Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил
- Ж.Танан
- 6 days ago
- 3 min read
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил
Захиргааны хэргийн шүүх үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, гэрчийг асуух зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийдэг байна. Дадлагын хугацаанд газар дээр үзлэг хийхэд байлцсан бөгөөд нэг үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон (ХХША-ны үе шат-6).
1 дэх хэрэг. Газар эзэмших гэрчилгээг цуцалсан Нийслэлийн засаг даргад холбогдох маргаан
Маргаан бүхий акттай холбоотой газар дээр очиж үзлэг хийхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс оролцох байтал зөвхөн нэхэмжлэгч талаас оролцсон. Уг ажиллагааны явцыг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж, ямар ажиллагааг хэн, хэзээ явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хүн бүрийн ургийн овог, эцгийн (эх) нэр, өөрийн нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичсэн. Мөн тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болно гэсний дагуу нөхцөл байдлыг илтгэсэн гэрэл зураг дарж, газар дээрх эд хөрөнгийг бичин авч, уг ажиллагааг явуулсан этгээд, оролцсон болон байлцсан бүх хүнээр гарын үсэг зуруулсан.
Хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хариуцагчийг эзгүйд явуулсан болно.
ЗХШХШтХ 41 дүгээр зүйлийн 41.2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь ЗХШХШтХ-ийн 41.1-д заасан ажиллагааг явуулахад саад болохгүй (ЗХШХШтХ).
2 дахь хэрэг. СӨХ-ны эзэмшлийн газрыг хувь этгээдэд шилжүүлсэн Нийслэлийн засаг даргад холбогдох маргаан
Өмнөх хэргийн адил үзлэг хийхээр очиход нэхэмжлэгч талаас байлцсан боловч хариуцагч мөн оролцоогүй. Хөндлөнгийн гэрчээр байлцаж, хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгч гарын үсэг зурсан ба тодорхой зүйл байгаагүй тул санал гаргаагүй.
ЗХШХШтХ 41 дүгээр зүйлийн 41.3. Хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна; 41.4. Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй; 41.5. Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй (ЗХШХШтХ).
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарах шүүхийн зардал
Шүүхээс ХХША-тай холбогдон зайлшгүй гарсан шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна, хэргийн оролцогчоор нөхөн төлүүлдэг. Үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан шүүхийн зардал нөхөн төлөх тал, тохиолдлыг хүснэгтэд харуулав.
Хүснэгт 1 Үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан шүүхийн зардал нөхөн төлөх тал
Тохиолдол | Зардал нөхөн төлөх тал |
Нэхэмжлэл бүрэн хангагдсан | Хариуцагч |
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон | Нэхэмжлэгч |
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан | Хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилна |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан | Нэхэмжлэгч |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан | Хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг 50 хувиар хөнгөлнө |
Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр тодорхойлж хэргийн оролцогчоор улсын төсөвт тушаалгадаг.
Хүснэгт 2 Нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлөх, хэсэгчлэн төлүүлэх нөхцөл
Тохиолдол | Чөлөөлөх нөхцөл |
Хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал | Нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлж болно |
Тухайн этгээдийн эд хөрөнгийн болон бусад харгалзан үзэх үндэслэл байвал | Шүүхийн зардлыг нөхөн төлөх хэмжээг багасгах, хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно |
нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд байвал | Шүүхийн зардлаас чөлөөлнө |
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцсанаар: (i) шүүхээс хийгдэх ажиллагаа; (ii) ажиллагааны явц, агуулга, дүн; (iii) оролцогч талуудын эрх, үүрэг; (iv) хариуцагчийг эзгүйд үзлэг хийх хуульд заасан тохиолдол; (v) хөтлөх тэмдэглэл, үйлдэх баримт; (vi) тэмдэглэлд хавсаргах хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зүйлс; (vii) хөндлөнгийн гэрч байлцуулахын учир утга, түүний эрх, үүрэг; (viii) холбогдон гарах зардлыг хариуцах тал, түүнийг нөхөн төлүүлэх, чөлөөлөх тохиолдол зэргийг мэдэж авсан.
Ж.Танан
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай.
Ашигласан эх сурвалж
УИХ. (2016, 2 04). Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныХэргийнШүүх #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #Шүүх #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #Хэрэг #Маргаан #ҮзлэгХийх #ШүүхээсХийгдэхАжиллагаа #ОролцогчТалынЭрхҮүрэг #ХариуцагчийнЭзгүйдҮзлэхХийх #ТэмдэглэлХөтлөх #ГэрэлЗурагАвах #БаримтҮйлдэх #ХөндлөнгийнГэрч #ШүүхийнЗардал #ШүүхийнЗардалНөхөнТөлүүлэх #ШүүхийнЗардлаасЧөлөөлөх #ЗахиргааныХэрэгШүүхэдХянанШийдвэрлэхТухайХууль #СӨХ #НийслэлийнЗасагДарга #ГазрынМаргаан
👍