээн үзэхэд талуудын хооронд санхүүгийн үүрэг хариуцлагыг тодорхой заасан бичгээр гэрээ байгуулсан байхыг шаардана. Хууль зүйн үр дагаваргүй албан бус гэрээг хувийн үүрэг хариуцлага гэж үздэг.


Сүйгээ цуцлуулснаас үүдэлтэй сэтгэл санаа, нэр хүндэд учирсан хохирлыг Монгол Улсын шүүх ихэвчлэн хүлээн зөвшөөрдөггүй. Гол нь нотлох боломжтой материаллаг хохиролтой холбоотой санхүүгийн нэхэмжлэлд анхаарлаа хандуулдаг.


2.     Санхүүгийн хохирлын нөхөн төлбөр

Хэрэв нэг тал тодорхой санхүүгийн хохирлыг (жишээ нь, гэрлэлтийг угтан зарцуулсан мөнгө) нотолж чадвал нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж болно. Жишээлбэл, хуримын бэлтгэлийн зардал (байр, нийтийн хоол гэх мэт), томоохон бэлэг, эсвэл санхүүгийн хандив.


Монгол Улсын Иргэний хууль нь сүй тавих үеэр солилцсон их хэмжээний бэлгийг буцаан олгохыг зөвшөөрдөг, ялангуяа сүй тавих ажиллагааг нэг талын үндэслэлгүйгээр цуцалсан тохиолдолд. Жишээлбэл, үнэтэй сүйн бөгж, үл хөдлөх хөрөнгийн шилжүүлэг (хамтын гэр, орон сууц гэх мэт).


3.     Байрны зардлыг нэхэмжлэх

Аль нэг тал сүй тавих үед байр болон бусад амьжиргааны зардлыг төлсөн тохиолдолд Монгол Улсын шүүх авч үзэх зүйлийг жагсаав.

  • Санхүүгийн дэмжлэг сайн дурын үндсэн дээр байсан уу, эсвэл гэрээний үндсэн дээр байсан уу.

  • Нэхэмжлэгч бодит санхүүгийн хохирол амссан тухай нотлох баримт (жишээлбэл, амьжиргааны зардлыг төлөх чадваргүй болсон).

  • Нэхэмжлэгчийн санхүүгийн бие даасан байдлын түвшин. Кейсэд яригдаж буй эмэгтэй Дели хотод үл хөдлөх хөрөнгө, бизнес эзэмшдэг тул түүний санхүүгийн хараат бус байдал нь нөхөн төлбөр авах нэхэмжлэлийг сулруулж болзошгүй юм.


4.     Сэтгэл санааны хохирол

Энэтхэг улсаас ялгаатай нь Монгол Улсын шүүх харилцаагаа тасалсны улмаас сэтгэл санааны болон нэр хүндэд учирсан хохирлыг барагдуулдаггүй. Сэтгэл санааны хохирлыг хууль ёсны эрхгүйгээр хувийн асуудал гэж үзэх талтай.


Монгол, Энэтхэг, Турк улсын сүй цуцлах зохицуулалтыг хүснэгтэд харьцуулан харуулав.

Үзүүлэлт

Монгол улс

Энэтхэг улс

Турк улс

Сүй тавих статус

Албан бус ба үүрэг хүлээхгүй

Хуулийн дагуу хэрэгжих амлалт гэж үзэж болно

Иргэний бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлсэн тохиолдолд л заавал биелүүлэх ёстой

Сэтгэл санааны хохирол

Хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагатай

Нэр хүнд сэвтсэн, эсвэл сэтгэл санааны хувьд хохирсон гэж нэхэмжлэл гаргаж болно

Албан бус сүй тавьсан бол ихэвчлэн хүлээн зөвшөөрдөггүй

Нөхөн төлбөр

Материаллаг хохирлоо нотлох баримттайгаар нэхэмжилж болно

Санхүүгийн хохирлыг барагдуулах нэхэмжлэл нь нийтлэг бөгөөд хэрэгжих боломжтой

Хуримтай холбоотой гарсан зардал, эсвэл их хэмжээний зардлыг нэхэмжилж болно

Буцаах бэлэг

Томоохон, чухал бэлгийг буцааж өгөх шаардлагатай байж магадгүй

Гэрээнд өөрөөр заагаагүй бол бэлгийг буцааж өгнө

Сүй тавих үеэр солилцсон бэлгийг буцааж өгөх шаардлага гарна

Дүгнэлт

Энэтхэг улсын хуультай харьцуулахад нөхөн олговор нь материаллаг, нотлох боломжтой хохирлоор хязгаарлагддаг тул Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу энэ талын байр суурийг илүү харгалзана. Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй ч, эмэгтэйн өмнө хүн сүй тавих үүрэг хүлээсэн гэдэг нь нотлогдвол Монгол Улсын шүүх тодорхой хэсгийг буцааж өгөхийг шаардаж магадгүй. Хэрэв Энэтхэг, эсвэл Турк улсад нэхэмжлэл гаргавал, Энэтхэг улсад сэтгэл санааны хохирол, Турк улсад хуримын зардал төлөх үүрэг үүснэ.


Франц улсын иргэн Монгол улсын иргэнтэй тавьсан сүйгээ цуцалсны улмаас орон сууцны бэлэг буцаах, хохирол барагдуулах олон улсын хувийн эрх зүйн бодлого кейс



Олон улсын хувийн эрх зүйн бодлого

Олон улсын хувийн эрх зүйн бодлого

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлого #ЭрхЗүй #ОлонУлсынХувийнЭрхЗүй #Бодлого #Кейс #ҮлХөдлөхХөрөнгө #ТуркУлс #ЭнэтхэгУлс #Субъект #Объект #ХуульЗүйнФакт #ХэргийнҮйлБаримт #МонголУлсынХууль #LexReiSitae #ИргэнийХууль #LexFori #LexPatriae #LexSolutionis #ОлонУлсынИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль60Бүлэг #ОлонУлсынГэрээ #ГадаадУлсынЭрхЗүйнХэмХэмжээ #ГадаадУлсынХуулийнАгуулга #ХөөнХэлэлцэхХугацаа #ОлонУлсынИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогчид #ГадаадУлсынИргэн #ХарьяалалгүйХүн #ИргэнийЭрхЗүйнЧадвар #ИргэнийЭрхЗүйнЧадамж #ӨмчийнЭрхЗүй #ҮүргийнЭрхЗүй #Гэрээ #Хэлцэл #ГэрээнийТалуудынХуулийгСонгох #БэлэглэлийнГэрээ #CүйТавихХэлцэл #НөхөнТөлбөр #БэлэгБуцаах



2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
9 hours ago
Rated 5 out of 5 stars.

.

Like

Guest
5 days ago
Rated 5 out of 5 stars.

👍

Like
bottom of page