top of page

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • 5 days ago
  • 22 min read

Updated: 1 day ago



Хавтас хэрэг танилцуулах ажил

Шүүгчийн туслах нь шүүгч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн бусад нэгжийн хооронд холбоо харилцааг тасралтгүй, алдаа мадаггүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (ХХША) жигд, тасралтгүй, доголдолгүй хуульд заасан шаардлага, хугацааг ханган явагдана.


Дадлагын хугацаанд хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хавтас хэргийг танилцуулж, баримт, материалтай танилцахад байлцаж, танилцсан баримтыг үйлдсэн болно (ХХША-ны үе шат-6).

2023 онд шүүгчийн туслах 4’298 удаа хэргийн материал танилцуулжээ (Тамгын газрын тайлан). Нэг шүүгчийн туслах жилд дунджаар 205 удаа буюу сард дунджаар 17 удаа хэргийн материал танилцуулсан байна.

Монгол улсын шүүхийн индекс тайланд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн материалтай бүрэн бөгөөд тухай бүр танилцах боломжоор хангагддаг гэсэн үзүүлэлт хамгийн сайн үнэлгээ авчээ (Шүүхийн индекс 2023).

Хавтас хэргийг танилцуулах ажлыг хийснээр: (i) хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчтэй уялдаа холбоотой ажиллах; (ii) тэдэнтэй үр дүнтэй харьцах; (iii) тэдний зүгээс тавьдаг түгээмэл асуулт, шаардлагыг ойлгох; (iv) ХХША явуулахад шаардлагатай мэдээллийг хүргэх; (v) хавтас хэргээс баримт бичиг, материал дутаж, үрэгдэхээс сэргийлэх зэргийг ойлгосон ач тустай байв.


Шүүх хуралдааны тов мэдэгдэх ажил

Шүүгчийн туслах шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох зорилтын хүрээнд хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдэх чиг үүргийг гүйцэтгэнэ (ХХША-ны үе шат-9). Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас, факс, мессеж, цахим шуудангаар мэдэгддэг. Дадлагын хугацаанд шүүх хуралдааны огноо, цаг, минутын товыг утсаар мэдэгдэж, баримтыг үйлдэхэд хажуугаас ажигласан. Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтын тайлбар хэсэгт хэргийн оролцогчийн хэлсэн зүйлийг тэмдэглэдэг. Жишээлбэл, “…….. дугаараар холбогдоход - За, ойлголоо”, “Утас холбогдох боломжгүй байсан тул зурвас үлдээв”, “…….. дугаараар холбогдоход - Өөр шүүх хуралдаантай давхцаж байгаа тул оролцох боломжгүй – Хүсэлтээ бичгээр шүүхэд өгнө” гэх мэт.


Шүүх хуралдааны товыг ажлын 7 хоногийн өмнө, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг ажлын 3 хоногийн өмнө тухай бүр мэдэгдэнэ. Шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга (ШХНБД) тус бүр шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн хуанли хөтөлнө. Хуанли хөтлөх нь бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааныг тухайн шүүгчийн хуралтай давхцуулахгүй байх, товыг мэдэгдэхэд хэрэглэх, шүүгчид ажлын 5 өдрөөс нэг өдрийг хэргийн материалтай танилцах зэрэг бусад ажилд зарцуулахаар чөлөөтэй үлдээх олон талын хэрэглээтэй байна.


Шүүх хуралдааны товыг мэдэгдэж, баримтыг үйлдэхэд хажуугаас ажигласнаар: (i) шүүх хуралдааны товыг гаргах; (ii) хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох боломж, орон нутгаас оролцож байгаа хэргийн оролцогч байгаа бол ирж оролцох боломжтой хугацаа, шүүгчийн цагийн хуваарь, шүүх танхимын хүртээмж зэрэг олон зүйлийг нэг дор зохицуулах ур чадвар эзэмших; (iii) хуанли хөтлөх; (iv) хэрэг, маргаан, тэдгээртэй холбоотой хийх ажиллагааг эрэмбэлэх; (v) биечлэн болон зайнаас харилцахын тулд товч тодорхой, ойлгомжтой байдлаар санаагаа илэрхийлэх зэрэг харилцааны ур чадвар хөгжүүлэх; (vi) шүүх байгууллагын үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулахад төлөвлөн ажиллах шаардлагыг ухамсарлах; (vii) хийж буй ажлыг баримтжуулах; (viii) хэргийн оролцогчийн гаргадаг түгээмэл зан авир зэргийг олж мэдэх өгөөжтэй байлаа.


Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах шалгуур, сонгох процедур, эрх, үүрэгтэй танилцах, ажилласан цагийн тооцооны аргачлал сурах ажил

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг, маргааныг шийдвэрлэхэд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын иргэн юм.


Иргэдийн төлөөлөгчид тавигдах шалгуур

Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход шалгуур хангасан байна. Үүнд:

  • 25 нас хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн байх;

  • Тухайн шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

  • Ял шийтгүүлж байгаагүй;

  • Сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны ХХША-ны хэргийн оролцогч бус байх;

  • Монгол хэлээр чөлөөтэй ярьж ойлгодог байх;

  • Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх.


Үндэс, угсаа, арьсны өнгө, нас хүйс, мэргэжил, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, боловсролоос үл хамааран шаардлага хангасан бол иргэн иргэдийн төлөөлөгчөөр жилд нэг удаа ажиллах боломжтой.


Иргэдийн төлөөлөгчийг сонгох процедур

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох шаардлага хангасан иргэдээс тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэнийг сонгох ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) баталсан журмаар тодорхой зохицуулжээ (Иргэдийн төлөөлөгч сонгох журам). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагааны үе шатыг инфографик зурагт харуулав.


Зураг 1 Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагааны үе шат

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагааны үе шат

Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг шүүхийн тамгын газрын дарга тушаал гарган баталдаг. Үүний дараагаар, дэд жагсаалтаас сугалаагаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг баталгаажуулах тэмдэглэлийг үйлддэг байна (ХХША-ны үе шат-9).


Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг

Иргэдийн төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхийн байранд хавтас хэрэг, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч, гэрч, шинжээч, гуравдагч этгээдэд асуулт тавих, нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах, нотлох баримт шинжлэхэд оролцох, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт гаргах, түүнийгээ шүүх хуралдаанд уншиж сонсгох ажил хийдэг. Ажлаа хийхдээ өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг задруулахгүй байх, хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ (ЗХШХШтХ, 2016).


Иргэдийн төлөөлөгч захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дуусахаас өмнө өөрийн дүгнэлтээ гаргах ёстой. Дүгнэлтэд маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар оруулна. Дүгнэлтийг бичгээр, хүндэтгэн үзэх шалтгаантай бол амаар гаргаж, шүүх хуралдаанд уншиж сонсгоно (Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага)).


Иргэдийн төлөөлөгчийн ажилласан цагийн тооцоо

Иргэдийн төлөөлөгчийн ажилласан цагийн тооцоог шүүгчийн туслах хэргийн материалтай танилцсан болон шүүх хуралдаанд оролцсон тоог нэг бүрчлэн түүж нэгтгэн, ШХНБД хянадаг байна. Энэ нь хянуур байдлыг шаардсан ажил байв. Тус шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэний цагийн бүртгэлийг хавсаргав (Хавсралт. Иргэдийн төлөөлөгчийн цагийн бүртгэл).

2023 онд НдЗХАШШ-ийн 52 шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн шүүх хуралдаанд 52 иргэдийн төлөөлөгч оролцжээ (2023 оны шүүн таслах ажиллагааны мэдээ).

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах шалгуур, сонгох процедур, эрх, үүрэгтэй танилцах, ажилласан цагийн тооцооны аргачлалыг сурснаар: (i) иргэдийн төлөөлөгч, түүнд тавигдах шалгуур; (ii) сонгох процедур; (iii) эрх, үүрэг; (iii) ажлын үнэлэмж зэргийг мэдэж авсан.


Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахад туслах ажил

ШХНБД шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах ажлаас гадна, шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах (ХХША-ны үе шат-9), хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем хөтлөх чиг үүргийг гүйцэтгэнэ.


Шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд холбогдох ажиллагааг хийж танилцуулахаас гадна, шүүх хуралдаан хэвийн явагдах нөхцөл байдлыг хангана. ШХНБД-ын шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд хийх ажлыг хүснэгтэд жагсаав.


Хүснэгт 1 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд хийх ажлын жагсаалт

Д/д

Чиг үүрэг

1.

Шүүх хуралдааны зар тавих.

2.

Шүүх бүрэлдэхүүний нэрсийг байршуулах.

3.

Шүүх хуралдааны танхимын дуу болон дүрсний бичлэг хийх тоног төхөөрөмж, нотлох баримт шинжлэн судлах тоног төхөөрөмж, микрофон, компьютер, диктафон, проектор гэх мэт техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах.

4.

Шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчдын нэрсийг шүүгчийн туслахаас авах.

5.

Шүүх хуралдаанд дуудагдсан оролцогчдын нэрсийг бүртгэх, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг биеийн байцаалт шалгах.

6.

Шүүх хуралдааны оролцогчдыг шүүх хуралдааны танхимд суух байршлыг зааж өгөх.

7.

Шүүх хуралдаанд дуудагдсан оролцогчид дуу, дүрсний бичлэг хийгдэхийг танилцуулж микрофонд хандан мэдүүлэхийг анхааруулах.

8.

Шүүх хуралдаанд оролцогчийг шүүх хуралдааны танхимд гар утас болон техник хэрэгслийг унтраахыг сануулах.

9.

Шүүх бүрэлдэхүүн ирмэгц дуу дүрсний бичлэг болон диктафоныг асаах, шүүхэд хүндэтгэл үзүүлэн босохыг сануулах.

10.

Шүүх хуралдааны оролцогчдын ирц илтгэх, ирээгүй оролцогчдын шалтгааныг танилцуулах.

11.

Иргэдийн төлөөлөгч тангараг өргөх ажиллагаанд шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчид босож хүндэтгэл үзүүлэхийг сануулах.

12.

Хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулах.

13.

Эд мөрийн баримт шинжлэн судлах төхөөрөмж ажиллуулах.

14.

Нотлох баримт шинжлэн судлахад талуудад хэргийг хүлээлгэн өгөх, авах.

15.

Шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх үед дуу, дүрсний бичлэгийн тоног төхөөрөмжийг унтраах.

16.

Шүүх хуралдааны танхимд эд зүйл үлдсэн эсэхийг шалгаж, авч гарахыг сануулах.

17.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, шийдвэр сонсгохын өмнө шүүх хуралдаанд оролцогчийг суудлаасаа босохыг сануулах.

18.

Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулсны дараа техник, тоног төхөөрөмжийг унтраах.

19.

Шүүх хуралдааны танхимыг лацдаж цагдаад хүлээлгэн өгөх.

Эх сурвалж: ШХНБД-ын албан тушаалын тодорхойлолтоос (НдЗХАШШ, 2020)


Дуу дүрсний бичлэг болон диктафоныг асаахаа мартах тохиолдолд баримтгүй үлдэх ноцтой үр дагавартай бол, шүүх хуралдааны завсарлагааны үеэр дуу дүрсний бичлэг болон диктафоныг унтраахыг мартах нь мөн адил сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тиймээс эдгээр болон бусад ажлыг нэн хариуцлагатай хийх ёстой.


Үүнээс гадна, ШХНБД шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системд мэдээллийг оруулах хариуцлагатай ажлыг хийнэ (Мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил).

2023 онд ШХНБД 2’314 шүүх хуралдааныг дууны болон дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж, 3’921 шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэл хангаж, 4’739 шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системд мэдээллийг байршуулжээ (Тамгын газрын тайлан). Нэг ШХНБД жилд дунджаар 116 шүүх хуралдааныг дууны болон дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж, 196 шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэл хангаж, 237 шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системд мэдээллийг байршуулсан байна.

ШХНБД-ын ажлын чиг үүрэгтэй танилцаж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх ажилд туслалцаа үзүүлж, шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах ажлыг хийх явцад ажлын байран дээр хөндлөнгөөс ажиглалт хийж, харилцсанаар: (i) ХХША, тэр дундаа шүүх хуралдааны дэг; (ii) шүүх хуралдааны явц; (iii) шүүх хуралдааныг жигд явуулахыг баталгаажуулах ажиллагаа; (iv) шүүх хуралдааны зохион байгуулалт; (v) шүүхийн үйл ажиллагааны хууль тогтоомж, дүрэмтэй нийцэл зэрэг хуулийн чиглэлээр суралцаж байгаагийн хувьд өргөн мэдээлэлтэй, үнэ цэнтэй ойлголтуудыг авсан.


Шүүх хуралдааны болон урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөх ажил

Дадлагын хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, тодруулах зүйлийг шүүгчийн туслах, ШХНБД-аас асууж, сайжруулалт хийсэн (Хавсралт. Шүүх хуралдааны тэмдэглэл). Шүүх хуралдааны үеэр үйлдэх тэмдэглэлийг хуульд зааж зохицуулсан ба хүснэгтэд харуулав.


Хүснэгт 2 Шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх тохиолдол

ЗХШХШтХ заалт

Шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх тохиолдол

42.1.1.

анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд;

42.1.2.

давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байгаа бол.

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах ажил нь ШХНБД-ын гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажлын нэг бөгөөд тэмдэглэлийн төслийг 5 хоногийн дотор шүүгч, шүүгчийн туслахад хүлээлгэн өгч шүүх хуралдааны тэмдэглэл хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулна. Тэмдэглэлийг 7 хоногийн дотор албажуулж шүүх хуралдааны даргалагч, ШХНБД хуудас бүрд гарын үсэг зурж, оролцогчид танилцуулдаг. Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцсанаас хойш засвар оруулах санал хүсэлт гаргавал хүсэлтийг хэлэлцэхэд ШХНБД оролцоно.


Тэмдэглэлийг Монгол хэлний зөв бичгийн дүрмийн дагуу утга найруулгын алдаагүй бичихээс гадна хуралдааны явц бүрийг тусгахын тулд бичлэгийг удаа дараа давтан сонсдог, цаг хугацаа үлэмж зарцуулдаг, анхаарал, нямбай байдлыг шаарддаг ажил байв.

2023 онд ШХНБД 3’921 шүүх хуралдаан болон урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтөлжээ (Тамгын газрын тайлан). Нэг ШХНБД жилд дунджаар 196 тэмдэглэл хөтөлсөн байна.

Шүүх хуралдааны болон урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хөтөлснөөр: (i) шүүх хуралдааны болон урьдчилсан хэлэлцүүлгийн үйл ажиллагаа, түүний бүтэц, шүүх хуралдааны дэгийг практик дээр сахин биелүүлж байгаатай танилцах; (ii) протокол хөтлөх арга барил эзэмших; (iii) хуулийн зүйл, хэсэг, заалт, дэд заалтыг нэг бүрчлэн тусгаснаар түүний хэрэглээг ойлгох; (iv) хуралдааны явц бүрийг протоколд бичгээр тусгах арга барил эзэмших; (v) эрх зүйн баримт бичгийг үнэн зөв хөтлөхийн чухлыг ухамсарлах; (vi) шүүх хуралдааны үед хэргийн оролцогч болон бусад оролцогчийн хийсэн үйлдлийг албан ёсны тэмдэглэлд бичгээр тусгах чадварт суралцах зэрэг сайн талтай байв. Үүн дээр нэмээд (vii) зарим шүүх хуралдаан дээр шүүхээс гарах шүүгчийн захирамж, тогтоол, шийдвэрийг танилцуулсны дараа шүүгч хэргийн оролцогчид шийдвэрийн агуулгыг дэлгэрүүлэн тайлбарлаж, зөвлөгөөг[1] тусгайлан хэлж өгдөг тул суралцах зүйл нэг бус байсныг хэлэх нь зүйтэй.


Шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох ажил

Дадлагын хугацаанд шүүгч, шүүгчийн туслахын зөвшөөрсөн шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлэгт ажиглагчаар сууж, тэмдэглэл хөтөлж, асуултын жагсаалтыг бэлдэж удирдагчид танилцуулж байсан (Хавсралт. Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл). Түүнчлэн, зарим шүүх хуралдааныг шүүхийн байранд анхан болон давж заалдах шүүх хуралдааныг шууд дамжуулан үзэх дэлгэцээр үзсэн. Шүүх хуралдааныг шүүхийн байранд зөвхөн шууд үзэх боломжтой байсан бол илүү хүртээмжтэй болох ажил хийгдэж байгаа[2].


Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийн талаар огт ярилцахгүй ба зөвхөн нотлох баримт хасуулах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, ХХША-г түдгэлзүүлэх, ХХША-ны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал болон шүүх хуралдааныг товлон зарлахад хийнэ[3]. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дүрс бичлэг хийгдэхгүй, зөвхөн дуу бичлэг хураана (ХХША-ны үе шат-7).


Харин шүүх хуралдааны явцад болон түүнээс өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх, хэргийн оролцогчид эвлэрэх хүсэлт бичгээр гаргаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлж болдог. Түүнчлэн, хялбаршуулсан журам нь хэргийн оролцогчоос хамаарах болон үл хамаарах шалтгаанаар маргаан дуусгавар болох тохиолдолд үйлчилдэг байна (ХХША-ны үе шат-8). Захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд гагцхүү шүүх хуралдаанаар, амаар хэлэлцэж шийдвэрлэнэ (ХХША-ны үе шат-10).


Ковид 19 цар тахлын үед шүүхийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлж, ХХША-г цахимаар явуулах техникийн нөхцөлийг хангасан ба эрх зүйн зохицуулалт бүрдсэн тул зарим иргэн, хэргийн оролцогч шүүх хуралдаанд зүүм программаар оролцох болжээ. Гэсэн хэдий ч интернэтийн орчин, техник технологийн боломж, биечлэн оролцох сонирхол зэргээс шалтгаалан хэргийн зарим оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцохыг илүүд үздэг байна. Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд цахимаар оролцдог ч гудамжинд, эсвэл хэт дуу шуугиантай газар байх үедээ оролцож микрофоноо хаахгүй байх, нүүр царай тод харагдахгүй байх зэрэг бэрхшээл учруулж байсан.

2023 онд нийт 383 хэргийн оролцогч шүүх хуралдаанд зүүм программ ашиглан цахимаар оролцжээ (Тамгын газрын тайлан).

Шүүгч дангаар болон шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх захиргааны хэргийн төрлийг хүснэгтэд харуулав.


Хүснэгт 3 Шүүгч дангаар болон шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх захиргааны хэргийн төрөл

Үзүүлэлт

Хэрэг, маргааны төрөл

Шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг

Дор нэрлэснээс бусад бүх захиргааны хэрэг, маргаан

Шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэрэг

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын яамнаас гаргасан захиргааны акттай холбоотой маргаан; Аймаг нийслэлийн Засаг даргын гаргасан захиргааны акттай холбоотой маргаан; шүүгч дангаар шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болгосон маргаан.

Дадлагын хугацаанд товлосон шүүх хуралдаан удаа дараа хойшилж, ХХША удааширч байсан. Үндсэн учир шалтгаан нь шинээр нотлох баримт цуглуулах, шүүхээс шаардсан баримт ирээгүй байх, гуравдагч этгээд, хамтран хариуцагч татах, нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байх, гэрч асуух, үзлэг хийх, хэргийн оролцогчийн шүүх хуралдаан давхцах, хэргийн материалтай танилцах, шинээр өмгөөлөгч авах, хэргийн оролцогч албан томилолттой, ээлжийн амралттай, гадаад улсад зорчих, өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай, шалтгаангүй ирээгүй байх, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх, хэргийн оролцогч хүсэлт гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдох, талууд эвлэрэх байна.


Эдгээрээс гадна, шүүгчийн өмнөх хуралдаан дуусаагүй байх, шүүх хуралдаан давхцах, бүрэлдэхүүн давхцах, хэргийн оролцогчид тов мэдэгдээгүй, түүнийг буруу ойлгох, шүүх хуралдааны танхим хүрэлцэхгүй байх гэх зэрэг шалтгаанаас шүүх хуралдаан хойшилдог байна.

2023 онд 1’358 шүүх хуралдаан зарлагдсанаас 828 шүүх хуралдаан хойшилж, 994 шүүх хуралдаан оржээ (Тамгын газрын тайлан). Зарласан шүүх хуралдаанаас 61 хувь нь хойшилсон байна.

Шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлэгт ажиглагчаар оролцсоноор: (i) нүдээр харж, чихээр сонсох; (ii) ойлгомжгүй зүйлийг тодруулан асууж лавлах байдлаар суралцсан нь сурч мэдсэн зүйл ой тогтоолтод удаан хугацаанд хадгалагдах; (iii) нэгтгэн цэгнэх үр дүнтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэрчлэн, (iv) шүүгч дангаар болон шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх захиргааны хэргийг ялгах; (v) шүүх хуралдааны процедур, дэг баримталж сурах; (vi) судлах хүрээгээ логик дараалалтай тодорхойлох; (vii) мэдлэгийг эмх цэгцтэй авах ач холбогдолтой байв.

Ж.Танан


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай.





Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг




Зүүлт тайлбар

[1] Dictum (лат.) шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг биш, харин хэрэг, маргааны мөн чанарыг ойлгуулах зорилгоор шүүгчийн өгсөн тайлбар, ихэвчлэн амаар илэрхийлдэг. Dictum нь шийдвэр гаргахад шаардлагагүй, хэрэгт хамаарахгүй боловч оролцогч талуудын эрхийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай асуудлаар шүүгчийн ойлгосноор холбогдох эрх зүйн зарчмыг илэрхийлэн дүгнэлтэд тусгасан үзэл бодол юм. Dictum нь аргумент гаргахад итгэл үнэмшил төрөх хүчийг нэмж, хууль зүйн үндэслэлд дурдсан байж болох ч тайлбар төдий зүйл тул шүүхийн шийдвэр адил заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй.


[2] Шүүхийн шийдвэр нээлттэй болохын зэрэгцээ цахим хуудаснаас шүүх хуралдааны бичлэг үзэх боломжтой байсан боловч одоо зөвхөн явцыг мэдээлэх болсон. 2025 оноос шүүх хуралдааны шууд дамжуулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж үзүүлэх болно.


[3] ЗХШХШтХ 70 дугаар зүйл. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам

70.1.Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ:

70.1.1.нотлох баримт хасуулах;

70.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх;

70.1.3.ХХША-г түдгэлзүүлэх;

70.1.4.ХХША-ны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

70.2.Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ.

Ашигласан эх сурвалж

НдЗХАШШ. (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан. Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.


Нээлттэй нийгэм форум; Оюуны инноваци ТББ. (2024). Монгол Улс шүүхийн индекс 2023. Улаанбаатар: Нээлттэй нийгэм форум.


ШЕЗ. (2013, 6 19). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам. ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.


УИХ. (2016, 2 04). Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


ШЕЗ, Нээлттэй нийгэм форум. (2015). Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага). Нээлттэй нийгэм форум.


НдЗХАШШ. (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.


НдЗХАШШ. (2022, 6 08). Нэхэмжлэлийн загварууд. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.


НдЗХАШШ. (2024, 1 23). Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам. Дүрэм, журам.


УИХ. (2015, 6 19). Захиргааны ерөнхий хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


Г.Галбаатар. (2018). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага. Улаанбаатар: ШЕЗ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн.


УИХ. (2021, 1 15). Шүүхийн тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.



 

Хавсралт. Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл

Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл

Шүүх хуралдааны мэдээлэл

Шүүх хуралдаан болсон огноо, цаг минут:

2024 оны 10 дугаар сарын 09, 15 цаг 00 минут

Шүүх хуралдааны танхим:

Танхим – 3

Нэхэмжлэгч:

“Нутгийн шийдэл” НҮТББ

Хариуцагч:

Нийслэлийн Засаг дарга

Шүүх:

Шүүгч:

Х.Нямдэлгэр, Т.Мөнх-Эрдэнэ, С.Ганбат

Хэргийн товч танилцуулга

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нутгийн шийдэл” НҮТББ нь Нийслэлийн Засаг даргад холбогдох Туул голын үерийн даланг нурааж засмал зам тавьсан асуудлаар нэхэмжлэл гаргасан.

Асуулт, хариулт, нэмж судлах зүйл

Д/д

Асуулт

Хариулт

Нэмж судлах зүйл

1.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон ба шүүх хуралдаан эхлэнгүүт тэрээр тангараг өргөсөн.

 

Иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ?

Түүнд тавигдах шаардлага юу вэ?

Иргэдийн төлөөлөгчийг ХХША-нд оролцуулах зорилго, түүний үүрэг юу вэ?

Шүүх хуралдаанд хэдэн иргэдийн төлөөлөгч оролцох вэ?

·  Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг, маргааныг шийдвэрлэхэд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын иргэн юм.

·  Иргэдийн төлөөлөгчийн хангах шалгуур

o Монгол Улсын 25 нас хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн байх;

o Тухайн шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

o Ял шийтгүүлж байгаагүй;

o Сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны ХХША-ны хэргийн оролцогч бус байх;

o Монгол хэлээр чөлөөтэй ярьж ойлгодог байх;

o Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх.

Нас хүйс, мэргэжлээс үл хамааран шаардлага хангасан бол иргэн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах боломжтой.

·  ЗХШХШтХ 73 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох

·  73.1.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу оролцуулна.

·  ЗХШХШтХ 75 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг

·  75.1.Захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна.

·  75.2.Иргэдийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

·  75.2.1.шүүхийн байранд хавтас хэрэгтэй танилцах, түүнээс тэмдэглэл хийх;

·  75.2.2.нотлох баримт шинжлэхэд оролцох;

·  75.2.3.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

·  75.2.4.нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах;

·  75.2.5.хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах;

·  75.2.6.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг задруулахгүй байх;

·  75.2.7.энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.

·  75.3.Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно (ЗХШХШтХ, 2016).

·  Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон.

 

·  Иргэдийн төлөөлөгчийн гаргах дүгнэлт, түүний зорилго юу вэ?

 

·  ЗХШХШтХ 104 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах

·  104.1.Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.

·  104.2.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

·  104.3.Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана (ЗХШХШтХ, 2016).

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт шүүхийн шийдвэрт нөлөөлдөг үү?

 

· ШтХ 66 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох

· 66.6.Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.

· 66.7.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана.

· 66.8.Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана (ШтХ, 2021).

2.       

Иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог, хөлсийг хэрхэн тооцох вэ?

·  Засаг даргын гаргаж өгсөн жагсаалтаас шүүхийн тамгын газар, нутгийн захиргааны байгууллага санамсаргүй байдлаар сонгох программыг ашиглан үндсэн 1, нөөц 2 иргэдийн төлөөлөгч сонгоно.

 

·  Иргэдийн төлөөлөгчийн хөлсийг тооцохдоо оролцсон шүүх хуралдааныг ажлын 8 цаг, хавтас хэрэгтэй танилцсан удааг 4 цаг гэж үзэн ажилласан цагийн хөлсийг 3000 төгрөгөөр тооцож олгоно.

Иргэдийн төлөөлөгч оролцох шаардлагатай шүүх хуралдааныг тодруулах.

Хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоно.

Эдгээрийг ямар бичиг баримтад заасан бэ?

· ШтХ 67 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах, хөлс олгох

· 67.1.Иргэдийн төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана.

· 67.2.Иргэдийн төлөөлөгчийн хөлс болон албан томилолт, замын зардлыг шүүхийн төсвөөс олгоно.

· 67.3.Иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардлыг олгох журмыг Ерөнхий зөвлөл, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална (ШтХ, 2021).

3.       

Шүүх хуралдаан засварлах хугацаанд иргэдийн төлөөлөгчөөс хавтас хэрэгтэй танилцсан эсэх, ямар үүрэгтэй оролцож байгааг сонирхон асуув. Тэрээр хэргийн материалтай танилцсан боловч бүрэн ойлгоогүй, мөн үүргийг бүрэн сайн ухаж мэдээгүй гэж хариулав.

Шүүх хуралдааны дараагийн товыг тогтооход Иргэдийн төлөөлөгч түүний ажил олгогч нь чөлөө өгөх эсэхийг мэдэхгүй байна гэж хариулсан.

Иргэдийн төлөөлөгчид дүгнэлтийг хэрхэн бичих талаар зөвлөгөө өгч болдог уу?

Иргэдийн төлөөлөгчийг идэвх санаачилгатай оролцохыг сануулж болох уу?

Иргэдийн төлөөлөгчийг шүүхийн, эсвэл нэхэмжлэгчийн саналаар сольж болох уу?

Уулзаж чиглүүлж болох уу?

·   Иргэдийн төлөөлөгч хэрхэн дүгнэлт бичих талаар зөвлөгөө өгч болохгүй.

Хуульд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгайлан зохицуулсан заалт байдаггүй ч, ЗХШХШтХ болон ШтХ-д зарим нэг заалт байна. Дүгнэлтийн агуулга, хэлбэрт тусгайлсан шаардлага тавьдаггүй гэж ойлгогдож байна. Түүнчлэн, шүүх хуралдааны үеэр асуух асуултыг тодорхойлох зөвлөмж, дүгнэлтээ танилцуулахад анхаарах зүйлс, бусад иргэдийн төлөөлөгчтэй зөвлөлдөх, саналаа нэгтгэх эсэх нь тодорхойгүй байна.

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний чиг үүрэгт иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах, тангараг өргөх, хэргийн материал танилцуулах ажил тусгагджээ.

ШЕЗ болон Нээлттэй нийгэм форумаас Иргэдийн төлөөлөгчийн гарын авлагыг гаргасан ба түүнд дүгнэлтийг хэрхэн бичих талаар зөвлөгөө байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохтой холбоотой хүндрэлийн талаар судалгаатай танилцах.

 

2017 онд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага” сэдэвтэй судалгааны ажил хийгдсэн байна. Уг судалгаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож буй зорилго, үүргийг сайн ойлгох, ажил олгогч шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах ажлын чөлөө олгохгүй байх зэрэг саад бэрхшээл учирдаг гэж дурджээ (Г.Галбаатар, 2018).

4.       

Нэхэмжлэгч ажиглагч шүүх хуралдаан оролцож байгааг мэдсэний дараа шүүгчдээс “Нутгийн шийдэл” НҮТББ-ын ажилтныг шүүх хуралдааны ажиглагчаар оролцуулж болох эсэхийг лавлан асуусан.

 

Шүүх хуралдаанд ямар тохиолдолд ажиглагч оролцож болох вэ?

·  ЗХШХШтХ 9 дүгээр зүйл. Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах

·  9.5.Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан, мансуурсан, 18 насанд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтална (ЗХШХШтХ, 2016).

Ямар тохиолдолд шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг хаалттай явуулах вэ?

· ЗХШХШтХ 9.2.Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн дараах тохиолдолд ХХША, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсхүл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болно:

· 9.2.1.ХХША-нд насанд хүрээгүй гэрч, хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачилгаар;

· 9.2.2.нээлттэй ил тод байх нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн;

· 9.2.3.цаашид үргэлжлэх ХХША-нд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл (ЗХШХШтХ, 2016).

5.       

Шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоол гаргасан.

 

Ямар тохиолдолд шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарах вэ?

·  ЗХШХШтХ 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

·  3.1.5.”шүүхийн тогтоол” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг (ЗХШХШтХ, 2016).

Шүүхийн бүрэлдэхүүнийг тодруулах? Яагаад шүүх хуралдаанд 3 шүүгч оролцсон бэ?

· ЗХШХШтХ 74 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүн

· 74.1.ЗХШ дараах хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ:

· 74.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан;

· 74.1.2.захиргааны хэм хэмжээний акттай холбоотой;

· 74.1.3.тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон (ЗХШХШтХ, 2016).

6.       

Шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоолыг танилцуулахдаа гомдол гаргах эрхгүй хэмээн тодотгон хэлсэн.

 

Ямар тохиолдолд шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй вэ?

· ЗХШХШтХ 122 дугаар зүйл. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах

· 122.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

· 122.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй (ЗХШХШтХ, 2016).

ЗХШХШтХ 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгтэй танилцах

·    14.6.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн ЗХШ-д гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно.

·    32.6.ЗХШ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.

·    54.2.Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана.

·    61.1.Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.

·    65.1.ХХША-г дараах тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ:

·    111.3.Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.

·    119.6.Энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

·    123.7.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтын хүрээнд захирамж гарган шийдвэрлэнэ (ЗХШХШтХ, 2016).

7.       

Шүүх хуралдааныг УШШ-ыг биелүүлээгүй шалтгаанаар хойшлуулах болсон.

 

УШШ, УШАЖ гэж юу вэ?

· ЗХШХШтХ 54 дүгээр зүйл. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах

· 54.1.3.ЗЕХ 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар УШШ-ыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой (ЗХШХШтХ, 2016).

ЗЕХ 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журамтай танилцах.

· ЗЕХ 93 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага

· 93.1.Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

· 93.2.Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно (ЗЕХ, 2015).

8.       

Нэхэмжлэгч УШШ-ын дагуу 2024 оны 7 дугаар сарын ..-ны өдөр эрх бүхий дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан ба 30 хоногийн дотор хариу аваагүй гэдгээ хэлсэн, үүнийг гомдол хүлээн авсан хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Шүүгч нэхэмжлэгчид хэргийг үргэлжлүүлэх сонирхол байгаа эсэхийг тодруулж, талууд эвлэрэх боломжтой гэдгийг дурдсан.

Эдгээр нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл мөн үү?

Хавтас хэрэгт эрх бүхий дээд шатны захиргааны байгууллага гомдол хүлээн авсан талаар баримтаар авагдаагүй.

 

9.       

Шүүх хуралдаанд оролцогчоос зарим нь цахимаар оролцсон ба шүүх хуралдааны явцад микрофоноо унтраахгүй байснаас цаанах яриа, шуугиан сонсогдож, зарим оролцогч гадаа явж байхдаа шүүх хуралдаанд оролцож, зарим оролцогчийн нүүр царай тод харагдахгүй байв.

 

Шүүх хуралдаанд цахимаар оролцогчид тавигдах шаардлага байдаг уу?

Цахим оролцогчийн баталгаа гаргана.

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ШЕЗ-ийн “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам батлах тухай” тогтоол гарсан. Уг тогтоолоор “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”, “Цахимаар оролцогчийн баталгаа”-г баталж, журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт, арга зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ШЕЗ-ийн ажлын албанд даалгажээ.

Цахим оролцогчийн баталгаанд юу тусгагдсан бэ?

 

Цахимаар оролцогч нь

· нөхцөл, шаардлагыг хангана;

·   дүрсээ тод, дуугаа чанга өгнө;

·   шүүх хуралдааны бичлэгийг хийхийг хориглоно;

·   техникийн нөхцөл бололцоог бүрэн хангаагүйгээс цахимаар явагдаж байгаа шүүх хуралдаанд саатал гарвал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

10.    

Шүүх хуралдаан дууссаны дараа оролцогчдоос гарын үсэг авч байсан.

Эдгээр нь ямар бичиг баримт вэ? Цахимаар оролцсон хүмүүсээс гарын үсгийг хэрхэн авах вэ?

Гарын үсгийг нөхүүлж зуруулах, эсвэл цахим гарын үсэг авна.

 

11.    

Хэргийг шүүгчдэд хэрхэн хуваарилдаг вэ?

Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмын дагуу хуваарилна (НдЗХАШШ-ийн журам, 2024).

Бодит байдал дээр шүүгчид нэхэмжлэл, хэргийг хэрхэн хуваарилагддаг болохыг тодруулах.

Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор нэхэмжлэл, хэргийг гараар болон системээр хуваарилах талаар тусгайлан зааж өгнө. Тухайлбал:

шинээр ирсэн нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан, татгалзсан нэхэмжлэл байвал шүүгчид ачааллыг тэнцүү хуваарилах үүднээс анхны хуваарилагдсан шүүгчид буцаан өгнө.

12.    

Шүүгч солих шалтгаан?

Журамд заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарна. Мөн шүүгчээс татгалзах татгалзал байх аваас энэ асуудлыг Ерөнхий шүүгч шийдэх ба Ерөнхий шүүгчийн захирамж гарна.

 

13.    

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг буруу, эсвэл тодорхой бус бичдэг тул шүүхээс дахин тодруулах шаардлага гардаг байна.

 

Шүүгч, түүний туслах нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн бичих талаар зөвлөгөө өгч, зааварлаж болох уу?

Нэхэмжлэгчид нэхэмжлэл хэрхэн бичих талаар шүүгч, шүүгчийн туслах зөвлөгөө өгч болохгүй.

 

Шүүхийн цахим хуудаст болон шүүхийн үүдний хэсэгт байрлуулсан мэдээлэл лавлагааны самбарын дэргэд анхаарах зүйлийн тодорхой бичсэн түгээмэл нэхэмжлэлийн загварууд байна (Нэхэмжлэлийн загварууд).

Түгээмэл загваруудтай танилцаж, нэхэмжлэл загварыг баримтлан бичсэн эсэхийг харьцуулах, түгээмэл гаргадаг алдаа дутагдлыг тодруулах.

 

Нэхэмжлэл хүлээн авсны дараа захиргааны хэрэг үүсгэхээс өмнө шүүгч маргааны нөхцөл байдлыг тодруулах, үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай ажиллагаа явуулна. Энэ хүрээнд, хэрэг үүсэхээс өмнө нэхэмжлэл, хүсэлтийг тодруулах, холбогдох этгээдээс тайлбар, баримтыг гаргуулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийнэ. Гэхдээ энэ нь эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэг биш юм.

Шүүх хөндлөнгийн байр сууриа зөрчиж, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн зорилгыг хэт өргөжүүлэн тайлбарлах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж болохгүй.

Non Ultra Petita, Non Reformatio in Peius гэх зэрэг хуулийн зарчмуудыг судлах.

Non Ultra Petita: “хүсэлтээс хэтрэхгүй” гэсэн утгатай латин хэллэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах буюу зөвхөн маргаан үүсгэсэн зүйлээр хязгаарлагдана. Зарим талаараа талуудын хэлэлцээгүй асуудлыг шүүх шийдвэрлэхэд саад болдог.

Non Reformatio in Peius: “дордуулахгүй” гэсэн утгатай. Үндсэндээ давж заалдах шатны шүүхэд хамаарах бөгөөд шүүхээс давж заалдсан талын нөхцөл байдлыг дордуулсан шийдвэр гаргахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс илүү хатуу шийтгэл ногдуулах боломжгүй. Энэ зарчим нь гомдол гаргасан тохиолдолд доод илүү муу үр дүнд хүрэх эрсдэлээс хамгаалдаг.

Зарчмууд нь шүүхийн шийдвэр гаргахад шударга ёсыг эрхэмлэж, шүүхийн эрх мэдлийг хязгаарлаж, хязгаарыг давахгүй байхыг баталгаажуулдаг.


 

Хавсралт. Иргэдийн төлөөлөгчийн цагийн бүртгэл

Иргэдийн төлөөлөгчийн цагийн бүртгэл

 

Хавсралт. Шүүх хуралдааны тэмдэглэл

Захиргааны хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл

.... оны              .. сарын            .. өдөр              128/ТМ2024/....

А.Л.-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ...... даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч ......, шүүгч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ......, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э. (цахимаар), иргэдийн төлөөлөгч Ш.А. нарыг оролцуулан А.Л.-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаан 11 цаг 53 минутад эхлэв.

Даргалагч: А.Л.-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэнэ.

Даргалагч: Нарийн бичгийн дарга шүүх хуралдааны ирцийг танилцуулъя.

Нарийн бичгийн даргаас хэргийн оролцогчдыг бүртгэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э., иргэдийн төлөөлөгч Ш.А. ирсэн байна. Шүүх хуралдаанд дуудагдсан өөр хүнгүй. Ажиглагчаар дадлагын оюутан сууж байна.

Даргалагч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биеийн байцаалт өмнө нь авагдсанаас өөрчлөгдсөн зүйл байгаа юу?

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй.

Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э., биеийн байцаалт авъя.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн А.Э..

Даргалагч: Итгэмжлэл нь ирсэн байгаа юу?

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ирсэн байгаа.

Даргалагч: Тус шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдаас А.Э.-г А.Л.-ийн нэхэмжлэлтэй хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ. Энэхүү итгэмжлэл олгогдсоноор М.П.-ийн итгэмжлэлийг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн байна.

Даргалагч: Иргэдийн төлөөлөгчийн биеийн байцаалтыг авъя.

Иргэдийн төлөөлөгч: Ш.А..

Даргалагч: Та тангаргаа өргөсөн үү?

Иргэдийн төлөөлөгч: Өргөсөн.

Даргалагч: Ирцтэй холбогдуулаад санал, хүсэлт байна уу?

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй.

Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирцтэй холбоотойгоор санал байна уу?

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй.

Даргалагч: Шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгчийг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах эрхтэй. Татгалзал байна уу?

Хэргийн оролцогчид: Байхгүй.

Даргалагч: Шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүрэг болон шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулж, ойлгосон эсэхийг асуухад.

Хэргийн оролцогчид: Ойлгосон.

Даргалагч: Иргэдийн төлөөлөгч эрх, үүрэгтэй танилцсан уу?

Иргэдийн төлөөлөгч: Танилцсан.

Даргалагч: Хэрэг хянан шийдвэрлэж эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа юу?

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нотлох баримт байхгүй. Хүсэлтийн тухайд шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх саналтай байсан, тэр нь хэвээрээ байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна? Холбогдоогүй байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүсэлт байна.

Даргалагч: Ямар хүсэлт байна? Хүсэлтээ танилцуулъя.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл олгогдоод төлөөлж эхэлснээр хойш хэрэгтэй танилцаж амжаагүй байгаа. Товыг өнөө өглөө мэдсэн учраас цахимаар оролцож байна. Тиймээс, хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгөхийг хүсэж байна.

Даргалагч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаануудад хариуцагчийн өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П-тай тухайн асуудлаар, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар эвлэрлийн асуудал яригдаж байгаа. Ийм учраас энэ эвлэрлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх боломжит хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Үүний дагуу шүүх хуралдаан хойшилж байсан. Эвлэрэх асуудлаар танайх мэдээлэл байгаа юу? Эвлэрэх боломжтой юу?

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ асуудал дээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцохдоо тухайн захиргааны хэрэгт эвлэрэх болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхгүй байхаар итгэмжлэл олгогддог. Энд яригдаж буй асуудал болохоор хэрвээ нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглалттай хүсэлттэй холбоотой материалуудаа Богд хаан уулын дархан цааз газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд өгвөл тухайн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээд өгөх боломжтой. Хэрэв энэ асуудал процессын дагуу явагдаад шийдвэр гарвал нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгах боломжтой гэж харж байгаа. Түүнээс биш эвлэрлийн журмаар дуусгах боломжгүй. Тэгээд харьяа байгууллага буюу Богд хаан уулын дархан цааз газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахаар А.Л.гийн холбогдох материал одоо хүртэл шүүхэд ирээгүй байгаа гэдэг асуудлыг яриад, би нэхэмжлэгчтэй өөрөө шууд холбогдох боломжгүй учраас шүүгчийн туслахтай холбогдоод ярихаар А.Л.-тай холбогдох боломжгүй байна, утсаа авахгүй байна гэж надад мэдээлэл өгсөн. Тэгэхээр хэрэв хүсэлтээ өгөөд ингэх юм бол хуулийн хугацаанд шийдвэрлээд явах боломжтой, үр дагаварт нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзах байдлаар хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгах боломжтой гэж харж байгаа.

Даргалагч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн саяын хариу тайлбар байна уу? Яагаад баримт, материалаа өгөхгүй байгаа юм бэ?

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би бас А.Л.тай холбогдож чадахгүй байж байгаад өнөөдөр холбогдсон. А.Л. хүсэлтээ өгсөн гэж байсан. Гол асуудал нь Богд хаан уулын дархан цааз газрын хамгаалалтын захиргаанаас хүсэлтээ хугацаанд нь өгөөгүй 3 сарын торгууль төл гэсэн шаардлага тавьсан гэсэн. Үүнийг төлөх одоохондоо боломжгүй байгаа, тэгэхдээ энэ долоо хоногтоо багтаагаад төлөөд хүсэлтээ үргэлжлүүлэн явуулах боломжтой гэсэн тайлбар надад хэлсэн.

Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.

Даргалагч: Хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлаж байна.

Шүүх хуралдаан завсарлав.

Шүүх хуралдаан үргэлжилж, шүүхийн тогтоолын агуулгыг уншиж танилцуулав.

ШҮҮХИЙН ТОГТООЛД:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2024 оны .. дугаар сарын ..-ны 11 цаг 00 минутад хуралдуулахаар товлов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдав.

Шүүх хуралдаан 12 цаг 10 минутад дуусав.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     .......

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                           .......

 

Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил


Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлага, дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #ДадлагажижХийжГүйцэтгэсэнАжил #Шүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #АлбанТушаалынТодорхойлолт #АжлынЧигҮүрэг #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #Хэрэг #Нэхэмжлэл #ХавтасХэрэг #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ИргэдийнТөлөөлөгч #ЭрхЗүйнАкт  #ШүүхХуралдаан #Тэмдэглэл #ШүүхийнҮйлАжиллагаа #ШүүхХуралдааныТов #ШүүхХуралдаан #ХэргийнОролцогч #Хуульч #Өмгөөлөгч #Төлөөлөгч #Хуанли #УрьдчилсанХэлэлцүүлэг #ИргэдийнТөлөөлөгч #ЦагийнБүртгэл #ХэрэгМаргаан #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #АнханШатныШүүх #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ДавжЗаалдах #ШүүхийнШийдвэр #ШүүхийнТогтоол #ШүүгчийнЗахирамж #Бүрэлдэхүүн #Гэрч #НотлохБаримт


1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
5 days ago
Rated 5 out of 5 stars.

5

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page