Гэр бүлийн хөрөнгийн эрх
Удиртгал
Гэр бүлийн хөрөнгийн эрх (англ. marital property rights) нь дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр эрхүүд нь гэр бүлийн харилцаанаас авхуулаад өв залгамжлал зэрэг бүхий л зүйлд нөлөөлж, гэр бүл өмчөө хэрхэн олж авах, түүнийгээ удирдах, хуваарилахыг тодорхойлдог. Эдгээр эрх нь түгээмэл боловч түүх, соёл, хууль эрх зүйн нөхцөл байдлаас шалтгаалан нийгэм бүрд өвөрмөц байдлаар тодорхойлогддог. Манай улсад гэр бүлийн хөрөнгийн эрх нь нүүдэлчин соёлын уламжлал, XX зууны социалист нийгэмчлэл, өнөөгийн зах зээлийн эдийн засгийн үеийн эрх зүйн шинэтгэл хүртэл томоохон өөрчлөлтүүдэд орсон байдаг. Энэхүү эссэд гэр бүлийн хөрөнгийн эрхийн ерөнхий ойлголтыг хөндөж, Монгол дахь эдгээр эрхийн өвөрмөц түүхэн болон орчин үеийн хувьслын талаар товч тайлбарлахыг оролдов.
Гэр бүлийн хөрөнгийн эрхийн ерөнхий ойлголт
Гэр бүлийн хөрөнгийн эрх нь гэр бүлийн эд хөрөнгийн удирдлага, хуваарилалт, өв залгамжлал, гэр бүлийн доторх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн механизмыг хамардаг. Харин хуулийн агуулгаараа гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түүнийгээ хянах, өвлүүлэхтэй холбоотой эдлэх эрх, хүлээх үүргийг хэлдэг. Эдгээр эрхүүд нь тухайн хууль, эрх зүйн тогтолцоо, үндэстний соёл, зан заншил, хөгжлийн түүхэн үеэс хамаарч ялгаатай зохицуулалттай байдаг.
Гэр бүлийн хөрөнгийн эрх
Зарим эрх зүйн тогтолцоонд, мөн манай улсад гэр бүлийн хөрөнгийг “хамтран өмчлөх дундын хөрөнгө” болон “хуваарьт хөрөнгө” гэж ангилан хуваадаг. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд (англ. common property) гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орно. Энэ төрлийн хөрөнгө нь гэрлэлт цуцлагдсан тохиолдолд тэнцүү хуваагддаг. Харин хуваарьт хөрөнгө (англ. separate property) гэдэг нь гэр бүл болохоос өмнө эхнэр, нөхөр хоёрын хэн нэгний олж авсан, эсвэл гэрлэлтийн үеэр өв, бэлэглэлийн журмаар хүлээн авсан эд хөрөнгийг хэлдэг бөгөөд энэ нь тухайн хүний мэдэлд байдаг. Улс орнуудад гэр бүл салалтын үед гэр бүлийн хөрөнгийг шударгаар хуваадаг, гэхдээ энэ нь тэнцүү гэсэн үг биш. Шүүх гэрлэлтийн үргэлжилсэн хугацаа, гэр бүлийн эд хөрөнгөд оруулсан хувь нэмэр, эхнэр, нөхрийн эдийн засгийн нөхцөл байдал, хүүхдийн хэрэгцээ зэрэг янз бүрийн хүчин зүйлийг харгалзан үзэж, шударга хуваарилах (англ. equitable distribution) зарчмыг дагаж мөрддөг байна.
Гэр бүлийн хөрөнгийн өөр нэг чухал тал нь эхнэр, нөхөр дундаа хэсгээр өмчлөх, эсвэл дундаа хамтран өмчлөх гэх үндсэн хоёр хэлбэрээр дундын өмчтэй байх боломж юм. Хэсгээр өмчлөх дундын өмч (англ. tenancy in common) байх тохиолдолд эхнэр, нөхөр нэг зүйлийг нэгэн зэрэг өмчлөх, өмчлөгч тус бүрд тодорхой хэсэг оногдох, оногдох хэсгийн хүрээнд захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгөө гэрээслэлээр болон хууль ёсны бусад аргаар дамжуулж амьд үлдсэн эхнэр, нөхөрт нөгөөгийнх нь хөрөнгийн ногдох хэсгийг автоматаар өвлүүлэхгүйгээр өөр бусад өв залгамжлагчид шилжүүлж болно. Энэхүү зохицуулалт нь өмчлөгчдөд өөрийн өмчөө хэнд ч өвлүүлэн үлдээх уян хатан нөхцөлийг бүрдүүлдэг. Үүний эсрэгээр, дундаа хамтран өмчлөх дундын өмч (англ. joint tenancy) нь эхнэр, нөхөр хоёулаа тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй байх ба нэг нь нас барсны дараа амьд үлдсэн эхнэр, нөхөр нь бүх эд хөрөнгийг автоматаар өвлөн авна. Үүнийг дундаа хамтран өмчлөх дундын өмчийн агуулгын хувьд өв залгамжлагч нас барснаас үүдсэн өв залгамжлах эрх (англ. right of survivorship) гэнэ. Энэ нь нас барсны дараа, нас барсан хүний гэрээслэл, эсвэл өв залгамжлалын хууль ёсны үйл явцаас хамаарахгүй. Үүний үр дүнд эд хөрөнгө гэрээслэл, эсвэл өв залгамжлалын тухай хуулийн дагуу хуваарилагдаагүй бөгөөд бусад боломжит өв залгамжлагчид, тухайлбал хүүхэд, гэр бүлийн бусад гишүүд нас барсан хүний хөрөнгийн хэсгийн энэхүү хувийг шаардах боломжгүй. Амьд үлдсэн эхнэр, нөхөр нь цорын ганц өмчлөгч болно.
Өв залгамжлах эрх
Өв залгамжлах эрх (англ. inheritance rights) нь гэр бүлийн хөрөнгийн эрхийн өөр нэг гол бүрэлдэхүүн хэсэг юм. Хувь хүн нас барсны дараа өмч хөрөнгөө хэрхэн хуваарилахыг гэрээслэлээр (англ. wills) тодорхойлж болно. Гэсэн хэдий ч зарим эрх зүйн тогтолцоонд гэр бүлийн тодорхой гишүүд, тухайлбал, эхнэр, нөхөр, хүүхдүүдийг хөрөнгө өвлөн авахаас хасах боломжгүй (англ. bequests) байдаг. Эдгээр өв залгамжлагчид гэрээслэл дэх заавраас үл хамааран хөрөнгийн тодорхой хэсгийг хууль ёсны дагуу авах эрхтэй бөгөөд нас барсан хүн гэрээслэлдээ заагаагүй байсан ч тэд хувь хүртэх болно. Энэ нь хөрөнгийн хэсгийг тодорхой өв залгамжлагчид, тодруулбал хүүхэд, эхнэр, нөхөрт үлдээх ёстой байдаг албадан өв залгамжлах хуультай (англ. forced heirship), эх газрын эрх зүйн тогтолцоотой дийлэнх улс оронд үйлчилдэг. Энэхүү дүрэм нь гэрээслэлийн нөхцөлөөс үл хамааран үйлчилдэг бөгөөд эдгээр өв залгамжлагчид хөрөнгийн тодорхой хувийг авахыг баталгаажуулдаг.
Хэрэв хүн гэрээслэл үлдээхгүйгээр (англ. intestate succession) нас барвал өв залгамжлалын журмын дагуу эд хөрөнгийг нь хуваарилдаг. Энэ нь харьяаллын дагуу ялгаатай байдаг ч ерөнхийдөө эхнэр, нөхөр, хүүхдүүд болон бусад ойр дотнын хамаатан садныг нэн тэргүүнд тавьдаг.
Гэр бүлийн хөрөнгийн эрхтэй холбоотой бусад асуудал
Гэрлэлтээ цуцлуулахад гэр бүлийн өмчийг хууль тогтоомжийн дагуу хуваана (англ. divorce settlements). Үүнд үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө, хувийн өмч, бизнесийн ашиг сонирхлыг багтааж болно. Шүүх хүүхдийн хэрэгцээ, эхнэр, нөхөр хоёрын эдийн засгийн ялгаа, гэрлэлтийн өмнөх гэрээ зэрэг хүчин зүйлийг харгалзан үздэг.
Гадаад улс оронд өмч хөрөнгийг тусгай зориулалтын итгэлцлийн санд (англ. trusts) байршуулах практик байдаг. Ингэснээр гэр бүлүүд өмч хөрөнгийг тодорхой хүсэлд нийцүүлэн удирдах, хуваарилах, эдгээрийн цаг хугацааг заах, зээлдүүлэгчдээс эд хөрөнгийг хамгаалах, эсвэл боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг тодорхой зорилгоор ашиглах боломжийг баталгаажуулдаг байна.
Зарим улс оронд гэр бүлийн хөрөнгийн эрх нь төрөөс тогтоосон хуулиас гадна зан заншлаас хамаардаг. Зан заншил нь өмчийг хэрхэн өвлөн авах, гэр бүлийн хөрөнгийг хэн хянах, маргааныг хэрхэн шийдвэрлэхийг зааж өгч болно. Үүний адил, гэр бүлийн хөрөнгийн эрхэд шашны хууль ч мөн нөлөөлдөг. Жишээлбэл, Исламын шашны Шариатын хууль тогтоомжийн дагуу өв залгамжлалыг тодорхой дүрмээр зохицуулдаг бөгөөд өв хөрөнгөөс хүү, охин, эхнэр, нөхөр, эцэг, эхэд ногдох хувийг тогтоосон байдаг.
Гэр бүлийн бизнестэй байх тохиолдолд гэр бүлийн хөрөнгийн эрхийн асуудал яригддаг ба түүний эзэмшил болон хяналтын аль алиныг нь тусгасан залгамж халаа, эсвэл бизнесийг худалдах талаар тодорхой зохицуулалтууд байна.
Олон улс оронд эрх зүйн орчин үеийн шинэчлэлүүд нь өмчийн эрх, ялангуяа өв залгамжлал, гэр бүлийн өмчийн салбарт жендерийн тэгш байдлыг хангахад чиглэгдэж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд хөрөнгө өмчлөх, хянах, өвлөн авах тэгш эрхтэй байхаар тусгасан.
Зарим эрх зүйн тогтолцоонд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эд хөрөнгийн эрхийг хамгаалж, гэртээ байх, гэр бүлийн өмчөөс шударгаар хүртэх эрхийг баталгаажуулсан зохицуулалтууд байдаг.
Монгол улс дахь гэр бүлийн хөрөнгийн эрхийн түүхэн хөгжил ба хэтийн төлөв
Монгол улсын гэр бүлийн хөрөнгийн эрх нь нүүдэлчдийн уламжлал, социализмын үе, орчин үеийн эрх зүйн шинэтгэлээр бүрэлдэн тогтсон өвөрмөц түүхтэй. Эдгээр үе шат бүр нь гэр бүлийн хөрөнгийн эрх зүйн болон соёлын тогтолцоонд урт удаан хугацаанд нөлөөлжээ.
Нүүдэлчдийн уламжлалт зан заншил
Түүхээс харахад Монголын гэр бүлийн хөрөнгийн эрхэд нүүдэлчин амьдралын хэв маяг ихээхэн нөлөөлсөн байдаг. Баялгийн үндсэн хэлбэр болох мал сүрэг нь гэр бүлийн өмч, түүнийгээ гэр бүлийн гишүүд хамтаар удирддаг байсан ч өмч хөрөнгийн хяналтыг өрхийн тэргүүн эрэгтэй гол төлөв хариуцдаг байв. Эрэгтэй хүүхэд мал болон бусад хөдлөх хөрөнгө өвлөн авах бол охин хүүхэд гэрлэхдээ мал болон бусад эд зүйл хэлбэрээр инж авдаг байв. Өргөн хүрээтэй эцгийн эрхт ёстой Монголын нийгэмд бүрэлдсэн зан заншлын дагуу гэр бүлийн эд хөрөнгө нь эрэгтэй хүний удам дамждаг байв.
Монголын эзэнт гүрний хэрэгцээ шаардлага болох овгийн эв нэгдэл, хүч чадлыг хадгалахыг чухалчилж Чингис хааны “Их засаг” хуулийн дагуу эд хөрөнгийг эрэгтэй хамаатан садны дунд хуваарилдаг байв. Гэр бүлийн бат бөх байдал, эв нэгдлийг хадгалахын тулд ууган хүү нь илүү их хувийг өвлөн авдаг, эрэгтэй өв залгамжлагчид өмч хуваах нь нийтлэг практик байсан.
Социалист эрин ба нэгдэлжилт (1924–1990 он)
Социализмын үед гэр бүлийн хөрөнгийн эрхэд томоохон өөрчлөлт орсон ба энэ эрин үед төрөөс хувийн өмчийг нийгэмчлэх, ялангуяа газар, мал сүргийг нэгтгэх замаар хувийн өмчийг үндсэндээ устгасан. Газар, малыг төрийн мэдэлд авч, гэр бүлийн хөрөнгийн эрхийг эрс хязгаарласан гэж болно. Гэр бүлүүдэд төрөөс тодорхой бараа, нөөц хуваарилдаг байсан ч энэ нь “амины” гэж нэрлэгдэх өмчлөл төдий жижиг эд зүйл байв. Тиймээс хувийн өмчийг өвлүүлэх нь зөвхөн тэрхүү хувийн жижиг эд зүйлээр хязгаарлагдах болсон.
Социалист тогтолцоо нь гэр бүлийн хөрөнгийн эрхийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилснөөр гэр бүлийн дотор хөрөнгө шилжүүлэх асуудал хязгаарлагдаж, баялгийн хуримтлал үгүй болсон юм.
Социализмын дараах шинэчлэл ба орчин үеийн гэр бүлийн хөрөнгийн эрх
1990-ээд онд социализм задран унаснаар манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн өмчийн эрхийг сэргээж, хууль эрх зүйн орчноо шинэчилсэн. Энэхүү шилжилт нь гэр бүлүүдэд олон арван жилийн турш төрийн мэдэлд байсан газар, мал болон бусад эд хөрөнгөө эргүүлэн авах боломжийг олгосон.
Орчин үеийн хууль тогтоомж, тэр дундаа Иргэний болон Гэр бүлийн тухай хуулиудад эд хөрөнгө өмчлөх, өв залгамжлах талаар тодорхой зохицуулалтыг тусгасан. Гэрлэлтийн үеэр олж авсан гэр бүлийн хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч гэж үздэг бөгөөд энэ нь гэрлэлт цуцлагдсан тохиолдолд гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваагддаг. Хууль эрх зүйн тогтолцоо нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмчлөх эрхийг тэгш баталгаажуулдаг бөгөөд жендерийн тэгш байдлыг хангах амлалтыг илэрхийлдэг.
Өв залгамжлалын хуулиар хувь хүн өөрийн өмч хөрөнгөө хэрхэн хуваарилах тухай гэрээслэл үүсгэх боломжийг олгосон. Гэрээслэл байхгүй тохиолдолд өв залгамжлалын журмын дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эхэд давуу эрх олгоно. Хууль тогтоомж нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн өв залгамжлах эрхийг хамгаалж, гэр бүлийн хөрөнгөөс шударгаар хүртэх боломжийг олгосон.
Орчин цагт хийгдсэн хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол газар өмчлөх эрхийг сэргээсэн явдал юм. 2003 оноос хойш Монгол улсын иргэн газар өмчлөх боломжтой болсон бөгөөд Газрын тухай хуулиар газар авах, өвлүүлэх, шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Харин хөдөө аж ахуйн газрыг гадаадын аж ахуйн нэгжид худалдахад хязгаарлалт байдаг.
Гэр бүлийн хөрөнгийн эрхийн орчин үеийн сорилтууд
Орчин үеийн хууль тогтоомж гэр бүлийн хөрөнгийн эрхийг хамгаалах тал дээр ихээхэн ахиц дэвшил гаргасан ч хурдацтай хотжилт, нүүдэлчнээс суурин амьдралын хэв маяг руу шилжсэнээс үүдэн тулгарч буй сорилтууд байсаар байна.
Хотжилт ба газрын маргаан
Хотжихын хэрээр, тэр дундаа Улаанбаатар зэрэг хотод газар өмчлөх маргаан ихэссэн. Гэр бүлүүд орчин үеийн өмчийн хуулийн ээдрээтэй асуудлуудыг даван туулж байгаа тул эдгээр маргаан нь бүсчлэл, газар ашиглалт, өв залгамжлалын асуудалтай холбоотой байдаг. Үүнээс гадна хүн амын хэт төвлөрөл нь газрын олдцод нөлөөлж, газар өмчлөл маргаан дагуулж буй.
Хүйсийн тэгш байдал ба уламжлалт зан заншил
Эмэгтэйчүүдийн өмчлөх эрхийг хуулиар хамгаалсан хэдий ч ялангуяа хөдөө орон нутагт уламжлалт зан заншил нь өв залгамжлал, өмч хөрөнгө, хүйсийн ялгааг бий болгодог гэж болно. Зарим тохиолдолд эрэгтэй хамаатан садныг эмэгтэй өв залгамжлагчаас илүүд үздэг хэвээр байгаа нь эртний эцгийн эрхт ёсны тусгал гэлтэй. Гэсэн хэдий ч эрх зүйн орчин бүрдсэн байгаа нь жендерийн тэгш байдлыг хангах, эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүд гэр бүлийн хөрөнгийг тэгш хүртэх бүрэн боломжоор хангагдсаныг илэрхийлнэ.
Нүүдэлчин ба суурин өмчийн тогтолцооны тэнцвэр
Манай улс нүүдэлчин нийгмээс суурин нийгэмд шилжсэн нь гэр бүлийн хөрөнгийн эрхийн салбарт өвөрмөц сорилтуудыг бий болгосон. Өнөөгийн эрх зүйн орчин нь хувийн өмчийг хамгаалж байгаа ч нүүдэлчдийн амьдралын хамтын хэв маяг, ялангуяа мал аж ахуй нь гэр бүлийн хөрөнгийг хэрхэн харж, түүнийгээ хэрхэн удирдахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр байна.
Дүгнэлт
Гэр бүлийн хөрөнгийн эрх нь дэлхий даяарх хууль эрх зүйн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өмч хөрөнгийг гэр бүл дотор хэрхэн эзэмшиж, удирдаж, өвлүүлэн үлдээхэд нөлөөлдөг. Манай улсад эдгээр эрхүүд нүүдэлчин ахуй үеийнхээ уламжлалт зан заншлаас социализмын үеийн хязгаарлалтаар дамжин зах зээлд суурилсан, өнөөгийн хувь хүний өмчийн тогтолцоонд шилжсэн. Монголын орчин үеийн хууль тогтоомж нь гэр бүлийн бүх гишүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг адил тэгш хамгаалж, улсынхаа соёлын өвөрмөц өв, соёл, шашин шүтлэг, нийгмийн хэм хэмжээг хурдацтай хотжиж буй нийгмийн эрэлт хэрэгцээтэй тэнцвэржүүлэх зорилго агуулдаг. Гэсэн хэдий ч нийгмийн хандлагад гарсан өөрчлөлтүүд, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд дасан зохицож, газар өмчлөх, жендерийн тэгш байдал, уламжлал ба орчин үеийн тэнцвэртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагын улмаас эрх зүйн тогтолцоо тасралтгүй шинэчлэгдэж байх хэрэгтэй билээ.
Ж.Танан
Нэр томьёо
Гэр бүл
(лат. familia; англ. family)
Гэрлэлтээс үүдсэн эд хөрөнгийн бус болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хүмүүсийн хүрээ. Гэр бүл нь нийгэм-биологийн, аж ахуй-эдийн засгийн, ёс суртахууны, хууль зүйн, сэтгэл зүйн, соёл харилцаа ба холбооны жижиг бүлэгт тооцогддог.
Гэр бүлийн чиг үүрэг нь:
Хүн амыг нөхөн үйлдвэрлэх;
Үр хүүхдээ хүмүүжүүлэх ба хамгаалах;
Нийгэмшүүлэх;
Гэр бүлийн баялгийг үйлдвэрлэлийн эдийн засгийн үндсийг буй болгох.
Гэр бүлийн бүтэц нь гэр бүлийн гишүүдийн хооронд төрөл садны, оюун санааны, ёс суртахууны болон бусад харилцааг бүрдүүлнэ.
Гэр бүлийн бүтцийн ангилал нь:
Авторитар. Гэр бүлийн гишүүний нэг нь нөгөөдөө захирагдмал;
Ардчилсан. Гэр бүлийн гишүүд нь эрх тэгш.
Гэр бүлийн хэв маяг нь:
Нөхөр, эхнэр, хүүхдээс бүрдсэн;
Хэдэн үеийн төрөл төрөгсдөөс бүрдсэн;
Өвөг эцэг, эмэг эх зэргээс бүрдсэн.
Гэр бүлийг эрх мэдлээр тодорхойлж болно.
Эцгийн эрхт ёс. Гэр бүлийг эцэг тэргүүлнэ;
Эхийн эрхт ёс. Гэр бүлийг эх тэргүүлнэ;
Эрх тэгш.
Гэр бүлийн онцлог шинж нь:
Гэр бүл цаг ямагт бүлэг хүмүүс байна;
Бүрэлдэн буй болсон үндсэн дээр цаашид энэ бүлэг цусан төрлийн холбоогоор оршин тогтнох болно;
Гэр бүл түүний гишүүдийг ахуйн болон оюун санааны хувьд нэгтгэж, нийгмийн бусад гишүүдийн өмнө ёс суртахууны хариуцлага хүлээлгэнэ;
Гэр бүл нь нийгэмд түүний гишүүдийг бие махбодын болон ёс суртахууны хувьд нөхөн үйлдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ.
Гэр бүл нь хүмүүний амьдралын нэн чухал тал. Гэр бүлээр дамжуулан хүмүүсийн нийгмийн нэг чухал хэрэгцээ болох харьцах хэрэгцээгээ үлэмж хэмжээгээр хангана. Гэр бүл нь хүмүүн төрлөө үргэлжлүүлэх, өсвөр үеэ жинхэнэ хүн болгон төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Нийгмийн амьдралд гэр бүлийн үнэлж баршгүй ач холбогдлыг харгалзан тодорхой зохицуулалт байх явдал шаардагддаг. Түүний үлэмжхэн хэсгийг ёс суртахуун, уламжлал, соёл шашин зохицуулна. Тэгэхдээ бас гэр бүлийн ашиг тусын тулд, гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардагдана.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө (англ. common ownership for family members)
Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгөөс бусад эд хөрөнгө. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна: гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр буй болсон хөрөнгө; гэр бүлийн гишүүдтэй хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө; ногдол хувь, үнэт цаас; гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэр бүлийн гишүүний өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
(англ. struggle (combatting) of family violence)
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсох, урьдчилан сэргийлэх тогтолцоо.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн үндэс нь:
Монгол Улсын Үндсэн хууль;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль;
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
Зөрчлийн тухай хууль;
Эрүүгийн хууль зэрэг болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах этгээд нь:
Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;
Тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү;
Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсвэл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан дундаасаа хүүхэдтэй этгээд.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим нь:
Хохирогчийн эд хөрөнгө, нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;
Хүүхдийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;
Хохирогчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах;
Нууцлалыг хамгаалах;
Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх;
Хүчирхийллийг үл тэвчих.
Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр нь:
Бие махбодын хүчирхийлэл. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсвэл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй;
Сэтгэл санааны хүчирхийлэл. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн;
Эдийн засгийн хүчирхийлэл. Хохирогчийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсан;
Бэлгийн хүчирхийлэл. Хохирогчийг эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадсан.
Гэр бүлийн хүчирхийллийг хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл нь:
Аюулгүй байдлын хамгаалалт;
Эмнэлгийн тусламж үйлчилгээ;
Нийгмийн халамжийн үйлчилгээ;
Сэтгэл зүйн үйлчилгээ;
Хүүхэд хамгаалалтын үйлчилгээ;
Эрх зүйн туслалцаа;
Холбон зуучлах үйлчилгээ.
Гэр бүлийн эрх зүй (англ. family law)
Монголын уламжлалт салбар эрх зүйн нэг. Бусад салбар эрх зүйн нэгэн адил өөртөө гэр бүлийн эрх зүй нь гэр бүлийн хууль тогтоомж, гэр бүлийн эрх зүйн шинжлэх ухаан ба сургалтын холбогдох судлагдахууныг хамааруулна.
Гэр бүлийн эрх зүй нь гэрлэх нөхцөл ба журам, гэрлэлтийг цуцлах ба хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг тогтоож, гэрлэгчид, эцэг эх ба хүүхэд (үрчлэгч ба үрчлүүлэгч) хоорондын, тэрчлэн гэр бүлийн гишүүдийн хоорондын эд хөрөнгийн бус амин хувийн ба эд хөрөнгийн харилцааг зохицуулна; гэр бүлийн хууль тогтоомжид заасан тохиолдол ба хэмжээ хязгаарын хүрээнд бусад төрөл садан ба өөр хүмүүсийн хоорондын харилцаа, тэрчлэн асрамжлах, харгалзан дэмжих журам ба хэлбэрийг тодорхойлно.
Гэр бүлийн эрх зүйн үндсэн эх сурвалж нь гэр бүлийн тухай хууль юм. Ром-Германы эрх зүйн бүл бүхий дийлэнх гадаад улсад гэр бүлийн эрх зүй нь иргэний эрх зүйн бүрэлдэхүүн хэсэг, харин гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээ нь Иргэний хуульд агуулагдсан байдаг.
Гэр бүлийн эрх зүйн зохицуулалтын аргын онцлог шинж нь:
Гэр бүлийн эрх зүйн харилцаанд оролцогчид хууль зүйн хувьд эрх тэгш;
Гэр бүлийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хүсэл зориг бие даасан;
Гэр бүлийн эрх зүйн харилцааны зохицуулалтад харилцан тохиролцох хандлага түлхүү;
Гэр бүлийн эрх зүйн зарчим нь:
Гэр бүлийн эх үндэс болсон гэрлэлт нь тэгш эрх сайн дурын харилцаан дээр үндэслэнэ;
Гэр бүлийн гишүүн бие биеэ үндэс, угсаа, хэл, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх;
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах;
Хүүхдийг гэр бүл дотор ёс суртахуунтай, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг эн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэх;
Гэр бүлийн дотоод дахь аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх;
Гэр бүл дэх иргэний эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах зэрэг болно.
Гэрлэгчдийг эвлэрүүлэх
(англ. conciliating of spouses)
Гэр бүлийн эрх зүйд шүүх шаардлагатай гэж үзвэл гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахын тулд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах хуулиар тогтоосон журам.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална. Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд ба хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг шууд цуцална.
Гэрлэлт
(лат. matrimonium, nuptiae; англ. marriage)
Гэр бүлийн эрх зүйд гэр бүл буй болгох болон гэрлэгчдийн харилцан эрх ба үүргийг үүсгэхийн тулд байгуулсан эрэгтэй ба эмэгтэй хоёрын сайн дурын, эрх тэгш холбоо. Гэр бүлийн хуулийн хуульчилсан тодорхойлолтоор бол хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх.
Гэрлэхэд харшлах шалтгаангүй 18 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэнэ. Монгол улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна. Ижил хүйстэн хоорондоо гэрлэх Монгол Улсад хуулиар зөвшөөрөгдөөгүй.
Гэрлэхэд харшлах шалтгаан нь:
Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа;
Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь гэрлэх насанд хүрээгүй;
Төрөл, садны хүмүүс хоорондоо гэрлэх;
Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоорондоо гэрлэх;
Үрчлэгч болон үрчлүүлэгч хоёр хоорондоо гэрлэх;
Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байх.
Гэрлэхэд харшлах эдгээр шалтгааны аль нэг байгаа тохиолдолд гэрлэлтийг бүртгэхээс татгалзана.
Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийг байлцуулан өөрийн биеэр иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ. Гэрчээр 18 насанд хүрсэн хүнийг оролцуулна.
Бүрдүүлэх бичиг баримт нь:
Гэрлэгчдийн тус тусдаа гаргасан өргөдөл;
Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх;
Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн гэрчилгээний бичиг.
Гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ.
Гэрлэлт сэргээх
(англ. restoration of marriage)
Гэр бүлийн эрх зүйд гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй тохиолдолд гэрлэлтийг сэргээх.
Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж, нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол иргэний улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг сэргээнэ.
Энэ тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлнэ:
Тус тусдаа гаргасан өргөдөл;
Иргэний үнэмлэх;
Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр;
Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тухай шийдвэр.
Гэрлэлт цуцлалт
(лат. repudium, divortium, vinculum matrimonii; англ. dissolution of marriage)
Гэрлэлт дуусгавар болох нэг үндэслэл.
Гэрлэлт цуцлалт нь захиргааны болон шүүхийн журмаар хийгдэнэ.
Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний бүртгэлийн байгууллагад гаргаж, гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулна. Энэ тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ:
Тус тусдаа гаргасан өргөдөл;
Иргэний үнэмлэх;
Гэрлэлтийн гэрчилгээ.
Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж байгаа иргэн хүндэтгэх үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийг харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу шүүх гэрлэлтийг цуцална.
Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухайгаа тохиролцоно. Гэрлэлтийн гэрээ байгаа тохиолдолд эд хөрөнгийн асуудлыг түүний дагуу шийдвэрлэнэ.
Хэрэв тийнхүү тохиролцож чадаагүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.
Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг шүүх цуцлахгүй.
Гэрлэлтийн гэрчилгээ
(англ. marriage certificate)
Иргэний улсын бүртгэлийн байгууллагаас олгох гэрлэлтийн баримт бичиг.
Гэрлэлтийн гэрчилгээний бүрдүүлбэр нь:
Иргэний улсын бүртгэлийн дугаар;
Эрэгтэйн регистрийн дугаар;
Эрэгтэйн иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;
Эмэгтэйн регистрийн дугаар;
Эмэгтэйн иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;
Бүртгэсэн он, сар, өдөр;
Бүртгэсэн байгууллагын нэр;
Улсын бүртгэгч (бүртгэлийн ажилтан)-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.
Гэрлэлтийн гэрээ
(англ. marriage contract)
Гэрлэгчид, гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох эд хөрөнгийг тодорхойлох, эд хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг Иргэний хуульд нийцүүлэн байгуулсан иргэний эрх зүйн гэрээ.
Гэрлэлтийн гэрээг гэрлэгчид бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болно. Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө байгуулсан гэрлэлтийн гэрээг гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Гэрлэлтийн гэрээгээр дамжуулан гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн горимыг өөрчлөх, гэрлэгчдийн нийт өмчийн хамтран ба хуваарьт эд хөрөнгө, тэдгээрийн тодорхой төрөл буюу гэрлэгч бүрийн эд хөрөнгийн журмыг (гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээний горим) тогтооно. Гэрлэгчид нь гэрлэлтийн гэрээгээр харилцан тэжээн тэтгэх, бие биеийнхээ орлогод оролцох арга, гэр бүлийн зардлыг зарцуулах журам, гэрлэлт цуцалсан тохиолдолд гэрлэгч бүрд шилжүүлэх эд хөрөнгийг тодорхойлох зэрэг өөрсдийн эрх ба үүргийг буй болгох эрх эдэлнэ.
Гэрлэх, өрх тусгаарлах эрх
(англ. right to marry and to found a family)
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх өрх тусгаарлах эрхтэй” хэмээн заасан хүний эрх. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрлэгсэд чөлөөтэй, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр гэрлэнэ” гэж заасан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийн 23 дугаар зүйлд “Гэрлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэйчүүд гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Гэрлэгчид өөрсдөө чөлөөтэй бөгөөд харилцан бүрэн зөвшөөрөлцөөгүй аливаа гэрлэлт байж үл болно” хэмээн баталгаажуулжээ. Эл эрхийг Монгол Улсын үндсэн хуулийн 16 (11) дугаар зүйлд “гэрлэлт нь хуулиар тогтоосон, насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ” хэмээн бэхжүүлсэн.
Хуваарьт эд хөрөнгө
(англ. separate property)
Гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй, дангаараа захиран зарцуулах эд хөрөнгө.
Хуваарьт эд хөрөнгийн төрөл нь:
Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;
Өв, бэлэглэлийн журмаар шилжүүлж авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө мөнгө;
Амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө;
Оюуны өмчийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;
Хувийн авьяас чадвар ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
Хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах шаардагдах хөрөнгө, мөнгө.
Хамтран өмчлөх өмч
(англ. co-ownership, joint property)
Өмчлөгч бүрийн өмчлөх хэсэг тодорхой бус байдаг дундын өмчийн нэгэн төрөл.
Иргэний хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг хамтран өмчилж болно. Хамтран өмчлөх өмчийн үндсэн төрөл нь гэрлэгсдийн өмч.
Хамтран өмчлөх өмчийн оролцогчид нь хэрэв тэдгээрийн хоорондын хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол дундын эд хөрөнгийг хоршиж эзэмших буюу ашиглана. Хамтран өмчлөх өмчид байгаа эд хөрөнгийг захиран зарцуулахад эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийхэд оролцсон эсэхээс үл шалтгаалан бүх оролцогчдын зөвшөөрлөөр хэрэгжүүлнэ. Хамтран өмчлөх өмчийн эд оролцогч бүр хэрэв нийт оролцогчдын хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол дундын эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийх эрхтэй.
Хамтран өмчлөх өмчид оролцогчдын хэн нэг нь дундын эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл үйлдсэнийг хэрэв нөгөө тал энэ тухай мэдэх буюу заавал мэдэх ёстой болохоос нотолсон тохиолдолд бусад оролцогчдын шаардлагаар хэлцэл хийх зайлшгүй шаардлагатай бүрэн эрх бүхий оролцогч байхгүй байсан гэсэн сэдэлтээр гагцхүү хүчин төгөлдөр бус хэмээн тооцож болно. Өмнө дурдсан журам нь хамтран өмчлөх өмчийн тодорхой төрөлд хэрэглэгдэнэ.
Хамтран өмчлөх өмчид оролцогчдын хооронд дундын өмчийг хуваах, тэрчлэн тэдгээрийн аль нэгэнд хувь олгох нь дундын өмчийн эрхэд оролцогч бүрийн хувийг урьдчилан тодорхойлсны дараа хэрэгжинэ.
Дундын өмч
(лат. dominium plurium pro indiviso; англ. common property, commonhold)
Нэгэн зэрэг хэд хэдэн өмчлөгчид хамаарах нэг эд хөрөнгийн өмчийн эрх зүйн байдлын иргэний эрх зүйн институт.
Дундын өмч үүсэх үндэслэл нь: гэрлэх, өв залгамжлах, хамтран эд юмс худалдаж авах гэх зэрэг.
Иргэний хуулиар дундын өмчийг дундаа хэсгээр өмчлөх ба дундаа хамтран өмчлөх гэж ангилсан.
Хэсгээр өмчлөх дундын өмч нь дундын өмчийн нэгэн төрөл бөгөөд өмчлөгчдийн хувь оролцоо тэнцүү, ногдох хувь ижил бол ногдох хувийг хууль буюу гэрээгээр өөрчлөхгүй. Дундаа хэсгээр өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрх эдлэх ба өөрт ногдох хэсгийн үр шимийг өмчлөх эрхтэй.
Хэсгээр өмчлөх дундын өмчийн өмчлөгчдийн уг эд хөрөнгийг буй болгох, арвижуулахад оруулсан хувь оролцоо өөр байвал ногдох хувийг хоорондоо тохиролцсоны дагуу шийдвэрлэнэ. Хэрэв ингэж чадахгүйд хүрвэл шүүхээр ногдох хувиа тогтоолгож болно.
Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ингэснээр хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчид мэдэгдэх үүрэг хүлээнэ. Энэ нь бусад өмчлөгчид дундын өмчлөлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрх эдэлдэгт оршино.
Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгийг худалдах болон үнийн тухай бусад өмчлөгчид мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор тэд хариу өгөхгүй бол өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчдөд санал болгосноос багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй болно.
Дундаа хэсгээр өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр түүний ногдох хэсгээс ашиглах эрхийг хязгаарлаж болохгүй.
Дундын өмчлөлийн зүйлийг үнэ, өртгийг нь бууруулахгүйгээр өмчлөгчдөд хувааж болох тохиолдолд өмчлөгчийн зүйлийн биет байдлаар хуваасан гэж үзэж дундын өмчийн эрхийг хүчингүй болгоно. Ийнхүү биет байдлаар хуваах боломжгүй тохиолдолд худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно.
Дундаа хамтран өмчлөх дундын өмчийн эрх хуваагдашгүй учир өмчлөгчид хамтран эзэмшиж, захиран зарцуулна. Дундаа хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бүх өмчлөгчдийн зөвшөөрлийг авна.
Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөгчийн зүйлээ бүх өмчлөгчдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль, ёсны, ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно. Дундаа хамтран өмчлөгч эд хөрөнгийг өмчлөгч бүрийн ногдох хувийг тодорхойлсны дараа хуваах буюу түүнээс хувь ногдох эд хөрөнгийг таслан авах ажлыг гүйцэтгэнэ. Хэрэв хууль буюу гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол өмчлөгч бүрийн ногдох хувь адил байна гэж үзнэ.
Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ноогдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана. Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүгээс өөрт ноогдох хэсгээс салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрх эдэлнэ.
Өв
(лат. patrimonium, bona hreditaria, seccesio, hereditas; англ. inheritance, heridom)
Өв өмчлөгчийг (өвлүүлэгчийг) насан эцэслэсний дараа өөр этгээдэд өвлөгчид шилжсэн эд хөрөнгө ба эд хөрөнгийн эрх.
Өвийн бүрэлдэхүүнд өв нэгдэх өдөр өвлүүлэгчид байсан эд юмс, бусад эд хөрөнгө, түүний дотор эд хөрөнгийн эрх ба үүрэг багтана.
Өвийн бүрэлдэхүүнд хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн бус амины эрх ба эдийн бус баялаг орохгүй.
Өвийн бүрэлдэхүүнд орохгүй эд хөрөнгө:
Эдийн бус амины эрх ба эдийн бус бусад баялаг;
Өвлүүлэгчийн хувийн байдалтай шууд холбогдсон эд хөрөнгийн эрх ба үүрэг;
Хуулиар өв залгамжлах нь өв зөвшөөрөгдөөгүй эд хөрөнгийн эрх ба үүрэг. (Жишээ нь: өвлүүлэгч эсэн мэнд байхдаа аваагүй амь зуулгын хэрэгсэл болсон мөнгө шилжих).
Өв нь иргэн нас барсан өдрөөс нээгдэнэ. Иргэнийг нас барсан гэж зарласан бол түүний нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс өв нээгдэнэ.
Иргэний хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийн өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар, баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Өмнө дурдсанаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрх эдэлнэ. Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох эсэхийг хүлээн авах эрх түүний өмчлөгчид шилжинэ.
Өв залгамжлал
(англ. inheritance, succession)
Нас барагчийн (өвлүүлэгчийн) эд хөрөнгө түүний өвлөгчид шилжих.
Өв залгамжлал нь хувийн өмчтэй салшгүй холбоотой. Иргэний өв залгамжлуулах эрх Үндсэн хуулийн эрхэд хамаарагдана.
Өв залгамжлалаар эрх залгамжлахад нийтлэг буюу өөрөөр хэлбэл, нас барагчийн эрх ба үүрэг нийтлэг журмын дагуу бүхэлдээ иж бүрнээр, нэгэн зэрэг, шууд шилжинэ. Өвлүүлэгчийн эрх ба үүрэг бүхэлдээ, иж бүрнээр шилжих нь эрх ба үүрэг хэсэгчилсэн байдлаар бус харин өвлүүлэгчийн эдэлж байсан хэмжээ хязгаарын дотор нийтдээ өвлөгчид шилжиж очихыг хэлнэ. Ийнхүү эрх ба үүрэг нэгэн зэрэг шилжих нь аль нэгэн эрх ба үүргийг сорчилж хүлээн аваад бусдаас нь татгалзах ёсгүйг харуулах бөгөөд нэгэнт эрх хүлээн авсан бол аль нэг үүргээс цааргалж болохгүй, мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа бусад үүргийг хүлээж авах ёстой болно.
Эрх ба үүргийг шууд хүлээж авах нь эрх үүргийн өвлүүлэгчээс өвлөгч нь аль нэгэн гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хүлээн авахыг хэлнэ.
Иргэний хуульд хууль ёсоор ба гэрээслэлээр өв залгамжлах хоёр үндэслэлийг заасан. Хуулийн дагуу өв залгамжлал нь гэрээслэл шиг өөрчлөгдөхгүй гэсэн үг.
Өв залгамжлалын бүрэлдэхүүнд өв нэгдэх үед өвлүүлэгчид байсан эд хөрөнгийн эрх ба үүрэг бусад эд хөрөнгө хамаарна. Өвийн бүрэлдэхүүнд өвлүүлэгчийн хувийн байдалд хамаарагдах эрх ба үүрэг, эдийн бус эрх ба эдийн бус баялаг хамаарахгүй.
Өв нээгдэх өдөр өвлүүлэгч нь нас барсан өдөр болно.
Өв нээгдэх газар нь өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар. Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг байгаа газрыг өв нээгдсэн газар гэж үзнэ.
Гэрээслэлийг эрх зүйн бүрэн чадамжтай иргэн хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн өвлөгчид бичгийн хэлбэрээр үйлдэж нотариатаар гэрчлүүлнэ. Гэрээслэлд гэрээслэгч өөрөө гарын үсэг зурна. Гэрээслэгч өвчтэй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар гэрээслэлд өөрөө гарын үсэг зурж чадахгүй бол түүний хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн этгээдээр гарын үсэг зуруулж болох бөгөөд энэ тохиолдолд гэрээслэгчийн дээрх шалтгааныг тодорхойлсон тэмдэглэлийг гэрчийг оролцуулан үйлдэнэ.
Хэд хэдэн өвлөгчийн хувийг заахгүйгээр гэрээслэсэн эд хөрөнгийн өвлөгч нарт тэгш хувиар гэрээсэлсэн гэж үзнэ.
Хуульд зааснаар өвлөгчид: иргэний хууль тогтоомжоор тогтоосон өв залгамжлалыг ээлж дарааллаар хэрэгжинэ.
Эхний ээлжид өвлөгчид нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх.
Хоёрдугаар ээлжийн өвлөгчид: эхний ээлжийн өвлөгчид байхгүй буюу эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу эсхүл нэгдүгээр ээлжийн бүх өвлөгчид өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.
Гуравдугаар ээлжийн өвлөгчид: эхний болон хоёрдугаар ээлжийн өвлөгчид байхгүй тохиолдолд өвлүүлэгчийг ачинцар, зээнцэр.
Өвлөгч өв залгамжлахын тулд өвийг хүлээн авах ёстой. Өвлөгч ямар нэгэн нөхцөлд заах буюу болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй. Өвлөгчийг хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдэх өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ.
Өв нэгдсэн газрыг нотариатч өвлөгчийг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг дараах баримт бичигт тулгуурлан олгоно.
Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг;
Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр;
Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;
Хууль ёсны өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр;
Өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгох журамтай. Өөр өвлөгч байхгүй болох нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг нэг жилийн хугацаанаас өмнө олгож болно.
Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзвал энэ тухайгаа нотариат (нотариат байхгүй газар бол баг, сумын Засаг дарга)-д мэдэгдэх ёстой. Бусад өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээж аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.
Өв нээгдсэн газрын нотариат (нотариат байхгүй газар бол баг, сумын Засаг дарга) шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.
Ашигласан эх сурвалж
УИХ. (2002, 01 10). Иргэний хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/299
УИХ. (1999, 06 11). Гэр бүлийн тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=226
УИХ. (2002, 06 07). Газрын тухай хууль. https://legalinfo.mn/mn/detail?lawId=226: https://legalinfo.mn/mn/detail/216
Bold, B.-O. (2001). Mongolian Nomadic Society: A Reconstruction of the 'Medieval' History of Mongolia (1st ed.). Richmond: Curzon Press.
Weatherford, J. (2005). Genghis Khan and the Making of the Modern World (1st ed.). Crown.
The World Bank. (2015). Land Administration and Management in Ulaanbaatar, Mongolia. Social, Urban, Rural, and Resilience Global Practice. Washington DC: The International Bank for Reconstruction and Development / The World Bank.
Glendon, M. A., Gordon, M. W., & Osakwe, C. (1994). Comparative Legal Traditions : Text, Materials, and Cases on the Civil and Common Law Traditions (2nd ed.). West Group.
Government of Mongolia National committee on Gender Equality. (2019). Mongolia Gender Situational Analysis: Advances, Challenges and Lessons Learnt Since 2005. Ulaanbaatar: Asian Development Bank.
С.Нарангэрэл. (2021). Монгол улсын Хууль зүйн нэвтэрхий толь. (А.Солонго, Ed.) Улаанбаатар: Адмон Принт.
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ИргэнийЭрхЗүй #ГэрБүлийнЭрхЗүй #ИргэнийХууль #ГэрБүлийнХөрөнгө #ГэрБүлийнГишүүдийнХамтранӨмчлөхДундынХөрөнгө #ГэрБүлийнГишүүнийХуваарьтХөрөнгө #ГэрБүлийнГишүүн #ГэрлэлтийнГэрээ #ГэрлэгчидХөрөнгийнЭрхээГэрээгээрЗохицуулах #ХамтранӨмчлөхДундынЭдХөрөнгийгЭзэмшихАшиглахЗахиранЗарцуулах #ГэрБүлийнДундааХамтранӨмчлөхЭдХөрөнгөөсГишүүндНогдохХэсгийгТодорхойлох #ГэрБүлийнГишүүдийнХамтранӨмчлөхДундынЭдХөрөнгийгХуваах #ГэрБүлийнГишүүнГэрБүлийнБүрэлдэхүүнээсГарах
.
.
.
.