Л. Толстой “Дайн ба Энх”
- Ж.Төмөр-Очир
- Jan 5, 2024
- 2 min read
Updated: Mar 11
Лев Толстойн "Дайн ба Энх" нь Наполеоны дайны үеийн Оросын язгууртнуудын амьдралыг харуулсан нүсэр роман билээ. Түүхэн ээдрээтэй үйл явдлуудыг өгүүлэхийн зэрэгцээ хайр дурлал, дайн тулаан, амьдралын утга учрыг эрэлхийлэх сэдвүүдийг багтаасан. Дайны нийгэмд үзүүлэх нөлөөг хүний мөн чанартай хослуулан илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.
Тухайн үед хэрэглэж байсан эд зүйлс, гоёл чимэглэл, хувцасны загвар, дарс хоол гээд бүх зүйлийг нэг нэгэнгүй бичиж үлдээснээс гадна, гол нь хүний сэтгэл санаа, мэдрэмжийг буулгасан явдал нь гайхал төрүүлнэ. Та дэлгэцийн бүтээлийг үзсэн байж болно, гэхдээ энэхүү агуу романыг уншихгүй байж болохгүй гэж хэлмээр санагдана.
Зарим хүмүүс романд амьдралд тохиолдох ганц хайрдаа үнэнч байх атал зурвасхан сэтгэлийн зугаа цэнгэлд татагдан хэтэрхий гэнэн итгэмтгий байдлаар хохирч буй талаар өгүүлдэг гэдэг. Гэтэл гүн эргэцүүлэн бодвоос амьдралын хатуу ширүүн шалгуурыг давж хайр дурлалын дайнд ялалт байгуулж буй бололтой.
"Дайн ба Энх" романаас дайны тэнэглэл, хүмүүсийн харилцааны нарийн төвөгтэй байдал, амьдралын утга учрын эрэл хайгуулын талаар сургамж авна. Тухайлбал, Толстой дайны аймшиг, утгагүй байдлыг дүрсэлж, хувь хүн болон нийгэмд үзүүлэх хор хөнөөлийг үзүүлжээ. Дайн мөргөлдөөн нь хүний амь насыг хохироосон ямар дэмий зүйл болохыг онцолсон. Энэхүү романы үндсэн үйл явдал дайны үеэр өрнөх ба үймээн самуунтай үе дэх нөхөрлөлийн бат бөх хүчийг, язгууртнуудын амьдралыг өгүүлэх ба хайр дурлал, гэрлэлтийн нарийн төвөгтэй байдлыг харуулжээ. Хамгийн чухал нь олон дүрээр дамжуулан хүн хооронд харилцан ойлголцох, харилцааг хадгалах, уучлах өршөөхийн чухлыг тэмдэглэсэн байдаг.
Толстой амьдралын зорилго, оршихуйн мөн чанарын талаарх экзистенциал асуултуудыг хөнддөг. Зохиолын дүрүүд эмх замбараагүй, тодорхойгүй байдлын дунд утга учрыг олохын тулд тэмцэл өрнүүлдэг нь амьдралын гүн ухааны эрэл хайгуулыг тусгажээ. Эцсийн дүндээ үнэнч шударга амьдрах, хүсэл тэмүүллээ дагах, амьдралын түр зуурын сайхныг хүлээн авах замаар жинхэнэ биелэл ирдэг гэдгийг ухааруулна.
Ж.Төмөр-Очир

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнФилософи #ЛевТолстой #ДайнБаЭнх #НомынТэмдэглэл #НаполеоныДайн #ОросынЯзгууртнууд #ТүүхэнРоман #ХайрДурлал #ДайнТулаан #АмьдралынУтгаУчир #ХүнийМөнЧанар #АмьдралынШалгуур #ГүнЭргэцүүлэнБодолт #ХайрБаУучлал #Нийгэм #ДайныАймшиг #ХувьХүнийТэмцэл #ЭкзистенциалАсуултууд #ХүнХоорондынХарилцаа #ЯзгууртнуудынАмьдрал #АмьдралынГүнУхаан #ГэрлэлтийнНарийнТөвөгтэйБайдал #ДайныХорХөнөөл #ХүнХоорондынХарилцаа #ГүнУхаан
.