Нийгмийн гэрээний онол
- Ж.Танан
- May 24, 2024
- 2 min read
Updated: Jan 22
Т.Гоббс, Ж.Локк, Ж.Руссо зэрэг сэтгэгчдийн хүн төрөлхтний соёл иргэншлийн талаар нарийн нандин бүтээлүүдэд, хувь хүмүүс болон тэдний амьдарч буй нийгэм хоорондын харилцааг нийгмийн гэрээний үзэл баримтлалаар тайлбарласан байдаг. Нийгмийн гэрээний онол нь нийгэм дэх эрх мэдэл, засаглалын гарал үүсэл, хувь хүмүүсийн эрх, үүрэг хариуцлагын талаар гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Нийгмийн гэрээний онолын дагуу хувь хүмүүс эрхээ хамгаалах, аюулгүй байдлаа хадгалахын тулд өөрсдийн эрх чөлөөний заримаас сайн дураар татгалзаж, эрх бүхий байгууллагад захирагдахыг зөвшөөрдөг. Энэхүү үзэл баримтлал нь нийгэм хэрхэн бүрэлддэг, хувь хүмүүс юуны учир төрийн тогтоосон дүрэм, журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрдөг талаар тайлбарладаг аж.
Английн философич, орчин үеийн улс төрийн философийг үндэслэгчдийн нэг Т.Гоббс (1588-1679) “Левиафан” хэмээх бүтээлдээ байгалийн захиргааны үед хүмүүний амьдрал ганцаардмал, ядуу, муухай, харгис, богинохон байсан нөхцөл байдлыг гайхалтай дүрсэлсэн байдаг. Уг бүтээлд хувь хүмүүс тайван байдлаа хамгаалах, засаглалгүй нийгэмд үүсэх эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэрээ байгуулж, төв эрх мэдлийг Левиафанд олгодог. Дэг журам сахиулах, иргэдийн эрхийг хамгаалах бүрэн эрхт эрх мэдлийг төлөөлдөг Левиафан нь Иудейн сударт гардаг далайд амьдардаг домгийн амьтан бөгөөд зохиолч төрийг тэрхүү амьтантай зүйрлэсэн байдаг. Гоббсын “Левиафан” бүтээл нь нийгмийн гэрээний онолыг шинжлэх ухааны онолын түвшинд боловсруулсан гэж тооцогддог.
Харин Английн философич, эрх чөлөөний философийн үндэслэгч Ж.Локк (1632-1704) байгалийн байдлыг илүү өөдрөгөөр харж, хувь хүмүүс төрөлхийн эрх чөлөөтэй, үүнийхээ дагуу өмч хөрөнгөтэй болдог, эрхээ илүү үр дүнтэй хангахын тулд нийгмийн гэрээ байгуулдаг гэж үзсэн. Түүний үзлээр төрийн үүрэг нь үнэмлэхүй биш, харин хязгаарлагдмал байхын зэрэгцээ төр орших үндэс нь иргэдийнхээ эрх, өмчийг хамгаалахад оршидог гэжээ. Локкийн санааг АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал зэрэг баримт бичгийг боловсруулахад ашиглан, тусгасан байдаг.
Францын философич Ж.Руссо (1712-1778) “Ерөнхий хүсэл зориг” гэсэн ойлголтыг танилцуулж, нийтийн сайн сайхныг тусгасан хууль тогтоомжийг боловсруулахад иргэд хамт олноороо оролцох үед жинхэнэ ардчилал бий болно гэж үзсэн. Руссогийн хэлснээр, хувь хүмүүс өөрсдийгөө ямар нэгэн тодорхой захирагч, засгийн газарт бус, бүхэлд нь хамт олонд даатгана гэжээ. Эрх мэдлийн хууль ёсны байдал нь ардчилал, ард түмний бүрэн эрхт байдлын зарчмуудтай нягт уялдаж, удирддаг хүмүүсийн зөвшөөрлөөс үүдэлтэй гэжээ.
Хэдийгээр нийгмийн гэрээний онол нь нөлөө бүхий онол хэдий ч хэд хэдэн шүүмжлэлтэй тулсан байдаг. Тухайлбал, төргүй нийгэм байсан бол түүнийг бий болгох талаар гэрээ байгуулах байсан гэх тааварлан зөвшөөрөлт нь эмпирик нотолгоо дутмаг төдийгүй бодит ертөнцийн хүчний динамик болон нийгмийн тэгш бус байдлыг тайлбарлаж чадахгүй гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч нийгмийн гэрээний онол нь төрийн хууль ёсны байдал, хувь хүний эрх, эрх чөлөө, эрх мэдлийн тэнцвэрт байдлын талаарх эргэцүүлэн бодох үндэс суурь болдог.
Улс төрийн философийн нийгмийн гэрээний онол нь нийгмийн харилцааны бүтцийг тодорхойлж, үндсэн зарчим болсон. Гоббсын Левиафан, Локкийн жам ёсны эрх, Руссогийн ерөнхий хүсэл зориг нь засаглал, иргэншил, олон нийтийн хүсэл тэмүүллийн талаарх ойлголтыг бүрдүүлжээ. Хэдий тийм байтал эцэст нь, "Албадлага хэрэгждэг, эрхээ хасуулсан нийгэмд хувь хүмүүс нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрөх үү?" гэсэн асуултын хариултыг өгөх шаардлага байсаар байгааг тэмдэглэн үлдээх нь зөв болов уу.
Ж.Танан

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ТөрийнОнол #НийгмийнГэрээнийОнол #SocialContract #Гоббс #Локк #Руссо #Левиафан #ЖамЁсныЭрх #ЕрөнхийХүсэлЗориг #Левиафан #ШударгаЁс #ХүнийЭрх #НийгмийнҮндэс #Засаглал #АрдТүмнийХүсэл #ҮндсэнХууль #ЭрхЧөлөө #ӨмчХөрөнгө #НийгмийнТогтолцоо #ЭрхМэдлийнТэнцвэр #ТөрийнТогтоосонДүрэм #ТөрийнҮүрэг #Ардчилал #НийгмийнЭмпирикШүүмжлэл #ТөрийнХуульЁсныБайдал #ШүүмжлэлтОйлголт #ХүчнийДинамик #ТэгшБайдал #ТөрийнЗарчим #НийгмийнТэгшБайдал #ОлонНийтийнХүсэл #СэтгэгчдийнҮзэл #НийгмийнТүгшүүр #ХувьХүнийТөлөөлөл #ШударгаТогтолцоо #УлсТөрийнФилософи #АрдТүмнийЭрх
😍
.