Карри ба цианид Жолли Жозефийн хэрэг
- Н.Батцэцэг
- Jan 28
- 3 min read
Updated: Mar 9
Нэтфликсийн баримтат кино “Карри ба цианид, Жолли Жозефын хэрэг” нь 14 жилийн турш гэр бүлийн зургаан гишүүнийг хордуулсан хэрэгт буруутгагдаж буй Энэтхэг эмэгтэй Жолли Жозефын амьдрал, хэрцгийн аллагын тухай өгүүлдэг гэмт хэрэг, мөрдөн байцаалт, криминалистикийн шинжлэх ухааныг тод томруун харуулдаг сонирхолтой түүх юм. Уг кинонд гарах хэргийг илрүүлэхэд криминалистикийн шинжлэх ухааны талаас тайлбарыг танилцуулъя.
Хор судлал ба цианидын илрүүлэлт
Натрийн цианид нь NaCN томьёо бүхий органик бус нэгдэл ба цагаан өнгөтэй, усанд уусдаг, маш хортой давс юм. Натрийн цианид нь бусад цианийн давстай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй хорын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашлаад, анаэроб метаболизмийн шалтгаантай / гаралтай лактатацидозын байдалд хүрнэ. Амаар, маш бага буюу 200–300 мг тунг авахад л үхэлд хурдан хүргэх аюултай, хүчтэй химийн бодис аж.
Цианидаар хордсоны дараа зүрхний шигдээс, амьсгалын дутагдал зэрэг байгалийн жамаар нас барахтай бараг адилхан шинж тэмдэг илэрдэг тул шүүх эмнэлгийн зохих шинжилгээгүйгээр илрүүлэхэд хэцүү байдаг.
Кинонд мөрдлөг хийж сэжиг төрсний дараа хохирогчдын цогцсыг булшнаас ухан гарган авч оршуулсан шарилд шинжилгээ (эксгумаци) хийжээ. Үүний дараагаар шинжээчид эд эсээс цианид байгаа эсэхийг шинжилж, хорын ул мөрийг илрүүлэн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон байна.
Цианид нь гемоглобинтой урвалд орж, цианметгемоглобин үүсгэдэг бөгөөд үүнийг спектрофотометр зэрэг биохимийн маркер шинжилгээгээр илрүүлдэг байна.
Зүй тогтол илрүүлэлт
Криминалистик нь хүний үхлийг шинжлэхээс гадна хэв маяг, аливаа давтамжтай үйлдэл, зүй тогтлыг хайдаг байна. Тухайлбал, хэдийгээр хохирогчид 14 жилийн хугацаанд, хоорондоо зайтай амиа алдсан ч тэдний үхэл нь ямар нэгэн байдлаар Жоллид санхүүгийн болон бусад талын ашиг тустай нөхцөл байдал бий болгожээ. Хохирогчид Жоллигийн нөхөр, хадам аав, ээж болон бусад хамаатан садан, төрлийн хүмүүс байсан бөгөөд санамсаргүй үйлдэл гэхээс илүүтэйгээр санаатай аллага гэж үзэхэд хүргэнэ. Аллага үйлдэсний дараа Жолли үргэлж алиби бэлдэж, тухайлбал хөршөө дуудах, санамсаргүй байсан, өөрөөө холбогдолгүй гэдгийг харуулах үйлдэл давтамжтай хийдэг байв.
Зан байдлыг тодорхойлох криминалистик
Жолли Жозеф үйлдэх аллагаа төлөвлөхдөө хохирогчидтойгоо харилцаатай, тайван зан байдалтай байна. Энэ нь түүний манипуляци, тооцоотой сэтгэл зүйг илтгэх ба эдгээр зан байдал нь гэмт хэргийн сэдлийг ойлгоход тусалдаг байна. Түүнчлэн, Жолли гэр бүлийн өмчийг өвлөн авахын тулд хуурамч гэрээслэл үйлдэж, санхүүгийн сэдлээ илчилсэн байна.
Хоол хүнсийг хор өгөх хэрэгсэл болгон ашигласан
Жолли цианидыг карри зэрэг хүнсний бүтээгдэхүүнд хольсон гэж мэдэгджээ. Хоолны үлдэгдэл, сав суулганаас дээж авч цианидын ул мөрийг тодорхойлох шинжилгээ хийнэ. Гэхдээ цианид нь дэгдэмхий шинж чанартай тул богино хугацаанд шалгах хэрэгтэй. Товчхондоо хуучин тохиолдол илрүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Гэмт хэргийн газар ба нотлох баримт
Хэдийгээр хохирогчдыг байгалийн жамаар нас барсан хэмээн үзсэн байдаг ч шинжээчид хэргийн газрыг дахин шалгаж, ул мөр эд мөрийн баримтад үзлэг хийж, сэжүүрүүдийг нэгтгэн задлан шинжилгээний тайланг нэг бүрчлэн нягталж үзсэн. Мөрдөн байцаагчид оршуулгын газар, хувийн эд зүйлс, үлдсэн хоол, ундааны савнаас дээж цуглуулсан байна.
Орчин үеийн криминалистикийн аргын үүрэг
Задлан шинжилгээгээр цианидын хордлогын шинж чанартай эд, эрхтний гэмтэл, тухайлбал, хүчилтөрөгчийн ханалт ихэссэний улмаас тод улаан цус харагдана. Хроматографийн дэвшилтэт аргууд нь нас барснаас хойш хэдэн жилийн дараа ч цианидын ул мөрийг илрүүлэх боломжтой болгосон. Мөрдөн байцаагчид Жоллигийн утас, бичлэгийг шалгаж, цианид болон болзошгүй хохирогчидтой холбоотой хайлт, мессежийг илрүүлсэн байна.
Дүгнэлт
10 гаруй жил үргэлжилсэн гэмт хэргийн нотлох баримт нь найдваргүйн дээр нөхцөл байдлын хувьд шалгахад хүндрэлтэй байдаг. Түүнчлэн Энэтхэг төдийгүй олон соёл, зан заншилд шинжилгээнд зориулж эксгумаци хийх нь ёс зүйн хувьд нэлээд эмзэг, маргаантай дагуулах асуудал юм.
Жолли Жозефын хэргээр дамжуулан нарийн төвөгтэй гэмт хэргийг илрүүлэх, нотлоход криминалистикийн нэн чухал үүргийг онцоллоо. Криминалистикийн шинжлэх ухааны дэвшил нь шийдэгдээгүй, анхнаасаа байгалийн жамаар нас барсан гэж үзэж байсан хэргийг дахин судлах, шударга ёсыг тогтоох боломжийг бий болгожээ.
Н.Батцэцэг
Карри ба цианид

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #Криминалистик #УлМөр #Цианит #Хор #ГэмтХэрэг #ШүүхЭмнэлэг #Шинжээч #НатрийнЦианид #ЖоллиЖозеф #Энэтхэг #БаримтатКино #КиноТайлбар #Үхэл #Аллага #ЗүрхнийШигдээс #Эксгумаци #Цогцос #Шарил #Оршуулга #Булш #ХорынУлМар #БиохимийнМаркер #СэтгэлЗүй #ЗанБайдал #Гэрээслэл #ӨвЗалгамжлал #СанхүүгийнСэдэл #Карри #ХэргийнСэжүүр #НотлохБаримт #ХэргийнГазрынҮзлэг #ДээжАвах #ЗадланШинжилгээ #Рапорт #ШинжилгээнийТайлан #ЁсЗүй #ШударгаЁс #ШинжлэхУхаан #АргаЗүй #ГэмтҮйлдлийнМөр #ЭдМөрийнБаримт #МөрдөхАжиллагаа #Мөрдөгч #Байцаагч #МөрдөжНотлох #ШүүхШинжилгээ #ЗүйТогтол #СанаатайАллага #ШинжТэмдэг #Адилтгал #ЗанЗаншил #ХүнАлахГэмтХэрэг #Алиби #ГэмтХэрэгМөрдөхүй #ЦагдаагийнШинжлэхУхаан #ГэмтХэрэгтэйТэмцэхАргаЗүй #Үзэгдэл
.
🥘