Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд
- Ж.Танан
- May 9, 2024
- 3 min read
Updated: Mar 11
Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг, төсөв бүхэлдээ уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний экспортын орлогоос хамааралтай болжээ. Тоо баримтаас дурдвал, сүүлийн оны байдлаар уг салбар нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 1/4, нийт экспортын орлогын 93, нийт валютын нөөцийн 97 хувийг дангаар бүрдүүлсэн нь эл салбар эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх болсныг илтгэнэ.
Уул уурхайн салбарын хэт түргэн тэлэлт өргөжилтөөс эдийн засгийн бүтцэд өөрчлөлт гарч, Монгол улс татварын орлого, тэр дундаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын татвараар төсвийн орлогын дунджаар 26 хувийг бүрдүүлж, дахин хуваарилж байна.
Төсвийн орлого нь олон улсын зах зээлийн түүхий эдийн үнэ, гадаад худалдааны нөхцөл зэргээс шалтгаалан хэлбэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого нь эдийн засгийн өсөлтийг бүрдүүлдэг хэдий ч, төсвийн орлогын савлагааг үүсгэдэг хүчин зүйл болдог. Түүхий эдийн үнэ өндөр, баялгийн орлого ихтэй байх үед эерэг нөлөөтэй ч буух үед үзүүлэх нөлөө нь төсвийн алдагдлыг тэлж, улсын зээлийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Улмаар, улсын зээл жил ирэх тутам өсөх хандлагатай болоод байна.
Харин төсвийн зарлага нь төрөөс баримталж буй бодлогын хүрээнд, тэтгэвэр, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах зэрэг нийгмийн халамжид тогтмол зарцуулагддаг. Гэсэн хэдий ч тав тухтай тэтгэвэр, эрүүл мэндийн халамж үйлчилгээ авч чадахгүй, ядуу амьдралтай олон мянган хүн байсаар байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүний тоонд ногдох тэтгэвэр авдаг хүний тооны харьцаа өсөж, хүн амын дундаж наслалт нэмэгдэж, тэтгэвэрт гарснаас хойш амьдрах хугацаа уртсах тусам, төрөөс тэтгэвэрт гарах насыг өндөр тогтоох, эсвэл Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс өөр сонголтгүй болгоод байна. Түүнчлэн, нийгмийн даатгалд хамралтын түвшин өндөр ч Нийгмийн даатгалын сан нь хуримтлалтай бус алдагдалтай, тэр нь өсөж байгаа нь төрийн халамжийн зардал цаашид улам нэмэгдэх болохыг харуулж байна.
Цалин хөлснөөс авах шимтгэл, татварыг нэмэх нь ажиллах хүчинд ачаалал, дарамт үзүүлж байна. Уул уурхайн салбарт нийт ажиллах хүчний таван хувь л ажилладаг нь үлдсэн 95 хувийн хувьд орлого багатай, зээлжих, эрсдэл даах чадвар муу байх нөхцөл болж, орлогын тэнцвэргүй байдалтай болсон. Үндэсний эдийн засаг дотор баян ядуугийн ялгаа хэвийн байдлаас хэтэрч, ялгарал гүнзгийрэх төлөвтэй байгаа.
Иргэдийн орлогын туйлшралаас шалтгаалан орлого багатай нийгмийн хэсэг чанар муутай, хямд үнэтэй барааны эрэлтийг бий болгодог ч, нийт эрэлтэд жин дарж чаддаггүй байна. Харин өндөр орлоготой цөөн хэсгээс зах зээл дээр үнэтэй барааны эрэлтийг бий болгож, абсолют дүнгээр нийт эрэлтийн зонхилох хувийг эзэмшин, макро эдийн засгийн нийт эрэлтийг төлөөлдөг. Энэ үзэгдэл нь эргээд дотоодын үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг хязгаарладаг. Нөгөө талаас, өрхийн орлого халамж, тэтгэмжээс хамааралтай байгаа нь ажилгүйдэл их болсны илрэл бөгөөд үндэсний бүтээгдэхүүний эрэлт багасах, цаашлаад макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэх аюултай.
Эрүүл мэндийн албан журмын даатгалын дагуу цалин хөлснөөс болон ажил олгогчоос тэнцүү хувийг авч хуримтлуулдаг ч, энэ нь орчин цагийн анагаах ухааны дэвшилтэт эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүрэлцэхгүй юм. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч, өөрөө хариуцан төлдөг иргэдийн тоо буурч, төсвөөс хариуцдаг хэсэг өссөн байгаа нь төрийн зардлыг нэмэгдүүлж, Эрүүл мэндийн даатгалын сан алдагдал хүлээсэн байна. Хүмүүс өнөөдрийн орлогоосоо 20-30 жилийн дараа эрүүл мэндийн гарч болзошгүй зардалд зориулан хуримтлуулах сонголтыг хийхгүй, хийе ч гэсэн эдийн засгийн бололцоо байхгүй байна.
Өрхийн орлого нь амьжиргаагаа хангахаас давж чадахгүй байдалд хүрч, хуримтлал үүсгэх боломжгүй болоод байна. Гэтэл хуримтлал бий болгохын тулд хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг өсгөх шаардлагатай ч, аж ахуйн нэгж ашигт ажиллагаатай байж чадахгүй байгаа нь цалинг нэмэх боломжгүй байдалд хүргээд байна.
Хуримтлал байхгүйгээс банк болон бусад санхүүгийн зуучлагчид урт хугацааны зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд хангалттай нийлүүлж чадахгүй байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн хөгжил шууд хамаарах ба өнөөгийн санхүүгийн зах зээлд банк давамгайлсан хэвээр байна. Эдийн засгийн хямрал, инфляцын өсөлттэй холбоотойгоор хадгаламжаас гадна үнэт цаасанд тодорхой хэмжээний хөрөнгө байршиж байгаа ч, хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болохуйц хэмжээнд биш байна. Байгууллагын хөрөнгө оруулагчид бий болохгүй, хувьцааны үнийн өсөлт, өөрчлөлтөөс үр ашиг хүртэх боломжгүй байна.
Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэхийг хичээж ажилладаг ч үүнд олон жилийн, тууштай бодлого шаардлагатай. Харин нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнийн өөрчлөлтөд өртөмхий, хэт хамааралтай нөхцөл байдалд зах зээлийн бусад салбарын өрсөлдөх чадвар буурч, шахагдаж; урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээр үйл ажиллагаагаа тэтгэж, өсөлтийг түргэсгэх боломж байхгүйгээс аж ахуйн нэгж ашигт ажиллагаатай байж чадахгүй болоод байна.
Үүнээс үүдэн эдийн засгийн бусад салбарт халамж өгөхөөс бараг өөр хувилбаргүй, ганц арга замтай нь үр ашигтай байж, орлогын ялгааг тэнцвэржүүлж чадахгүй байгаа дээр, олон асуудлыг шийдэх шаардлагын улмаас төрийн байгууллагууд улам бүр нүсэр, өндөр зардалтай болж байна. Тэр хэмжээгээр хүнд суртал нэмэгдэж, авлига хээл хахуулийн асуудал тасрахгүй байгаа билээ.
Энэхүү хоорондоо уялдаатай, эргэх холбоот цикл нь тасралтгүй үргэлжлэх бөгөөд урт хугацаанд өрийн дарамт улам бүр нэмэгдэж, өрх, аж ахуйн нэгж, улс орны санхүүд хүндээр тусаж, эдийн засгийг хүнд байдалд оруулахаар байна.
Ж.Танан

#LawyerBirdie #ХуульчШувухай #НийгэмЭдийнЗасгийнТулгамдсанАсуудлууд #ЭрхЗүйнБлог #НийгэмЭдийнЗасгийнСудалгаа #ТоонШинжилгээ #FinancierBirdie #СанхүүчШувуухай #УулУурхайнСалбарынМанлайлал #ТөсвийнАлдагдал #ГадаадӨрЗээл #ОрлогынТэгшБусБайдал #Ядуурал #Ажилгүйдэл #НийгмийнДаатгал #ЭрүүлМэндийнДаатгал #ӨрхийнОрлого #Хуримтлал #АшигтАжиллагаа #АжАхуйнНэгж
.