top of page

Габриель Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал”

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Jan 19, 2024
  • 5 min read

Updated: Jan 23



100-years-of-solitude

Габриель Гарсиа Маркесын туурвисан “Зуун жилийн ганцаардал” роман нь 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн, Латин Америкийн утга зохиолыг дэлхий дахинд таниулсан гайхалтай бүтээл юм. “Ямар учраас нэр хүндтэй, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн шагналыг хүртдэг вэ?”, “Хагас зуун жил хамгийн өндөр борлуулалттай ном хэвээр байгаа учир юу вэ?” гэсэн асуулт төрж билээ. Романыг англи, орос, монгол хэлээр холин уншихаас гадна, суут зохиолч, түүний төрж өссөн Колумби орны талаар ч сонирхов. Зохиолч романаа 1965 онд эхэлж 18 сарын турш бичсэн бөгөөд Латин Америкийн өвөрмөц түүхийг өгүүлэхээс гадна, өөрийн бага насыг өнгөрөөсөн колоничлолын дараах нийгмийн бодит байдлыг харуулна.

Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл

Заавал дурдах зүйл бол мэдээж, ид шид, уран сэтгэмжит жанр бөгөөд зохиол ер бусын, үлгэр мэт. Колумби орны соёлын баялаг өв нь үлгэр домогт гарах зүйлээр илэрхийлэгдэн, халуун дулаан уур амьсгал нь тод өнгөөр тусгагдсан мэт. Бодит амьдрал дээр тохиож байсан иргэний дайн, улс төрийн далд явуулгыг Буандиагийн гэр бүлийн долоон үеийн ер бусын хувь заяа, туулж буй гай зовлонгоор өгүүлдэг. Гэхдээ романыг зөвхөн түүхэн үйл явдлууд хэмээн хүлээн авах нь чамлалтай. Дүрүүдийн зан чанарыг дүрслэхдээ гоёж чимэглэсэн байх нь олон, тухайлбал, Америкийн жимсний компанийг тосгонд авчрах механикч залууг шар өнгөтэй эрвээхэй эргэлдэн нисэх нь түүний романтик байдлыг илэрхийлнэ.


Дараагийн зүйл бол, зохиолын агуу гэдгийн тод илрэл нь уншигч бүр өөрийн өнцгөөс харж, түүндээ хөтлөгдөн цааш унших хүсэл төрөх явдал. Үлгэрээ дуустал уншаад зөвхөн уншигч надад төрсөн сэтгэгдлээр бус уг зохиолоор олон ангит кино хийхээр тавьсан саналд зохиолч татгалзсан тайлбар нь олон шимтэн унших сонирхлыг илтгэнэ. Саналын хариуд “Романыг зөвхөн кино найруулагчийн төсөөлөн бодож, илэрхийлсэн баригдмал хэвд оруулах нь буруу, миний уншигч бүр өөрийн киноны найруулагч нь байгаасай” гэсэн утгыг илэрхийлж, зохиолч амьд сэрүүн байхдаа зөвшөөрөл өгөөгүй байдаг. Гэхдээ зохиогчийн эрхийг өвлөн авсан үр хүүхдүүд нь дэлгэцийн бүтээл болгох бололтой.



Миний бодлоор, зохиолч энгийн амьдралаар хүн төрөлхтний түүхийг өгүүлсэн санагдана. Амьдрал бол бичигдсэн, хэн нэгний төлөвлөгөө биш, харин тааж, таамаглаж болохгүй, элдэв үйл явдлаар баян гэдгийг санагдуулна. Романд шавж амьтанд идүүлж, цөхрөнгөө бартлаа хөдөлгөөнгүй хөлүүлж үхэх баатрууд гардаг. Яаж ч амьдарсан бай хүн нэг л өдөр байгалийн жамаараа, эсвэл зүй бусаар хорвоог илээдэг аж. Түүх гэснээс, ижилхэн нэртэй баатрууд, нэг ижил алдаа гаргах нь түүх давтагддаг, алдаагаа мартах л юм бол тун удахгүй хаалга тогшоод ороод ирнэ, эс бөгөөс сүнс хэлбэрээр сануулна гэдгийн уран зохиолын өгүүлэмж мөн гэвэл буруутахгүй байх.



Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл

Үүний хойноос, дүрүүдийн хуваарилалт, тэдний зан байдал, ертөнцийг үзэх үзэл хэсэг бүлэг хүнийг төлөөлж буйг хэлмээр санагдана. Зохиолд ижил нэртэй, төстэй зан чанартай олон баатар гарах ч тус бүрдээ өөрийн гэсэн ялгарах онцлогтой. Аркадио нэр удаа дараа давтагдах нь толгой эргэм ч гэлээ учир начрыг төвөггүй ойлгоно. Миний хувьд зохиолын баатар Хосе Аркадио Буэндиа нь зохион байгуулах чадвартай, алсын хараатай нэгэн. Түүнд олон хүн итгэж, шинэ газар нутгийг зорих хэцүү бэрх аяллыг хамтдаа туулна.


Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл
Макондо тосгон

Буэндиа алс холыг зорьсны эцэст хүмүүс аж төрөх “Макондо” гэх нэртэй тосгон байгуулж, түүнийгээ өнөөдрийн бидний хэлдгээр гадаад ертөнцөөс хамааралгүйгээр оршихоор, голын эрэг дагуу өнгө үзэмжтэй, жигд нар үзэх, ундны усад ойрхон байшингуудтай, цэгцтэй зохион байгуулна. Тосгоноор суурин иргэншлийг дүрсэлжээ. Харин тосгонд амьдрах хүмүүс нийгмийн гишүүний үүрэг хариуцлагаа дор бүрнээ ухамсарлана.

Нэг талаас, энэ үйлдэл нь хувь хүн бүр үүрэгтэй, бусдад хүлээн зөвшөөрөгдөх далд хүсэл байдгийг гүйцэлдүүлсэн хэрэг. Нөгөө талаас, нийгэмд үүрэг хариуцлага хүлээж, хөдөлмөрлөснийхөө шанд материаллаг хэрэгцээгээ хангаж жинхэнэ эрх чөлөөгөө эдэлсэн явдал.


Үүнээс үүдэн, удмын тэргүүнийг алсын хараатай, орчин цагийн хэллэгээр манлайлагч, удирдагч гэж онцолж болно. Тэрээр олон давуу чанарыг агуулах ч гэлээ, сонирхсон зүйлээ хугацаа үл анзааран туршиж, судалж нэг цэгт хүрээд, эсвэл дараагийн шинэ, сонин хачин байваас нүд эрэмхийн зуур орхиж буй нь уйдамхай занг илтгэнэ. Гэхдээ дандаа ингэхгүй, үр хүүхдүүддээ ч мөн хамгийн сайн цагаа зарцуулах зүйтэй юм гэсэн бодолд хөтлөгдөнө. Асуулт тавихгүй, сонирхохгүй бол угаас хүн төрөлхтөн өдий хүрч, төдий хөгжихгүй байсан биз.


Өөр нэг баатар бол гол дүрийн хүү, эрэлхэг зоригтой ч шантрамтгай нэгэн. Түүнийг зохиолч дүрслэхдээ хүдэр чийрэг өндөр биетэй, цэргийн дүрэмт хувцастай гэжээ. Залуу насандаа хийж бүтээсэн, хүртсэн гавьяа нэрээр насыг бардаг хүнийг олж харна. Үнэхээр ч бидний дунд ч байдаг, дүрэм журмыг ягштал баримталдаг, бусдыг ч мөн дэг журам хэм хэмжээнд байхыг шаарддаг хүн олон таарна. Романы дүрүүдийг нийгмийн төлөөлөл гэж үзэх нотолгоо нь зохиолчийн туулсан амьдрал, ойр дотнын хүмүүстэй төстэй байдал бас болно. Буэндиагийн хүү цэргийн хүн байдаг нь зохиолчийн хурандаа өвөөг санагдуулна.


Газар орноор тэнүүчлэх цыган эр Мелькайдестэр нь мэдээллийг дамжуулагч, бусад газрын шинэ сэргэг бүхнийг түгээгчийн дүрээр гарна. Нийгэмд ийм төрлийн үүргийг гүйцэтгэгч төлөөлөл байхгүй аваас, шинэ технологи, ноу-хау, шинэ бүтээл, оновчтой санаа шилжихгүй, дахин дахин хийж, хүмүүний богино амьдралын адил уусан алга болж мартагдах байсан байх. Тэгсэн ч гэлээ хөгжилд алдаж онох, өөр нэг талаас давтаж хийх, нээлт ололт дэлхийн өөр тивд давхардан, нэгнээсээ хуулсан мэт байх нь тохиолдоно. Мелькайдестэр наймаа хийдэг ч гэлээ шударга, хүн чанартай байхыг эрмэлздэг явдал нь цыган хүнд баймгүй зан чанар гэлтэй . Өрөвдөх гэх үү, удаан хугацааны харилцааг хадгалах гэх үү түүний зарсан зүйл нь ашиг тусыг өгөөгүй бол буцаагаад авах, өөр зүйлээс сольж өгөх энүүхэнд. Мелькайдестэр болон Буэндиа хоёрын харьцааг хүн хоорондын холбоо, андын нандин чанар цаг хугацаа, орон зайд захирагддаггүй гэдгийг харуулж байна гэвэл дүрийн зан чанарын талаарх дүгнэлт болно. Харин Мелькайдестэр тоо тоймгүй олон янзын өвчин туссан ч хүний наснаас удаан амьдрах нь оюун мэдлэгийн сан бололтой гэвэл жишин ойлгож буй болно.


Урсула бол бусдыг муутай, сайнтай аль алинтай нь ялгалгүй хайрлах, төвийг сахигч байж магад. Эсхүл, өөрт оногдсон заяа, өдөр тутмын үүрэгтээ дарагдсан энгийн нэгнийг харуулах гэсэн байх. Зарим хүн дэлхий ертөнцийг өөрчлөх суут бодол тээж байхад, зарим нь тэрхүү мөчийг тэвчээртэй хүлээж, арыг нь дааж, амьдралын өдрүүдийг давтагдах үйлдлээр дуусгана. Урсула нөхрийнхөө мөнхийн дуулгавартай дагалдагч байж, бүх зүйлд хүлцэнгүй хандаагүй гэдгийг зарим нэг үйлдэл нь тайлбарлана. Тэрээр урьдчилан бэлдэж, нөхцөл байдлыг зохицуулаад хүлээцтэйгээр хүслээ тодорхойлж илэрхийлнэ. Түүнчлэн, үр хүүхдүүдийнхээ төлөө хүнд бэрхийг үл ажин алс холыг зорих нь эх хүний нандин сэтгэлийн дүрслэл болжээ.


Эдгээрээс гадна, зохиолд гарах насны зөрүүтэй, цусан төрөл хүндээ дурлаж байгаа нь нийгмийн тогтсон үзэл хүнийг асар их сэтгэлийн шаналалд оруулдгийг үзүүлж байна гэж бодогдсон. Болохгүй, бүтэхгүй, хүрэхгүй гэх хязгаарыг бид өөрсдөө л зохиож, тэр хэмжээгээр норм болгон явдаг билээ. Гэтэл хүн хязгаарлах, хорих тусам эсрэгээрээ тэмүүлэн өлсөж үхэх гэж байгаа араатан амьтан шиг авирлах нь хачирхалтай. Зохиолд гахайн сүүлтэй төрөх, эцэг эхийнхээ араг ясыг үүргэвчинд хийн олон зуун бээр газрыг туулдаг тухай гарна. Сүүл бол мэдээж хүний үйлийн үр, харин араг ясыг байшингийнхаа хананд нуух нь хүн дотоод ертөнцдөө муу гэсэн зүйлийг бодит амьдрал дээр атаа, хорсолд автан, эсвэл уур хэлэндээ хөтлөгдөн үйлдэж, түүнээсээ ичиж эмээж, гэмшиж, бусдын гэлтгүй өөрийн нүднээс далдлах ч дотроос нь хэмлэж, эвддэг гэдгийг тайлбарлажээ. Сэтгэлийн амар амгалан байдал үгүйгээс шороо идтэлээ галзуурч байгаагаар харуулсан мэт.


Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл

Эцэст нь ганцаардал гэх үгний учрыг эргэцүүлмээр. Зохиолд Буэндиaгийн гэр бүлийн үр удмын тухай, тэдний орхигдсон ч юм шиг, бусдаас хол ч юм шиг амьдрал нь хүмүүн энэ яваа насаа ойр дотнын, таньж мэддэг цөөн хүмүүс дунд өнгөрөөдөг тухай аж. Дурсаж байвал ойрхон л хүний үйл, атаархаж, барьцаж байвал андын сэтгэл, цуу гарвал хөршийн үг, хэцүү бэрх үед түшвэл ойр нэгний энэрэл, аз жаргалтай мөчийг хуваалцвал гэр бүлийн жаргал, магтан сайшаавал мэддэг хүний хэрэг гэдгийг энгийнээр ойлгуулна. Solitude нь зөвхөн ганцаардал гэсэн утга бус, зэлүүд газар, тусгаарлагдах, зожгирох байдлыг ч мөн илэрхийлнэ. Үнэн хэрэгтээ, хүрээлсэн хүмүүс, газар нутгийн байрлалаас гадна, хүн өөрийн ухаан бодолдоо ганцаар гацан түгжигдэх санааг агуулжээ гэлтэй.


Энэ мэтчилэн ургуулан бодоод бичээд байвал дуусахгүй байгаа нь гайхширал төрүүлнэ. Би “Зуун жилийн ганцаардал” романыг 2020 оны зун уншихдаа, хөрш айлын хүүхэнд хэдэн өдрийн турш ярьж өгч билээ. Зохиолын тайллуудыг маань жигтэйхэн хөхрөн инээж хүлээж авдаг байв. Романы үйл явдал, дүр баатрууд, үйл явдал зэргийг уншигч яаж л хармаар байна тэр хэмжээгээр хүлээн авч болох нь үнэхээр шилмэл байжээ гэхээс өөр хэлэх үггүй болгоно.

Ж.Танан


Габриель Гарсиа Маркес Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл



2 comentários

Avaliado com 0 de 5 estrelas.
Ainda sem avaliações

Adicione uma avaliação
Convidado:
10 de mar.
Avaliado com 5 de 5 estrelas.

😍

Curtir

Convidado:
25 de dez. de 2024
Avaliado com 5 de 5 estrelas.

.

Curtir

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page