Нэр томьёо
Агаарын зам
air route; воздушная линия
Агаарын хөлгийн нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэхэд зориулагдсан өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай.
Монгол улсын агаарын зайд үйлдэх нислэгийн хоорондын аюулгүйн зай, агаарын зам, түүний өргөн, өндрийг Иргэний нисэхийн багц дүрмээр тогтооно.
Агаарын навигаци
air navigation; воздушная навигация
Агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогц.
Монгол улсын агаарын зайд агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөн удирдах үйлчилгээг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба гүйцэтгэнэ.
Агаарын олон улсын эрх зүй
international air law; международное воздушное право
Агаарын орон зайн эрх зүйн дэглэмийг тогтоох, агаарын зайд нислэг үйлдэх, түүний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих талаар олон улс хоорондын харилцааг зохицуулж буй нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээний нийлбэр цогц.
Олон улсын түгээмэл эрх зүйн энэхүү институтийн үндсэн зорилго нь агаарын орон зай дахь эрх зүйн дэглэмийг тодорхойлох, улс гүрний агаарын орон зайн бүрэн эрхийг хамгаалах, олон улсын эрх зүйн бусад субъектээс агаарын орон зайг ашиглах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын олон улсын эрх зүйн дагуу хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Агаарын олон улсын эрх зүйн харилцааг дараах конвенц, протокол, дүрэм зэрэг нийтлэг эх сурвалжуудаар зохицуулахын зэрэгцээ улс гүрнүүдийн дотоодын хууль тогтоомж, хоёр ба олон талт бусад гэрээний актуудаар зохицуулна.
· Олон улсын агаарын тээврийн холбогдолтой зарим журмыг нэг мөр болгох тухай 1929 оны Варшавын конвенц;
· Олон улсын иргэний нислэгийн тухай 1944 оны Чикагогийн конвенц;
· Агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэрэг, бусад зарим үйлдлийн тухай 1963 оны Токиогийн конвенц;
· Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенц;
· Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай 1971 оны Монреалийн конвенц;
· Олон улсын иргэний агаарын нисэхийн тухай Чикагогийн конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1980 оны протокол;
· Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын 1944 оны дүрэм;
· Олон улсын иргэний агаарын нисэхийн тухайн Чикагогийн конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1984 оны протокол.
Агаарын олон улсын эрх зүйн зарчим
principle of the international air law; принципы международного воздушного права
Агаарын олон улсын эрх зүйн харилцааг зохицуулахад баримтлах улс гүрнүүд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн суурь үзэл баримтлалын нийлбэр цогц. Дараах зарчмууд байна.
1. Улс гүрний агаарын орон зайн бүрэн эрхийн;
2. Агаарын нээлттэй зайд чөлөөтэй нислэг үйлдэх;
3. Иргэний агаарын олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах;
4. Агаарын орон зай дахь хууль бус үйлдлийн төлөө хариуцлага хүлээлгэх болон агаарын хөлгөөр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх.
Агаарын хаалга
air gate; воздушная ворота
Улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байрлал.
Агаарын хөлөг Монгол улсын хилийг агаарын хаалгаар нэвтрэн орох, гарахын өмнө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас улсын хилээр нэвтрэн орох, гарах зөвшөөрөл авна.
Агаарын хил
air frontier; воздушная граница
Улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас эгц дээш үргэлжилнэ. Агаарын хил нь дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан дээшлэх тутам өргөснө. Түүний өндөр сансрын орон зай хүртэл үргэлжлэх бөгөөд ойролцоогоор 100-110 км гэж үздэг. Гэхдээ энэ нь тухайн улсын газар зүйн байрлал буюу далайн түвшний хамаарлаас шалтгаална.
Агаарын хөлгийг булаан авах
aircraft hijacking; захвот воздушного судна
Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллагаас Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенцыг баталж, түүнд нислэгт байгаа хөлгийг хүч хэрэглэх, сүрдүүлэх зэргээр булаан эзэмдэх нь эрүүгийн хүнд гэмт хэрэг мөн гэж тодорхойлжээ.
Агаарын хөлгийн аюулгүй байдал
security of air vessel; безопасность воздушного судна
Агаарын хөлөг, түүний багийнхан болон зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд ямарваа аюул нүүрлэхгүй байх нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.
Агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэрэг, бусад зарим үйлдлийн тухай 1963 оны Токиогийн конвенцыг баталж, энэ төрлийн эрүүгийн гэмт хэргээс гадна агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа хүн, эд хөрөнгийн аюулгүй байдалд занал учруулах буюу учруулж болох ажиллагаа, мөн хөлөг доторх хэв журамд заналхийлсэн үйлдлийг нэрлэн, хэрэгт хөлгийг бүртгэсэн улс нь шүүн шийдэх ажиллагаа явуулах эрхтэй хэмээн заажээ. Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенцод хүчирхийлэх буюу хүчирхийллээр заналхийлэх, бусад хэлбэрээр айлган сүрдүүлэх замаар хөлөг булаан эзэмдэхэд чиглэсэн хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан ба бусад улс дараах тохиолдолд шүүн шийтгэх ажиллагааг явуулж болно.
1. Гэмт хэргийн хор уршиг бусад улсын нутаг дэвсгэр дээр илэрсэн;
2. Гэмт хэрэг нь тэдгээрийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн;
3. Гэмт хэргийг тэдгээрийн иргэн үйлдсэн буюу тэдгээрийн иргэний эсрэг үйлдсэн;
4. Тэр улсын нислэгийн дүрмийг зөрчсөн.
Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай 1971 оны Монреалийн конвенц, Олон улсын онгоцны буудалд үйлдсэн хууль бус хүчирхийллийн эсрэг 1988 оны протоколыг баталсан ба 1971 оны конвенцод зааснаар нислэгийн аюулгүй байдалд заналхийлэн, нислэгт байгаа агаарын хөлгийн бүхээгт байгаа хүнд хууль бусаар халдан санаатайгаар хүчирхийлэл үйлдсэн этгээдийг гэмт хэрэгтэн хэмээн үзэхээр заасан. Мөн нислэгт байгаа хөлгийг эвдэн сүйтгэх буюу эвдэн сүйтгэж болох төхөөрөмж хэрэгсэл тавих, санаатай худал мэдээ өгөх зэргээр хөлгийн аюулгүй байдалд занал учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж заажээ.
Монгол улс Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагийн конвенцод 1971 онд, Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай 1971 оны Монреалийн конвенцод 1972 онд, Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн хууль бус зөрчил, тодорхой бусад үйлдлийн тухай конвенцод 1990 онд тус тус нэгдэн орсон.
Агаарын хөлөг
aircraft; воздушное судно
Агаарын болон усны гадаргуугаас ойсон агаарын урсгалын нөлөөллөөр бус өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж.
Цэрэг, гааль, цагдаагийн зориулалттай агаарын хөлгийг улсын агаарын хөлөг гэнэ. Улсын агаарын хөлгөөс бусад бүх төрлийн хөлгийг иргэний агаарын хөлөг гэнэ.
Иргэний агаарын хөлгийг Монгол улсад бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх ажлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Гадаад улсад үйлдвэрлэсэн агаарын хөлгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ашиглахыг зөвшөөрнө.
Агаарын хөлөгт тусламж үзүүлэх
avail of air vessel; оказать помощь воздушному судну
Олон улсын иргэний нислэгийн тухай 1944 оны Чикагогийн конвенцод зааснаар аль ч улс нутагт нь аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт тусламж үзүүлэх бололцоотой бүх арга хэмжээ авч байхыг үүрэг болгожээ. Мөн конвенцод оролцогч улс алга болсон хөлгийг хайх ажлыг зохион байгуулах явцад хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд тэдгээрийг хайх аврах ажлыг улс бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан явуулна. Харин техникийн буюу мэргэжлийн бололцоогүй үед бусдаас туслалцаа авна.
Аэродром
airfield; аэродром
Агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу.
Улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр тогтмол үйл ажиллагаатай аэродром ашиглахыг хориглоно. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуульд зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газар харьяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын бүсийг тогтооно.
Нислэг
flight; палёт
Агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх; агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагаа.
Олон улсын агаарын тогтмол нислэг
international regular flight; международный регулярный палёт
Зорчигчид, ачаа, шууданг хөлсөөр тээвэрлэх зорилгоор гадаад улс гүрний агаарын зайгаар нэвтрэх олон удаагийн нислэг. Түүний давтамж тоо, цагийн хуваарийг нийтэд мэдээлэх замаар нээлттэй хүртээлтэй байлгах ёстой.
Улс гүрнүүд бие биеийнхээ нутаг дэвсгэр дээгүүр тогтмол нислэг үйлдэх асуудлыг хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ. Хэлэлцээрт нислэг үйлдэх зам, нислэгийн давтамж, тоо, цагийн хуваарь, үйлчилгээний тариф, хөлгийн төрөл, ачаа, тээшний хэмжээ хязгаар зэргээс гадна нислэгийн аюулгүй байдалтай холбогдсон арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар тусгана.
Ийм шаардлагыг хангаагүй бол тогтмол бус нислэгт тооцно. Энэ тохиолдолд Чикагогийн конвенцын дагуу холбогдох улсаас урьдчилан зөвшөөрлийг заавал авсан байвал зохино.
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага
ICAO; ИКАО
Олон улсын иргэний нислэгийн тухай 1944 оны Чикагогийн конвенцын дагуу 1947 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд конвенцын VII-XIII бүлэгт түүний дүрмийг тодорхойлжээ. Дүрэмд зааснаар тус байгууллагын гол зорилго нь (i) олон улсын иргэний агаарын нислэгийг аюулгүй бөгөөд цэгцтэй хөгжүүлэх; (ii) агаарын нислэг, түүний дотор агаарын тээврийн бүх талын асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нислэгийн зам, аэропорт, туслах хэрэгслийг байнга боловсронгуй болгож байхад дэмжлэг үзүүлэх, ингэснээр осолгүй, шаламгай, хямд төсөр агаарын тээврээр хангахад оршино. Мөн агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмжийн чанар, ажиллах чадварын талаар олон улсын стандартыг боловсруулан мөрдүүлэх чиг үүрэгтэй. Тус байгууллагын дээд эрхлэх байгууллага нь Ассамблей юм. Тэрээр гурван жил тутамд нэгээс доошгүй удаа чуулж Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын бодлого, үзэл баримтлал, бусад шаардлагатай асуудлыг хэлэлцдэг бөгөөд түүний чөлөө цагт ажиллах 33 гишүүнтэй Зөвлөлийг сонгоно. Зөвлөлийг гурван жилийн хугацаагаар томилогдсон ерөнхийлөгч тэргүүлэх бөгөөд үйл ажиллагаагаа чуулганы хэлбэрээр явуулна. Түүний Нарийн бичгийн даргын газар нь Канад улсын Монреаль хотноо байрладаг. Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын бусад эрхлэх байгууллагад Агаарын нислэгийн комисс, Агаарын тээврийн хороо, Хууль зүйн хороо, Иргэний агаарын нислэгийн ажиллагааг түйвээх үйлдэлтэй холбогдсон асуудал эрхлэх хороо зэрэг бусад байгууллага багтахын зэрэгцээ, бүс нутгуудад ажиллах Ази Номхон далайн товчоо, Ойрх Дорнодын товчоо, Европын товчоо зэрэг товчоод орно.
Монреаль. (1971, 09 23). Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенц. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/1158
Гаага. (1970, 12 16). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц: https://legalinfo.mn/mn/detail/1157
Н.Мөнхзул, & Б.Нармандах. (2006). Олон улсын нийтийн эрх зүйн зарим нэр томьёоны тайлбар. (Н.Гантулга, Ed.) Улаанбаатар, Монгол улс: Цагдаагийн академи.
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынНийтийнЭрхЗүй #АгаарынОлонУлсынЭрхЗүй #АгаарынОлонУлсынЭрхЗүйнЭхСурвалж #АгаарынОлонУлсынЭрхЗүйнЗарчим #АгаарынОлонУлсынЭрхЗүйнЗөрчил
.