Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил
- Ж.Танан
- Mar 9
- 18 min read
Дадлагын хугацаанд удирдагч шүүгчид хуваарилагдсан нэхэмжлэл, хэрэг үүсгэсэн болон татгалзсан хэргийн хавтас, бусад материалтай танилцсан.
Нэхэмжлэлтэй танилцах ажил
Хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. ШЕЗ-ийн тогтоолоор[1] баталсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын (ШЕЗ, 2018) дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд (ЗХАШШ) нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага (ГЭБДШ), нэхэмжлэлийн ихэсгэсэн буюу өөрчилсөн шаардлагыг[2] шүүхийн албан хаагч 7 хоногийн ажлын бүх өдөр, ажлын цагт ямар нэг хязгаарлалт тогтоолгүйгээр хүлээн авч, бүртгэл үйлдэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний гарын үсгийг зуруулсан байна. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт[3], дүгнэлт, даалгавар ирсэн даруйд системд бүртгэж, хуваарилсан шүүгчид 1 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Шүүгчийн туслах хууль, дүрэм, журамд заагдсан ажлын чиг үүргийг мөрдлөг болгон стандартын дагуу гүйцэтгэх зорилтын хүрээнд (i) амаар болон бичгээр ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны гомдол, хүсэлт, өргөдлийг хүлээн авч нэн даруй танилцуулах, баримт бичгийн төсөл боловсруулах, хариу мэдэгдэх; (ii) шүүгчээс гарах эрх зүйн актын төслийг тухай бүр алдаа зөрчилгүй боловсруулж шүүгчид танилцуулах үүрэгтэй байна (Албан тушаалын тодорхойлолт). Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (ХХША) явцад гарах эрх зүйн акт, баримт бичгийг хуулийн хугацаанд эцэслэн боловсруулж, системд бүртгэж, бүрэн хадгална.
2023 онд шүүгчийн туслах эрх зүйн актын 15’207 төсөл бичжээ. Нэг шүүгчийн туслахад 724 эрх зүйн акт ногдож байна (Тамгын газрын тайлан). |
Нэхэмжлэлтэй танилцахад нэн тэргүүнд шүүхэд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч бичгээр, эсхүл zakhirgaa_tg@shuukh.mn хаягаар цахим хэлбэрээр гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан эсэхийг нягтална. Мөн нэхэмжлэлд дурдсан жагсаалттай хавсаргасан нотлох баримтыг тулгах ба нэхэмжлэлд тусгагдах зүйл бүрэн буюу хуульд заасан шаардлагын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэхтэй танилцана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд (ЗХШХШтХ) заасан нэхэмжлэлд тусгагдах зүйлийг хүснэгтэд жагсаав.
ЗХШХШтХ заалт | Нэхэмжлэлд тусгагдах зүйл |
52.2.1. | нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа; |
52.2.2. | нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг; |
52.2.3. | хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг; |
52.2.4. | нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл; |
52.2.5. | улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт; |
52.2.6. | хавсаргасан баримт бичгийн жагсаалт; |
52.2.7. | холбоо барих утас, факс, цахим хаяг. |
Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй бол шүүхээс “бүрдүүлбэрдэх” гэж хэвшиж тогтсон үгээр илэрхийлэгдэх бүрдүүлбэр хангах боломж олгохоор хугацаа өгч[4] (ХХША-ны үе шат-2) “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж” гарна. Бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй хэрэг бус, харин нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангах боломжийг олгож буй хэрэг юм.
Энэ ажлын чухал хэсэг нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нягтлах байлаа. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн гол хэсэг бөгөөд нэхэмжлэгч захиргааны байгууллагын ямар хууль бус үйл ажиллагаанаас өөрийн зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хэрхэн яаж хамгаалуулах буюу сэргээлгэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, маргаан бүхий захиргааны акттай (МБА)[5] танилцаж, чухам ямар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, захиргааны актыг хэрхэх хүсэлтэй байгаатай танилцана (Зураг. Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл). Нэхэмжлэгч нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын аль нэг, эсвэл хэд хэдэн шаардлагыг бие даасан байдлаар зэрэгцүүлж, эсвэл үндсэн, дагалдах байдлаар гаргасан байж болно. Тэрчлэн, хуульд заасан журам, хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандсан эсэхийг нягтална. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд захиргааны үйл ажиллагааг яагаад хууль бус гэж үзсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж зөрчигдсөн талаарх хууль зүйн болон бодит үндэслэлээ тодорхойлсон байна. ЗХШХШтХ-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүснэгтэд харуулав.
ЗХШХШтХ заалт | Нэхэмжлэлийн шаардлага | Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл |
52.5.1. | захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд | нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; |
52.5.2. | хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд | захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх; |
52.5.3. | нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд | эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг; |
52.5.4. | захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд | ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн; |
52.5.5. | нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд | маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй; |
52.5.6. | захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд | хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн. |
Захиргааны байгууллага нь өөрийн хэрэгжүүлж буй чиг үүрэгт хамааралгүй хуулийн зөрчлийн талаар маргах, бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар гомдоллох боломжгүй байна.
Нэхэмжлэлд ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой заасан байна. Үүрэг хүлээлгэх, өөрчлөх, тогтоох гэсэн нэхэмжлэлийн үндсэн гурван төрөл байна. ЗХШ-д гаргах нэхэмжлэлийн төрөл, зорилго, шаардлагыг инфографик зурагт харуулав.

Тухайлбал, захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах; захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах; захиргааны актыг өөрчлүүлэх байна.
Захиргааны акттай холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бүрэн бол нэхэмжлэгч хэлбэржсэн эрх зүйн хамгаалалт эрэлхийлэн Захиргааны ерөнхий хуулийн (ЗЕХ) 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар (УШАЖ)[6] гомдол гаргаж, хариу авсан эсэхийг тодруулна. Энэхүү ажиллагаа нь зайлшгүй хийгдэх ёстой ба нэхэмжлэгч эхний ээлжид МБА-ыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, эсхүл тухайн актыг гаргасан байгууллагад хандан гомдол гаргасан байх ёстой байдаг. Энэхүү ажиллагаа хугацаандаа хийгдэж, тухайн байгууллага хянан шийдвэрлэж УША-тай холбоотой гомдлын хариу өгсөн баримт нэхэмжлэлд хавсарган, хэрэгт авагдсан эсэхтэй танилцана.
Захиргааны процессын хувьд хэргийн оролцогчдын тэгш бус байдлыг арилгах зорилгоор нэхэмжлэл гаргаснаар ХХША бүхэлдээ шүүхийн санаачилга, удирдлагаар хэрэгжиж эхэлдгээрээ эрүүгийн хийгээд иргэний процессын эрх зүйгээс ялгаатай. Тийм тул, шүүх нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэхээс өмнө нь ч, дараа нь ч маргааны нөхцөл байдлыг тодруулах, үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай ажиллагаа явуулна (ХХША-ны үе шат-3). Энэ хүрээнд, шүүгч хэрэг үүсэхээс өмнө нэхэмжлэл, хүсэлтийг тодруулах, холбогдох этгээдээс тайлбар, баримтыг гаргуулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийнэ. Захиргааны байгууллага нь хэргийн оролцогч биш, хариуцагчаар татагдаагүй байсан ч шүүхийн шаардсан баримтыг өгөх үүрэгтэй байна. Субъектийн эрхийн зөрчлөөс үүдсэн маргаан байх тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж буй эсэхийг зайлшгүй тодруулах бол энэ нь объектив эрх олгогдсон этгээдийн нэхэмжлэлийн хувьд эцэстээ захиргааны үйл ажиллагаа дахь хуулийн зөрчил арилгах тул хамаарахгүй.
Бүрдүүлбэр хангаад ирсэн нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хангуулсан шүүгчид 1 хоногийн дотор хүлээлгэн өгсөн байна. Харин тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол шүүгч уг нэхэмжлэлийг буцаадаг ба шүүгчийн туслах “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах тухай шүүгчийн захирамж”-ийг гарсан өдөрт нь ёсчлуулж, нэхэмжлэгчид 1 хоногийн дотор мэдэгдсэн байна. Нэхэмжлэгчээс шүүгчийн шаардсан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган нэхэмжлэлийг дахин өгсөн хугацааг нэхэмжлэл гаргасан хугацаа гэж үзэхгүй. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд үүсэх үр дагавар тодорхойгүй ба дахин нэхэмжлэл хэдийд ч гаргаж болно.
Үүнээс гадна, шүүгч нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзаж болно (ХХША-ны үе шат-4). ЗХШХШтХ-д заасан шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тохиолдлыг хүснэгтэд харуулав.
ЗХШХШтХ заалт | Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тохиолдол |
54.1.1. | ЗХШ-ийн харьяаллын бус; |
54.1.2. | тухайн ЗХШ-ийн харьяаллын бус; |
54.1.3. | ЗЕХ-ийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар УШШ-ыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; |
54.1.4. | нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; |
54.1.5. | нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; |
54.1.6. | нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; |
54.1.7. | нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй; |
54.1.8. | энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн[7]. |
Шүүгчийн туслах “Нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж”-ийг гарсан өдөрт нь нэхэмжлэгч, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, харьяаллын бус, гаргах эрхгүй этгээд гаргасан, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа шалтгаанаар буцаасан тохиолдолд нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргасан ч хэрэг үүсэхгүй байх үр дагавартай.
Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл, нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор “Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж” гаргана. Тайлбарлавал, ЗХШ өөрийн санаачилгаар бус зөвхөн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр захиргааны хэрэг үүсгэнэ (ХХША-ны үе шат-5). Шүүгч хариуцагчийг дуудан ирүүлж, хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7 хоног, орон нутагт 14 хоногийн дотор нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, эдгээрийг баримтжуулна. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэх ба инфографик зургаар товч тайлбарын хамт харуулав.

Нэхэмжлэлд хариуцагчаар хэнийг татсан байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, гомдол шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гомдол шийдвэрлэсэн байгууллагыг хариуцагчаар татах шаардлагагүй. Харин хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн анхны захиргааны актыг гаргасан этгээдийг хариуцагчаар татна. Түүнчлэн, нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй байна.
Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг цаг алдахгүй гаргуулахад зориулан тендер, татвар, улсын бүртгэл, төрийн алба, газар гэх зэрэг маргааны төрлөөр болон захиргааны байгууллагаар ялган шүүхэд хандан гаргах түгээмэл нэхэмжлэлийг шууд нөхөж бичихээр хэвлэмэл байдлаар загварт оруулан цахим хуудсанд болон шүүхийн байрны нэг давхарт байршуулсан. Иргэдийн хэрэгцээнд зориулан компьютер, принтер ч байна. Загварын дор маргааны төрлөөс хамааран зайлшгүй хийгдэх УШАЖ-ын дагуу хандах байгууллага, хугацаа, зохицуулах хуулийн заалтыг заан анхааруулан тодорхой тайлбарласан. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэлийн загварыг ашиглаагүй байх, зайлшгүй хавсаргах баримтыг дутуу өгөх, нотлох баримтыг шаардлага хангаагүй хавсаргах, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг орхигдуулах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ойлгомжгүй тодорхойлох зэрэг дутагдал элбэг гардаг. Маргааны төрөл, түүнээс хамааран анхаарах зүйлийг нэхэмжлэлийн загвараас түүвэрлэн хүснэгтэд нэгтгэн харуулав (Нэхэмжлэлийн загварууд).
Маргааны төрөл | Анхаарах зүйл |
Тендерийн маргаан | Тендерийн маргаантай холбоотойгоор шүүхэд хандах нэхэмжлэлд тендерт оролцогч нь шүүхэд хандахын өмнө заавал ТБОНӨХБАҮХАтХ-ийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл, гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт[8], захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн Сангийн яаманд тус тус ажлын 5 өдрийн дотор гаргаж хариу авсан байх ёстой (ТБОНӨХБАҮХАтХ, 2023)-ийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг. |
Татварын маргаан | Татварын маргаанаар нэхэмжлэл гаргах буюу нэхэмжлэгч нь Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахын өмнө дээд шатны байгууллага болон маргаан таслах зөвлөлд тус тус УШАЖ-аар хандаж, хариу авсан байх ёстой (ТЕХ, 2019)-ийн 47 дугаар зүйлийн 47.19 дэх хэсэг. |
Улсын бүртгэлийн маргаан | Улсын аливаа бүртгэлийг хууль бус гэж үзвэл, шүүхэд хандахын өмнө заавал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар УШАЖ-аар хандаж, хариу авсан байх ёстой (УБЕХ, 2018)-ийн 22 дугаар зүйл 22.1 дэх хэсэг. |
Төрийн алба | Төрийн жинхэнэ албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, ажил албан тушаал буруулсан гэж үзвэл, шүүхэд хандахын өмнө заавал Төрийн албаны төв болон салбар зөвлөлд УШАЖ-аар хандах ёстой (ТАтХ, 2017)-ийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэг. Харин Төрийн жинхэнэ албан хаагч, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл, энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно (ТАтХ, 2017)-ийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг. |
Газрын маргаан | Дүүргийн засаг даргын хууль бус захиргааны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар шүүхэд хандахын өмнө заавал Нийслэлийн засаг даргад УШАЖ-аар хандах ёстой (ГтХ, 2002)-ийн 603 дугаар зүйлийн 603.6 дахь хэсэг. |
Дурдсан түгээмэл маргаанаас гадна, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хохирсон этгээд хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж болдог ч цөөн тохиолддог. Энэ тохиолдолд, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс, эсвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад тодорхой бичиж, холбогдох нотлох баримтыг гарган өгнө. Энгийнээр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн актыг хүчингүй болгох бус, харин хохирлыг барагдуулах тухай бичих нь зүйтэй (Шүүхийн шийдвэр, 2022) (Магадлал, 2023).
2023 онд тус шүүхэд нийт 2’514 нэхэмжлэл ирсэн ба нэг шүүгчид 110 нэхэмжлэл ногдож байна (НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан). |
Тусгай журмаар шийдвэрлэх маргаан
ЗХШХШтХ-ийн 11 дүгээр бүлэгт тусгай журмаар шийдвэрлэх маргааныг зохицуулсан. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодит хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудалтай холбоотой зарим төрлийн маргааныг шүүхээр түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс хянан шийдвэрлэх үе шатыг алгасаж, ХХША-ны ердийн хугацааг богиносгосон байдаг. Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх (ЗХДЗШШ) анхан шатны журмаар[9], Улсын дээд шүүх (УДШ) давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ.
Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсанаар: (i) хэрэг үүсэхээс өмнө ЗХШ-ээс явуулах ажиллагаа; (ii) нэхэмжлэгч, нэхэмжлэл гаргах эрхтэй субъект, хариуцагчаар түгээмэл татагддаг захиргааны байгууллага; (iii) хуульд заасан шаардлагын дагуу нэхэмжлэлд тусгагдах зүйл, хангах бүрдүүлбэр; (iv) нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл; (v) УШАЖ, түүний хугацаа; (vi) шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалздаг тохиолдол; (vii) нэхэмжлэлийн төрөл, анхаарах зүйл; (viii) нэхэмжлэлийн улам өргөжиж буй агуулга; (ix) тусгай журмаар шийдвэрлэх маргааныг мэдэж авах зэрэг ач тустай байв.
Хавтас хэрэгтэй танилцах ажил
Захиргааны хэрэг үүсмэгц хэргийн дугаарыг системээс өгөгдсөн бүртгэлийн индексийг авч хавтас хэрэг нээнэ (Хэргийн индекс). Захиргааны хэрэг гэдэгт өргөн агуулгаараа ЗХШ-ээс нэхэмжлэл, хүсэлт, гомдлоор хянан шийдвэрлэж буй маргааныг ойлгоно. Эдгээрийн ялгааг инфографик зурагт харуулав.

Нэхэмжлэлийг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны эсрэг гаргана. Хүсэлтийг эрх зүйн хамгаалалт авах түр зуурын шинжтэй шүүхийн шийдвэр гаргуулах зорилгоор гаргана. Харин гомдлыг хуульчийн хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан хариуцлага тооцуулахаар гаргана.
Захиргааны хэрэг гэдэгт нарийвчилсан агуулгаараа зөвхөн нэхэмжлэлээр үүсэх маргааныг ойлгоно. Тиймээс, тайланд нэхэмжлэлээр үүссэн хэргийг голчлон авч үзсэн болно.
Шүүгч нэхэмжлэл хүлээн авч хэрэг үүсгэхээс гадна, харьяалал тогтоолгож ирүүлсэн буюу шилжиж ирсэн, дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон, ШИНБ-ын улмаас шийдвэр нь хүчингүй болсон хэргийг хүлээн авна.
Хавтас хэргийг хөтлөх нь шүүгчийн туслахын албан тушаалын чиг үүргийн нэг юм. Хавтас хэргийн эхэнд бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой нэхэмжлэл байна. Түүний араас нэхэмжлэлд хавсаргасан материал авагдана. Гол зүйлийн нэг нь нэхэмжлэгч өмгөөлөгч авсан бол түүнтэй байгуулсан гэрээ, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид (НИТ) төлөөлөх эрх олгосон баримт бичиг буюу итгэмжлэлийг хавсаргасан эсэхийг шалгана.
Үүний дараагаар, хариуцагчийн хариу тайлбарыг уншиж танилцах нь зүйтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шалтгааны талаар мэдээллийг авна. Тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримт гаргаж ирүүлсэн байж болно.
Шүүх хуралдаан товлохоос өмнө, зөвхөн ЗХАШШ-д хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримттай[10] танилцана. ЗХШ хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал, ЗХШ талуудын эрх тэгш байдлыг хангах үүднээс нотлох баримтыг цуглуулах, үнэн бодит байдлыг шалгах, үнэлэх, нягтлах, дүгнэх үүргийг гүйцэтгэнэ (ХХША-ны үе шат-6). Тийм учир, ЗХШ нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. Цаашилбал, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна. Нотлох баримтын ангиллыг инфографик зурагт буулгав.

Нотлох баримт нь хэд хэдэн төрөл байна. Бичмэл нотлох баримт гэдэг нь гэрээ, гэрчилгээ зэрэг бичгийн хэлбэртэй байна. Эд мөрийн нотлох баримт нь хэв, дуу, дүрсний бичлэг зэрэг биет эд зүйл байна. Үзлэгийн тэмдэглэл нь үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл хэлбэртэй байна. Шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухаан, техникийн үнэлгээ юм. Гэрчийн мэдүүлэг гэдэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүний мэдүүлгийг хэлнэ. Хилийн чанадын нотлох баримт нь гадаад улсаас ирсэн нотлох баримт юм. Мөн шүүхийн даалгавар нотлох баримт болно. Өөрөөр хэлбэл, бусад шүүхэд даалгах ажиллагаа юм.
Тайлбарлавал, шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчийг дуудан мэдүүлэг авч, хэргийн газартай биечлэн танилцаж, үзлэгийг хийх, шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний байгаа газарт нь үзлэг хийх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах ба энэ тухай тэмдэглэл хөтөлж, уг үйл ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулж баримтжуулсан байна.
Товчхондоо, нотлох баримт гаргаж өгөх нь хэргийн оролцогчид хамаатай бол нотлох баримтыг цуглуулах нь шүүхэд хамаатай ажиллагаа юм. Тийм тул, хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, түүний эх сурвалжийг заах үүрэгтэй. Нотлох баримтад үндэслэсэн хэргийн нөхцөл байдал гэдэг нь бодит байдлын талаар шүүгчийн төсөөллөөр бий болсон дүр зураг, дотоод итгэл учир бодит байдалд аль болох нийцсэн байх аваас шүүхийн шийдвэр эцэстээ оновчтой гарна.
Анхан шатны шүүх хуралдаан дуусахаас өмнө нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны, эсвэл нэхэмжлэл гаргах үедээ гаргаж өгөх боломжгүй буюу чадахгүй байсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ батлах шинэ нөхцөл байдал, нотлох баримт, хууль зүйн тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгөхийг хориглоогүй байдаг.
Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг танилцуулах бүрд захиргааны ХХША-нд хэрэглэгдэх баримтыг үйлдэнэ.
Шүүх хэргийн оролцогчийг татан оролцуулсан байж болно. Итгэмжлэлээр шинээр орж ирж буй хэргийн оролцогчоор “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан” баримтад гарын үсэг зуруулж хавтас хэрэгт авна.
Дээрх үйл ажиллагаа бүр нь тавигдсан стандартын дагуу баримтаар хэрэгт авагдсан байх ба тухай бүр ЗХШ-ээс эрх зүйн акт гарна. Тухайлбал, шүүхийн зүгээс хэрэг үүсгэх захирамж, мэдэгдэх хуудас, хэргийн оролцогчид нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх, үүрэг тайлбарласан баримт, хэргийн материалтай танилцуулсан баримт, хүсэлт хэлэлцэх ажиллагааны тэмдэглэл, шүүхээс цуглуулсан бусад баримт, ХХША-ны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, захирамж, тогтоол гардуулсан, танилцуулсан баримт, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүхийн бүх материал, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдааныг товлон зарласан захирамж, шүүх хуралдааныг мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байна. Мөн шүүх хуралдаан болон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэл хөтлөгдөх ба хавтас хэрэгт авагдана.
2023 онд шүүгчийн туслах 1’350 удаа нэхэмжлэл гардуулж, эрх, үүрэг тайлбарлажээ (Тамгын газрын тайлан). Нэг шүүгчийн туслахад жилд дунджаар 64 нэхэмжлэл ногдоно. |
Хэрэг, маргаанд гуравдагч этгээд оролцож байгаа бол түүний тайлбар, нотлох баримт, хүсэлт байна. Мөн шүүхээс гэрч дуудсан бол түүний мэдүүлэг, шинжээч оролцсон бол түүний дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл байна.
Хавтас хэргийн төгсгөлд анхан шатны шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол, шүүгчийн тусгай санал, шийдвэр гардуулсан буюу танилцсан баримт байна.
Хавтас хэрэгт давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн баримт авагдана. Тэрчлэн, шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт, шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас, ШИНБ-ын улмаас хэргийг хянуулах хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой бүх баримт байна.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргасан байж болно. Нэхэмжлэлийн бусад төрлийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй, хэрэглэх нөхцөл нь хязгаарлагдмал. Тухайлбал, хэргийн хариуцагчаас бусад оролцогч гаргахгүй; зөвхөн захиргааны гэрээтэй холбоотой маргаанд гаргана; үндсэн нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх шүүхэд гаргана; үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна; сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална.
Эцэст нь архивд хүлээлгэн өгөх хяналтын хуудсыг бэлдэж, баримтжуулах ба энэ нь хавтас хэргийн сүүлийн хуудас байна.
2023 онд шүүгчийн туслах 422 хэрэг архивлажээ (Тамгын газрын тайлан). Нэг шүүгчийн туслах жилд дунджаар 20, сард дунджаар 2 хэрэг архивд шилжүүлсэн байна. |
Хавтас хэрэг товьёглон хөтлөх ажил нь хавтас хэрэгт шинээр материал авагдах бүрд шинэчлэх, талууд шаардлагатай бичиг баримттай танилцахад туслах, хэргийн мэдээллийг лавлахад бэлэн байлгах зэрэг ХХША-ны тасралтгүй байдлыг хангах төв цэг юм.
Дадлагын хугацаанд хавтас хэрэгтэй танилцаж дуусаад байранд нь буцаан тавьж байсан ба баримт бичгийг салгаж, гээгдүүлэхээс болгоомжлон ажилласан. Гол нь хавтас хэрэгтэй танилцсанаар: (i) хэрэг, маргааны төрөл; (ii) бүртгэл хөтлөлт; (iii) хавтас хэрэгт зайлшгүй авагдах баримт бичиг, материал, холбоотой үйлдэгдэх баримт; (iv) захиргааны ХХША, хуулийн хэрэглээ; (v) эрх зүйн акт гарах тохиолдол; (vi) хэрэг үүсгэсний дараа хийгдэх ажиллагаа; (vii) хэрэгт авагдах нотлох баримтын төрөл; (viii) нотлох баримт цуглуулах үйл явц, түүнд өгөгдөх хугацаа; (ix) хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүгчийн санаачилгаар шүүхээс хийгдэх бусад ажиллагаа зэргийг мэдэж авсан.
Хавтас хэрэг үдэж цэгцлэх ажил
Хэргийн баримт бичгийг хавтас хэрэгт үдэхдээ тогтсон стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Архивд хүлээлгэн өгөх журмын дагуу хавтас хэргийг эмхлэн цэгцэлж А4 хэмжээтэй цаасны дээрээс болон доороос 7.5 см хэмжээгээр цоолж үдэх ба зайлшгүй дугаарлана. Хэргийн нэг хавтас нийт 250 хуудастай байх ба урд талдаа товьёгтой байна.
Хавтас хэргийн эхэнд бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой нэхэмжлэл, харин түүний хойноос анхны гаргасан нэхэмжлэлийг оруулна, мөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт байна.
Үүнээс гадна, шүүх итгэмжлэл бүхий этгээдтэй харьцах ёстой ба итгэмжлэл хуульд заасан зохих шаардлагын дагуу авагдаагүй бол процессын алдаа болно. Тиймээс, хавтас хэрэгт итгэмжлэл авагдсан, хуулийн шаардлага хангасан эсэхийг заавал шалгах хэрэгтэй байдаг. Хавтас хэрэгтэй танилцахад дөхөм болгох үүднээс нэхэмжлэгч өмгөөлөгч авсан бол түүнтэй байгуулсан гэрээ (НӨ), эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөөлөх эрх олгосон бол түүнийг баримтжуулсан итгэмжлэл (НИТ), хариуцагч талаас мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөөлөх эрх олгосон баримт бичиг буюу итгэмжлэл (ХИТ), гуравдагч этгээд (ГЭ), түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч (ГЭИТ) болон МБА дээр түр тэмдэглэл буюу стикер нааж ялгана.
Шүүхээс нотлох баримт гаргуулах албан тоот явуулж, үүний дагуу нотлох баримт шинээр ирүүлбэл албан тоотын араас хавтас хэрэгт үднэ. Ойлгомжтой хэлбэл, хавтас хэрэгт баримтыг зорилго дагуу дараалуулан байршуулна.
Шүүх хуралдааны тэмдэглэлийн араас холбогдон гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэрийг хавтас хэрэгт оруулах ба эдгээртэй танилцсан баримт бичгийг хойно нь дарааллын дагуу хавтас хэрэгт авна.
Хэрэгт шинээр баримт бичиг авагдах бүрд хэргийн материалыг дахин дугаарладаг. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хавтас хэрэгтэй хэдий ч танилцах хүсэлт гаргаж магад тул баримт бичиг гээгдэх, дутах, алга болохоос сэргийлэн хэргийн материалыг хэд хэдэн удаа дугаарлах ажил урган гарна.
Хавтас хэрэг үдэж цэгцлэх ажил нь механик мэт боловч олон талын ач холбогдолтой тул төвөгшөөлгүй хийснээр: (i) хавтас хэрэгтэй харьцаж сурсан; (ii) хэргийн материалтай үр дүнтэй, дэс дараатай танилцах ур чадварыг эзэмшсэн; (iii) мэдрэмж авсан, дүйтэй болсон гэж дүгнэж болно.
Хяналтын хуудас
Дадлагын хугацаанд хавтас хэргийг дугаарлаж, хяналтын хуудсыг бөглөж бэлдэхэд тусалсан. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдол, давж заалдах журмаар гаргасан гомдол, хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэрэг шилжүүлэхэд хяналтын хуудсыг бэлдэнэ. Энэхүү ажил нь хавтас хэрэг үдэж бэлдэхтэй нэгэн зэрэг хийгдэх ба стандарт маягт дээр заасан ажиллагааны нэр, хуудасны дугаарыг тэмдэглэнэ. Уг хяналтын хуудсанд шүүгчид хянуулсан огноо, шүүгчийн гарын үсэг, хөтөлсөн шүүгчийн туслахын нэр, гарын үсэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн огноо, гарын үсэг зайлшгүй байна. Хэрэг дутуу хянаж хүргүүлснээс шалтгаалж хүчингүй болсон шийдвэрт нэхэмжлэл хүлээн авсан дардасгүй, тэмдэглэл гарын үсэггүй, захирамж, шийдвэрт тамга дараагүй, хэрэг шилжүүлсэн зөвлөгөөний тогтоол хэрэгт байхгүй, итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй зэрэг түгээмэл зөрчил гардаг байна.
Алдаа мадаг гарвал процессын алдаад тооцогдон улмаар хэрэг дээд шатны шүүхээс буцах магадлалтай тул хяналтын хуудсыг бөглөх ажлыг анхааралтай, нягт нямбай хийж гүйцэтгэнэ. Энэ ажлыг хийснээр процессын алдааны улмаас дээд шатны шүүхээс хэрэг буцаагдах тохиолдлыг мэдэж авах үр дүнтэй байлаа.
Ж.Танан
Мэргэжлийн дадлагын тайлан
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай.
Зүүлт тэмдэглэл
[1] Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт” батлах тухай ШЕЗ-ийн 2007 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болсон ба шинэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон.
[2] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.1 заалтад заасны дагуу “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр ЗХШ-д гаргасан өргөдлийг хэлнэ. https://www.youtube.com/watch?v=tTM551Z8ZUo&t=244s
[3] Хүсэлт гэдэгт нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх хүсэлт хамаарна.
[4] ЗХШХШтХ 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл нь ЗХШХШтХ 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.
[5] Захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт зэрэг тодорхой эрх зүйн үр дагавар бүхий захиргааны үйл ажиллагааны эрх зүйн хэлбэр.
[6] ЗЕХ-ийн 92-94 дүгээр зүйл
92 дугаар зүйл. Захиргааны актад гомдол гаргах
92.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.
92.2.Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь ИТБАТГӨГШтХ-ийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
93 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага
93.1.Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.
93.2.Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно.
94 дүгээр зүйл. Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа
94.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.
94.2.Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.
94.3.Гомдлыг ИТБАТГӨГШтХ-д заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө.
94.4.Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.
[7] ЗХШХШтХ 14 дүгээр зүйл
14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ЗЕХ-д заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ЗХШ-д 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;
14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол.
14.2.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг ЗЕХд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.3.Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.4.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.
[8] Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монополын эсрэг газар болон нэрээ өөрчилсөн.
[9] ЗХШХШтХ 112 дугаар зүйл. Тусгай журмаар шийдвэрлэх маргаан
112.1.Дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:
112.1.1.улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан;
112.1.2.аймаг хоорондын, эсхүл аймаг, нийслэлийн хоорондын маргаан;
112.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан;
112.1.4.Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан;
112.1.5.Засгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан;
112.1.6.хуулиар тусгайлан заасан бусад маргаан.
[10] ЗХШХШтХ 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.
Ашигласан эх сурвалж
ШЕЗ. (2018, 12 13). ШЕЗ-ийн тогтоол. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
НдЗХАШШ. (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
НдЗХАШШ. (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан. Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
НдЗХАШШ. (2022, 12 22). НдЗХАШШ-ийн Шийдвэр. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан.
ЗХДЗШШ. (2023, 3 23). ЗХДЗШШ-ийн Магадлал. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан.
НдЗХАШШ. (2023). НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан. Улаанбаатар: НдЗХАШШ.
ШЕЗ. (2014, 1 10). Хэргийн индексийн журам. ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
УИХ. (2023, 6 16). Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
УИХ. (2018, 6 21). Улсын бүртгэлийн ерөнхий хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2017, 12 07). Төрийн албаны тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
УИХ. (2002, 6 07). Газрын тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #ШүүхэдИрүүлсэнМатериалтайТанилцахАжил #Шүүгч #Нэхэмжлэл #Хэрэг #Хавтас #ЗахиргааныБайгууллага #Хүн #ХуулийнЭтгээд #АлбанТушаалтан #НийтийнАшигСонирхлыгТөлөөлөхЭрхБүхийЭтгээд #ШүүхийнЕрөнхийЗөвлөл #ЗахиргааныХэрэг #ХэргийнХөдөлгөөнийНийтлэгАргачлал #СөрөгНэхэмжлэл #НэхэмжлэлийнИхэсгэсэнШаардлага #НэхэмжлэлийнШаардлага #МэдээлэлЛавлагааныМэргэжилтэн #Даалгавар #Гомдол #Хүсэлт #ШүүгчийнТуслах #ЭрхЗүйнАкт #БаримтБичиг #ХуулийнХугацаа #НэхэмжлэгчийнТөлөөлөгч #Төлөөлөгч #Өмгөөлөгч #НэхэмжлэлийнБүрдүүлбэр #ЗахиргааныХэрэгШүүхэдХянанШийдвэрлэхТухайХууль #ЗахиргааныПроцессынХууль #НэхэмжлэлдТусгагдахЗүйл #УлсынТэмдэгтийнХураамж #МаргаанБүхийЗахиргааныАкт #ЗахиргааныХэргийнШүүх #НэхэмжлэлийнШаардлагынҮндэслэл #ТогтоохНэхэмжлэл #ҮүрэгХүлээлгэхНэхэмжлэл #ӨөрчлөхНэхэмжлэл #ЗахиргааныАкт #ЗахиргааныХэмХэмжээнийАкт #ЗахигааныГэрээ #ШүүхийнШийдвэр #ЭрхЗүйнНөхцөлБайдал #ЭрхЗүйнХарилцаа #ИлтХуульБус #ХүчинТөгөлдөрБус #ХохиролГаргуулах #Хариуцагч #ЭрхЗүйнАчХолбогдолБүхийНөхцөлБайдал #ХэлбэржсэнЭрхЗүйнХамгаалалт #УрьдчиланШийдвэрлүүлэхАжиллагаа #Маргаан #ХуульЁсныАшигСонирхол #ГуравдагчЭтгээд #ГазрынМаргаан #ТөрийнАлба #УлсынБүртгэлийнМаргаан #ТатварынМаргаан #ТендерийнМаргаан #ТусгайЖурмаарШийдвэрлэхМаргаан #ХэргийнДугаар #ШүүхийнДаалгавар #НотлохБаримт #ҮзлэгийнТэмдэглэл #ГэрчийнМэдүүлэг
😍
🌟🌟🌟🌟🌟