top of page
Writer's pictureЖ.Танан

Контент бүтээх бизнесийн эрх зүйн орчин

Updated: 4 days ago



Хуульч Шувуухай Контент бүтээгч

Хураангуй

Дижитал эдийн засгийн хурдацтай өсөлт нь Монгол дахь контент бүтээх салбарыг эрчимжүүлж байгаатай хэн бүхэн санал нийлнэ. Гэсэн хэдий ч, бизнесийн энэхүү салбарыг зохицуулж буй эрх зүй, эдийн засгийн тогтолцоо нь боломж, сорилт бэрхшээлийг дагуулна. Энэхүү нийтлэлд зохиогчийн эрх, зар сурталчилгаа, дижитал платформын зохицуулалтад анхаарлаа хандуулж, манай улсын контент бүтээх бизнесийн эрх зүйн орчныг судалсан болно. Түүнчлэн орлогын эх үүсвэр, амжилтын түүх, өсөн нэмэгдэж буй салбарыг дэмжихийн тулд шинэчлэл хийх шаардлагатай татварын салбарын асуудлыг онцгойлон хөндөв.

Агуулга

Удиртгал

Контент бүтээх нь дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж буй салбар бөгөөд эдийн засаг, соёлын томоохон чадавхыг өөртөө агуулдаг гэж болно. Нэг талаас, дотоодод олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ өсөн нэмэгдэж, нөгөө талаас дижитал хандалт нь дотоодоор зогсохгүй олон улсын үзэгчдэд цаг хугацаа, орон зайны аливаа хязгааргүйгээр контентыг хүргэх боломжийг бүтээгчид олгосон. Манай улсад энэ салбар бүрэн хүчин чадлаараа ажиллахад зохицуулсан, эсвэл тохирсон эрх зүйн орчныг нарийвчлан тодорхойлоогүй нь зарим талаараа дутагдалтай мэт боловч, органик хөгжилд эрх зүйн зохицуулалт хангалттай байж магад. Энэхүү нийтлэлд Монголын контент бүтээгчид тулгардаг эдийн засгийн, технологийн зэрэг сорилтыг хөндөж, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийв.


Контент бүтээгч

Нэн түрүүнд, контент бүтээгчид энгийн тодорхойлолт өгөхийг оролдов. Контент бүтээгч нь үзэгчийг хөгжөөх, тэднийг татан оролцуулах, тэдэнд мэдээлэл өгөх зорилготой материал бэлтгэж, нийтэлдэг хувь хүн, эсвэл хуулийн этгээд юм. Материал нь нийгмийн сүлжээ, медиа, цахим хуудас, эсвэл стриминг үйлчилгээ зэрэг цахим платформ дээр хуваалцдаг текст, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг, эсвэл интерактив контент зэрэг олон хэлбэртэй байж болно. Харин чиглэлийн хувьд хоол хийх, байгальд ээлтэй, хэмнэлт гаргах, хямд зүйл сурталчлах, амьдралын хэв маяг түгээх, хов жив (gossip), хэл ам, олны танил хүмүүсийн амьдрал, хөрөнгийн хэмжээ, гэмт хэрэг, кино, уран бүтээл зэргийг ярих, үзүүлэх, тайлбарлах олон төрөл байна. Хэв маягийн хувьд хошигносон, хөгжилтэй, шүүмжлэлтэй, зааж сургах, туршлага хуваалцах, хүүрнэх зэрэг өөрийн гэсэн өнгө аястай байдаг.


Контент бүтээгчийн ангилал

Контент бүтээгчийг чөлөөт (freelance) болон дотоодын (in house) гэж ангилж болно. Чөлөөт гэдэг нь аль нэгэн компанид, эсвэл хэн нэгэнд харьяалахгүй, эрх чөлөөтэй, бие даасан, контент бүтээгч юм. Чөлөөт контент бүтээгч ажлын тогтмол цагт баригдахгүй, контентын агуулгын хувьд өргөн сонголттой, олон янз байж болно, мөн үнэ тарифыг өөрөө тогтоох давуу талтай ч баталгаатай орлогогүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй тул ажилчдын урамшуулал, тэтгэмж тэтгэлэгт хамрагдахгүй. Тэр ч утгаараа өөрийн мэдлэг, ур чадварыг бие даан тогтмол хөгжүүлэх хэрэгтэй болно. Тухайлбал, Google Analytics-ийн гэрчилгээ олгох үнэ төлбөргүй курс, Udemy-ийн блог хөтлөгч болох курс зэрэг интернэтэд өргөн агуулгатай хичээл, курс, номын сан байна.


Харин дотоодын гэж нэрлээд буй контент бүтээгч нь компани, эсвэл агентлагт харьяалагдаж, зөвхөн нэг салбарт анхаарлаа төвлөрүүлнэ, мөн компани, агентлагийн зүгээс тавих маркетинг, олон нийтийн харилцаа, бизнес, сэтгүүл зүй, эсвэл тодорхой салбарын мэргэжил, туршлага, гадаад хэл зэргийг эзэмшсэн байх шаардлагыг хангана. Мэдээж тухайн компанийн маркетингийн багтай хамтран ажиллах, ажилтны хувьд тогтмол цалин урамшуулал хүртэх давуу талтай, гэхдээ бүтээлч байхаас илүүтэй тодорхой агуулгад баригдана.


Үүнээс гадна, контент бүтээгчийг сонирхогч (amateur) болон мэргэжлийн (proffessional) гэж ангилж болно (Ziembicki, 2023). Сонирхогч ихэвчлэн контентыг нийтлэгдсэний дараа хүмүүс сонирхоно хэмээн найдаж өөрийн туршлага, амьдралын хэв маягаа тодорхой төлөвлөгөө, хуваарьгүйгээр санамсаргүй буюу тогтмол бус байдлаар контент үүсгэх хандлагатай байдаг. Харин мэргэжлийн контент бүтээгч сар, долоо хоног бүр, эсвэл өдөр тутам нийтлэх контентын төлөвлөгөө гаргаж, зорилтот үзэгчдийнхээ анхаарлыг татахуйц, сэдэв, агуулгыг анхааралтай сонгож, тууштай ханддаг. Мэргэжлийн тоглогч нийтэлсэн контентоо идэвхтэй сурталчилж, маркетингийн янз бүрийн стратеги ашиглан олонд түгээдэг байна.


Нийтлэлийн хүрээнд контент бүтээгч гэдэгт үзэгчийн, эсвэл хандалтын тоог өсгөж, эцэст нь бүтээлээсээ орлого олох зорилгоор онлайн контент нийтэлж байгаа чөлөөт бүтээгчийг авч үзнэ.


Контент бүтээгчийн жишээ

Энэ салбар нь зөвхөн өөрийн онлайн контент хийдэг хүнээс гадна контентоос орлого олдог блогчин, куратор, инфлюенсер, видео зурагчин зэргээс бүрддэг төрөл бүрийн оролцогчтой том салбар юм. Тухайлбал:


  1. Нийгмийн сүлжээний инфлюенсер (social media influencers): Instagram, Facebook, TikTok зэрэг платформ дээр нийтлэл, сурталчилгаа, эсвэл түүх үүсгэж, хуваалцдаг хувь хүн.

  2. Ютүбэр, стример, видео тоглоом стример (YouTubers, streamers, video game streamer): YouTube, Twitch, эсвэл ижил төстэй платформ дээр видео контент, эсвэл шууд дамжуулалт хийдэг бүтээгч.

  3. Зохиолч, онлайн нийтлэгч, блогчин, влогчин, мэдээллийн товхимол зохиогч (writers, online publishers, bloggers, vloggers newsletter authors): ихэвчлэн чөлөөт ажлын нэг болгон хувийн блог, влог хөтөлдөг, онлайн хэвлэлд зориулж нийтлэл, эссэ, өгүүллэг бичдэг хүн.

  4. Онлайн сургалт, курс бүтээгч (course creators): онлайнаар төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг хүн.

  5. Подкаст хөтлөгч (podcasters): хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцлага авч, эсвэл түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүхий л сэдвээр хүүрнэн ярихад төвлөрдөг аудио контент бүтээгч.

  6. Уран бүтээлч, дизайнер (artists, designers): үзэгч, эсвэл үйлчлүүлэгчид зориулсан визуал болон дижитал урлаг, чимэглэл, дизайн хийдэг хүн.


Контент бүтээгчийн орлогын эх үүсвэр

Контентыг хүмүүс хэдэн арван жил бүтээсээр ирсэн. Гэхдээ контент бүтээх нь бүгдэд хүртээмжтэй эдийн засгийн эх үүсвэр болсон нь саяхны үзэгдэл юм. Үүнд мэдээж технологийн хурдацтай хөгжил нөлөөлсөн, ялангуяа цар тахлын дараа үсрэнгүй дэвшил гарсан гэж болно. Арван хэдхэн жилийн өмнө инфлюенсер буюу бусдад нөлөөлөх хандлага тэргүүлж байсан бол өнөөдөр контент бүтээгч брэндийг бий болгох, олон нийтийг татан оролцуулах, хамтран ажиллах шинэ хэрэгсэл, өвөрмөц стратегитай болжээ. Үүнийг дагаад контентын бизнес, бүтээгч эдийн засаг гэх ойлголт бий болж, тэр хэмжээгээр бий болох орлого өсөх хандлагатай байгаа ч салбарын доторх орлогын хуваарилалт асар их зөрүүтэй байгаа бололтой.


Контент бүтээгчийн орлого нь байгууллагуудын уламжлалт мультимедиа кампанит ажлаас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нөлөөллийн маркетинг руу шилжсэн маркетингийн төсвөөс голчлон бүрддэг. Бодит байдал дээр компаниуд нөлөөлөгч маркетингд илүү их мөнгө зарцуулах болсон байна. Дараагийн жилүүдэд контент бүтээгчийн эдийн засагт илүү их мөнгө эргэлдэх нь гарцаагүй.


Контент бүтээгчид хэд хэдэн эх үүсвэрээс орлого олох боломжтой. Тухайлбал:

  • Өөрийн бүтээсэн, эсвэл бусдын контентыг хуваалцах (sharing);

  • Олон дагагч (follower), захиалгатай (subscription) болох, олон like авах, эсвэл тодорхой үзэгчийг татах (building audience);

  • Зар сурталчилгааны төлбөр авах (ad revenue), ивээн тэтгэгчээс санхүүжилт авах (sponsorships), бүтээгдэхүүн борлуулалт хийх (merchandise sales), линкээр дамжуулан хийсэн борлуулалтын шимтгэл хүртэх (affiliate marketing), гишүүнчлэл, patreon гэх зэрэг платформын шүтэн бишрэгчдээс санхүүгийн дэмжлэг авах (membership, crowdfunding) зэрэг.


Жишээ татвал, 200 мянга давсан захиалагчтай (subscribers) амьдралын хэв маягийн талаар влог хөтлөгч сард ойролцоогоор 2’000 ам.доллартой тэнцэх хэмжээний зар сурталчилгааны орлого олдог байна. Гэхдээ орлого нь үзэгчийн тоо, тэдний байрлалаас хамааран ялгаатай байдаг. Түүнчлэн, бараа бүтээгдэхүүн сурталчлах, төлбөртэй сургалт зохион байгуулах, гар урлалын бүтээгдэхүүн зарах зэргээр орлого олдог байна.


Тогтмол цалин болон YouTube контент бүтээгчийн орлогын цагийн үнэлэмжийг харьцуулбал контент бүтээгчийн үнэлэмж 5.7 дахин их байна. Хүснэгтэд тооцооллыг харуулав.

Цалин, хөлсний хэмжээ, тооцоо

Тогтмол цалинтай ажил цагийн үнэлэмж

YouTube контент бүтээгчийн цагийн үнэлэмж

Тогтмол сарын цалин 1’500’000₮,цагийн цалин (1’500’000/22/8=8’523₮)

8’523₮

 

Нэг контентоос олох орлого 500$-1’000$

Зар сурталчилгаа байрлуулах – эхэнд, дунд, төгсгөлд тусдаа үнэтэй

YouTube ads

Зарцуулах хугацаа нийт 8 цаг

Мэдээлэл цуглуулах 2 цаг

Дууны бичлэг хийх 2 цаг

Бичлэг эвлүүлэх 4 цаг

7 хоногт нэг контент оруулна (500$*5=2’500$)

Цагийн хөлс (2500$/22/8=14.20$)

 

48’438₮

Influencer Marketing Hub цахим хуудаст нийтэлсэн бүтээгч эдийн засгийн өнөөгийн байдлын статистик мэдээллээс дурдъя (Mileva, 2022). Өнөөдөр янз бүрийн платформ болон олон нийтийн мэдээллийн сүлжээнд 50 сая гаруй контент бүтээгч 100 тэрбум ам.долларын зах зээлийг бий болгожээ.


Контент бүтээгчийг мэргэжлийн түвшин, нас, хүйс зэрэг хүн ам зүйн үзүүлэлтээр ангилж болно. Бүтэн цагаар контент бүтээж буй 2 сая орчим мэргэжлийн контент бүтээгч байгаа бол хагас цагаар контентоор орлого олдог 46 сая гаруй сонирхогч байна.


Мэргэжлийн бие даасан контент бүтээгч ихэвчлэн YouTube платформ дээр төвлөрдөг бөгөөд ойролцоогоор 1 сая контент бүтээгч 10 мянга гаруй захиалагчтай. Үүний дараа Instagram дээр 500 мянга орчим идэвхтэй инфлюенсер, Twitch дээр түнш, эсвэл түншийн статустай 300 мянган бүтээгч байна. Үлдэх 200 мянга нь подкастер, хөгжимчин, зохиолч, зураач болон бусад уран бүтээлч байна.


Нөгөөтээгүүр, 46 сая сонирхогчийн ихэнх буюу 30 сая нь Instagram дээр үйл ажиллагаагаа эрхэлдэг ба 50 мянгаас 100 мянган дагагчтай. YouTube дээр 100-гаас 10 мянган захиалагчтай 12 сая орчим сонирхогч бүтээгч байдаг. Үлдсэн сонирхогч нь Twitch болон бусад платформ дээр контентоос орлого олдог байна.


Орлогын хувьд мэргэжлийн тоглогчид сонирхогчдоос илүү ихийг олдог нь ойлгомжтой. Судалгаагаар бүтэн цагийн контент бүтээгчийн 78 хувь нь жилд 23’500 ам.доллароос дээш орлого олдог гэжээ. Мөн ижил судалгаагаар сүүлийн 4 жилийн хугацаанд үзэгчийн суурь бааз бүрдүүлж чадсан контент бүтээгчийн бараг тал хувь нь жилд 20’000 ам.доллароос дээш орлого олдог болохыг тогтоожээ. Орлогын дийлэнх хувь нь брэндүүдтэй хийсэн хэлцлээс бүрддэг ч инфлюенсер, брэндийн элч төлөөлөгч болох, туршлага, дагагч, шүтэн бишрэгчийн тооноос ч мөн хамаарна.


Тус судалгаанд дурдсан сонирхол татсан зүйл нь эмэгтэй инфлюенсер эрэгтэйгээс өндөр буюу 80 гаруй хувь нь эмэгтэй контент бүтээгч байна. Тэдний голлох салбар нь гар урлал, хүүхдийн хүмүүжил, гоо сайхан, загвар бол эрэгтэй контент бүтээгчид гэрэл зураг, аялал, фитнесийн салбарт тэргүүлдэг гэжээ. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүд орлогоороо илүү байдаг байна.


Шилдэг контент бүтээгчид

StarNgage цахим хуудаст 2024 оны Монголын шилдэг 1’000 YouTube инфлюенсерийн жагсаалтыг дагагчийн тоод тулгуурлан гаргасан байна (StarNgage, 2024). Жагсаалтыг рок болон Монголын уламжлалт дууг хослуулан уран бүтээл хийдэг The HU хамтлагийн хуудас 1.68 сая захиалагчтайгаар тэргүүлжээ. Удаах байранд 1 сая захиалагчтай Франц улсын нийслэл Парис хотноо амьдардаг супер баатар, YouTube контент бүтээгч Tushig орсон байна. Б.Түшиг 1 сая дагагчийн “Golden Play Button”-оо энэ онд гардан авсан байна (Г.Урантөгс, 2024). Түүний YouTube суваг 174 сая гаруй үзэлттэй ба орлого олох нэг эх үүсвэр нь банкны дансаа байршуулан фенүүдээсээ шууд дэмжлэг авдаг байна. Харин гуравдугаар байранд хоол, соёл, аялал, хүмүүсийн талаар нийтэлдэг 585 мянган захиалагчтай, 479 видеотой Artger хуудас оржээ. Уг хуудас нь 2015 онд нээгдсэн ба үүнээс хойш 155 сая үзэлттэй болжээ. Мэдээллийг нэгтгэн хүснэгтэд харуулав.

Д/д

YouTube сувгийн нэр

Үүсгэсэн он

Захиалгын тоо (Subscribers)

Видеоны тоо

Үзэлтийн тоо

1

The HU

2018

1.68 сая

146

330,406,279

2

Tushig

2015

1.03 сая

561

174,773,553

3

ARTGER

2015

585 мянга

479

155,824,742




StarNgage цахим хуудаст мэдээлсний дагуу Instagram платформ дээр аялал, зураг, мэдээ мэдээлэл нийтэлдэг 1.3 сая дагагчтай Odzaya Deremchimed тэргүүлсэн бол дуу хөгжим, бизнес санхүү, ээжийн амьдрал, модель зэргийн талаар нийтэлдэг 1 сая дагагчтай Ch.Urankholboo удаалсан байна.


Түүнчлэн, Influencer цахим хуудаст Монголын хамгийн олон захиалагчтай 100 YouTuber-ийг мэдээлжээ (Influencer, 2024). Жагсаалтыг боловсролын категорид бүртгэгдсэн 440 мянга давсан захиалагчтай Бяцхан оцон шувуу Пороро хуудас тэргүүлсэн байна. Харин удаах байранд entertainment категорид бүртгэгдсэн 279 мянган захиалагчтай Mongolia’s Got Talent хуудас орсон байна. Гуравдугаар байранд боловсролын категорид бүртгэгдсэн 178 мянган захиалагчтай Manduulero хуудас оржээ. Мандуул YouTube сувагт хотжилтоос үүлдэлтэй амьдралын хэв маяг, эрүүл мэндийн гаргалгаа санал болгох зорилготой эрдэм шинжилгээний судалгаа хийсэн салбартаа мэргэшсэн хүмүүстэй ярилцлага хийж нийтэлдэг байна. Мэдээллийг нэгтгэн хүснэгтэд харуулав.

Д/д

YouTube сувгийн нэр

Үүсгэсэн он

Захиалгын тоо (Subscribers)

Видеоны тоо

Үзэлтийн тоо

1

Бяцхан оцон шувуу Пороро Pororo Mongolian

2019

441 мянга

195

254,065,071

2

Mongolia’s Got Talent

2015

279 мянга

697

169,565,518

3

MANDUULERO

2011

178 мянга

196

12,073,375




Контент бүтээгчийн боломж ба дэмжлэг

Контент бүтээгчийн хувьд дэмжлэг туслалцаа авах хэд хэдэн суваг байна. Тухайлбал:


  1. Ивээн тэтгэгч, түншлэл: Брэндүүд орлого нэмэгдүүлэх боломж эрэлхийлдэг.

  2. Сургалт, семинар: Хууль зүйн нийцэл, контентын стратеги, мөнгө олох арга техникийг ойлгоход тусалдаг.

  3. Засгийн газрын дэмжлэг: Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг агентлаг онлайн орон зайг зохицуулахын зэрэгцээ дижитал контент бүтээгчийн эрхийг хамгаалах арга замыг судалдаг.


Оюуны өмчийн тухай хуульд оюуны өмчийн эрхийг лиценз, франчайз, мерчандайзийн болон бусад гэрээ, хэлцлээр бусдад бүрэн болон хэсэгчлэн ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, оюуны өмчөөр хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаалах болон бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж болно хэмээн заасан. Төрөөс үзүүлэх дэмжлэгт татварын хөнгөлөлт, чөлөөлөлт; хуульд заасан нөхцөл, журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хийх; оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах; оюуны өмчийн эрхээ бүртгүүлэх, хамгаалах болон олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх орно гэжээ (ОӨтХ, 2020).


Контент бүтээгчид тулгардаг сорилт, бэрхшээл

Контент бүтээгч зохиогчийн эрх, зар сурталчилгааны ил тод байдал, платформын бодлого зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайгаас гадна эрх зүй, эдийн засаг, техник технологиос үүдэлтэй мэргэжил, цаг хугацаа, оновчтой санаа зэрэгтэй холбоотой янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг.


1.     Хууль эрх зүйн сорилт

Контент бүтээгч бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан, эсвэл контент бүтээгчийн бүтээлийг бусад хүн зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд Зохиогчийн эрхийн тухай хуулиар (ЗЭтХ, 2021) хариуцлага хүлээнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авах боломжтой ч ялангуяа дижитал домэйний хувьд хэрэгжилт удаан байх талтай.


Зар сурталчилгаагаар орлого олдог контент бүтээгч Зар сурталчилгааны тухай хуулийг (ЗСтХ, 2002) дагаж мөрдөх ёстой бөгөөд үүнд зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага, баримтыг хадгалах, тухайн зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг шаардах зэргийг анхаарах хэрэгтэй. Хууль зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.


Эмзэг сэдвийг хөндсөн контент бүтээгч хүний нэр хүндийг гүтгэхээс сэргийлэх хэрэгтэй ба аливаа байдлаар хууль зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Иргэний хууль (ИХ, 2002) болон бусад хуулиар хариуцлага хүлээх эрсдэлтэй.

Контент бүтээгч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар (ХМЭЧтХ, 1998) олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон эрх зүйн хязгаарлалтын тэнцвэрийг хадгалах ёстой.


2.     Эдийн засгийн сорилт

Монголын дижитал зах зээлийн хэмжээ нь зар сурталчилгаагаар орлого олох, ивээн тэтгэгчтэй болох боломжийг (мonetization) хязгаарладаг. YouTube зэрэг платформ дээр орлого олохын тулд үзэгчийн тоо, захиалга, үзэлт зэрэг тодорхой босго давах хэрэгтэй. Гадаад орноос үзэх тохиолдолд зар сурталчилгаа тавигдах боловч, дотоодын үзэгчийн хувьд байдаггүй тул тэр хэмжээгээр орлого олох боломж хязгаарлагдмал байх талтай.


Нөгөөтээгүүр, тоног төхөөрөмж, программ хангамжийн өндөр зардалтай байдаг. Тухайлбал, камер, микрофон, программ хангамж зэрэг мэргэжлийн хэрэгсэл нь өртөг өндөртэй бөгөөд ихэвчлэн импортоор орж ирдэг тул контент бүтээгчийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлдэг, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болно. Видео засвар (edit) хийдэг Cap Cut зэрэг аппликешн төлбөргүй ч мэргэжлийн түвшинд дуу дүрсний бичлэг, засвар хийх ихэнх программ төлбөртэй байдаг.


3.     Техник, технологийн сорилт

Хөдөө орон нутагт интернэтийн хүртээмж хязгаарлагдмал тул бүтээгч үндэсний үзэгчдэд хүрэх, контентыг тогтмол байршуулах боломж дижитал дэд бүтцийн хувьд хязгаарлагдаж болно. Түүнчлэн, Facebook, YouTube, TikTok зэрэг платформын олон улсын бодлого нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, төөрөгдөл үүсгэж, контентоо удирдахад бүтээгчийн үйл ажиллагааг хязгаарлаж болзошгүй.


4.     Нийгэм, соёлын сорилт

Маргаантай асуудлыг хэлэлцэж буй бүтээгчийн хувьд соёлын мэдрэмж шаардлагатай болох, ялангуяа шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн асуудлыг хөндсөн тохиолдолд олон нийтийн эсэргүүцэл, цензуртэй тулгарч болзошгүй. Түүнчлэн, цахим дарамт шахалт (social bully), эсвэл троллингтой (trolling) тулгардаг бөгөөд энэ нь одоо байгаа Кибер аюулгүй байдлын хуулиар (КАБтХ, 2021) хангалттай зохицуулагдаагүй.


5.     Зарцуулах хугацааны сорилт

Аливаа контент бүтээхэд, тухайлбал бичлэг хийж засвар хийхэд хугацаа үлэмж зарцуулна. Энэ нь давхар ажил эрхэлдэг чөлөөт уран бүтээлчийн хувьд зарим талаараа бэрхшээл болно.


6.     Санаа олох сорилт

Нийгмийн сүлжээ ашиглах, ном зохиол унших, сонирхдог зүйл, хобби гэх зэрэг бүхий л эх үүсвэрээс санаа олно. Баттай бус эх сурвалжаас (blind item) мэдээлэл авах асуудал гардаг тул олон эх сурвалж, коммент, хариу үйлдэл (feed back) зэргийг нэгтгэн базаж контентыг бэлдэх хэрэгтэй болно.


7.     Тодорхой түвшинд хүрэх сорилт

YouTube дээр контент бүтээгч 1 сая түүнээс дээш тооны дагагчтай болж Golden Play Button, 100 мянга болон түүнээс дээш тооны дагагчтай болж Silver Play Button батламж авах гэх зэрэг. 1 сая дагагчтай YouTube контент бүтээгч сард 2’000-5’000 ам.долларын орлого олох боломжтой.


8.     Ёс зүйн сорилт

Аливаа бизнес ёс зүйтэй байх ёстой, энэ нь контент бүтээгчид ч мөн хамааралтай. Тухайлбал, байгальд ээлтэй бүтээгдэхүүн сурталчлах, бусдад зөв үлгэр дууриалал үзүүлэх, зарчим баримтлах, биеэ авч явах, соёлтой харьцах, бусдыг гутаан доромжлохгүй байх, цаг баримтлах зэрэг төрөл бүрийн үзүүлэлтээр үнэлэлт дүгнэлтийг захиалагч, дагагч, үзэгч өгдөг болжээ.


Эрх зүйн орчин

1.     Оюуны өмчийн зохицуулалт

Оюуны өмчийн тухай хууль

Энэ хуулийн зорилт нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино (ОӨтХ, 2020).


“Оюуны өмч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг хэлнэ.


Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүсэх ба түүнийг хэрэгжүүлэхэд бүртгэл шаардахгүй.


Контент бүтээгч өөрийн оюуны бүтээлээ бодитоор үнэлүүлж, хамгаалж, түүнийхээ үр өгөөжийг бодитоор хүртэж, үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг олгоно.


Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх болон аж үйлчдвэрийн өмчийн эрхийг харьцуулан схемд харуулав.

Оюуны өмч

Зохиогчийн эрхийн тухай хууль

Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино (ЗЭтХ, 2021).


“Зохиогчийн эрхийн бүтээл”-д агуулга, зориулалт, үнэ цэн, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно.

Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамааран бодит хэлбэрээр туурвисан байна.


Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна. Энэхүү эрхэд хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх орно.


Зохиогчийн эрхээр хамгаалах болон үл хамгаалах бүтээлийн жагсаалтыг хүснэгтэд харуулав.

Зохиогчийн эрхээр хамгаалах болон үл хамгаалах бүтээлийн жагсаалт

Зохиолч болон зохиогчийн эрх эзэмшигчийн жагсаалтыг хүснэгтэд харуулав.

Зохиолч болон зохиогчийн эрх эзэмшигчийн жагсаал

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

Энэ хуулийн зорилт нь бараа, үйлчилгээний тэмдэг (барааны тэмдэг), газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино (БТГЗЗтХ).


“Барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ.

Контент бүтээгч хувийн брэнд, эсвэл лого боловсруулахад энэ хуулийн зохицуулалт хамааралтай байна.


2.     Хэвлэл мэдээлэл, харилцааны зохицуулалт

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино (НМИТБтХ).


Мэдээлэл олж авах, түгээхтэй холбогдсон харилцааг зохицуулна.


Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино (ӨНтХ).


Хэвлэл мэдээллийн платформ ашиглан контентыг түгээхэд хамааралтай.


Кибер аюулгүй байдлын тухай хууль

Энэ хуулийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино (КАБтХ).


Энэхүү хуульд дижитал контент болон онлайн мэдээллийн аюулгүй байдлыг тусгасан.


3.     Цахим худалдаа ба зар сурталчилгааны зохицуулалт

Зар сурталчилгааны тухай хууль

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино (ЗСтХ, 2002).


Зар сурталчилгааны контент бүтээгч нь брэндүүдтэй хамтран ажиллахдаа төлбөртэй сурталчилгааны ил тод байдлыг хангахаас гадна, ивээн тэтгэгчийг зарлах ёстой. Үүнийг дагаж мөрдөөгүй тохиолдолд торгуульд орох эрсдэлтэй.


Цахим худалдаанд холбогдох олон улсын эрх зүйн зохицуулалт

Онлайн платформоор дамжуулан орлого олдог контент бүтээгчид тухайлбал, цахим хэлбэрээр хийгдсэн арилжаа хүчинтэй байх асуудал, урган гарах хууль зүйн үр дагавар зэрэг хамааралтай. Манай улс нэгдэн орсон олон улсын хэд хэдэн гэрээ, конвенц байдаг. Тухайлбал:


  • Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай Венийн конвенц;

  • Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай Брюсселийн конвенц;

  • Иргэний болон арилжааны хэргийн асуудлаар гадаадын шүүхийн шийдвэр, маргаан шийдвэрлэх шүүхийн харьяаллын тухай Гаагийн конвенц;

  • Маргаан шийдвэрлэх шүүхийг сонгох зөвшилцлийн тухай Гаагийн конвенц;

  • Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц.


“Цахим худалдаа гэдэг нь ерөнхийдөө текст, дуу, дүрс зэрэг цахим өгөгдлийг боловсруулж дамжуулах ажиллагаа дээр үндэслэсэн байгууллага, хувь хүмүүс хоорондын бизнесийн арилжааны бүх хэлбэрийг хэлнэ” гэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тодорхойлсон.


Харин Европын Мэдээллийн технологийн шинжлэх ухааны хүрээлэнгээс “Цахим худалдаа нь цахилгаан холбоо харилцааны сүлжээг ашиглан өртөг шилжүүлэх бизнесийн үйл ажиллагаа явуулах талбар” гэж тодорхойлжээ (Олон улсын эрх зүйн сектор; Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектор, 2012).


4.     Хөдөлмөр эрхлэлтийн зохицуулалт

Хөдөлмөрийн тухай хууль

Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино (ХтХ).


Контент бүтээгч албан ёсны ажил эрхлэх, эсвэл туслах ажилтан авсан тохиолдолд хамаарна.


5.     Татварын зохицуулалт

Татварын ерөнхий хууль

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино (ТЕХ).


Контент бүтээгчийн хувьд олсон орлогоо тайлагнах асуудалд хамааралтай.


Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино (ХХОАТтХ, 2019).


Орлогын татвар, үүнд YouTube, ивээн тэтгэгч, худалдаа зэрэг платформоос олсон орлого хамаарна. Орлого олсон л бол холбогдон гарсан зардлаа хасаад ашгаас татвар төлнө гэсэн энгийн ойлголт мэт боловч хэд хэдэн ньюас байна. Тодруулбал, татвар төлөгчийн байршил тодорхойлоход төвөгтэй, ер нь бол домэйнийг нуух бүрэн боломжтой тул энэ нь нэн тэргүүний асуудал болдог. Үүний араас мэдээж цахим хэлцлийг бодит байршилд үйлддэггүйтэй холбоотой асуудал гардаг. Зар сурталчилгааны орлогын хувьд дотоодын хуулийн этгээдээс хувь хүнд орлого өгөх тохиолдолд татвар суутгагдана, харин гадаад зах зээл дээрээс зар сурталчилгааны орлого олох тохиолдолд Монгол улс иргэнээсээ татвар авах асуудал гарна. Оюуны өмчийн тухай хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг төрөөс дэмжинэ гээд хэлбэрийн хувьд хуульд заасан боловч оюуны өмчийн ямар ч төрлийг онлайнаар хормын дотор хүргэж борлуулж болно. Гэтэл чухам бүтээлийг туурвиж бий болгоход хэдий хэмжээний зардал гарсан талаар тодруулах асуудал бүрхэг хэвээр үлдэнэ. Жишиг үнэ, тухайлбал зарцуулсан цаг хугацааг үндэслэн зардал өртгийг тогтоож болох боловч энэ нь төдийлөн оновчтой байж чадахгүй.


Зар сурталчилгааны орлогоос гадна контент бүтээгчийн бусад төрлийн орлогоос татвар тооцох асуудал байна. Тухайлбал, membership, crowdfunding зэргээс татвар тооцох асуудал эдгээр үйл ажиллагааг зохицуулах санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэн эсэхээс хамаарна.

Бизнесүүд эхэн үеийн хөрөнгө босгохдоо crowdfunding гэж нэрлэгддэг олон нийтийн алтернатив хэлбэрийн санхүүжилт авах нь бий. Контент бүтээгчийн хувьд цаашид нийтлэх контентын талаар танилцуулж, хөрөнгө оруулалт, хандив хүснэ. Олон тооны хүнээс, нэг бүрээс бага хэмжээний хөрөнгө оруулалт авна гэсэн үг. Үнийн дүн нь хэдхэн төгрөгөөс хэдэн зуу, хэдэн арван зуу хүртэл байж болно. Олон нийтийн санхүүжилтийн онлайн платформууд байдаг бөгөөд тэдгээрийн тусламжтай өөрийн хүрээллээс илүү олон хүнд хүрч, хөрөнгө босгодог байна.


Санхүүжилт авсан төсөл санхүүгийн хувьд ашигтай, өгөөж өгөх боломжтой байж болох ч дэмжигчид нь санхүүгийн ашиг олохын тулд биш харин бодит амьдрал дээр тухайн төслийг, бизнесийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөөр тусалдаг байна. Дэмжигчид нь ивээн тэтгэгч, найз нөхөд, шүтэн бишрэгч, шинэ санаанаас урам зориг авагч хүмүүс байдаг.


Мэдээж платформ ашигласны шимтгэлд босгосон хөрөнгийн 5 хувь болон нэмэлт хураамжийг төлнө. Түүнчлэн, босгосон мөнгө нь орлогод тооцогдох бол холбогдох зардлыг хассанаар татвар төлөх үүрэг хүлээнэ. Гэхдээ энд анхаарах зүйл нь Иргэний хуульд заасны дагуу хийсэн хэлцлийн төрлөөс хамаарч татвар тооцох орлого биш бол татвар төлөхгүй.


Манай улсад “Финберри” ХХК нь 2021 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны СЗХ-ны даргын тушаалаар сэндбокс зохицуулалтын[1] орчинд Финберри платформыг 1 жилийн хугацаатай туршихаар болсон. Улмаар 2023 оны 1 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна (ФинБерри, 2023).


Бодит амьдрал дээр хэрэгжиж дөнгөж эхэлж байгаа ийм төрлийн аргыг контент бүтээгч сонгохгүй, харин хамгийн энгийн хандив маягтай, түүнийгээ кофе цайны мөнгө гэж нэрлэн дансаа байршуулж олон нийтээс буюу дагагч, захиалагчаас мөнгө татаж байгаа. Одоогоор дүнгийн хувьд нэг хүн 1’000-10’000 төгрөг, бага мэт боловч сая дагагчтай хүн 500 төгрөг 1 сая хүнээс цуглуулбал 500 сая төгрөг босгоно гэсэн үг.


Эдгээр нь зөвхөн манай улсад тулгарч буй асуудал биш бөгөөд дэлхийн олон улс орон цахим худалдаанд тохирсон татварын зохицуулалтыг эрэлхийлэн нэгдмэл шийдэл хайсаар байгаа. Өнөөгийн байдлаар энгийн хэр нь хэрэгжиж болох хувилбар нь огт татвар авахгүй байхаас бага хэмжээгээр авах нь зүйтэй хэмээн үзэх болжээ.


6.     Хувийн нууцын зохицуулалт

Эрүүгийн хууль

Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино (ЭХ, 2015).


  • Хувь хүний нууцыг задруулах

Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол 1’350-10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


  • Худал мэдээлэл тараах

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1’300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.


Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль

Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино (ХХМХтХ).


“Хөрөнгийн мэдээлэл” гэж мэдээллийн эзний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээллийг хэлнэ.


“Хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ.


Контент бүтээгчийн хувьд эдгээр мэдээллийг ашиглах, олон нийтэд санамсар болгоомжгүйгээр мэдээлэхээс сэрэмжлэх хэрэгтэй.


7.     Гэрээ хэлцлийн зохицуулалт

Иргэний хууль

Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино (ИХ, 2002).


Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.


Өмнө нь дурдсанчлан, crowdfunding аргаар босгосон, эсвэл хандив маягтай босгосон мөнгийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэл гэж үзвэл бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. Түүнчлэн ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож гэрээ байгуулж болох ба бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно (ИХ, 2002).


Ер нь аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно. Түүнчлэн, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ (ИХ, 2002).


Иргэний хуулиар хэлцэл, гэрээ, үүрэг гүйцэтгэх талаар тодорхой заасан ба контент бүтээгч зар сурталчилгааны гэрээ хийхээс өмнө зайлшгүй танилцсан байх хэрэгтэй. Тухайлбал, хамтран ажиллах, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэх мэт гэрээ байгуулж болно.


Дүгнэлт

Контент бүтээх салбар нь орчин үеийн платформоор дамжуулан дижитал эдийн засгийн өсөлтийг хангаад зогсохгүй, Монголын урлаг, түүх, уламжлал, соёлын өвөрмөц онцлогоор ялгарах контентыг бүтээж, хадгалах, дотоод, гадаад зах зээл дээр өв соёлоо сурталчлах, түгээх, дэлхий дахинд нөлөө үзүүлэх асар их нөөцтэй.


Одоогийн байдлаар контент бүтээх гарааны цэг нь хувийн хоббиноос эхлэлтэй ч хожим нь нэмэлт, цаашилбал үндсэн орлого болж хувирдаг байна. Энэ салбар нь манай улсад зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан органик байдлаар хөгжиж, санхүүжилт, хөрөнгө оруулалт хийгдэж, олон нийтийн харах өнцөг өөрчлөгдөж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай болжээ.


Салбарын урт хугацааны өсөлтийг хангахын тулд оролцогч талуудын хамтын ажиллагаа нэн чухал. Бодлого боловсруулагчид, технологийн компаниуд, бүтээгчдийн хамтын ажиллагаа нь инновац, шударга өрсөлдөөн, хүртээмжтэй байдлыг дэмжсэн экосистемийг бий болгож чадна.

Контент бүтээгчид өөрсдийн боломжоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд эрх зүйн болон эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгардаг ч саад бэрхшээлийг үл харгалзан ирээдүйд энэ бизнес улам бүр тэлж хөгжинө хэмээн өөдрөгөөр харж байна. Тухайлбал, оюуны өмч, зохиогчийн эрх, кибер аюулгүй байдал утгаараа хэрэгжих аваас бүтээгчид хамгаалалтад буйгаа ухамсарлан бүтээл, ажлаа итгэлтэйгээр хуваалцах болно. Цаашилбал, бүтээгчдэд тохирсон, тэдэнд чиглэсэн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж карьер гэж хүлээн зөвшөөрөх, дижитал зах зээл дээр амжилттай ажиллах, ур чадварыг хөгжүүлэх, мэдлэгийг баяжуулах болно.

Зүүлт тайлбар

Ашигласан эх сурвалж


Контент бүтээх бизнес




Related Posts

See All

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page