top of page

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

  • Writer: Хуульч Шувуухай
    Хуульч Шувуухай
  • Jan 15
  • 8 min read

Updated: 1 day ago



Захиргааны хэргийн шүүх нь захиргааны үйл ажиллагаа хууль ёсны эсэхэд гадаад буюу хөндлөнгийн хяналтыг хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүсгэсэн маргааныг шийдвэрлэх замаар хэлбэржсэн эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэгч шүүх эрх мэдлийн байгууллага юм. Зорилго нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйт төр хийгээд ардчиллыг баталгаажуулахад оршино (Г.Банзрагч).


Шүүгч хүн “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч, хуульд заасан хариуцлага хүлээнэ.” хэмээн тангараг өргөж, шүүхийн албаны нууцын баталгаа гаргана.


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулгын агуулга товч тайлбарыг инфографик зурагт буулгав.

НдЗХАШШ-ийн танилцуулгын агуулга

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түүхэн хөгжил

УИХ-аас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль[1] (ЗХХШтХ) болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг[2] (ЗХШБтХ) баталж, 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөснөөр манай улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан.


20 жилийн түүхтэй уг шүүх нь нэршлийн хувьд анх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх гэж байсан ба 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэгдсэн байна (Түүхэн замнал).


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түүхэн хөгжлийг инфографик зурагт буулгав.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түүх

Шүүхийн бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан хаагчийн дийлэнх нь залуу, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй, хоорондоо нийтэч, тусалж дэмжихэд бэлэн гэдгээ байнга илэрхийлсэн эерэг харьцаа, хандлагатай хамт олон аж. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын бүтцийн зураглалыг, бүрэлдэхүүний хамтаар бүдүүвч зургаар харуулав.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх анх байгуулахдаа 6 шүүгчтэй байсан бол 2010 онд 9 шүүгчтэй болсон. Харин өнөөдөр тус шүүх ерөнхий шүүгч 1, шүүгч 18, тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 21, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 20, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтныг оролцуулан нийт 87 орон тоотой (Тамгын газрын тайлан).


Шүүхэд ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин татах, тогтвортой ажиллуулах хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хийсэн ажлаас дурдвал: (i) шүүхийн албан хаагчийн цалин нэмэгдэж, төрийн бусад албаны цалинтай харьцуулахад харьцангуй өндөр болсон; (ii) захиргааны албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, харин үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны мөн ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар олгодог, түүнчлэн хоол, унааны зардлыг нэмэгдүүлсэн (Тамгын газрын тайлан); (iii) шүүгчийн туслахын эрх зүйн байдлын хувьд Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэгт “Шүүгчийн туслахаар гурваас доошгүй жил ажилласан бол анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй” гэж заасан байна (ШтХ).


Гэсэн хэдий ч шүүхийн албан хаагчийн цалин улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, инфляц, мөнгөний үнэ цэний уналттай харьцуулахад хангалттай бус; ажлын ачаалал болон цалин хөлсний тэнцвэргүй байдлаас шалтгаалан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажлаас гарах тохиолдол нэлээдгүй байдаг. Тухайлбал, 2023 онд өөрийн хүсэлтээр 20, өөр байгууллагад шилжсэн 14, ажлаас халсан 1 тохиолдол гарснаас 9 шүүгчийн туслах, 13 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажлаасаа гарчээ (Тамгын газрын тайлан). Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслахын 43 хувь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 65 хувь ажлаас гарсан нь хүний нөөцийн хөдөлгөөн хэт өндөр гэдгийг харуулж байна.


Шүүх тогтолцоонд эзэлж буй байр суурь

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан улсын хэмжээнд захиргааны хэрэг, маргааны 60 гаруй хувийг дангаар хянан шийдвэрлэдэг[3]


Өнгөрсөн хугацаанд тус шүүхээр үйлчлүүлж, эрхээ хамгаалуулах иргэн, байгууллагын тоо жил ирэх тутам нэмэгдэн, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга улам бүр өргөжиж ирсэн. Тухайлбал, 2004 онд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хүн, хуулийн этгээдийн гаргасан 160 нэхэмжлэлийг хүлээн авч байсан бол 2023 онд 2’514 болж 16 дахин өссөн. 2004 онд 48 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байсан бол 2023 онд 1’193 болж 25 дахин өссөн байна.


Эдгээр тоо баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шүүхийн тогтолцоонд баттай байр суурьтай, шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь захиргааны байгууллага, албан тушаалтанд хууль хэрэглээний практик, жишиг болж тогтдог сайн талтайн хажуугаар харьцангуй өндөр ажлын ачаалалтай гэдгийг харуулж байна. Үүгээр зогсохгүй, тус шүүх иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлст бодитой хувь нэмэр оруулж буйг илтгэнэ.


Хэрэг, нэхэмжлэл хуваарилах журам

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг баталдаг ба үүний дагуу шүүгчийг томилж, нэхэмжлэлийг хуваарилдаг[4] (НдЗХАШШ-ийн журам). Ингэснээр, урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шүүгчид нэхэмжлэл, хэргийг хуваарилах нөхцөлийг хангахаас гадна, шийдвэр хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болж, ердийн журмаар хянагдах хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгчид эргүүлэн хуваарилахгүй байх нөхцөл бүрддэг байна.


Шүүхийн хэрэгжүүлж буй үйлчилгээ, сургалт

Тус шүүх шүүхэд мэдүүлэх эрх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөн зэрэг төрөл бүрийн мэдээллийг нэг дороос өгөх “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг үйлчилгээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, гадагш чиглэсэн сургалтыг тогтмол хүртээмжтэй байдлаар зохион байгуулдаг[5].


“Цахим хөтөч” ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний танхимд шүүгчийн туслахыг дуудан хэргийн материалтай танилцах, мөн шүүхийн албан хаагчийн ажил, хариуцлага, харилцаа холбоотой санал хүсэлт үлдээх, үнэлгээ өгөх автомат машиныг байршуулсан нь олон нийттэй эргэх холбоотой байх нөхцөл бүрджээ.


Шүүхэд хандаж буй иргэдэд тусалж дэмжих, шаардлагатай мэдээллийг хялбараар, түргэн шуурхай өгөх зорилгоор хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь “Нээлттэй шүүх” юм. Энэ хүрээнд, шүүхэд хандан гаргаж байгаа нэхэмжлэлээ мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд өгөхөөс гадна түүнээс шаардлагатай мэдээллийг лавлаж болно. Түүнчлэн, шүүхийн байранд шүүх хуралдааныг шууд дамжуулан үзэх дэлгэцийг байршуулсан ба иргэд сонирхсон шүүх хуралдаанаа үзэх боломжтойгоос гадна, шүүх хуралдааны бичлэг архивлан хадгалагддаг тул хэргийн оролцогч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хүсэлт гарган шүүх хуралдааныг нөхөж үзэх, бүрэн эхээр нь хуулбарлан авах боломж бүрдсэн байна.


Шүүхэд байршуулсан ухаалаг самбараас бүх шатны шүүхийн хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цахим хаягийн мэдээллийг авахаас гадна түгээмэл нэхэмжлэлийн загвар байна. Мөн ухаалаг самбараас тэмдэгтийн хураамжийг тооцоолох арга, шүүх хуралдааны зарын мэдээлэл, шүүгчийн ёс зүйн талаар мэдээлэл авч болохоос гадна шүүхэд үнэлгээ өгөх санал асуулгад оролцох, хүсэлт гомдлоо цахимаар шууд гаргаж болохоор болжээ.


2023 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгч, шүүхийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр баталж, дотоод нөөц бололцоо дээр тулгуурлан 28 сургалт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 17 сургалт зохион байгуулсан байна. Тухайлбал, “Шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах”, “Шүүгчийн туслахын туршлага судлах”, “Шүүхээс гарах эрх зүйн актын төсөл боловсруулах, анхаарах асуудал”, “Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт”, “Нотлох баримт цуглуулах ажиллагаа”, “Төрийн болон албаны нууц, шүүхийн нууцын тухай ойлголт”, “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд гаргаж буй алдаа зөрчлүүд болон цаашид алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарах асуудал”, “Захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах нь”, “Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах”, “Хэрэгт авагдсан шүүхийн баримтуудыг системд бүртгэх ажиллагаа” зэрэг (Тамгын газрын тайлан).


Шүүхийн байр, шүүх хуралдааны танхим

Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 1-4 дүгээр давхарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн тамгын газар, 5-9 дүгээр давхарт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, тус шүүхийн тамгын газар байрладаг.


Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байр, байршлыг зурагт харуулав.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, байршил

Шүүхийн байрны 1 дүгээр давхарт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэхэмжлэл, хүсэлт гарган шүүхэд хандахад шүүхийн үйл ажиллагааны хөтөч бүхий самбар, түгээмэл нэхэмжлэл, хүсэлтийн хэвлэмэл загвар, брайль нэхэмжлэлийн загвар, томруулдаг шил, шүүхийн архивын лавлагааны болон улсын тэмдэгтийн хураамж төлөх Гэрэгэ машин, компьютер, принтер, цаас, ширээ, сандал, нээлттэй шүүх хуралдааны бичлэг үзэх дэлгэц байна. Мөн энэ давхарт мэдээлэл лавлагаа, бичиг хэргийн хэсэг, архив, цагдаа, урьдчилсан хэлэлцүүлгийн заал буюу сургалтын танхим, цахим шүүх хуралдааны танхим байдаг.


2 дугаар давхарт шүүх хуралдааны 5 танхим, цагдаагийн хэсэг; 3 дугаар давхарт иргэдэд үйлчлэх, уулзах хэсэг, шүүхийн албан хаагчид үнэлгээ өгөх дэлгэц, тамгын газар буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын заал, шүүгчийн туслахын 4 өрөө, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний өрөө, тамгын газрын даргын өрөө, нягтлан бодогч, нярвын өрөө, амралтын өрөө, шүүхээс гарч буй эрх зүйн акт болон тэдгээрийн цахим системд бүртгүүлсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, тоон мэдээллийг хянах дэлгэц, шүүх хуралдааны бичлэгийг сонсох хэсэг, бичиг хэргийн тоног төхөөрөмжийн байрлах хэсэг байна.


2010 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хуучин байранд байрлаж байхдаа шүүгч туслахтайгаа нэг өрөөнд суудаг байсан бол өнөөдөр шүүгчид тусдаа 4 дүгээр давхарт байрладаг ба тус давхарт нэвтрэх хаалга кодтой ба цахилгаан шатаар гарахын тулд чипийг ашигладаг. Энэ давхарт эмчийн өрөө, амралтын төв хэсэг байна.


2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн боловсон хүчний тоог нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор өнөөгийн захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд анхан болон давж заалдах шатны шүүх хамтдаа байрлахад багтаамжийн хувьд хүрэлцэхгүй тул аль нэг шүүх өөр байранд шилжин орохоор шийдвэр гарчээ.


Шүүх хуралдааны танхим

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дүрс бичлэгийн камер, микрофон, дэлгэц, прожектор, компьютер, аюул занал учирсан тохиолдолд цагдаа дуудах хонх, тусгаарлагч хана зэрэг тоноглолтой шүүх хуралдааны нийт 5 танхимтай ба үүнээс 2 нь зөвлөгөөний тасалгаатай. Шүүх хуралдааны танхимтай харьцуулахад харьцангуй энгийн, дүрс бичлэгийн камергүй урьдчилсан хэлэлцүүлгийн 1 танхимтай.


Улсын дээд шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн шүүхийн танхимтай аж. Үүний нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 8-9 дүгээр давхарт байрлах 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй “Ногоон танхим” юм. Уг танхим нь шударга ёсны илэрхийлэл болоод зогсохгүй шүүхэд хүндэтгэлтэй хандах сэтгэгдэл төрүүлэхүйц орчин бүрдүүлжээ.


Шүүх хуралдааны танхимыг тухайн шүүх хуралдаанд оролцогчдын тооноос хамаарч хуваарилдаг байна. Иргэд, байгууллагаас хүлээн авч буй нэхэмжлэл, шүүхийн шийдвэрлэх хэрэг жил ирэх тутам өсөн нэмэгдэж шүүх хуралдааны танхимын хүрэлцээ хангалтгүй болж шүүх хуралдаан хойшлох нэг шалтгаан болдог байна.

Ж.Танан


 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангий цуврал нийтлэлтэй танилцаарай.









Зүүлт тэмдэглэл

[1] 2002 оны ЗХХШтХ нь хүчингүй болж, ЗХШХШтХ 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан (ЗХШХШтХ, 2016).


[2] ЗХШБтХ нь 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай (ШН) хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон.


[3] 2024 оны эхний хагаст улсын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нийт захиргааны хэрэгт НдЗХАШШ-ийн эзлэх хувь хэмжээ 53.6 хувь байна (2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ).


[4] ЗХШХШтХ 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс батална.


[5] https://www.youtube.com/watch?v=1QuWiYd8xhk&t=28s

Ашигласан эх сурвалж

Г.Банзрагч. (2023). Захиргааны процессын эрх зүй (Хоёр дахь хэвлэл). Улаанбаатар: "Мөнхийн Үсэг" ХХК.

УИХ. (2002, 12 26). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/284


УИХ. (2002, 12 26). Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=282


НдЗХАШШ. (2024). Түүхэн замнал. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: https://admincourt.gov.mn/then-zamnal.html


НдЗХАШШ. (2024). Шүүхийн тамгын газар. НдЗХАШШ: https://admincourt.gov.mn/tamga.html


НдЗХАШШ. (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан. Улаанбаатар:

НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: https://admincourt.gov.mn/tailan/788-tamgyn-gazryn-2023-ony-yl-azhillagaany-zhiliyn-taylan-huraanguy-.html


УИХ. (2021, 1 15). Шүүхийн тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16106892006021


НдЗХАШШ. (2024, 1 23). Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам. Дүрэм, журам: https://admincourt.gov.mn/cat03/582-hereg-nehemzhlel-gomdol-hselt-hleen-avah-huvaarilah-bolon-hereg-margaanyg-hyanan-shiydverleh-shgch-shh-breldehniyg-sugalaagaar-tomiloh-nariyvchilsan-zhuram-shinechlen-batallaa.html




Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #ЗахиргааныХэргийнШүүхийнЗорилго #ШүүгчийнТангараг #НогоонТанхим #ШүүхийнБайр #ШүүхийнҮйлчилгээ #ЦахимХөтөч #НээлттэйШүүх #ШүүхийнСургалт #ШүүхийнБоловсонХүчинТатахБодлого #ШүүхийнХэрэгНэхэмжлэлХуваарилахЖурам #ШүүхТогтолцоо #ХүлээнАвсанНэхэмжлэл #ХянанШийдвэрлэсэнХэрэг #ЗахиргааныХэргийнТүүхэнХөгжил #Нэхэмжлэл #Хэрэг #ЭрхЗүйнХамгаалалт #ШүүхЭрхМэдлийнБайгууллага #ХүнийЭрхЭрхЧөлөө #ХуульЁсныАшигСонирхол #ЭрхЗүйтТөр #Ардчилал #Шүүгч #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #ШүүгчийнТуслах #ШударгаЁс #ХуульДээдлэх #ШүүгчийнЁсЗүй #ШүүхийнАлбаныНууцынБаталгаа #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхТухайХууль #ЗахиргааныХэргийнШүүхБайгуулахТухайХууль #ЗахиргааныХэргийнАнханШатны20ДугаарШүүх #АлбанХаагч #ШүүхийнТамгынГазар #ШүүхийнҮйлчилгээнийХэлтэс #ШүүхийнхэргийнХөдөлгөөнийХэлтэс #ШүүхийнЗохионБайгуулалт #ХэргийнХөдөлгөөн #ХүнийНөөцийнХөдөлгөөн #НийслэлийнЗасагЗахиргаа #ЗахиргааныХэрэгМаргаан #ХуульХэрэглээнийПрактик #ШүүхийнАчаалал #ШүүхБүрэлдэхүүн #ШинээрИлэрсэнНөхцөлБайдал #ХэргийнХөдөлгөөнийУдирдлага #ШүүхХуралдааныТанхим #ШүүхээсГарахэрхЗүйнАкт #НотлохБаримтЦуглуулахАжиллагаа #ИргэдийнТөлөөлөгч #ШүүхХуралдааныТэмдэглэл #ШүүхХуралдааныБичлэг #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа




2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 13
Rated 5 out of 5 stars.

🤩

Like

Guest
Jan 17
Rated 5 out of 5 stars.

😀

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page