top of page
Writer's pictureЖ.Танан

Монголоос зугтаж амьдрах боломж - Цагаачлал

Updated: Dec 19



Монголоос зугтаж амьдрах боломж

Цагаачлал

Энэхүү эсээд юуны талаар бичих талаар нэлээд эргэцүүлэн бодов. Нэн түрүүнд, цагаачлах (хэрэн явах) буюу шилжих хөдөлгөөн гэх ойлголтын талаар сонирхлоо. Газар зүйн шинжлэх ухаанд хүмүүс нэг газраас нөгөөд шилжихийг шилжилт хөдөлгөөн гэж нэрлэдэг бол хүн амын өсөлт, өөрчлөлт, хөдөлгөөн, хэмжээ, бүтэц нь хүн ам зүйн гол судлах зүйл болдог. Шилжих хөдөлгөөн нь улс дотроо, тухайлбал орон нутгаас хот суурин газарт шилжин суурьших болон харийн газрыг сонгон амьдрах буюу гадаад улс орон руу шилжин нүүх гэж хоёр хэлбэртэй байдаг. Үүнээс цагаач хүн гэх ойлголт гарах ба үүнийг “нутагт шилжин амьдах хүн” гэж Монгол хэлний хураангуй тайлбар толь бичигт тодорхойлжээ. Гадаад улс орон руу шилжих нүүх явдлыг орчин үед цагаачлалын статус гэдэг ба иргэншил авах, албан ёсоор оршин суух, цагаач бус байх, бичиг баримтгүй оршин суух гэх зэргээр ангилдаг байна. Харь орны харьяат болох нь тухайн улсад төрсөн, тодорхой хугацаанд байнгын оршин суугчаар амьдарсан, хөрөнгө оруулалт хийсэн байдлаас хамаардаг байна.


Түүхэнд хүмүүс сайн дурын болон албадлагын улмаас нүүдэллэж, шилжин суурьшиж ирсэн бөгөөд үүний шалтгаан нь соёл, эдийн засаг, улс төр, байгаль цаг агаар, газар нутгийн шим тэжээлтэй байдал болдог байна. Сайн дураар болон албадлагаар шилжин суурьшсан түүхэн сонирхолтой жишээ дурдъя.

Албадлагын шилжин суурьшилт

Карибын тэнгисийн Тринидад ба Тобаго арлууд дээр Аравак, Кариб хэлээр ярьдаг ард түмэн амьдардаг байсан боловч 1780-1790 онд Испаничууд эдгээр арлууд дээр чихрийн тариалан эрхэлж эхэлснээс хойш дайн, боолчлол, гэрлэлтийн улмаас хүн ам нь үндсэндээ устаж ууссан байв. Тиймээс тариалангийн талбайг ажиллуулахын тулд баруун Африкийн хүмүүс боолчлогдож, арлууд руу албадан нүүдэллэсэн байдаг. Харин Британийн Эзэнт гүрэн даяар боолчлолыг хориглосноор 1834 онд тус арлуудыг хянаж байсан англичууд тариалангийн талбайд хямд ажиллах хүч авчрах шинэ арга сэдэж, өөрийн хяналтын Энэтхэг улсад Тринидад ирж ажиллах боломжтой гэж сурталчилж, хүмүүст ажлын таатай нөхцөл, цалин хөлс амлаж эхэлжээ. Энэтхэгийн зарим хүмүүсийн амьдралын нөхцөл тааруу байсан тул цалин сайжрах амлалт, аюулгүй амьдрах орчин нь сайн дураар нүүдэллэх хөшүүрэг болсон байдаг. Энэ нөхцөл байдал нь эдийн засгийн шилжилт хөдөлгөөний нэг хэлбэрийг харуулж байна.


Энэтхэгийн цагаачлал

Өнөөдөр дэлхий даяр, Энэтхэг гаралтай 18 сая хүн цагаачлан амьдардаг нь хамгийн өндөр тоонд тооцогддог байна. Түүнээс гадна, олон улсын цагаач, дүрвэгсдийн асуудлыг Нэгдсэн үндэстний байгууллага бүх талаар дэмжин туслахыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч, хүчин чармайлтыг үл харгалзан сураггүй болсон цагаачдын төслийн статистик баримт тооцооллоор жил бүр дор хаяж 5’000 цагаач нүүн шилжих, нутгаасаа дүрвэх оролдох үедээ нас бардаг гэжээ.


Оюуны болон биеийн хөдөлмөрийн цагаачлал

Цагаачлалыг оюуны болон биеийн хөдөлмөрийн гэж ерөнхий хоёр төрөлд ангилж болно.



Биеийн хөдөлмөрийн талаар Энэтхэгийн түүхэн баримтаар энгийнээр тайлбарласан. Гол онцлог нь хөдөлмөр эрхэлж түүнд тохирсон төлбөр авахад оршино. Дээхэн үеийн төлбөртэй хөдөлмөр нь хүнд хүчир, бохир, аюултай ажил хийлгэдэг байсан ба эдлэн газар дээр бага цалинтай, олон жилийн турш ажиллуулдаг байв. Шинэ газар очсон хүмүүс тогтсон хугацаанд ажиллахдаа замын зардлаа нөхөх, хуримтлал үүсгэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг боолчлол гэж нэрлэхгүйгээр хэн нэгнийг боолчлох далд арга гэж үзэж болно.


Харин, оюуны хөдөлмөр гэхээр л эхний ээлжид бүх цаг үеийн хамгийн агуу, нөлөө бүхий эрдэмтдийн нэг гэгддэг Герман гаралтай онолын физикч Альберт Эйнштейн санаанд оров. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь ертөнцийг асар ихээр өөрчилсөн бөгөөд харьцангуй онолыг хөгжүүлснээрээ алдартай билээ. 1933 онд Эйнштейныг Америкт айлчилж байх үед Адольф Гитлер Германд засгийн эрхэнд гарч еврейчүүдийн эсрэг “устгах дайн” явуулсан тул тэрээр Америкт үлдэхээр шийдэж, 1940 онд тус улсын иргэншилтэй болсон байдаг. Түүнээс гадна олон мянган оюун ухаантнууд дайны болон хавчлагын улмаас өөр улс орныг зорьжээ. Оюунлаг цагаачдын ачаар хөгжиж цэцэглэж, үндэсний хэмжээнд тархиа цэнэглэсэн улс орнууд ч байдаг. Улс орнууд зочин - ажилтан гэх зэргээр нэрлэсэн хөтөлбөр бодлогыг хэрэгжүүлдэг байна.


Орчин үед, дайн, мөргөлдөөнөөс гадна, ажлын боломж, ядуурал, гадуурхал, тэр бүү хэл хайр дурлал цагаачлах шалтгаан болж сайхан амьдрал, эрх чөлөөг хүсэмжлэн төрсөн өссөн нутгаасаа ганцаараа, боломжтой бол гэр бүлээрээ явдаг билээ. Цагаачлах анхдагч шалтгаан юу ч байсан бай, тухайн газар нутагт нүүдэллэн ирсэн ард түмэн өөрийн түүх, соёл, зан заншил, итгэл үнэмшил, шашин шүтлэгийг түгээн тараадаг байна. Өмнө авсан жишээг дэлгэрүүлэн авч үзвэл, маш олон энэтхэг хүмүүс арлууд дээр үлдэж, англи гаралтай хүмүүстэй цус холилдож, шинэ хүмүүс өвөрмөц соёлыг бүрдүүлэн бий болгосон байдаг. Өнөөдөр арлууд дээр баруун Африк болон Энэтхэг хоол элбэг бөгөөд соёлын элементүүдийг хослуулсан хөгжмийн урсгал ч мөн байдаг. Үүнээс гадна, гэр бүлээсээ, эсвэл үндэстнээсээ хэн нэгэн нь өөр газар суурьшин амьдарч, арай илүү нөхцөлтэйг мэдэж авснаар нутгаасаа хамаатан садан, найз нөхдөө ирэхийг уриалж гинжин цагаачлал үүсгэдэг. Цагаачдыг угтан авдаг улс үндэстэн байхад, ялган гадуурхан хавчдаг ч газар байна.


Эдүгээ манай улсад цагаачлах гэх үзэгдэл нэлээд түгээмэл болсон бөгөөд статистикийн тоо баримтаас дурдъя. “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулийн 18.1.6-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тусгай зөвшөөрөлтэй хөдөлмөр зуучлалын байгууллагуудын зуучилсан иргэдийн тоог улирлаар тооцон гаргадаг ба 2023 оны III улирлын байдлаар 173 хүн гадаад улсад зуучлагдсан байгаагаас 118 нь эрэгтэй, 55 нь эмэгтэй аж. Эдийн засгийн салбараар авч үзвэл ихэнх нь буюу 140 нь боловсруулах үйлдвэрлэлд ажиллахаар байна. Энэ тоо нь бага мэт боловч зөвхөн 2023 оны 10 дугаар сард байнга оршин суух зорилгоор 2’000 хүн гадаадад зорчсон байна. Гүнзгийрүүлэн судлахад 2022 оны байдлаар ажиллах зорилгоор гадаадад зорчсон Монгол иргэдийн тоо 184’667 байна. Үүнийг 2022 оны 3’457’548 гэсэн хүн амын тоотой харьцуулахад манай улсын хүн амын 5.3 хувь нь тухайн жил аз жаргал, сайхан амьдралын төлөө гадаад улсыг зорьжээ.


Монгол хүмүүс албадлагаар гадаад улс руу нүүдэллэх ойлголт орчин үед байхгүй гэж хэлж болох байх, харин сайн дураараа харь орныг сонгон нүүсэн байдаг. Дайн байлдаан, элдэв мөргөлдөөн шалтгаан болдоггүй, харин эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн тогтворгүй орчин, ажлын байр, цалин хөлс голлон нөлөөлдөг байна. Товчхондоо, ядуурал, дорой буурай хөгжил бидний хувьд гадаад орныг зорих нөхцөл гэлтэй.


Нийгэмд гадуурхагдах цагаачлал

Нийгэмдээ гадуурхагдан, үзэл санаа, хүйсийн баримжаа нь гадаад улс оронд цагаачлах шалтгааныг нэг болдог бол манай улсад ч мөн ийм зүйл байна. Гадаад улсад ажил хөдөлмөр эрхлэхээр яваад буцаж ирээгүй, гэр бүл хүүхдүүдтэйгээ холбоо бариагүй залуу хүйсээ солиулан эмэгтэй болсон талаар би хувьдаа мэднэ.


“Ганцаараа явж байна уу, гэр бүлээрээ цагаачилж байна уу?” гэвэл нөхцөл байдал, цагаачлан очих улс орны виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нөлөөлж байгаа бололтой. Нэг Монгол хүн очсон газар өөр нэг, дараагийн Монгол хүн очих нь мэдээж түгээмэл. Энд, гадаад хүнтэй гэр бүл болж цагаачилж буй явдлыг хэлмээр байна. Монгол эмэгтэй хүн гадаад эрэгтэй хүнтэй гэр бүл болсон тохиолдол Монгол эрэгтэй хүн гадаад эмэгтэйтэй суусан байхаас арай олон байдаг.


Цагаачлал Монгол хоолны газар

Монголоос гадаад улс орон руу шилжин нүүсэн хүмүүс түүх соёл заншлаа түгээн тараадаг уу?” гэж асуувал, зарим талаараа тийм гэж хэлж болно. Тухайлбал, гадаад улсад Монгол хоолны газрууд нэр сэр байдаг, зарим олон хүн суурьшсан газар бага сургууль байгуулсан талаар ч жишээ дурдаж болно.


“Оюуны болон хөдөлмөрийн цагаачлалын алийг нь хийж байна вэ?” гэвэл хэн бүхэн хөдөлмөрийн гэж хариулах биз. Гэхдээ, тоо баримтгүй ингэж хэлж болохгүй ба манай улсын гоц гойд ухаантай хүмүүс дэлхийд танигдсан олон улсын томоохон компанид ажилладаг жишээг бид мэднэ. Үүнээс гадна, мэдээж авьяас, спортын амжилтыг дурдахгүй өнгөрөөж болохгүй. Гавьяат тамирчид өөр улс орны нэрийн өмнөөс олон улсын тэмцээн уралдаанд оролцож нэр цуугаа дуудуулж яваа билээ. Гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн хүмүүсээс авсан судалгаагаар, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болсон 11.5 хувь, үйлдвэрийн осолд өртсөн 18.5 хувь гэсэн тоо баримт байна. Эндээс дүгнэвэл, хөдөлмөрийн цагаачлал, тэр дундаа биеийн хүнд ажил хийдэг нь сөрөг үр дагавар нэлээдгүй дагуулдгийг илтгэнэ.


Бусдын хяналтын дор хөдөлмөр эрхлэх болон бизнес эзэмших гэх ойлголт байна. Сүүлийн үед, Монголдоо үүсгэсэн хуримтлалаар гадаад улс оронд хими цэвэрлэгээний газар, жижиг дэлгүүрийн хувийг эзэмшиж, эсвэл шинээр бизнес нээн албан ёсоор оршин суух, бизнес эрхлэх зөвшөөрөл авч амьдарч буй жишээ сэлт байгааг үгүйсгэж болохгүй.


Цагаачлал Мөнгөн гуйвуулга

Ингэхэд, Монгол цагаачид эх нутаг руугаа нэлээдгүй хэмжээний мөнгө гуйвуулдаг талаар тоо мэдээлэл байдаг. Ийм төрлийн нэг судалгаанд, гадаадад байгаа иргэд жилдээ 500 сая орчим ам.доллар эх орон руугаа гуйвуулсан хэмээн мэдэгдсэн байна. Нэг судалгаанд 2004 онд гадаадаас Монгол руу гуйвуулсан мөнгө дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэж дээд амжилтыг тогтоосон талаар дурдсан бол, өөр нэгэн судалгаанд 2022 оны байдлаар Монгол руу шилжүүлсэн иргэдийн мөнгөн дүн дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувьтай тэнцжээ. Энэ тоог арай өөрөөр тайлбарлавал, шилжүүлсэн дүн нь манай орны нэг хүнд 151 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 520’950 төгрөг ногдож байна. Багагүй мөнгө байгаа биз.


Эцэст нь, “Цагаачилсан хүмүүс нутагтаа эргэн ирж байна уу, тэндээ үлдэж байна уу?” гэсэн асуулт үлдэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил хийхээр явсан хүмүүс гэрээт хугацаагаа дуусгаад эргэн ирдэг. Харин бидний хэлдгээр хараар буюу албан ёсны визгүй хүмүүс баригдахгүй бол буцаж ирэх сонирхолгүй байдаг бололтой. Ер нь “Харийн нийгэмд дасан зохицож, нийгэмшиж, ижилсэж чаддаг болов уу?” хэмээн асуувал тухайн хүнээс л хамаарна. Магад бидний үндэсний онцлогоос шалтгаалан шинийг мэдэх, дасан зохицох чадвараас хамааран харьцангуй хурдан хугацаанд нийгэмшдэг гэвэл буруутахгүй байх. “Монгол улсдаа эргэн ирээд гадаадад хөдөлмөр эрхэлж байхдаа хуримтлуулсан туршлага, эзэмшсэн ур чадвараа ашиглан ажиллах боломжтой байдаг уу?” гэсэн асуулттай нэгэн судалгаанд боломж бага, учир нь тухайн ажлын байр манайд байдаггүй, байх тохиолдол ховор, тэрчлэн ач холбогдол бүхий ур чадвар эзэмшиж чаддаггүй гэжээ.


"Монголоос зугтаж амьдрах боломж" эсээний дүгнэлтЖ.Танан

“Монголоос зугтаж амьдрах боломж” эссээнд өөрийн эргэцүүлсэн бодол, сэдэвтэй холбоотой олон талын асуудлуудыг тусгахыг хичээлээ. Хөгжингүй, хүчирхэг эдийн засагтай, тогтвортой ардчилсан төртэй, хүний эрхийг дээдлэн хүндэлж, сахиулдаг, нийгмийн халамж сайн, үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээтэй улсад амьдрах боломж хэн бүхэнд байгаа. Тухайн улсын хэрэгжүүлж буй олон төрлийн төсөл хөтөлбөрт хамрагдаж, дээд боловсролтой хүний хийдэг ажил хийх, эсвэл жолооч, тогооч, гагнуурчин, үсчин, гоо сайхан гэх зэрэг төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс ажиллаж амьдрах боломжтой. Нэгэнт харийн орныг зорихоор шийдсэн бол хангалттай мэдээлэл мэдлэгтэй байх шаардлагатай. Сэтгэл хангалуун, айж ичих зүйлгүйгээр амьдрахын тулд тухайн улсын хууль дүрмийг судалж, албан ёсны зөвшөөрөл сэлтийг авах нь зүйтэй. Хүн бүр өөрийн нутагтаа ажиллаж амьдрахыг илүүд үздэг, гэхдээ цагаачлах шаардлага гарвал, оюуны цагаачлалыг хийхийг хичээх нь зөв болов уу. Харамсалтай нь тоо баримтаар ч тэр, бидний мэдэх жишээ, туршлагаар ийм үзэгдэл нэн ховор бололтой.

Ж.Танан

Монголоос зугтаж амьдрах боломж - Цагаачлал Эссэ

#LawyerBirdie #ХуульШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #Цагаачлал #МонголоосЗугтажАмьдрахБоломж #Эссэ #Эсээ #МонголынЦагаачид #ХөдөлмөрийнЦагаачлал #ОюуныЦагаачлал #ГадаададАжиллах #МонголынЭдийнЗасаг #МонголХүнГадаададАжиллах #ХарийнОрондАмьдрах #МонголынХөдөлмөрЭрхлэлт #МонголынХүнАмынШилжилтХөдөлгөөн #МонголАжилчидГадаадад #МонголынХүнАм #МонголчуудынХарьОрондАжиллахБоломж #ЦагаачдынЭрхЗүйнАсуудал #ЦагаачлалынШалтгаан #МонголчуудынГадаадДахьБизнес #ГадаадДахьМонголчууд #МонголчуудынГадаадДахьНийгэмшил #ГадаададАжиллахВиз #МонголынХүнАмынШилжилт #МонголИргэдийнГадаададНүүсэнТүүх #МонголынАжиллахХүчнийШилжилт



Related Posts

See All

2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
18 hours ago
Rated 5 out of 5 stars.

.

Like

Guest
21 hours ago
Rated 5 out of 5 stars.

.

Like
bottom of page