top of page

Б.Цэнддоо “Монгол 11 үгээр”

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Oct 19, 2023
  • 7 min read

Updated: Dec 26, 2024




Монгол 11 үгээр

Зохиолч Б.Цэнддоогийн уг ном нь Монгол хүнийг 11 үгээр илэрхийлж, үг бүрийг тусдаа бүлэг болгон 65 хэсэгт багтаан дэлгэрүүлэн бичжээ. Уншигч би өөрийн сэтгэгдлийг тэмдэглэхдээ зохиолын бүлгийн дагуу дараалалд оруулав.


Хүн: Тараах юмтай айл бүлэгт нүүдэлчин амьдрал нь анхнаасаа хурааж, хуримтлуулах боломж олгохгүй, харин чадалтай, бололцоотой нь арай боломжгүй, муухан яваадаа байгаагаа тараан хувааж өгдөг, тэрэндээ сэтгэл өэг байдгийг ёжлоод, ахуйн соёлоор дамжин хүүхэд хүмүүжүүлэхдээ ч энэхүү тогтсон ойлголтыг өгдөг Монгол хүний өвөрмөц хандлагыг илэрхийлжээ. Эрт дээр үеэс дайн байлдааны олз омгийг хувааж авах эдийн засгийн хөшүүрэгтэйгээр цэрэгт явж, ялалт байгуулдаг байсан нь нэг төрлийн төрийн удирдлагын хэлбэр байв. Тиймээс өнөөдөр ч мөн адил, ихийг тараана, хуваана гэснийг төрийн удирдлагаар сонгож, тэд ч халамжийн бодлогоор ардаа бөөцийлдөг нь үнэн.


Үнэхээр уламжлагдан ирсэн, бичигдсэн юм шиг эдгээр үйл нь манай нийгэмд оршдог гэдгийг банкны хадгаламжтай болцгооё, хуримтлал үүсгэе, санхүүгийн сахилга батыг сахья гэх зэрэг өнөө үеийн телевизийн сурталчилгаа, сонин сэтгүүлийн нийтлэл, ном бүтээлд олонтоо дурдагдах болсноор илэрнэ. Бидний санхүүгийн удирдлагын талаарх бодит мэдлэг суурьшмал иргэншилтэй харьцуулж болохгүйгээр хол хоцорсон бололтой. Суурьшмал амьдралд дасан зохицон бусдаас хараат бус амьдрахад ирээдүйн баталгаа нь зохиолчийн илэрхийлснээр "юмжих бус хөрөнгөжих", орчин цагийнхаар хуримтлал, капитал, хөрөнгө оруулалт юм.


Нийгэм: Малгай тавивал манайх бүлэгт нүүдэлчин амьдралын хэв маягаас шалтгаалж жилийн ихэнх хугацаанд бие биесээсээ хол, хоорондоо харьцаагүй байдаг тул нэгнийдээ зочлон айлчлах, дулааны улиралд найр наадам хийх, ойн баяр тэмдэглэх нь ертөнцийг танин мэдэх, мэдээлэл, эд барааны солилцоо болдог талаар бичжээ. Нүүдэлчний соёлд ямар зорилгоор айл хэсэж байгааг бус ирсэн хүнээс амьдрал ахуйд тустай анализ хийх үнэ цэнтэй мэдээлэл авах ба үүгээрээ ч бусад иргэншил соёлоос өгч авах нь арай өөр аж. Сүүлд нь нүүдэлчин соёлын нэг гэж болох аман бэлэг бусдад өгдөг, тэр нь амьтай мал тул биелэгдэхгүй байх нь элбэг талаар дурджээ.


Бидний соёл онцлогтой, дэлхийн бусад үндэстнээс ялгаатай гэдгийг маань өдөр тутам санагдуулна. Уламжлан ирсэн соёл, бид бүхнээс салгахын аргагүй нэвт шингэсэн ба дараагийн үедээ ч, үүний талаар сүйттэй бодож ухамсарлахгүйгээр дамжуулах биз ээ.


Төрх: Доголонгийн газарт доголно бүлэгт "совесть" гэх үгийг авч үзэхдээ манай хэлэнд ийм үг байгаагүй талаар тэмдэглэж, ийм төрлийн үг, ойлголт нь аливаа юмс үзэгдлийг нийлүүлсэн илэрхийлэл, танин мэдэхүйн шинэ алхам, суурьшмал соёл, хөгжилд байдаг гэжээ.


Яг үүнийг Нобелийн шагналт онолын физикч Ричард Фейнмэны яриатай богино видеонд тайлбарласан байдаг.

Бичлэгт эрдэмтэн "Бусадтай харилцахад тухайн шувууны нэрийг олон хэл дээр мэдэх нь чухал боловч, шувууны талаар мэддэг гэсэн үг биш" гэдэг.


Эд юмс, амьтан ургамал, үзэгдэлд тус тусын нэршил байхаас гадна, аливааг бүлэглэн ангилах нь хөгжлийн түлхүүр болдог аж. Ингэснээр нээрээ л шинжлэх ухаан цааш хөгжих буй. Үүний тулд бидний хувьд хэлээ шинэчлэх зайлшгүй шаардлагатайг сануулнам. Ядаж л совесть гэдэг Монгол үгтэй болж болно.


Монголчуудын жинхэнэ араншин, жинхэнэ үзэл санааг тодорхойлох нь бидний түүхэн хөгжилтэй холбоотой талаар Үен, нүүдэлчин хоёр, Үл хувирах үл тогтнох чанар хэсэгт байна. Өөр өөр дэглэм, өөр өөр улс орны нөлөөгөөр үзэл бодол, гаргаж буй зан ааш ч даган өөрчлөгддөг талаар дурджээ. Эсвэл үнэн үзэл бодлоо нууж, нийтийн жишгийг дагахгүй бол гэсгээгдэнэ, хариуцлагад унана гэж боддог ч байж болно. Харин Лохууз ба зангилаа хэсэгт зохиолч нүүдэлчний амьдралын философийг гэрийн оосор бүч, морины цулбуурын хөвөрхий зангилаатай жишжээ. Монголчуудын амархан тайлагдах зангилаа нь төрийн байгуулал, нийтлэг үзэл санаа, үнэт зүйл бүрдэх явцад нөлөөлсөн, нэгэн хэвийн үргэлжлэх тогтоц сэлтэд дасах дургүй бололтой гэв.


Энд бусдаас илүү байх, бусдад тоогдох сэтгэлдээ хөтлөгдөн үзэл бодлоо ч нууж, мэддэггүй зүйлээ угаас мэддэг байсан гэж ярих хүний чанар бодогдов. "Социализмын дэглэм нуран унасны дараа, зах зээлийн эдийн засгийг мэдэж байсан мэт, өөрсдөө судалсан гэх худал яриа нь сайндаа л орос хэл мэддэг байсан хүн яав ч чөлөөт нийгмийн талаар англи хэл дээр байсан зүйлийг олж унших, мэдэх боломжгүй гэсэн ганц л нотолгоогоор унана" гэж аавын маань хэлсэн гэнэт санаанд оров.


Үүнээс хойш энэ бүлэгт Монгол хүний зан чанарын талаар дэлгэрүүлэн хүүрнэжээ. Тухайлбал, соёлт ертөнцийн эд зүйлийг цаг зуур тогтоох маягтай эвдээд ч хамаагүй засдаг, үг үйлдлийг нэг утгаар биш нэлээд олон утгаар нөхцөл байдалд нь тааруулж хэрэглэдэг, урвана гэдэг бол сонголт хийх эрх чөлөө гэж ойлгодог, эмэгтэй хүн шийдвэр гаргалтад адил тэгш эрхтэй оролцдог, лавлаж асуухгүйгээр логик ашиглан тайлал хийдэг талаар аж. Гэхдээ зарим зан байдал өөрчлөгдөж байгаа нь хүмүүсийн хандлагаас ажиглагдана, зарим нь хөгжингүй оронд байдаг зүйлийг дуурайж, хэлбэрдэж байгаагийн шинж, харин хэвээр байгаа нь мэдэхгүйгээ мэддэггүйтэй холбоотой мэт.


Үзэл санаа: Улирлын байр суурь бүлэгт нүүдэлчин ард ямар ч зүйлийг, тэр бүү хэл нийгмийн дэглэм өөрчлөгдөхийг хүртэл түр зуурын явдал, хүйтэн улирал хэмээн хүлээн авч, тэсэж үлдэх, давж гарах бодол тээдэг талаар өгүүлжээ. Өөрөөр хэлбэл амьдралд хандах хандлагыг байгалийн улирал шийдээд байгаа мэт. Үнэхээр юу ч тохиосон бай хүлээцтэй зан нь бидний чанар, гэхдээ үүнээсээ болж хайхрамжгүй хандах, жинхэнэ чин хүслээ нуун үлдэх, байгаа зүйлээ араа бодолгүй хэрэглэх сул талууд ажиглагдана. Энэ бүлгийн сүүлийн хэсэгт барууны үзэл санаа, боловсролыг эзэмшдэг ч Монголдоо ирмэгц мартдаг талаар Харвардын дипломтой социалист үзэлтэй хэмээн хошигнон тайлбарлажээ.


Монгол 11 үгээр номын тэмдэглэл

Шашин бүлэгт Монголчууд олон үндэстний төрөл бүрийн шашин байдгийг хүлээн зөвшөөрдөг, зарим нэг нь дагаж шүтэх ч явдал байдаг боловч, нийтээрээ л байгальдаа ойр, уламжлагдан ирсэн үзлээ амархан орхидоггүй талаар бичжээ.


Бүлгийг уншиж дуусаад эдүгээ олон арван шашны төлөөлөл, сүм хийд байх ч жинхэнэ шүтлэг болж чадаж байгаа эсэх талаар эргэлзэх сэтгэл төрөв. Үгүй аваас харамсалтай мэт ч гэлээ, би хувьдаа Буддын шашны зан үйлийг дагадаг ч, шүтэж сүйттэй юм болдоггүй, яг ямар шашин шүтдэг нь эргэлзээтэй тул бусдыг шүүх үндэслэлгүй бөлгөө. Эсвэл, манай шашин угаас зөөлөн, нээрээ л гүн ухаан болтлоо хөгжсөн, амьдралыг үзэх хүмүүний үзэл юм болов уу?


Монгол 11 үгээр номын тэмдэглэл

Бэлчээр: Эзнээ дагуулсан мал бүлэг нь гадаа хээр малаа дагуулж, эсхүл малаа дагаж явсаар улаан хацартай болж хотод ирж түүнээсээ ичдэг талаар эхэлнэ. Бэлчээр гэх зүйл нэг талаас биднийг ойртуулж нэгэндээ сайн сайхныг хүсэх бодлыг төрүүлэх боловч, нөгөө талаас малын тоо толгой өсөн нэмэгдэхэд хоорондоо маргахад хүргэдэг аж.


Америкийн уугуул индианууд газрыг байж л байсан, байсаар байх ч болно гэж үзэн нүүдэллэж очсон хүмүүс газрыг хувааж өмчлөх болоход ер ойлгоогүйтэй адил бид ч мөн төрөөс газар олгож эхлэхэд төдийлөн ухаараагүй бололтой. Үүнийг зохиолч хүн амын 20 хүрэхгүй хувь 0.07 га газраа авсан талаар тоо мэдээлэл ашиглан энгийнээр тайлбарлажээ. Эдгээрээс гадна хот газар биеэ авч явах дүрмийг хөдөөгөөс ирсэн нэгэн хэсэг хугацаанд л зөрчиж, бусдад төвөг учруулдаг талаар инээдэм болгон хүүрнэжээ.


Хараал: Шидэт “Хүүр”-ийн үлгэр бүлэгт төрөл бүрийн хараалын талаар, тэдгээрийн цаад учрыг тайлбарласан байна. Үндэстэн бүрд байдаг хараал бол яах ч аргагүй түүний онцлогийг тодорхойлдог зүйл мөн. Зарим оронд тоо тоймгүй олон хараал байдаг ба дан хараалаар ч ярьж болдог. Тэгвэл Монголд ч хараал мөн байна, гэхдээ дан хараалын үгээр ярьтал олон гэж би бодохгүй байна. Харин хараалыг хэрэглэх тохиолдол нь зөвхөн таагүй муу зүйл тохиоход бус сайн зүйл, магтахад хүртэл ашигладаг нь хачирхалтай.


Тоглоом: Хүүхэлдэйгүй хүүхэд бүлэгт гадаад оронд тоглоомын үзэсгэлэн, цуглуулгад хүүхэлдэй өндөр байр эзлэх бол Монголд тийм зүйл байхгүй гэнэ. Монгол хүүхэд хүүхэлдэйгээр тоглож өсдөггүй, хүүхэлдэй, тэр бүү хэл зургийг сүнсгүй сүг гэж ойлгодог, нүгэл гэж хүлээн авдаг байсан нь шашинтай холбоотой талаар бичжээ. Идээгээр дамжсан ёсыг нэг талаас нүгэл гэнэ, тухайлбал хүүхдэд чөмөг өгдөггүй, нөгөө талаас хүндэтгэл, ах захын эрэмбэ гэнэ, тухайлбал нагацын дэргэд дал барьдаггүй гэдэг талаар тайлбарлажээ. Суурин газрын хүүхэд амьтан тэжээж нааддаг бол нүүдэлчин соёлд ийм зүйл үгүй аж. Харин эсрэгээрээ малд дасах, нохойтой тоглохыг цээрлэдэг. Нэг малыг онцолж дасваас дараа нь хоол хүнс болгоход хэцүү болно, харин нохой бол эрхэлж наадах эелдэг ааштай бус зэрлэг амьтнаас хамгаалах догшин байх ёстой гэж үзсэнтэй холбоотой. Ийн ахуйгаас шалтгаалж хүүхдийн тоглоом ч мөн зөөж нүүхэд амар, байгалийн нөөц баялаг, гарын дор материал ашигласан байх бөгөөд чулуун тоглоом элбэг байжээ.


Хот суурин газар ирж амьдарсан ч нохойг зэрлэг шахуу өсгөдөг, тэр нь хүн хазаж зуудаг талаар мэдээ тогтмол давтамжтай дуулддаг нь, угаас нохойг эрхлүүлж зөөлөн ааштай болгодоггүй Монгол соёл бололтой гэсэн бодол төрөв Үнэхээр энэ асуудлыг шийдмээр байгаа бол хотод нохой тэжээж буй хүний ухамсар, ойлголтыг өөрчлөх хэрэгтэй бололтой. Харин хүүхдийн хувьд тоглох бус, ажиллаж өсөх заяатай мэт. Дэлхий дахинд хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хөдөлгөөн дэлгэрч байгаа ч, манайд бол эсрэгээрээ эцэг эхтэй ээлтэй, тусалж өсөх нь соёл билээ.


Шоглоом: Хүнээр наадахуй бүлэг нь бие биеэ шоглон наргидаг, түүнийг нь даахгүй бол цааш улам гүнзгийрдэг, бусдад тараан ярьдаг талаар бичжээ. Насанд хүрсэн хүмүүс зөвхөн хоорондоо ингэх бус хүүхдүүдийг ч тойрдоггүй байна. Сонирхолтой нь чадуулсан нэгэн нь уурладаггүй, бүүр хүүхдэд дөнгүүлбэл хүүхдийг шийртэй сайн эр болж өсөж байна гэж бахархдаг байна. Өмнөх бүлэгт хүүхэд тоглоомгүй өсдөг талаар дурдаад энэ бүлэгт хүүхдийн тоглоом нь нэгнийгээ шоглох байсан гэжээ.


Өнөө үед тоглоом байх байхдаа тоолж барахгүй олон болж, нэг тоглоод л уйдах, энд тэнд хөглөрөх айлын новш болжээ. Тиймээс хүүхдэд оюуныг нь хөгжүүлэх, чанартай тоглоом авч өгөх нь зүйтэй нөгөөтээгүүр, урд зүгээс импортлон хамаг байгаа валютаа зарцуулж буй талаар нэгийг эргэцүүлэв.


Хууль: Дүрмийн эзэн бүлэгт Монголчууд хуулийн дээр гарах, эс бөгөөс хуулийн доогуур нуугдан бултах нь зөв хэмээн үздэг, ийн үзэх болсон нь түүхтэй холбоотой талаар бичжээ. Харь оронд амьдарч хууль дүрэм мөрдөх болсон нэгнийгээ гайхан ярилцдаг байжээ. Хот суурин газар, тэр дундаа жолоо барих дүрмийг мөнгөн торгууль ногдуулснаар л баримталдаг болсон байна. Гэсэн хэдий ч иргэдийн дунд хуулийг дагадаггүй, яаж ийгээд аргалаад өнгөрөх санаа байсаар, төрийн албаныхан хууль байгаа ч би бас байна гэх байдлаар өөрийгөө тоолгох, эсвэл хахууль авах гэсэн нэгэн байгаа нь хууль яг хууль байж чадахгүй эмгэнэлт байдлыг харуулна.


Энд эрх зүйн багшийн хэлсэн үг санаанд оров. Тэрээр бослого, үймээн гаргаад төрийн эргэлт хийж чадвал хувьсгал болно, харин чадахгүй бол эрүүгийн гэмт хэрэгтэн болно гэж билээ. Нээрээ ч хуулийг уландаа гишгэж дагаж мөрдөхгүй байх нь яах гэсэн цаад бодол юм бол, зүгээр л заль мэх хэрэглэж буй бидний хэлдгээр мэргэн ухаан юм уу.


Худалдаа: Худал + Даа сүүлийн бүлэгт худалдаа, арилжаа, наймааны талаар бидний үзлийг бичжээ. Түүхэндээ малын түүхий эд ашиглан ихэнх хэрэгцээгээ өөрсдөө хийж сурсан, харин бусад хэрэгцээгээ дайн байлдааны олзоор олдог байв. Социализмын үед харин тогтоосон үнээр бүгд тэгш бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг, харин ховор эдийг гар дээрээс зарж борлуулах нь дамлах байв. Ийнхүү ойлгож байтал дэглэм өөрчлөгдөж зах зээл, чөлөөт худалдаа гарч, энгийн иргэд гадаад валют хэрэглэж, гадаад улсыг зорих болжээ. Гэсэн хэдий ч бараагаа авахаас өмнө мөнгөө бэлдэх бус, бараагаа олсны дараа мөнгөө хайх явдал бидний соёл гэлтэй. Сүүлийн хэсэгт өрсөлдөгч байхгүй бол би тэргүүлнэ гэж муйхарлан бусдын хийсэн бүтээснийг устгадаг нь Монголчуудын уруутган тэгшитгэдэг сонин үзэгдлийн талаар ажиглалтаа өгүүлжээ. Бид байх ёстой мэт, энгийн мэт хүлээн авдаг зарим нэг үзэгдэл хөгжлийг хойш татаж байна.


Б.Цэнддоо зохиолч өөрийн ажиглалт судалгаа дээр суурилж, уран зохиолын өнгө аястай, адилтгаж, харьцуулж, жишиж тайлбарлан, ёжилсон үг хэллэгтэй бичдэг нэгэн. Углуургаар нь тайлбарласан нь сөргүүлэн мэтгэлцэх, хэлснийг нь үгүйсгэх боломжгүй мэт. Түүний бүтээлд Монгол ахуй соёл, заншил ихээр агуулагдах ба түүхийн эх сурвалжийг харамгүй ашиглажээ. Товчхондоо Монгол хүний ертөнцийг үзэх үзлийг шоолсон өнгөтэй мэт боловч бидний үндэстний зан байдлыг тов тодорхой буулгажээ. Социализмын үед амьдарч байсан хүмүүс номыг төвөггүй уншиж дуусгах бол, XXI зуунд төрж өссөн нэгэн зохиолчийн туулсан амьдралаар дамжуулан тухайн үеийн нөхцөлийг ойлгоно гэж бодогдов. Харин би номыг уншихдаа зохиолчийн илэрхийлсэн зүйл, оюун дүгнэлтэд анхааран, цааш хөтлөх бодолдоо автав. Бичсэн тэмдэглэлээ эргэж унших зуур зохиолчийн бичгийн маягийг дуурайгаад байна уу даа гэсэн бодол төрснийг нуух юун.

Ж.Танан

"Монгол 11 үгээр" номын тэмдэглэл

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #НомынТэмдэглэл #НомынАнимэТанилцуулга #БЦэнддоо #МонголХүн #МонголСоёл #МонголАмьдрал #МонголынЗанШил #МонголынНийгэм #МонголчуудынТүүх #МонголАхуйнОнцлог #МонголынЗанЧанар #НүүдэлчинСоёл #МонголХүнийТөрх #ТүүхСоёл #МонголҮндэстэн #МонголХарилцаа #МонголАмьдралынХэвМаяг #МонголАхуйнСудалгаа #МонголынТүүх #МонголынШашин #МонголБэлчээр #МонголТоглоом #МонголХууль #МонголХудалдаа #СоциализмМонгол #МонголСоёлынОнцлог #НүүдэлчинМонгол #МонголШоглоом #МонголЗохиолч #БЦэнддоогийнНом #МонголАмьдралынСургамж #МонголАжиглалт #МонголынҮзэлСанаа #МонголынҮндэснийОнцлог #МонголСудлал #МонголынБодол #МонголХандлага #МонголЗанТөрх #МонголХүнийТүүх #МонголҮзэлБодол #МонголШинжлэхУхаан #МонголынӨнөөгийнНийгэм





2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

Guest
Jan 27, 2024
Rated 5 out of 5 stars.

Good

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page