Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц хүний үндсэн эрхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх үү?
- Б.Минжин
- Apr 10, 2024
- 8 min read
Updated: Mar 18
Удиртгал
Эрх зүйн хүрээнд хүний үндсэн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх нь дэлхий даяар шударга, эрх тэгш нийгмийг бүрдүүлэх үндэс болдог тэргүүн чухал асуудал билээ. Ардчиллын үнэт зүйл, зарчмыг эрхэмлэн дээдэлдэг манай улсын хувьд ч мөн адил хүний эрхтэй холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд заасан байдаг. Энэхүү асуудлыг илүү гүнзгий судалж үзэх шаардлагатай тул “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц хүний үндсэн эрхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх үү?” гарчигтай товч судалгаа нь чухал асуултыг тодруулахад чиглэгдсэн болно.
Судалгааны зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх үр дүнтэй механизм байгаа эсэхийг тогтооход оршино. Үүний тулд Үндсэн хуулийн зохицуулалт болон Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүргийн талаар авч үзлээ.
Нэн түрүүнд, хүний үндсэн эрх, түүний хууль эрх зүйн үндэс суурийн талаар ойлголт авах үүднээс олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомж зэрэг эх сурвалжаас нягтлан судаллаа. Үүний дараагаар, Үндсэн хуультай холбоотой маргаан, тэр дундаа хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх гол байгууллага болох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг авч үзэв. Энэ хүрээнд хүний үндсэн эрхийг хамгаалах түшиц газар, эрхэм байгууллагад оногдсон эрх мэдэл, хариуцлагыг сонирхов. Судалгааны хүрээнд, иргэн хүний эрхийн зөрчлийн талаар Үндсэн хуулийн цэцээс гадна тусламж, хүсэлтийг хаана гаргаж болох талаар сонирхон хөндөв.
Эцэст нь, судалгааныхаа үндсэн зорилгын хүрээнд судалж мэдсэн үр дүнг нэгтгэн уялдаа холбоотой дүгнэлт гаргахыг хичээлээ.
Энэхүү судалгаа нь хүний эрхийг дэмжих, хамгаалахад Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүйн орчин хангалттай, хүртээмжтэй, нэг мөр ойлгомжтой эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
Хүний үндсэн эрх
Хүний эрх нь үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, бусад байдлаас үл хамааран хүн бүрд хамаарах үндсэн эрх, эрх чөлөө юм. Хүний эрхүүд нь жам ёсны шинж чанартай, хүнд төрсөн цагаас заяагдсан, хүнээс салгаж болохгүй, засаг төрөөс хамаарахгүй байтал, үндэсний болон олон улсын хуулиар хамгаалагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт, “Хүний эрх, эрх чөлөө”-ий талаар заасан ба УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудад хүний эрхийн талаар хуульчилсан. Монгол Улс хүний эрхийн талаар заасан олон улсын 30 гаруй олон талт гэрээнд нэгдэн оржээ. Үүнээс хамгийн чухал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” юм.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал
“Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.
Уг тунхаглалд “Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна.” гэжээ.
Нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.” гэжээ (НҮБ-ын Ерөнхий Ассамблей).
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний зарим эрх, тэдгээрийн зарчим
Иргэний болон улс төрийн эрх: Эдгээр эрхүүд нь хүний амьд явах, эрх чөлөө, аюулгүй байдал зэрэг хүний эрх чөлөөг хамгаалдаг; үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан хийх эрх чөлөө; төрийн үйл хэрэгт засгийг сонгох замаар оролцох эрх; шударга шүүхээр шүүлгэх эрх байна.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрх: Эдгээр эрхүүд нь боловсрол, эрүүл мэнд, хүрэлцэхүйц орон сууц, хөдөлмөр эрхлэх эрх зэрэг хувь хүний хөгжлийн үндсэн хэрэгцээ, боломжуудыг хангахад чиглэдэг байна. Үүнд, соёл, урлагийн амьдралд оролцох эрх ч мөн багтжээ.
Түгээмэл ба салшгүй байдал: Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй, хүнээс салшгүй ойлголт юм. Хүний эрх нь ертөнцийн өнцөг, булан бүрд амьдарч байгаа хүн бүрд хамааралтай. Иймд, хүн бүр ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай.
Харилцан уялдаатай байдал: Хүний эрх нь харилцан хамааралтай, харилцан уялдаатай байдаг. Нэг эрхийг хэрэгжүүлэх нь бусад эрхээ хэрэгжүүлэхээс ихээхэн хамаардаг. Жишээлбэл, боловсрол эзэмших эрх нь эрүүл мэндийн үйлчилгээ авах, ялгаварлан гадуурхахаас ангид байх зэрэг хүчин зүйлээс шалтгаална.
Хуулиар хамгаалагдсан байдал: Хүний эрхийг гэрээ, конвенц, үндсэн хууль зэрэг олон улсын болон үндэсний эрх зүйн янз бүрийн баримт бичигт тусгасан байдаг. Төр эдгээр эрхийг хүндэтгэж, хамгаалж, биелүүлэх үүрэгтэй бөгөөд хувь хүн эрх нь зөрчигдсөн тохиолдолд хуулийн механизмаар дамжуулан хохирлоо барагдуулах боломжтой.
Ялгаварлан гадуурхахгүй байх ба тэгш байдал: Хүний эрхийн зарчмууд нь арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа болон бусад аливаа статус зэрэг хүчин зүйлээр ялгаварлан гадуурхахгүйгээр бүх хүнд нэр төртэй хандахын чухлыг онцлон тэмдэглэдэг.
Хүний эрх нь хувь хүн бүрийн нэр төр, үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх, эв нэгдэлтэй, эрх тэгш нийгмийг бий болгох, нийгмийн хөгжил дэвшил, өсөлтийг хангахад чиглэгдсэн ёс суртахууны зайлшгүй шаардлага болон хууль эрх зүйн орчны аль алиныг бүрдүүлдэг байна.
Хамгийн чухал нь хүний эрх нь үндэсний эрх зүйн баримт бичгүүдэд хууль ёсны хамгаалалтыг олж авдаг бөгөөд төр эдгээр эрхийг хүндэтгэж, хамгаалаад зогсохгүй, хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй арга хэмжээ авахыг шаарддаг. Түүнчлэн, хувь хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хохирлоо барагдуулах, нөхөн төлүүлэх арга хэмжээ авах эрх зүйн механизм байдаг нь хүний эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд хуулийн үүрэг чухал болохыг харуулж байна.
Монгол Улсын Үндсэн Хууль “Хүний эрх, эрх чөлөө”
Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэх цогц тогтолцоог бий болгож, иргэдийн баталгаажсан эрх зөрчигдсөн тохиолдолд хохирлоо барагдуулах механизмыг аль алиныг нь тодорхойлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хоёрдугаар бүлэгт, Монгол Улсын иргэн баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг заасан нь (Монгол Улсын Үндсэн Хууль) эдгээр эрхийг хамгаалах эрх зүйн үндэс суурийг бүрдүүлсэн байна.
Мөн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэжээ. Энэ нь хүний эрхийн зөрчлийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах нь чухал болохыг харуулж байна.
Харин 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн …” гээд “хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэжээ.
Энэхүү заалт нь "Хувь хүмүүс хүний эрхийн зөрчлийн талаар эхлээд шүүхэд хандах уу", эсвэл "Үндсэн хуулийн цэцэд шууд хандах уу?" гэсэн асуултыг төрүүлж байна. Түүнчлэн, "Шүүх өөрөө хүний эрхийг зөрчвөл шударга ёсны төлөө хаана хандах вэ?" Үндсэн хуулийн заалтуудыг авч үзвэл хүний эрхийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх байгууллагуудын шатлалтай холбоотой асуудал үүсэж болзошгүй юм.
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц
Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц” тавдугаар бүлгийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэжээ. Түүнчлэн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэжээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн албан ёсны цахим хуудаст, цэцийн гишүүн Д.Ганзоригийн “Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж хандлага” сэдэвтэй мэдээ тавигдсан байна. Уг мэдээний “Үндсэн эрхийн хамгаалал – Цэцийн туршлага” гуравдугаар хэсэгт, “Монгол Улсын Үндсэн хууль ёсоор иргэн (Монгол Улсын, гадаадын, харьяалалгүй хүн) өөрт хамааралтай болон өөрт хамааралгүй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, өргөдөл гаргах эрхтэй…” гээд “… ихэнх нь иргэдээс ирсэн өргөдөл…”, “… хүний эрхийн холбогдолтой Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай байжээ…” гэжээ (Д.Ганзориг).
Хэдийгээр Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхдээ, хүний эрхийн талаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг 41 хувь нь зөрчсөн гэсэн боловч, хүлээн авч шийдвэрлэдэг, тэр дундаа өмчлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө, халдашгүй чөлөөтэй байх эрх нь зөрчигдсөн тохиолдлыг нааштай шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг сахин хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага юм. Шүүх иргэн хоорондын маргаан, эсвэл захиргааны байгууллага иргэн хоорондын маргааныг шийдвэрлэдэг бол, нэг иргэн нөгөө иргэний эрхийг зөрчвөл, эсвэл төр захиргааны байгууллага, эрх баригчид дур зоргоор үйлдэл хийж иргэний эрхийг зөрвөл, Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болдог гэж ойлгоно. Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсад Үндсэн хуулийн баталгаа, ялангуяа хүний үндсэн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Хүний эрхийн зөрчлийг арилгах бусад арга зам
Монгол Улсад хүний эрхийн зөрчилтэй тулгарсан хүмүүс тусламж авах хэд хэдэн арга зам байгааг судалгааны хүрээнд тодрууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн талаарх маргааныг хянан шийдвэрлэх гол байгууллага юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс гадна хүний эрхийг дэмжих, хамгаалах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисст хандах боломжтой (Хүний эрхийн Үндэсний Комисс).
Иргэний нийгмийн байгууллагууд эрх нь зөрчигдсөн хүмүүсийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр байгууллагууд нь хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээг санал болгож, хувь хүмүүсийг чиглүүлэх, хохирлыг арилгах арга замыг эрэлхийлэх боломжийг олгодог. Үүний нэгэн адил төрөөс санхүүждэг, эсвэл ашгийн бус хууль зүйн туслалцааны төвүүд, хувийн өмгөөллийн төлөөлөх чадваргүй хүмүүст тусламж үзүүлдэг байна (Center for Human Rights Development).
Дотооддоо эрхээ хамгаалах арга замууд мухардалд орвол хувь хүмүүс олон улсын хүний эрхийн механизм байгааг мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн байгууллага, эсвэл хүний эрхийн бүс нутгийн шүүхэд гомдол гаргаж болно (United Nations).
Мөн Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрууд хүний эрх зөрчигдсөн улс орны иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг (U.S. Embassy in Mongolia).
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчлах үйл ажиллагаа нь хүний эрхийн зөрчлийг шийдвэрлүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр, хувь хүмүүс болон өмгөөллийн байгууллагууд эрх баригчдад шахалт үзүүлж, гомдлыг шийдвэрлүүлэх тал дээр анхаарал хандуулж, хүний эрхийн стандартыг сахин биелүүлэхийг шаарддаг.
Монгол Улсад хувь хүн хүний эрх зөрчсөн тохиолдолд хохирлоо барагдуулах олон арга зам байгааг дурдлаа. Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс гэх зэрэг дотоодын байгууллагууд, олон улсын механизмууд, иргэний нийгмийн байгууллагууд, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүний эрхийн зарчмуудыг сахин хамгаалахад шударга ёс, хариуцлагатай байдлыг эрэлхийлж болно.
Дүгнэлт
Монгол Улсын Үндсэн хууль нь хууль дээдлэх замаар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хамгаалж, хувь хүнд үндсэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, хамгаалах боломжийг олгосон бат бөх эрх зүйн орчин болж байна. Хүний эрх, эрх чөлөөнд халдсан тохиолдолд тухайн хүн шүүхийн зохих шугамаар гомдлоо хангуулах эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь үндсэн эрхийн талаарх маргааныг хянан шийдвэрлэх, Үндсэн хуульд заасан зарчмыг баримтлах нэн чухал үүргийг хүлээнэ.
Энэхүү эрх зүйн тогтолцооны үр дүнтэй байдлын гол зарчим нь хувь хүмүүст өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд шүүхийн тогтолцоог ашиглах боломжийг олгодог шударга ёсны хүртээмжтэй байх зарчим юм. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах дээд эрх мэдэлтэй учир маргааныг хянан шийдвэрлэх, Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дүгнэлт гаргах чухал үүрэгтэй.
Бодит амьдрал дээр хэрэгжихийн тулд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахдаа хууль эрх зүйн тогтсон журам, хэм хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай. Харин, хариуцлагын механизм нь процессын шударга байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн процесс болон шийдвэр олон нийтэд нээлттэй, тэдний хяналт хараа дор явагдах ёстой.
Хүний эрхийн зөрчлийн хэргээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн хувь хэмжээний талаар статистик мэдээлэл дээр үндэслэн хүний эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцооны үр нөлөөг үнэлэх хяналт - шинжилгээ, үнэлгээг хийж байх хэрэгтэй. Ийм байдлаар системийн үйл ажиллагааг илүү сайн ойлгох, Монгол Улсад үндсэн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн талаар бүхий л гомдлоор Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандаж, хянан шийдвэрлүүлнэ гэсэн дүгнэлтийн хийж байна.
Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд Үндсэн Хуулийн Цэцээс гадна тусламж хүсэх, хохирлоо барагдуулах хэд хэдэн арга зам байгааг судалгаанд танилцуулсан. Энэ талаар хүмүүс мэдэж байх нь чухал ба өөрсдийн онцлог нөхцөл, хэрэгцээ шаардлагад тулгуурлан хамгийн оновчтой механизмыг сонгох хэрэгтэй.
Б.Минжин
Ашигласан эх сурвалж
НҮБ-ын Ерөнхий Ассамблей. (1948, 12 10). Монгол Улсын Олон улсын гэрээ: Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/1271
УИХ. (1992, 01 13). Монгол Улсын Үндсэн Хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/367
Д.Ганзориг. (2017, 06 30). Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж, хандлага. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц: https://www.conscourt.gov.mn/?p=4102
Хүний эрхийн Үндэсний Комисс. (2023, 09 13). Хүний эрхийн сургалт, сурталчилгаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс: https://nhrcm.gov.mn/#/home
Center for Human Rights Development. (2022). ХЭХТ-ийн тэргүүн Г.Уранцоож. Хүний эрх хөгжил төв: https://monfemnet.org/member/h%D2%AFnij-erh-h%D3%A9gzhil-t%D3%A9v
United Nations. (2024). Human Rights Committee. United Nations Human Rights Office of the High Commissioner: https://www.ohchr.org/en/treaty-bodies/ccpr
U.S. Embassy in Mongolia. (2024). 2022 Human Rights Report. U.S. Embassy in Mongolia: https://mn.usembassy.gov/our-relationship/official-reports/2022-human-rights-report/?_ga=2.169378337.1281818728.1711742918-1568559292.1711742918

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ҮндсэнХуулийнЭрхЗүй #ҮндсэнХууль #ҮндсэнХуулийнЦэц #ХүнийЭрх #АрдчиллынҮнэтЗүйл #ХүнийҮндсэнЭрх #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ЭдийнЗасагНийгэмСоёлынЭрх #ТүгээмэлБаСалшгүйБайдал #ХарилцанУялдаатайБайдал #ХүнийЭрхийнҮндэснийКомисс #ИргэнийБолонУлсТөрийнЭрх #МонголУлсынҮндсэнХууль #ЕрөнхийАссамблей #ХүнийЭрхийнЗөрчил #ИргэнийНийгмийнБайгууллага
😀
.