Санхүүгийн байгууллагуудын дундаас банк нь 2000 гаруй жилийн өмнө Грек, Ромд үүссэн хамгийн эртний байгууллагуудын нэг юм. Хэдэн мянган жилийн түүхтэй, өнөөг хүртэл амжилттай оршин байгаа нь банкны бизнес итгэл дээр суурилдгийг илтгэнэ.
Анхны банктай төстэй үйл ажиллагаа нь аялагчдад гадаад зоосыг орон нутгийн зоосоор солих, эсвэл арилжааны мөнгөн дэвсгэртийг бэлэн мөнгөөр сольж өгдөг байжээ. Хожим уг үйл ажиллагааг эрхлэгчид өөрсдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, бизнесийг дэмждэг байсан бол удалгүй чинээлэг хүмүүсийн мөнгийг хадгалж, 6-48 хувийн хүүтэй зээл олгох болсон байна. XV-XVII зуунаас хуурай газрын худалдаа хөгжиж, усан тээвэр тэлж, аж үйлдвэрийн хувьсгал гарч бөөний үйлдвэрлэл өргөжсөнөөр төлбөр тооцоо хийх, зээл авах шинэ аргууд хэрэгцээтэй болжээ.
Хэл шинжлэл, үгийн гарал үүслээс франц хэлний banque, итали хэлний banca буюу орчин үеийн банк гэсэн үг нь ченжийн бандан ширээ гэсэн утгатай.
Дайн, хулгай, дээрэм зэргээс өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хэрэгцээтэй хүмүүст зориулж алтны гэрчилгээ олгож эхэлсэн нь өнөөдрийн хөрөнгийн болон үнэлгээний гэрчилгээтэй дүйцэх ойлголт үүссэн байна. 1864 оноос АНУ-д Валютын хяналтын алба байгуулагдаж, АНУ-ийн конгресс үндэсний банкуудыг байгуулж, банкны зохицуулалтын тогтолцоо үүсжээ. АНУ-ийн амьдралын даатгалын Фёрст Американ компани, Их Британи улсын эд хөрөнгийн даатгалын Ллойд компани, Шотланд улсын Хадгаламжийн банк зэрэг нь хадгаламжийн даатгалын үндсийг тавьж, 1830 онд Хадгаламж зээлийн нийгэмлэг байгуулагдаж, шинэ орон сууцыг санхүүжүүлж байжээ. 1822 онд Бельги улсад хамтын сангууд үүсэж, санхүүгийн удирдлагын мэргэжлийн үйлчилгээг эхлүүлжээ.
Өнөө үед банкны гүйцэтгэх үүрэг илүү өргөн хүрээг хамрах болсон. Гэхдээ эдийн засгийн сэтгэлгээний түүхэнд, зөвхөн өрх, байгууллага, засгийн газар гэсэн агентуудын хоорондын харилцаанд төвлөрч, онолын загварууддаа банкны салбарыг онцгойлон тусгаагүй, харин зөвхөн түүний гүйцэтгэх үүргийг нь авч үздэг байна. Тухайлбал, зурагт 2005 онд Английн төв банкнаас гаргасан The Bank of England Quarterly Model загварт таван агентын хоорондын санхүү, мөнгөний харилцааг харуулав (Harrison, et al.).
Эх сурвалж: (The Bank of England Quarterly Model, 2005)
Банк нь макро эдийн засгийн болон мөнгөний зохистой бодлого хэрэгжих гол суваг болдог тул эдийн засгийн салбар тус бүр, салбар хооронд, эцэстээ нийт эдийн засгийн тэнцвэр тогтдог гэсэн философи дээр суурилж банкны салбарыг эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загварт[1] оруулав.
Эх сурвалж: Эдийн засгийн эргэлтийн загварт тулгуурлан судлаачийн гаргасан схем
Зургаас төв банкны үйл ажиллагаа болон бусад салбарын харилцан хамаарлыг харж болно. Төв банкны үйл ажиллагаа нь үндэсний валютыг тогтворжуулах, ажилгүйдлийг бага түвшинд байлгах, инфляцаас хамгаалах, дотоодын нийт бүтээгдэхүүний тогтвортой өсөлтийг хангах чиглэл тодорхойлох, хяналт тавих, мөнгөний бодлогоор хангах, банк санхүүгийн систем зогсолтгүй, тогтвортой ажиллагаатай байхыг хангах, үндэсний валютыг хэвлэх, эргэлтэд оруулах үүрэгтэйгээр эдийн засагт оролцдог. Төв банк нь эдгээр чиг үүргээ биелүүлэхдээ засгийн газрын төсвийн бодлогоос хараат бусаар, улс төрийн ашиг сонирхолд автахгүйгээр, арилжааны банкны ашиг сонирхлоос бүрэн ангид, аль нэг талд давуу байдал олгохгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Макро эдийн засагт хүүний түвшинд нөлөөлөх замаар зээлийн зардалд нөлөөлдөг бол, микро түвшинд арилжааны банкуудын нөөц харьцааг тогтоох, эцсийн зээлдэгч байх замаар бодлого хэрэгжүүлж, үүргээ биелүүлдэг байна.
Банк нь иргэн, бизнес эрхлэгч, засгийн газарт санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг тул эдийн засаг болон нийгэмд голлох үүрэгтэй. Энд, макро эдийн засгийн системийн харилцан уялдаа, банк санхүүгийн зуучлалын байгууллагын зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үүргийг тодотгох нь зүйтэй. Тухайлбал, эдийн засгийн эргэлтэд оролцогч талуудын харилцан хамаарлыг Диаз-Жименез, Прескотт, Фицжералд, Альварес нарын (1992) “Тооцоолох боломжтой ерөнхий тэнцвэрт эдийн засаг дахь банк”, Такамурагийн (2013-3) “Ерөнхий тэнцвэрийн загвар дахь банк” зэрэг ажлуудад, эдийн засгийн хямралтай үед банкууд зээл олголтыг бууруулбал хөрөнгө оруулалт агшдаг үзэгдлийг тайлбарласан байна.
Зээл олгох үүрэгтэйн дээр хадгаламжийн найдвартай байдлыг хангах үүрэг банканд ноогдоно. Банкны эх үүсвэрийг бүрдүүлж буй хадгаламж нь богино хугацаатай, харин банкны олгох зээл нь урт хугацаатай тул хөрвөх чадварыг банк зохицуулдаг аж.
Бернанке, Даймонд, Дибвиг нар банк, санхүүгийн хямралын талаар хийсэн судалгаагаар 2022 оны эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн байна. Бернанкийн 1930 оны хямралын судалгаанд банкны үйл ажиллагааны доголдол нь хямралын өдөөгч болдог гэжээ. Тухайлбал, банкны талаар таагүй мэдээлэл үнэн эсэхээс үл хамааран хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, улмаар банкны нөөцөөс давсан мөнгө салбараас гарвал, банк зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөс өөр аргагүй болж, урт хугацаатай хөрөнгө оруулалттай төслүүдийг эрт зогсоож, хөрөнгөө зарахад хүрнэ. Үүнийг банкны эмзэг байдал хэмээж, банкийг алдагдалд оруулж дампуурахад хүргэх хүчин зүйл гэжээ. Бусад судалгааны ажлууд түүний санааг өргөжүүлсэн байдаг. Чари, Жаганнатхан нар (1988) банк эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлийг судалж, эдийн засгийн төлөв муу, бэлэн мөнгөний хэрэгцээ өндөр байгаа үед банкны харилцагчид сандралд ордог гэдгийг онцолсон. Жаклин, Батачария нар (1988) банкны хадгаламжийг үнэт цаасны хөрөнгө оруулалттай харьцуулж, зарим хадгаламж эзэмшигч банкийг эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн гэж үзвэл үйл хөдлөл хийдэг болохыг харуулжээ.
Даймонд, Дибвиг нар (1983) онд банкны төвлөрсөн үйл ажиллагааны ажиллах зарчим, эмзэг тогтолцоонд зохицуулалт хэрэгтэй байгааг олж харж, хадгаламжийн эх үүсвэрийг хөрвөх чадвартай байлгаснаар урт хугацааны зээл олгох боломжийг бүрдүүлдэг талаар онолын загвартаа тусгажээ. Тэд харилцагч хугацаанаас өмнө хадгаламжаа татах нөхцөлд, урт хугацаатай зээлд оруулсан хөрөнгийг буцаан татах зардал гарах тул, хадгаламжийн эх үүсвэрийн хөрвөх чадварыг хангах зорилгоор хадгаламжийн даатгалаар дамжуулж хадгаламж ба зээлийн тэнцвэрт байдлыг хангах боломжтой гэж үзжээ.
Өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажил, сурах бичиг, тайлан мэдээнд банкны мэдээлэл цуглуулагч, хадгалагч гэсэн үүргийг тодорхойлоогүй байна. Банк нь хувь хүн, байгууллага, төрийн санхүүтэй холбоотой мэдээллийн бааз үүсгэж, түүнийг хадгалах далд, давхар үүрэг хүлээдэг учраас итгэлцлийн үндсэн дээр оршин тогтнодог. Үүнээс улбаалан, харилцагчдын хувийн болон санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлага, зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалах үүрэг үүсдэг. Эдгээр мэдээллийг зөвхөн зээлжих чадварыг тогтоохоос гадна, технологи хөгжсөнөөр санхүүгийн хуримтлал үүсгэх, санхүүгээ төлөвлөх, хянах, удирдах, дата шинжилгээ хийх суурь мэдээлэл болгон ашиглана. Банк татан буугдах, дампуурах нь мөнгөн гүйлгээний түүхэн дата мэдээлэл алдагдах аюулыг дагуулдаг.
2018 онд Австрали улсын хамгийн том Хамтын нөхөрлөлийн банк (Australia’s Commonwealth Bank) нь 20 сая харилцагчдын нэр, хаяг, дансны дугаар, 2000-2016 онуудын дансны хуулгыг алдсан ба тус улсын нийт хүн амын (25 сая) дийлэнх нь кибер халдлагад өртсөн байна.
Эдүгээ банкны салбарыг өндөр шалгууртай шинэ тоглогч орох боломжгүй гэсэн тогтсон ойлголт эвдэгдэж, технологийн дэвшил гарснаар банкнаас бусад байгууллагууд хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, компанийн бонд гаргах, харилцагчдаа зээл олгох боломжууд нээгдэж, ижил төрлийн санхүүгийн үйлчилгээг санал болгодог олон өрсөлдөгчтэй болжээ. Томоохон харилцагчдад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг банкнаас бус санхүүгийн бусад захаас авах боломж бүрдэж байгаа тул, банкны санхүүгийн зах зээлд эзлэх хувь буурч, уламжлалт банкны үйлчилгээ хэрэгцээнээс гарч болзошгүй гэсэн санааг шинжээчид дэвшүүлдэг. Түүнчлэн төрийн зохицуулалт өндөртэй тул банкны өрсөлдөх чадвар хязгаарлагдаж байгаа. Ийм байтал банкууд өрсөлдөх чадвараа алдахгүй байгаа гол шалтгааныг хадгаламжийг даатгалтай холбосон, засгийн газраас хямд эх үүсвэр авдагтай нөхцөлдүүлж тайлбарлаж болох юм. Үүний зэрэгцээ салбарын экспертүүд, зохицуулагч байгууллагаас эдийн засагт гарах үр дагавар таамаглашгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна. Тиймээс санхүүгийн салбарын уламжлалт тогтолцоо, банкны хэлбэр өөрчлөгдөж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байна.
Сүүлийн үеийн хандлагаар банкийг татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээр бус, харин олон талт үйлчилгээ, хурдан шуурхай байдал, өрсөлдөх чадвар, эзэмшсэн техник технологийн дэвшил зэргээр харьцуулдаг болжээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам” баталж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос биржийн бус арилжааны платформыг нэвтрүүлж, үнэт цаас гаргагч компаниуд нь зах зээлд түргэвчилсэн, шуурхай байдлаар компанийн өрийн хэрэгслийг гаргах, урт хугацааны санхүүжилт татах зохицуулалтын орчин бүрдсэн. Ингэснээр, арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлийн өндөр шалгуурыг хангахгүйгээр банкны зээлтэй өрсөлдөхүйц компанийн бондыг гаргаж эхэлсэн (СЗХ, 2022).
Банкны бий болгодог үнэ цэн
Банкийг орлого олж буй үндсэн үйл ажиллагаа, үзүүлж буй санхүүгийн үйлчилгээгээр нь төрөлжсөн дан бизнес, эсвэл олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй цогц бизнес эрхэлдэг гэж ангилж болно.
Монгол улсад банкны үйл ажиллагаанд зээл олгох, мөнгөн хадгаламж татах, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх (Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, 1995), өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, гадаад төлбөр тооцоо, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлал, андеррайтерын үйлчилгээ зэрэг орно (Банкны тухай хууль (Шинэчилсэн найруулга), 2010).
Санхүүгийн зуучлалын систем нь хөрвөх чадвараар хангах, эрсдэл тараан байршуулах, мэдээлэл дамжуулах замаар хадгаламжийг зээл болгон хувиргахдаа зээлээс бий болсон өгөөжийг хадгаламж эзэмшигчдэд шилжүүлдэг гэж хэлж болно. Ингэхдээ санхүүгийн зуучлагч нь зах зээлд оролцогчдод зардал, цаг хугацааны хэмнэлтийг үүсгэж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгоно.
Хадгаламж нь хугацаатай, хугацаагүй, ихэвчлэн бага дүнтэй бөгөөд эрсдэл багатайд тооцогддог бол зээлийн гэрээ нь харьцангуй урт хугацаатай, өндөр дүнтэй, зээлдэгчийн үйл ажиллагаанаас хамааралтай эрсдэл дагуулдаг. Зээл болон хадгаламжийн тоон болон чанарын ялгаатай байдал нь банкны үйл ажиллагааны онцлогийг тодорхойлно.
Банкны ашигт ажиллагааны үндэс нь зээл (пассив) болон хадгаламжийн (актив) хосолмол үйл ажиллагаа бөгөөд хүүний орлого нь хүүний зардлаас их байснаар үнэ цэн үүснэ. Банкны өсөлтийг санхүүгийн байдлын тайлангийн актив, пассивын дүн илтгэдэг бол үйл ажиллагааны цар хүрээг өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохицуулалт тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл, нийт активын чанараас хамааран олгох боломжтой зээл хязгаарлагдах бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ их байхын хэрээр олгох боломжтой зээл буурдаг байна.
Эх сурвалж: Судлаачийн дүрслэл
Банкны бий болгодог үнэ цэнийг цэвэр хүү, хураамж шимтгэл, арилжаа, бусад үйл ажиллагааны орлогоор ангилж болно.
Хүүний цэвэр орлого нь зээл, санхүүгийн бусад хэрэгслээс олсон хүүний орлого болон хадгаламж, бусад өр төлбөрт төлсөн хүүний зөрүү бөгөөд банкны орлогын гол эх үүсвэр юм. Банк нь харилцагчийн эхний шаардлагаар хадгаламжийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг тул хадгаламжийг богино хугацаатай, харин зээлийг урт хугацаатай олгодог тул хугацаа хөрвүүлэлт хийх шаардлагатай болно.
Хураамж, шимтгэлийн орлого нь хүүний цэвэр орлоготой харьцуулахад санхүүжилтээс хамааралгүй байдаг. Төлбөр тооцоо, хөрөнгийн удирдлага, хувийн банк, зөвлөгөө, үнэт цаасны үйлчилгээ, брокер дилерийн үйлчилгээ, баталгаа гаргах зэрэг үйлчилгээнээс энэ төрлийн орлого бүрдэнэ.
2018 онд АНУ-д хийсэн судалгаагаар жилийн хугацаанд нэг харилцагч банканд төлдөг хураамж, шимтгэлийн дүн 329 ам.доллар байсан байна. Хураамж, шимтгэл өндөр байгаа шалтгааныг санхүүгийн хямрал, үйл ажиллагааны өндөр зардал, банкны тоо цөөн тул эрэлт нийлүүлэлтийн хуулиар ховор зүйл үнэтэй байдагтай холбон тайлбарлажээ.
Эх сурвалж: (Koller, Goedhart, & Wessels, 2020)
Арилжааны орлого нь үнэт цаас, бонд, гадаад валютын арилжаа, своп хэлцэл, хөрөнгөөр баталгаажсан өр зэрэг үнэт цаасыг бирж, эсвэл биржийн бус зах зээл дээр гаргах замаар бүрдэнэ. Энэ төрлийн орлого нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэл өндөртэй, тэр хэмжээгээр хэлбэлзэлтэй байдаг.
Эх сурвалж: (Koller, Goedhart, & Wessels, 2020)
Зарим улсад банкны арилжааны үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан байдаг (Hayes & Brock, 2021) (Leclercq, 2017) (Paul, Schröder, & Schumacher, 2019).
Монгол улсад (Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль)-ийн хүрээнд арилжааны үйл ажиллагаанд тодорхой хугацааны хязгаарлалт тавьсан.
Бусад орлого нь хөрөнгө оруулалт, даатгал, тэтгэврийн бүтээгдэхүүн зэрэг үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд нийт орлогод бага хувийг эзэлдэг байна. Энд, банкны үндсэн үйл ажиллагаатай холбоогүй даатгалын үйлчилгээ зэргээс олох орлого хамаарна.
Дүгнэлт
Банк нь санхүүгийн зуучлагч буюу мөнгөний эрэлтийг хангах, төлбөр тооцоо, ажил гүйлгээ хийгдэх боломжийг хангах; макро эдийн засгийн болон мөнгөний бодлого хэрэгжихэд дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх; санхүүгийн хуримтлалыг хадгаламжийн хэлбэрээр бий болгох боломжийг олгох үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ итгэл дааж, мэдээллийн дата баазыг найдвартай хадгалдаг байна.
Банк нь нийгэм дэх эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нийгмийн эв нэгдлийг хангах гол тулгуур болдог. Эдийн засгийн хувьд санхүүжилтийг үр ашигтай хуваарилах, зээл олгох, санхүүгийн эрсдэлийг удирдахад туслах амин чухал зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Банкны салбарын үйл ажиллагаа эдийн засгийн тэнцвэрийг хангаж, тэлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлох нь зүйтэй.
Түүнчлэн банк санхүүгийн хүртээмжийг дэмжих, хуримтлалыг төвлөрүүлэх, баялгийн хуваарилалтыг хийх замаар нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Банкны үйлчилгээний хүртээмжийг хангах, олон нийтийн хөгжлийн санаачлага, санхүүгийн боловсролын хөтөлбөрүүдийг дэмжих замаар банк хувь хүн болон нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, эдийн засгийн илүү боломж, эрх мэдлийг бий болгодог.
Үндсэндээ банкны олон талт үүрэг нь зөвхөн санхүүгийн гүйлгээгээр хязгаарлагдахгүй бөгөөд эдийн засгийн дэвшил, нийгмийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх тулгуур багана болдог. Орчин үеийн нийгмийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой байдлыг хангахад банкны гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлыг ойлгож ухаарах, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Ж.Танан
Зүүлт тайлбар
[1] Адам Смитийн (1776) “Үндэстнүүдийн баялаг” бүтээлд Эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загвар (General Equilibrium Model) нь чөлөөт зах зээлийн үнийг зохицуулах үйл явц дээр суурилдаг гэжээ.
Ашигласан эх сурвалж
Банкны нийгэм, эдийн засгийн үүрэг
#БанкныБийБолгодогҮнэЦэн #БанкныНийгэмЭдийнЗасгийнҮүрэг #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #FinacierBirdie #СанхүүчШувуухай #МакроЭдийнЗасгийнГолАгентууд #ЭдийнЗасгийнЕрөнхийТэнцвэр #СанхүүгийнХямрал #ВалютынАрилжаа #БанкуудынҮүрэг #БанкныБизнес #БанкныҮйлАжиллагаанаасБийБолохҮнэЦэн #ХөрөнгөОруулалтынҮйлчилгээ #БанкныХураамжШимтгэлийнОрлогоосБийБолохҮнэЦэн #ХүүгийнОрлого #БанкныАрилжааныОрлогоосБийБолохҮнэЦэн #БанкныҮнэЦэн #БанкныҮйлАжиллагаа #АрилжааныОрлого #ХураамжийнОрлого #БанкныТүүхэнХөгжил #СанхүүгийнСалбарынЗохицуулалт #Зээл #Хадгаламж #БанкныҮйлАжиллагаа #ХадгаламжийнДаатгал #ХөрөнгийнЗахЗээл #СанхүүгийнЗуучлал #БанкныӨрсөлдөөн
.
.