top of page

Пауло Коэльо “Алхимич”

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Oct 27, 2023
  • 3 min read

Updated: Jan 8



"Алхимич" номын тэмдэглэл
 

Зохиолын үйл явдлыг нэг өгүүлбэрээр хэлбэл, гол баатар Андалузын хоньчин хүү Сантьяго эрдэнэсийн талаар мөрөөдөж, түүнийгээ хайн аялалд гарч, замдаа зааж зөвлөх мэргэн нэгэнтэй таарч, дурлан хүсэмжлэх бүсгүйтэйгээ учирч, хамгийн чухал нь өөрийгөө хэн болохын таних, зүрх сэтгэлээ сонсох, боломжуудыг харах, амьдралын замд эргэлдэж буй шинж тэмдгүүдийг ажих, хүсэл мөрөөдлөө биелүүлэх мэргэн ухааныг олж авна.

 

1987 онд зохиолч Пауло Коэльо “Алхимич” гэх ид шидийн түүхийн эхийг Португал хэл дээр бичихэд ердөө хоёр долоо хоног зарцуулжээ. Тэрээр ийм хурдан бичиж чадсанаа “Сэтгэл дотор хэдийн бичигдсэн байсан юм аа” хэмээн хэлсэн байдаг. Номын борлуулалт эхэндээ сайн байгаагүй ч, Коэльогийн мөрөөдлийг биелүүлэхээр орчлон ертөнц санаа нийлж, өнөөдөр дэлхий даяар 65 сая гаруй хувь борлогдож, зохиолчийг амьд байхад хамгийн олон хэл дээр орчуулагдсан Гиннесийн дээд амжилтыг эзэмшсэн байна.



“Алхимич” зохиолын жанр нь ид шидийн реализм, уран зөгнөлт бөгөөд амьдралын чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэн сайжруулахыг заасан хувь хүний хөгжлийн талаар сургамжит ном билээ. Уншигч миний олж мэдсэн, нүдийг нээсэн үндсэн гурван сургамж нь (i) хүсэл мөрөөдлөө биелүүлж, домгийг амилуулснаар амьдралдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун болно, (ii) үүнийг биелүүлэхэд хамгийн ихээр саатуулж, хойш татдаг айдсаас сал, (iii) “долоон удаа унасан ч найман удаа бос” гэх уриа байлаа.


Эхний сургамж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, домгоо амилуулснаар аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун болох талаар дэлгэрүүлье.


Сантьяго хүү хуучин сүмийн барилгын гадаа, нэгэн модны дор унтахдаа "Пирамидын доор булаатай эрдэнэс хайн Египет руу явах ёстой" хэмээн зүүдэлснээр зохиолын үйл явдал эхэлдэг. Олон давтагдах хачирхалтай зүүдийг ойлгохыг хичээн, цыган эмэгтэйгээс асуутал “Египет рүү явах хэрэгтэй” гэж тайлна. Мөн Мелкизедек гэх мэргэн өвгөн “Хувийн домог хүн бүрд бий түүнийгээ дага” гэж хэлнэ. Ингээд, хэсэг хугацаанд эргэцүүлсний дараа хүү өөрийн хувийн домгийг дагаж пирамид руу явах нь зүйтэй хэмээн шийдэж, хонио зарж Танжер руу явна. Урт аяллын турш нэлээдгүй олон саад бэрхшээл тулгарах ч, хүчин чармайлт гарган, сорилтыг нэг нэгээр нь давж, замын төгсгөлд хүү амжилтад хүрнэ.


Зохиолд домог гэж нэрлээд буй зүйл нь хүн бүрийн өвөрмөц, зориг гарган эрэлхийлэх, хамгийн хүсэмжит мөрөөдлийг илтгэнэ. Тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд саатуулж буй бүх зүйлийг даван туулах ёстойг өгүүлнэ. Ингэж чадваас, төсөөлж байгаагүй баялаг, сэтгэл ханамжийг олох аж. “Ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл орчлон ертөнц түүнд хүрэхэд тусална” хэмээн зохиолч хэлжээ.


Дараагийн сургамж, мөрөөдлөө биелүүлэхийг саатуулж, хойш татаж буй зүйл бол айдас тул айхаа больж, өөртөө итгэх хэрэгтэй талаар танилцуулъя.


Удалгүй Сантьяго хүү Танжерт ирж танил бус хэл соёлд гайхширна. Гэтэл анхны зогсоол дээр л бүх мөнгөө хулгайд алдах ба буруу шийдвэр гаргасан хэмээн шантран Испани руу буцах талаар ч бодол зурвасхан төрнө. Энэ мөчид мэргэн өвгөний сургаал санаанд нь орж эргэн тойрноо анхааралтай ажиж, шинж тэмдгүүдийг хайна. Ингэснээр өөрийн мөрөөдлөө эргэн санаж, тэндээ үлдэж, орон нутгийн болор эдлэлийн худалдаачинд ажиллахаар болно. Худалдаачин эр хүүгийн оршихуйг сайн шинж гэж хүлээн авч, түүний зөвлөгөөг дагаж, бизнесийн эрсдэл хүлээн эцэст нь хоёул баяжна. Худалдаачны хувьд мөрөөдлөө юу болохыг мэдэх ч бизнес, мөнгөө алдах вий гэсэн айдаст уягдан үлдэх бол, харин хүү олсон мөнгөө ашиглан Египет рүү аяллаа шийдэмгий үргэлжлүүлнэ.


Ирээдүйд юу хүлээж байгаагаас айж байсан ч хүн мөрөөдлөө биелүүлэх ёстой. Айдас бол хүссэнээрээ амьдрахад хамгийн том саад, түүнийг ялан дийлж байж л бүрэн дүүрэн амьдрах боломжтой ажээ.


Сүүлийн сургамж буюу унахаасаа олон удаа бос, тэгвэл хэзээ ч бүтэлгүйтэхгүй талаар тодруулъя.   


Сантьяго хүү хамтдаа аялах англи хүнээс, хар тугалгыг алт болгон хувиргаж чадах алхимичийн тухай олж мэднэ. Тэдний тэмээн цуваа Аль-Файюмд ирэхэд хүү эргэн тойрноо ажих чадвараа ашиглан, дээрэмчид довтлохыг урьдчилан таамаглана. Үүнийг анзаарсан алхимич хүүд хувийн домгийг дагахын ач холбогдлыг бүрэн ойлгуулж, бусад олон зүйлийг зааж сургана. Арабын овгийн цэргүүд тэднийг барьж ална гэж заналхийлэхэд, хүү сурснаа ашиглан, салхи болон хувирч аврагддаг. Үүний дараагаар, Египетэд очиж эрдэнэсээ ухаж гаргадаг ч, тэр даруйд дахин дээрэмдүүлнэ. Гэтэл Испанид хаягдсан сүмийн ойролцоох модны доороос эрдэнэс олох мөрөөдлийнхөө тухай нэг хүн ярихад, хүү амьдралын замд эргэлдэж буй шинж тэмдгүүдийг дахин ажиж ухаарна. Тэрээр хайж буй эрдэнэс нь хаана байгааг ойлгож, нутагтаа эргэн очихоор санаа сэтгэл шулуудна. Буцаж ирээд анх зүүд зүүдэлсэн газраас удаан хугацааны турш хайсан эрдэнээсээ олно.


Амьдралын турш унаж шантрах олон зүйл тулгарах ч тэр бүр өндийж, үргэлжлүүлэн явах аваас орчлон ертөнц таныг яг байх ёстой газар луу хөтөлдөг байна.


“Алхимич” зохиол нь гүн гүнзгий, эргэцүүлэн бодоход хүргэсэн, амьдралд баримтлах олон зарчмуудыг хуваалцсан гайхалтай түүх билээ.

Ж.Танан

Алхимич номын тэмдэглэл


1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page