top of page
Writer's pictureЖ.Танан

Банкны салбарын зохицуулалт 

Updated: 6 days ago



Банкны салбарын зохицуулалт

Удиртгал

Банкны салбарын зохицуулалтын зорилго нь бие даасан банк санхүүгийн байгууллагуудын аюулгүй, найдвартай байдлыг хамгаалах, макро зохистой зохицуулалт хийх замаар нийт санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарын зах зээлийн бүтэц, өрсөлдөөнийг зохицуулах, харилцагч, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зээлийн зохистой хуваарилалт хийх, мөнгөний бодлогын хяналтыг тавих, санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх зэрэгт оршино. Эдгээр зохицуулалтын хэрэгжилтийг тухайн улсын санхүүгийн зохицуулах хороо, төв банк хянадаг ба олон улсын байгууллагуудын заавар зөвлөмжийг дагадаг байна.


Энэхүү ажилд банкны салбарын өөрийн хөрөнгө, зээлийн алдагдлын сангийн олон улсын зохицуулалт, дагаж мөрддөг стандартууд, Монгол улсын хуулийн зохицуулалтыг онцоллоо.


Банкны салбарын зохицуулалт

Банк байгуулахад зохицуулагч байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авч, үйл ажиллагааг хууль, эрх зүй, олон улсын дагаж мөрдөх стандартын хүрээнд дотоодын зохицуулагчийн хяналт дор эрхэлдэг. Эдгээр нь банкны хөрөнгө ба өр төлбөрийн богино болон урт хугацааны удирдлагад хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна, хямралын үед санхүүгийн тогтолцоонд гарч буй сөрөг цочролын хариуд зохицуулалт улам бүр чангарах, тодорхойгүй болох хандлага байдаг (Moshirian, 2011). Эргээд хууль, дүрмийн өөрчлөлт нь банкны эдийн засгийн өсөлтийн хурд, ашиг олох чадвар, ногдол ашиг хуваарилалтад нөлөөлдөг. Тухайлбал, зохицуулагчийн шаардлагаар банкны эрсдэлээр жинлэсэн активын дүн нэмэгдвэл, өөрийн хөрөнгийн зохистой харьцаанд нөлөөлөн зээл нэмж олгох, үйл ажиллагааг өргөжүүлэх, өсөх боломжийг хязгаарлана (Damodaran, 2013).


Өөрийн хөрөнгийн зохицуулалт

Базелийн хороо нь 1974 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт гарах бүр банканд тавигдах шаардлагад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шинэчилж иржээ. 1988 онд Базел-I, 2004 онд Базел-II бичиг баримтыг танилцуулсан (BIS, 2019). Дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор өмнөх санхүүгийн зохицуулалтуудыг өөрчлөн шинэчлэх, эрсдэлийн удирдлагыг шат ахиулахад чиглэж 2010-2011 онд Базел-III шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн баталж, өөрийн хөрөнгө, хөрвөх чадварт тавих шаардлагыг чангатгасан байна. Гэхдээ цар тахал, түүний үр дагавартай тэмцэх боломжийг олгох зорилгоор Базел III стандартыг хэрэгжүүлэх хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж байжээ (BIS, 2019).


Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд тавигдах шаардлага нь гурван хүчин зүйлээс голчлон хамаарна.

  1. Банкны бизнесийн мөн чанар. Банк эх үүсвэрийнхээ 10 орчим хувийг эздийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр, 90 хувийг хадгаламж, харилцах зэргээр бүрдүүлж, хөрөнгийнхөө 10 орчим хувийг хөрвөх чадвар өндөртэй актив, зайлшгүй нөөц болгон үлдээж, харин үлдсэн 90 хувийг зээлд зарцуулдаг өндөр хөшүүрэгтэй бизнес юм.

  2. Өөрийн хөрөнгийн зохистой харьцаа. Хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалж, банкны системийн болзошгүй санхүүгийн хямралыг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг. Банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Өөрийн хөрөнгийн зохистой харьцаа нь хэр их орлого буюу бэлэн мөнгө банкны хувьцаа эзэмшигчдэд чөлөөтэй хуваарилахыг тодорхойлно.

  3. Өөрийн хөрөнгийн үүрэг. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банкны алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй.

 

2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкны активын чанарын иж бүрэн үнэлгээ (Assets Quality Review - AQR) хийсэн бөгөөд дутагдаж болзошгүй өөрийн хөрөнгийн дүнг тооцсон. 2022 онд Монголбанкнаас PricewaterhouseCoopers Tax & Advisory LLP, Kazakhstan аудиттай хамтран системийн нөлөө бүхий банкуудад Активын чанарын үнэлгээг дахин хийснээр, банкуудын зээлийн алдагдлын санг нэмэгдүүлэх үр дүнтэй ажил болсон.

 

Хөгжингүй эдийн засагтай орнууд банкны зохицуулалт, хяналт шалгалтын стандартыг олон улсын шилдэг туршлага, Олон улсын валютын сангийн санхүүгийн стандарттай уялдуулах зорилго тавин ажилладаг. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн судалгаагаар Базелийн үндсэн 30 зарчим байдгаас хөгжиж буй орнууд ердөө долоон зарчим дагаж мөрддөг бол хөгжингүй орнууд 19 зарчмыг баримталдаг байна (Powell, 2004).


Монгол улс шат дараалсан байдлаар Базел-II стандартын тулгуур II-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд стандартын дагуу банк үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг нөхөж чадахуйц өөрийн хөрөнгөтэй байх шаардлагатай юм (Н.Батсайхан, 2018). Базел-III стандартын холбогдох хэсгүүдийг хяналт шалгалтын журамд тусгаж мөрдүүлэх Банкны хяналт шалгалтын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг баталсан (Монголбанк, 2014). Мөн банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг байхаар заасан байна (Монголбанк, 2017).


Банк нь үндэсний болон олон улсын зохицуулалтын хүрээнд, актив хөрөнгө, орлогыг өсгөх, өөрийн хөрөнгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, цаг үеийн шаардлагад нийцсэн бизнесийн шийдвэр гаргахын тулд стратеги, алсын хараа, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй болно. Өөрийн хөрөнгийн зохистой харьцааг ханган ажиллах нь банкны удирдлагын үзэмжээс илүүтэйгээр, хэр их орлого буюу бэлэн мөнгө банкны хувьцаа эзэмшигчдэд чөлөөтэй хуваарилахыг тодорхойлно. Тухайлбал, системийн нөлөө бүхий банкны тогтмол болон хувьсах нөөцийн интервал нь 1-2 нэгжээр илүү байх шалгууртай тул өөрийн хөрөнгийн хувь хэмжээ өндөр байдаг.


Базел III стандартын дагуу банкны хөшүүргийн харьцаа нь санхүүгийн байдлын тайлан ба тэнцлийн гадуур тусгасан I зэрэглэлийн өөрийн хөрөнгө хамгийн багадаа 3 хувь байх шалгуур нь өөрийн хөрөнгөд тавигддаг бас нэг хязгаарлалт юм. Практикт өөрийн хөрөнгийн хүрэлцээг зөвхөн тулгуур I-ээр тодорхойлдог ч хөшүүргийн харьцаа өсөлтийн хэмжээг хязгаарладаг. Базел III стандарт шалгуурын өөрийн хөрөнгийн бүтцийг харуулав.

Базел III шалгуурын өөрийн хөрөнгийн бүтэц

Эх сурвалж: (Massari, Gianfrate, & Zanetti, 2014)


Өөрийн хөрөнгийн шаардагдах хувь хэмжээг Базел II, Базел III, Монголбанкнаас тавьдаг шаардлагыг харьцуулсан хүснэгтээс харвал, Монгол улсын шаардлагууд арай чанга байна.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний стандартын харьцуулалт

Эх сурвалж: “Санхүүгийн компаниудын үнэлгээ: Банк, даатгал, санхүүгийн байгууллагуудыг үнэлэх арга техник” (Massari, Gianfrate, & Zanetti, 2014), Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам (Монголбанк, 2019), тэдгээрт тулгуурлан судлаачийн хийсэн харьцуулалт


Зохицуулагч байгууллагын зүгээс өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг тогтоодог тул банк их хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх нь өртөг өндөртэй, үр өгөөжгүйд тооцогддог байна.


Зээлийн алдагдлын сангийн зохицуулалт

Банкны хөрөнгийн чанарт гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн алдагдлын сан байгуулах шаардлагыг тавьдаг. Гэтэл практикт зээлийн алдагдлын сан байгуулахдаа журам мөрддөггүй байна. Жишээлбэл:.

  • Зээлийн алдагдлын санг өндөр дүнтэй байгуулж татварын зардлыг бууруулж цэвэр орлого нэмэгдүүлэх боломжтой;

  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангах зорилгоор зээлийн алдагдлын санг II зэрэглэлийн өөрийн хөрөнгөд тооцох боломжтой;

  • Орлогыг тэгшитгэх буюу цэвэр ашиг тогтворжуулах зорилгоор:

    • Банкны ашгийг тодорхой түвшинд барих (Collins, Shackelford, & Wahlen, 1995);

    • Ашгийг өрсөлдөгч банкуудын дундаж жишигт хүргэх (Kanagaretnam, J.Lobo, & Yang, 2005);

    • Цалин урамшууллыг тогтмол байлгах (Bhat, 1996).

  • Зээлийн алдагдлын санг зээлийн алдагдал гэхээс илүү, ирээдүйн ашигт ажиллагааны дохио гэж үзэх. Банкны удирдлагууд хүлээгдэж буй ашиг нь нэмэлт санг шингээх болно гэсэн дохио өгөхөд зээлийн алдагдлын санг ашигладаг (H.Beaver & E.Engel, 1996) (Bouvatier & Lepetit, 2008) (Curcio & Hasan, 2013).

 

Базел II-ын дагуу банкны үнэлгээний стандарт аргыг хэрэглэсэн тохиолдолд зээлийн алдагдлын санг II зэрэглэлийн өөрийн хөрөнгөд хамруулж болно. Хэрэв стандарт арга барилыг ашиглавал зохицуулалтаар эрсдэлээр жинлэсэн активын 1.25 хувь хүртэл зээлийн алдагдлын санг хамруулах боломжтой гэж үздэг. Банк хүлээгдэж буй зээлийн алдагдлыг нийт нөөцтэй харьцуулах ёстой. Хүлээгдэж буй зээлийн алдагдал нь нийт нөөцөөс давсан тохиолдолд зөрүүг хасаж тооцдог (I зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс 50 хувь, II зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс 50 хувь). Үүний эсрэгээр, нийт нөөц нь хүлээгдэж буй алдагдлаас давсан тохиолдолд зөрүүг II зэрэглэлийн өөрийн хөрөнгө гэж тооцох боловч эрсдэлээр жинлэсэн активын 0.6 хувиас хэтрэхгүй байна.

 

Банкны цэвэр орлого, хуримтлагдсан ашгаас ирээдүйн өсөлт, банкны бодит үнэ цэн, дараагийн жилүүдэд тогтоох зээлийн алдагдлын сан хамаардаг. Банканд зээлээс учирч буй бодит алдагдал болон зээлийн алдагдлын сан тодорхойгүй байвал цэвэр орлого, хуримтлагдсан ашгийн түвшнийг буруу тооцоолно. Тийм учир, ногдол ашигт тохируулга хийх шаардлагатай үед зээлийн алдагдлын сан ба бодит алдагдлын хоорондох зөрүүг үнэлдэг.


Энэ хүрээнд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу зээлийн алдагдлын санг алдагдалд, харин Базел I-ийн дагуу хүлээгдэж буй алдагдалд тооцдог ялгаа байсан. 2014 оны 7 дугаар сард Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл 2018 оноос эхлэн хүчин төгөлдөр болсон санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9-ийг шинэчлэн баталж, Базелийн стандарттай уялдуулсан. Ингэснээр, зээлийн зохицуулалтыг тодорхой хугацааны алдагдлын түүхэн өртөг, улмаар мөчлөгийн туршид хийсэн тооцоог үндэслэн хийх, санхүүгийн хөрөнгийг бизнесийн загвар, мөнгөн урсгалын мөн чанарт үндэслэн ангилах болсон.


Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-155/134 дугаар хамтарсан тушаалаар Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам (2019) баталсан. Түүнчлэн, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 140/400/А-168/38 дугаар хамтарсан тушаалаар Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг (2018) баталсан. Чанаргүй зээл нь банкны актив хөрөнгийг бууруулж, банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулж, банкны системийн төлбөрийн чадварт шууд нөлөөлж, эрсдэлийг нэмэгдүүлж, шинээр зээл олголтыг зогсоох гол хүчин зүйлийн нэг болдог. Тиймээс, банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 онд 4-5 хувь, 2023 онд 2-3 хувь хүртэл бууруулах тоон зорилт төдийгүй, банкууд чанаргүй активаа үр дүнтэйгээр шийдвэрлэх тогтолцоог тодорхой болгох, одоогийн саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх, чанаргүй активыг шийдэх боломж, арга хэлбэрийг өргөжүүлэх, авлага барагдуулах хугацаа багасгах, зардлын зарцуулалтыг бууруулах чанарын зорилтыг тавьсан байна.


Монгол улсын хуулийн зохицуулалт

Монгол улсад банк байгуулах зөвшөөрөл олгох харилцааг анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 422 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”-ээр зохицуулсан. Банкны тухай анхны хууль 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Түүнээс хойш, 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр, 2010 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр хоёр удаа шинэчилсэн найруулгыг баталжээ. Банкны тухай 2010 оны хуульд нийт 23 удаа нэмэлт өөрчлөлт орсноос эрх зүйн зохицуулалт, Монголбанкнаас банканд тавих үйл ажиллагааны хууль зүйн орчныг олон улсын зарчим, хэм хэмжээнд тулгуурлан боловсронгуй болгох бодлого баримталж, хэрэгжүүлснээр 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр, хувьцаа эзэмшигч, ТУЗ, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг илүү тодорхой болгож, нарийвчлан зохицуулсан. Мөн банк ба банкны холбогдох этгээдийн харилцааны хязгаарлалтыг сайжруулсан, банканд авах албадлагын арга хэмжээг зөрчил гарсан буюу банкны санхүүгийн байдал муудсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсан, төлбөрийн чадваргүй болсны дараа авах бус, харин уг асуудал үүсэхээс өмнө буюу урьдчилан сэргийлэх байдлаар авах боломжтой байхаар эрх зүйн орчныг сайжруулжээ.

Банкны хуулийн өөрчлөлт

Эх сурвалж: (MDS & KhanLex LLP, 2019)


2021 оны Банкны тухай хуулийн өөрчлөлт 

2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Банкны тухай хуулийн (2010) тодорхой заалтууд шинэчлэгдэж системд нөлөө бүхий банк гэж тооцох шалгуур, компанийн хэлбэр, хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасны эзэмшлийн хязгаар, ТУЗ-ийн нийт ба хараат бус гишүүдийн тоо, төлбөрийн чадваргүй болсонд тооцох, төлбөр барагдуулах дараалал зэрэг зарчмын шинжтэй томоохон нэмэлт өөрчлөлт оржээ. Түүнчлэн, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн (2021) дагуу банкуудыг 2021 онд үнэт цаасаа нийтэд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчийн судалгааг боловсруулах, 2022 онд хуулийн шаардлагын дагуу ХК-ийн хэлбэртэй болох, 2023 онд эзэмшлийн хязгаарыг хангасан байх шат дараалсан цаг хугацаа тогтоосон үүргүүдийг биелүүлэхээр заажээ.

Банкны тухай хууль

Эх сурвалж: Банкны тухай хууль (2010), Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2021), тэдгээрт тулгуурлан судлаачийн гаргасан схем


Банкны тухай хууль (2010), Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2021), тэдгээрт тулгуурлан судлаачийн гаргасан схемд харуулснаар, банкны системд нөлөө бүхий банкууд үйл ажиллагаа эрхлэх компанийн хэлбэрийг нээлттэй ХК болгож санхүүгийн зах зээлд IPO хийхээр заасан бөгөөд банкны үнэлгээг олон аргаар тооцох, харьцуулах боломжтой болох шаардлага үүсээд байгаа билээ.


Банкны тухай хуульд (УИХ, 2010) заасны дагуу банкны үйл ажиллагаанд хязгаарлалтуудыг тогтоосон байна.

  • Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй (олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагын “А”-ээс доошгүй үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагаас гаргасан баталгаа, батлан даалттай, тэдгээртэй эрсдэл хуваах хэлцлийн дагуу баталгаажсан активыг хамруулахгүй);

  • Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна;

  • Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй:

    • Зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцэлд тавих шаардлага, хүү, нөхцөл нь тухайн банкны үйл ажиллагааны ердийн шаардлага, хүү, нөхцөлөөс хөнгөлөлттэй байж болохгүй;

    • Тухайн банкны хувьцааг барьцаалан зээл олгохгүй, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө үүсгэхгүй, баталгаа, батлан даалт гаргахгүй байх;

    • Олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон гаргасан баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дуусах хугацаа нь зургаагаас дээш сараас хэтэрсэн, эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас хэтэрсэн бол уг этгээд банкны удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахаас бусад тохиолдолд банкны худалдан авах үнэт цаасны нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэг компанийн гаргасан хувьцааны 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьцаа хамаарахгүй;

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй;

  • Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно.


Бусад зохицуулалт

Банкны харилцааг Банкны тухай хууль (2010), Компанийн тухай хууль (2011), Өрсөлдөөний тухай хууль (2010), Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (2013), Аудитын тухай хууль (2015), Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (2015) зэрэг хууль болон зохих эрх бүхий зохицуулагч байгууллагаас гаргасан журам, бусад эрх зүйн актаар зохицуулна.


Тухайлбал, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А-82 дугаар тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмаар (2019) зохицуулна.


Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам (2019) баталсан. Энэ журмаар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх болсон.

Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд

Эх сурвалж: Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журамд (2019) тулгуурлан судлаачийн гаргасан схем


  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа

    • I зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жинлэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 9 хувь;

    • Өөрийн хөрөнгө эрсдэлээр жинлэсэн активын зохистой харьцааны доод хэмжээ 12 хувь, 14 хувь;

    • Хөшүүргийн харьцааны доод хэмжээ 5 хувь.

  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод хэмжээ 25 хувь;

  • Гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцаа

    • Нэг гадаад валютын нээлттэй позиц нь өөрийн хөрөнгийн 15 хувиас хэтрэхгүй;

    • Нийт гадаад валютын нээлттэй позиц нь өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй.

  • Төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцаа

    • Нийт томоохон зээлдэгчид олгох активын нийлбэр нь өөрийн хөрөнгө, хувьцаанд хөрвөх эх үүсвэр, хоёрдогч өглөгийн нийлбэрийн 300 хувиас хэтрэхгүй;

    • Үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, борлуулах зориулалттай хөрөнгийн нийлбэр нийт активын 8 хувиас хэтрэхгүй;

    • Хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр, нийт активын 25 хувиас хэтрэхгүй.


Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн (УИХ) дагуу 2016 оноос эхлэн аливаа бизнес нь хэмжээнээс үл хамааран, санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөхөөр зохицуулсан. Үүнтэй уялдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дугаар хамтарсан тушаалаар Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар (Монголбанк, 2017) баталсан. Түүнчлэн, банкууд 2020 оноос санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9-ийг мөрдөн, түүний дагуу санхүүгийн хэрэглүүрийг хүлээн зөвшөөрөх, бүртгэх болсон.


2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль (УИХ) батлагдсан ба салбарын нөлөө бүхий банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж зохицуулсан. Мөн, банк өөрийн хөрөнгийн дутагдлыг төрөөс бусад хөрөнгө оруулагчаас бүрдүүлэх боломжгүй тохиолдолд урт болон дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагааг явуулах, тогтвортой, ашигтай ажиллах боломжтой банкны системийн нөлөө бүхий банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж төрөөс оруулсан хөрөнгийг үр өгөөжтэй удирдан харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарыг тогтворжуулах зорилгоор улсын төсвөөс гарч болзошгүй зардал буурах ач холбогдолтой.


Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар (УИХ, 1995) банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээдэд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.


Банкан дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль нь 2008 оны 11 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сарын хооронд 4 жилийн хугацаатай хэрэгжсэн. Энэ хугацаанд Зоос банк болон Анод банк татан буугдсан. 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль (УИХ, 2013) баталсан ба хадгаламжийн даатгалын систем бий болж, татан буугдсан банкны эрсдэлийг банкуудаас хуримтлуулсан даатгалын сангийн хөрөнгөөр хамгаалдаг болсон (Б.Амарбилэг, 2019).

 

Хадгаламжийн даатгалын систем нь 1933 онд АНУ-д анх бий болсон (Britannica, 2019).

 

Монгол улсад банк нь дотоодын хууль, зохицуулагч байгууллагаас гаргасан дүрэм журам, олон улсын зохицуулалт, стандартыг дагаж мөрддөг. Эдгээр зохицуулалтын дагуу банкны өөрийн хөрөнгийн хэмжээ, хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоодог байна.

Ж.Танан

Ашигласан эх сурвалж

Банкны салбарын зохицуулалт

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #FinancierBirdie #СанхүүчШувуухай #БанкныСалбарынЗохицуулалт #БанкныТухайХууль #БанкныЭрхЗүйнОрчин #ӨөрийнХөрөнгийнХүрэлцээ #БазелIшалгуур #БазелII #БазелIII #БанкныХуулийнӨөрчлөлт #Монголбанк #МонголбанкныЗохистойХарьцааныШалгуур #БазелШалгуур #ӨөрийнХөрөнгө #ХөрвөхЧадвар #ХувьНийлүүлсэнХөрөнгө #Хадгаламж #Зээл #СанхүүгийнТогтолцоо #СанхүүгийнТогтвортойБайдал #ЗээлийнЭрсдэлийнУдирдлага #ХөрөнгийнЗохистойХарьцаа #СанхүүгийнХямрал #МакроЭдийнЗасгийнТогтвортойБайдал #БанкныХяналтШалгалт #СанхүүгийнСистем #ЗээлийнАлдагдлынСан #СанхүүгийнБайгууллагууд #ОлонУлсынБанкныСтандарт #ХөрөнгийнЗохистойХарьцааныШаардлага #МөнгөнийБодлого #ЗээлийнПортфолиоУдирдлага #ХөрвөхЧадварынУдирдлага #СанхүүгийнХяналт #ЭрсдэлийнМенежмент #БанкныСалбарынӨрсөлдөхЧадвар #БанкныТогтолцооныШинэчлэл #БанкныХуулийнЗохицуулалт #СанхүүгийнТайлагналынСтандарт #МонголынБанкныСистем #МонголУлсынБанкныТухайХууль #БанкныХуульдОруулсанӨөрчлөлтүүд





Related Posts

See All

2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
9 hours ago
Rated 5 out of 5 stars.

.

Like

Guest
May 16
Rated 5 out of 5 stars.

5

Like
bottom of page