Уг роман нь 1847 онд анх хэвлэгдсэн Английн уран зохиолын сонгодог бүтээл билээ. Гол баатар өнчин охин Жейн Эйр авга эгч хатагтай Ридийн асрамжид очих боловч, гадуурхагдан тун удалгүй хатуу хүмүүжил олгодог шашны Ловудын сургуульд илгээгдэнэ. Бие сэтгэлийн зүдүүр шаналгаа дунд түүний бага нас өнгөрөх ч Жейн хичээнгүй сурч, боловсрол эзэмшин, өөртөө итгэлтэй залуу эмэгтэй болж төлөвшдөг. Тэрээр сургуулиа төгсөөд нууцлаг, бодлогоширсон ноён Рочестерийн Торнфилд Холл дэх гэрт хүүхдийн сургагчаар ажилд орно.
Үүнээс хойш романы гол үйл явдал Жейн болон ноён Рочестерийн хооронд үүсэх хайр дурлалын түүхийг өгүүлэх боловч ноён Рочестерийн нуун дарсан өмнөх гэрлэлт илэрч тэдний харилцаа төвөгтэй болно. Жейн бардам зан ба хайр хоёроос сонголт хийхэд хүрч өөрийг нь хуурсан ноён Рочестерт гомдон, түүнийг орхин явна. Хэдийгээр бие нь хайртай хүнээсээ хол байсан ч Жейн жинхэнэ хайраа орхиж явсандаа гэмшиж, сэтгэл зүрхээрээ мэдрэн буцан ирэхэд, сэтгэцийн өвчтэй эхнэр нь Торнфилд Холлийг галдан шатааж амиа алдаж, ноён Рочестер хараагүй болсон байна. Ийн амьдралын олон саад даваа, бэрх амьдрал туулсны эцэст хайртай хүнтэйгээ эргэн нийлж роман төгсөнө.
Зохиолч анги давхаргын зөрүү, эмэгтэйчүүд дуулгавартай, хүлцэнгүй байх ёстой гэж үздэг тухайн үеийн нийгмийн хүлээлтийг сөрөн зогсож буй Жэйн Эйрийн дүрээр өөрийгөө нээн эрэлхийлэхийн хажуугаар бие даасан байдлаа хадгалахыг хичээж буй эмэгтэй хүнийг төлөөлүүлжээ. Жэйн Эйр өөрийн зарчим, үзэл баримтлалдаа үнэнч, хатуу шийдэмгий байж, нийгэмд эзлэх байр суурьгүй байсан ч бусдын түүнд тавьсан хязгаарлалтад хоригдохоос татгалздаг. Хамгийн гол нь бүх зүйл дардан байдаггүй, зүрх сэтгэлийг мохоох юу ч тохиосон бай, өөртөө үнэнч байх, сонголтоо бие даан хийх, өөрийгөө илэрхийлэхийн чухлыг харуулна.
Роман эхлэхдээ эмгэнэлт зохиол мэт, дунд хэсэгтээ хайрын түүх мэт сэтгэгдэл төрүүлэх боловч уншиж дууссаны дараа жендерийн асуудлыг гарал сурвалжаас тайлбарласан нь ойлгогдоно. Романд феминист үзэл санаа нэвт шингэсэн нь эмэгтэй хүн эрх тэгш байдлыг эрмэлзэж, боловсрол эзэмшиж, бусдаас хамааралгүй байхыг хичээж буйгаар илэрнэ. Эмэгтэйчүүдэд ёс суртахууны хэм хэмжээг чанд сахиж, ариун явдалтай байх ёстой хэмээн тулгадаг атал, эрэгтэйчүүд ёс суртахуунгүй үйлдэл хийхийг хүлээн зөвшөөрсөн байдал нь нийгмийн анги давхаргын ялгаанаас илүүтэйгээр хор уршиг учруулдаг байна. Түүнээс гадна, “Жэйн Эйр” роман нь нийгмийн тогтсон хэм хэмжээ, түүний хувь хүнд үзүүлэх дарамт шахалт, нөлөөллийн талаар судлахад суурь мэдлэг болно. Нийгэмд ялгаатай стандарт байх аваас шударга бус байдал газар авч, хувь хүний эрх, эрх чөлөө үгүйсгэгдэж, зарим нэг нь гадуурхагдаж, тэр бүү хэл бие болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг байна.
Хэлэхгүй үлдээж болохгүй, романы чухал сургамжуудын нэг нь хүн хоорондын жинхэнэ харилцааг бий болгох энэрэн нигүүлсэхүйн хүч юм. Хэдийгээр бага балчир наснаасаа гадуурхагдаж, бүхий л байдлаар дарамтлуулж, тогтсон үзэлд шахагдаж, уучлал үзүүлэх боломжгүй мэт үйл явдал өрнөх ч, эцсийн дүнд гол дүр оюун ухааны хүчээр бүгдийг давж, шударга бусыг үзэж харж мэдэрч шаналж зовсон ч энэрэнгүй сэтгэлээр хандана.
Ж.Цэрэндулам
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЖейнЭйр #ЭрхЗүйнФилософи #НомынТэмдэглэл #ШарлоттаБронте #Эмэгтэйчүүд #ЭмэгтэйчүүдийнЭрх #Жендер #ФеминистҮзэлСанаа #НийгмийнБайрСуурь #АнглийнУранЗохиол #СонгодогРоман #ЖендерийнТэгшБайдал #ФеминистҮзэлСанаа #НийгмийнТогтсонХэмХэмжээ #АнгиДавхаргынЯлгаа #БоловсролынАчХолбогдол #ӨөрийгөөНээх #ХайрДурлалынТүүх #ӨвЗалгамжлал #НийгмийнШударгаЁс #ЭрхЧөлөө #БиеДаасанБайдал #ЭнэрэнгүйСэтгэл #ШүүмжлэлтРоман #НийгмийнТогтсонҮзэл #НийгмийнАсуудлууд #ЗохиолынСургамж #ХувьХүнийХөгжил #ШударгаЁсныЭрэл #ЛовудынСургууль #ТорнфилдХолл #РомантикЗохиол #ӨнчинОхиныТүүх #ХүнийЭрхЧөлөө
Хуульч Шувуухайн "Монгол улсад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн нийгэм, эдийн засгийн үр нөлөө" сэдэвтэй судалгааны ажилтай танилцаарай!
.