Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил
- Ж.Танан
- 3 days ago
- 5 min read
Системд эрх зүйн акт байршуулах ажил
Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд (shuukh.mn) хэрэглэгчийн эрх, нууц үг ашиглан нэвтэрч шүүхийн шийдвэрийг байршуулах ажлыг тогтмол хийнэ. Цахим санд байршуулсан шүүхийн шийдвэрийг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга шалгаж, тэр дундаа хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой хориотой үгийг зохих байдлаар нууцлаагүй бол тухай бүр мэдэгдэж засвар оруулахыг даалгадаг байна. Түүнчлэн, хандах эрхээр Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд нэвтэрч ХХША-ны үе шат бүрд эрх зүйн актыг бүрэн гүйцэт хөрвүүлэх ажлыг хийнэ. Эдгээрийг хийхдээ системийн нууцлал, аюулгүй байдлыг ханган ажиллах ёстой тул гардан хийлгүйгээр, мэдээллийг оруулж байхад хажуугаас харж, ажлын байран дээр ажиглалт хийн суралцсан.
2023 онд 734 хэрэг шүүхийн шийдвэрийн цахим санд оруулжээ (Тамгын газрын тайлан). Нэг шүүгчийн туслах жилд 35 хэрэг цахим санд байршуулсан байна. |
Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд орчин үеийн технологи, программ хангамжийн дэвшлийг нэвтрүүлж, хөгжлийн үр шимийг хүртсэнээр явц харьцангуй хялбар болж, хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж байна. Ингэснээр хэргийн мэдээлэл үнэн зөв болохын дээр хүртээмжтэй байдал сайжирчээ.
Системд эрх зүйн акт байршуулахыг сурснаар: (i) шүүгчийн туслахын үйл ажиллагаандаа ашигладаг программын хэрэглээ; (ii) системийн нууцлал, аюулгүй байдал; (iii) хяналт, алдаа засах, залруулах үйл явц; (iv) системд эрх зүйн акт байршуулах, хөрвүүлэх хугацаа зэргийг мэдэж авсан.
Мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил
Монгол Улсад мөрдөгдөж буй хүчинтэй 926 эрх зүйн акт байдгаас[1] Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ дийлэнх хувийг ашигладаг онцлогтой. Дадлагын турш ЗЕХ; ЗХШХШтХ; ШтХ; ИТБАТГӨГШтХ болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, аргачлал, тэдгээрийн хэрэглээтэй танилцаж, хууль хэрэглээний талаар ихийг мэдэж авсан.
Хууль зүйн мэдээлэл авах эх сурвалжийг бүдүүвч зурагт нэгтгэн харуулав.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс хууль тогтоомжийг олж уншихдаа хуулийн бүтцийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, аливаа хуулийн зорилго эхэнд байх бол, процессын хуулийн эцэст маргаан гарсан тохиолдолд хэрхэн шийдэх талаар тусгасан байна. Хууль нь тодорхой бүлэг хэсэгт хуваагддаг бөгөөд хэсэг болгон тодорхой агуулгаар хязгаарлагдана. Хуулийн нэгдүгээр хэсэг буюу нийтлэг үндэслэл бусад хэсэгтэй хэрхэн харьцахыг анхаарна. Үүнээс гадна, хуулийн зүйл, хэсэг, заалт, дэд заалтын ялгаа, урд байрлах тэмдэглэгээ, бусад цонхыг үр бүтээлтэй ашиглаж сурав.
Дадлагын хугацаанд шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн цахим санд мэдээлэл оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ явцад цахим сангаас үр дүнтэй хайлт хийх хэд хэдэн аргыг сурсан. Тухайлбал, хэргийн индексийг ашиглан тухайн хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг зориулалтын цахим хуудас болон мэдээллийн бусад тоног төхөөрөмжөөр дамжуулан авна. Хэргийн индексийн салшгүй бүрдэл нь шүүхийн нэрийн тоон илэрхийлэл байна. Жишээлбэл, НдЗХАШШ 128, ЗХДЗШШ 221, УДШ 001 (Хэргийн индекс). Шүүхийн нэрийн тоон илэрхийллээр хайлт хийхэд зөвхөн тухайн шүүхийн шийдвэр гарна. Цуваа цэгээр орлуулж нууцалсан үгийн[2] үсгийн тоо нь цэгийн тоотой тэнцүү биш тул үүнийг ашиглан үгийг тайлах гэж оролдох нь үр дүнгүй.
Үүнээс гадна, шүүхийн шийдвэр, хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүх хуралдааны мэдээлэл авах бусад эх сурвалжийг олж мэдсэн ба жагсаалтыг хүснэгтэд нэгтгэн харуулав.
Хүснэгт 1 Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны мэдээлэл авах эх сурвалж
Д/д | Эх сурвалж | Тайлбар |
1. | Бүх шүүхийн хаяг байршил, шүүхийн талаарх мэдээ, мэдээлэл, мөн шүүхээс гарсан шийдвэрүүдийг нээлттэй үзэж болно. Цахим санд нийтэлсэн шийдвэрийн жагсаалтаас огноо, түлхүүр үг, шүүх, шүүгч, маргааны төрөл, хэргийн индекс, шийдвэрийн дугаар, хүчинтэй эсэхээр нарийвчлан хайлт хийн шүүхийн шийдвэртэй танилцах боломжтой. | |
2. | Цахим систем нь зарласан, хойшилсон, дууссан шүүх хуралдааны тоо болон шүүх хуралдааны огноо, шүүхийн нэр, хэргийн оролцогч, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүх бүрэлдэхүүний мэдээллийг агуулна. Тухайлсан шүүх хуралдааны мэдээлэл хэсэгт: шүүгч, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, маргааны төрөл, танхим, хэргийн индекс, хурлын огноо, цаг, минут; шүүх хуралдааны ирц хэсэгт: нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд; шүүх хуралдааны явц хэсэгт: шүүх хуралдаан үргэлжилж байна, хойшилсон зэрэг нь үндэслэл, тайлбарын хамт байна. Тухайлбал, хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан тул хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан гэх зэрэг мэдээллийг шууд тухайн мөчид авна. Түүнчлэн шүүх хуралдааны тойм, товын талаар мэдээлэл авах боломжтой. | |
3. | Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системийн нэгэн адил шүүхийн цахим хуудаст шүүх хуралдаан болох огноо, цаг, минут, шүүх хуралдааны танхим, нэхэмжлэгч, хариуцагч, шүүгчийн талаар тодорхой дурдсан шүүх хуралдааны мэдээлэл байхын дээр урьдчилсан хэлэлцүүлгийн зар байна. | |
4. | Шүүхийн шийдвэрийн сан: Дээд шүүхийн 14’000+ тогтоолоос хайлт хийх боломжтой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн сан: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс түлхүүр үр, төрөл бүрийн шүүлтүүрээр хайлт хийх, олон төрлийн диаграмм графикийг харьцуулах, дүгнэлт гаргах боломжтой. Шүүхийн шийдвэрийн хураангуй сан: Хууль хэрэглээ, практикийн түвшинд ач холбогдолтой, жишиг болохуйц шүүхийн шийдвэрүүдийн товч хураангуй байна. Хуулийн тайлбарын сан: Энэхүү сан 1984 оноос өнөөг хүртэл хугацаанд гарсан Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмжүүдээс бүрдсэн бөгөөд түлхүүр үг болон эрх зүйн салбар, он, дугаар зэрэг шүүлтүүрээр хайлт хийх боломжтой. Үүнээс гадна, баримт бичгийн загварын сан, лекц, хурал, хэлэлцүүлгийн видео бичлэгийн сан, видео хичээлийн сан байна. |
Тухайлсан дүрэм журам зэргийн талаар мэдээлэл авах хэд хэдэн эх сурвалжтай олж танилцаж, тэдгээрт агуулагдаж буй мэдээллийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа дахь практик хэрэглээг сурсан. Мэдээлэл олж авах эх сурвалж болон тэдгээрт агуулах мэдээллийн жишээг хүснэгтээр харуулав.
Хүснэгт 2 Дүрэм, журам, аргачлалын мэдээлэл авах эх сурвалж, агуулах мэдээллийн жишээ
Д/д | Эх сурвалж | Агуулах мэдээллийн жишээ |
1. | Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, “ЗХШ-ийн шийдвэрийн загвар”. | |
2. | Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал. | |
3. | Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. |
Цахим эх сурвалжаас гадна, Улсын дээд шүүхээс эрхлэн гаргадаг онол арга зүйн улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл, арга зүйн улирал тутам эмхэтгэн толилуулдаг “Шүүх эрх мэдэл” сэтгүүл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргадаг “Судалгаа тайлангийн эмхэтгэл”, Улсын Их Хурлын албан мэдээлэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэл зэргээс мэдээлэл авах боломжтой. Эдгээр болон бусад сэтгүүл, эмхэтгэлийн дугаар шүүхэд хадгалагддаг тул чөлөө зав гарсан үедээ танилцаж, хэрэгцээтэй мэдээллээ авч эрх зүйн мэдлэгээ өргөжүүлсэн билээ.
Мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдсэнээр: (i) хууль тогтоомжтой танилцах; (ii) хуульд орсон сүүлийн үеийн өөрчлөлт, нэмэлтийн талаар мэдээлэлтэй байх; (iii) цахим сангаас үр дүнтэй хайлт хийх аргыг сурах; (iv) шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны мэдээлэл, дүрэм журам, онол, арга зүй, судалгааны мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх; (v) шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа дахь дүрэм журмын практик хэрэглээг сурах ач тустай байв.
Ж.Танан
Ашигласан эх сурвалж
НдЗХАШШ. (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан. Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
ШЕЗ. (2014, 1 10). Хэргийн индексийн журам. ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #МэргэжлийнДадлага #ЭрхЗүйнАктБайршуулах #ШүүхийнШийдвэр #ЦахимСан #ХуульчийнДадлага #ЗахиргааныХэргийнШүүх #ШүүхийнСистем #LegaldataMN #ShuukhMN #ШүүхХуралдаан #ШүүхийнМэдээлэл #МэдээллийнЭхСурвалж #ШүүхийнЦахимСистем #ШүүхийнШийдвэрХайх #ЦахимШүүх #ДадлагыТайлан #ХуульчМэргэжил #ШүүхЭрхМэдэл #ХуульЗүйнСистем
👍