Энэхүү эссээг бичиж эхлэхдээ манай улсад 90 гаруй жил ноёрхсон төрийн дэглэмийн талаар эргэцүүлэв. ЗХУ-н нөлөөгөөр тогтсон байсан тоталитар дэглэм нь захиргаадалтад суурилсан, дарангуйлал бүхий тогтолцоо билээ. Энэ талаар зохиолч Жорж Оруэлл “Амьтны ферм” номдоо хошигносон өнгө аясаар, амьтдаар төлөөлүүлэн тухайн үеийн эрх баригчдыг болон тогтолцоог тод томруун өгүүлэн шүүмжилсэн байдаг (Оруэлл, 2021). Фермерийн амьтад, эзэн дарангуйлагчийн эсрэг бослого өдөөж, эрх тэгш, шударга ёсны зарчимд тулгуурласан засгийг байгуулдаг ч, тун удалгүй хяналтыг авсан гахайнууд “Бүх амьтад тэгш эрхтэй” хэмээсэн зарчмыг “Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим амьтад бусдаасаа илүү эрхтэй” болгон өөрчилдөг. Манай улсад өнгөрсөн үеийн тогтсон сэтгэлгээ ул мөрөө үлдээсэн гэж хэлбэл буруутахгүй байх. “Амьтны ферм” номд гардаг шиг өнөөг хүртэл төрийн эрх барьж буй этгээдүүд дур зоргоороо, хэн нэгэнд, эсвэл бүлэгт давуу байдал олгох шийдвэр гаргадаг явдал гардаг. Үүнээс үүдэлтэйгээр, Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломж боогдож, алдагдаж байна. Эрх зүйн тогтолцоо, тэр дундаа хууль тогтоомж дүрэм журам практикт хөрсөн дээр буусан байхыг тулд эрх зүйт төрийн зарчмууд, зүй зохистой соёл, нийтийн сэтгэлгээний өөрчлөлт чухал билээ.
Монгол Улсын эрх зүйн тогтолцоо нь нүүдэлчдийн ёс заншил, социализмын үе, орчин цагийн ардчилсан засаглал зэрэг янз бүрийн эх сурвалжийн нөлөөгөөр түүхийн туршид томоохон өөрчлөлтийг туулж ирсэн. Өнөөгийн манай улсын засаглалын ноён нуруу нь төрийн бодлого, зохицуулалтын шударга, үр дүнтэй хэрэгжилтийг хангадаг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм. Шударга ёс, ил тод, хариуцлагатай байх зарчимд үндэслэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хувь хүний эрхийг хамгаалж, хууль дээдлэх зарчмыг баримталдаг. Энэхүү эссээг бичихдээ, хуулийн зарчмуудын үүсэл гарал, онолын үндэслэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд, тэдгээрийг англи, латин хэл дээр илэрхийлсэн дүйцэх хийгээд нийцэх зарчмуудтай зэрэгцүүлэн, орчин цагийн хууль зүйн гол агуулгын тайлбарыг судалсан болно. Түүнчлэн, жишээ сэлтээр баяжуулан өөрийн дүгнэлт үзэл бодлоо илэрхийлэн буулгав.
Хуулийн зарчмуудын үүсэл гарал, онолын үндэслэл
Хуулийн зарчмуудын үүсэл гарлыг судалж үзвэл, хуулийн аливаа зарчим нь хэм хэмжээний адил олон зуун жилийн түүхтэй ба эртний эрх зүйн уламжлал, философийн үзэл баримтлалаас улбаатай. Тухайлбал, Месопотами, Эртний Египет, Грек, Ром зэрэг соёл иргэншилд хуулийн дагуу бүх хүмүүст адил тэгш хандах зорилготой, шударга ёсны тухай ойлголтуудыг агуулсан эрх зүйн анхан шатны тогтолцоог боловсруулжээ. Ромын эрх зүй, ялангуяа иргэний эрх зүй “ius civile” хэмээх ойлголт нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын зарим үндэс суурийг тавьсан (Х.Сэлэнгэ, 2002) (Д.Баярсайхан, Ромын эрх зүй, 2000). Ромын эрх зүйн сэтгэлгээ нь эрх зүйн байдал, хөрөнгө чинээнээс үл хамааран бүх иргэдэд тэгш үйлчлэх ёстой гэсэн санааг гаргасан байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн үндэс суурь баримт бичгийн нэг болох Магна Харти 1215 нь хаан хуульд захирагддаг, хааныг оролцуулаад хүн бүр хуулийн дагуу адил тэгш, шударга ёсыг эдлэх эрхтэй гэсэн зарчмыг баталсан[1] (Ж.Цэцэгмаа, 2007). Сэргэн мандалтын үеийн Жон Локк, Жан-Жак Руссо, Монтескье зэрэг сэтгэгчид хууль дээдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх тухай үзэл санааг улам хөгжүүлсэн. Тэд нийгмийн байдал болон бусад хүчин зүйлээр ялгаварлан гадуурхахгүйгээр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэж үзжээ. Улс төрийн философийг үндэслэгчдийн нэг Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваарилах зарчмыг тодорхойлсон нь иргэний эрх чөлөө, төр хоорондын харилцааг зохицуулах хамгийн оновчтой шийдэл төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх явдлаас сэргийлдэг гэжээ (Монтескье, 2009).
Хуулийн зарчмуудыг төлөвшүүлэхэд философийн онолууд бас чухал үүрэг гүйцэтгэсэн. Платон, Аристотель, Цицерон зэрэг сэтгэгчид шударга ёс, байгалийн хууль, төрийн үүргийн тухай ойлголтуудыг судалж, эрх зүйн зарчмуудыг хөгжүүлэхэд нөлөөлжээ (Платон, 2005) (Аристотель, 2006). Үүний сацуу, эрт дээр үеэс нийгмийн ёс суртахууны зан байдал, шударга ёс, хувь хүмүүсийн эрх, үүргийн талаар сургаалууд хүн төрөлхтний шашны болон ёс суртахууны үнэт зүйлс болж, шударга, үнэнч байдал, хүний нэр төрийг хүндэтгэх зэрэг эрх зүйн зарчим, хэм хэмжээг төлөвшүүлсэн байдаг.
Эрх зүйн янз бүрийн уламжлал, тогтолцоо нь түүх, соёл, институтийн нөхцөл байдалд тулгуурлан өөр өөрийн гэсэн зарчмуудыг боловсруулсан байдаг. Английн эрх зүйн уламжлалаас үндэслэсэн эрх зүйн тогтолцоо нь шүүхийн жишигт тулгуурлан цаг хугацааны явцад эрх зүйн зарчмуудыг хөгжүүлсэн бол, Европын олон оронд дэлгэрсэн, Ромын эрх зүйн нөлөөнд автсан эрх зүйн тогтолцоо нь хууль, дүрэмд эрх зүйн зарчмуудыг нэгтгэжээ. Исламын хууль, зан заншлын эрх зүй зэрэг бусад эрх зүйн тогтолцоонууд ч өвөрмөц зарчим, дүрэмтэй байдаг (Д.Баярсайхан, Эрх зүйн онол, 1996).
Олон улсын эрх зүй, хүний эрхийн зарчмуудын хөгжил нь дэлхийн хэмжээнд эрх зүйн тогтолцоонд чухал нөлөө үзүүлжээ. Олон улсын гэрээ, конвенц, тунхаглал нь хүний эрхийг хамгаалах, улс хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх, дэлхийн хамтын ажиллагааг дэмжих хэм хэмжээ, стандартыг тогтоосон байдаг (НҮБ-ын Ерөнхий Ассамблей, 1948). Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдсан тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх, шударга шүүхээр шүүлгэх эрх зэрэг зарчмууд нь дотоодын эрх зүйн тогтолцоонд нөлөөлдөг.
Хуулийн зарчмуудын гарал үүсэл нь хүн төрөлхтний түүх, философи, шашин шүтлэг, итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл, эрх зүйн эх сурвалжаас үндэслэсэн олон талт шинж чанартай ба нийгэм, соёл, улс төрийн нөхцөл байдлын улмаас хувьсан, цаг хугацааны явцад өөрчлөгдөж, дасан зохицож, нийгмийн үнэт зүйл, шударга ёсны талаарх ойлголтыг бүрэлдүүлжээ.
Онолын хувьд зарчим нь нэг талаас нийтээр хүлээн зөвшөөрсөн, хуваагдах боломжгүй, тодорхой, ойлгомжтой, хоорондын зөрчилгүй, цогц тогтолцоог дэмжсэн байхыг зорьдог (Д.Сүнжид, 2026). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нь захиргааны эрх зүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёс, сайн засаглалын зарчмаас эхтэй. Хуулийн зарчмууд нь төрийн үйл ажиллагаа нээлттэй, шударга, хуулийн дагуу, хариуцлагатай, олон нийтийн оролцоог ханган явагдах ёстой гэсэн үндсэн ойлголтыг тусгадаг.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хөгжүүлэхэд Австри, Америкийн хуульч, философич, эрх зүйн позитивизмын онолын төлөөлөгч Ханс Кельзен онолын томоохон хувь нэмэр оруулсан. Тэрээр өргөн хүрээтэй эрх зүйн онолуудыг тусгаж, хуулийн тогтолцооны хүрээнд захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээ, эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн хяналт, формализм ба эрх зүйн позитивизм, шүүхийн хараат бус байдал, эрх зүйн тодорхой байдлын үүргийг тодорхойлсон билээ (Кельзен, 2013).
Хууль дээдлэх ёс, ардчилсан засаглал, хүний эрх зэрэг нь хуулийн зарчмуудын онолын үндэслэл болж, процессын шударга байдал, хариуцлага, хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгддэг. Хуулийн зарчмуудыг баримталснаар захиргааны байгууллагууд тогтолцоог хууль ёсны, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулж, төр олон нийтэд итгэлийг төрүүлдэг.
Эрх зүйн зарчмуудын гарал үүсэл, онолын үндэслэлийн талаар эсрэг тэсрэг үзэл бодол, шүүмжлэл байдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Хуулийн зарчмууд онолын хувьд үнэ цэнтэй хэдий ч соёл, нийгэм, улс төрийн хүчин зүйлээс шалтгаалж практикт хэрэглэхэд бэрхшээлтэй тулгардаг гэж зарим судлаачид үздэг. Түүнчлэн, хуулийн зарчмуудыг тууштай бус тайлбарлаж, хэрэглэх нь ялгааг бий болгож болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль зүйн зарчмуудыг прагматик асуудал, нийгмийн үнэт зүйлс зэрэг бусад хүчин зүйлээс хэдий хэмжээнд чухалчлан авч үзэх талаар эрдэмтэд өөр өөр байр суурьтай байдаг. Эдгээр ялгаатай үзэл бодол нь хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ эрх зүйн тогтолцоо, засаглалыг төлөвшүүлэхэд эрх зүйн зарчмуудын гүйцэтгэх үүргийг улам бүр тодорхой болгодог билээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмууд, хууль зүйн гол агуулга
Хуулийн зарчмуудыг орчин үеийн эрх зүйн тогтолцоонд Үндсэн хууль болон хуулийн заалтуудаар дамжуулан улам боловсронгуй болгож, кодчилсон байдаг. Олон улс оронд, Монгол улсад ч мөн хууль дээдлэх зарчим, төрийн эрх бүхий байгууллага түүний ажиллах хүрээ, хүлээх үүрэг, хуулийн зарчмуудыг тодорхой заасан байдаг.
Зарчмуудыг Үндсэн хуульд заасан нь захиргааны эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тогтоосон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан (Монгол Улсын Үндсэн хууль, 1992). Захиргааны ажиллагаа нь хуулиар зөвшөөрөгдсөн, эрх зүйн хэм хэмжээ, журамд нийцсэн байх ёстой гэсэн зарчмыг энэ заалтад тусгажээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус зохицуулсан (Монгол Улсын Үндсэн хууль, 1992).
Тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмуудыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичигт тусгаж өгсөн байдаг. Эдгээр хуулиудад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны шийдвэр гаргах үйл явцын тогтолцоог бүрдүүлж, шударга ёс, хариуцлага, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхийг заажээ.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий, үр нөлөөтэй байх ёстой аж. Үүнээс гадна, захиргааны байгууллага нь захиргааны шийдвэрээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хүмүүст мэдэгдэж, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгоно. Цаашилбал, хувь хүн өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзах эрхтэй бөгөөд захиргааны эрх бүхий байгууллага бүх үйл явцын туршид хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэгтэй (Захиргааны ерөнхий хууль, 2015).
Харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх шүүгч хараат бус байх, мэтгэлцэх зарчмыг заажээ (УИХ, 2016). Тухайлбал, латинаар “Principium iuris et aequitatis” буюу хууль ба тэгш байдлын зарчим нь шүүх шийдвэр гаргахад эрх зүйн хэм хэмжээ, шударга ёсны аль аль нь чухал. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хуулийн заалтаас гадна шударга, тэгш байдлын зарчмуудыг анхаарч үзэх ёстой зарчимтай зүй ёсоор нийцэлтэй билээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим нь захиргааны бүх үйлдлийг хуулиар зөвшөөрсөн байх ёстой хуульд үндэслэх зарчим юм. Хуульд үндэслэх зарчим нь төрийн эрх баригчид эрх мэдлээ дур зоргоороо буюу дарангуйлан хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах, тэдний үйлдлийг хууль ёсны, урьдчилан таамаглаж болохуйц, хууль журамд үндэслэсэн хяналтад байлгахыг баталгаажуулдаг. Энгийнээр хэлбэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэн, тэр хүрээнд захиргааны шийдвэр нь Үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн байх ёстой ба захиргааны байгууллагаас хуулиас давсан хэм хэмжээ тогтоох ёсгүй. Хуульд үндэслэх зарчим нь төрийн эрх мэдлийг тогтоосон хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлэхийг баталгаажуулж, хууль дээдлэх үндсэн амлалтыг илэрхийлдэг. Бусад улс орны нэгэн адил Монгол Улсад энэ зарчмыг баримтлах нь хувь хүний эрхийг хамгаалах, хариуцлагыг дэмжих, засаг захиргааны тогтолцоог хууль ёсны болгоход зайлшгүй шаардлагатай, үүнд энэ зарчмын ач холбогдол оршино.
Шуурхай тасралтгүй байх зарчим нь захиргааны эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд шуурхай тасралтгүй байх гэдэг нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шатнаас нөгөө шатанд шаардлагагүй саатал, тасалдалгүйгээр тасралтгүй үргэлжлүүлэхийг хэлнэ. Захиргааны үйл явц үр дүнтэй өрнөж, цаг тухайд нь шийдвэр гаргах, холбогдох хүмүүсийн эрхийг хамгаалах боломжийг олгодог. Шуурхай тасралтгүй байх зарчмын дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр ашиг, шударга байдал, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг. Энэхүү зарчмын ач холбогдол нь шүүхийн анхаарлыг нэг хэрэгт төвлөрүүлж, шүүгчийн дотоод итгэл бүрдэхэд нөлөөлөх бүх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино (А.Эрдэнэцогт, 2013).
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ардчиллын үзэл санаа, сайн засаглалын зарчим, ил тод, нээлттэй байх нь засгийн газар, байгууллага, олон нийт хоорондын итгэлцлийг бий болгоход чухал үүрэгтэй. Захиргааны үйл ажиллагаа хуульд заасан нууцаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх зарчим нь мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, оролцогч талуудад хариуцлагатай, ойлгомжтой байдлаар үйл ажиллагаа явуулах засаглалын суурь ойлголт юм. Энэхүү зарчим нь шийдвэр гаргах үйл явцыг ил тод явуулж, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлдэг ардчилсан нийгмийн язгуур билээ. Ил тод байдал нь иргэд захиргааны үйл ажиллагааг нягтлан шалгах, төрийн албан тушаалтнуудад хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага тооцох боломжийг олгодог ач холбогдолтой. Харин хуульд заасан нууц гэдэг нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан хуулийн хүрээгээр хязгаарлагдахыг ойлгоно (УИХ, 2011).
Захиргааны үйл ажиллагаа нь цомхон атлаа үр дүн өндөртэй байхыг нийгмийн зүгээс шаарддаг тул үр нөлөөтэй байх зарчмыг хуульд тусгасан байдаг. Захиргаа нь төсвөөс санхүүждэг байгууллагын хувьд үйл ажиллагаагаа эдийн засгийн хэмнэлтэй байдлаар зохион байгуулах нь зардал мөнгө хэмнэх гэсэн утгаараа бус, хөрөнгийг үр ашигтай зарцуулах гэсэн агуулгатай. Үүнээс гадна, хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах үр нөлөөг давхар тооцохыг ойлгоно. Зарчмын дагуу хамгийн сайн боломжит хувилбарыг сонгох үүргийг захиргааны байгууллага хүлээнэ (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал, Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим, 2016). Ингэхдээ “Salus populi suprema lex esto” буюу ард түмний сайн сайхны төлөөх дээд хууль байх ёстой гэсэн нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхныг хувь хүний эрх ашгаас дээгүүрт тавих зарчмыг урьтал болгож буй нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийн бодлоготой холбоотой шийдвэр, захиргааны байгууллагаас нийтийн ашиг тусын тулд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дэмждэг байх ёстойд тулгуурлаж байна.
Захиргааны үйл ажиллагаандаа баримтлах, олон чухал шалгуурыг багтаасан тусгай зарчмын нэг нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим юм.
Зорилгодоо нийцсэн байх зарчим нь “Summum jus, summa injuria” буюу хэт шударга ёс бол туйлын шударга бус явдал юм гэсэн латинаар илэрхийлсэн зарчимтай дүйнэ. Энэ нь хууль бус үр дагаварт хүргэх хатуу, хэт туйлширсан тайлбарыг хэрэглэхээс сэрэмжлүүлдэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид шударга ёсыг хангах, тэнцвэргүй, хатуу үр дагавраас зайлсхийхийн тулд эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ шударга байхыг эрхэмлэдэг.
Шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим нь хууль ёсны шийдвэр, захиргааны үйл ажиллагаа нь нотлох баримт, хууль, тогтоосон журамд үндэслэсэн байх ёстой гэсэн санааг илэрхийлдэг “Ex nihilo nihil fit” буюу юу ч байхгүйгээс үүсдэггүй гэсэн утгатай зарчимтай нийцнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг гаргаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулснаа нотлохыг, мэдээлэл өгөхийг шаарддаг. Товчхондоо, эрх зүйт төрийн зарчмыг захиргаанаас үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах хэмжүүр болгодог.
Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуулийн албан бус тайлбарт тодорхойлсноос үзвэл: (i) захиргаанаас тухайн шийдвэрийг зөвхөн шаардлагатай үед л гаргах ёстой, (ii) зорилгод тохирсон буюу тухайн арга зам шийдвэрийн хувилбар нь хүрэхээр зорьж буй зорилгыг дэмжсэн байх, (iii) бодит нөхцөл байдалд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх гэсэн агуулгаар тайлбарлажээ (Д.Ренчиндорж, 2018) (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал, Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим, 2016). Энэ зарчим нь бусад материаллаг хуульд туссан тусгай зарчмуудаас шүүхийн хяналтын хэмжүүр болдог, шүүхээс энэ зарчим, хуулийн заалтыг баримтлан хэрэг, маргааны шийдвэрлэдгээрээ онцлогтой аж.
Латинаар “Dura lex, sed lex” буюу хууль хатуу, гэхдээ хууль гэх зарчим байдаг ба эрх зүйн дүрэм, шийдвэр нь заримдаа хатуу ширүүн, эсвэл таагүй үр дагаварт хүргэж болзошгүйг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг дагаж мөрдөх ёстойг сануулдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой гэдгийг талууд болон шүүгчдэд анхааруулдаг. Түүнчлэн хамгийн чухал нь “Principle of Proportionality” буюу тэнцвэрт байдлыг харгалзах, дэнслэх гэж дүйцүүлэн ойлгож болох зарчим үйлчилнэ.
Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим нь өнөө үед процессын эрх зүйн гол зарчим болон тогтсон “Audi alteram partem” буюу нөгөө талыг нь сонс гэсэн эртний Ромын үеэс эхтэй мэдэгдэх ба сонсгох гэсэн утгатай зарчим юм. Энэ зарчмын дагуу эрх зүйн маргаанд оролцогч бүх талуудад үг хэлэх боломжийг олгодог. Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдлыг хангаж, захиргааны шийдвэрт оролцож буй хувь хүн, аж ахуйн нэгжид өөрсдийн нэхэмжлэлийг танилцуулах, тэдний эсрэг гаргасан маргаанд хариу өгөх боломжийг олгодог. Зарчим үйлчилж байдгийн бодит жишээ болгон хүүхдийн тоглоомын талбай байсан газарт барилга барих болсон талаар гаргасан төрийн шийдвэрийн эсрэг хэсэг иргэдийн гаргасан өргөдлийн талаар авч үзье. Энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ, эрх нь хөндөгдөж болзошгүй байрны бусад иргэдэд зохих мэдээллийг өгч, мэдэгдэж, тэдний оролцоог хангах үүрэг хүлээнэ. Зөвхөн иргэдийн талын санаачилгаар бүх асуудлыг шийдвэрлэх бус, зөвшөөрлийн дагуу барилга барих гэж буй хуулийн этгээдийн саналыг сонсох үүрэгтэй учраас, хуулийн этгээдийн төлөөллийг шүүх ажиллагаанд оролцуулж, тэдний зүгээс нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралд үг хэлэх боломжоор хангана. Ингэснээр, шүүх аливаа ашиг сонирхлын зөрчлийг хянан шийдвэрлэж, бүх талуудын эрх, ашиг сонирхлыг процессын туршид хамгаална.
Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчим нь шүүх шийдвэр гаргахад шударга, хараат бус байх шаардлагатайг онцолсон “Nemo judex in causa sua” буюу хэн ч өөрийнхөө хэрэг дээр шүүгч байх ёсгүй зарчмаас гаралтай. Энгийнээр тайлбарлавал, захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч, шийдвэр гүйцэтгэгчид хувийн ашиг сонирхол, нэг талыг барьсан хэргийг хянан шийдвэрлэхийг хориглоно. Энэ зарчим нь хувийн ашиг сонирхол болон албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн ил тод, итгэл даах байдлыг хангах онцгой ач холбогдол бүхий зарчим юм (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал, Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим, 2016). Энэхүү асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулжээ (УИХ, 2012). Тайлбарлавал, нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх бол, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөлийг ашиг сонирхлын зөрчил гэнэ. Улсын бүртгэлийн газрын шийдвэрийн дагуу компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн хэргээр хуралдах байсан захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн гэр бүлийн хүн тус компанид ажилладаг байсан тул шүүгч тус хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчим бодит амьдрал дээр хэрэгжсэн жишээ болно.
Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдол үүсвэл, захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч, уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй хэмээн хуульд тайлбар оруулсан байдаг. Энгийнээр хэлбэл, иргэн хууль эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр хуулийн дагуу хийж буй үйлдэл нь дагаж өөрчлөгдөхгүй гэсэн итгэлтэй байх, харин хууль өөрчлөгдөж сөрөг үр дагавар үүсэх бол захиргааны байгууллага буцаан хэрэглэж болдоггүй байна. Өөрт тохиолдсон бодит жишээг татъя. 1’072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр 256’000 төгрөгийн ногдол ашиг хүртэхээр болсон боловч банкны дансаа хаасан байсан тул авч чадаагүй би, нөхөж авахаар хүсэлт гаргаж авсан явдал нь итгэл хамгаалах зарчим үйлчилсэн жишээ юм. Ер нь бол энэ зарчим нь “Ubi jus, ibi remedium” буюу эрх хаана байна тэнд түүнийг засаж залруулах зүйл байна гэсэн утгатай ойролцоо юм. Хууль бусаар хохирсон, эсвэл хууль ёсны хохирол амссан хүмүүс гомдлоо барагдуулах, нөхөн төлүүлэх арга замыг эрэлхийлэх эрхтэй гэдгийг баталдаг ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгодог.
Дүгнэлт
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударга, хариуцлагатай, хууль дээдлэх ёсыг хангахад шуурхай тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нэн чухал юм. Хуулийн зарчмуудыг тус тусад нь авч үзэх бус хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөтэйгөө уялдсан цогц байдлаар харах хэрэгтэй. Нэг талаас, зарчмуудыг хуульд тусгаж өгснөөр тунхаглал төдий зүйл байхаа больж, шүүхийн хэрэглэдэг хуулийн хэм хэмжээ болдог байна. Энгийнээр хэлбэл, хуульд заасан зарчмыг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх үр дагавартай. Нөгөө талаас, захиргааны хэргийн шүүхүүд бэрхшээл, төвөгтэй асуудлыг даван туулахад удирдлага болговол, зохих үзэл баримтлал буюу хуулийн зарчмуудыг баримталснаар захиргааны тогтолцооны шударга байдал, хууль ёсны байдалд хувь нэмэр оруулж, төрийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг бий болгоно.
Хуулийн зарчмуудыг баримтлах нь хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, захиргааны шийдвэр шударга, хуулийн дагуу гарахад тусалдаг. Гэхдээ “Lex specialis derogat legi generali” буюу салбар хуулийн зарчим ерөнхий хуулийн зарчмыг давах ёсгүй гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн тодорхой заалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Үндсэн хуулийн заалтыг дээгүүрт тооцох буюу захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч захиргааны тусгай хууль тогтоомжийг тайлбарлах, хэрэглэхэд эрх зүйн ерөнхий зарчмуудыг илүүд үзэх ёстой. Монгол Улсад захиргааны байгууллагууд олон нийтийн оролцоо, ил тод, хариуцлагатай байх боломжийг бүрдүүлж өгснөөр ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчмыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эцэст нь “Fiat justitia, ruat caelum” буюу тэнгэр нэргэсэн ч шударга ёс тогтох ёстой зарчмын дагуу ноцтой үр дагаварт хүргэж байсан ч шударга ёсыг хангах нь нэн чухал билээ.
Б.Минжин
Ашигласан эх сурвалж
Монтескье, Б. д. (2009). Хуулийн амин сүнс. (Т.Төмөрхүлэг, Trans.) Улаанбаатар, Монгол: Монсудар хэвлэлийн газар.
УИХ. (1992, 01 13). Монгол Улсын Үндсэн хууль. From Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/367
Д.Баярсайхан. (2000). Ромын эрх зүй (2 дахь хэвлэл ed.). Улаанбаатар, Монгол: МУИС - Адмон.
Х.Сэлэнгэ. (2002). Ромын эрх зүй (2 дахь хэвлэл ed.). Улаанбаатар, Монгол: МУИС. Хууль зүйн сургууль - Нью-Майн.
Ж.Цэцэгмаа. (2007). Гадаад орнуудын төр эрх зүйн түүх. Улаанбаатар: Сэлэнгэ Пресс ХХК.
Платон. (2005). Төр улс. Улаанбаатар.
Аристотель. (2006). Улс төр (2 дахь хэвлэл ed.). Улаанбаатар, Монгол: Интерпресс.
Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол. (Т.Мөнхжаргал, Ed.) Улаанбаатар, Монгол: Уриа компани.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей. (1948, 12 10). Монгол Улсын Олон улсын гэрээ: Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Retrieved 03 29, 2024 from Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/1271
Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал. (2016, 05). Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим. Jusline & Эрх зүйн мэдээлэл(003).
УИХ. (2016, 02 04). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. From Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11703
Д.Ренчиндорж. (2018, 06 11). Захиргааны ерөнхий хуулийн "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг шүүхийн практикт хэрэглэсэн байдал. Legal data.
Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал. (2016, 01). Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим. Jusline & Эрх зүйн мэдээлэл(002).
А.Эрдэнэцогт. (2013). Захиргааны процессын эрх зүй. Гарын авлага. Улаанбаатар, Монгол: Хууль зүйн яам; "Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах" төсөл. From https://nli.gov.mn/gariinavlaga/Zahirgaanii%20progress.pdf
Оруэлл, Ж. (2021). Амьтны ферм. (О.Тогоохүү, Trans.) Улаанбаатар, Монгол: Монсудар.
УИХ. (2012, 01 19). Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль. From Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/397
Д.Сүнжид. (2026, 10 24). Захиргааны ерөнхий хууль: Үзэл баримтлал, хэрэглээ. Legal data.
УИХ. (2011, 06 16). Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль. From Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/374
Кельзен, Х. (2013). Хэм хэмжээний тухай ерөнхий онол. (М.Хатанбаатар, Trans.) Улаанбаатар, Монгол: Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судлалын төв; Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судлалын төв.
УИХ. (2015, 06 19). Захиргааны ерөнхий хууль. From Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11259
Зүүлт тэмдэглэл
[1] 1215 оны Эрх чөлөөний Их Харти нь хүний эрх, эрх чөлөөний институтийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан феодал ангийн баримт бичиг юм. Зарим судлаачид Магна Хартиг хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн байдаг учраас Үндсэн хуулийн дайтай эрх зүйн баримт бичиг гэдэг бол бусад нь хааны бууж өгөх тухай гэрээ ч гэж үзэх нь бий.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааныЗарчим #ХуульдҮндэслэхЗарчим #ШуурхайТасралтгүйБайхЗарчим #ИлТодНээлттэйБайхЗарчим #ҮрНөлөөтэйБайхЗарчим #ЗорилгодооНийцсэнБодитНөхцөлдТохирсонШийдвэрНьҮндэслэлБүхийБайхЗарчим #УрьдчиланМэдэгдэхОролцоогНьХангахЗарчим #АшигСонирхлынЗөрчилтэйЗахиргааныҮйлАжиллагаанаасТатгалзанГарахТатгалзанГаргахБоломжийгХангахЗарчим #ХуульЁсныИтгэлийгХамгаалахЗарчим #PrincipiumIurisEtAequitatis #SalusPopuliSupremaLexEsto #SummumJusSummaInjuria #ExNihiloNihilFit #DuraLexSedLex #PrincipleOfProportionality #AudiAlteramPartem #NemoJudexInCausaSua #UbiJusIbiRemedium #LexSpecialisDerogatLegiGenerali #FiatJustitiaRuatCaelum #МагнаХарти #ЭртнийРом #Месопотами #ЭртнийЕгипет #Грек #ЖоржОруэлл #АмьтныФерм #ЖонЛокк #ЖанЖакРуссо #Монтескье #ХуулийнАминСүнс #ҮндсэнХууль #Платон #Аристотель #Цицерон #ХансКельзен
😎